"Унаган сүмбэр" галын тэргүүн С.Энх-Амгалантогос: Миний өвөг дээдэс Сансар уулыг тойроод нүүдэллэж явсан улс

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 14 -нд

Бидний дараагийн урилгын эзэн “Айс бэрг” компанийн захирал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, залуу уяач С.Энх-Амгалантогос байлаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны өвөг дээдэст хусуур сойз зүүсэн уяачид байв уу?
-Манай сум хуучнаар Төв, Дундговь, Дорноговь аймгийн Сүмбэр сум гэж бөөрөнд нь наалдаж яваад сая нэг бие даалаа. Миний дээдчүүл унаган энэ Сүмбэрийн улс. Одоо энэ Сансар уулыг тойроод нүүдэллэж явсан гэдэг. Аавын аав Доов гэж их том лам хүн байсан. Ажаа маань ч зүүн Чойрын хийдэд шавилан сууж байгаад цаг ороо бусгаа болох үест харласан. 20-н хэдтэй аян жин тээж явсан гэхээр бага залуудаа хар болсон. Энэ тухай хамт жин тээгээд явдаг байсан Самдан гуай ярьж байсныг ээжээс сонссон. Номтой хүн л дээ. Биднийг өвдлөө гэхэд толгой дэр ирж нэг үлээчихнэ. Бид ханиад томуу ч байхгүй л өссөн. Бас сайн мэргэлнэ. Би чинь хэдэн адуугаар хайгаад алга болж өгнө. Тэгэхэд Ажаа “энэ хүүхэд буруу эрээд яваад байх юм. Мал нь энүүхэнд байхад” хэмээн суусан нь бий. Ажаа мөн их, бага хүрэн морио уяж хурдлуулдаг байлаа.
Манай ээжийн ээжийн аав Муушийн Дамдин гэж өвгөн байсан. Өвөөгийн тухай адуучин нь ийн ярьсан байдаг. Их ажилтай хүн байж. Тэр хавийн залуучууд ч их айж эмээнэ. Хүнд айхтар юм хэлээд байхгүй. Хаа нэг “хөөе мондинууд” мал чинь хэцүүдлээ л гэдэг. Тэгээд залуучууд нэг захаас нь гүүгээ саагаад дуусахад түрүүчийн гүүг саах цаг болчихсон байдаг. Орой нь айраг уух гэсэн олны хөлд дарагддаг. Яг л найр наадам болж байгаа юм шиг байдаг байж. Ээж энэ тухай ярьдаг юм. Манай ээж багадаа хурдан морь унаж уралддаг байлаа.
-Өвөө нарын тань адуунаас танд өвлөгдөж ирсэн үү?
-Тийм ээ, сүүлд ажаагийн бага хүрэн нь, нэг зээрд халзан морь, хүрэн гүү надад ирсэн. Гэхдээ хүрэн гүүг нь очиж авах гэсээр байтал үгүй болсон. Харин наадам болгоноор хүрэн мориороо гоёдог байсан. Хүнд зарсан чинь буцаад гүйгээд ирсэн. Наадмаар морь дагаад давхичихна, ам нь дийлдэхгүй. Өөрөө өөрийгөө уячихна. Уралдаанаар тасарч давхиж байгаад бариан дээр ирлээ, хадуураад алга болчихно. Ганц ч орж үзээгүй тийм сонин адуу байгаад сүүлд хөгшрөөд 20 гарсан хойно нь тогоо тосолсон байна лээ. Тэгэхэд би сургуульд яваад эзгүй байсан юм.
Би анх адуутай болоод халиун азарга тавьсан юм. Тэгсэн манай нутгийн, аймгийн Алдарт уяач Эрдэнцогт гуай “халиун азарга тавьж өвгөчүүлийнхээ шийрийг хатаах нь уу” гэж асуулаа. Учрыг нь асуувал танай дээдчүүл их бага хоёр халиун азаргатай байсан. Нэг нь морь алдаг, нөгөө нь ард нь байж байгаад сугарч гарч ирээд түрүүлчихдэг байлаа гэж ярьсан. Тэр яахав уралдааны тактик байсан байх л даа. Энэ мэт хөгшчүүлээс сайхан түүхийг яриулахад амттай шүү.
-Хаанахын ямар угшил гарвалтай адуунууд байсан бэ?
-Манай хөгшчүүл хаанаас адуу малаа авч байсныг мэдэхгүй байна. Буугийн Самдан гуай, Лханоров гуай, Бөмбөөлэй Цэвэг, Авхүү гуайн адуунаас манай бий. Ерөнхийдөө Сүмбэрийнхний адуу л даа. Сүүлд чөтгөр Намсрай гуайгаас нэг гүү авсан нь одоо миний хурдлаад байгаа хоёр хулын эх нь. Би дөрвөн азарга адуутай байгаад тав дахь азаргаа тавьж чадалгүй Герман явсан.
Анх надад таранд сайн нэг даага байлаа. Таранд сайн болохоор  даага хөгшчүүл зарчих гэж их гуйнаа. Тэр үед их гайхдаг байлаа. Хүн дөнгөж адуутай болж байхад юун сонин юм асуудаг юм. Энэ Боржигоныхон сонин улс юмаа гээд л бодно. Хүний ганцыг авах гэлээ гэж битүүхэн гоморхоно. Би уяж сайн мэдэхгүй ээ. Тэгэхээр ээж намайг морь унадаг байхад ийм үед ингэдэг байсан гээд зааж зөвлөнө. Тэр үгээр нь л хийхэд яг таардаг  байлаа.
-Хэдэн онд Германаас ирсэн юм бэ? Аймгийнхаа МСУХ-ны нарийн бичгийн даргаар хэзээнээс ажиллаж байгаа вэ?
-2009 онд ирчихээд компани байгуулж, бизнес хийж эхэлсэн. Түүний дараа жил “Морьт Боржигон” МСУХ-ны тэргүүн талийгаач Бор ах, Бадамцэрэн нар ирж уулзаад “нутгийн дүү хүү чамайг холбооны тэрүүлэгчээр авъя” гэсэн. Би ч үгүй гэж хэлж чадахгүй болохоор за л гэлээ. Тэгээд анх  удаа холбооны шинэ жилийн  баярын арга хэмжээнд оролцлоо. Тэгсэн манай Цогтоо эд нар “за хөгшөөн чиний нэр дээр морь давхиулна шүү” гэхгүй юу. Тэгэхэд миний малыг малладаг манай хүргэн бас ирсэн байсан юм. Энэ тухай хүргэндээ хэлбэл “юу яриад байгаа юм. Танд давхих адуунууд байхад. Авчраад тэжээхэд л болно” гэж байна. Би мэдэхгүй юм чинь. Бүгдийг нь аваад ир гээд онгироод авлаа. Яахав боломжийн орлоготой болчихсон, захирал ухаантай онгироо амьтан болчихсон байгаа юм. Тэгсэн тийм олон юм барахгүй ээ. Би их, бага хул, халзан даагыг чинь энэ жилдээ оруулаад ирье гэсэн. Ярьсан ёсоороо нэг сар гэхэд оруулаад ирж байгаа юм. Ингээд хоёулаа тэжээж байгаад цагаан сарын шинийн гурванд  айлын найран дээр уралдуулав аа. Тэнд морь будилаад, улсууд хамгийн сүүлд бариад зургаалсан. Үүнээс өмнө би морь уяж уралдуулж байсан ч айрагдаж байгаагүй болохоор “айрагдахад арай дутлаа” гэж бодоод их урамшсан. Ингэж моринд орж гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш их, бага хул жижиг наадмуудаар 16 уралдсан байгаа юм. Тэгэхэд бага хул 12 айрагдаж гурав зургаалаад  нэг удаад 19-өөр давхисан. Их хул нь 4, 5 айрагдчихсан. Боржигондоо гурвалсан. Миний амжилт бол одоогоор тиймэрхүү л байна даа.
Ийнхүү 2010 оноос хойш уяач нартайгаа байнга холбоотой хамтарч ажиллаж байна. Манайхан ч намайг их хүндэлнэ. Энэ жил Геннист бүртгүүлсний нэг жилийн ойгоо эдэнтэйгээ тэмдэглэсэн.
-Хоёр хулын удам угшлыг хөөвөл хаанаас эхтэй вэ?
-Хөгшчүүлийн адуунаас үлдсэн хэдэн юм бий. Сүмбэрийн жинхэнэ хурдтай улсын адуу байхгүй юу.
Би ч төв дээр ажилтай болохоор уяаны ажилдаа сайн оролцож чадахгүй юм. Гардан морь уядаг хүн бараг биш л дээ. Хүргэндээ уяаны ажлаа даатгачихсан. Олон ажил зэрэг амжуулдаг болохоор цаг нартай уралдаж л ажиллаж байна. Гэхдээ нутаг орныхоо төлөө ажилд хойш суудаггүй л дээ.
-Тэгвэл холбооны тутмын ажилд та оролцож амжиж байна уу?
-Одоохондоо өдөр тутмын ажил гээд байх юм алга. Сүүлд намын асуудлаас болоод биднийг ямар ч үйл ажиллагаа хийлгэхээ больчихсон. Манай тэргүүлэгчид нийлж ярилцаад дотоод журам, ажлын төлөвлөгөө гаргадаг ч хэрэгжүүлж чадахгүй болохоор үнэндээ урамгүй юм. Албан ёсны арга хэмжээ болоход жишээ нь ММСУХ-ны 20 жилийн ойн наадам, Геннисийн уралдаан энэ тэрд бүрэн бүрэлдхүүнээрээ оролцлоо. Тэрнээс орон нутагтаа өөрсдийн хийе гэснээ хийж чадахгүй байна. Дээр байгаа улс хөл толгойгоо олчихвол бидэнд хийх юм их байна. Протокол хөтлөөд сууж байхад гоё, гоё санаанууд их гарч ирнэ.
-Сая бас галын тэргүүн болсон гэсэн байхаа?
-Залуучууд маань итгэл хүлээлгэж байхад хийхээс яахав. Ямартаа ч итгэлийг нь алдахгүй сайн ажиллах юмсан гэж боддог. Уяач морь хоёр дов үзэх ёстой гэж ярьдаг даа. Энэ жил бид нар улсын наадамд зохион байгуулалттайгаар явсан, гоё байна лээ. Би ярьж л байсан юм, энэ тухай. Бүгдээрээ нэг нутгийн улс байна. Хамтдаа нэг газар уяагаа зоогоод гал болж ажиллая. Тэгээд морио сайн уяж байгаа нь сум, аймаг гэхгүй арай томхон наадамд явцгаая. Сайн морьтой ч уяж чадахгүй байгаа нэгэндээ тусалъя. Унаач хүүхэдгүйгээр морь уяж чадахгүй байгаа улс байна. Тэгэхээр хүүхдүүдээ хольж солъё гэж ярилцаад шийдсэн нь энэ.
Би ч ах дүүсийн бэлэглэсэн адуунуудаа цуглуулж уяаны ажилдаа шамдах санаатай. Галд орчихсон хүн чинь уяан дээр юунд санаа зовохов. Өөрөө гардаад  уяхгүй ч бэлдээд өгчихөд манайхан болгоод байх болов уу. Сая ММСУХ-ны наадам дээр би Говь-Сүмбэр аймгаасаа ганц бор азарга би мордуулсан. Манай энд наадам давхардаад уяачид хоёрдчихсон л доо. Энэ азарганаас гадна миний нэг хул соёолон бас сайн давхиж байна.
-Энэ хул соёолон хэд түрүүлж хэд айрагдсан юм?
-Түрүүлж үзээгүй. Түрүүлээд ирэхээр будлиан энэ тэр гараад хойшилчихдог. Нэг жилийн дотор 12 айрагдчихаад байгаа юм. Бас нэг өдөр их, бага хулууд  маань хоёулаа аман хүзүүнд орж байлаа. Аман хүзүүдэхэд өм жоохон дутлаа. Эсвэл уяачийн буруугаас боллоо гэдэг. Харин зургаалбал хүүхдийн буруу гэлцдэг. Надад бол болоо л гэж боддог. Миний хул чинь дандаа бөгсөнд эргэж, тэгээд туулсаар байгаад  гараад ирдэг. Уяа нь орчихсон байхдаа үнэн гоё амьтан л даа. Наадмын урд шөнө манаж хоноход андашгүй.
-Ажаагийн тань уяж байсан адуунаас одоо танд бий юу?
-Хүрэн мориноос авахуулаад байнаа байна.
-Ажаагаас тань өвлөгдөж ирсэн адууны эдлэл хэрэгсэл байдаг уу?
-Ажаагийн эмээл надад бий. Аавд Буугийн Лханоров гуайн сайхан мөнгөн бүс, хөөрөг гаанс байсан юм. Даанч намайг Герман явсны хойно манай дүү хулгайд алдчихсан. Би ч элдвийн юм их цуглуулдаг байлаа. Одоо ааваас үлдсэн сайхан том хутга, ээжээс ирсэн эмээл байна. Хөдөө бол зүгээр суухгүй л дээ. Сураа хийчихнэ. Хэрвээ уяа энэ тэрээр хийчихвэл ээж загнана, моринд ийм муухай юм хийлээ гэж. Ээж өөрөө сураа зүсээд, биднээр элдүүлнэ. Тэгээд залуучууд дундаа үүгээр гангарна. Цагаан сараар бүгд морио унана. Би 2000 онд байхаа, Хархоринд очоод гайхсан. Айлууд нь гаднаа дүүрэн адуу малтай хэрнээ хоорондоо  явган гүйлдээд л.
-Та хүүхдүүдээ ээж шигээ бэлдэж чадаж байна уу?
-Би гурван хүүхэдтэй. Том охин оюутан, хүү тавдугаар ангид сурдаг. Одооноос морь унаж байгаа. Би морьдоо зүүн тийшээ явуулчихаад, ноднин уржнангаас авчирч чөдөрлөөд, морьдоо уяж байна.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна