Аймгийн Алдарт уяач Ж.Хүрэлбаатар: Уруудаад явчихсан хээр азаргаа ирэхэд нь барьж уяад, түрүүлгэх үнэхээр сайхан байсан

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 27 -нд

Төв аймгийн Баян сумын уугуул, Говьсүмбэр аймгийн  Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ж.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Хүрэлбаатар уяачийн моринд орсон түүх хэзээнээс эхэлж байна вэ?
-Миний эцэг Чалцав Говь-Алтайн Жаргалан сумын уугуул хүн. Бага залуудаа цэргээр явж байгаад Баян суманд айл гэр болж, ажил амьдралаа эхлүүлсэн гэдэг юм.  Тэр үедээ адуу малд явж байгаад Шийтэр гэж өвгөний адуунаас буруу хөл нь цагаан хүрэн байц авсан юм байна лээ. Ямар ч байсан намайг хүүхэд байхад аавын уясан морьд Архуст, Баян сумын хойд талаар айраг цагаа хүртэж байсныг тод санаж байна. Алдарт Гарамжав гуай нарын томчууд хойд талдаа нааддаг байлаа ш дээ. Тэр бол 1965,66 оны алдад миний хурдан морь унаж эхэлсэн үе л дээ. Тэгэхэд манайх Төв аймгийн Архустын сангийн аж ахуйд оччихоод байсан. Тэндээс удалгүй 1969 онд Сүмбэрийн сангийн аж ахуй руу намайг дөрөвдүгээр ангид байхад ирсэн санагдана. Эндээс л би адуунд дуртай болж, эцгийнхээ бэлдэж өгсөн хэдэн сайхан адуугаар уяа эвлүүлж сум, аймгийн Алдарт уяач боллоо.
Би 1980 оноос эхлэн морь уяж байна. Тэр жилээ Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд бор азарга, шүдлэн хул үрээгээ тус тус  түрүүлгэсэн нь анхны амжилт. Урам ч орсон гэж жигтэйхэн. Уяа сойлго тааруулсан энэ хугацаанд Хэнтийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Төв аймгийн Баянжаргалан болон тойрсон хэдэн сумдаар бишгүй л наадаж, айраг, түрүү авлаа.
-Чалцав гуай зээрд байц авсан гэсэн. Тэр нь Шийтэрийн зээрдтэй холбогдох уу?
-Мэдэхгүй. Аав маань тэр айлын адууны гаралтай шүү гэж л ярьдаг байсан. Тэрнээс хойш манай адуу ч  солигдлоо. Гэхдээ гүү талдаа тэр адууны удам угсаа нэлээн явсан.
-Аавынхаа айраг түрүүний амжилтаас сонирхуулаач?
-Архустын сангийн аж ахуй буюу Төв аймгийн Эрдэнэ сумандаа л нааддаг хүн байлаа. Тэрнээс айхтар том уралдаанд оролцож байгаагүй. Гэхдээ тэр үедээ Гарамжав гуайд тоогдож л явсан уяач даа. Нэг бус удаа энэ мундаг уяач “ай адуу чинь  үнэн сайн болжээ” гэж хэлж байсан. Тэр үед би унаач хүүхэд тэдний яриаг сонсоод л сууж байгаа юм чинь. Ингээд Чойрт ирснээс хойш аав төвд сууж, морь уяхаа больсон. Хэдэн адуугаа айлд  тавьчихсан. Бараг хоёр, гурван жил хэртэй завсардсан байх шүү. Тэгээд 1974 онд цэрэгт явж, Дархан хотод гурван жил цэргийн алба хаагаад, эндээ үлдчихье гэж бодож байлаа. Тэгсэн нэг өдөр аав ирлээ. “Энэ хэдэн адууг чинь гурван жил өсгөлөө. Одоо чи маллахгүй юм бол яахаа өөрөө мэд” гэхээр нь юм бодогдсон л доо. Аргагүйн эрхэнд наашаа ирлээ. Ирээд жолооч, нярваас эхлээд фермүүдэд янз бүрийн ажил хийж үзсэн.
-Таны анхны түрүүг авчирсан бор азарга чинь хаанахын адуу юм?

-Манай өөрийн адууны гаралтай.
-Ер нь танай адуунд ямар ямар угшлын адуу байгаа вэ?
-Аавын маань бэлдэж өгсөн адуунаас хоёр, гурван гүү бий. Бусад нь Сүхбаатар, Хэнтийн Дэлгэрхаан гээд л янз янзын адуунууд байна.
-Түүний дараа хаана хаана наадаж, ямар амжилт гаргав?
-Анхны Боржигоноор саарал соёолонгоо дөрөвлүүлсэн. Ер нь голдуу Хэнтий аймгийн хэдэн сумаар уралддаг байлаа. Бас Цэнхэрмандалын нэг ойд очиж шүдлэн үрээгээ түрүүлгэж байлаа. Баянтал байгуулагдсаны нэг жилийн ой 2001 онд болоход хээр азаргаа түрүүлгэсэн. Бас Сүмбэр сумынхаа наадмаар хул соёолонгоо гуравт оруулж, давхар уяагаар Баянталын нэг жилийн ойд түрүүлгэсэн. Харин сүүлийн хоёр, гурван жил морины хүүхэдгүй болчихоод  уяж чадахаа байсан. Нас ч 60 хүрчихлээ. Лазан хүрнэ ч гэдэг юм уу хүн туслахгүй л  бол морь мал уяя гэж бодогдохгүй бололтой. Гурван жил хэртэй завсарлачихлаа. Сүүлд Баян-Улаанд очиж нэг азаргаа түрүүлгээд, Дэлгэрхааны наадамд давхар уяагаар 30-н хэдээр оруулсан нь  2012 оны амжилт. Харин энэ жилээс нэг хөөрхөн хүүтэй болсон. Энэ өвөл бэлтгэлээ базааж байгаад ирэх жилээс наадна даа. Манай хүүхдийн хүүхэд байгаа юм. Ач зээ нар маань ихэнх нь нас бага л даа. Морь унадаг овсгоотой хүн алга. Тэгээд ч төвд суусан хүүхдүүд чинь мориноос айгаад байх юм.
-Та хэдэн хүүхэдтэй юм?
-Манайх таван хүүхэдтэй. Бага охин л мал дээр байна. Бусад нь төвд цагийн ажилтай улс учраас хааяа нэг ирчихээд буцчихдаг. Хүүхэд байхад нь өсгөж хүмүүжүүлэх гэж зүтгэсэн бол өтлөөд ирэхээр малыг нь харж өгөх ажилтай болдог юм байна.
-Анхны Боржигонд айрагдсан саарал морь өмнө нь яаж давхиж байв?
-Яг миний өөрийн унаган адуу л даа. Даага, шүдлэндээ 10-н хэдээр л  давхидаг байсан. Тэр Боржигоноор хэний соёолон түрүүлснийг тулгамдаад санадаггүй ээ. Мэдэж байгаагаас аварга Цэвээндоржийн гурван азарга нь дараалан ирж байсан. Энэ өвгөн бид хоёр ийшээ тийшээ наадамд байнга цуг явна. Одоогоор бол нэг галынхан гэх үү дээ.
Харин намайг аймгийн Алдарт болоход аавын адууны хоёр хул азарганы амжилт их нөлөөлсөн. Бага наснаасаа хурдалж, Хэнтийн хэдэн сумдаар дандаа айраг, түрүү авч байлаа.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон билээ?
-Би 2010 онд аймгийн Алдарт уяач болсон санагдана. Тэр үед 11,12 түрүү, найм, есөн айрагтай байсан. Аймгийнхаа наадамд цөөхөн уралдсан л даа. Ихэвчлэн Хэнтийн болон ойр зууртаа очиж наадсан.
-Мэдээж наадам болгон дурсамжтай. Тэр дундаас хамгийн сайхан нь аль наадам байв аа?
-2000 оны зуднаар бүх адуугаа уруудуулчихдаг юм. Ганц азарга адуутай л үлдсэн. Тэнгэрийн муухай арилдаг хойно доо. Наадам ч боллоо. Төв аймгийн Баянжаргалан, Дэлгэрхаанаар нэлээн орчихсон саарал азаргаа уячих санаатай. Тэгсэн өнөөх нь туранхай гэж жигтэйхэн. Яая даа гэж байтал яг морь барьдаг өдөр хээр азаргатай тав, зургаан юм гүйгээд ирдэг байгаа. Харсан хээр азарга тун аятайхан байна. Барьж авч уяад, Баянталд түрүүлгэж  байлаа. Уруудаж явчихаад морь барьдаг өдөр ирээд түрүүлэхэд нь миний унаган адуу шүү дээ гэж их баярласан. Яах аргагүй сэтгэл огшоосон наадмуудын нэг энэ байлаа.
-Таныг энд ирэхэд нутгийн нэрийг гаргасан ямар сайн уяачид байсан бэ?
-Морь уясан энэ жилүүдэд аварга Цэвээндорж гэж  өвгөнтэй их олон жил найзаллаа. Сайхан хүн шүү. Эцэг морь уядаг байхад би морины ажилд нь бага сага тусалж мэддэг болсон юм. Хоёулаа тэмээн тэрэгтэй, морьдоо хөтлөөд олонтаа холын замд гарсан даа. Бас Хярагийн Нямсүрэн гээд цаана нэг өвгөн байгаа. Илүү л дээ. Миний уясан морийг наадмын өдөр хараад хэдэд ирэхийг алдалгүй хэд хэдэн удаа хэлсэн. Нямсүрэн гуай их маазархуу, тоглоом шоглоом болоод л явдаг байлаа.
-Та бас Нямсүрэн гуай шиг хэлнэ биз?
-Өөрийнхөө уяж байгаа морины өвөл зуны онгойлт, тарга хүч, ажлыг мэдэх болохоор хаагуур давхихыг нь жоохон ойртуулж хэлэх л байлгүй дээ./инээв/ 1980 оноос хойш өдий болтол морь уяад 34,35 жил морь уялаа. Гэхдээ адуу болгон уяа нь өөр. Хол, ойр, нарийн, хөнгөхөн, хүнд уяатай гээд л. Энэ бүрт чадна гэж л уяна. Тэрнээс “ай барахгүй болов уу” гэж хэлэхгүй. 
Энэ хавийн залуус ч морь малтай их сайхан харьцана гээч. Сураар хазаар, ногтоо хийчихнэ. Нямсүрэнгийн хүү Загасаа, Өндөгнөө нар эцгийгээ дуурайгаад морь мал сайхан эдэлнэ. Загасаа  нь улсын тэмцээнд яваад дэд мастер болсон. Аварга Цэвээндорж бид худ ураг болсон улс. Түүний Донхор гээд хүү ажаагийнхаа хэдэн адууг уяж эхлээд байна. Ноднин Шивээд очиж соёолон морь айрагдуулчихаад ирсэн. Энэ жил Чойрт болсон Боржигон наадамдаа нэг халзан морь айрагдууллаа. Өвгөний нэрийг гаргасан сайн уяач болох байхаа.
-Ер нь таны уяж байсан морьдоос хамгийн олон айрагдаж, түрүүлсэн нь ямар морь байна?
-Миний нэг хул азарга байдаг юм. Энэ азарганы эх нь яг манай өөрийн адуу. Харин эцэг нь сүүлд Сүхбаатар талаас ирсэн азарга. Жамбал Шануугийн адууны юм гэж хотод байдаг найз маань хоёр, гурван үрээ авчирч манайд тавьсан юм. Тэрний нэгээс гарсан төл болох хул азарга даагандаа Хэнтийн Дарханд түрүүлээд, шүдлэндээ Дэлгэрхаанд гуравлаж, хязааландаа Дэлгэрхаанд бас түрүүлсэн. Мөн сумын наадмаас гадна Очирбат гэж улсын сайн малчны зохион байгуулсан наадамд соёолон азарга түрүүлээд бүдүүрсэн хойноо Хэрлэнбаян-Улаанд түрүүлсэн. Нийт тав, зургаа түрүүтэй. Гэхдээ том наадамд явж байгаагүй. 11,12 хүртлээ уралдсан.
-Төлүүд нь яаж давхисан бэ?
-Төлүүд нь айхтар уягдаж чадахгүй байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ирэх жил уясан хүлэг болгон нь хурдлах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна