У.Баярсайхан: Шүлэг ихэнхдээ төсөөллөөр бичигддэг

А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 07 -нд

Хэдийгээр зуны эхэн сар болж байгаа ч нар зулай дээрээс сүрхий “шарж” байна. Гэвч би эдгээр өдрүүдэд дэлхийн нарнаас ч хурцаар гэрэлтэж буй нэгэн сэтгэлийн эзэнтэй ярилцахаар цаг товлочихоод хүлээж байна.
Болзсон зочин маань товлосон цагаасаа 6 минутын өмнө орж ирлээ. Энэ бол 2000 оноос хойш Монголын утга зохиол, тэр дундаа дууны яруу найргаар тод гялалзаж яваа залуусын нэг Ундраагийн Баярсайхан. Тэрбээр дуу болон яруу найргийн хос цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа билээ.
-Яг одоо гадаа хэм +33 байна. Харин таны сэтгэлийн хэм хэдийг зааж байна вэ?
-Ямартай ч үүнээс өндөр хэмд хүрсэн байх. Учир нь, би их яаруу хүн. Хүлээлтийг тэвчиж чаддаггүй. Энэ ч утгаараа миний дотоод орон зайд үргэлж шүдэнз зураастай явдаг.
-Хос цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа болохоор сэтгэлийн тань хэм ердийн үеийнхнээсээ хэд дахин өндөр яваа байлгүй дээ?
-Уран бүтээлчийн жимээр урагшилж яваа хэнбугай ч шинэ бүтээл төрүүлэх бүртээ хачин их догдолдог. Дэндүү удаан хүлээсэн хүнтэйгээ уулзах гэж байгаа юм шиг л. Тиймээс таны хэлж байгаа зөв өө.
-Саяхан л бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг байлаа. Харин одоо бол цаг үеэсээ, үеийн нөхдөөсөө түрүүлж алхахыг л эрмэлздэг болсон байна. Нэгэн үеийн залуусынхаа тэргүүн магнайд алхаж яваа цөөн залуусын нэг нь магадгүй та байх?
-Магтуулахдаа би ичээд байдаг юм. Гэхдээ урам өгч байгаад баярлалаа. Бага зэрэг хөдөлмөрч зан чанар маань зарим хүнд ингэж харагдуулдаг юм шиг байна лээ. Гэвч би үеийнхэнтэйгээ ойролцоо л яваа. Би ямар нэгэн ажил эхлүүлэхээр төлөвлөсөн л бол дуусгаж байж л санаагаа хумьдаг зантай. Гэхдээ олон хүнд яриад байхгүй л дээ. Учир нь, бүтэлгүйтэх аюул бас гарч ирэх магадлалтай. Зөвхөн сэтгэл дотроо түүнийгээ төлөвлөж, аль хэдийнэ бэлэн болгочихсон, бүтээчихсэн мэтээр төсөөлөөд л. Тэгж алхахдаа зорилгодоо байгаа шатан дээр төлөвлөгөөгөө өрчихдөг юм. Тэгээд л түүнийхээ дагуу ажиллаж эхэлдэг.
-Таны хос цомог бусдынхаас юугаараа өөр болохыг сонсогчид болоод уншигчид хамгийн түрүүнд сонирхож байгаа байх. Учир нь, цаг үе маань бусдаас өөрөөр сэтгэхийг хүн бүрээс шаардаж байна шүү дээ?
-Би МҮОНРТ хэмээх том айлаар овоглож, энд ажиллаж байгаа давуу талаа ашиглахыг хичээсэн. Тодруулбал, би байгууллагынхаа нэрт нэвтрүүлэгчдээр шүлгээ уншуулсан. Мөн миний дуунуудыг дэлхийн дуучин болоод байгаа "Чингис хаан" одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатараас эхлээд рок попын хамгийн мундаг төлөөлөл болсон "Харанга" хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива С.Наран, нийтийн дуучдаас яг өнөөдрийн цаг үед онцгойрч яваа Э.Төрмандах, Д.Намсрайноров нар дуулсан. Дуунууд маань ч хит парадад дээгүүр давхиж яваад баярлаж сууна. Хэн нэгэн уулзахдаа “Энэ дууны шүлгийг чи бичсэн юм уу” гээд асуухаар нь маш их урам авдаг.
-Энэ мундаг хүмүүстэй хамтран бүтээсэн цомгийн чинь нэр?
-Би "Ундраагийн Баярсайхан" гээд л өөрийнхөө овог, нэрээр нэрлэчихсэн. Цомгийн минь нэрээр хараад хүмүүс “Энэ дууны шүлгийг энэ залуу бичсэн юм байна шүү дээ” гэж ойлгоход хялбар. Нөгөөтэйгүүр, уран бүтээлчид цомгоо аль нэг дууныхаа нэрээр овоглодогийг өөрчлөх гэж оролдсон юм.
-Нэр гэдэг аливаа бүтээлийн 50 хувь нь байдаг. Цомгийн нэрээ хэзээ сонгосон бэ?
-Хагас жилийн өмнө бодож олсон.
-Тэгэхээр цомог гаргах ажлынхаа 50 хувийг бүр хагас жилийн өмнө хийчихжээ. Ингэхэд энэхүү хос цомогт таны хэдэн жилийн хөдөлмөр багтсан бэ?
-Уг нь анх зөвхөн дууны цомог гаргахаар төлөвлөж байсан юм. Гэтэл эхнэр маань “Шүлгээ уншаад хос цомог болговол гоё биш үү” гэсэн санааг өгөхөөр нь “Тэгвэл өөрөө биш нэвтрүүлэгчдээрээ уншуулбал гоё юм биш үү” хэмээн ярилцаж, энэ ажилаа бүтээлээ. Бид хоёр оройд байнга уран бүтээлийн талаар ярилцдаг болохоор надад шинэ санаа их өгнө өө. Шүлгээ уран бүтээлчдээрээ Цагаан сараас хойш уншуулж эхэлсэн. Ер нь би сүүлийн жилүүдэд уран бүтээлийн олз омог арвин байлаа. Одоо ч захиалга ирсээр, би үргэлжлүүлэн бичсээр л байна. Дууны цомогт сүүлийн хоёр жилийн хөдөлмөр шингэсэн. Харин яруу найргийн цомогт таван жилийн өмнө бичсэн шүлэг ч багтсан. Жишээ нь, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Ганбаатар ахын уншсан "Намар оройн бодол" шүлгээ таван жилийн өмнө хөдөө нутгаасаа ирж байхдаа санааг нь олж бичсэн. Намрын улиралд гүн нуурынхаа дэргэдүүр өнгөрч байхад шувууд нь тэнгэр цоргиж нисэлдээд л. Нуурандаа буцаж буухгүй гэдгээ илтгэж байгаа мэт нэг их гунигтай харагдсан.
-Уран бүтээлийн санаагаа ихэвчлэн хаанаас олдог вэ?
-Анх би хүсэл зорилгоороо л дууны шүлэг бичдэг байлаа. Онгод гээч нь орж ирдэг байсан юм байлгүй, зөнгөөрөө л биччихдэг байсан. Тэгвэл сүүлийн үед хөгжмийн зохиолчид, дуучид санаагаа өгч, бичүүлж байна. Харин уншлагын шүлэг бол өөр л дөө. Өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнаж байгаад л буулгана. Ер нь сэтгэл гэдэг зүйл хүнд харагддаггүй ч эзэн хүнтэйгээ байнга ярилцдаг биз дээ. “Тийм сэдэвтэй шүлэг бич” гэж хэлээд ч байгаа юм шиг. Бичихгүй байвал гараас татаад байгаа юм шиг өндөлзүүлээд, бодол хөвөлзүүлээд байдаг. Харин бичсэний дараа яг л шар тайлагдчихсан юм шиг, нэг их сайхан болчихно.
-Дууны шүлэг бичих сэдэл анх хаанаас төрсөн бэ?
-Нэгдүгээр курст сурч байхад манай нэг найз намайг “Ая дан” гэдэг нэртэй дуу бичлэгийн студид дагуулж очсон юм. Тэгэхэд хөгжмийн зохиолч О.Эрдэнэбат ахтай анх танилцаж байлаа. Энэ хүн намайг “Шүлэг бичдэг бол нэг дуу хамтарч хийе л дээ” гэхээр нь хэд хоног бодож явсаны эцэст “Сэтгэлийн хээ” нэртэй дууны шүлэг бичээд аваачиж өгсөн. Ийнхүү миний уран бүтээлийн гараа эхэлж байлаа.
Би хөдөө байхдаа МҮОНР-г их сонсдог байсан юм. Ая дууны мэндчилгээг ихэвчлэн сонсоно. Тэр үед дууны шүлэг бичих амархан юм шиг санагддаг байсан шүү. Мөн дунд сургуульд сурч байхдаа “Бөх”, “Хийморь” сонинг захиалж уншдаг байлаа. “Сонин яаж хэвлэгддэг юм бол. Ярилцлага, нийтлэлээ яаж байрлуулж гаргадаг юм бол” гэж бодно. Ингээд бодохоор би хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлөө өнөөдөр биелүүлчихсэн л яваа юм байна.
-Шүлэг сэтгэлийн захиалгаар бичигддэг байх. Энэ ч утгаараа бусдын сэтгэлийн захиалгаар бичнэ гэдэг хэцүү санагддаг?
-Тэр мэдээж. Тухайн сэдвийнх нь талаар өмнө нь бодож байгаагүй, ямар ч ойлголтгүй байсан юм чинь хэцүү л дээ. Тийм үед сайн ярилцаж, ойлголцох шаардлага зайлшгүй гардаг. Ер нь яг бодит зүйлд шүлэг бичих хамгийн хэцүү. Ялангуяа хүнд зориулсан шүлэг. Жаахан л зөрүүлээд биччихвэл захиалагчид таалагддаггүй. Шүлэг бичдэггүй хүмүүс иймэрхүү зүйлийг ойлгодоггүй болохоор арга ч үгүй биз.
Энэ удаагийн цомогт орсон "Эрэмгий" хэмээх дууг би Монголын морин спортын ууган гавьяат эмэгтэй тамирчин Т.Цэрмаа эгчид зориулж бичсэн. Хүнд зориулж бичсэн анхны дуу бол энэ. Түүхийг нь би уншиж, өөртэй нь ярилцлага хийж байхдаа "Ямар агуу хөдөлмөрч, дайчин эмэгтэй вэ" гэж бодож байсан юм. Ингээд шүлгээ бичээд хүүд нь уншуулахад маш их таалагдсан. Ингээд би хүүтэй нь хуйвалдаж байгаад ээжид нь гэнэтийн бэлэг барьсан юм. Ая зохиогч, дуучин Н.Баасандорж ахаар дуулахаар сонгосон. Их сайхан дуу болсон. Тун удахгүй дүрсжүүлэхээр төлөвлөж байгаа.
-Өөрийн сэтгэлийн захиалгаас давсан бусдын захиалгын дуу, шүлэг бий юү?
-"Өөрийн бодол өөртөө зөв" гэдэг шиг өөрийнхөө хүслээр бичсэн шүлэг цаг ямагт илүү байх нь тодорхой. Гэхдээ сонирхолтой сэдэвтэй шүлгийн захиалга ирэхэд сонин л юм билээ. Тэр тусмаа бичмээр санагддаг шүү. Нууц амрагтаа хүртэл дуу зориулж бичүүлэх гэсэн юм гэж ирж байсан. Онцолход энэ удаагийн цомгоо би аавынхаа гэгээн дурсгалд зориулж гаргасан. Миний аавыг Б.Ундраа гэж морь сайхан уядаг хүн байсан.
-“Байсан” гэдэг их гунигтай сонсогддог шүү. Тэр тусмаа хамгаас дотно хүмүүсийнхээ тухай ярих үед... Энэхүү хос цомгийн бидний гарт ирэх бас нэгэн том шалтгаан нь таны аав юм байна шүү дээ. Аавынхаа талаарх хамгийн нандин дурсамжуудаасаа бидэнтэй хуваалцаач?
-Аавтайгаа би одоо ч сэтгэл дотроо ярилцдаг. Хийх гэсэн ажил бүтэлгүйтэх үед би “Аав минь байсан бол надад зөвлөнө дөө” гэж боддог. Заримдаа тийм үед ажил бүтчихдэг. Тэгэхээр “Аав минь надад үнэхээр туслалаа шүү” гэж баярладаг. Надад ганцаардах үе бий. Гэхдээ тийм сайхан хийморьлог хүний хүү би толгой унжуу, сэтгэл гундуу байж болохгүй. Тэгвэл аавын минь урам хугарна. Би аавдаа их эрх өссөн. Аав маань надад гар хүрч үзээгүй.
Нэгэн удаа аав надад чөдөр зангидахыг зааж байлаа. Би чадахгүй болохоороо өөрийнхөөрөө хялбар аргаар зангидчихсан юм. Гэтэл аав харчихаад “Чи бодоод үз дээ. Ингэж зангидсан чөдөр чинь ингээд татангуут тайлагдаж байгаа биз дээ” гээд чанга дуугаар хэлэхээр нь их гомдоод уйлж билээ. Гэтэл ээж аавыг “Өвчтэй юм шиг хүүхэд уйлуулаад. Зүгээр л заагаад өгчихнө биз” гэж байсан. Түүнээс хойш би ямар нэгэн юмыг хялбар аргаар хоомгой хийхгүй байхыг хичээдэг болсон. Хөдөө очихоороо би аавынхаа бүсийг бүсэлдэг. Мөн яаж зангиддагийг нь сурсан. Жаахан халамцахаараа “Миний хүү бөх болоорой” гээд л толгой илнэ. Гэхдээ миний барилдах гэж юу байх вэ дээ. Одоо би аавынхаа үлдээсэн адуун сүргийн удмыг таслахгүйг л хичээж явна.
Өнгөрсөн намар би хөдөө очоод адуундаа явж байхдаа “Олз хайгчдад хэзээ ч өгөхгүй” гэдэг шүлгийнхээ санааг олсон. Уншиж болох уу.
-Бололгүй яах вэ?
-Аавынхаа зүсэлж өгсөн адуун сүргийг би
Аяны хүнд хэзээ ч зарахгүй
Алтан туурайтай тэр хүлгүүдэд
Амин хийморь нь оршиж ч байж мэднэ шүү дээ

Эцгийнхээ өвлүүлсэн хаш хөөргийг би
Эрэлийн хүнд яасан ч худалдахгүй
Эрхлэхдээ мэдэрдэг тэр сайхан
Энгэрийнх нь үнэр төөрч ч бас болох шүү дээ

Өвгөдийнхөө захьсан ариун сургаалийг
Өрцөндөө үргэлж санаж явна
Зүдрэх цагт тус болж чадах
Зүрхнийх нь үг бүлээнээрээ байна

Ааваасаа өвөлсөн адуун сүрэг
Атганд минь хөлөрдөг бүлээн чулуу
Амьдрал дэвжээх үнэтэй үг
Амиа өргөх эх орноо олз хайгчдад хэзээ ч өгөхгүй ээ.
-Дотор чинь асаалттай байдаг шүдэнз заримдаа сүүмэлздэг л байлгүй. Ямар үед унтарчих шахам сүүмэлздэг вэ?
-Хотын энэ их нүргээн, хүмүүсийн янз бүрийн харьцаанаас шалтгаалж сүүмэлзэх үе бий. Гэвч би сайн нь муудаа хэзээ ч ялагдаж үзээгүй болохоор сайхан зүйлс муухайгаасаа илүү олон байгаа гэдэгт итгэдэг. Өөрөөр хэлбэл, болж бүтэхгүй адармаатай зүйл амьдралд олон тохиолдох ч жаахан л тэсчихвэл ард нь гарч болдог гэдэгт итгэдэг. Тийм үед би ганцаараа байж, аль нь зөв гарц вэ гэдгийг өөртэйгөө л зөвлөлддөг.
Заримдаа машинаа аль нэг зогсоол дээр орхиод явган алхах сайхан шүү. Алхаж явахад их зүйл бодогдож, шинэ санаа, төлөвлөгөө орж ирнэ. Би ер нь оюутан байхдаа их алхдаг байсан шдээ. Манай ангийнхан болон найзууд "Яах гээд л алхаад байдаг юм" гэж гайхацгаадаг байлаа.
-Алхаж явахад их юм бодож амждаг шүү дээ?
-Харин тийм. Би их дээд сургуульд сурч байхдаа хичээлдээ бараг сууж байгаагүй. Дууны сайхан уран бүтээлтэй болчих юмсан гээд л өглөө хичээлдээ очиж нэг паар суучихаад дуу бичлэгийн студи хэсээд явчихна. Тэгээд орой хичээл тарах үед ангидаа ирнэ. Ямарсайндаа л манай ангийнхан "Баяраа шиг баян болох юмсан. Нэг гутлыг нэг л сар өмсөөд хаяна" гэдэг байлаа. Арга үгүй шүү дээ, явган алхаад байхаар гутал яаж ч тэсэх вэ дээ.
-Одоо алхах зав хэр гарч байна вэ?
-Оюутан байхад завтай ч байж дээ. Харин одоо өөр болж. Хувь, хувьсгалын ажлаа тухайн өдөртөө амжуулчихвал эртхэн харьж амрахыг л боддог боллоо. Хөөрхөн жаахан охинтойгоо тоглож суух л хамгийн дээд жаргал шүү дээ. Юу гэж хэлээд байгаа нь мэдэгдэхгүй шулганаад л... хөөрхөн шүү.
-Ярилцлагын эхэнд та “би их яаруу хүн” гэсэн дээ. Ингэхэд амьдралын хэмнэл энэ алхах хүсэлтэй чинь хэр зөрөлдөж байна вэ?
-Амьдралын хэмнэлийн хувьд аль болох гүйхийг л хичээдэг. Гэвч амьдрал хүссэнээр болох биш дээ. Би өглөө ажилдаа ирж байхдаа "Өнөөдөр ямар ажил амжуулах ёстой вэ" гэдгээ дотроо төлөвлөдөг. Орой харьж явахдаа дахин бодоход зарим үед 100, заримдаа 50 ч хүрэхгүй хувийг нь биелүүлсэн байдаг.
-Биелүүлж амжаагүй яваа зорилго бий юү?
-Бид залуу байна. Энэ ч утгаараа бидэнд биелүүлж амжаагүй яваа зорилго олон шүү дээ. Шунал барагддаггүй ч гэж ярьдаг. Тэр зорилгоо чухам хэзээ биелүүлэх ёстой вэ гэдгээрээ л өөр хоорондоо ялгагддаг. Би зорилго бүрээ үе шатлалтай хэрэгжүүлж эхэлнэ ээ.
-Анх шүлэг бичиж эхлэх үедээ өөртөө ямар нэгэн зорилго тавьсан уу, эсвэл зүгээр л зөнгөөрөө бичсээр яваад дууны шүлэг бичиж эхэлсэнээс хойш зорилго чинь тодорхой болов уу?
-Нөхөрлөж байсан хүмүүсийн нөлөө их байдаг юм билээ. Би УЗНАДС-ийн сэтгүүлчийн ангид орохдоо сэтгүүлч больё гэж бодож орсон болохоос би шүлгийг улам сайн бичье гэж бодоогүй. Дэргэд хүмүүс шүлэг бичээд өрсөлдөөд, хэн хэндээ уншиж өгөөд байхаар өөрийн эрхгүй бичээд баймаар болдог юм билээ. Тэр үед миний үеийнхэн дандаа л уншлагын шүлэг бичдэг байсан. Тэгэхээр нь би тэднээс яавал ялгарч чадах вэ гэсэн бодол хайж, дууны яруу найраг хэмээх төрөл рүү орсон. Эхлээд нэг дуутай болсоноосоо хойш “Одоо нэг л дууны шүлэг бичье” гэж явсаар өнөөдөр хоёр цомог дуутай болчихож.
-Бид хаашаа ч юм, зорин урагшилсаар л байдаг. Ер нь хүний амьдралын эцсийн зорилго болоод хүрэх цэг нь хаана юм бол. Тухайлбал таны эцсийн зорилго юу вэ?
-Энэ тухай ёстой бодож байгаагүй юм байна. Ямартай ч залуу байгаа дээрээ, эрч хүч хариагүй дээрээ хийж чадах бүхнээ хийе л гэж боддог. Зөвхөн уран бүтээл, ажил гэлгүй ар гэрийн амьдралаа ч улам сайхан болгохыг хүсдэг. Тэгээд ч ер нь амьдралд хэрхэн хандах хандлагаас минь шалтгаалж цаг хугацаа миний эцсийн зорилгыг харуулна шүү дээ. Хамаагүй том зүйлийг зорилгоо болгочихвол өөрийгөө зовоохын нэмэр. Над шиг эхлүүлсэн ажлаа дуусгах гэж улайрдаг хүн түүндээ хүрэхгүй бол байж сууж чадахгүй болох биз. Хэтэрхий том юм бодчихоод атгаж чадаагээсээ болж толгой минь задрах гэж байгаа юм шиг өвдөж байсан үе ч бий. Гэхдээ сэтгэл хүрсэн газар бие нь хүрдэг гэдэг дээ. Өөрийнхөө хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд бий.
-Уран бүтээлчдийн дийлэнх нь хавар болохоор дэгэлзээд л, зун болохоор налайчихдаг. Таны уран бүтээл, сэтгэл зүйд жилийн дөрвөн улирал хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүйтэн ч биш, халуун ч биш тийм сайхан өдрүүд үргэлжилдэг болохоор би намрын улиралд дуртай. Мөн модод шарлаж, усны шувууд буцна гэж бодохоор сэтгэл хөндүүрлэж, шүлгийн санаа орж ирдэг. Ихэнхи шүлэг төсөөллөөр бичигддэг. Тэгэхээр би намрын улиралд илүү мэдрэмтгий болдог юм шиг байна лээ.
-Уран бүтээлчид сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс болоод ч тэр үү, бас ч гэж яггүй ааштай хүмүүс байдаг. Ингэхэд Баяраагийн сэтгэлийн цаг агаар ямар үед хамгийн таатай сайхан байдаг бэ?
-Миний ойрын хүмүүс намайг ааштай л гэдэг юм. Харин би санал нийлдэггүй. Ямар нэгэн шүлгийн санаа олсон үедээ л миний сэтгэл таатай байдаг.
-Тэгвэл ямар үед хамгийн ааш муутай байх уу?
-Үүнийг намайг ааш муутай гэж хэлээд байгаа хүмүүс хэлэх байх.
-Бичдэг залуус амьдралын шаардлагаар ч гэх үү, аль болох мөнгө илүүхэн олох зүйл рүү л хошуурцгаах болж. Гэвч уран бүтэл мөнгөтэй холилдохоороо уран бүтээл биш болдог гэж үдэг хүмүүс ч байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Чадаж байвал хийж л байг. Хамгийн гол нь халтуурдаж болохгүй. Тухайлбал, кино зохиол бичнэ гэдэг миний хувьд асар том хэмжүүр юм шиг санагддаг. Яваандаа цаг хугацаа авч үлдэхээ авч, түлхэхээ түлхэнэ. Тэгэхээр ашиг, алдар нэр хайж ирсэн хүмүүс өөрийн эрхгүй чадах зүйлээ хийж, хоолоо олж идэхээр цааш алхах болно. “Уран зохиолыг амархан гэж бодсон хүн мулгуу байдаг” гэж миний нэг багш хэлж байсан нь яг энэ мөчид санаанд бууж байна.
-Дараагийн төлөвлөгөөг чинь сонирхож болох уу?
-Чи тоглолт л гэж хэлэх гээд байна уу. Энэ асуултыг надаас олон хүн асуусаан. Сүүлийн үед маш олон тоглолт болж байгаа болохоор надад үзэгч ч үлдээхгүй нь бололтой. Нөгөөтэйгүүр, би одоохондоо бэлэн биш байна.
ЯРИЛЦСАН: Ц.БАТТУЯА

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна