Сумын Алдарт уяач Д.Энхбаяр: Манай аав хурдыг харж шинжихээс гадна унаж шинждэг байсан

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 23 -нд

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Энхбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Өөрийн чинь морь мал уяж эхэлсэн цаг хугацаа хэдий үеэс эхэлж байна. Ямар удам угшилтай хурдан хүлгээр уралдаж байна вэ?
-Миний аав Батжаргалын Дашдорж гэж аймгийн Алдарт уяач хүн байсан. 1999 онд 20 гаран насандаа аавыгаа дагаж морь уях болсон юм. Халзангийнхаа унаган адуугаар уралдаж байгаа. Тэр дунд манай өвөөгийн саарал азарганы угшил голлож байна.
-Тэгвэл гурав дахь үеийн уяач юм байна шүү дээ. Танай өвөө хэн гэдэг хүн байв? Саарал азарга нь хэр хурдалж байсан юм бол оо?
-Тиймээ, би гурав дахь үеийн уяач байгаа юм. Манай аавын аав Батжаргал гэж хүн байсан бөгөөд аймгийн 10 жилийн спарткиадаар саарал азарга түрүүлгэж байсан. Тэр саарал азарганы угшлаар нь би наадаж байна.
-Өвөөгийн саарал азарганы угшилтай адуун сүргээ аав чинь хаанахын угшлаар удмыг нь сайжруулав? Ач хүү ч гэсэн адууныхаа цусыг яаж сэлбэсэн бэ?
-Аавын үед манай адуунд Халзан сумын Даваагийн халтар гэж адууны угшил орсон. Мөн манай сумын Самданбаатар гуай болон Жамъяншарав гуайн адууны угшлуудаар адууныхаа цусыг сэлбэсэн юм. Миний хувьд адууныхаа угшлыг сумынхаа хурдан хүлгэдийн угшлаар сайжруулж байгаа. Сумын Алдарт уяач Эрдэнэбулганы адуунаас халтар азарга авсан. Халтар азарга аймгийн Алдарт уяач Эрдэнэдалайгийн Бундуут халтар азарганы угшилтай адуу байгаа юм. Өөрийн сум болон Дорноговь, Түмэнцогт гээд энэ тэндээс овоо гүү цуглуулсан. Манайх ах дүүгийн нийлсэн 100 гаран адуутай. Сүүлд Эрдэнэтийн Галбадрахаас оросын эрлийз соёолон азарга авсан. Гуравдахь үеийн эрлийз болохоор манай адуунаас ялгарахааргүй жижиг адуу байгаа.
-Анхны айраг, түрүү хэр удаан хүлээлгэж байж ирсэн бэ?
-Нэг их удаан хүлээлгээгүй ээ. Уяж эхэлсэн жилээ буюу 1999 онд сумынхаа овооны наадамд хязаалангаа түрүүлгэж байсан. Тэгээд 2001 оноос хойш суманд айраг тасраагүй дээ. 
-Сумандаа хэдэн айраг түрүүтэй, ямархуу амжилттай уралдаж байна?
-Сумандаа 30 гаруй айраг түрүүтэй, үүнээс түрүү нь 7-8, үлдсэн нь айраг бий. 2003 онд Дорноговьд Данзанравжаагийн ойд хонгор азаргаа гурваар оруулж, сумынхаа 80 жилд таваар оруулж байсан. Хонгор азарганы эх тал нь манай адуу, эцэг тал нь аймгийн Алдарт уяач Ооёо гэж хүний шарга азарганы угшил. Өнгөрсөн зун суманд халиун азарга аман хүзүүдсэн. Дорноговиос өөр гадагшаа нэг их гарч уралдаагүй, өөрийн сумандаа л уралддаг. Хэдэн оныг нь сайн санахгүй байна, Онгон сумын наадамд хар морь түрүүлгэж, хүрэн халзан соёолон мөн түрүүлгэж байлаа.
-Хамгийн одтой хийморьтой наадсан наадам?
-2010 онд сумынхаа наадамд 6-7 морь уяж уралдуулахад дөрвөн айраг, түрүү авч сайхан наадсан. Их насны шаргал морь дөрөвлүүлээд, халиун соёолон азарга аман хүзүүлж, хүрэн халзан хязаалан үрээ түрүүлэн, шаргал шүдлэн үрээ аман хүзүүдэж байсан. Тэр мартагдахгүй сайхан наадам даа.
-Аймгийн Алдарт уяач аавынхаа талаар дурсвал? Аавынхаа уяаны арга барил, хурд шинжих чадвараас нь хэр эзэмшсэн бэ?
-Бурхны оронд очоод 2 жил болж байнаа, аав минь. Морь уях эрдмийг би  няхуур нямбай ааваасаа л сурсан. Айлын адуунд орж хараад л энэ адуу сайхан давхина, тэр адуунаас сайхан төл гарна гэж таньж авдаг байсан. Морийг унаж үзээд л уяхад сайн давхих юм байна, дажгүй давхилтай болох адуу байна гээд бид нараар уяулдаг байлаа. Харж шинжихээс гадна унаж үзэж шинждэг байсан даа. Би ч аавынхаа тэр чадварыг гүйцэд эзэмшиж чадаагүй, өөрийнх нь зааснаар хэлбэрийг нь харж ерөнхий багцаагаар л адуу мал авч байна. Морь уях эрдэм ухааныг нь ч бүрэн сурч чадаагүй.
-Цаашдаа зөвхөн сумандаа биш арай томоохон довонд гарч уралдах бодол бий биз?
-Байлгүй яахав. Ноднин 2012 оны аймгийн Аварга хүлэг шалгаруулах бага насны уралдаанд даага тавласан. Түвшинширээгийн 80 жилийн ойд хүрэн даага маань аман хүзүүдсэн. Аймгийн 70 жил, Алта-Овооны тахилгат даага зургаад давхисан амжилттай байгаа. Цаашдаа тэжээсэн адуугаар уралдахаас өөр аргагүй л болоод байна, цагаан өвсний адуу амжилт гаргахгүй байна. Тиймээс 2004 оноос адуугаа тэжээж эхэлсэн.
-Унаган хүлгэдээс чинь гадагшаа гарч хурдалж байгаа адуу бий юү?
-Сумандаа түрүүлсэн хүрэн халзан хязаалангаа 2010 онд соёолон болдог жил нь Максын Цэрэнжигмэдэд зарсан. Очсон өвлөө Нүүрэнтэйн хурдад зургаагаар  ороод тэрнээс хойш давхил нь дуулдахгүй байна.

"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна