Өмнөговь сумын МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ч.Давааням:... Ямар ч байсан аавынхаа ажлыг үргэлжлүүлэн морь уях шийдвэрийг тэр өдөр л гаргаж байлаа...

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 29 -нд

Увс аймгийн Өмнөговь сумын уугуул, сумын МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ч.Даваанямтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Өмнөговь сумын МСУХ-ны тэргүүнээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Манай сумын холбоо байгуулагдаад арав гаруй жил болж байна. Албан ёсоор 2001 онд байгуулагдаж, тэргүүнээр нь Батсүх гэж хүн долоон жил хэртэй ажилласан юм. Ингээд 2008 онд Батсүх нь хотруу шилжих болж, надад санал тавьсан юм. Тэр үед миний морьд гайгүй сайн давхиж байсан үе. Наашаа цаашаа ч их явдаг байлаа. Тэгээд хурал дээр босоод “итгэл хүлээлгэж байгаад баярлалаа. Гэхдээ уучлаарай би таны дайтай ажиллаж чадахгүй. Ажил төрөл амжихгүй байхаа” гэвэл Давааням л хийнэ. Итгэж байна. Санал нийлж байгаа нь гараа өргө гэдэг юм байна. Зааланд сууж байсан уяачдын ихэнх нь өргөлөө. Тэднийг хараад өөрийн эрхгүй л “бууж” өгсөн дөө. Түүнээс хойш зургаан, долоон жил тэргүүнээр ажиллаж байна. Анх ажлаа аваад  тамга тэмдгээ авахаар аймаг орж, Төгсөө даргатай уулзаад учраа хэлж билээ. Тэгсэн Төгсөө дарга “Одоогоор сумдын МСУХ-ны дөрөв нь л тамга тэмдгээ авсан. Танайх “айргийн таваар” орж байна даа” гэнэ. Ингээд тамга тэмдгээ авснаар ажил эхэлж байлаа. Дараа нь хуралдлаа. Тэгсэн манай уяачид хаврын бооцоот уралдааныг явуулах саналыг гаргаснаар сүүлийн гурван жил дараалан амжилттай зохион явуулж байна.
-Дажгүй сайхан болсон байх нь ээ?
-Тиймээ, ямар ч маргаан будилаангүй сайхан болсон. Манайхан төдийгүй ойролцоох сумдаас ч уяачид ирж идэвхтэй оролцдог юм. Үнэндээ манай сумын морьдын чанар чансаа хөгжил муутай тал бий. Гэхдээ энийг ойлгосон залуучууд адууны цусыг сэлбэж сайжруулахад анхааран ажиллаж эхлээд байна. Сүүлд манай нэг залуу Ховд сумын уяачдын холбооны дарга Алтангаас таван саяар нэг азарга авсан. Энэ нь саяхны хоёр, гурван ч уралдаанд айрагдаад байна.
-Өмнөговь сум хичнээн уяачтай вэ?
-Манай суманд аймгийн Алдарт 22 уяач байлаа. Гэхдээ дөрөв нь хот шилжчихээд байгаа юм.
Харин сумын цолтой 11 уяач бий. Нийт 90-ээд хүн уяа сойлго тааруулж байгаагаас хамгийн ахмад нь Бадираа ах юм. Дал гарч байгаа ч холбооны нарийн бичгийн албыг хашдаг, ануухан буурай бий дээ. Ер нь ахмад уяач олонтой. Одоо эд маань сурган хүмүүжүүлэгчид болсон. Манайхан гал галаараа, баг багаараа зохион байгуулж морь уядаг.
-Нэг баг нь нэг гал юм уу?
-Тиймээ. Нэг баг нь нэг гал болдог юм. Эндээс хамгийн олон уяачтай нь өмнөд галынхан. Галын зохион байгуулалтанд орсноор давуу тал харагдаж байна л даа. Улиастай, Орлогоо, сумын төвийн багууд өөр өөрийн унаагаа гаргаад морьдоо ачаад гардаг болсон. Удахгүй багууд маань нэрэмжит уралдаанаа хийдэг жишиг тогтоох санаатай. Ямартаа ч энэ зуны нэрэмжит уралдааныг өмнөд галынхан маань зохион явуулахаар зөвшөөрсөн байгаа. Мэдээж уралдаан олшрохын хэрээр л уяачдын идэвх сэргэнэ л дээ. Аливаа юм өсөлттэй байж л дундаасаа юм гарч ирж, чанаржина гэсэн үг.  Одоо бидний эн тэргүүний ажил адуугаа сайжруулах болоод байна.
-Өнгөрсөн жил танай сумын 90 жилийн ой болсон. Танайхан хэр өнгөтэй наадав даа?
-Манайхан эртнээс бэлдсэн л дээ. Олон ч морь мордуулсан. Гэхдээ айраг түрүү хараахан амссангүй. Нэг азарга зургаагаар ирсэн байгаа. 90 жилийн ойд Ховд, Увс аймгаас, зэргэлдээх сумдаас Зүүнговь, Тэс, Өндөрхангай, Зүүнхангай, Сагил, Малчин, Наранбулаг, Мянгад, Дөргөн, Эрдэнэбүрэн, Буянтаас ирж наадацгаасан. Улаанбаатараас ч уяачид ирсэн гэхээр ямархан наадам болсон нь харагдаж байгаа бизээ.
 Сумын уяачид бид эндээс их сургамж авсаан. Нутгийн адуугаар амжилт гаргахад амаргүй болчихлоо. Тиймдээ ч би залууст хэлдэг юм. Сайн адуу авчирч, чанаржуулах болсон гэж.
-Яриагаа Давааням уяачийн амжилтын товчооноор үргэлжлүүлмээр байна. Хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Би удам залгасан уяач хүн. Багадаа аавынхаа уясан морьдыг унаж уралддаг хүүхэд байлаа. Харин моринд орсон түүх маань их хөгтэй. 1984 онд наймдугаар ангийн сурагч нэг даага сургаж, эхтэй нь хамт уяа чөдөр хийгээд тавьчихлаа. Өглөө очоод эхийнх нь чөдрийг нь авах гэтэл миний нүүрнээс хазаад, ийм сорвитой болсон юм даа. /үзүүлэв/ Тэгээд эмнэлэгт очиж, наадмын өглөө боолттой нүүртэй, нөгөө даагаа унуулаад явсан. Буцаад уралдаад л гарсан нэгээр ирдэг юм байна.. Энэ даага нэг л мордлоо бол дахиж буултгүй, ааш муутай. Эндээс их урам орсон л доо. Ямар ч байсан аавынхаа ажлыг үргэлжлүүлэн морь уях шийдвэрийг тэр өдөр л гаргаж билээ. Ингээд дөрвөн жил хэртэй морь уяж байгаад 88 онд цэрэгт яваад 90 онд халагдаж ирсэн. Түүнээс хойш тасралтгүй хурдан тууртын хийморт сүслэн явна.
-Хорь гаруй жил хурд ирлэжээ. Эндээс таны амжилтын оргил үе нь хэзээ байсан бэ?
-Эхэндээ сумандаа л нааддаг байлаа. Манайх энэ Алтан бүүргэр уулын наад талд зусна. Дөрвөөс таван морио хөтлөөд зуслангаасаа шөнө гарч үүр цайхтай уралдаж ирээд майхан татчихаад уядаг байлаа. Ингээд 94 онд сумын наадамд таван настай соёолонгоо түрүүлгэж, анхны түрүүгээ авч байлаа. Тэгэхэд Баянголынхон их одтой нааднаа. Тэгсэн Баянгол, Баянгол гэдэг байснаа дунд нь Улиастай гээд ордог боллоо шүү. Миний төрсөн нутаг бол Улиастай байгаа юм. Ингээд 2000 онд сумын наадмаар өнөө анхны түрүү авчирсан соёолон түрүүлж, их нас наймлаж, азарга аман хүзүүдлээ. Эндээс оргил үе эхэлсэн гэж болно. Дараа жилүүдэд нь тун ч одтой наадсан даа. Мянгад, Өлгий, Ховд сумд, Баян-Өлгий аймгийн Баянгол сум  очно айраг түрүүтэй л ирнэ. Энэ амжилтаараа 2004 онд аймгийн Алдарт уяач цол авсан юм. Харин сүүлийн хоёр гурван жил шальтай уралдаж чадахгүй л байна.
-Олон аавын хүү наадаж байгаа болохоор өнжих юм байлгүй дээ, тийм ээ?
-Тэгэлгүй яахав. Уг нь ч манай адуу угшил сайтай юм шүү дээ. Эцэг тал нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас гаралтай. Эндэхийн адуу ер нь махлагдуу талдаа. Одоо зурагтаар харж байхнээ туранхай морь их сайн гүйдэг юм байна. Харин Цэнгэл сумын адууны төл болохоор махтай байхдаа илүү сайн гүйнэ гээч. Махыг нь жоохон хагаслаад, хөнгөрүүлээд ирэхээр суух гээд байдаг. Их сонин.
-Таны нэрийг гаргасан айраг түрүүнд олонтоо хурдалсан ямар ямар хурдан хүлгэд байна вэ?
-Ховд сумын ойд миний хээр морь түрүүлж, азарга зургаалж байлаа. Энэ хоёр нь Цэнгэлийн азарганы нэг жилийн төл байгаа юм. Энэ хоёр маань айргийн тав дотор баталгаатай ирнэ. Ямартаа л очсон наадмуудад их нас, азарганд Давааням найдвартай гэж ярьдаг байлаа. Морины хорхойтнууд ч чих тавьдаг болчихдог юм билээ.
-Эндээс сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Миний залууд наадам ч олон байсангүй дээ. Овооны баяр, сумын наадам, дээр нь аль нэг удамтай сайн морины нэрэмжит наадам мэр сэрхэн болно. Одоо эргээд дурсахад Ховд сумын 70 жилийн ойн наадам сайхан санагддаг. Тэгэхэд манай найз хээр морьтойгоо хамт явсан юм. Морьдоо мордуулчихаад хоёулаа дуран бариад сууж байхгүй юу. Харсан Улаангомоос 30-аар ачсан долоо, найман морь Сагил, Түргэнээр дамжаад ирж байна. Өнөө машинаа ухраагаад буулгасан хэдэн адуу нь пад пад алхаад буучих юм. Бүүр сурчихсан. Тэрийг хараад өөрийн эрхгүй дуу алдаж билээ. Тэгэхэд бид адуугаа хөтлөөд оччихсон байгаа. Тэр дунд аймгийн Алдарт уяач Ядамцоогийн их насны хоёр нүд унамаар сайхан амьтад буух нь тэр. Ёстой данагар хоёр адууг хараад энэ хүний наадам байх нь дээ гэж тэрхэн зуурт бодлоо. Тэгж байтал их насны морь ирж байнаа. Ямаан хоргон дотор нэг ил, нэг далд ороод суутал манай хээр дайраад гараад ирлээ. Хонхорт орж, гарсаар нэг цагаан дээр гараад ирэхээр нь Батсүх ахад “тэр морийг таньж байна уу” гэвэл “чиний хээр л байна ш дээ” гэнэ. Өөртөө нэг л итгэхгүй байгаа байхгүй юу.  Ингээд үзэгчдээс 4-5км зайтай болж ирэхэд аймгийн Ядамцоогийн хонгор, шархал морьд яг ар дээр нь явна. Харж чадахаа байлаа. Сэтгэлдээ аав ээждээ, бурхандаа залбирчихаад “яаж байна” гэж асуувал ах “явж байна, гүйцэхгүй байна” л гэнэ.  Барианы газар болоход өнөө хоёр нь хол хоцорч, минийх яваад орлоо, барьчихлаа. Хүмүүсийн өмнүүр Өмнөговь, Өмнөговь гэж байна. Би таньсан ч хүүхдийн хувцас нь биш байна гээд хэлсэнгүй. Ер нь манайхан хэлдэггүй юм. Хүмүүс “Өмнөговьд ийм морь байсан юмуу” гэвэл ч уяачдын холбооны тэргүүн байсан Батсүх ах “сүүлийн хоёр, гурван жил байнга түрүүлж байгаа адуу даа. Тэр залуугийн унаган морь. Өчигдөр түүний азарга зургаалсан даа. Сумандаа гаргадаггүй хүлгүүд” гэж ярьсныг Ядамцоо надад хэлж байлаа. Санаанаас гардаггүй сайхан наадам даа.
-Ийм сайхан наадам олон байх болтугай. Баруун бүсийн даншигтаа хэдэн нас мордуулахаар төлөвлөж байна даа?
-Азарга, их нас, хязаалан оруулна даа. Газар газрын хурдан морьдын тоосонд орж хийморио сэргээнээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлах багийнхан бид тав дахь сумандаа ирээд байгаа нь энэ. Бидний ажлыг хүндэтгэн, зохион байгуулалттайгаар уяачид, адуу малаа бэлтгэсэнд үнэхээр их баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна