Ж.Энхсайханы саарал баруун бүсийн бахдалт хүлэг

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 12 -нд

Баруун аймгуудад наадмыг их насны морьдын түрүүгээр хэмждэг. Өөрөөр хэлбэл их насны морь түрүүлгэж гэмээнэ сая “наадмаа авлаа” хэмээн сэтгэл уужрах. Их насны сайн морьтой болох, адуунаасаа сайн их морь түрүүлэх уяач бүрийн чин хүсэл. Харин энэ удаа та бүхэнд танилцуулах хүлэг бол тийнхүү хүсэн мөрөөдөж бус учрах ёстой тавилангийн эрхээр учирч, эзэн хүнээ эргэлт буцалтгүй  уяачийн эрдэмд шамдуулсан буянтан юм.
Хурдан морь сонирхогч, энэ талаарх мэдээллийг шимтэн уншигч  эрхэм та бүхэн Жамбалын Энхсайханы ягаан буюу эзнийх нь дууддагаар саарал морины тухай нэг бус удаа дуулсан байх. Баруун бүсийн уралдаануудад хурд шандсаараа гайхуулагч энэ хүлгийн талаар дуулахгүй байхын ч аргагүй биз. Харин түүний удам, угшил, уяачдаа ирсэн түүхийг дуулж байсан уу. Ийм л явдал болсон юм билээ.
2001, 2002 онуудад монгол орны нийт нутгаар цаг хатуурч байгалийн гамшиг нүүрлэснийг санаж буй байх. Тэр жилийн зуднаар Хөхморьт сумын 100 гаруй мянган толгой мал 25, 26-хан мянга болтлоо цөөрчээ. Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малын тоо толгой ийнхүү хоргодсонд нутгаа гэсэн сэтгэлтэй хэн бүхний өр өвдөж Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хуралдсан байдаг. Энэ үеэр тус суманд нэгдлийн даргаар ажиллаж  байсан Лхагвасүрэн “нутгийн адууны удам угшлыг сайжруулж чанаржуулахад зориулан хувиасаа таван адуу бэлэглэж байгаагаа” дуулгажээ.Тухайн үед ЗИЛ-130 машинтай байсан Ж.Энхсайханд бэлгийн таван адууг нутагт авчрах үүрэг оногдсон байна. Лхагвасүрэн таван үрээгээ баг тус бүрт нэг нэгээр нь өгөхийг үүрэгдээд, Сангийн далай 3-р багийн үрээг өөрт нь хариуцуулжээ. Тэр холоос зорьж ирсэн хүн байна адуу аваач гэх саналыг тавьж таван үрээ заахад нь Энхсайхан саарал шүдлэнг онцолсон байна. Ингээд наймаа хийх болж удам угшлыг нь лавлатал эцэг нь Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Зандраагийн унаган саарал азарга, харин эх нь Хөхморьт сумын харьяат Цоохорын Дашпунцагийн хүрэн гүү хэмээж. Шүлэг дуунд мөнхөрсөн цуут саарал эзэнтэйгээ учирсан түүх ердөө л энэ. 2003 оны явдал шүү дээ.
Ж.Энхсайханы хувьд багадаа хурдан морь унаж байсан хэдий ч амьдралын эрхээр төв суурин газар бараадан мал ахуй тэр дундаа мориноос жаахан хөндийдүү өссөн нэгэн.Цэргээс халагдаж ирэхэд нь нагац ах нь гүү бэлэглэж, гарсан төл нь соёолондоо 1994 онд Ховд аймгийн 70 жилийн ойгоор айрагдсаныг эс тооцвол шүү дээ. Харин удам сударт нь морь мал уядаг улс цөөнгүй. 2004 онд Хөхморьт сумын түүхт 80 жилийн ой тохиож, нагац ахынх нь уясан Ж.Энхсайханы саарал хязаалан хол түрүүлэв. Хол холдоо ихээ хол. Амьтан хүн уулга алдтал алсхан зайтай түрүүлж.
2005 ОНД
Соёолон болдог жил нь нагац ах нь аймаг руу шилжиж, арга буюу Ж.Энхсайхан өөрөө уялаа. Бэлэн давхилтай саарал морь сумынхаа баяр наадамд дахин хол түрүүлж, давхар уяагаар Ховд аймгийн Чандмань сумын 80 жилийн ойд мөн л магнайдаа тоосгүй ирэв. Чухам энэ л үеэс ажил ажил гээд адуундаа ойртох нь цөөн эзний сэтгэл уярч, нойр нь хүрэхээ байсан гэдэг. Хоёр дахь түрүүгээ хүртсэнээс хойш  хоёр хоног амраагаад улсын Заан Ч.Батзоригийн мялаалга наадамд мордуулан гурав дахь түрүүгээ хүртлээ. Хэдхэн хоногийн зайтай гурван түрүү хүртсэн жигүүрт саарлын тухай яриа амнаас ам, айлаас айл дамжин хөвөрсөөр.
Эрт дээр үеэс нутгийн хөгшчүүл “гурав түрүүлбэл морины аз өм харьдаг” хэмээн цээрлэх тул Ж.Энхсайхан саарал морио дахин уралдуулах шийдвэр гаргаж сумынхаа спорт заалны нээлтэнд мордуулан дөрөв дэх түрүүгээ хүртэн, наадмаа отголлоо.
2006 ОН ХАВЧИГ МОРЬ:
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын түүхт 80 жилийн ой тохиож байлаа. Нутгийнхнаа түшиглэсэн туршлага багатай шинэ залуу уяач 20 гаруй уяачийг  морьдынх нь хамт ЗИЛ-130 дээрээ ачаад Төгрөг сумыг зорьж, аз өмөө тольдов. Олон газрын хурд цугласан том наадмын дааганы уралдаанд Завхан голын багийн уяач Санжжавын Даваажавын бор даага түрүүлэн, Жамцын хондон, Эрдэнэбатын шарга даага тус тус айрагдав. Хязаалан уралдахад Жамцын хондон таваар давхиж  айрагдлаа. Соёолонгийн уралдаанд Нацагийн хээр түрүүлж, Батсүхийн бор гурваар ирэх нь тэр. Харин их насны морьд ирэхэд өөрийнх нь саарал түрүүлж, Дагвын Нямгэрэлийн халтар аман хүзүүнд хурдалж, бараг нас болгонд шахуу айраг, түрүү хүртэцгээн тун ч одтой наадав. Ийнхүү Төгрөг сумын түүхт ойн баяр наадмын гурван түрүү, найман айргийг хүртсэн Хөхморьтын уяачид дээр аймгийн дарга Цогтбаатар, тухайн үеийн зам ангийн даргаар ажиллаж байсан одоогийн ИТХ-ын дарга Ганзориг нар ирээд “манай сумын морьд сайн байгаа юм байна. Аймагт болох баруун бүсийн даншигт явж уралдаач” хэмээжээ. Урам зориг, итгэл орчихсон нөхдүүд хэрхэн татгалзах билээ. Морьдоо хоёр хоног амраагаад баруун бүсийн уралдаанд мордуулж. Засгийн газрын шийдвэрт бүсийн уралдаанд Төгрөгт наадаад очсон уяачдаас Ж.Энхсайханы саарал морь айргийн таваар хурдалж, Нацагийн хээр соёолон зургаа, Даваажавын бор даага 10-аар давхисан байдаг бол Баян-Уулд наадаад очсон уяачдаас Дашравдангийн хээр шүдлэн найм /Баян-Уул сумын наадамд түрүүлсэн/, Цэрэнбалжирын хар соёолон 10-аар давхиж, мөн сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Балбаатарын хул шүдлэн айргийн дөрөвт хурдалсан юм. Ийнхүү Морьтын уяачид Алтай нутагтаа болсон баруун бүсийн  хоёр дахь уралдаанаас хоёр айраг хүртэж, арав дотор дөрвөн ч адуу давхиулсан байдаг.
2007 ОН ДОЛООТОЙ МОРЬ:
Ж.Энхсайхан саарал морио мэдэрч эхэлсэн үе. Гурав дахь жилдээ уяж байгаа хойно арга ч байж уу. Гал гахай жилийн уралдаан Ховд аймгийн Чандмань суманд болсон улсын начин И.Мөнхбаатарын мялаалга наадмаар эхэлж, саарал морь төвөггүй түрүүлэв. Харин дараа нь сумандаа болсон аймгийн хойд бүсийн уралдаанд 13-аар давхиад дахин уралдсангүй. Тэр жил их гантай байсан тул цагаан өвсний адуу дахин уралдах тамир ч байсангүй.
2008 ОН НАЙМАН НАСТАЙ МОРЬ:
Засгийн газрын тогтоолт зуны баруун бүсийн уралдаан Ховд аймагт болохоор товлогдож Хөхморьтын уяачид гурван машинтай 20 гаруй адуутай зорин очлоо. Их нас 300 хол гарч мордон, саарал морь Б.Отгоннасан Манлайн буурлыг дийлэн түрүүлж, түмэн эхээ дуудуулан нутгийн уяачдын хийморийг өргөх нь тэр. /2006 оны баруун бүсэд Б.Отгоннасан Манлайн  буурал морь аман хүзүүнд хурдалж байсан юм/ Хийморь өргөсөн хэмээсний учир тэр наадамд дархан айрагтай гэгдэж байсан Говь-Алтай аймгийнхаа баяр наадамд түрүүлчихээд очсон Ч.Балбаатарын хул соёолон 11-ээр давхиж, өөр бас сайн байсан хэд хэдэн адуу дундуур давхиж  сэтгэл гонсгор байсан билээ. Харин саарал морь урамтай сайхан түрүүлж гандсан дээлтэй, гундуу царайтай эрсийн нүүрэнд баяр тодруулсан юм. Ийнхүү саарал морь төрийн зарлигт наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн болж, дахин уралдсангүй амарлаа.
2009 ОН ЕСӨН НАСТАЙ МОРЬ:
Авчирсан цагаас хойш Ж.Энхсайхан саарал мориндоо нэг удаа ч нэмэгдэл тэжээл өгч байсангүй. Бэлчээрээр маллаж, өвсөөр нь хооллож байгаад жилдээ нэг, хоёр зарим жил гурав уралдуулчихдаг байлаа. Тэжээлгүй адуу уралдах арга алга гэх олныхоо жишгийг дагаад 2009 оноос тэжээхээр шийдэж. Тэжээлгүй уяхад ингэж давхиж байгаа юм чинь тэжээчихвэл илүү болно  хэмээн тооцоолж л дээ. Тэгээд өвөл нь оруулж ирээд хотоос хэрэг болгон авчирсан өвс, тэжээлээрээ тэжээлээ. Өөрөө ажил ихтэй  тул энэ ажлыг дүү нь гүйцэлдүүлнэ. Анхны жил арга эвийг нь олсонгүй юу, аль эсвэл тэжээлийн арга технологи нь буруу байсан уу. Ямартаа ч тэр зун саарал морь гавьсангүй.
2010 ОНД АРВАН НАСТАЙ МОРЬ:
Говь-Алтай аймгийн түүхт 70 жилийн ой, баруун бүсийн уралдаантай жил. Алтайчууд хоёр даншигт “орсон” саарал мориндоо битүүхэн найдлага тавьж, сураглана. Их моринд Ж.Энхсайханы саарал л нэр тахалж мэднэ. Хэр байгаа бол гэсэн яриа хавар эртнээс тэнэсээр...
Гэвч “их санасан газар есөн шөнө хоосон хононо“ гэгчээр саарал морь айрагт багтсангүй. Харин Дэлгэрийн С.Балдандоржийн хонгор түрүүлж /тэр жилээ улсад түрүүлсэн/, Баян-Уулын Л.Батжаргалын халтар дөрөвлөн, Цээлийн С.Баатарын хүрэн тавлаж Алтайчууд нутгийн дэвжээгээ хамгаалан аатай сайхан наадлаа. Баруун бүсийн наадмын дараа Хөхморьт сумын дунд сургуулийн ой болж, саарал морь тэнд түрүүлэн уралдаанаа отголсон байдаг.  
2011 ОНД АРВАН НЭГЭН НАСТАЙ МОРЬ:
Тэр жил саарал морь бас л гавьсангүй. Увс аймагт болсон баруун бүсийн уралдаанд явалгүй өнжиж, харин Ховд аймгийн 80 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөвт хурдалжээ. /Ж.Энхсайхан уяач саарал мориноосоо гадна шарга даагатай очиж, түүнийгээ айргийн гуравт хурдлуулсан байдаг/
2012 ОНД АРВАН ХОЁР НАСТАЙ МОРЬ:
 Баруун бүсийн ээлжит уралдаан энэ жил казак түмний өлгий Баян-Өлгий аймагт болж, Хөх морьтын уяачид урьдын адил нэгдэн, хоёр машинтай 20-иод тооны адуутай очив. Азарганы уралдаанаар эхэлсэн баруун бүсийн наадам будилж Хөхморьтын азарганууд эхний хэсэгт эргэн 5-6 км яваад буцаж эргэсэн болохоор хүсч байсан үр дүнгээ амссангүй. Дараа нь их насны морьд мордлоо. Өмнөх уралдаанаас “дохио өгөөгүй байхад эргэлээ” хэмээн зэм хүртсэн уралдаанч хүүхдүүд энэ удаа тун хашир хандахаар шийдэв. Их насны морьд мөн л хоёр тасарч эргэлээ. Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уул сумаас ирсэн хүүхдүүд морины амыг даран үлджээ. Гэтэл нутгийн залуу ирээд  “наадам зохион байгуулагчид нь сая дутуу эргэсэн морьдоо тэр чигээр нь явуул гэж байна. Морьдоо хөдөлгөөч ээ” хэмээн хашгирах нь тэр. Ингээд араас хөөж уралдсаар саарал морь барианы үзүүрт 10 дээр ирж байснаа хадуураад 12-т баригдаж. Уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн энэ наадамд уяач нь одоо ч сэтгэл дундуур байдаг. “Тэр жил морь будилаагүй бол миний саарал дээгүүр давхих байсан юм” хэмээн санаашрангуй өгүүлэх. Арга ч байж уу дээ. Бүтэн жилийн хөдөлмөр, олон хүний итгэл сэтгэл, зүтгэл шүү дээ. Буцаж явахдаа Ховд аймгийн Дарви суманд болсон Тод манлай уяач Б.Мөнхтөрийн  цолны /Манлай /мялаалга наадамд даагаа нэхэн уралдуулж,  саарал морь айргийн гуравт хурдалжээ.
2013 ОНД АРВАН ГУРВАН НАСТАЙ МОРЬ:
Баруун аймгуудадаа хэдийнэ нэр цууд гарсан саарал морио улсад аваачиж уралдуулах саналыг нэг бус хүн тавьдаг байсан ч Ж.Энхсайхан сая л хэрэгжүүлэхээр шийдэж. Тэгэхдээ хол зам туулах зэргийг бодолцон амралтыг нь ахиухан өгчээ. Ингээд АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд Алтай  нутгийн алдарт саарал морь тоосоо өргөн уралдаж 47-д баригдсан байна. Баруун хязгаарын хурдан хүлгийг битүүхэн сонжиж ирсэн улс “арай таргадаж” хэмээн шинжиж, эзэн уяач ч санал нэгдэж байлаа. Иймээс давхар уяагаар томхон наадамд уралдахаар шийдэв. Уг нь эртний нийслэл Хархоринд болсон “Их хурд-6” шигшмэл морьдын уралдааныг зураглан байсан ч урилга ирээгүй тул Завхан аймгийг зорих нь тэр. Донойн хөндийд болсон Завхан аймгийн түүхт 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд олон газрын хурд чуулж, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэсэн ч тарган талдаа уралдсан саарал гавьсангүй. Хайрлаад хэтэрхий таргадуулжээ хэмээн дүгнэсэн эзэн нь намар оройхон болсон сургуулийн ойд /Дарви сумын/ уралдуулж түмэн эхээр цоллуулан санаа нь амарчээ.
2014 ОНД АРВАН ДӨРВӨН НАСТАЙ МОРЬ:
Хязаалан цагаас хойш 11 жил завсаргүй уралдсан саарал морь 14 нас хүрчээ. Эзэн уяач сүүлийн жилүүдийн уралдаанд дүгнэлт хийгээд тэжээлгүй уралдуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ жилийн наадам Дарви сумын түүхт 90 жилийн ойгоор эхэлж, саарал морь нутгийн хурдан хүлэг Даншиг алагийг дийлэн урамтайхан хол түрүүлэв. Эндээсээ Ховд аймагт болсон баруун бүсийн уралдааныг зорьж төрийн зарлигт наадмын гурав дахь хишгээ хүртсэн билээ. Бахдал дүүрэн энэхүү наадмыг эргэн санавал их насны морьдын уралдааныг тэр чигт нь Засагт ханы хөх харчуул авч Хантайшир уулын аймгийг баяр хөөрт умбуулсан юм. Газар газраас ирсэн шандаст 180 хурдан хүлэг тоосоо өргөсөн уг уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Манлай уяач Туваанжавын Гантөмөрийн хээр түрүүлж, Шарга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Дорждагвын хүрэн аман хүзүүдэн, айргийн гуравт Тайшир сумын харьяат Ц.Цэрэнпунцагийн хүрэн, айргийн дөрөвт Дарви сумын харьяат Г.Алтангэрэлийн алаг, айргийн тавд  Хөхморьт сумын харьяат аймгийн Алдарт уяач Ж.Энхсайханы саарал тус тус хурдалсаныг уншигчид санаж буй бизээ. Алтайн хөх харчуул энэ удаагийн наадмаас гурван түрүү, 12 айраг хүртэн аз өм дүүрэн наадсаныг сануулах таатай байна.
2015 ОНД АРВАН ТАВАН НАСТАЙ МОРЬ:
Уяаны багахан алдааг үл тоон хурдалдаг саарал морь  яагаад ч юм гэнэтхэн хордлогонд орж сандаргав. Сайн гэсэн болгоныг хэрэглэж саармагжуулсан ч нэг л цаана зовиуртай. Увс аймагт болсон баруун бүсийн уралдаанд 20 гаргаж давхиад, дахин эмчилгээ хийж сэргээгээд Чандмань сумын наадамд уралдуулсан ч айрагт багтаж чадсангүй.
2016 ОНД АРВАН ЗУРГААН НАСТАЙ МОРЬ:
Энэ хавар Ховд аймгийн Цэцэг  суманд болсон аймгийн бүсийн уралдаанд түрүүлээд, Говь-Алтай аймагт болсон “Алтайн хурд” уралдааныг өнгөлж яваад хадуурчихсан. Өнгөрсөн жилийн хордлого гүйцэд тайлагдаагүй юу дахиад нэг л таагүй байх тул гэдсийг нь сольж үзэхээр шийдэн Ховд аймгийн Дөргөн суманд аваачиж ногоонд цатгаад хэсэг амраав. Нүд нь сэргэн цовоорохын цагт тэсэлгүй мордуултал 12-т ирж. Баруун бүсийн уралдаанд мордуулсангүй өнжөөгөөд,  Бат-Эрдэнэ Тод манлайн наадамд долоогоор давхиулан өнөө жилийн уралдааныг нь отголжээ. Уламжлалт морин уралдаан баяр цэнгэл наадгай хэлбэрээсээ мэргэшлийн чиг хандлага руу  хэлбийж буй энэ цаг үед нэг адуугаар олон жил тогтмол амжилттай уралдах нь нүдний гэм болсон. Гаргуун хурдан хүлэг ганц нэгхэн жил уралдаад сураг нь тасрахад гайхах хүнгүй болсон цаг. Ийм л үед эзэн хүнээ баясгаж, 13 жил монгол наадмын торгон ногоон дэвжээг чимж буй домогт саарлын амжилт алдрын буухиан нууц хүлгээ хайрлах эзний сэтгэл байж мэднэ. Энхсайхан уяач шил шилээ дарах олон наадмуудаас шилж сонгож цөөн хэдэд нь оролцоод эрдэнэт хүлгээ энхрийлэн амрааж чаддагтаа өнөөдөр дахиад ганц, хоёр жил уралданаа бид хоёр хэмээн бардам суугаа биз. Дараагийн баруун бүс, даншиг наадамд Хөхморьтын Ж.Энхсайхан хурдан саарлаа хөтөлж ирээд айраг амсахыг үгүйсгэх аргагүй. Ерөөлөөр учирсан буянт хүлэгтэйгээ олон сайхан наадмыг үзээ биз гэхэд ”тэгэлгүй яахав. Тэдгээрээс хамгийн сайхан нь 2006 оны баруун бүсийн наадам. Шинэхэн уяачийн уясан морь тэр том наадамд халхын хурдан хүлгүүдтэй эн тэнцүү уралдаж айрагдахад юу юунаас илүү сайхан байсан. Яг үнэндээ тэр жил саарал морины маань хөл нь жаахан эмзэглэчихсэн байсан юм шүү дээ. Тийм болохоор нь би хурдан морины комисст ажиллаж байсан нэг нутгийн Балбаатараас “саарал мориныхоо хүүхдийг аваад үлдчихье” гэж гуйсан юм. Хөл муутай адуу нэг талдаа ч гэсэн хөнгөн явбал дээр болов уу гээд л... Морьдоо Хар хошуун дээрээс гаргаж өгчихөөд. Эргэж ирээд нэлээд удлаа. Цагаа хараад л яараад байдаг. Нөгөө хэд яарч байгаа янз алга. Хүүхдээ аваад үлдчихсэн хүн чинь морь эргэчихвэл яанаа гэж бодохоос тогтож сууж чадахгүй байгаа юм чинь. Тэгж тэгж гэрт орсон улс нэг юм гарч ирснээ замдаа бас бензин авна гээд хэсэг саатлаа.Тэгээд мориныхоо араас яваад соёолонгийн газар очтол нөгөөдүүл чинь  “морь эргэх болчихсон байна ш дээ” гээд яарч эхэлдэг юм. Давхисаар байгаад очтол бүх морьд төхөөрөмжний ард байрлалаа эзлээд зогсчихсон. Манай сумын  хүүхдүүд миний морийг хөтөлчихсөн хүлээх маягтай төхөөрөмжинд ороогүй явж байна. Хүүхдээ дөнгөж мордуулаад төхөөрөмжинд оруултал морьд гарчихсан. Зул задрахын хэрд тоолсон миний саарал морь 90-н хэд дээр явж байсан. Морины комиссын машин болохоор өмнө, хойно нь орж гараад яваад байдаг. Би морио дагамаар байнаа гэлтэй биш. Хар хошуугаар давахын өмнө нэг тоолсон 30-н хэд дээр явж байсан. Даваад тоолсон 18 дээр ороод ирсэн. Тэгээд л тэр чигтээ урагшилсаар айрагдсан даа. Дараа нь эхнээс нь хүүхдээ мордуулж явуулаад дээхэн гаргасан бол миний саарал морь ахиад хоёр гурван байр урагшлах байж дээ гэж бодсон. Гэхдээ яахав ээ, тэр том наадмаас айраг хүртэнэ гэдэг  чамлах зүйл биш шүү дээ” хэмээн хуучилсан Ж.Энхсайхан Алдарт саарал мориндоо зориулан дуун суварга бүтээснийг хүргэе ээ.

                       Хурдан саарал
Үгийг: Х.Даш        Хөгжмийг: Ж.Болдбаатар

Баруун бүсийн хурдан хүлэг ээ
Барианы газрын түрүү саарал аа
Зон олны хайртай хүлэг ээ
Залгаа нутагтаа нэртэй саарал аа
               Заан Пүрэвийн нутгийн саарал аа
               Зартай уяачийн цуутай саарал аа
               Засагт ханы хурдан сааралаа
               Золбоо хийморьтой магнай сааралаа
Уясан эзний урамтай хүлэг ээ
Унасан хүүгийн гийнгоо саарал аа
Улс түмний уухай хүлэг ээ
Уудам талын салхин саарал аа
              Заан Пүрэвийн нутгийн саарал аа
              Зартай уяачийн цуутай саарал  аа
              Засагт ханы хурдан саарал аа
              Золбоо хийморьтой магнай саарал аа
Ах нь дүүдээ бэлэглэсэн хүлэг ээ
Аялгуут дуундаа мөнхөрсөн саарал аа
Хөх морь шигээ босоо хүлэг ээ
Хөндийн тоосыг өргөсөн саарал аа
              Заан Пүрэвийн нутгийн саарал аа
              Зартай уяачийн цуутай саарал аа
              Засагт ханы хурдан саарал аа
              Золбоо хийморьтой магнай саарал аа
Сайхан ахын унаган хүлэг ээ
Самсаа шархирах омголон саарал аа
Энэ цагийн эрэмгий  хүлэг ээ
Энхээ уяачийн ээлтэй саарал аа
             Заан Пүрэвийн нутгийн саарал аа
             Зартай уяачийн цуутай саарал аа
             Засагт ханы хурдан саарал аа
             Золбоо хийморьтой магнай саарал аа
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна