Аймгийн Алдарт уяач Х.Баатархүү: Олондоо хүндтэй өвөөгийнхөө үргэлжлэл болж яваа учраас морио сайн уяж, нутаг орныхоо нэрийг гаргахыг хичээдэг

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 05 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүлийн цоо шинэхэн дугаар уншигч таны өмнө дэлгээстэй байна. Сэтгүүлийн минь амин сүнс болсон зочин хойморт Догшин хутагтын нутгийн хүү аймгийн Алдарт уяач Хархүүгийн Баатархүү уригдан заларлаа. Хурдан хээр азаргаа “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдүүлж, “Хутагтын хурд-2015” говийн бүсийн уралдаанд түрүүлгэж байсан хийморилог залуу уяачийг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн эчнээ таних бизээ. “Олон хүнийг баярлуулж байгаа зүйлд гар татах хэрэггүй гэж боддог учраас адууг ер нь хэлсэн үнээр нь л авдаг” хэмээн ярих Х.Баатархүү Алдарт төрийн зарлигт наадмын анхны айргаа 2010 оны “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд хүрэн морио таваар давхиулан хүртэж байсан билээ. Айлчлан ирж буй алтан унжуургат хэмээх гал тахиа жилийн босгон дээр хурдан хээрийн эзэнтэй ийн хөөрөлдлөө.

Хязаалан байдасны төл хурдан байдаг гэдэг нь оргүй зүйл биш байна лээ

- Жилийн өнгө тольддог хаврын бүсийн уралдаанд хээр азаргаа хоёр жил дараалан түрүүлгэж, айрагдуулсан хийморилог эрхэмтэй уулзаж байгаадаа баяртай байна. “Дүнжингаравын хурд” уралдааныг уяачид чансаа өндөр хэмээн үнэлдэг юм билээ? 
-Тухайн жилийн хамгийн анхны бүсийн уралдаан шүү дээ. Тэр утгаар нь уяачид өргөнөөр ирж оролцдог. Зун улсын баяр наадам аймаг, сумынх нь наадамтай давхцдаг учраас тэр болгон ирж амждаггүй бол Дүнжингаравын хурдад эртнээс бэлтгэн зорьж ирж уралдаад тухайн жилийнхээ өнгийг шинждэг уламжлал хэдийнэ тогтсон байна. Миний хээр азарга энэ том наадамд аман хүзүүнд хурдлан моринд хайртай монгол түмнээ баясгасан. 
- Хурдан хүлэг эзнээ олсон түүх үргэлж сонихон байдаг. Төрийн зарлигт наадмаас хоёронтоо хишиг хүртсэн хээр азарга Гэрэлтийн хул азарганы төл гэдэг байхаа?
-Тиймээ. Хээр азарганы эцэг нь “Монкор” компанийн захирал Гэрэлтийн хул азарга. Харин эх нь Дорнод угшилтай Мөнхбатаа ахын адууны гүү. Миний хээр азарга хязаалан байдасны унага шүү дээ. Хязаалан байдасны төл хурдан байдаг гэдэг нь оргүй зүйл биш байна лээ. Ганц миний хээр ч биш ??? гүүний төлүүд ер нь их хурдан шүү. 2015 оны “Хутагтын хурд” говийн бүсийн хаврын уралдаанд миний хээр азарганд түрүүлж, төрсөн дүү зээрд үрээ нь соёолонд түрүүлсэн шүү дээ.
- Тэгсэн билүү?
-Тиймээ. Би 2008 оноос хурдан морь сонирхон уядаг болж, 2010 оноос эхлээд “Босоо хүлэг” галд гишүүнээр элсэж МУ-ын Тод манлай уяач Мөнхбатаа ахаар морио уяулдаг олсон. Хээр азарга бол тэдний хүү Цэдэндамбаагийн нэртэй адуу. Би 2011 онд хязаалан үрээ авч байлаа. Эхэндээ гарч зугтааж байгаад л суучихдаг байсан.Тэгж байгаад соёолонгоосоо эхлээд давхил нь орсон доо. Соёолон өвлөө их хурдан байгаад Хишигжаргал Тод манлай Хүйн долоон худагт 1000 долларын бооцоотой дээд гурван насны морьдын уралдаан зохион байгуулахад гурваар давхиж байлаа.
- Даага, шүдлэндээ уягдаагүй юмуу?
-Ерөнхийдөө уягдсаан. Гэхдээ айхтар уралдаж сүйд болоогүй.Шүдлэнд нь би Дорноговийн Улаанбадрах руу авч очоод Дамбаагийн нэр дээр айрагдуулж байсан. Жижиг наадмуудад ганц нэг айрагдсаныг эс тооцвол битүү шахуу адуу даа. Хавчиг болдог жил нь “ганц хоёр жилдээ морь уяхгүй байдаг юм уу” гэж бодоод адуугаа Улаанбадрах сум руу аваачсан юм. 1 сарын 15-нд 70-аад тооны адуу ачиж очоод. Тэгсэн морь уямаар санагдаад болдоггүй ээ. Хээр азарга, шарга халзан морь, хамар цагаан хүрэн морь, хар морь гээд дөрвөн тооны адуу барьж аваад хоёр унаач хүүхэдтэй, нэг туслах уяачтай дөрвүүлээ сумынхаа өвсний фондын хашаанд адуунуудаа тэжээлээ. Анх удаа өөрөө бие даан морь уяж байгаа нь тэр. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал найз нөхөд, ах дүү нараасаа асууж зөвлөнө.
- Уг нь бол хэдэн жил өнжих санаатай байсан гээ биз дээ?
-Улаан-Уул, Эрдэнэ сумдад уралдаан болох сураг гараад. Тэгээд л тэсэхгүй уяж байхгүй юу. Эрдэнэ суманд болсон уралдаанд хээр азарга бараг км шахуу хол түрүүллээ. Ер нь сунгаануудад миний морьд их хурдан байсан л даа. Тэгсэн хамар цагаан хүрэн морь маань хөл нь доголоод мордуулж чадсангүй. Улаан-Уул суманд болсон уралдаанд шарга халзан маань 1,5 км шахуу тасарч түрүүлээд, хар нь гурваар давхидаг юм. Тэгж анх бие даан морь уяад гурван адуутай очиж хоёр түрүү, нэг айраг хүртэн одтой сайхан наадаж байлаа.
- Урам орно биз дээ?
-Өө тэгэлгүй яахав. Дараа нь “Хутагтын хурд”-д уралдах гээд бэлтгэж байтал хээр азарганы маань хөлөнд хадаас шаачихаад ер ажил хийж болдоггүй. Хоёрхон хоногийн өмнө жаахан ажил хийсэн болоод мордуултал гарч зугтаагаад үзүүр дээрээ жаахан дугуйрч хадуураад дөрөвт баригдсан. Тэр уралдаанд МУ-ын Алдарт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарга түрүүлсэн шүү дээ. Тэр зунаа “Хотгойдын хурд”-д айрагдсан хүрэн морио авсан Ганбаа ахтайгаа уулзаад тэдний хүргэн Саруулбаяраар морьдоо уяулахаар болсон. Сайн уяж байгаа залуу л даа. Хээр азарга тэр жил их хурдан байсан.
- Тэр жил гэдэг нь...
-2013 он. Азарганууд дундаа их хол байхаар нь их морьтой сунгасан бас л хол түрүүлсэн. Тэгэхээр нь Ганбаа ах бид хоёр “Их хурд-6” руу аваад явсан замдаа чийгтэй өвс идүүлээд гэдсийг нь эвгүйтгэчихсэн. Гэхдээ л хөөрхий 16 км тархины гурван азаргатай явж хэсэг зарлуулсаан. Тэгээд аргагүй тамирдаад суунгуут нь татуулчихсан юм.

Саруулбаяр бид хоёр нийлсэн цагаасаа эхлээд л ганзага дүүрэн сайхан наадсан

- Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойд айрагдсан байхаа?
-Тэгсэн. Манай уяанаас дөрвөн адуу мордоод дөрвүүлээ түрүүлж, айрагдсан. Хамгийн гол нь тэр жил их ханиадтай манай уяаны морьд бүгд ханиалгачихсан. Хээр азарга, Замын-Үдийн Буяагийн хар морь хоёр л арай гайгүй.
- Азарга, их нас бусад нь...?
-Хоёр их насны морь, нэг азарга, нэг шүдлэн үрээтэй байсан. 2015 оны “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд гурваар давхисан Саруулбаярын цавьдар азарга тэр жил шүдлэн үрээ бас айрагдсан. Хүрэн морь хүүхэдгүй түрүүлж, хар морь гурваар давхиад, хээр азарга дөрвөлж, цавьдар шүдлэн бас орсон. Саруулбаяр бид хоёр ер нь нийлсэн цагаасаа эхлээд л ганзага дүүрэн сайхан нааддаг байсан даа.
- 2014 онд ч гэсэн амжилтын буухиагаа үргэлжлүүлж сайхан наадацгаасан?
-“Дүнжингарав болно, болохгүй” гэсээр морьдын уяа их алдарсан л даа. Тэгсээр хавар оройхон болсон уралдаанд Өмнөговийн Энхболдын хүрэн түрүүлж, миний хээр азарга аман хүзүүдсэн шүү дээ. Зун нь долоотой азарга ороо нь гүйцэд гарахгүй жаахан нарийсаад томоохон наадамд амжилт гаргаж чадаагүй. Гэхдээ аймаг, сумын чанартай наадмуудаас нэлээд хэдэн айраг түрүү хүртсэн.
- Хаагуур наадсан билээ?
-Дорноговийн ихэнх сумд ойгоо тэмдэглээд би өвөө, эмээгийнхээ төрсөн нутаг Сайхандулаан сумын 90 жилд очиж хоёр түрүү, гурав, дөрвөн айраг авч сайхан наадсан. Хавар нь Замын-Үдийн Баяржаргал гээд хуурай ахаасаа 2008 оны Алтан-Овооны тахилга наадамд даагандаа айрагдаж байсан будан азарганых нь төл хонгор даагыг авсан юм. Тэр маань Сайхандулааны 90 жилийн ойд их хол түрүүлсэн. Тэжээлгүй, сүүгүй туранхай даага хавар авчраад зун нь уяхад аймгийн сунгаануудад хурдан байсан. Тэгээд Сайхандулааны ойн дараа Өргөн сумын 90 жилийн ой болж, тэнд бас хол түрүүлсэн.
- Сумынхаа ойгоос хоёр түрүү хүртсэн гэсэн. Нөгөө нь ямар нас билээ?
-Саакийн цавьдар хязаалан Сайхандулаанд түрүүлээд, Өргөнд бас түрүүлсэн. Хоёр үрээ маань хурдан байсан болохоор Дундговь аймагт болох төвийн бүсийн уралдаанд “эрлийзийг ялгана гэвэл очиж уралдъя” хэмээн тохирсон байсан. Тэгээд хүн амьтнаас лавлатал “эрлийзүүдээ ялгана гэж байна лээ” гэхээр нь Саакад “хонгор даага нэг уралдах тамир байна уу” гэсэн “хэцүүхэн л байна. Гэхдээ юу ч гэсэн яваад үзье” гэсэн юм. Ингээд бид хоёр цавьдар хязаалан, хонгор даага хоёроо аваад Дундговийн төвийн бүс рүү явсан. Хязаалангийн маань соёо нь жаахан цухуйчихсан байсан чинь шүдээр хасагдаад уралдаж чадсангүй. Хонгор даагаа мордууллаа. Төвийн бүсийн дааганы уралдаанд 130-аад үрээ мордсон. Морь эргэхэд миний хонгор сүүлээсээ 20-иодоор гардаг юм. Хүүхдэдээ “тат” гэж хэлсэн сонсдоггүй. Жаахан дөхөж очоод харсан манай хүүхэдтэй ижил хувцастай өөр даага байсан. Тэр хооронд морь гараад найм, есөн км шахуу явчихсан. “Үрээ маань алга, урагшаа явчихсан юм байна” гэж бодтол цээж рүү нэг юм огшоод нулимс цийлэгнээд...
Тэгээд урагшилсаар харсан тархинд таван бараан даага л явна. “Хойно үлдээчихсэн юм биш биз дээ“ гэтэл тээр цаана овоон дээгүүр мотоциклийн тоос шиг хоёр юм явж байна. Давхиад очсон миний хонгор, Өндөршилийн нэг шарга даагатай холбоотой явнаа. Шарга даага тэр жил их хурдан байсан. Уралдсан болгондоо км, хоёр км шахуу хол түрүүлдэг. Миний хонгор гарсан цагаасаа эхлээд тэр шаргатай холбоотой бараг 10-аад км явчихаж. Гэхдээ хөөрхий үнэхээр тамир нь хүрээгүй. Ойрхон ирээд суучихаар нь татуулчихсан.
- Бараг барианд орж байсан юм биш үү?
-Тооцоолж үзэхэд айрагдахааргүй байсан юм. 2008 оноос хойш бас ч гэж олон наадам үзлээ. Наадам олон морь маань ганц шүү гэж боддог юм билээ. Хөл гартаа ямар нэгэн эмгэг олчихгүй бол ахиад л уралдана шүү дээ. Тэгж бодоод хонгор үрээгээ татуулчихсан.
- Хор гарч байгаа байх нь?
-Айрагдахааргүй бол татаад зоргоор нь алхуулах юмуу эсвэл зогсоогоод хүүхдийг нь буулгаж аваад амраамаар юм билээ. Би хээр азаргаа 16 км яваад суунгуут нь шууд татаад авчихсан. Тэгэхгүй зүтгүүлээд байвал өлдөөд үхэх юм уу, хөлгүй болчихно шүү дээ.
- Тооцоолж байснаар дараагийн наадамдаа амжилт гаргасан уу?
-Тэгэлгүй яахав. Хонгор үрээ маань шүдлэндээ Боржигоны уралдаанд дөрвөөр давхисан. ММСУХ-ны 20 жилийн ойтой давхцсан тэр наадамд Адъяасүрэн гуайн хул үрээ түрүүлж, гурав дөрвөн эрлийз үрээ гарч зугтаагаад миний хонгор дөрвөөр давхиж, даагандаа түрүүлдэг Дундговийн шарга зургаалсан.
- 2016 онд яаж давхисан бэ?
-Сумандаа уралдаад долоо, наймаар давхисан. Энэ жил ногооны соёолон болно. Хонгор үрээ маань намайг олон баярлуулах байхаа.Тэгж итгэдэг.

70, 80-аадаар явж байсан хүрэн морь маань гэнэтхэн дайрч орж ирээд л айрагдчихсан

- Эргэлзэхгүй байна. Төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан хүрэн морины тань талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Хаанахын адуу юм бэ?
-Хүрэн морь Дэлгэрэх гаралтай. Тайж угшилтай адуу. Би долоон настай морь авч байсан юм. Тэр жил манай морьдын хөл доголоод уралдах боломжгүй болчихлоо. Нэгд Сүхбаатарт таньж мэддэг хүнгүй, хоёрт болж өгвөл нутгийн адуугаар наадчих сонирхолтой. Тэгээд хүн амьтан руу залгаад сураг ажиг тавьтал сунгаануудад Ганбаа ахын хүрэн морь их хурдан байна гэнээ. Гурван ч сунгаанд өнгөлсөн гэнэ. Хамгийн сүүлийн сунгааны урьд өдөр Ганбаа ахтай утсаар ярьж танилцаад хүрэн морио авахаар болсон доо.
- Наадам тулчихсан, сунгаануудад хурдан байгаа адуу чамгүй үнэтэй байсан байлгүй?
-Долоо билүү долоон сая таван зуугаар авсан санагдана. Хүрэн морь улсад 21-ээр давхиад, хэд хоногийн дараа Дорноговийн Улаанбадрахад болсон томоохон наадамд бас 21-т орсон. Ганц хүрэн морио аччихаад наадам хэсээд яваа хүн шүү дээ. Манай галынхан Эрдэнэтэд болох төвийн бүсийн уралдаанд оролцохоор очоод цаашаа Хөвсгөл явахаар боллоо. Би хүрэн морьтойгоо оччихсон байсан одоогийн БСШУЯ-ны сайд нагац ах Ж.Батсуурь маань “чи сумын наадамд 10 дотор давхихгүй байгаа морь аваад хэдэн мянган км явж байдаг. Мал зовоогоод” гээд зэмлэсэн. Нээрэн ч сумын наадамд 21-д ирсэн морийг аваад бүсийн уралдаанд явах бодол хэн болгоны толгойд орохгүй л дээ. Хүрэн морь тэр том уралдаанд таваар давхиж айрагдсанаас хойш нагац ах маань дахин надад юм хэлэхээ больсон.
- Танд ч гэсэн “Хотгойдын хурд”-д айрагдана гэсэн тооцоо байгаагүй биз дээ?
-Хотгойдын хурдыг би өөрөө дагаж үзсэн. Газрын талд ороход бараг 70,80-аадаар явж байгаа адуунд найдах аргагүй л дээ. Манай галын гурав, дөрвөн их морь тархинд уралдаж байсан болохоор хүрэн морио орхиод урагшилсан. Нэгнийх нь хүүхдийн дөрөөний сур тасраад,бас нэг нь хадуураад тэр хооронд зөндөө үйл явдал болж байгаа юм чинь. Тэгж байтал хүрэн морь үзүүр дээр гэнэтхэн маань дайрч орж ирээд л айрагдчихсан. Сонин шүү.
- Магнай хагартал баярлана гээч болсон уу?
-Естой л тэгсэн. Манай найзууд гээд 10-аад залуучууд эхнэр хүүхэдтэйгээ оччихсон намайг дэмжиж байсан юм. Тэд маань баяр хүргээд. Дээр нь нутгаасаа анх удаа улсын чанартай бүсийн наадамд морь айрагдуулсан гээд хүн болгон баяр хүргээд үнэхээр сайхан байсан. Би өөрөө машин барьчихсан дагаж явсан юм. Найз маань миний хажууд суучихсан Цэгмид ахын нарийн хүрэн морийг айрагдуулчих санаатай үзүүр дээр нь шахуулаад хашгирч явсан миний хүрэн морь гэнэтхэн хажуугаар нь дайрч орж ирээд л тавлачихсан. Өшөө цаашаа 200,300 метр зайтай байсан ахиад урагшлах ч байсан байж мэднэ. Араас маш хурдтай орж ирсэн шүү.
- Хүрэн морины эзэн Ганбат Алдартай уулзаж байсан. Таныг эргүүлж ижил сүрэгт нь авчирч нийлүүлсэн гэж байсан?
-Тэгсээн. Хүрэн морь маань дараа зун нь уягдаж байхдаа хөлөндөө асуудалтай болчихсон. Мөнхбатаа ах “орхичихоод яв, ах нь хөлийг нь эмчилье” гэж байсан ч том наадмын анхны айраг, авчирсан хурдан хүлгээ дахин зовоогоод яахав” гээд нутагт нь аваачиж ижил сүрэгт нь нийлүүлсэн. Түүнээс хойш дахин уралдуулаагүй ээ.
- Танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн байсан юм бэ?
-Хүрэн морь Саруулбаярын хүрэн азаргатай чацуу юм. Соёолондоо арван хэдэн удаа түрүүлж, айрагдсан гэдэг. Алтан-Овооны тахилга наадамд найм билүү есөөр давхиад дараа жил нь хавчиг морь өнжөөд, надад долоотой ирэхгүй юу.

Манай өвөө уяач хүнд байх ёстой эрдмүүдийг цогцлоосон мундаг уяач байсан

- Ингэхэд хэдий үеэс эхлээд морь уяж сойн хурдлуулж байгаа юм билээ?
-2008 оноос юмуу даа. Би чинь тав, зургаан настайгаасаа эхлээд хурдан морь унасан хүн. Манай ээжийн аав Жамъянсүрэн гэж аймгийн Алдарт уяач цолтой хүн байлаа. Би гуравдугаар анги хүртлээ суманд ойрхон өвөө эмээтэйгээ цуг амьдарч, зуныхаа амралтаар хурдан морь унадаг байсан.
- Хэдэн жил хурдан морь унасан бэ?
-12 нас хүртлээ хурдан морь унасан. Манай ээж эцэг эхээсээ 11-үүлээ. Долоон эрэгтэй, дөрвөн эмэгтэй. Миний мэдэхийн л манай ах нар бүгд хурдан морь унадаг. Болдын хээр морь гэх мэт хурдан морьдтой байсан. Өвөөгийн хувьд азарга болон бага насны морьдын уяа сойлгыг илүүтэй тааруулдаг байсан юм шиг санагддаг. Сум, орон нутгийнхаа наадмаас ер нь айраг, түрүү алддаггүй байсан шүү.Хул, бор, хонгор зүсмийн хурдан азаргануудтай. Ухаа адуунууд нь их сайн давхидаг хүн байсан. Одоо хоёр ах маань өвөөг залгамжлан нутаг орондоо морио уяж байна. Нэг сонин нь манай азарганууд түрүүлж, аман хүзүүддэггүй гурав, дөрвөөр л давхидаг байсан. Зөвхөн өөрийнхөө суманд гэлтгүй аль ч газрын наадамд очсон тэгж давхина.
- Морь түрүүлж, айрагдахад уралдаанч хүүхдийн авхаалж самбаа ихээхэн чухал гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз. Та өөрөө хэр адтай унаач байсан бэ?
-Хамгийн анх зургаан настай улаан хонгор даага унаваа. Батбаяр гээд манай ах намайг хөтөлж очоод гаргаж байсан юм. Тэгээд яг морь эргэхэд моринд дайруулсан юм уу яасан юм ямартаа ч уначихсан. Уйлаад босоод ирсэн чинь манай ах загнаад өргөж тавиад явуулсан. Тэгээд явсаар байгаад 10-н хэдээр орсон санагддаг юм. Ирчихээд бас айрагдаж чадсангүй гээд уйлж байснаа мартдаггүй. Өвөө маань намайг тайвшруулах гээд нөгөө даагаа бэлэглэсэн нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр цагаас хойш олон айраг, түрүү авсаан. Өөрийгөө одтой, сэргэлэн унаач байсан гэж боддог. Муу хүүхдээр хүн морио унуулахгүй шүү дээ. Өөрийнхөө морийг унахаас гадна Бавуудорж гэж манай багийн сайн уяачийн хээр морийг унаж байсан. Тэр хүн хоёр хурдан хээр морьтой. Арай сайнаа өөрийнхөө хүүхдээр унуулаад, хойно нь ирдгээ надаар унуулсан чинь би нөгөөхийнх нь ард дарсаар байгаад ойрхон ирж дайруулаад түрүүлгэж байлаа. Дараа нь намайг харахаараа “энэ задарсан хүүхэд шүү” гээд инээдэг байсан.
- Моринд томдож хасагдаад л өвөөдөө тусалдаг байсан уу?
-Үгүй ээ, намайг гуравдугаар анги төгсдөг жил манайх хот руу нүүчихсэн юм. Тиймээс зуныхаа амралтаар л өвөөгийндөө очиж морь унадаг болсон. Намайг наймдугаар ангид байхад өвөө маань өөд болчихсон. Одоо хааяа өвөө маань ахиад хэдэн жил амьд сэрүүн байсан бол арай илүү юм мэдэж үлдэх байсан байх даа” гэж боддог л юм. Манай өвөө чинь нутаг орондоо нэртэй зартай уяач байсан юм шүү. Тэр хавийнхан морь малаа үзүүлэх гээд их уринаа. Морь шинжиж таних, ханаж хатгах засах, эмнэх домнох гээд уяач хүнд байх ёстой эрдмийг цогцлоосон мундаг хүн байсан. Манай сумын гурван багийн уяачид наадамд явахдаа нэгдэж нэг гал болж бууна. Тэгээд мэдэхгүй чадахгүй байгаа зүйлээ өвөөгөөс асуудаг. Миний өвөө нутаг орондоо, олон түмэндээ нэртэй хүндтэй уяач байсан. Тийм хүний үргэлжлэл болж яваа учраас аль болох морио сайн уяж, нутаг орныхоо нэрийг гаргахыг хичээдэг.
- Өвөөгийнхөө морь шинжиж таньсан түүхээс мэдэхээ ярьж өгөөч?
-Байнга өвөөгөө дагаж явдаг байсан учраас өөрийн нүдээр харж, чихээр сонсож байсан нь цөөнгүй. Нэг удаа манай багийн уяачид морио шинжүүлнэ гээд өвөө бид хоёрыг ирж авсан юм. Нутгийн нэг ах халтар морио үзүүлэхэд өвөө наадмаас гурав хоногийн өмнө сунгааны арын ажлыг зааж өгсөн. Нөгөө хүн хэлснээр нь хийгээд битүү морь нь сумын наадамд айрагдахад өвөөд баярласан талархсанаа илэрхийлээд бэлэгтэй ирж байсан юм. Энэ мэтчилэнгийн явдлууд олоон.

Олон хүнийг баярлуулж байгаа зүйлд гар татах хэрэггүй гэж боддог учраас адууг ер нь
хэлсэн үнээр нь л авдаг

- Сургууль соёлын мөр хөөж хэсэгтээ морь малнаас хөндийрч. 2008 онд дахин морьтой холбогдоход хэн, юу нөлөөлсөн юм бэ?
-Монгол хүн мориноос холдоно гэж юу байхав дээ. Тухайн үед би Налайхад ажилладаг байсан юм. Өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж морь уяя гэж шийдээд МУ-ын Манлай уяач Ноостын Түмэнбаяр ахад хандсан. Намайг очиход Түмэнбаяр ах гаднаа дөрөв, таван их морь уячихсан “эднээс нэгийг нь ав даа” гэсэн.Тэгээд харж байгаад нэг шарга халзан морийг нь таван сая төгрөгөөр авлаа. Их морь өм нээдэг гэдэг утгаар нь бэлгэшээж байгаа нь тэр. Шарга халзан морь маань Налайхын сунгаануудад хурдан байхаар нь улсад мордуултал 18-аар давхиад, Алтан-Овооны тахилга наадамд очиж 500 гаруй мориноос 16-д ирсэн. Дараа жил нь Данзанравжаагийн ойн наадамд 210-н хэдэн мориноос ганцаараа гарч зугтаагаад бороотой өдөр туранхай морь есөөр орсон. Тэндээсээ Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний 370 жилийн ой хангайн бүсийн уралдаанд очиж зургаагаар давхисан. Ер нь томхон наадамд л айрагдаж чадаагүй болохоос бага жижиг наадмуудад бол олон түрүүлж айрагдсаан. Дараа нь манай нэг найзын ах гуйсаар байгаад авчихсан. Та бүхэн бол мэдэх байх даа. Батсайхан Тод манлайн дүү Бат-Энх ах аваад Цээлд болсон нэг уралдаанд түрүүлгэж мотоциклоор шагнуулж байсан. Дараа нь Атарын 50 жилийн ойд Бадамжунай сайдын нэр дээр уралдаад түрүүлж байна лээ.
- Хаанахын адуу юм бэ?
-Хэнтий аймгийн Дархан сумын адуу гэнэ лээ. Сумынхаа наадамд хоёр, гурав айрагдчихсан морь Түмээ ах аваад уяж байхдаа надад өгсөн байсан. Тэр жил би шарга халзан морьтой цуг нэг хар үрээ авсан юм. Тэр маань 2009 онд Равжаагийн ойд хязааландаа дөрвөөр давхиж анхны айргийг амсуулж байлаа. Дараа жил нь бас нэг хүн гуйгаад байхаар нь хар морио өгчихсөн.
- Сонсоод байхнээ гар таталгүй адуу авчээ дээ.
-Адуу “цагаан” элэгтэй амьтан. Миний өвөө уяач, миний ах дүү нар уяач. Манайхан үе дамжин морь уяж байгаа улс. Би ч бага байхын л том болоод морь уяна даа гэж боддог байсан.Налайхад цементний үйлдвэр барьж ашиглалтанд оруулаад 2008 оноос жаахан завтай болмогц морь уяя хэмээн Түмэнбаяр ах дээр очиж байгаа нь тэр. Хамгийн гол нь миний морь түрүүлж, айрагдах нь миний бус ах дүү, найз нөхөд, гэр бүлийнхэн цаашлаад нутаг орныхны баяр байдаг. Дүнжингаравт хээр азарга айрагдуулахад сум даяараа баярлацгаасан гэсэн. Манайхан чинь бүгд моринд дуртай. Ээж утсаар яриад л “аав, эмээ хоёр чинь цаашаа хараад нулимсаа арчаад сууж байна” гээд л... Өвөө минь, ах минь тэдний нэгэн адил тэнгэрийн орноос харж баясч байгаа даа гэж бодох надад ч сайхан байдаг юм. Би ер нь морь давхих болгонд тэр хоёрыгоо боддог. Олон хүнийг баярлуулж байгаа зүйлд гар татах хэрэггүй гэж боддог учраас адууг ер нь хэлсэн үнээр нь л авдаг.
Одоо ингээд бодсон голдуу их морь авч байж. Шарга халзан морь, хар морь, хамар цагаан хүрэн морь, хөгшин халтар морь гээд л. Батсуурь ахын ангийнх нь хүүхэд гээд хоёр хөгшин хөдөө байдаг. “Өвгөнийх нь хөл өвдөөд эмчилгээнд явах хэрэгтэй боллоо. Ганц морио зармаар байна” гээд ах руу ярьсан байсан. Ах над руу утасдаад “чи болбол тэр морийг нь авчихаач” гэхээр нь Дорноговь аймгийн Иххэт сумаас таван сая төгрөгөөр авсан. . Халтар морь 18 удаа айрагдаж, түрүүлсэн сайхан буян байсан л даа. Би тэр жил гурав, дөрвөн их морь авчихсан байсан юм. Тэгсэн Мөнхбатаа ах “чи ийм олон их морьтой юм чинь ахдаа нэгийг нь зарчих гээд” халтар морийг авсан. Тэгээд хүү Цэрэнжавынх нь нэр дээр “Жавхлант шаргын хурд”-д түрүүлсэн шүү дээ. Бүсийн чанартай томоохон наадмуудад арай айрагдаж чаддаггүй ч 10 дотор давхичихдаг сайн адуу байгаа юм. Их мориноос гадна азарга бас нэлээд авсан. 2011 онд ханиад ихтэй. Манай уяаны морьд ханиалгаад, зарим нь бас жаахан доголоод нэг л уралдаж болохооргүй байсан юм. Тэгээд Мөнхбатаа ах бид хоёр Хэнтийн Дадалаас шарга, цавьдар хоёр азарга авчирсан. Цавьдар нь хоёр түрүүлчихсэн хавчиг азарга. Эзнийг нь нутгийнхан Боко л гэдэг юм билээ. Тэр жил Өмнөговь аймгийн 80 жилийн ой, мөн “Говьшанхын хурд-4” уралдаан болсон шүү дээ. Эхлээд аймгийнх нь ойд уралдуулчихъя гээд жаахан ажил хийсэн аймар хурдан байнаа. Маргааш нь цавьдар маань азарганы уралдааныг 18,19 км хэртэй хөтөлж байгаад суугаад хөлгүй болчихсон юм. Тэр уг нь их сайн адуу байсан. Би хотоос цавьдар азарга, хээр хязаалан хоёртой л гарсан байсан. Тэгтэл азарга нь тэгээд хөлгүй болчихож байгаа юм. Хязаалан нь болохоор нь миний хээр азарга. Тэр үед би аваагүй байсан л даа. Нөгөөхөө аваад нутаг руугаа Равжаагийн ойд явлаа. Намайг явахад Мөнхбатаа ах “чи энэ хээр үрээг аваад яв. Ажил хийсний хэрэггүй шүү. Сайхан амрааж байгаад уралдчихаарай” гэсэн юм. Очиж буучихаад харж байсан яагаад ч юм нэг сунгачихмаар санагдаад болдоггүй. Аймгийн зүүн талд сунгаан болоод хүмүүс морьдоо сунгаад байгаа. Тоолж байгаад хязаалан мордлоо гэж бодмогцоо үрээгээ аваачаад тавьчихлаа. Дотроо “миний хээр үрээтэй юу уралдахав дээ” гэж бодоод байгаа. Тэгээд морь эргэсэн чинь хээр үрээ маань гараад л ирлээ. Бидэртэй хонгор халзан морьтой хоёул холбоотой хол явнаа.Тэгээд үзүүр дээрээ миний хээр дийлээд түрүүлчихлээ.
- Тод манлай уг нь ажил хийгээд хэрэггүй хэмээн захисан гээ биз дээ?
-Тийм. Тэгтэл бүр их морьтой сунгачихсан байсан. Уяа нь давчихсан уу наадмаараа олигтой давхиагүй ээ. Тухайн үед Батаа ахад хэлж чадаагүй. Сүүлд хэлээд бөөн инээдэм болцгоосон.
- Хээр азарганы төлүүд түрүүчээсээ уралдаж байгаа байлгүй?
-Хавчиг жилээ анх гүү хурааж, манай нэг ах, хуурай дүү хоёр нэг нэг гүү тавьж төл авсан. Хоёулаа эр гарсан ч одоогоор уягдаагүй л байна. Өнгөрсөн жил хоёр эр унага гарсан. Одоо тэжээж байна. Уяач хүн болгон өөрийн тамгатай унаган адуугаар наадахыг хүсдэг. Би ч гэсэн ялгаагүй. Өвөөгийнхөө гурван эвэртэй чойндон тамгаар тамгалсан унаган адуугаа улс, бүсийн уралдаанд түрүүлгэж, айрагдуулахыг хүсдэг.
- Хүсэл тань биелэх байхаа. Улиран одогч 2016 онд хэрхэн наадсан бэ?
-2016 онд сумынхаа наадамд уралдаад морьдоо тавьсан. Суманд хээр азарга нэлээн зайтай түрүүлж, зээрд халзан даага айргийн гуравт давхисан. Энэ жилээс Ихбаяр найз дээрээ адуугаа авчирч байгаа.
- Минийх асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Хамгийн сайхан дурсамжтай нь гэвэл өөрөө анх бие даан морь уяад, хоёр түрүү, нэг айраг хүртсэн тэр наадам л юм даа. Энэ хүн бусдаар л морио уялдаг, өөрөө юу ч мэдэхгүй гэж боддог хүмүүс байгаа ш дээ.Төрсөн нутаг усандаа очоод өөрөө бие даан морь уяж хоёр түрүү, нэг айраг хүртэх үнэхээр сайхан байсан. Дараа нь Хутагтын хурдадаа хээр азаргаа айрагдуулах бас л сайхан мэдрэмж. Манай Улаан-Уул сумын харьяат Отгонжаргал сайхан гээд ах байсан. Саяхан өнгөрчихлөө дөө. Тэр уралдаан дээр Отгоо ах маань ирээд “за сайн байна уу? дүү соёолонтой юу?” гэж асуусан. Өмнө нь азарга, их морь мордоод хоёуланг нь түрүүлгэчихсэн болохоор тэгсэн хэрэг байх л даа. “Байхгүй ээ ахаа их морь, азарга л уясан” гэсэн чинь “за ашгүй дээ” гээд инээж билээ.
- Ийм сайхан бахдалт наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.
 -За баярлалаа. Моринд дуртай Монголчууддаа удахгүй болох сар шинийн мэндийг дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөе. Мөн “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №83

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна