МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.ГАНБАТ: МОNGOLIAN SATURDAY АЛСЫН БУУДЛАГА ХИЙСЭН

2015 он Монголын төдийгүй, дэлхийн морин спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гайхамшигт үйл явдлын гэрч болон үлдсэн. 10-р сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон 32 жилийн түүхтэй “Breeders cup” III группийн буюу дэлхийн хэмжээний уралдаанд Монгол уяачийн шинжин таньж, уяж сойж хурдлуулсан Монгол уяачийн хүлэг түрүү магнайд хурдалж, молор эрдэнээ дээдлэгч  моринд хайртай түмнээ  баясгасан билээ. Тод манлай уяач Д.Ганбаатарын тэрхүү хээр морины уяа сойлгыг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач  Энэбишийн Ганбат, тааруулдаг.Ийнхүү морьтон түмнийхээ хийморийг өргөсөн Э.Ганбатыг уяачийг ММСУХ дээд шагнал “Молор эрдэнэ” одонгоороо шагнасан бөгөөд эх орондоо түр ирээд байхад бид уулзаж, зочин хоймортоо урьсан юмаа. Ингээд элдэв оршлоор уйдаалгүй ярилцлагат анхаарлаа хандуулахыг урьж байна.
-2015 онд Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж, хүн бүхэн бахдан харж байлаа. Өөрөөр хэлбэл Монгол уяачийн уясан морь дэлхийд түрүүллээ. Та энэ л үед Монгол эр хүний омогшлыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн байх ?
- Үнэндээ манай морь “Breeders cup 2015”-д уралдсан 14 морин дотроо эрэмбээрээ нэлээн хойгуур байсан л даа.Америкт бооцоо тавихад зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд гэж бий. Тэд тухайн морины амжилт, удам угсаа, унаачийн болон уяачийн ур чадвар,сүүлчийн сунгаандаа үзүүлсэн цаг, уралдах зайнаас авахуулаад цаг агаарын нөхцөл байдлыг тооцож үзээд ерөнхий бооцооны эрэмбийг гаргадаг. Манай морь долдугаар сарын 11-нд болсон Пенсилван мужийн III группийн уралдаанд эрэмбээрээ хамгийн муу нь байсан ч араас нэхсээр хоншоороор таслагдаж аман хүзүүдсэн.Монголчууд хоншоор дутлаа гэж ярьдаг даа.Энийг та юу гэж ойлгодог вэ?
-Аз дутлаа л гэсэн үг?
-Үүнээс өмнө би энэ тухай бодож байгаагүй юм байна лээ.Тэгээд мориныхоо хоншоороор таслагдах тэр үед “монголчууд бид чинь бүх зүйлээ мориороо төлөөлүүлж ярьдаг улс юм байна” гэж өөрийн эрхгүй бодогдсон.Бүүр худалдаа наймаан дээрээ ч хоншоор дутлаа гэж ярина биз дээ. Мориныхоо хоншоороор алдаад ойлгож байгаа байхгүй юу. Энд нөгөө мэргэжилтнүүдийн алдаа гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл хамгийн муу эрэмбэлэгдсэн морь дээгүүр давхихад англиар long shots буюу “алсын буудлага” гэлцдэг.
-Алсын буудлага аа?
-Алсын буудлагын үед мөнгө асар их өсдөг. Аман хүзүүддэг тэр уралдаанаар эхний дөрвөн морийг таасан хүн нэг доллароор17000 доллар хожиж байсан. Тэр уралдаанаас эхлээд л морины маань рейтинг сайжирсан. Өнөөдөр хурдан морь сонирхогчид G-1 буюу grade гэхээр андахгүй л дээ. Америкийн морь судлаачид хэлдэг юм. 1000 унаганаас G-1-д түрүүлэх ганцхан адуу төрдөг гэж. Анх би муу ч уядаг байж. Амжилт нь санаанд төдий л хүрэхгүй байхаар нь малын эмчид үзүүлдэг юм. Тэгсэн дурандаж үзчихээд G-1, G-2 ч биш. Ер нь энэ группийн уралдааны морь биш байна. Гэхдээ яахав гайгүй давхичихаар хоолойны багтаамжтай юм гэж хэлж байлаа.
-Хэзээ тэгж үзүүлсэн юм бэ?
-Өнгөрсөн жилийн гурван сард үзүүлсэн юм. Үүнийг сонсоод гонсойсон. Гэхдээ эмч тэгж хэлсэн ч дутууг нь нөгөөгөөр нь нөхнө дөө гэж бодлоо. Ингээд зүгээр суусангүй. 11-р сарын эхээр болдог Дэлхийн аварга шалгаруулах “Breeders cup”-т оролцохоор бэлдэж эхэлсэн. Энд хамгийн өндөр оноотой 14 морийг оруулдаг юм. Оноогүй бол орох эрхгүй. Түүнд орох оноогоо цуглуулахын тулд группийн уралдаанд орох хэрэгтэй болсон. Ингээд долдугаар сарын 11-нд болсон III группийн уралдаанд орж, аман хүзүүдээд хоёр оноо авлаа. Дараа нь Пэнсилванд болсон мөн л гуравдугаар группийн уралдаанд аман хүзүүлж,  дахин хоёр оноо авч нийт дөрвөн оноотой болчихлоо. Ер нь ийм оноотой байхад орж болдог юм. Иймэрхүү группийн уралдаанд дуртай нь тодорхой хэмжээний хураамжаа төлөөд орж болно. Долдугаар сарын 11-ны уралдаан 300,000 долларын шагналын сантай байсан ба түрүү нь 200,000 доллар авах жишээний. Ерөнхийдөө том уралдааны гарааны төхөөрөмж 14 хаалгатай бол жижгэвтэр уралдаан 12-хаалгатай байдаг. Ингээд мөнгөө төлөөд, онгорхой зай байвал шууд орно. Эхлээд нэг группийн уралдаанд аман хүзүүлчихээр дараагийнхад ногоон гэрлээр ороод явчихаж байгаа юм. Америкт группийн бус энгийн уралдаанд морио уралдуулахад ерөөсөө хураамж төлдөггүй.
-“Breeders cup”-т амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Ямар ч байсан нэг юмуу хоёроор ирнэ гэж найдаж байсан болохоор би эхний хоёроор мориндоо бооцоогоо тавьсан юм. Яагаад гэвэл 2015 уралдахдаа сүүлийн 10 уралдаандаа эхний гурваас салаагүй. Тэр дундаа сүүлийн долоон уралдаанд зөвхөн үзүүр, түрүүнд уралдаж байсан болохоор тэр өдөр итгэлтэй байлаа. Mongolian Saturday маань нийт 32 уралдахдаа 7 түрүүлж, 8 аман хүзүүдэж, 6 гуравлаж, нийт 1,239,000 долларыг олжээ.  Харин сая л Гонконгод түрүүлж чадсангүй 5-д орчихлоо.
ТАВАН ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛСӨН
-Яагаад?
-Хэд хэдэн зүйл нөлөөлсөн байх гэж би дүгнэлт хийсэн юм.
Нэгдүгээрт уралдааны зай өөрчлөгдсөн. Манай морь спринт буюу тарны хурдтай адуу. Голцуу 1000 метр дотор уралддаг. Гонконгийн уралдааны зам 1200 м болж зай холдоод, ачаалал ихсээд ирэхээр нөгөө хоолойны багтаамж буюу хүчилтөрөгчийн гүйцэд хангамж дутагдаж байх шиг байна. Монголын нөхцөлд ойр мэт санагдаж болох ч асар өндөр хурдаар тэсэрч уралдаж байгаа моринд 200 м амаргүй л дээ.
Хоёрт уралдааны чиглэл нь эсрэг болсон. Америкт нарны эсрэг тойрч уралддаг. Харин Гонконгод Английн системээр нар зөв эргэж уралддаг юм байна лээ. Хурдаараа явж байгаа морьд тойрог дээр хөлөө сольдог. Дараа нь уралдааны бичлэгийг харахад тойрог тойроод гарч ирэхдээ манай морь хөлөө сольж чадахгүй гадагш ханарч хэдэн метрийг алдаж байна лээ.
Гуравт Флоридагаас Гонконг хүртэл 20 цаг нисэж хүрсэн. Болоогүй замдаа Аляскад хэдэн цаг зогссон. Тэгэхээр хөөрхий их ядарсан л даа. Морь чинь машинаас илүү онгоцонд явахад зүдэрдэг юм байна. Өндөр, даралтын зөрүү их нөлөөлдөг юм шиг байна лээ.
Дөрөвт бид уралдаан болохоос найм, ес хоногийн өмнө очсон ч цагийн зөрүү гарч өгөхгүй бас зовоосон. Морь маань өдөр,үдээс хойш унтаад л байдаг. Америкийн цагаар үүрийн 3-4 цагийн үе гэсэн үг.Олон хоногийн өмнө очмоор юм байна лээ.
Тавд манай морь уралдахаа мэдэхээр их агсарч хөөрдөг зүрхээр асаргүй адуу л даа. Уралдааны өмнө үзэгчдэд морьдыг тойруулж үзүүлдэг талбайд гаргахад агсраад хөтөлж яваа хүнээ авч шидчих гээд эхэлдэг. Уралдааны зам руу морь гарахад тусгай мэргэжлийн морь хөтлөгч хөтлөөд зөөлөн явж гарааны төхөөрөмж рүү очдог. Гонконгод морь хөтлөгч нь хятад залуу байлаа. Тэр залуу манай морийг хөтлөх гэж нэг оролдсоноо болиод л зайтай очоод зогсчихсон. Манай жокей учрыг асуувал танай галзуу солиотой морийг хөтөлж чадахгүй гэнэ. Сүүлд бодоход тэр залуу үнэнээ хэлжээ. “Америкийн морь хөтлөгчид маш чухал ажил хийдэг улс юм байна. Тэд номхон морьтой өөрсдөө моринд гарамгай жинхэнэ Ковбой нар байдаг юм байна. Тэгээд ч тэд ямар ч морийг аргалаад гарааны төхөөрөмжинд аятайхан аваачдаг” гэсэн . За тэгээд манай жокей ганцаараа явах гээд хөдөлсөн чинь аваад харвачихсан. Гарааны төхөөрөмжин дээр 1000 м давхиад очиход хөлс гарчихсан байсан. Тэгээд л ир нь дарагдсан байх. За тэгээд унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр олон зүйл тоочлоо. Гэвч гол нь би морио зөв тавьж чадаагүй байхаа.
Америк бол хамгийн шилдэг, хамгийн олон тооны Цэвэр цусны англи адуутай орон. Тэгвэл олон адуун дундаас Дэлхийн аваргын түрүү морь ирээд уралдана гэдэг нэр төрийн хэрэг гэцгээж байлаа. Ер нь энэ спринт төрөлд сүүлийн арваад жил Америкаас морь ирж уралдаагүй юм байна лээ. Өглөө болгон буудлын өрөөнд шинэ сонин оруулж өгнө. Тэгээд л алдарт Mongolian Saturday ирсэн. Түүнтэй манай Гонконгийн шилдэг спринтерүүд тулж хэний хэн болохоо үзнэ гэж бичээд дарамттай байсан шүү. Дээр нь тэд спринт төрлөөр сүүлийн дэлхийд бараг тэргүүлдэг. Бүүр Дубайн цомд очоод спринт төрөлд нь түрүүлчихдэг улс шүү дээ.
Гонконг бол допингийн тал дээр маш өндөр шалгуур тавьдаг. Биднийг очихоос өмнө 50-иад төрлийн материалыг бүрдүүлж авсан. Манай малын эмчээс гэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийлгэсэн эм тариа, вакцин, эмчилгээ гээд арваад төрлийн мэдээллийг авсан байх жишээний. Энэ бүхнийг гарын үсгээр баталгаажуулдаг. Хэрвээ худлаа бол хариуцлага хүлээнэ. Гонконгийн талынхан ч энэ ажлаа өндөр түвшинд хийдэг. Манай морийг “Breeders cup”-д түрүүлээд 30 минут болж байхад Гонконгийн Дэлхийн аваргын уралдаанд урьсан е-mail ирж байгаа юм. Том уралдаанууд урьсан морьдынхоо ирэх бүх зардлыг даадаг жишигтэй. Тэр дагуу Гонконгийн талаас морины ирэх буцах бүх зардлыг дааж мөн морины эзэн, уяач хоёрт ирэх буцах бизнес классийн хоёр билет, жокейд нэг суудал тус тус өгсөн. Мөн зочид буудал, хоолны талоныг нь ч энд багтаасан. Урилга авна гэдэг ийм сайхан юм байна лээ. Харин урилгагүй морь бүх зардлаа өөрсдөө даагаад очдог.
- Шагналын сан нь өндөр байх уу?
-“Breeders cup”-ийнх нэг сая доллар байсан бол Гонконгод 2,4 сая долларын шагналын сантай байсан. Үүнээс түрүү морь 60 хувийг нь авна. Энэ нь ойролцоогоор 1,4 сая юмуу даа. Манай морь тавд орж 80,000 долларын шагнал авсан.
ГУРАВДУГААР САРЫН 26-НД БОЛОХ ДУБАЙН ЦОМД УРАЛДАХ УРИЛГА ИРСЭН
-Хэдийгээр түрүүлээгүй ч Гонконгийн уралдаанд тавдугаар байранд орлоо. Энэ мэдээж дараа дараагийн уралдаанд ороход нэг үзүүлэлт болно биз?
- Манай морь Гонконгийн дөрвөн морины ард ирсэн. Ард нь Япон, Америк, Ирландын морьд орсон. Гурван сард Дубайн цомд түрүүлсэн Ирландын морь бүүр хойгуур орсон. Энэ тэмцээний дараа Дубайн цомын Америк дахь төлөөлөгч манайхан руу утасдаж Дубайн цомд урих сонирхолтой байгаагаа хэлж, миний е-mail хаягийг авсан байсан. Түүний дараа Дубайн цомд уралдах урилгыг илгээсэн. Тэгэхээр 5-д орсон нь бас нэг үзүүлэлт болсон байх.
-Дубайн уралдаан хэзээ болох юм бэ?
-Гуравдугаар сарын 26-д болно. Ямартаа ч гар хөл нь бүтэн байвал орно доо. Машин шиг дугуйг нь солиод тавьчихна гэх биш, амьд амьтан болохоор хэцүү л дээ. Эндээс үүдээд хэлэхэд өнөөдөр Монголд грум гэж мэргэжилтэй хүн нэг ч хүн алга. Ингэж хэллээ гээд монголчууд гомдохгүй болов уу.Морь маллаж байгаа хүнийг манайхан жүчээг нь цэвэрлэж, баасыг нь гаргаж хаядаг, усладаг, тэжээлийг нь өгдөг мэтээр ойлгодог. Тэгвэл бусад оронд грум нь мэргэжлийн хүн байдаг. Тэд морио маллахдаа гол анхаарлаа хөл рүү чиглүүлж өдөр болгон морины хөлийг боож арчилж юм түрхэж, хөл доголохоос сэргийлнэ. Грум хичнээн өндөр мэргэжлийнх байх төдий хэрийн өндөр цалин авна. 1 грум 5 морийг хариуцаж ажиллана. Зарим том уяачдын грум ганц морийг хариуцаж ажилладаг гэсэн. Америкийн зарим том уяачид 400 морь уядаг. Мэдээж тэр хүн 400 морийг нэг өдөр бүгдийг нь үзэж амжихгүй шүү дээ. Тэгэхээр 20 морь тутамд нэг туслах уяачтай байх бөгөөд тэд мэдээг нь өгнө. Би бодохдоо бид бас гайгүй арчилсаны ачаар “Монгол бямбаа”-гаа хөлтэй байлгаад байна. Mongolian Saturday шиг өндөр зэрэглэлийн уралдаанд гучин хэд уралдчихаад хөлтэйгээ байгаа адуу ховор. Манай морь чинь Америкийн бараг бүх тойруулгын уралдаанд яваад уралдчихсан. Бүүр Канадад очиж уралдаж байсан. Анх хаана л уралдаан болно туудаг байлаа ш дээ. Одоо бид ч өөр болсон.Рейтингээ авчихлаа, уяаны арга барилаа ямар нэг хэмжээгээр олчихлоо. Тийм болохоор болж өгвөл зөвхөн шагналын сан өндөр, том уралдаанд зүтгэнэ гэж бодож байна.
-Дубайн уралдаан ямар зэрэглэлийнх юм бэ?
-Энэ бол нэгдүгээр зэрэглэлийн уралдаан. Өнөөдөр дэлхийд номер нэгээр эрэмбэлэгдэж байгаа.
АДУУ ҮРЖҮҮЛЭГЧ­ДИЙН ЦОМ БУЮУ “BREEDERS CUP” НЬ 32 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ УРАЛДААН
-Ах дүү Тод манлайгууд эртнээс бэлтгэж байгаад очиж үзсэн үү. Хувцас хунар тэргүүтнүүдийг нь хараад тэгж бодсон?
-Сонгомол морин уралдаан нь Английн баячууд язгууртнуудаас эхлэлтэй. Олон жилийн уламжлалтай том уралдаанд заавал эзэн нь очдог юм. Очих очихдоо бүүр найз нөхөд, гэр бүлийнхнээ дагуулаад, гоё ганган хувцсаа өмсөөд очдог. “Breeders cup” -д бол зохион байгуулагчдын зүгээс өмсөх хувцсыг зааж өгнө гээч. Эмэгтэй нь шляп, даашинзтай, эрэгтэй нь костюм өмсөж, заавал зангиа зүүсэн байх ёстой гэж заавар дээрээ бичсэн байсан. Гэхдээ Ганбаа /Тод манлай уяач Д.Ганбаатар/ бид хоёр ярилцаж байгаад Монгол үндэсний хувцастайгаа очъё. Хэрвээ костюмгүй гээд хүлээн авалтандаа оруулахгүй бол тэр л биз. Костюм өмсөөгүй гээд морийг маань уралдуулахгүй гэхгүй нь лавтай гэж шийдэцгээсэн.
-Урьдчилан мэдэгдэлгүй үндэснийхээ хувцастайгаа оччихож байгаа юм уу?
-Тиймээ, хэлээгүй. Тэр үед halloween -ий баяр давхцаад, зарим нэг нь энэ баярт оролцож байгаа хүмүүс гэж ойлгосон. Бүүр halloween -ий баярын хувцас өмссөн сонин улс явж байна гэж өөр хоорондоо жиг жуг хийлцэж байлаа. Тэгээд Mongolian Saturday-г түрүүлээд ирэхэд учрыг нь ойлгоцгоосон л доо. Биднийг суудалдаа ирж суухад стадион даяараа хашгирч баяр хүргээд л. Үнэн сэтгэлээсээ бидний амжилтанд баярлаж, бидний өвөрмөц байдлыг бахдаж байна лээ. Маш олон хүн зургаа хамт авахуулсан. Би чинь их олон багштай хүн л дээ. Монголоос Тод манлай Онон, Ганхуяг нар маань зөвлөдөг. Бас Орос багш нар байна. Миний нэг багш Марат гэж Киргиз хүн Америкт морь уядаг. Марат надад баяр хүргэж утсаар ярихдаа “та нар үндэснийхээ хувцастай гарч ирдэг бас их зоригтой улс юмаа. Хэрвээ манайхан байсан ийм соёлтой газар тэс хөндлөн хувцаслачихаж гэж хэлнэ гээд эмээх байсан болов уу. Тэгэхэд та нар ямар гоё, зоригтой гарч ирэв ээ” гээд л дахин дахин хэлэхийг сонсоход сайхан байсан шүү. Бас Америкт морь уралдуулдаг Оросын тэрбумтан Владимар Казаков гэж найз маань утасдаад “та хэд прокатнаас аваа юу. Хэдийдээ Монгол үндэснийхээ хувцсыг олоод өмсчихдаг байнаа” гэж асуусан. Бэлдээд ирснийг ойлгохгүй байна лээ. Хэвлэлийн бага хурлын дараа банкетний өрөөнд орж шампанск тулгадаг юм байна лээ. Тэгэхэд “Breeders cup” –н хамгийн том дарга нь хундага тулгангаа “танай монголчууд манай уралдааныг үнэхээр чимлээ” гэж үнэн сэтгэлээсээ хэлсэн. Ер нь Дэлхийн том уралдаануудад очиж уралдаж байгаа өөр орныхон үндэснийхээ хувцастай очдоггүй нь ажиглагдсан. Арабын шейхууд Америкт ирэхдээ костюмтай явах юм байна лээ. Япончууд кимоногоо өмсөөд ирж болмоор юм. Гэтэл гонжийсон костюмтай л харагддаг. Ингэхлээр бид чинь Дэлхийн сонгомол морин уралдааны олон зуун жилийн нэгэн стерео типийг эвдсэн болж таарч байгаа юм. Үүнээс ургуулан бодоход бид нэгэн цагт агуу их гүрэн явсны улбаа юмуу даа.
-“Breeders cup”-т үүнээс өмнө Азиас морь түрүүлж байсан гэж ярих юм байна лээ?
- “Breeders cup” нь 32 жилийн түүхтэй уралдаан. Энд олон улсын морьд уралддаг. Арабын зарим орнууд чинь Азид ордог юм байна лээ. Тухайн үед тэдний морьд түрүүлж байсан ч уяач нь Америк хүн. Харин Ази уяачтай морь “Breeders cup”-т түрүүлж байгаа нь анхных болсон. Гонконгод ч гэсэн морьдыг нь голдуу Австрали, Шинэ Зеланд хүмүүс уядаг юм байна лээ.
-Түүнээс хойш морь уяулах санал их ирж байна уу?
-Бид одоохондоо 1-р зэрэглэлийн уралдаанд нэг л түрүүлээд байна. Би одоогоор 11-хэн морь уядаг. Тэгэхэд Mongolian Saturday шиг 200 морь уяж байгаа хүн байна. “Breeders cup”-т оролцох гэж байхад нэг жүчээнд байсан Wesly Word гэдэг Америкийн уяач 13 уралдаанд бүгдэд нь морьтой ирсэн. Спринт төрөлд гэхэд гурван морьтой. Тэд нь дандаа шилдэг морьд ш дээ. Гэхдээ түүний арваад мориноос “Breeders cup”-т нэг нь ч түрүүлээгүй. Эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр уяачийн амжилтыг ганц морины амжилтаар дүгнэхэд хэцүү. Морь нь хичнээн сайн ч тохиолдлын л юм гэж үзнэ. Тийм болохоор хэд хэдэн морь амжилттай давхиж группийн уралдаануудад түрүүлж байж уяачийн рейтинг өсдөг болов уу.
-Шагналын сангаа яаж хуваадаг юм бэ?
-Дэлхийн жишгээр нийт шагналын сангаас түрүү морь 60, аман хүзүүнийх нь 20, гуравт орсон нь 10, дөрөв орсон нь 5, тав нь 2,5 хувийг авдаг.
-“Breeders cup”-ийн түрүү хэд байсан бэ?
-550,000 доллар авсан.
2010 ОНД ГАДААДАД МОРЬ УЯХ ЭРХИЙН ШАЛГАЛТАА ӨГЧ ЛИЦЕНЗЭЭ АВСАН
-Ингэхэд та яагаад гадагшаа гарч морь уяхаар шийдсэн юм бэ? Тэр хэдэн он бэ?
-Эртнээс л Ганбаатай ярьдаг байсан л даа. Монголд шагналын сан бага, зардлаа нөхөхгүй байна гэхчилэн. Тэгээд гадаадад очиж монгол аргаар уяж, дэлхийн төвшинд оролдоод үзье шийдээд 2010 онд анх явсан даа. Өнөөдөр яг үнэндээ уяачид маань наадамчин олон, гадны жуулчдыг л баясгаад явж байна. Би Завхан аймгийн 80 жилээр морио онгоцоор ачаад очиж байлаа. Энд хичнээн их зардал гарах уу. Дээр нь морины хүүхдүүд, малчин, хоол хүнсний зардал нэмэгдэнэ. Тэгэхэд нэг бөх зодог шуудгаа уутанд хийгээд, хүний машинд суугаад л оччихож байгаа юм. Болоогүй бөхийн бэлтгэлд гарахдаа хүртэл ивээн тэтгүүлнэ. Тэгээд өнөө бөх мориноос илүү шагнал авдаг. Үүнийг баяр наадмын комиссынхон ойлгож, харж үзэх ёстой юм. Монголын агуу соёлыг тээж яваа уяачид маань моринд дуртайдаа л гомдоллохгүй өнөөг хүрсэн улс. Би бол бай шагнал нь бөхөөс илүү байх ёстой гэж боддог.
-Америкт морь уяхад албан ёсны зөвшөөрөл авдаг гэсэн.Тэр шалгалтыг та хэзээ өгч байв?
-Би анх 2010 онд очоод шалгалтаа өгч, лицензээ авсан.
-Шалгалт нь хүнд үү?
-Шалгалт нь англи хэл дээр байх бөгөөд янз янзын асуултууд байсан.Ингээд нэг лицензээ авчихвал дахин шалгалт өгөх шаардлагагүй. Америкт муж мужаараа тренерийн эрхээ авдаг. Би эхлээд Кентукки мужид эрхээ авсан. Тэр лицензээ өөр мужид очихдоо үзүүлээд, мөнгөө төлөөд эрхээ аваад явдаг. Ер нь уралдахаар очсон газар бүртээ лиценз авахгүйгээр уралдана гэж байхгүй.
-Ганбаатар Тод манлайн 22 тооны адуу байдгаас 15 нь уралддаг гэсэн үү?
-30 гаруй адуу бий. Үүнээс 22 тооны адуу нь Кентуккигийн ферм дээр байдаг юм. Тэнд манай Даваадорж гэж залуу үржлийн адуунуудыг хариуцан ажилладаг. Дашрамд дурдахад Даваадорж маань даагануудаа гардан сургадаг бөгөөд Mongolian Saturday-г анх сургаж гаршуулсан хүн шүү дээ. Морь маань “Breeders cup”-т түрүүлсэнд түүний гавьяа их шүү.
-Mongolian Saturday-г анх яаж сонгож авч байв?
- Mongolian Saturday одоо таван настай хавчиг морь л доо. 2011 онд Кентукки мужийн Лексингтон хотын 5000 дааганы “Keeneland” дуудлага худалдаанаас авч байлаа. Тэгэхэд Онон Тод манлай хамт явсан юм. Тэр олон адуунаас сонгоно гэдэг амаргүй л дээ. Тэр олон адууг бүгдийг үзнэ гэвэл амжих ч үгүй юм байна лээ. Надад урд нь дуудлагаас авсан Any Given Saturday азарганы төл Mongolian star гэж их хурдан морь байлаа. Даанч хөл нь болоогүй юм. Тийм болохоор Онон Тод манлайд Ane given Saturday-н төл бүх даагыг үзье гэж хэллээ. Тэгж үзэж явтал Манлай “энийг ав” гэдэг юм байна. Би хараад л шууд голов оо. Даагандаа нэг гонжийсон юм байсан. Тэгээд “ийм  ууц султай адуугаар яах юм бэ” гэлээ. Тэгсэн ийм хойд шилбэ богино адуу хурдан байдаг  гээд зүтгээд болдоггүй. Эрэмбээ бодсон ч, тэр том Манлай хэлж байхад тас зөрөөд байх бас хэцүү. Онон Манлай өөрийнхөө сонголтонд үнэхээр чанга зогсож чаддаг хүн байна лээ. Ингээд яах ч аргагүй болоод дотогшоо ороод суулаа даа. 5000-аас эхлээд өргөсөн чинь 5000,10000,15000 гээд 60000-луу дөхөөд явчихлаа. Би яг 55000 дээр өргөөд 60000 боллоо. Би ч “үүнээс дээш гарвал больё гэж дотроо бодож суулаа. Тэгтэл 60000 дээр зогсчихсон. Ёстой л Онон Манлай зүтгэсээр байгаад авсан адуу даа.
-Та Америкийн томоохон уралдаануудад оролцоод явж байна. Үүнээс өмнө ч Монголдоо наадаж байлаа. Өнөөдөр манай уламжлалт уралдаанд ямар шинэчлэлт хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Зарим нь эрлийз уралдуулна, зарим нь уралдуулахгүй гээд л. Нэг тийм зааг үе дээр ирчихэж. Хурдан морины уралдаан гэдэг Монголын ард түмний олон мянган жилээр өвлөгдөн ирсэн өв соёлын нэг. Эрлийзийг тусад нь уралдуулж болно. Гэхдээ энийг яаж ч ангилмаар юм бэ дээ. Интернэтээр хараад боддог юм. Уралдааны комиссынхон гэдэг хэн нэгний явуулгаар, эсвэл захиалгаар ажлаа хийдэг юмуу. Эсвэл аль их мөнгөтэйд нь үйлчилдэг ч юмуу гэж харагддаг. Өнөөдөр нэг стандартад шилжихгүй бол энэ хэрүүл хэзээ ч тасрахгүй. Минийхээр хамгийн зөв сонголт бол өндрөө л хэмж гэж хэлнэ. Тэрнээс Монголд эрлийзийг нь хараад таньдаг нэг ч мэргэжилтэн байхгүй. Ер нь дэлхийд ч байхгүй ээ. Цусыг лабораторит шинжилдэггүй л юм бол гаднаас нь хараад мэдэхэд хэцүү.
-Таныхаар сэрвээний өндөр хэд байх ёстой юм бэ?
-Сэрвээний өндрийг монгол адуугаар авч болохгүй. Дунджаас арай жоохон дээгүүр авахгүй бол өндөр сэрвээтэй монгол адуу байдаг шүү дээ. Өнөөдөр яагаад зүүн талын адуу хурдан байгаа юм бэ. Тэгвэл тэнд үржил селекцийн ажлыг эртнээс хийсэн байна. Одоо би “Ларсон гүн” гэж Швед хүний бичсэн номыг уншиж байна. Энэ хүн одоогоос 100 жилийн өмнө Монголд гаднаас хурдан угшлын адуу авчирч Монголын зүүн бүсэд үржил селекци явуулан хурдан адуу үржүүлэн, Шанхайн морин тойруулгад хэдэн зуугаар нь гаргаж байсан юм байна. Энэ тухай манай түүхэнд хүмүүс бичдэггүй юм байна лээ. Энэ Швед нөхрийн бичсэнээр Монголын нөхцөлд араб адууг эрлийзжүүлэхэд хамгийн тохиромжтой гэнэ. Бидний туршилтаар олж мэдсэн зүйлийг энэ хүн 100 жилийн өмнө олоод биччихсэн байх юм. Ер нь эрлийзжүүлэг гэдэг сүүлийн үед гарч ирсэн юм биш. Урд нь зөндөө хийж байсан нь ном сударт бичигдэж ирсэн. Чингис хааны байлдан дагуулалтын үед ч их олон адуу гадаадаас ирж байсан. Даанч ихэнхи нь цаг уурын хатуу ширүүнийг даалгүй үрэгдэж, авсан ганц нэг төл нь дасан зохицоод явж ирсэн. Өөрөөр хэлбэл Чингис хааны байлдан дагуулалтын үеэс л эрлийзжүүлгийг хийж байлаа. Магадгүй Хүннүгийн үеэс ч хийгдсэн байж мэдэх шүү дээ. Адуугүйгээр Чингис хааны байлдан дагуулалтыг төсөөлөхөд ч бэрх. Мэдээж адуу бол бидний ахуй амьдралд маш их үүрэг гүйцэтгэсэн. Малаа хариулна. Эрэлд явна. Дайн байлдаанд унаа нь болж явлаа. Шуудан харилцаа өртөөнд ашиглаж байлаа. Нүүдэл суудал хийхэд тээврийн хөсөг нь болчихно. Хүнс тэжээлд махыг нь ашиглана. Арьсыг нь ашиглана. Сүүг нь сааж исгээд айргаа уучихна. Ан гөрөөнд унана. Эрийн гурван наадмаараа морио уралдуулаад баярлачихна гээд яривал урт үргэлжилнэ. Гэтэл цагийн эрхээр эндээс олон зүйл шахагдан үгүй болж байна. Сонсож байхад өнөөдөр ихэнх нь мотоциклиор хонио хариулдаг болсон гэнэ. Морь сайн унадаг хүүхэд ч ховордсон гэлцэх юм байна. Одоо малаа хариулах,идэш хоолондоо хэрэглэх, уралдах зэрэг нь үлдэж. Үүн  дундаа морин уралдаан түлхүү байр эзлэх болжээ. Үүний тулд гадаадаас хурдан угшлын адуу авчраад үржил хийж байгаа улсыг буруутгах аргагүй. Энэ хүмүүс хурдан морины уралдаанд хурдан мориор уралдах гээд эрлийзжүүлж байна. Боломжтой улс нь ганц хоёр азаргаа өвөл хавартаа тэжээчихэж байна. Урд нь авчраад үхүүлчихдэг байсан бол одоо дадаад жүчээ бариад, тэжээчихээр асуудал алга болж байна. Ер нь дэлхийд холын зайн уралдаанд үүлдэр заадаггүй юм ш дээ. Жишээ нь Арабын Эмиратад болдог дэлхийн 120 км-ын холын зайн уралдаанд ангилал хамаагүй. Монгол морь очоод уралдсан ч болно.
- Ганбаатар Тод манлай хэвлэлийн бага хурлаар Монгол уяач дэлхийд гарч уралдах гарцыг нээж байгаагаараа онцлог юм гэж ярьсан. Таныхаар өнөөдөр монголчуудад “дэлхийн дэвжээ” хэр ойр байна вэ?
-Тавхан жилийн дотор ийм амжилтанд хүрчихлээ гэж үү. Урд нь морь уяж байсан уу гэж асуух хүмүүс Америкт олон таардаг. Америкт 30,40 жил, бүр насаараа морь уясан мөртлөө Группийн уралдаанд морь түрүүлгэж үзээгүй олон мянган уяачид байдаг гэсэн. Тэгэхээр биднийг Монголын минь буян заяа түшсэн бизээ. Үнэндээ би чинь Монголд морь уяж байгаагүй хүн. Харин морь ярьж хоносон шөнө мөн ч олон бий. 1995 онд анхныхаа морийг худалдаж аваад МУ-ын Тод манлай уяач Бандгай Ганхуягаар уяулдаг байсан юм. Харин Америкт очоод л бие дааж морь уясан. Одоо бодоход өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд би зүгээр суугаагүй юм байна лээ. Байнга л уяачидтай уулзаж, юм асууж тэрийгээ тэмдэглэж явлаа.Тэр маань  одоо миний шпаргалка болж байгаа юм. Харилцаа холбоо хөгжсөн энэ үед Онон Манлай, Жамбага Алдарт /МУ-ын Алдарт уяач Жамбалсүрэн/ нар руугаа залгана юм асууна. Тэгэхээр манай сайн уяачид гадаадад очиж морь уяаж амжилтанд хүрэх бүрэн боломжтой.
НУТГИЙН ХҮҮГИЙН ХУВЬД ТЭЛМЭН УГШЛЫН ХУРДАН АДУУГ БИЙ БОЛГОХ МӨРӨӨДӨЛТЭЙ ЯВДАГ
-Саяхныг хүртэл Монголын морин уралдаан, мориор дамжсан үндэсний өв соёл аман хэлбэрээр хадгалагдаж байлаа. Харин үүнийг цэгцлэн архивлах ажлыг 90-ээд оны үед хийж байсан хүмүүсийн нэг нь та. Энэ ажлаа хийж байгаа юу?
-Би 1995-2000 он хүртэл морины маш их зураг авсан. Одоо ч энэ үед авсан миний зургийг ном, сэтгүүлд ашиглаж байна. Талийгаач Сүрэнхор ах, хар Дамба, цэргийн Ядам гээд олон уяачтай ярилцан, хагас цагаас гурван цаг хүртэлх бичлэгүүд хийж байлаа. Дээр үеийн уяачид их сонин сонин юм ярина л даа. Домог, уяаны онцлог, хурдан морьдын түүх гээд эхэлсэн болох салахын аргагүй амттай ярианууд. Энд сонирхуулахад хар Дамбын яриан дээр нэг ийм юм гардаг. Нэг лам хүн явж байгаад хурдтай баян айлаас адуу авах болж л дээ. Тэгээд хэдэн үрээ үзүүлсэн өнөө лам эрхээрээ мэргэлээд л байж. Тэгсэнээ хамгийн хариугүй жижигхэн, туранхай адууг сонгосон. Харж байсан хүмүүс инээдээ барьж ядсан гэдэг. Гэтэл өнөө үрээ хожмоо цуутай хурдан азарга болж, үр удам нь тархсан гэж ярьсан. Бас л сонин түүх байгаа биз.
-Та Америкт Монгол уяаныхаа арга барилыг хэрэгжүүлээд явна уу?
-Анх Америк явах гэж байгаагаа монгол адууны Даваа гуайд хэлсэн. “За дүү хүү нь ингээд морь уяхаар явлаа” гэвэл “шал тэнэг юм. 100 жилээр хоцорчихоод яаж тэдэнтэй очиж уралдах гэсэн юм ” гэлээ. Би ч дотроо “очоод алаад өгнө” л гэж бодсон. Тэгээд газар дээр нь ирсэн болдоггүй дээ. Эхний морио бараг алаад хаях шахсан. Өчнөөн сайхан  уяад тавилаа гэсэн чинь ирээд арай л үхээгүй. Болоогүй байхад нь дутуу тавьчихсан байхгүй юу. Тэр өндөр хурдаар давхиж байхад уяаг нь хангаж тавихгүй бол аюултай. Цэвэр цусны англи адуу уяа муу байсан ч бусдыгаа дагаад үхэхээ мэдэхгүй давхидаг. Тэр адууг дахин уяж чадаагүй. Хэмхлээд хаячихсан байхгүй юу. Хөлийг эвгүйтүүлчихээд янзалж чадахгүй сандрах энүүхэнд. Мэргэжлийн грум авч ажиллуулахгүй бол чадахгүй байсан л даа. Эдний мал эмнэлэг маш өндөр түвшинд хөгжсөн юм байна лээ. Тэр үед Даваа ах үнэн юм хэлж дээ бодсон. Гэхдээ өдгөө бодоход Монгол хүний нүүдэлчний хувьсах чадвараа ашиглаад 100 жилийг хугацааг таван жилд нөхчихөж л дээ. Магадгүй надаас илүү сайн хүн очсон бол гурван жилд ч нөхөж мэднэ. Эсвэл тааруухан нэг нь очоод 10 жилийн дотор ч нөхчихөж болно. Энэ эхний хэдэн жилийн хүнд цаг хугацааг даван туулахад эдийн засгаар хангаж монголчуудынхаа авьяас билэг чадалд мятрашгүй итгэж явсан Д.Ганбаатартаа их баярлаж байна. Энэ хугацаанд би нэг юм олж харсан. Гадаадын уяачид чинь стандартаар уяад байдаг юм байна. Идэш хоолыг нь голдуу нэг хэмжээгээр өгөх жишээтэй. Тэд далан шилбийг нь барьж үзээд дотуур хүчийг нь мэдэхгүй. Тэгээд долоо хоног бүр сунгаа хийнэ гэхчилэн яг нэг стандарттай. Тухайн морио  тэр өглөө нь ажиглаж ажлыг нь өөрчилж мэдэхгүй. Гэхдээ би олон сайн уяачтай тулж уулзаж байсангүй л дээ. Тэрийгээ мэдэрдэг сайн уяачид ч байдгийг үгүйсгэж болохгүй. Нүүдэлчин ардын үр сад бид чинь өнөөдөр энд үүл цухуйхад, маргааш хаашаа хонио бэлчээхээ мэддэг улс. Маргааш бороо цас орох нь тийшээ бэлчээхгүй, ийшээ чонотой учраас дэмий гэхчилэн тухайн нөхцөл байдалдаа тохируулан малаа малладаг. Түүн шиг морио хараад онцлогт нь тохируулж уяхдаа бусдаас илүү л байх ёстой. Магадгүй Казах, Киргизүүд бас сайн байж мэднэ. Энд би сумогоор жишээ татмаар байна. Сумочин бол иргэншсэн улсын бөх. Иргэншсэн улс нэг газраа суурин амьдарна. Эсвэл хотод наймаа хийнэ, үгүй бол хөдөө үр тариа тарина. Япон сумочид ихэвчлэн түлхэж гаргахаас өөр мэх бараг байхгүй. Ухаандаа анжис түрж байгаа улс. Гэтэл манай нүүдэлчин удмын цустай залуус очоод барилдахаараа  зайлна, бусгана, дугтрана, цохино, дагуулж хөмөрнө гээд янз бүрийн мэх хийнэ. Түүн шиг бид ч Америкт морины талбарт янз янзын “мэх” хийхийг оролдож байна даа.
-Монголчуудын хувьд унасан газар угаасан ус, өвөг дээдсийн нутаг гэдэг юунаас ч эрхэм байдаг даа. Аавынхаа нутаг Завхан аймгийн Тэлмэн сумын тухай сайхан дурсамжаар яриагаа үргэлжлүүлье?
-Миний аав Цэвээндоржийн Энэбиш Завханы Тэлмэн сум, хуучнаар Сайн ноён хан аймгийн хүн. Хэдийгээр би хотод төрсөн ч аавынхаа нутгийг өвөг дээдсийн минь нутаг сэтгэлдээ сүслэн дээдэлж явдаг. Манай Тэлмэн сайхан нутаг. Говьтой хангайтай, гол устай, сайхан ард түмэнтэй. Би энэ нутгийн хүүгийн хувьд Тэлмэн угшлын хурдан адууг бий болгох мөрөөдөлтэй явдаг юм. Үүнийгээ ч биелүүлэхээр эхлэлийг нь тавьсан гэж боддог. 2003 онд Завхан аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор АН-26 ачааны онгоцоор найман адуу ачиж очсон. Тэр наадамд дөрвөн адуугаа айрагдуулж түрүүлгэсэн. Тэгээд 27-д орсон хязаалан үрээгээ азарга тавиарай гэж Тэлмэн сумынхаа Засаг даргын тамгын газарт бэлэглэсэн юм. Хожмоо тэр адуу Цагаан тамгат гэж алдартай хурдан азарга болоод олон удаа айраг түрүүнд хурдлан, олон ч сайхан хурдан төл хайрласан. Дараа нь сумынхаа уяачдын холбоонд нэг эрлийз ногоон даага өгсөн нь “Тэлмэн ногоон” гэж цуутай хүлэг болсон. Бүүр баруун аймаг даяараа алдартай шагшин магтагддаг хүлэг болсон гээч
-Багадаа хурдан морь унаж, уралдаж байв уу?
-Багаасаа амьтанд хайртай хүүхэд явлаа. Энэ нь хожмоо морь уяхад нөлөөлсөн юм болов уу. Манай ээжийн эгчийнх Жаргалантын сангийн аж ахуйд амьдардаг байлаа. Би тийшээ зуныхаа амралтаар очиж, морь унана. Тэдний ганц хүрэн морийг унаад жимсэнд явна. усанд явна. Анх энэ хүрэн мориор морь унаж сурсан юм. Гэртээ бол тагтаа, загас тэжээдэг байлаа. Өнөө тагтаанаасаа болоод ээждээ загнуулна. Аквариумны загасаа тэжээж байгаад хүүхдүүдтэй солино. Сүүлдээ зүүн талаас их хурдан нохой авчирч тэжээгээд, үнэг чоно хярс бариулдаг ажилтай болсон. Эдгээр нохдоо гэр хороололд байдаг айлуудаар тавьчихаад хоолыг нь өөрөө зөөгөөд л гүйнэ. Миний мэдэхээр зүүн талын бүх шилдэг уяачид хурдан нохой хөтөлдөг байсан. Энэ нь анд явдаг гэсэн үг л дээ. Морь нохой хоёрын хурд нэг саванд гэж үздэг юм байна лээ. Дараа нь давраад Ховдоос бүргэд худалдаж авчраад ан хийж явлаа. Бүргэдээр ан хийж байсан монгол хүн сүүлийн 100 жил надаас өөр байхгүй байхаа. Болоогүй бүргэдээ балкон дээрээ уячихна ш дээ.Би боддог юм, амьтныг хайрладаг, ойлгодог хүн морь уядаг байх гэж. Уяачдыг харж байхад андашгүй л дээ. Би бол Mongolian Saturday-даа үнэхээр их хайртай. Манай морь чинь гаатай чихэр идэх их дуртай. Би өгсөөр байгаад сургачихсан. Тэгсэн Гонконгод дүүрэн камертай жүчээнд өнөө чихрээ идэх гээд нэхээд байдаг. Хэрвээ чихрээ гаргаад өгвөл допинг гэж бодоод хасаад хаячихаж мэднэ шүү дээ. Тэгсэн аз болж лууван өгөхийг зөвшөөрдөг юм байна. Манлай уяач Чойдог гуайн хүү Батбадрах Гонконгод очиж надтай цуг морио уялцаж надад их тус болсон шүү. Батбадрах бид 2 лууван нэлээн өгсөн дөө.
-Та хэдэн оноос моринд орсон юм бэ?
-1995 онд анхны морио авч байлаа. Хонгор халзан гэж алдартай морины эзэн Ханддоржийн хүү Доржоос нэг ухаа морь худалдаж авсан юм. Дараа нь тэр оныхоо гурван сард Пунцагбалжир агсан бид хоёр Хурц гуайтай Сүхбаатар аймаг явлаа. Тэндээс Алтан-Овоонд аман хүзүүдсэн азаргыг худалдаж авсан. Үүнээс хойно Цэдэвийн Батсайхан, Шанхад нутагтай Зана найз маань үрээ бэлэглэж, дөрвөн адуутай анх моринд орж байлаа. Дараа нь бас Мөнгөнморьтын алдартай Зулхонгор гэж хурдан морийг авсан юм.
-Зорилготойгоор цуглуулж эхэлсэн байх нь ээ?
-Анх адуу аваад уралдуулъя гэж бодсон. Эндээс яалт ч үгүй өөрийн адуутай болох зам нээгддэг юм байна лээ. Мэдээж өөрийн адуутай болчихвол сайн адуутай болохсон гэнэ. Энэ бодлоор сайн азарганы төл авдаг байлаа. Ер гол нь гүүн тал дээр их анхаарал тавьж ажилласан даа. Түвдэн гуайн араас хоёр жил хөөцөлдөж байж бага дөрвөн насандаа улсад айрагдсан хар азарганы төл байдсыг авч байсан юм. Цэрэнтогтохын хээр гэж Алтан-Овоонд аман хүзүүлсэн азаргыг 1995 онд худалдан аваад олон сайхан төл авсан. Мөн Чойдог гуайн ухаа азарганд Тойруулга угшлын гүү тавьж 2 сайхан төл авч байх жишээтэй.
Би ер нь хийж эхэлсэн бол түүнийгээ хөгжүүлэх тухай л боддог хүн. Адуутай болчихоод яаж улам хурдлуулах уу гэж бодсон. Эндээс улбаалаад 2002 онд гаднаас адуу оруулж ирсэн. Бараг анхны адууг оруулж ирсэн болов уу. Максын Ганбаа бид хоёр Оросын Чита мужаас адуу оруулсан. Кавказ, Өвөрмонголоос ч авчирлаа. Дараа нь Тод манлай Ганхуягтай Америкаас 30 азарга гүү орууллаа.
-Өнөөдөр Ганбат Алдартад халхын ямар, ямар хурдан угшлын адуунууд байна вэ?
-200-гаад тооны адуу бий.Үүнд: Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймгийн Жаргалант болон бусад хурдтай сумын адуунууд байна. Эд бол дандаа түрүүлж байсан хурдан азарганы төл, эсвэл төлийн төл болох монгол гүүнээс гарсан. Өөрөөр хэлбэл англи, араб, англи буддённый, англи кабирдин гэхчилэн шигшмэл азаргануудад монгол гүүгээ тавьж гаргаж авсан адуунууд. Тийм болохоороо идэшний адуу гэж байхгүй. Гэхдээ сүүлийн хоёр, гурван жил энд байгаа морьд маань уягдсангүй. Яахав хүмүүс авсан нь давхиад л байна.
-Завхан аймгийн 80 жилд яагаад онгоцоор адуугаа авч очсон юм бэ? Цаг нь тулаад тэр үү?
-Тиймээ цаг нь тулчихсан байсан юм. Миний морьдыг Бандгай Ганхуяг уядаг байлаа. Би морь уяж мэдэхгүй, зүгээр очиж үздэг үе. Энэ бол 2003 он. Тэгэхэд Өвөр Монголоос оруулж ирсэн халзан морь замбараагүй хурдан байсан. Төв аймгийн 80 жилийн ойн наадамд очлоо. Азарга будилаад, гурван км яваад дахин буцааж эргэсэн. Тэнд зээрд азарга маань өнгөлж яваад үзүүр дээрээ хонгор азарганд баригдчихсан.
-Их морь нь түрүүлсэн юм уу?
-Харин их морь нь км хэртэй тасархай түрүүлсэн. Мориныхоо хөлсийг нь хусчихаад байхад дараагийн морь гарч ирээгүй л байсан юмдаг. Ийнхүү Төв аймагт их морь түрүүлгэж, азарга аман хүзүүдүүлсэн.Эндээс Боржигонд очиж наадаад зээрд азарга гурваар орсон. Харин халзан морь гараад л зугтаачихсан. Нэг жижигхэн буурал морь араас нь хөөсөөр байгаад яг бариан дээр шахаад ороод ирсэн. Тэгсэн пайз өгч байнаа. Бодвол халзан морь зурхай дээр түрүүлж гишгэсэн юм байлгүй. Тэгсэнээ удалгүй майхан дээр маань ирээд “пайзыг хураалаа” гээд аваад явчихдаг байгаа. Ингээд аман хүзүүдсэн юм.
-Тэгээд л Даваа гуайн ярьдаг онигоо гарсан байх нь ээ?
-Та нар тэрийг уншсан байх нь ээ. Адуу нийгэмлэгийн Даваагийн хийсэн онигооны номонд “Ганбатын халзан морь Боржигон наадамд түрүүлсэн. Хиад Боржигоны наадамд Хужаа морь түрүүлгэхгүй гээд Боржигоны ноёдын зарлигаар пайзыг нь хураан авав” гэсэн байдаг юм.
-Боржигоноос шууд Завхан явсан уу?
-Тэндээс халзан морио орхиод бусдыг нь аваад Завханы наадамд явахаар төлөвлөөд байлаа. Тэгсэн манай уяач халзан морио аваад явъя гэнэ. Хориод хоногийн дараа болох уг наадамд машинаар ачаад очвол амжилт гаргахгүй нь тодорхой. Тэр үед засмал зам сайн байсангүй. Ингээд онгоцоор зөөхөөс өөр арга байгаагүй. Сонссон хүмүүс гайхаж байсан л даа.Би МИАТ-ынхантай яриад АН-26 онгоц авахаар болж, Хустайн нуруунд тахийг хариуцдаг хүмүүстэй уулзаад тахийн хайрцагийг нь зээллээ. Сайхан сэтгэлтэй улс тэр хайрцгийг аваад яв л гэсэн. Гэвч тахь чинь жоохон амьтан байна лээ. Тэр хайрцганд нь том адуунууд багтдаггүй. Ингээд нэг хоногийн дотор шинэ хайрцаг хийхээр болсон. Өнөөхөө бэлэн болгоод ачих гэтэл онгоцонд найман хайрцаг орох юм биш. Тэр үед яасан ч сайхан найрсаг улс таарсан юм. Онгоцны дарга нь дөрвөн том адуугаа хайрцганд дөрвөн талаар нь хийчих, харин голд нь бага адуунуудаа чөдөртэй тавьчих гэлээ. Хэлснээр хийгээд, уяач, унаачтайгаа ниссэн.
-Завханы 90 жилээр дээд насанд бас таны сартай ногоон азарга мордож байсан санагдана?
-Тэр чинь нөгөө алдарт Тэлмэн ногоон шүү дээ. Миний нэр дээр эрлийзийн дээд насанд тавиад айрагдуулсан. Гэхдээ би миний нэр дээр уралдуулаач гэж гуйгаагүй. Энэ ногоон даагыг сумынхаа уяачдын холбоонд Тэлмэн угшлын адуу гаргаж аваарай гэж бэлэглэсэн юм. Шүдлэн цагаасаа хурдалсан бөгөөд хязааландаа Завхан аймгийн наадамд түрүүлээд хэдхэн хоногийн дараа Эрдэнэхайрхан сумын ойн баярт азарганд түрүүлээд нэг хоногийн өнжөөтэй Алдархаан сумын ойн баярт мөн азарганд түрүүлсэн. Бас болоогүй нутагтаа 2 хоногийн дараа очиход нь ургийн баяр болж байхаар нь соёолонд тавиад түрүүлгэсэн байдаг юм. Хөөрхий яасан ч ястай адуу вэ гэж өөрийн эрхгүй өрөвддөг.
-“Ирээдүйн түмэн эх”-ийг анх та санаачилж байлаа. Одоо энэ уралдаан анх таны зорьж байсан хэмжээнд хүрч чадаж байна уу?
- Үүнээс өмнө Пунцагбалжир агсан анх мотоциклийн байтай уралдаан явуулахад юу болж байв. Говиос хүртэл хоёр өвгөн давхиад ирж байлаа шүү дээ. Анх Алтангэрэл Манлай, Онон Тод манлай бид гурав ярилцаж суугаад ийм уралдаан зохион байгуулах санаачлагыг гаргасан юм. Тэгэхэд би жийптэй том уралдаан хийе гэвэл Онон Манлай даага уралдуулъя гэхчилэн санал бодлоо хуваалцан анхны уралдаанаа явууллаа. Би сүүлд нь бас жокей клубын Дашкатай хамтран хоёр жил зохион байгуулсан. Нэг уяач нь ч гэсэн сайхан шинэ машин аваад унаг л гэж бодсон. Шилжин явах цомыг нь би санаачлан хийлгүүлсэн юм. Харин би сүүлийн үед энэ уралдаанд оролцсонгүй. Юутай ч бидний анх бодож зорьсон хэмжээнд явааг дуулаад баярладаг юм.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Дэлхийн дэвжээний эх орныхоо нэрийг олонтаа дуурсгахын ерөөлийг ерөөе.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна