“Молор эрдэнэ” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач, аймгийн Заан Д.Сайнбилэг: ЗГ-ын тогтоолт улсын бүсээс нэг айраг, аймгийн бүсээс таван түрүү, нэг аман хүзүү авсан

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 23 -нд

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээлтолгойн 3-р багийн харьяат, “Молор эрдэнэ” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач, аймгийн Заан Д.Сайнбилэгтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Молор Эрдэнэ МСУХ 2008 онд үүсгэн байгуулагдсан гэсэн. Анх ямар хүмүүс санаачлан байгуулж байсан бэ?
-Анхны санаачлагыг гаргасан хүн бол Аймгийн Алдарт уяач Мягмарын Энхбаяр гэж залуу байгаа. Тэгээд “Баянбулагт уяачдын холбоо байгуулагдчихаж. Сумандаа уяачдын холбоо байгуулъя. Энийг  та л дэмжиж зохион байгуулж өг” гээд аймгийн Алдарт уяач Энхбаяр, алдартай бор азарганы эзэн Борын бага хүү, сумын Алдарт  Наранбаатар, сумын Алдарт уяач Бэгзээгийн Цэрэндорж, залуу уяач Дандар гэсэн дөрвөн залуу ороод ирдэг юм. Манай гэрт ярилцаад уяачдын холбоо байгуулъя, нэгдсэн бодлого барьж ажилладаг, уяачдын хөдөлмөрийг үнэлүүлдэг, сум оронд зохиогдсон уралдааны бай шагналыг өндөр болгох хэрэгтэй байна гэсэн тодорхой зүйлс дээр тогтож ярилцсан. Анхныхаа хурал хийх өдрийг товлож, зарыг нь нөгөө дөрвөн залуу өөрсдөө багуудад тараагаад, тэнд 40-өөд хүн цугласан байдаг юм. Тэр хурлаар холбоогоо байгуулж, 11 тэргүүлэгчээ сонгоод, тэргүүлэгчдээсээ тэргүүнээр намайг сонгосон. Нарийн бичгээр Гүррагчаагийн Бат-Эрдэнэ гээд манай Тамгын газар Байгаль хамгаалагч хийдэг залуу болсон. Хурдан буурал азаргатай Гүррагчаа гэж хурдтай айлын хүүхэд л дээ.
-Ямартай ч холбоогоо байгуулчихлаа. Холбооны хийсэн анхны ажил юу байв аа? 
-Мэдээж хурдан морины уралдааныг хөгжүүлье, адууныхаа цус сэлбэе гэсэн зорилго байсан. Яагаад гэхээр унаган адуугаар айраг, түрүү авна, энд тэнд очиж наадаад амжилт үзүүлнэ гэдэг хүндрэлтэй болсон. Тиймээс нэгдүгээрт цус сэлбэе. Хоёрдугаарт, олон уралдаан зохион байгуулж байж морь хөгжих учраас жил бүр тогтмол дөрвөн уралдаан явуулъя гэж ярилцаад Сар шинийн дараахан хаврын дээд гурван насны уралдаан, таван сарын дунд үеэр доод гурван насны уралдаан, хүүхдийн баяраар дааганы уралдаан, мөн есөн сарын нэгэнд хичээлийн шинэ жилээр дааганы уралдаан зохион байгуулаад тогтмолжлоо. Дээр нь сумын баяр наадам нэмэгдэнэ. Сумын баяр наадамд бол уяачдын холбоо морины комисст орж ажилладаг. Энэ баяр наадмын уралдааныг чанартай явуулахын тулд гарааны төхөөрөмж хэрэг болсон. Улаанбаатарт амьдардаг манай нутгийн Доржийн Баярсайхан гэж бизнесмэн, бас аймгийн Алдарт уяач залууд энэ талаараа хэлэхэд гарааны төхөөрөмж бэлэглэсэн. Ямар ч уралдааныг гарааны төхөөрөмжтэй зохион байгуулдаг. Хангайн бүсдээ манайх хамгийн түрүүнд уралдааны төхөөрөмжтэй болсноороо дутуу эргэх, будилаан гарах асуудал байхгүй болсон. Морь барианы газар, наадмыг сурвалжилж байгаа телевизийнхний гарч зогсох индэр хийлээ. 
-Танай уралдааны зам хэр вэ?
-Уралдааны зам 22 км-ийн урттай, 200м-ийн өргөнтэй замыг уяачдынхаа хөдөлмөрөөр засаж янзалсан. Хоёр ч газар гуу жалга байсныг зассан.  Дагаж яваа машинууд 200м-ийн зоны гадуур уралдаж байгаа морьдоос 100 м-ийн зайтай явдаг. Зон дотроо ганцхан чиглүүлэгч машин явна. Уралдааны замыг баталгаатай гэж хэлж болно. Машин бараг дагуулдаггүй, зөвшөөрлийг МСУХ-ноос авч морио дагадаг л даа. Тийм учраас уралдаж байгаа моринд, унаач хүүхдэд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй. Бидний хийсэн бас нэг зүйл юу гэхээр болзлоо хангачихаад аймгийн Алдарт цолоо аваагүй долоо, найман ахмад уяач байсан. Зарим нь ч ертөнцийн мөнх бусыг үзчихсэн. Тэр хүмүүст цолыг нь олгууллаа. Мөн сумын Алдарт цолыг ч болзлоо хангачихсан 20-иод уяачид олгуулсан. Засаг даргад Уяачдын холбооноос Баяр наадмын тухай хуулийн заалтыг хавсаргасан санал, тодорхойлолтыг хүргүүлж, захирамж гаргуулж байлаа.
-Төв суурин газар уралдааны замаа кадастрт оруулж албан ёсны болгохгүй бол газарт орчих гээд байдаг л даа. Орон нутагт бол энэ асуудал гайгүй юу?
-Гайгүй. Манайх сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй. Тэр төлөвлөгөөнд сум тэлэх бүс гэж байдаг. Тэрэнд зах руу нь хурдан морины зам орж ирсэн байдаг. Тийм учраас уралдааны зам газарт орно гэсэн асуудал байхгүй. Одоо байгаа сумын төвийн урд хэсгээс морь уралдааны зам хүртэлх сум тэлэх бүс хангалттай.
 МСУХ-ны тэргүүнээс асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байдаг л даа. Жаргалант суманд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалуулах талаар холбооны тэргүүн та  хэр анхаарал хандуулж байна вэ?
-Энэ бол бидний анхаарах ёстой нэг номерын асуудал. Морио сайн айрагдуулж давхиулна гэж зүтгэхээс илүүтэй унаач хүүхдийн аюулгүй байдлыг бид нар хангах ёстой. Тийм учраас Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын газраас ирсэн албан бичгүүдийг тухай бүрт нь уяач нарт танилцуулж, уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцсыг шалгаж, морь унах зөвшөөрлийг эцэг эхээс нь бичгээр авахуулж хэвшсэн байгаа. Ер нь Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас бид нарт загварыг нь өгчихдөг л дөө. Тийм учраас яг морины бүртгэл дээр нэг хүн хариуцуулж суулгаж байгаад тэрийг нь бүртгээд авдаг.
-Танай сумын морь унаж байгаа уралдаанч хүүхдүүдийн дундаж нас хэд байна вэ?
-Дундажаар 10-14 насны хооронд байна. Жижигхэн хөнгөн ястай 15,16 хүрсэн хүүхдүүд ч унаж байгаа. Хэтэрхий жоохон хүүхдүүд бол унуулдаггүй. Зарим газар зургаа, долоон настай хүүхдүүд унуулж байгаа харагддаг. Манай суманд бол тийм юм ер нь байхгүй шүү. Цаанаасаа ч тиймэрхүү шаардлага тавьж байна. 
-Та түрүүн холбоо байгуулахдаа тавьсан зорилтуудын нэг нутгийн адууг сайжруулах байсан гэсэн. Энэ зорилтын хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?
-Үүний хүрээнд зүүн талаас морь авчирч цус сэлбэх нь зүйтэй юм байна гэж тийшээ уяачдаа явуулж байсан. Бид нар ч өөрсдөө явсан. Зүүн талын үрээнүүдийг зарим нь өөрсдөө явж авчирч, зарим нь хүний авчирсныг авч байна. Ер нь маш олон айл зүүн талын азарган үрээг авчирсан. Дээрээс нь манай Баянхонгор аймгийн МСУХ-ны тэргүүн Мөнх-Эрдэнэ гэж ажилсаг, хөдөлмөрч мундаг залуу бий. Энэ хүн Баянхонгор аймгийн бүх сумдын бүх багт азарган үрээ өгсөн. Тэр азаргыг нэг уяачид хариулцуулж, 2-3 айл гүүгээ тавьдаг. Хоёр жил болоод өөр айл тэр азарганд гүүгээ хийх маягаар ээлжилж төлийг нь авч байгаа. Манай дөрвөн багт дөрвүүлэнд нь азарга бий.
-Тэр азарганы үр төлүүд яаж давхиж байна вэ?
-Түрүүчээсээ айраг, түрүү авч эхэлж байна. Тав зургаан жилийн өмнөөс зүүн талаас азарган үрээ авч тавьсан. Тэрний үр төл хоёр жилийн өмнөөс давхиад эхэлж байна. Тэгэхээр энэ үнэхээр үр дүнгээ өгсөн ажил болсон. Өнгөрсөн жил тоолж үзэхэд зүүн талын угшилтай 27,28 азаргатай болсон байна. Яг одоо айлууд азарга тавьчихсан, зарим айл бага адуу авчраад азарга тавина гээд байж байна. Тэрнээс гадна гүү, охин даага, байдас их авчирч нутаг азарганд хураалгаж ч байна.
-Холбооны үйл ажиллагаа идэвхжээд, албан ёсны бүртгэлтэй болж, уралдаан зохион байгуулаад ирэхээр залуучуудын идэвх сэргэж байна уу?
-Сэргэлгүй яахав. Ер нь манай сумын уяачид бол залуужсан. Ихэнх нь 25-35 насныхан байна. Орон нутагтаа морь сайн хөгжүүлж давхиулахын тулд шинэ цагийн уяанд суралцах ёстой. Тийм учраас одоогоос дөрвөн жилийн өмнө аймгийн Алдарт уяач Сономбал гэж сайхан буурал уяачийг аймгаас урьж авчран гурван өдөр шинэ цагийн хурдан морины уяа сойлго, тэжээл, эмчилгээний талаар хичээл заалгасан. Тэр маш үр дүнтэй ажил боллоо. Тэндээс уяач нар маань олон зүйл сурч, зөвхөн сумандаа наадаж байсан бол одоо гадагшаа гарч, хангайнхаа аль ч суманд очсон айраг, түрүү аваад ирдэг болсон байна. Айраг, түрүүтэй ирэхээр хүмүүсийн урамч сэргэж идэвхжиж байгаа. Энэ хэрээр уяачдын холбооны хамрах хүрээ өргөжсөөр, шинэ залуу уяач нар нэмэгдсээр байна.
-Түрүүн ярилцаж суух завсар эртнээсээ манайх хурдтай сум гэж байсан. Тэр талаараа одоо ярьж өгөхгүй юү? 
-Манайх чинь дээр үеэс их хурдтай. Олон бор азарга, олон бор морьтой, тэр тусмаа Өлзийт хоёрдугаар багийнхан олон хар азаргануудаараа алдартай. Жишээ нь Цэвэлмаагийн бор азарга, Цэрэнбалжирын бор азарга, Гомбоогийн Далбан хээр гэж алдартай хурдан буянгууд байлаа. Үр удам нь ч жинхэнэ удамлаж байна даа. Тэгээд Чимэдсүрэнгийн хээр азарга байна, тэрний үр Чимэдсүрэнгийн Түмэнбаярын хээр азарга гэж Заг, Байдрагт олон түрүүлж айрагдсан алдартай азарга байсан. Мөн аймгийн Алдарт уяач Ганбаатар гэж залуугийн Борын бор азарга байна. Борын бор азарганы гал үр Ганбаатарын хүрэн азарга зөвхөн Жаргалант суманд тасралтгүй ес түрүүлсэн, зэргэлдээх сумандаа 10 гаруй түрүүлсэн. Тэр Борын бор азарганы төл олон бор азарга, олон бор морь гарсан даа.
-Борын бор азарга яг энэ нутгийн адуу юу?
-Яг энэ нутгийн Өлзийт хоёрдугаар багийн л унаган адуу. Тэр Борын бор азарганаас Оохнойн бор, аймгийн Алдарт уяач Пэрэнлэйн бор, Батбаярын бор, сумын Алдарт уяач Пүлтүүзийн Ганзоригийн бор гэхчилэн олон бор азарганууд гарсан. Одоо ч тэд нар хурдалсаар, үр төлүүд нь ч хурдалсаар байгаа.
-Сайн их насны морьд гэвэл?
-Сайн их насны морьд ч их олон байсан. Бүр дээр үед бол аймгийн Алдарт уяач Дэмчиг гэж өвгөний хурдан хээр морь байна. Багадаа тэр морийг унаж байсан А.Дорж гэж ахимаг насны ахаас би хээрийн талаар асууж байсан юм. “Хээр морийг хангайн тав зургаан суманд бүгдэд нь түрүүлгэж, аймгийн баяр наадамд мөн нэг удаа түрүүлгэж байсан. Тэр үед уралдаан болно, хээр морь түрүүлдэг. Байнгын эдэлгээнд байдаг тийм морь байсан” гэж дурсана билээ. Ямар ч наадамд ганцаараа л ирдэг, түрүүлэх түрүүлэхдээ хол ирдэг. Ямар сайндаа Дэмчиг гуай халамцчихаад “би хээр морио наадамд аваачиж тавихдаа хэдээр ирэх бол гэж хардаггүй. Хэр хол ирэх бол гэж хардаг” гэж аархаж байсан гэдэг. Тэр бол их сайхан үг. Өөртөө итгэлтэй байна, бас мориндоо итгэлтэй ярьж байна. А.Дорж ахын яриагаар бол “миний мэдэхийн л энэ хээр морь 16 түрүүлсэн. Тэрнээс хойш Дэмчиг гуайн өөрийнх нь хүүхэд Алтанхундага унасан. Тэгэхээр бүр олон түрүүлсэн байхаа” гэж ярьж байна билээ. Бор азаргатай Бор гуайн хүүхэд нь аймгийн Алдарт уяач Ганбаатар. Ганбаатарын хоёр хар морь нэлээн алдартай морьд. Ламын гэгээний даншиг 360 жилийн ойгоор том хар морь нь долоо дээр, Өвөрхангайн Хархорины Их хурдад хоёр хар морь нь урилгаар очиж уралдаад, жижиг хар нь найм дээр давхиж байсан гэдэг. Ер нь Бор гуайн хоёр хар морь ээлжилж олон түрүүлсэн л дээ, том жижиг наадамд. Мөн Галсангийн хээр гэж алдартай сайхан морь сумандаа айраг, түрүү нэлээн авч байсан. Ламын гэгээний 360 жилийн ойгоор анх удаагаа 1008 морь уралдахад Баян-Овоогийн Баатарын хүрэн гэж хүрэн морь түрүүлж, Жаргалантын Галсангийн хээр морь аман хүзүүлж байсан. Дараа нь Байдрагийн голын унага хээр морь монгол холч морины уралдаан 190 км уралдахад түрүүлж байсан. Энэ хээр морь Эрдэнэт хотын уяачдын холбооны ажлын албаны дарга хийж байгаа А.Энхтөр гэж манай нутгийн ахынх. Холч морины уралдаанд манай нутгийн хээр морь түрүүлж, аман хүзүү, айргийн гурваар нь МУ-ын Тод манлай уяач Даваахүү гуайн хоёр морь ирж, тухайн үедээ нэлээн л дуулиан тарьж байсан. Энхтөр ах телевизид ярилцлага өгөхдөө “энэ бол Баянхонгор аймгийн Жаргалант сумын унаган адуу” гээд л ярьж байсан. Тэр хээр морины эцэг нь Энхтөр ахын дүү Гантулга гэж аймгийн Алдарт уяачийн халтар азарганы төл. Халтар азарга нь бас яг энэ Байдрагийн голын унага, Баасангийн хээр азарганы төл байгаа юм. Манай Байдрагийн голд төрсөн унага бол зартай хурдан л даа.
-Жаргалант сум бас жороо морьдоороо алдартай гэлүү? 
-Тэгэлгүй яахав. Аймгийн Алдарт уяач Чимэдцэрэн гэж одоо нас сүүдэр 80 хүрч яваа өвгөн байна. Тэр хүний шар халтар морь хангайн сумын хаана ч очоод уралдсан хоёр юм уу, гурван тойргоор түрүүлдэг. Гараад л түрүүлээд яваад өгнө. Сүүлчийнхээ морийг хоёр гурван тойргоор түрүүлж үзэгчдийг шагшруулж байсан морь. Шар халтар морийг явахаар хүмүүс алга ташаад л, ингэж шагшрах тусам улам хол явдаг. Манай нутгаас ер нь жороо морь тасрах ёсгүй юм шиг байна лээ. Шар халтар морь хөгшрөөд уралдахаа болих тэр үед яг тэдний Өлзийт-Өндөрийн хоёрдугаар багаас Алтанхуягийн шар хээр гэж сайхан морь гарч ирсэн. Энэ шар хээр Гурванбулагийн ой, Загийн ой, Жаргалант сумынхаа наадамд хамт гарсан морьдоосоо хоёр, гурван тойргоор гүйцэж байхыг би нүдээрээ үзсэн. Ламын гэгээний 360 жилийн ойд морьд гараад нэг тойрог тойрчихсон байхад нь хожигдоод очсон, зарим нь оруулж болохгүй гээд, тэгсэн таньдаг зарим нь оруул гэж байгаад оруулсан чинь хоёр бүтэн тойрог түрүүлж байсан тийм л алдартай хүлэг. Шар хээр морины дараа Энхбаярын цавьдар гэж алдартай морь гарч ирсэн. Тэр бол миний мэдэхийн Баянхонгорын арын тав зургаан суманд бүгдийнх нь наадамд очсон. Зарим наадамд би аймгийн Алдарт уяач Энхбаяртай цуг явж байсан болохоор сайн мэдэж байгаа юм. Гараанаас гарахад л ганцаараа тасраад явчихдаг. Нэлээд өтөлсөн хойноо Ламын гэгээний 360 жилийн ойгоор газар газрын онцгой хурдан хүлгүүдтэй уралдаж айргийн гурваар давхихад нь ямар агуу юм бэ гэж биширч байлаа. Чимэдцэрэн ахын шар халтар морины удмаас тэдний хүү Түмэнбаярын бор морь, хээр морь гээд залгаад жороо морьдууд гарчихсан байна. Аймгийн Алдарт Энхбаярын цавьдар морийг залгаад залуу шар халтар жороо морь гараад ирсэн. Тэгэхээр манай сум хурдан хурцаараа алдартай төдийгүй хурдан жороо мориороо их алдартай байгаа биз дээ.
-Энэ нутгийн гурван үеийн төлөөлөл болсон алдартай уяачдын талаар ярьж өгөөч гэж хүсмээр байна?
-Ахмад үеийн төлөөлөлд манай Жаргалант сумын уяачдаас яахын аргагүй хамгийн түрүүнд эрэмбэлэгдэх хүн бол улсын Алдарт уяач Ширмэн ах маань юм. Ширмэн ахын Зозоолой гэж алдартай хээр морь Баянхонгор аймагт хоёр, гурав түрүүлж, хэд хэд айрагдсан. Шар хээр морь, алаг морь хоёр нь дааганаасаа авахуулаад нэг хоёроор хоёр гурван удаа давхисан. ЗГ-ын тогтоолоор Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд зохиогдсон Дэлгэрийн даншигт шар хээр морь нь дөрвөлж байсан. Шар хээр морь нь бүдүүрсэн хойноо ч олон түрүүлсэн. Хэдийгээр энэ хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хүүхдүүд нь залгамжлаад явж байгаа. Дараагийн хүн бол МУ-ын Алдарт уяач Ширмэнгийн үед морь уяж байсан аймгийн Алдарт уяач Чимэдцэрэн ах байна. Чимэдцэрэн ахын хээр азарга, хээр азарганы төл бага хээр, хээр морьд нь олон жил айраг, түрүү авсан. Алдартай хээр морьтой Дэмчиг гэж аймгийн Алдарт уяачийг дараа нь нэрлэх ёстой. Дэмчиг гуай хурдан хурц морьтойгоос гадна хурдан удмын гүү их цуглуулж байсан. Одоо тэдний ач нар нь гүүнүүдээс нь гарсан төлүүдийг хурдлуулж байна. Тэдний нэг нь Баттулгын Ганхуяг гэж ач хүү нь морио сайн уяж байна. Ганхуягийн бага хүрэн, том хүрэн нь маш сайн хурдалж байгаа. Дараа нь аймгийн Алдарт уяач Доржпалам гэж өвгөн байгаа. Дээр үед сангийн хээр, өөрийнх нь шар хээр гэж хоёр хээр мориор олон жил наадаж, 40 гаруй айраг, түрүү авсан ийм өвгөн байдаг. Аймгийн Алдарт уяач Пэрэнлэй гэж Борын бор азарганы удам Пэрэнлэйн бор гэж алдартай сайхан азаргаар мундаг наадаж байсан өвгөн байлаа. Пэрэнлэй ахын хар азарга нь Баянхонгор аймгийн 60 жилийн ойгоор түрүүлсэн. Тэр хар азарганы гал төл нь Далан хээр гэж хүүгийнх нь нэр дээр уралдаж байна. Энэ бол бага наснаас нь авахуулаад Заг, Байдрагт, Галуутад олон жил уралдсан, Хангайн бүсийн уралдаанд одоогийн байдлаар гурав айрагдаад байгаа. Дараа нь аймгийн Алдарт уяач Дандий гэж сайхан буурал байна. Дээр үед халиун морь, хээр мориор их наадаж байсан. Аймгийн Алдарт уяач Дамбын Ганбат гэж 60 орчим насны хүн бий. Энэ хүн хув хээр, шар хээр гэсэн их морьдоороо сайн наадсан. Мөн төдий насны аймгийн Алдарт уяач Будсүрэнгийн Гомбосүрэн гэж ах байна. Дээр үед хоёр хар азарга, алаг морь, бор азаргаараа их алдартай. Одоо ч тэр азарганых нь төлүүд сайн давхиж байна. Үе дамжсан Болдбаатар гэж залуу байна. Аймгийн Алдарт уяач Ваша гэж ах байна.
-Ваша гуай танай нутгийн хүн юм уу?
-Яг манай нутгийнх. Жаргалант сумын Гомбоогийн Далан хээр гэж хурдан морь байсан гэж ярьсан даа. Тэр Гомбоогийн хоёр дахь хүү нь Ваша ах шүү дээ. Сумын Алдарт уяач нараас бол Цэрэндорж гэж сайхан буянтай ах байсан. Базар, Балданхорлоогийн Жүгдэр, Цэрэндоржийн Ойдовсамбуу, Ойдовын Базаррагчаа гээд морь нь сайн давхиж байгаа мундаг уяач нар бий. Адуучин Маамаа гэгддэг Мягмар гэж хөгшин байгаа.Кино механикч хийж байсан энэ хүний шар хээр, бор хээр морьд бас их алдартай. Мөн Чимэдийн Амгалан гэж манайхан адуучин Амгалан гэж ярьдаг. Дээр үед манай Жаргалант сумын нэрийг олон гаргаж байсан хүн. Чимэдийн Мягмарсүрэн буюу манай гуравдугаар багийнхан Аагаа гэж авгайлдаг ийм сайхан настай уяач буурал байна. Рэнцэн, Пүрэв, алдартай хээр азаргатай Чогсом, Очироо багш зэрэг хүмүүс бас ахмад үеийн төлөөлөлд орно. Гуравдугаар багийн хүрэн морьтой Лхагваа гэж ах байна. Мөн Цэрэнбалжир гэж алаг морь ,зээрд мориороо сайхан наадаж байсан хүн байна. Архангайн төвд алаг морь нь түрүүлж, Самбай зээрд гэж хүрэн морь нь олон удаа айрагдаж байсан.
-Дунд үеийн төлөөлөл гэвэл?
-Дунд үеэс гэвэл аймгийн Алдарт уяач Мягмарын Энхбаяр гэж багаасаа морь уясан их мундаг залуу байна. Хонгор халзан, хар, хээр морь нь их сайн давхиж байна. Ёндонпэрлээгийн Нямдаваа, уяач Пүлтүүзийн Ганзориг, Пүрэвийн Батболд, Даваажанцангийн Ганбаатар, Борын Наранбаатар, Чимэдцэрэнгийн Түмэнбаяр, Бэгзээгийн Цэрэндорж, Дэндэвийн Очирбат, Сономын Батжаргал нарын сумын Алдартууд, залуу уяач Пэрэнлэйн Энхболд, Нарангэрэл, Цогцолмон, аймгийн Алдарт уяач Дагвын Сайнбилэг миний бие байна. Гэх мэтчилэн дунд үеийн уяач нар байна. Сүүлийн үед залуучууд их моринд орж, айраг, түрүү их авч байна. Энэ залуу үеийн төлөөллөөс нь дурдвал Надмидын Эрдэнэ-Очир, Одхүүгийн Батсүх, Цогцолмонгийн Бямба-Очир, Энхбаярын Отгонболд, Нямдаваагийн Өсөхбаяр гэж залуу байна. Эд нар багаасаа хурдан морины уралдаанч хүүхэд байж байгаад хоёр жилийн өмнөөс моринд хүнддэж одоо бүгд ааваараа заалгаад морь уяж байна. Энхбаатарын Ариунтулга, Адарсүрэнгийн Духнаа (жинхэнэ нэр нь Бадам хэн билээ дээ, гэрийнхэн нь энэ нэрээр дуудсаар байгаад мэдэхгүй байна) гэх мэтчилэнгийн олон залуучууд байна. 
-“Молор Эрдэнэ” МСУХ-ны цаашдын зорилт, хийж хэрэгжүүлэх ажил юу вэ?
-Ер нь манай дунд үе, залуу үеийн уяач нар сүүлийн үед бүс, аймгийн уралдаанаас айраг, түрүү авч эхэлж байна л даа. Тэгэхээр бүсийн уралдаан, аймгийн наадамд зохион байгуулалттайгаар оролцуулах, амжилтыг нь ахиулж, болзлыг нь хангуулж аймгийн Алдарт уяач олноор төрүүлэх зорилготой байгаа. Түрүүчээсээ гурван аймгийн Алдарт уяач төрөөд байна. Болзолд нэлээд дөхсөн хоёр гурван уяач бий.
-Дараагийн миний асуултууд уяачийн тань хувиар асуух асуулт байна. Сайнбилэг гэдэг хүн ямар хувь ерөөлөөр уяач болов оо?
-Би бол удам дамжсан уяач. Манай ээжийн аав Дэмбэрэлийн Пүрэвдаваа гэж уяач хүн байлаа. Морь уях эрдмийг өвөөгөөсөө өвлөж авч, өдий зэрэгтэй явна. Би тавдугаар ангиасаа өвөөгөөрөө заалгаад мориныхоо ажлыг өөрөө хийж сурсан. Бүсэндээ хусуур хавчуулчихаад том хүний яриа чагнаад суудаг хүүхэд байлаа. Тэрнээс хойш 30 гаруй жил морь уяж байна. Манай аав Дагва бас уяач, одоо 80 дөхсөн настай өвгөн бий. Аавын маань шар хээр морь байсан. Залуудаа их ааширхуу, гараан дээрээ булгидаг, их олон хүүхэд булгиж хаяж байсан гэнэ лээ. Тэгээд гараан дээрээ булгихгүй эргэх юм бол их сайн давхидаг. Өтөлсөн хойноо өөрийн эрхгүй номхроод 17-той айргийн тав дээр давхиж байсан. Жижиг наадмуудад бол гайгүй айрагдаж байсан, яг улсын баяр наадмаар хөгширсөн хойноо ганцхан удаа айрагдсан байдаг юм. Халтар азарга, бор азарга гээд аавын морьд сайн давхиж байсаан.
-Өвөөгийн чинь ямар ямар морьдууд байсан бэ?
- Өвөөгийн хоёр бор морь байсан юм. Заг суманд Бэгзийн хурдан шарга гэж наадам болгонд түрүүлдэг алдартай шарга морийг жаахан нас явсан хойно нь өвөөгийн  бор морь гарч ирж байсан юм билээ. Бор морь яаж тэр алдартай хурдан шаргын өмнө гишгэж байсныг ярих юм бол их удна л даа.
-Эрдэмтэй уяач, эрэмгий унаач, иртэй хурдан хүлгийн түүх сонсох нь манай сэтгүүлийн гол зорилгуудын нэг л дээ. Тэр түүхийг тань уншигчдадаа хүргэмээр байна?
-Манай өвөө маань нэг сайхан бор морьтой. Тэрнийг нь хүмүүс хараад л энэ мөн сайхан амьтан шүү, энэ тусгай төрсөн амьтан, нэг л өдөр түрүүлнэ дээ гээд байдаг. Тэгэх тусам нь л өвөө маань хичээж уясан ч нэг их шальдаггүй, сайндаа л айргийн дөрөв, таваар давхидаг байж л дээ. Нэг өдөр Загийн гол өгсөөд явж байтал нутгийн морь сайн мэддэг лам өвгөнтэй тааралдаад энэ хүнээс л нэг үг дуулъя гэж бодоод “хоёулаа хоёр айлаар орох уу” гэсэн “тэгье” гэж гэнэ. Хоёр, гурван айлаар ороод жаахан халаад, хээр буугаад тамхилж сууснаа нөгөө лам өвгөн бор морийг саравчилж харж байснаа “чи энэ морийг уядаг юм уу” гэж гэнэ. “Өө уядаг юм” гэвэл “ тэгээд яаж давхидаг юм” гэхээр нь “базаахгүй ээ, ганц хоёр айрагдсан” гэсэн чинь “хнн” гэж. Цаашаа хоёр айлаар орж шимийн юм уугаад нөгөө өвгөн нэлээн согтжээ. Тэгэхээр нь “энийг ер нь яаж уявал болох вэ. Би ерөөсөө янз бүрээр уяад ч түрүүлүүлж чадахгүй байх юм” гэсэн чинь “Энийг эвий минь, эвий минь гээд байвал урагшаа алхахгүй л дээ. За чамайг даа гээд шазуураа зуугаад байвал наадахын чинь өмнө орох юм энэ нутагт байхгүй шүү” гэж хэлжээ. Дээр үеийн улсууд чинь олон таван үггүй, битүү хатуу утгаар ярьдаг. Тэр ярианаас өвөө уяагаа зөөлдүүлээд байгааг ойлгоод тэр жилээс маш бага хооллож, их хатуу уясан гэж байгаа. Зуны харанхуй болох үе 23 цагийн орчим үе шүү дээ. Харанхуй болонгуут нэг зул өргөөд, гэрэлд нь ном уншаад суучихдаг. Зул жаргангуут бор морио хөтөлж аваачаад адуунд нь тавьчихаад, өглөө дөнгөж үүр хаяарангуут авчраад уячихдаг. Тэгэхээр ихдээ гурван цаг хооллож байсан юм уу даа. Тэгээд эхний үсэргээнээс л шарга морины ар дээр гарч ирсэн гэж байгаа. Эхний сунгаануудад Загийн Бэгзийн шарга морь өмнө нь, манай өвөөгийн бор ард нь. Их үсэргээн дээр өвөө хүүхдээ мордуулахдаа “за миний хүү бор морь чинь шарга морины өмнө орно. Гэхдээ чи өмнө нь орж болохгүй шүү. Татаад л ташааг нь дэрлээд яг ард нь дараад л ороод ирээрэй. Амьтны анхаарал татаж болохгүй шүү” гэсэн чинь хүүхэд нь за ч гэхгүй уурлаад яваад өгөх юм гэнэ. Морьдын түрүүч гараад иртэл бор морь шарга морины ард дарчихсан явж байгаад яг бариа руу орох дөхөөд ирэхэд нь хүүхэд нь ганцхан ухасхийлгээд л шарга морины өмнө ороод түрүүлчихэж. “Пүрэвдаваагийн морь мөн сайн байнаа” гээд л улсууд шуугиад эхэлсэн гэж байгаа юм. Буурай аав цагаан нь хар хэл амнаасаа хэцүү байдаг гээд их цээрлэж байсан гэсэн. Тэгээд өргөж буулгахдаа “хэлээд байхад яаж байгаа юм чи” гээд загнасан чинь “энэ олон жил түрүүлчихсэн аварга морийг одоо л түрүүлгэж, зүрхийг нь дарж авахгүй бол наадмаар надад яаж баригддаг юм” гэсэн гэнэ лээ.
-Бас айхтар хүүхэд байх нь.  Хэдэн настай хүүхэд байсан юм бол?
-Мэдэхгүй ээ. Дээр үед одооных шиг жоохон хүүхэд унуулдаггүй байсныг бодоход 13,14 настай л байсан биз. Ер нь уралдаанч хүүхэд ам ангаймааргүй байдаг юм уу, бид нараас илүү байдаг. Тэгээд тэр жил Заг сумын баяр наадамд манай өвөөгийн бор морь Бэгзийн хурдан шаргыг дийлж хол ирж байсан гэдэг. Нэг л удаа дийлж хол тасархай түрүүлээд өвөл нь тэр бор морийг хангай зооглож байсан юм гэнэ лээ. Дараа нь шүдгүй Самдан гэж хүнээс хязаалан бор үрээ аваад, хязааланд нь хол түрүүлгэж байсан гэдэг. Хүмүүс морь эргэчихсэн юм бишүү гэж дурандсанаа “өө мотоцикль байна“ гэж. Тэгсэн манай ээжийн дүү Дамдинбазар ах дурандсанаа “өө мотоцикль гээд байсан чинь манай бор үрээ байна шүү дээ” гэсэн, үнэхээр бор үрээ ганцаараа их хол тасархай түрүүлсэн гэж байгаа юм.
-Өвөө, аав морь уяж байсан юм чинь морийг унаж хурдлуулж байсан байлгүй? 
-Би ер нь морь унаж чадаагүй юмаа. Тавдугаар ангиасаа буюу 12 настайгаасаа морь уяж, Халзангийн Батболд гэж доод ангийн хүүхдээр морио унуулдаг. Хоёулаа эмээлтэй нь тойргоор хөлслөчихөөд эмээлийг нь авах гэж байгаад гэдсэнд нь чирүүлээд, хоёр жоохон юм жолооноос нь зүүгдээд арай гэж эмээлээ салгаж авч байлаа.
-Тэгээд анхны айраг, түрүүгээ хэзээ авч байсан бэ?
-Анхны айргаа их хожуу авсан. Аравдугаар анги төгсөөд хүнсний ТМС-д сурч төгсөөд, Эрдэнэт хотын хүнсний үйлдвэрт хөргөлтийн машинистаар нэг жил ажилласан. Тэгээд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн “Хангарьд“ клуб анх байгуулагдахад чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчнаар орж, 1993 он хүртэл ОУ-ын хэмжээний мастер Жавхлантөгс багшийн урирдлага дор хичээллэсэн. 1994 онд нутагтаа ирээд морио ахин уяж эхэлсэн. Гэсэн ч айраг, түрүү хараахан авч амжихгүй л байлаа. Тэгээд 2005 онд Цэрэндоржийн Базаррагчаа гэдэг ахаас бор азарга аваад, тэр бор азарга миний хурдны өмийг нээж өгсөн.
-Бор азарга нутаг адуу юмуу? 
-Базаррагчаа ах бол манай нутгийн ах. Далгүй Доржсүрэнгийн бор гэж алдартай азарганы төлийг авч байсан. Авсан жилээ л айрагдсан. Тэрнээс хойш бор азарга маань улсын баяраар хоёр түрүүлээд, уяачдын холбооны нээлтийн наадамд нэг түрүүлээд, үндсэндээ гурав түрүүлж, дөрөв аман хүзүүлж, гурав айрагдсан байдаг юм. Зөвхөн бор азарга л надад тийм амжилт үзүүлсэн. Тэрнээс хойш хуурай дүү Очирбатын Алтанхуяг гэж залуугаас авсан хүрэн даага их сайн давхисан. Энэ Ембүү хүрэн надад 10 гаруй айраг, түрүү авч өгсөн. Галуутын хангайн бүсэд шүдлэн үрээ түрүүлсэн, хязааландаа түрүүлсэн, Хүрээмаралд зохиогдсон хангайн бүсийн аймгийн чанартай уралдаанд соёолонд тавиад аман хүзүүлж байсан. Өнгөрсөн жил Гурванбулагийн зуны бүсэд хязаалан үрээ соёолонд түрүүлсэн. Миний бас хул их морь байгаа. Өнгөрсөн жил наадмаар түрүүлж, мөн Гурванбулагийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Тэр хул морийг Галуут сумын харьяат миний нэг хуурай дүү Бадарчийн Баярсайхан гэж уяач залуу надад бэлэглэсэн. Тэр бор азарганаасаа хойш би ЗГ-ын тогтоолт улсын бүсээс нэг айраг, аймгийн бүсийн таван түрүү, нэг аман хүзүү, сумын 20 гаруй айраг, түрүү авсан даа.
-ЗГ-ын тогтоолт наадмынхаа амжилтыг дэлгэрүүлж ярихгүй юу?
-Ламын гэгээний 375 жилийн ой гэж 2014 онд болсон. Тэгэхэд манайх ЗГ-ын тогтоолоор улсын бүс авсан. Тэрэнд Ембүү хүрэн маань эрлийз дунд насанд айргийн тавд давхисан.
-Эрлийз дунд гэхээр цустай адуу юм байна. Аль талдаа цус орсон юм бэ?
-Ембүү хүрэн бол гурав дахь үеийн эрлийз. Аав нь монгол, ээж нь хоёр дахь үеийн шинэ монгол адуу гэж ярьдаг. Англи азарга, монгол гүүний төл эрлийз гүүнээс гарсан гэсэн үг. Баянхонгорын наадамд даага айргийн гурваар давхичихсан байхад нь би авч байсан. Тэгээд эрлийз хоёр, гуравдугаар үе ч бай үүлдэрлэг байдлаар нь ангилж уралдуулдаг болчихсон.
-Хөдөө сумдад яаж ялгаж уралдуулж байгаа вэ? Эрлийз адуугаар хөдөө уралдах боломж байна уу?
-Багад нь уралдуулж байсан юм. Галуутад зохиогдсон хангайн бүсийн уралдаанд шүдлэн үрээ очиж түрүүлсэн. Өнгөрсөн жил хязааландаа Хүрээмаралд очиж хангайн бүсийн хаврын уралдаанд соёолонд уралдуулсан. Зарим нь уралдуулахгүй гээд, зарим нь нас ахиулж тавьж байгаа юм чинь гээд уралдуулсан л даа. Зун нь мөн хязаалан үрээ Гурванбулагийн хангайн бүсэд соёолонтой уралдуулахад км тасархай ирсэн. Харамсалтай нь эрлийз гэсэн шалтгаанаар хассан. Тэрнээс хойш Бууцагааны Шигшмэл хурдад өнгөрсөн жил очсон. Томрох тусам уралдуулдаггүй юм байна лээ. Ер нь цаашдаа үр төлийг нь л авна гэсэн бодолтой байгаа.
-Гуравдугаар үеийн эрлийз хэрнээ бие хаа нь том л байна уу?
-Өө том том. Монгол адуутай зүйрлэхгүй. Гэхдээ эрлийз адуу чинь аль ч талд давамгайлж төрж магадгүй. Ембүү бол яг англи талаа илүү татаж төрсөн л дөө. Харагдах байдлаасаа бол эрлийз гэдэг нь тодорхой харагддаг юм. Өнгөрсөн жилээс гүү хураасан, энэ жилээс эхний төлүүд нь гарна.
-Таны оролцсон хамгийн том наадам гэвэл 2014 оны ЗГ-ын тогтоолт наадам байв уу? 
-Тийм. Хамгийн зохион байгуулалттай, хамгийн сайхан наадам бол говийн бүсийн уралдаан Ламын гэгээний 375 жилийн ой. Тэрэн дээр зохион байгуулалт гэж ямар байдгийг Баянхонгорын “Хонгорын хурд“ МСУХ харуулсан. Уралдааны замыг зассан байдал янзтай. Ямар ч машинууд дагах аргагүйгээр уралдааны зам зассан. Би энд тэнд олон газар очиж нааддаг ч яг тэр наадам шиг зохион байгуулалттайг үзээгүй. 
- Та аймгийн заан цолтой бөх хүн. Морь уях, барилдах хоёр өөр зүйлийг яаж амжуулдаг юм бэ?
-Би 15 настайдаа анх барилдсан. 10 дугаар ангидаа аймгийн Аварга шалгаруулах тэмцээнд чөлөөт бөхийн 70 кг-ийн жинд аварга болж байлаа. Үндэсний бөхөөр 18 настай жоохон хүүхэд сумандаа түрүүлж байсан. Тэр үед манай сумын улсын Начин Бордух, сумын заан Галбаяр, сумын Заан Батаа гээд том бөхчүүдтэй шөвөгт үлдэж барилдаад Заан болж байлаа. Тэдний аль аль нь л харьж муудаагүй байсан. Тэгээд 1993 онд 23 насандаа Эрдэнэт хотод аймгийн Начин цол авсан. Дараа жил нь 1994 онд Баянхонгор аймагтаа ирж аймгийн начин цолоо батлаад, зургаагийн даваанд улсын Начин Сүхбатад унаж байсан л даа. 26 насандаа 1996 онд аймгийн Заан болж байсан. Тэрнээс хойш хөдөө сумандаа бэлтгэл хийх орчин нөхцөл ч  байсангүй, бэлтгэлээ хаясан. Энэ хугацаанд хоёр удаа аймгийн наадамд очиж барилдсан ч бэлтгэлгүй байсан болохоор шалиагүй. Орон нутагт бэлтгэл хийх нөхцөл боломж муу учраас бөхөөс хөндийрсөн. Гэхдээ цагаан сарын барилдаан, улсын барилдаанаар алгасахгүй барилддаг. Сумынхаа оны Аварга шалгаруулах барилдаанд найм түрүүлж, Жаргалант сумынхаа баяр наадамд долоо түрүүлж, Заг сумын баяр наадамд хоёр түрүүлсэн.
-Тантай хамгийн олон таарч барилдсан учраа бөх хэн бэ?
-Хамгийн олон таарч барилдсан бөх манай аймгийн Начин Ганбаатар. Бид хоёр нэг үеийн бөхчүүд, надаас гурав дүү л дээ. Би наадамд долоо түрүүлэхдээ Ганбаатартай үзүүр, түрүүнд гурав үлдсэн байдаг. Ганбаа маань суманд дөрөв түрүүлсэн. Заал танхимын барилдаанд ч олон таарч барилдлаа. Сүүлийн үед хоёулаа уяач болсон. Ганбаа маань сумын Алдарт уяач.
-Барилдана гэдэг бол биеийн хүч, оюуны хүчээ зэрэг сорьж байгаа. Морь уяна гэдэг бол ухаанаа сорьж байгаагийн хэлбэр гэж би ойлгодог. Барилдах, уралдах хоёрын аль нь илүү танд сэтгэл ханамжийг бэлэглэдэг вэ?
-Ид залуу барилдаж байх үедээ би морийг хоёр номерт тавьдаг байлаа. Би барилдах ёстой, барилдахдаа сум орон нутгийнхаа нэрийг гаргах ёстой гэж боддог. Тийм ч учраас бөхөөсөө их кайф авдаг байсан. Одоо барилдахаа болиод морь руу эргэлт буцалтгүй орсон болохоор сэтгэл гаргаж их зүтгэж байгаа. Тэгтэл мориноос кайф авдаг болчихдог юм байна. Засаг даргын ажил чинь их ачаалалтай, хэцүү ажил. Энэ дөрвөн жилийн хугацаанд сум орон нутагтаа чадлынхаа хэрээр зөндөө л юм хийлээ. Манайх чинь 2015 онд хийсэн ажлаараа аймагт нэгдүгээр байранд орсон. Төлөвлөсөн олон ажлаа гүйцэтгэхэд дөрвөн жил хүрэлцдэггүй юм байна. Энэ хугацаанд нервтэх үе олон гардаг ч тэр бүхнийг арилгадаг ганц зүйл бол миний алтан туурт. Их нервтсэн, сэтгэл санаа тавгүй үед гэрийн хүндээ ч хэлэлгүй адуу руугаа яваад өгдөг. Манайх морьдоо хавар таван сар хүртэл тэжээдэг. Тэнд очоод тэд нартайгаа яриад, эрхлүүлээд, хоол тэжээлийг өгөөд ирэхээр бүх юмыг мартчихдаг. 
-Бидний урилгыг хүлээн авч нутаг орондоо уяачдаа сайхан зохион байгуулж, бидний ажилд дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлж байна. Мөн сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. “Тод магнай“ сэтгүүлийн хамт олон та бүхнийг манай суманд хүрэлцэн ирж биднийӨ хийж бүтээсэн болон, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг маань сурвалжилж яваад баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна