"Ажнай халиун" МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Ч.Эрдэмзаяа: Уяачдын холбоогоо өргөөтэй болгохоор зорьж байна

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 01 -нд

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, сумын Алдарт уяач, "Ажнай халиун" МСУХ-ны тэргүүн Чойжилын Эрдэмзаяагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1968 оны өвөл Халиун голд айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Улсын тэргүүний ардын авьяастан аж.

-Та Халиун сумын МСУХ-ны тэргүүний албыг хэзээнээс хашиж эхэлсэн бэ?
-Анхны тэргүүн нь манай сумын хүн эмнэлгийн Ерөнхий эмч Батбилэг гэдэг хүн байсан юм. Дараа нь сумын бүрэн дунд сургуулийн захирал Батмөнх МСУХ-ны тэргүүнээр сонгогдсон. Улмаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ч.Амарсанаа манай холбооны тэргүүний албыг хашиж байсан юм. Дөрөв дэх тэргүүн нь би. Энэ ажлыг аваад гурван жил болж байна.
-Холбооныхоо үүх түүхээс товч сонирхуулаач?
-Манлай уяач Гантөмөр, түүний аав Туваанжав, манай сумын Ванчиг гуай нарын санаачлагаар 1992 онд Халиун сумын МСУХ-г үүсгэн байгуулсан юм. Тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай сумаас  хэд хэдэн улсын Алдарт болон Тод манлай уяачид төрөн гарсан. Аймгийн Алдарт уяач цолтой 70 гаруй хүн төрснөөс 40-өөд нь одоо амьд сэрүүн байна. Уяачид гэдэг маш сайхан энергитэй улс. Энэ ч утгаараа ийм сайхан түүх, өв соёлтой уяачдын холбооны тэргүүний албыг хашиж, уяачдынхаа дунд ажиллаж байгаадаа маш их баярладаг. 
-Халиун сумын хэмжээнд одоо хурдан морины уяа сойлго тааруулж байгаа хэдэн уяач байна вэ?
-Идэвхитэй морь уяж байгаа 170-аад залуу уяач байна. Сүүлийн үед уяачдын нас залуужиж байна. Энэ нь Монгол сайхан уламжлалаа хадгалан, үр хойчдоо өвлүүлэн үлдээж байгаагийн илрэл юм. Морь уях арга барил, адуу малаа унаж эдлэх гээд Монгол морьтой холбоотой өв соёл гэдэг асар том шинжлэх ухаан шүү дээ.
-Сумын Алдарт уяач цолыг хэдий үеэс олгож эхэлсэн бэ?
-Манай сум 2004 оноос энэ цолыг олгож эхэлсэн. Алдарт уяач цолтой 40-өөд хүн бий.
-Халиун сум Говь-Алтай аймгаас ганцаараа Тод манлай, Манлай, улсын Алдарт уяачтай сум. Монгол Улсын Алдарт уяач Жанчив, Манлай уяач Гэсэрваань нар эндхийн уугуул улс уу?
-Тиймээ. Жанчив гуай Говь-Алтай аймгийн Сүүж багийн Хар азаргын нурууны унаган хүүхэд. Гэсэрваань гуай Халиун сумын Чацаргана багт харьяалагддаг байсан гэдэг. Түүний аав Сампил гуай ч бас сайн уяач байсан. Би тэдний үед жаахан хүүхэд байсан болохоор тийм ч сайн мэдэхгүй л дээ. 
-Сампилын гэж цоллуулдаг ямар хурдууд байсан бэ?
-Би түүний талаар хөгшчүүлийн ярианаас л сонссон. Сумандаа айраг, түрүү авч байсан. Сайхан хүрэн морь байсан гэдэг юм. 
-Гэсэрваань гуай нутгаараа ирж байв уу?
-Цэрэгт татагдаад, Төв аймаг руу шилжчихсэн гэдэг юм. Нэг удаа ирсэн. Дүүгийнх нь нэг хүүхэд энд байдаг юм.
-Гэсэрваань гуай хурдыг сайхан хуваадаг хүн байсан гэдэг. Халиун суманд хурдан хүрнүүдийнх нь удмаас ирж байсан болов уу?
-Ач нь Галбадрах гэдэг хөгшин байсан юм. Түүндээ нэг хүрэн азарга өгсөн нь суманд нэг түрүүлж, хоёр айрагдсан. Үр төлөөс нь ч одоо манай суманд байна. Мөн Гантөмөр Манлайд Гэсэрваань гуайн адууны угшилтай хүрэн азарга байдаг. Ачдаа хүрэн азаргаа өгөхдөө “Би ганцхан чамд өгөөгүй, нутгийнхандаа өгч байгаа юм шүү. Үр төлийг нь сайн тараагаарай” гэж захисан гэдэг юм. 
-Монгол Улсын Манлай уяач Т.Гантөмөр энэ нутгийн хүн. Хэдэн он хүртэл сумандаа наадсан юм бол?
-Манай сумын малын эмч байсан хүн шүү дээ. Их л эртнээс морь уяж эхэлсэн дээ. Би 1975 оны үед хурдан морь унаж эхэлсэн юмдаг. Тэр үед Гантөмөр гуай морь хурдлуулдаг байлаа. Аав нь Алдарт уяач Туваанжав. Сүүлийн дөрөв, таван жил л өөрөө хотод суурьшиж байна. Адуу нь бол нутагтаа байдаг. Энэ жил баруун бүсийн даншигт түрүүлсэн хүрэн буурал морь, даага нь ч энд байна. “Ентүм” компанийнх нь чацарганы төгөл нь Халиун суманд бий. Лодойхүү баатрын үүсгэн байгуулсан жимсний төгөлийг зах зээлийн нийгэмд шилжих үед авч тордоод л өргөжүүлсэн юм.
-Гантөмөр гуай сум орондоо хэр элэгтэй хүн бэ?
-Мундаг элэгтэй. Дөрөв, таван азарга адуу нь энд байна. Адуунд нь манай сумын уяачид бүгд л гүү тавьж байна. Тэр хэрээр манай сумын уяачдын адуу чанаржиж байна. Улсын наадамд хязааландаа дөрвөлж байсан Нуман хээр гэдэг халтар азарга нь энд байна. Бүсийн наадамд айрагдаж байсан Сайхан хонгор азарга, шар халтар азарга, хурдан халтар азарга нь ч энд бий. Бүгд манай сумын уяачдад өгөөжөө өгөөд л байж байна. Мөн манай нутгийн багш Мягмардашид хурдан бор азарга авч ирж өгсөн. Тэр нь сайхан харайж, аймгийн наадамд хэд хэд айрагдсан. Аръяабалын Гантулга гэдэг залууд сайхан халтар азарга бэлэглэсэн. Аймгийн Засаг дарга байсан Жанчивдоржийн хүү Батбаатарт халтар азарга бэлэглэж байлаа. Манай уяачдын холбоонд хурдан удмынхаа үрээг “Азарга тавиарай. Төлийг нь уяачдадаа дэлгэрүүлээрэй” гээд бэлэглэсэн. Одоо надад шинэ монгол хоёр сайхан эрлийз азарга байна. Ер нь хурдан удмаа сайн тараадаг хүн шүү.
-Уяачдынхаа гүүг тавиулаад л байж байна уу?
-Энэ жил бага хязаалан үрээ байгаа учир гүү тавиагүй. Ирэх жилээс соёолон азарга болчихно. Хамгийн түрүүнд өөрийнх нь харьяалагддаг Чацаргана багаас эхлээд л гүү тавиулаад явъя гэж бодож байна.
-Халиун сум жилдээ хичнээн уралдаан зохион байгуулж байна вэ?
-Сумын баяр наадмаас гадна дөрвөн баг болон овооны тахилга наадмууд зохион байгуулдаг. Жилд зургаан уралдаан болдгоос хаврын уралдаан, улсын баяр наадам хоёр нь сумын статустай.
-Хаврын уралдаанд дээд гурван нас уралдуулдаг уу, эсвэл?
-Дээд гурван нас уралдуулдаг юм. Бага гурван насны морьдоо есдүгээр сарын 1-нд Уяачдын баяр, сургуулийн нээлтийн баяраар уралдуулдаг. Уяач хүүхдүүдээ ч хичээлийн шинэ жилийн нээлтийнх нь үеэр баярлуулчихдаг, нэлээд олонд хүртээлтэй наадам болдог юм.
-Уралдаан болгон стандарт журамтай. Хамгийн наад зах нь, морь уралдахад тохиромжтой газрын талаар яригдана. Танай сумынхан морьдоо хаана уралдуулдаг юм бэ?
-Уралдаан зохион байгуулахад хурдан морины уралдааны замыг их анхаарах шаардлагатай. Манай сумын морь уралддаг газар тавиухан, гэвч чанга талдаа. Ихэвчлэн 14 хоног юмуу, сарын өмнө уралдааны тов гарна. Манай “Ажнай Халиун” уяачдын холбооныхон уралдаанаас долоо хоногийн өмнө замаа засдаг юм. Жилдээ давхардсан тоогоор 15, 16 километрийг универсаль трактороороо янзлаад түрчихнэ. Сайжруулж зассан замаар морь, хүүхэд эсэн мэнд уралддаг юм.
-Уралдааны зам тааруу бол аюулгүй байдлын талаарх асуудлууд бүгд л “босоод” ирнэ шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхдийн болон морины аюулгүй байдал уралдааны замаас их шалтгаалдаг. Энэ ч утгаараа манайх уралдааны замдаа гол анхаарлаа хандуулдаг юм. 
-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах тухай асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж байна. Танай холбооныхон уралдаанч хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах болон хөдөлмөрийг нь үнэлж, урамшуулах талаар хэрхэн анхаардаг вэ?
-Манай сумын МСУХ уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах тал дээр сургуулийн нийгмийн ажилтантай хамтарч ажилладаг. Тодруулбал, нийгмийн ажилтнаар нь дамжуулаад хүүхдүүддээ аюулгүй байдлыг хамгаалах хувцас захиалуулна. Манай сумынхан аймгийн наадамд түлхүү оролцдог учраас хувцас хэрэглэлийн тал дээр хангалттай хүрэлцээтэй. Хувцас хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оролцуулдаггүй дүрэмтэй.
-Халиун сумын уяачид аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ. Нэг жилийн наадмын бүх түрүүг авч, нэг насны айргийн тавд дан Халиуныхан орж байсан тохиолдол байдаг гэж дуулдсан?
-Тийм тохиолдол бий, бий. 1960-аад оноос хойшхи аймгийн баяр наадмын айраг, түрүү морьдын жагсаалт надад байдаг юм. 1966 онд аймагт азарга уралдаагүй юм билээ. Ингээд таван нас уралдахад, таван насны түрүүг манай сумынхан авсан түүхтэй. Мөн Гантөмөр Манлайн Дархан түмэн эх Сарт хээр аймагт завсаргүй дөрөв түрүүлсэн. Чулуунбаатарын халтар азарга дундаа нэг завсартай долоо түрүүлж байлаа. Их насны морины түрүүг жагсаахад манай сум аймагтаа нэгээр гарч ирдэг юм.
-Нийт хэдэн түрүү авсан билээ?
-1941 оноос хойш өдийг хүртэл манай сум их насанд 20-иод түрүү авсан байдаг. 
-Засгийн газрын тогтоолтой наадам Говь-Алтай аймагт дөрвөн удаа болсон. Энэ наадмуудад Халиун сумын уяачид ямар, ямар амжилт үзүүлэв?
-Дэлгэрийн “Морин Эрдэнийн бат оршил” даншигт манай сумаас Гантөмөр Манлайн зээрд хүрэн морь хамгийн дээгүүр давхисан. Түүнээс хойшхи наадмуудад Гантөмөр гуайн Хул морь, Сарт хээр, азарга зэрэг нь бүгд айрагдсан. Олонбулагийн морьдоос ч айрагдаж байлаа. 2016 онд Гантөмөр Манлайн их нас, хүү Чинзоригийнх нь даага түрүүлж, аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын хязаалан үрээ айрагдлаа. 
-Говь-Алтай аймгийнхан хурдан гэлтгүй ганган жороо, хатир гоё морьдоороо сайхан нааддаг улс. Танай сум ч бас энэ тал дээр чамлахааргүй амжилт гаргасан болов уу?
-Тийм ээ. Баянмөнхийн хээр аймагт хоёр түрүүлсэн. Гэндэнжавын хээр, Бадрахын ягаан, Ойдовын алаг гээд аймаг, сумандаа айраг, түрүү тасралтгүй авдаг, тойрсон сумдадаа ч сайхан наадсан жороо морьд олон бий. Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлүүдээс болоод жороо морьд цөөрсөн ч ноднингоос ахиад сэргэж байна.
-Та уяачдын холбооны тэргүүний ажлыг авснаар ямар, ямар ажлууд санаачилж хэрэгжүүлэв?
-Өмнө нь манай холбоо тэргүүнтэй л болохоос биш нэр, тамга тэмдэг ч үгүй байсан юм. Би тэргүүнээр сонгогдоод, “Ажнай халиун” уяачдын холбоо гэж улсад бүртгүүлээд, тамга тэмдэгтэй болголоо. Гантөмөр Манлайн хүү Чинзоригийн санаачлагаар сайхан төхөөрөмжтэй ч боллоо. 250 адуу уралдахад бүрэн төхөөрөмжтэй л унадаг боллоо шүү дээ. 2015 онд аймгийн “Шилдэг салбар холбоо”-гоор шалгарлаа. Амжилтаа жилээс жилд ахиулж, илүү сайн ажиллая л гэж бодож байна.
-Зөвхөн “Шилдэг салбар холбоо”-гоор шалгараад зогсохгүй, хамаг шагналыг нь “бөөндчихсөн” гээ биз дээ?
-Манай Халиун сумын уяач Даншиг алаг гэж морины эзэн Даваацэрэн маань аймгийн шилдгийн Шилдэг уяачаар тодорсон. Баатарнямын буурал гээд аймгийн статустай наадамд тав түрүүлж, 17 айрагдсан хурдан хүлэг Аймгийн Шилдэг их насны мориор шалгарсан. Мөн Тэмүүлэнгийн хээр аймгийн Шилдэг шүдлэнгийн шагналыг хүртсэн юм. Шилдэг уралдаанчийн шагналыг ч бас манай сумын хүүхэд авсан. Манай сумын багууд тус тусдаа галтай. “Гүү бариач” багийн “Молор Эрдэнэ” гал аймгийн “Шилдэг үйл ажиллагаатай гал”-аар шалгарсан. Энэ амжилтууд нийлээд, манай холбоо багаараа тэр шагналыг хүртэх болзлыг хангачихаж байгаа юм.
-Холбоо хөдөлгөөнд ороод ирэхээр уяачид ч дагаж идэвхижээд, дагаад амжилт нь ахичихдаг юм шиг байна лээ. Холбоо тэргүүлж байгаа хүнээс л шалтгаалаад байх шиг санагддаг?
-Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Уяачид гэдэг чинь эмзэг, гомдомтгой, сэтгэлийн хөдөлгөөнтэй улс. Миний хувьд ажлаа авмагцаа түрүүхэн үед сайхан наадаж байсан ч одоо морь уяхаа больчихсон ахмадуудаа түлхүү судалсан юм. Сум болон аймгийн Алдарт уяач цолыг нэлээд хэдэн хүнд нэхэн олгосон. Бурхан болчихсон хүмүүст шагналыг нь нэхэн олгохоор үр хүүхдүүд нь их баярладаг юм билээ. Ингээд ирэхээр уяачид маань ч идэвхижээд, аливаа зүйлийн төлөө эвсэж нэгдээд эхэлж байгаа юм.
-Ойрын үед хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа сонирхуулаач?
-Сумынхаа уяачдын холбоог өргөөтэй болгохоор зорьж байна. Үүнийг би ганцаараа хийж хүчрэхгүй л дээ. Энэ ч утгаараа сумын иргэд, морины зүтгэлтнүүд, бизнесмэнүүддээ санал тавиад явж байна. 
-Хоёулаа ажил хэргийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Одоо хувь хүний тань талаар сонирхоё. Таны өвөг дээдэс уяач хүмүүс үү?
-Тиймээ, би удам дамжсан уяач. Аав маань Төгрөг, ээж маань Халиуных. Өвөө Ихэрдамдин маань нутагтаа алдартай сайхан хурдтай, жороотой, сайхан буурал байлаа. Аав маань мөн л хурдтай, жороотой, онол практикийг хослуулсан сайн уяач байсан. Мэдээ орсноосоо хойш аавыгаа дагаж, адууны нуруун дээр л өссөн хүн, би. Аав маань малын эмч болохоор гүү, азарганы зохицолгоо, тохироог бүрдүүлж тавихдаа мундаг. Чойжилын хүрнүүд гэж сумандаа алдартай хурдны угшилтай айл даа. Хүүхдүүд маань ч бас одоо морь уяж эхэлж байна.
-Чойжил гуай ямар цол хэргэмтэй хүн байв?
-Сумын Алдарт уяач, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цолтой.
-Аймаг, сумын баяр наадмаас айраг, түрүү олон хүртсэн үү?
-Аав маань сумын наадмаас нийт 60-аад айраг, түрүү, аймгийн баяр наадмаас арваад айраг, түрүү хүртсэн. 
-Аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангачихсан байжээ?
-Тиймээ. Социализмын үед хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс нэр алдарт нэг их дурладаггүй байсан даа. Аав минь ч бас тийм л гудиггүй эр байсан юм. Төрийн төлөө, албаныхаа төлөө л гэсэн сэтгэлтэй. Хэдэн малтай хөөцөлдөөд л, малын тарилга, туулгалт гээд гэртээ ч үзэгдэхгүй. Хавартаа богц ганзагалж авчирч, өгөөд л буцаад явчихна. Мал төллөх үеэр би эмийн санг нь боож өгдөг байлаа. 
-Та өөрөө хэдий үеэс өөрийн нэртэй морьдоо уралдуулж эхэлсэн бэ?
-Би 1989 онд цэргээс халагдаж ирээд, нэг жилийн дараа өрх тусгаарласан юм. Тэгээд л морь уяж эхэлсэн. Анхны уралдаанаасаа сумандаа шүдлэнгийн түрүү авч байлаа. Хэдийгээр миний нэр дээр уралддаг боловч аавын заавар зөвлөгөө, арга барилаар л уяж байлаа шүү дээ. Өвөг дээдсийнхээ надад өвлүүлж үлдээсэн эрдэм ухааны ачаар сумдын ой дамжсан наадмуудаас нийт 35 айраг авсан. Сумандаа 17 айрагдсан Эрдэмзаяагийн зээрд гэж сайхан хурд байна. Хээр азарга, жороо хүрэн морь, хүрэн азарга маань ч сайхан давхиж байна. Адуунаас л холдож чаддаггүй хүн дээ, би.
-Бусдаасаа давамгай амжилт үзүүлсэн нь ямар хүлэг вэ?
-Зээрд үрээ. Нагац маань миний даахинд нэг байдас өгсөн юм гэнэ лээ. Тэр байдаснаас гарсан охин төлөөс зээрд маань гарсан юм. Харин зээрд морь маань шар азарганы төл. Аав маань гурав, дөрвөн азарга адуутай байлаа. Тэгээд “Миний хүү, энэ хүрэн гүүг шарга азарганд тавьбал хурдан унага гарна шүү” гэж байсан юм. Тэгж хэлсний хойтон хавар нь хүрэн унага гарсан. Дааганд нь уятал нэг их базаадаггүй ээ. “Базаахгүй л юм байна” гэтэл аав “Миний хүү, болоогүй ээ. Энэ хүрэн бүдүүрээд л харайна шүү” гэсэн юм. Үнэхээр ч соёолонгоосоо сумын наадамд айрагдаж эхэлсэн дээ. Намайг олонд таниулсан ганц морь маань байгаа юм. Хүрэн морьтой Эрдэмзаяа гэхэд энэ хавийнхан анддаггүй юм.
-Хүрэн морь тань ямар, ямар амжилт үзүүлсэн билээ?
-Сумын баяр наадамд дөрөв аман хүзүүдэж, тав айрагдсан. Цогт болон Цээл сумын ойн наадмуудад айрагдсан. Халиун сумандаа бол зодог тайлтлаа л айргийн таваас мултраагүй дээ.
-Хэд хүрч, зодог тайлсан бэ?
-21 хүрээд л зодог тайлсан. 19-тэй л айрагдаж байсан юм шүү дээ.
-Тэгвэл хээр азарга тань ямар, ямар амжилт үзүүлсэн бэ?
-Аавын унаган адуу. Дааганд нь сургах гээд бараагүй юм. Шүдлэнд нь хавар эрт туранхай байхад нь барьж авч сургаад, уяж эхэлсэн. Азарга болтлоо л сумандаа айраг, түрүү авсан даа. Хамгийн сүүлд 2000 онд түрүүлж ирээд хөлөө хугалснаас хойш уралдаагүй. Гэвч хэдэн сайхан төлөө өгсөн. 
-Танай сумынхан зүүн зүгийн адуугаар цус сэлбээд байгаа сурагтай. Нэлээд өндөр тоо сонсогдох шиг боллоо?
-Бүгд л Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь угшилтай азарга тавьж байна. Тоо толгойгоор нь яривал 300-гаад адуу оруулж ирээд байна. 
-Та өөрөө хаанаас цус сэлбэж байна вэ?
-Асгатын гүү, Хэнтийн Баянхутагийн угшилтай азаргатай. Өөрийн унаган адуунуудаас гадна Дорнодын Дашбалбарын адуу нэлээд байна. Аавынхаа цогцлоон бүрдүүлж өгсөн унаган адууны цусандаа сайжруулалт хийе гэж боддог юм. 
-Танай хүү морь унадаг юм байна. Морь уядаг хүү ч бас байгаа гэсэн байх аа?
-Тиймээ. Манай хүү сумын “Шилдэг уралдаанч”. Энэ жилээс хурдан мориноос хасагдчихлаа.
Хүү Алтанхуяг маань морь уяж байна. Сумын Заан цолтой, уржнан өрх тусгаарласнаасаа хойш морь уяж байгаа. Энэ жил сумынхаа баяр наадмаас хоёр айраг авлаа. Говь-Алтай аймаг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “Алтайн шигшмэл хурд” наадам ноднин болсон юм. Тэр наадамд даага нь зургаагаар ирсэн. Мөн Манлайн нэрэмжит наадамд долоогоор ирсэн. 
-Таныг морь уяхаас гадна урлаг уран сайхны авьяастай гэж сонслоо. Тэргүүний Ардын авьяастан цол хүртэл хүртэж байсан гэдэг тиймээ?
-Багаасаа л урлаг, уран сайхнаар оролдсон доо. Сумын дунд сургуулийн “Ундраа” чуулгад дуулдаг байлаа. Цэргээс халагдаж ирсэний дараахан “Соёл урлагийн гурав хоног” гэдэг арга хэмжээ аймагт зохион байгуулагдсан юм. Тэр арга хэмжээнд оролцож, дуулж, бүжиглэж явлаа. Хүн бүрийн сайн мэддэг жүжигчин Г.Ундармаагийн ээж Туяа тэр үед “Алтай” чуулгын бүжигчин, бүжгийн багш хийдэг байв. Тэр хүнээр тайзны бүжиг заалгаж байлаа. “Алтай” чуулгын тайзан дээр гурван хоног тоглолт хийж, “Тэшин жонжин” гэдэг дууг дуулан, олон дахиулж байлаа шүү дээ. Бүр 16 удаа дахиулсан байдаг шүү. 
-Нэг л дуугаа 16 удаа дуулчихсан хэрэг үү?
-Тоглолтын хөтөлбөрийн дагуу эхлээд “Тэшин жонжин”-гоо дуулсан юм. Харин үзэгчдийн хүсэлтээр дахиулах болбол өөр, өөр дуу дуулна. Социализмын үед нэг дахиулбал таван төгрөгийн урамшуулал өгдөг байлаа. Би гурав хоног явж ирчихээд 200 гаруй төгрөгийн урамшуулал цалин авч байлаа. 
-“Тэшин жонжин” дууг олны танилуудаас хэн дуулдаг вэ?
-Улсын Начин Эрхэмбаяр анх дуулж, Монголын радиогийн алтан фондод бичүүлсэн байдаг юм. Дараа нь би аймагтаа дуулж эхэлсэн. Одоо Өмнөговийн нэг залуу дуулаад байх шиг байна лээ.
-Урлагаа одоо ч орхиогүй биз дээ?
-Би 1996 онд аймгийн Тэргүүний ардын авьяастан, хоёр жилийн өмнө Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан цол хүртсэн. Зөвхөн дуулаад зогсохгүй морио цоллочихно, айлын найран дээр орвол ерөөчихнө. Тиймээс ч ардын энэ сайхан өв соёлоо хүүхэд залуустаа  өвлүүлэн үлдээх зорилгоор хүүхдүүдэд ерөөл, магтаал зааж байна. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Мөн Монголын нийт уяачдадаа уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь сэргэлэн байх болтугай гэсэн ерөөл дэвшүүлье.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна