Адуучин Б.Бямбасүрэн: Би анх Оодон хар гэж хэлд орж байсан гэсэн

А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 28 -нд

Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, адуучин Б. Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Манай аав аймгийн Алдарт уяач Баасанхүү гэж өвгөн байдаг юм. Би 1988 онд аравдугаар ангиа төгсөөд Оросод цахилгааны сургуульд хоёр жил суралцсан. Төгсөөд ирсэн аав ээж хоёр мал дээр гаргана гэнэ. Би ч адуу авч өгөхгүй бол гарахгүй гээд зөрүүдлээд авлаа. Тэд маань ч залуу байж. Бодвол адуу малласан хүн л сайхан санагдсан юм байлгүй. Тэгээд хөдөө гарч сангийн аж ахуйд ажилд орж, 199 адуу авч маллах болсон. Үүнээс төдөлгүй ардчилал гарч, хувьчлал ч эхэлсэн. Ингээд станцын адуучин болох нь тэр.
-Хэдтэйдээ морь унаж сурсан бэ?
-Би тавтай морь унаж сурсан. Гэхдээ уралдааны морь нэг их олон жил унаагүй. Манай аав 80-н хэдэн онд Цагаандэлгэрийн тэнд нэг өдөр зургаан морь айрагдуулсан юм. Би нэг насыг нь унасан шиг санагдана. Аав ээж маань 25, 26 хүрч хүүхэдтэй болсон болохоор намайг бүүр эрхлүүлчихсэн. Тэрнээс одоо бодоход унахаар насанд хүрчихсэн байгаа ш дээ. Хайрлаад нэг л нас унуулсан. Гэхдээ том биетэй хүүхэд байсан л даа. Ингээд 1986 онд найм төгсдөг жилээ Баянталд нэг цагаан бор морь түрүүлгэсэн юмдаг. Анхны түрүүгээ авч байгаа нь тэр. 
Моринд хүнддээд л морь манаж хонодог болсон. Тэр үед морь манаж хоноход хийх ажлыг аав нэг бүрчлэн бичээд өгнө. Хоёр цаг идүүлээд, цаг уяад, буцаад дараагийнхийг нь тэжээнэ гэхчилэн. Тэгж байсан морины гэдэс сайн тогтдог юм. Одоо шиг тэжээхгүй болохоор үүргэлээд л морь хөтлөөд өглөө болгодог байлаа.
-Өөрийн унаган адуу юу?
-Манай аав их наймаа хийдэг байлаа. Би 1986 оноос хойш нэлээн олон морь түрүүлгэлээ. Харин ойрын хэдэн жил морь мал уясангүй. Хүүхдүүд том болоод морины хүүхэд олдохоо байсан. Одоо ч  тэгээд тэжээл овъёос байнга л өгөхгүй бол цагаан өвсний адуу тэжээлийн адуутай уралдана гэж байхгүй юм байна лээ. Цагаан өвсөөр эд нартай уралдаад юугаа хийхэв. Гэхдээ адуунд хорхойтой хүн чинь морь уяхгүй удаан явж чадахгүй нь бололтой. Энэ өвөл шарга азаргаа оролдоод үзнэ дээ. Хойтон долоон настай болж байгаа юм.
-Уяачийнхаа хувьд хаана хаана наадаж байв?
-Наян хэдэн онд баруун урд хул морь аман хүзүүдүүлсэн. Анхны Боржигоноор шарга азаргаа оруулж байлаа. Ер нь ерээд онд айраг алддаггүй л байсан. Манайх сайн ч адуутай байлаа.  Даанч 2000 оны зуднаар үхэх нь үхээд, алдахыг нь алдаад нэлээн багассан.
-Тэгвэл хэдий үеэс эмнэг даага сургаж эхлэв?
-Арван хэдтэйгээ л эхэлсэн юм уу даа. Наймдугаар ангиа төгсөөд зуны амралтаар эмнэг даага сургалтын аварга болж байлаа. Тэр үед чинь 10-аас дээш л эмнэг сургана. Бүүр зуны даалгаварт яг заагаад өгнө ш дээ. Зундаа хөдөлмөр зусланд ажиллана. Харин ерээд оноос тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Анх Гашуунд болсон тэмцээнд уургын төрөлд түрүүлээд, 1995 онд улсад очоод дөрөвдүгээр байранд орсон. Тэр үед 21 аймгийн тамирчдаас уурганд Дорноговь аймгийн Улаанбадрахаас Чинбат гэж залуу түрүүлсэн санагдана. Түүнээс хойш гурван удаагийн аймгийн аварга боллоо. Аймаг аймгаас шалгарсан нь улсад очдог байсан. Одоо шал өөр болсон байна лээ. Ташуур, уурга шүүрэлт гэж нэмэгдсэн байна. Өмнө нь аймгаа төлөөлөөд очсон хүн уурга, бугуйл, булгиа гурвууланд нь ордог байлаа. 
-Олон тэмцээнд орсон бизээ. Эндээс хамгийн сургамжтай нь хаана болсон тэмцээн бэ?
-Онгироо байсаан байсан. Нэг удаа Батноровт очоод эхнийх дээр нь нойллочихдог юм. Тэгэхэд би хорин хэдтэй л байлаа. Том хуйваар жоохон зээрд азарга уургалсан бүрэн эргээгүй байхдаа мултраад явчихгүй юу. Дараагийн тэмцээн маргааш нь болно. Алдчихсан хүн чинь шөнө нь унтдаггүй ээ. Өглөө эрт гадаа явж байгаад 100-гаад шарга адуу хураачихсан өвгөнтэй таарлаа. Очоод мэнд усаа мэдээд “би 700 км-ын цаанаас ирсэн хүн. Та надад нэг уургач морь хайрла” гээд учраа хэллээ. Өвгөн ч ойлгоод “миний адууны ганц урдаа барьдаг уургач морь шүү” гээд нэг морь өглөө. Эмээллээд хөтлөөд явсан араас дайрчих гээд байх шигээ. Би зургаад уургалах ёстой байсан юм. Удалгүй Говьсүмбэр аймгийн Бямбасүрэн гэж дуудлаа. Очоод адуугаа зүслүүлчихээд буцаж байтал улаан зээрд гүүтэй буриад өвгөн таарснаа “за дүү хүүд ямар адуу зүсэлж өгөв” гэнэ. Би ч “өвдгөө хүрсэн дэлтэй шарга халзан морь зүсэлж өглөө. Олон жил гар хүрээгүйдэг ээ” гэв. Тэгсэн өнөө хүн “манай отгийн салхинаас өөрийг үзээгүй ороо доо. Дүү хүү сайн бариарай” гээд яваад өглөө. Миний ээлж ч болж гараад очсон нөгөөдөх чинь адуу захлаад байдаг. Миний хуйв арай богинодоод болдоггүй. Тэгээд хойноо зогсож байсан хүнийг хуйваа өгөөч гэвэл ашгүй өгчихлөө. Ингээд өнөөхийг ойртоод ирэнгүүт нь “хийчихлээ”. Хөх махных нь доохнуур орчихоор нь чангаачихсан эргээд ирсэн. Энэ хооронд эргээд харсан хажууханд манай дарга хоёр гараа гозойлгоод л сүйд. Янз нь  сайн байна л гээд байгаа бололтой. Тэгж эргүүлчихээд эргээд харахыг бодвол онгироо л байсан байхгүй юу. Тэгээд дөрөвдүгээр байранд орсон. Би түрүүнд нь уургалчихсан байсан бол улсад түрүүлчихгүй юу.
-Өнөө өвгөний өгсөн морь сайн байсан уу?
-Сайн морь байсан. Жоохон нуруу нь шалбарчихсан шарга халзан морь байсан юм. Тэгээд тэмцээний төгсгөлд аймаг аймгаар нь шалгаруулсан манайх нэлээн дээгүүр орсон. Тэндээсээ наашаа яваад Бэрхийн уурхайд  21 аймгаас ирсэн бид анх удаа нүүр нүүрээ харалцан танилцаж байлаа. Үүнээс хойно Төв аймгийн Алтанбулагт очиж зургадугаар байранд орж байсан юм. Эхнийхэд нь толгойг нь ололгүй гаргачихсан. Эндээс өөрийн уургач морьгүй болохоор жоохон тиймхэн юм гэдгийг хатуу ойлгосон л доо. Одоо ч манай энд мориор адуу хариулахаа болиод удаж байна. Дээр үед өглөө хоёр морьтой мордоод л бүтэн тойроод ирдэгсэн. Би хэлдэг юм “моринд ойртож мод барихгүй болохоор та нар яаж уургалахав” гэж. Бид залуудаа өөрсдөө л уургаа наачихдаг байлаа. Одооныхтой адил гэрэл асаах биш. Хэдэн лаагаа тойруулж асаагаад уургануудаа наана. Өнөөдөр энд надаас өөр уурга наадаг хүн алга. Сурах сонирхолтой хүн ч байхгүй нь тоогүй юм шүү.
Уурганы морь нь хөл гар, чац бүдүүнтэй богинохон жижгэвтэр байхад их аятайхан байдаг юм. Жижиг морь нь түргэн эргэдэг, тэгээд хөдөлгөөнтэй. Том морь чинь эргэж амжаагүй байхад өнөөх нь яваад өгнө ш дээ.
-Уургын талаар ийм байж. Харин булгиан дээр мартагдашгүй ямар тэмцээн байна?
-Миний нэг зээрд морь байсан юм. Мордох тоолонд л булигана гээч. Ямар сайндаа овоон дээр буудаггүй, айлд ойртож бууна. Буучихвал мордуулахгүй, мордсон хойно нь булигаад явж өгнө. Тэр үед одоотой адил "төмрөөр" малд явахгүй ш дээ. Уг нь шинэ мотоцикль байсан ч аав явуулахгүй. Мориороо явж малаа олж ир л гэнэ. Хааяа нэг төв орбол өнөөхөө унана. Манайх намайг адуу маллахаас өмнө үхэр хариулдаг байлаа. Захиргаадалтын үед мал цөөхөн л дөө. Тэгээд айлуудын эмнэг даага, үрээ сургаж өгөөд шагнуулдаг байлаа. Таван адуу сургаад нэг даага авах жишээний. Сургаснаа ганц нэг уная гэвэл засаг адууны улс чинь зөвшөөрөхгүй. Харин одоо цаг өөр болж, энд тэнд бооцоотой тэмцээн хүртэл болж байна.
-Та оролцож байна уу?
-Өөрөөр дуртай юм болохоор тэсэхгүй л дээ. Залуучууд л их орох юм. Тэрнээс миний үеийнхний бараа ч харагдахгүй байна. Зун “Түмэн адууны баяр”-аар хамгийн ахмад нь би болсон. Гэхдээ би булгиулаад л гараад ирсэн. 
-Та хэдтэй юм?
-Би 70 оных. Гэхдээ үеийнхэн дундаа бол залуу харагдана шүү. /инээв/ Энэ нь адуу мал унасантай холбоотой гэж боддог юм. Түмэн адууны баяраар өөрөөрөө бахархмаар л болж байна лээ. Аав ээжээс заяасан энэ зовлогыг бас шороодчихдоггүй л юм байна гэж бодсон. Үзэж байсан хүмүүс уналаа гэж орилдоод л инээдтэй юм болсон.
-Та барилдаж байсан уу?
-Айхтар сонирхож байсангүй. Гэхдээ бас зүгээргүй. Давахыгаа давчихна. Сумынхаа наадамд зодоглож л явлаа. Ямар ч байсан нэг, хоёр давчихдаг байсан. Гэхдээ миний хамгийн сайн чаддаг юм уурга наах, морь уургалах л юм шиг байгаа юм.
-Морийг зөв унаж эдэлнэ гэдэг бас их том соёл, тийм ээ?
-Өвөл унасан морь л ер нь юм хийнэ шүү. Зуныхаа уяанд ч аятайхан болдог юм. Ингээд ярьж суухнээ нэг наадам санаанд орчихлоо. Дээхнэ үед нэг багийн өдөрлөг болдог юм. Одоо гуч гарч байгаа манай нэг дүү жоохон байсан л даа. Манайх хонинд явдаг нэг халиун морьтой. Тэр үед цагаан сар юмуу цагаан сарын дараа цуглахаараа унасан мориныхоо чадлыг үзнэ гээд уралдацгаана. Тэгээд давхиад ирсэн чинь бага дүү “Бямбаа ахаа би халиун морьтойгоо уралдчихъя” гэнэ. Нөгөөдүүл нь дандаа том улсууд байгаа юм. Ингэж ганц жоохон хүүхэд уралдаад хол түрүүлчихлээ. инээв  Түүнээс хойхно 90-н хэдэн онд би зүүнтээ болсон наадмаас хоёр айраг, нэг аман хүзүү, нэг түрүүг нь авлаа. Тэгсэн даага мордох болсон бага эмэгтэй дүү хонгор даагаа унаж явна гээд зөрөөд баларсан юм боллоо. Наадах чинь явахгүй ээ, баян ходоод болно гэвэл ойлгох янз алга. Манай хамгийн бага болохоор эрх ч гэж жигтэйхэн л дээ. Тэр үед морь унадаг хүүхэд байж боломж гарвал ээжийн мөөм рүү л явна шүү дээ. Тэгээд зөрсөөр байгаад яваад өглөө. Баян ходоод болохгүй яахав. Дээр үед баян ходоодыг машин дээр үзүүр түрүүний хоёр бөх ачаад ирдэг байсан. Миний хонгор даага ч  ачигдаад ирлээ. Тэгээд цоллох болсон хүүхэд байдаггүй. Дүү мэдээд зугтаачихсан. Хөтлөөд явж байсан нэг жоохон хүү “ахаа би наад даагыг чинь уначихъя” гэнэ. Би ч дуртай зөвшөөрлөө. Тэгтэл цагаан цагаан хоолойгоор цоллох гээд дуудлаа. Нөгөөдөхөө мордуулчихаад очсон “унтамхай юм байна... “ гээд л цоллож гарлаа. Ингээд түрүү морины медалиас бусдыг хонины ходоодтой хамт өгөв. Их том ходоод  оо. Өнөөхөө тэврээд явж байсан чинь “ходоодоос  идвэл морь айрагдаж, түрүүлнэ” гээд хүмүүс намайг дагаад хуйларчихлаа. Нээрээ л хойтон жил нь айраг түрүү амсдаг юм байна лээ. Тэр чинь бас бэлгэшээж байгаа хэрэг л дээ. Үүнээс гадна манайд бас нэг хонгор даага байсан юм. Өнөөхөө ходоодлуулах гээд гүзээг нь хасахгүй. Улсууд ирээд чи хоол ундыг нь хасаагүй байна гэхээр нь наадах чинь уяж хоноод байхад гэдэс нь дийлддэггүй юм гээд л явуулчихна. Очихдоо л бараг зогсчихно, ирэхдээ ачигдаад ирнэ. Ингэж хоёр гурав дахиад баян ходоодлуулчихдаг байж билээ.
-Уяа эвлүүлсэн он жилүүдээс хамгийн сайхан нь гэж боддог наадмаа сонирхуулаач?
-Улс орон картын бараанд орчихсон үе л дээ. Лангуун дээр давснаас өөр юмгүй. Тэгсэн урд аймгийн аварга малчны мялаалга болж, морь уралдуулна гэхээр нь соёолон хонгор морьтойгоо очлоо. Хөөрхий их эцэнхий гэж жигтэйхэн. Өөрөө ч айхтар гарч ордоггүй морь байсан. Гарч орсон морьд л хурдан байдаг юм. Тэгэхэд тэр их зөнгөдүү. Ороолгохгүй л бол явдаггүй. Наадмын урд шөнө нь хавар ганцаараа манаад хонолоо. Хамт явсан хүүхдээ айлд хонуулчихсан. Өглөө гараад явж байна л гэнэ. Тэгэхэд 10-аад км-ээс уралдсан байхаа. Тэгээд айргийн тавд орж, байнд хэдэн метр эрээн даавуутай боллоо. Өнөөх даавуугаар эхнэртээ палааж оёулж байж билээ. Санаанаас гардаггүй наадам байгаа юм. 
-Адуу амьд энергитэй гэж хүмүүс ярьдаг. Та итгэдэг үү?
-Итгэлгүй яахав. Би ч насаараа адуутай нөхөрлөж яваа хүн дээ. Анх хэлд орохдоо л Оодон хар гэж хэлсэн гэсэн. Манайх тийм морьтой байсан байхгүй юу. Одоо ч адуунаас хол байж чаддаггүй. Хоёр, гурван хоног хотод байвал жинхэнэ хэцүүдэнэ шүү дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Биднийг зорин ирж ярилцсан “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо баярлалаа. Би ярианы эхэнд Оросод сургуульд цахилгааны чиглэлээр сурч байсан гэж хэлсэн дээ. Тэнд хоёр жил мөр зэрэгцэн суусан андуудтайгаа нэг уулзахсан гэж бодож явдаг юм. Хамт сурч байсан нөхдөөс маань энэ ярилцлагыг үзвэл надтай холбогдоорой гэж хүсэх байна. Тэгэхэд Дорнод, Архангай, Баян-Өлгий гээд газар газраас 15 хүү хүний газар сурч байлаа. Гэхдээ нэг маань бурхан болоод 14-үүлээ төгсөж байсан юм.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна