Уяач Г.Чойдовдаш: Залуудаа эвлэлийн үүрийн Алтан медалиар гоёж, Дорноговийн “Ялалт” сонин дээр бичигдэж явлаа

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 31 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, уяач Г.Чойдовдаштай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Миний аав хонгор морьтын Цэнд, донхор Дампил, Сосор нарын улстай нэг дор морь уядаг байлаа. Би ч тэр үеэс морь унаж эхэлсэн. Манайх бас Буугийн Лханүрэнгийнхтэй айл аймаг явсан улс. Миний багад Дэлдэн Норов,  Агчиндорж, Сосор, Гонго гээд л мундаг өвгөчүүл олон байлаа. Морины гэдэс хоолыг тааруулахаас эхлээд эд чинь янзын л даа. Би морьдыг нь уяна, тавина, эргүүлнэ, морины ажил хийнэ, хөлсийг нь авна гээд ажилд нь тусална.  Ингэж явахдаа их ч юм сурсан.  Ингээд 1973 онд илгээлтээр гарснаас хойш өнөөг хүртэл хурдан хүлгийн уяа эвлүүлж байна. Одоогоор найман түрүү, 30-аад айрагтай. Анх илгээлтээр гарч Төмөрхуяг гуайн маллаж байсан адууг авч  байлаа. Бас хурга маллаж, агент ч хийж үзсэн. Мал дагавал ам тосдоно гэж. Хэдэн малынхаа буянд эвлэлийн үүрийн Алтан медалиар гоёж,  Дорноговийн “Ялалт” сонин дээр хэдэн удаа гарч, ном зохиолд хүртэл бичигдэж явлаа. Би 1972 онд илгээлтээр гарснаас хойш эндээ ажиллаж амьдарч байгаа хүн дээ. Сансарын нуруу, Чойрын Богдын нуруугаар л насыг барлаа. Одоо 60 хүрч байна.
Харин уяа сойлго тааруулсан энэ хугацаанд олон сайхан хурдан буянгаар одтой наадлаа. Дүү маань дааганд нь бэлэглэсэн хурдан зээрд азарга 100-д ч ордог, зургаад ч ордог хүлэг байлаа. Айраг хасч үзээгүй дээ, 10,20 медальтай. Мөн хонгор морьтын Цэндийн Төмөрхуягийн зээрд халзан морийг бас нэлээн хурдлуулсан. Энэ хэдэн суманд айрагдуулж л явлаа. Тэгээд дүүдээ өгч, одоо хүртэл тэдний хурдалсаар л байна. 
-Хаана хаанаас авсан түрүү вэ?
-1993 онд Говьсүмбэрийг Чойр хот байхад шүдлэн түрүүлгэж, азарга аман хүзүүлсэн. Үүнээс өмнө 1992 оны Боржигонд гурван адуутай очоод нэг түрүү, хоёр айраг авсан. Улаан эрэгт хийдэг байхад соёолон хул морь, Төмөрхуягийн хээр азаргатай, саарал халзан морио түрүүлгэж байлаа. Бид айл, аймаг цуг явсан улс л даа. Тэр үед Боржигон хошууны дов гээд энэ баруунтаа уурхайн наад талд бид хэд бөөндөө морио уядаг байсан. Мөн сумын наадамд азаргаа  хоёр ч түрүүлгэсэн. Эд дандаа тэр Төмөрхуягийн адуунаас гаралтай.
1981 онд АХ-ын 60 жилээр Төмөрхуяг, Лханэрэн гуайтай цуг улсад явсан. Би арын албанд үлдсэн юм. Улсад очоод бараг түрүүлсэн гэдэг. Тэгэхэд Төв аймгийн Алтанбулагийнх байхаа Да тамга гэж хүний хул азарга түрүүлж, Төмөрхуягийнх аман хүзүүдсэн. Манай хүргэний төрсөн дүү унаж хурдлуулсан юм. Би нэг бор даага өгч явуулсан 40, 50-иадаар л давхиад ирж байлаа. Энэ даагаа сүүлд нь азарга тавьсан. Намайг гэр барихад Дийлдэг Дамдингийн хүргэн Балжаа Балжинням гэж хүн Дамдингийн адуунаас бэлэглэсэн юм. Энэ Дийлдэг Дамдин чинь Хонгор морьтын Цэнд өвгөнтэй Төв аймгийн Мөнгөнморьтын шоронд цуг байсан. Тэндээс 10,20-иод адуу хөөгөөд ирж байсан гэдэг юм. Ингэж тэдний адуунууд сайн сүлэгдсэн болов уу.  Ер нь Цэнд гуай, манай аав  нар орон нутагтаа аль л үнэтэй цайтай, өнгөтэй хурдан морь, сүүтэй үхрийг оруулж ирсэн. Бас сайхан мөнгөн хазаар, эмээлэнд ч үнэ хайрлалгүй авдаг байсан.
-Тэр үед наймаа арилжаа хийж авах уу? Эсвэл бэлэглэсэн юм уу?
-Төмөрхуягийн гуайхнаас бага адуу наймаалцаж авсан. Ингээд азарга, морь болгоод уяж эхэлдэг байлаа. Манай энд 2000 онд айхтар зуд боллоо. Тэнд хоёр азарга адуугаа алдсан. Дараа нь хэдэн адуу цуглуулаад авсан ч бүл чадал муутай болохоор хулгай зэлгийд алдчихлаа. Ингээд адуу нэлээн цөөрсөн. Байгаа хэд нь уяхаар 20,30-аар л ордог болсон доо.
-Энэ хугацаанд олонтаа айраг түрүүгээр хурдлан баярлуулсан ямар хүлэг байна вэ?
-Миний хонгор азарга 11,12 хүртлээ уралдсан. Түүнээс хойш уяж чадаагүй алдчихсан. Хүрэн морио Төмөрхуягаас авч байлаа. Сүхбаатар чигийн адуу гэсэн. Төмөрхуягаас мөн тийм адууны хонгор халзан азарганы төл хүрэн халзан даагыг авч морь болгосон. Халзан морио Даланд нэг түрүүлгээд, сангийн аж ахуйн баруун өвөрт болсон наадамд түрүүлж зугтааж гараад, үзүүр дээрээ Цэвээндорж гуайн хул моринд дайруулж аман хүзүүдсэн. Дараа нь таван бод, нэг тэмээ, тэрэг нуруу тэгш ат, дөрвөн адуугаар Даланжаргалан руу хүнд зарчихсан юм.
-Даланжаргаланд очоод яаж давхисан бол?
-Даланд очоод бас л гайгүй давхисан байна лээ. Надад үүнээс өөр нэг буурал даага байснаа хүүхдэдээ өгсөн. Чойжилын Баярсайхан гэж унаач хүүдээ “дуртай адуугаа ав. Миний хоёр азарганы төл дөрвөн үрээ байна. Олон жил морь унаж, сайхан наадлаа” гээд бэлэглэсэн юм. Бас нэг байдас ч өгсөн. Өнөө хүү маань аваад сайхан буурал азарга болгоод нэлээн ч хурдлуулсан. Миний мэдэж байгаагаас Уяан товогийн наадамд лав түрүүлж байлаа. Одоо буурлын төл буурал азарга байгаа. Энэ хүү 200-гаад адуутай.
-Төмөрхуяг гуайн адуу дунджаар ямар ханштай байх уу?
-Би чинь дөрвөн бодоор нэг гүү авч байлаа. Бас нэг удаа дөрвөн тугалтай үхэр, дээр нь гүү морь хоёр  өгөөд нэг гүү авсан. Энэ мэтээр бие биедээ болж байвал наймаа тохироод л өгч авалцдаг. Ер нь эдний адуунаас гарсан болгон нь манай энэ хавьд хурдалсан. Майнбаяр, Санжаа,  дайрдаг Баатар гуайд бий. Дайрдаг Баатар гуай соёолонд нь давхиулж, хавчигт нь Чойрт хоёр зургаад оруулсан хавчиг азаргаа 1992 онд зарах болсон юм. Энэ сургаар Баянжаргалангаас авах улсууд ирчихсэн байлаа. Тэгэхээр нь би дүүдээ “Санжаа чи энийг яаж ийгээд л ав” гэж зөвлөснөөр нэг шинэхэн мотоцикль дээр хэдэн бог мал өгөөд авч байсан. Ингээд Санжаад ирээд сайн давхисан. Сүрэнхор гуайн хээр азаргатай Аварга тосон, Дэлгэрхаанаар уралдаж байсан түүхтэй. Сүүлдээ хөл гар нь муудсан хөөрхий. Одоо үр төлүүдээс нь надад хоёр сайхан гүү байна.
-Энэ он жилүүдээс хамгийн бахтай сайхан наадсан оргил үе гэвэл хэзээ вэ?
-1990 он гараад дөрөв, таван жил морь уяхад айргийн таваар давхиулдаг байлаа. Уясан морь бүгд урагштай давхидаг байсан тэр цаг уяач миний оргил амжилтын жил гэж хэлнэ.
-Одоо хүүхдүүдээс тань морь уяж байна уу?
-Баатараа, Отгонбаатар нар маань моринд дуртай. Гэхдээ өнөөдөр гайгүй шиг адуу авъя гэхэд үнийг нь дийлэхээргүй болж  дээ. Хэдэн зуун саяар л яриад байна шүү дээ. Энэ нь жирийн малчин бидэнд хэцүү л юм.  Харж байхад Адъяасүрэнгийн адуунууд их гайгүй байна. Үнэ нь ч боломжийн. Тэднийхээс хүүдээ ганц нэг адуу авч өгнө дөө гээд л бодоод явна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна