АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ З.ТЭГШЭЭ: ХУЛ АЗАРГА МААНЬ ДУТУУ УЯАТАЙ ХЭРНЭЭ Л ОВООНЫ НААДАМД ТҮРҮҮЛЖ БАЙЛАА

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 22 -нд

Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн харьяат, аймгийн Алдарт уяач Зинагийн Тэгшээг уншигч танаа танилцуулъя. 1999 оны говийн бүсийн уралдаанд хул үрээгээ айргийн тавд хурдлуулж байсан тэрээр  1973 онд мэндэлжээ.
-1999 онд зохиогдсон Говьшанхын хурд-1 уралдаанд айргийн тавд хурдалсан хул үрээний тань талаар эхлээд ярилцъя. Хурдан хүлгийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Хул шүдлэн  маань манай нагац ах МУ-ын Алдарт уяач Осорын Аюуш гэдэг хүний халиун азарганых нь төл хонгор гүүний унага. Халиун азарганы эцэг тал нь манай аав Цогтбаатар гэж хүний цавьдар халзан азарганы төл ногоон азарга юм. Миний хул азарга  даагаандаа сумын наадамд долоогоор давхиад, шүдлэндээ Далай багийн наадамд гуравлаад, Говьшанхын хурдад айрагдаж байсан. Хул азарга маань одоо ч бий.  
-1999 оны шүдлэн гэхээр энэ жил 21 хүрч байгаа юм байна.
-Тийм байх шүү. Манай сумаас Цогтцэций хүртэл 120-иод км. Бид чинь морьдоо хөтлөөд, зам зуур хонож өнжөөд , худаг ус олдохгүй зарим газар нь ус гаргаад 20-иод хоног явж байж очсон. 
-Тэгж явсаны хэрэг гарч Манлайхан онцгой сайхан наадсан байдаг шүү дээ?
-Олон газрын хурд цугласан том наадам болсон шүү дээ. Даваахүү, Онон гээд тэр үеийн толгой уяачид ирчихсэн. Тэр том наадамд Манлайн унаган хүлгүүд бараг нас болгонд айрагдаж нутгийнхаа нэрийг дуурсгасан нь үнэхээр сайхан түүх шүү. 
Шүдлэнд  Жамбалдорж гуайн хоёр буурал үрээ гурав, дөрвөөр орж миний хул айргийн тавласан. Хязааланд манай сумын нэг хул үрээ айрагдсан. С.Мөнхбатын соёолон айрагдан, их насанд аймгийн Алдарт уяач П.Совд гэдэг хүний хээр морь айрагдан, азарганд манай нагац ах Аюушийн халтар азарга тавласан. Дааганд Сайханчимэгийн хээр бүүдэн, Ганж гэж хүний  хонгор бас манай сумаас гаралтай Дундговь руу зарагдсан нэг даага гээд нийт гурван даага айрагдаж байсан. Ер нь манай сум бүх насанд айрагтай сайхан наадацгаасан.
-Хул үрээ нь дараа жил хязааландаа яаж давхисан бэ?
-Хязааландаа ч  айргаас мултраагүй ээ. Сумандаа дөрөв таваар л хурдалж байлаа. Тэгээд 2006 онд Дэмүүл Арслангийн хөшөөны ар дээр  айргаас мулталж уралдуулчихаад, Бор овооны тахилга том наадамд дутуу уяатай очиж түрүүлгэсэн. Түүнээс хойш нэг их уралдаагүй.Харин өвлийн наадамд нэг аман хүзүүдээд, хоёр айрагдсаных нь дараа би хүнд зарчихсан юм. 
-Танд байхдаа хул азарга чинь хэдэн удаа айраг түрүү авсан бэ?
-Нэг түрүү, хоёр аман хүзүү, нэлээн хэд айрагтай. Лав найм есөг медаль бий шүү. Хамгийн том наадам нь анхны Говьшанхын наадам байгаа юм.
-Хул азарганы тань төл таны сүрэгт байгаа юу?
-Төлүүд нь бий бий. Хул азарганы төл бас нэг хул азарга бий. Овооны наадам, сумын наадамд нэг  түрүү, нэг айрагтай. Мөрөн суманд бас нэг айрагдсан. Түүний төлийнх нь төл манай дүүгийн нэр дээр явдаг юм. Тэрнээс нэг хээр азарга сумын  80 жилд айрагдаж байсан. 
-Ингэхэд хурдан хулын эзэн хэдий үеэс морь уясан юм бэ?
-Анх 1996 онд хул азарганы төрсөн ах хээр азаргаа дааганд нь багийн наадамд айрагдуулж  байсан. Түүнээс хойш л хул азаргаа уяж эхэлсэн.
-Хул азарганаасаа хойш ямар адуугаар наадаж байна вэ?
-Хул азарганы маань төрсөн дүүгээс нь гарсан шарга морь бий. Бага насандаа  нэг их давхиагүй. Соёолонд нь  2003 онд Жаргалант багийн наадамд очиж аман хүзүүдүүлээд, Манлай сумын овооны наадамд мөн аман хүзүүдүүлж Баяндалайн 80 жилд аваачин гуравлуулсан. Тэндээсээ Өмнөговийн Говьшанх-2-т авч ирж еслүүлээд, Хүрмэний 80 жилд зургаалуулсан. Түүнээс хойш би морь нэг их уяагүй ээ. Миний нагац ах МУ-ын Алдарт уяач цол авчихлаа. Дараа нь би аймгийн Алдарт уяач боллоо. Одоо ч миний хэдэн дүү нар л морь уяж байна. Гэхдээ энэ жил би зүгээр суусангүй ээ. Соёолон үрээ уяж айргийн гуравт давхиулсан. 
-Таны өвөг дээдсээс морь уядаг хүн байв уу?
-Борхүү гэж уургач, бугуйлч, морь ч сайн уядаг хүн байсан. Тэр хүний зааж сургаснаар л  бид өнөөдөр өдий зэрэгтэй сайн сайхан явж байна гэж боддог. Би хоёр хүүхэдтэй. Нэг охин маань моринд их хорхойтой. Морь унана, уяна л гэнэ шүү дээ. Гэхдээ уяж сойж оролдох нь хэзээ л бол? Оюутнууд бий бий. Би чинь гудиггүй нэгэн адуучин гурван хүүхэдтэй малчин жирийн л нэгэн монгол доо. 
-Адуу малныхаа үүлдэр угсааг сайжруулж, цусыг нь холдуулах талаар ямар арга хэмжээ авдаг вэ?
-Ерөнхийдөө манай унаган адуунууд л байна даа. Энэ жил сумын наадамд айрагддаг  хонгор азарган соёолонг Дундговийн Өлзийт сумын уяач Нэргүйн Рагчаа гэдэг найз маань бэлгэнд өгсөн. Ер нь одоо бодоход хамгийн сайхан наадам бол анхны ”Говьшанхын хурд” л юм даа. Бүсийн хэмжээний том наадамд шүдлэн үрээгээ айрагдуулсандаа баяртай явдаг юм.
-Ийм баяр бахдалтай наадам олон байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна