"Тод магнай-2012"-ын Шилдэгүүд тодорлоо

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 20 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэврээн, үүх түүх, үндэсний өв соёлоороо бахдах үзлийг хөхиүлэн дэмжих зорилготой “Тод магнай-2012” ёслолын ажиллагаа энэ сарын 19-нд “Чингисийн өргөө” ресторанд болж өндөрлөв. Мориор дамжсан их өвийг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой  тус ёслолыг Монголын морин спорт уралдааны  үндэсний  холбоо, “Тод магнай” сэтгүүл, “Монгол морины гайхамшиг” сан, “todmagnai.mn” сайт хамтран зохион байгуулсан юм. Цаашдаа жил бүр уламжлал болон явагдах ба энэ удаагийн “Тод магнай 2012”  нь дараах таван төрлөөр шилгүүдийг тодруулсан. Үүнд:
1. Шилдэг уяач буюу “Төрийн их уяач” номинаци
2. Шилдэг хүлэг буюу “Төрийн их хүлэг” номинаци
3. Шилдэг унаач хүүхэд буюу “Төрийн их унаач" номинаци
4. Морины шилдэг зүтгэлтэн буюу “Морины зүтгэлтэн” номинаци
5. Шилдэг уран бүтээл буюу “Их өв” номинаци
Шалгуур өндөр энэхүү номинаци тус бүрт нэр дэвшигчид нь өөр өөрийн амжилтын түүхийг хэдийнэ бичээд эхэлсэн хөдөлмөрч эрхмүүд байсан нь бахархалтай.
  15 цаг: Чингисийн өргөө ресторан хэдийнэ зочдоо хүлээн авахад бэлэн болсон байлаа. Ирсэн зочид бүгд үндэснийхээ дээл хувцсаар гангаран, айраг сөгнөн, Монгол уламжлалыг харуулсан урьдчилсан бэлтгэсэн мини үзэсгэлэнг үзэж сонирхсон юм. Энд А.Наранбаатар захиралтай  “Монгол экү”-гийнхэн морины эдлэл хэрэгсэл, ганган хийцтэй эмээл хазаараараа, “Сорлог сүрэг”-ийнхэн адууны эм бэлдмэл, Төрийн хан хуурыг 1992 онд урласан Уламбаяр  тэргүүтэй урчууд морин хуураараа, Пүрэвсүрэн захиралтай “Хөөрөг” дэлгүүр, Батзориг захиралтай “Хас гоёл”, “Хэл иргэншил”-ийн дээд сургуулийн багш Ганбаатарын уран бичлэгүүд зочдын нүдийг хужирлаж, Монгол бардамналыг төрүүлэх ажээ.
 Харин 16 цаг болоход зочид хүндэтгэлийн зоогийн ширээнээ заларснаар ёслолын үйл ажиллагааг “Тод магнай”  сэтгүүлийн эрхлэгч А. Эрдэнэтуяа, хамтран зохион байгуулагч Морин спорт уралдааны  үндэсний  холбооны  төлөөлөгч тайзнаа гарч нээлтийн үгийг хэллээ. Мориор дамжсан үндэсний их өв соёлоо түүчээлэх сэтгэлээс үүдэлтэй тус ёслолын ажиллагааны хүндэт зочдоор Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУСГЗ Л.Эрдэнэбулган, МУСГЗ, яруу найрагч Ш. Гүрбазар, МУСТА жүжигчин М.Дорждагва, МУГЖ  Ж.Нансалмаа, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, гоц мэргэн Д.Эрдэнэтуяа, улсын мэргэн П.Гарамдорж, Манлай уяач Б.Содномцог, Манлай  уяач Б.Жанчив, “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ нарын 100 гаруй хүмүүс уригдсан юм.
Жүжигчин Ч.Хатанбаатар буюу Хадгаагийн “Циркус Монголиа” оршлын хэсгийг эхлүүлсэн бол Ардын жүжигчин Ц.Батчулуун  Ерөнхий удирдаачтай “Морин хуурын чуулга”, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, “Шанзны гурвал”, МУСТА дуучин А.Хосбаяр. Д.Нарантуяа, Харангын Лхагваа нар ая дууны дугарааг үргэлжлүүлэв.
Энэ үдшийн оргил нь номинацийн шилдгүүдийг шалгаруулах хэсэг байсан юм. ”todmagnai.mn”  сайтаар явуулсан санал асуулгыг 18-ны өдрийн 00 цагт хааснаар зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулалтын журмыг харгалзан үзэж дараах эрхмүүдийн шилдгүүдээр тодруулсан байна. Үүнд:
“Төрийн их уяач”: -аар Зууны манлай уяач, Монгол улсын гавьяат малчин, Тод манлай уяач Д. Даваахүү Улсын наадмаас 21 түрүү, 43 айраг, “Их хурд” наамдын 2 түрүүгээрээр тэргүүлжээ. БХТН-ийн Алдрын одон, БТСХ-ны Спортын алдар тэмдэг, ХААИС-ийн хүндэт профессор, Чингис хааны академийн академич, 1980 онд спортын ууган мастер уяач цол, 1988 онд Монгол улсын алдарт уяач, 1995 онд Сүхбаатарын одон, 1996 онд Манлай уяач, 1999 онд Зууны манлай уяач, 2003 онд Тод манлай уяач, 2005 онд Гавьяат малчин  болсон Даваахүү  нь бас аймгийн арслан, Монгол улсын хүндэт харваач цолтой. Эрийн гурван наадмаараа ид хавтай  наадчихдаг Манлай энэ өдрөөс ийнхүү бас “Төрийн их уяач” хэмээн нэрлэгдэх боллоо.
“Төрийн их хүлэг “: Манлай уяач Д.Ганбаатар агсаны Дархан түмний их зээрд халзан нь төрийн их наадамд 3 түрүүлж, нэг айрагдсан. 1997, 1999, 2000 онуудад Улсын их баяр наадмын түрүү, 2000 оны бүсийн наадмын түрүү, 2001 оны наадмын айргийн гурав, “Их хурд 1”-д 14, “Их хурд 2”-т долоод хурдалсан амжилтаараа “Төрийн их хүлэг”-ээр нэрлэгджээ. Эх зээрд халзан нь Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы угшилтай, Төв аймгийн Сэргэлэн хулгар Нарангэрэлийн унаган адуу юм.
“Төрийн их унаач”: 2011 оны ММСУХ-ны шилдэг унаач “Унаган хурд” галын Ц.Өсөхбаяр тус номинацийг дараах амжилтаараа тэргүүлжээ.  2008 оноос эхлэн хурдан морь унаж байгаа тэрээр 2009 онд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн даага айргийн дөрөв, 2010 онд Говь –Алтай аймагт болсон даншиг наадмын шүдлэн түрүү, азарга айргийн гурав, соёолон айргийн гурав, даага аман хүзүү,  “Дүнжингаравын хурд 2011” хаврын бүсийн уралдаанд соёолон айргийн тав, “Булган хангайн хурд” хаврын бүсийн уралдаанд соёолон айргийн гурав, 2001 оны АХ-ын хувьсгалын 90 жилийн ойд шүдлэн айргийн дөрөв, 2011 он буюу АХ-ын 90 жилийн эрлийз дээд насны ангилалд айргийн дөрөв, “Там?рын хурд 2011” хангайн бүсийн уралдааны соёолон, шүдлэн, их морины айргийн түрүүг тус тус хүртсэн амжилтын бяцхан эзэн юм. Тийм ээ энэ бол “Төрийн их унаач” Ц.Өсөхбаяр.
“Морины зүтгэлтэн”: Морин спортын зууны шилдэг эмэгтэй тамирчин, спортын мастер Т.Цэрмаа нь 1966-1983 онд Монгол улсын шигшээ багийн тамирчин, 1983-1991 онд Морин спортын дасгалжуулагч, 1991-2005 онд зөвлөх дасгалжуулагч, 2005 оноос Морин спортын “Алтай” клубт морь сургагч дасгалжуулагчаар ажиллаж байгаа манай ахмадуудын нэгэн юм. Тэрээр морин спортын тэмцээнд 200 гаруй удаа оролцож байснаас техник спортын 2,3,4-р спартикиадын аварга, Улсын найман удаагийн аваргын эзэн. Мөн морин спортын саад харайлтын төрлөөр эх орны дээд  амжилтыг “Чандага” дуудлагатай шарга мориороо 1976,1978 онуудад саадны өндрийг 145 см өргөнийг 160 см болгон шинэчлэн тогтоож байжээ. Түүний амжилтын түүхийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Алтан гадас, Олимпийн хорооны “Алтан од” медалиар хоёр удаа, Биеийн тамирын тэргүүний ажилтан, 1997 оны Манлай эмэгтэй, 1998 оны Манлайлагч эмэгтэй, Монгол морин спорт ураллааны холбооны дээд шагнал  Манлай хүлэгч зэрэг гавьяа шагналуудаас нь төвөггүй харж болох юм. 
 “Их өв”: Энэ удаагийн “Их өв”-ийн эздээр мориор дамжсан үндэсний өв соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол орны өнцөг булан бүрт зохиогдсон 200 гаруй уралдааныг шууд дамжуулан нэвтрүүлж, хурдан морь сонирхогчдоос ямагт талархал хүлээж байдаг TV 9 телевизийн хамт олон тэргүүлсэн юм. Харин уран бүтээлчийн “Их өв”-ийн эзнээр алдарт “Толин хул” дуугаараа Харангын Лхагваа тодорчээ.

 


 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна