“Жавхлантын хурд” МСУХ-ны дэд тэргүүн Д.Түмэндэлгэр: Жигээ адуу манай суманд нэлээд тарсан

Бадрал
2016 оны 6-р сарын 06 -нд

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул, “Жавхлантын хурд” МСУХ-ны дэд тэргүүн Д.Түмэндэлгэрийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Баян-Овоо сумын “Жавхлантын хурд” МСУХ хэдий үед үүсгэн байгуулагдсан бэ. Өдгөө ямар зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа вэ?
-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Жавхлантын хурд” МСУХ нь 2006 онд анх байгуулагдсан. Уяачдын холбооны тэргүүнээр Намсрай Бямбабатжил, дэд тэргүүнээр Түмэндэлгэр миний бие, нарийн бичгийн даргаар Г.Өлзийсайхан, Р.Оюунчимэг, тэргүүлэгчээр Б.Ганбат, Х.Нямдорж, Хэрлэнбаатар, Д.Баярхүү, Ж.Баярбат, Н.Сонинбаяр, Б.Мөнхбаяр, Х.Пүрэвдорж, Д.Батмөнх, Х.Даваадорж, А.Атарбаяр нар сонгогдож ажиллаж байгаа. 2006 оноос үйл ажиллагаагаа байнгын явуулж, 2013 онд дүрэндээ нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталсан.
-2006 он гэдэг харьцангуй хожуу үүсгэн байгуулагдсан юм байна. Ер нь Баян-Овоо сумын хэмжээнд аймаг болон сумын цолтой хичнээн уяач байна вэ. Морь уядаг гишүүнчлэлтэй, гишүүнчлэлгүй хичнээн хүн байна вэ?
-Манай “Жавхлантын хурд” уяачдын холбоо 100 гаруй уяачтай. Тэднээс найм нь аймгийн, 23 нь сумын цолтой. Насны хувьд дунджаар 25-45 насны уяачид зонхилдог. Нийт уяачдын 15-20 хувь нь ахмад хүмүүс байдаг.
-“Жавхлантын хурд” МСУХ жилдээ хичнээн уралдааныг зохион байгуулж байна вэ?
-Манай уяачдын холбоо жилийнхээ ажлын төлөвлөгөөг гаргаж, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2014 онд 13 ажлыг төлөвлөснөөс хаврын уралдаан, зуны төрт ёсны наадмын уралдаан, овоо тахилга гээд нийлсэн 8-9 уралдааныг жилдээ хийдэг. Хаврын уралдаанд өргөн хамруулж, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн ойр зэргэлдээ сумдын уяачдыг урьж оролцуулж, уралдаанаа чанартай, амжилттай зохион байгуулж хэвшсэн. Түүний хажуугаар зөвхөн морин уралдаан гээд байхгүйгээр уралдаанч хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах тал дээр жил бүр сургуулийн нийгмийн ажилтантай хамтран уралдаанч хүүхдүүдтэй зөвлөгөөн хийдэг. Мөн уралдаанч хүүхдүүдийнхээ дунд гийнгоо болон морь цоллох тэмцээн зэрэг урлаг соёлын ажлыг зохион байгуулж ирсэн. Жилийн эцэст шилдэг уралдаанчийг шалгаруулдаг, нийт уяачдадаа хийсэн ажлаа тайлагнадаг.
-Гарааны төхөөрөмж ашиглаж байгаа юу?
-Манайх 2013 онд уяачдынхаа хандиваар сая 300 мянган төгрөгөөр гарааны төхөөрөмж хийлгэсэн. Гарааны төхөөрөмжтэй болсноор морин уралдаанд ямар нэгэн осол эндэгдэл, будилаан гарахаа больсон. Уралдаанч хүүхдүүддээ уяачид маань анхаарч хамгаалалтын хувцсаар бүрэн хангуулсан. Хүүхдийн аюулгүй байдлын үүднээс даатгал байнга хийлгэдэг. Ер нь даатгалгүй, хамгаалах хэрэгслэлгүй, эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдүүдийг уралдааны замд гаргадаггүй. Сургууль болон цагдаа, эмнэлэгтэй хамтарч уралдаан зохион байгуулдаг. Оны эцсийн тайлан хуралд сумын цагдаагийн тасаг, хүн эмнэлгийн алба, сургуулийн нийгмийн ажилтан буюу даатгалын байцаагч нарыг оролцуулдаг. Ингэснээр хурдан морины уралдааны замд гарах осол эндэгдэл, ямар нэгэн будилаан гарах асуудлыг урьдчилан сэргийлж ажиллаж чадаж байгаа.
-Тухайн сумын уяачдын ур чадвар, эрдэм ухааныг хэмжихдээ сумандаа яаж наадаж байгаа вэ гэдгээс илүүтэйгээр гадагшаа гарч уралдсан амжилтыг түлхүү үздэг болчихож. Танай уяачид гадна дотны наадмуудад хэр явж наадаж байна вэ, ямархуу амжилт үзүүлж байна вэ?
-Манай уяачдаас улсын зүүн бүсийн наадмуудад очиж уралдаж байна. Дорнод, Хэнтий, Сүхбаатар гэсэн гурван аймгийн бүсэд очиж уралдаж амжилт гаргаж байна. Өнгөрсөн 2013 онд Хэнтий аймагт зүүн бүсийн хурд болсон. Тэнд манай Баян-Овоо сумын аймгийн Алдарт уяач Ганбатын хээр азарга дөрвөөр давхиж, сум орон нутгийнхаа нэрийг гаргаж, Хэнтий аймгийн Баян-Овоо сум хурдан удмын адуутай байдаг юмаа гэдгийг зүүн бүсийнхээ уяачдад харуулж чадсан. Мөн Баян-Овоо сумаас зарагдсан сумын Алдарт уяач Бүүвэйдугарын бор үрээ улсын прокурор байсан Цэрэнбалтав гуайд очиж, улсад дөрвөөр давхиж байсан.
-Хэдэн оны наадамд вэ?
-Саяхан даа, 2010 оны эхээр. Мөн Барсын Нямдоржийн бор морь гээд Сандуйжав гуайд зарагдаад Алтан-Овоонд болсон бүсийн наадамд түрүүлсэн. Ер нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас “Жавхлантын хурд” уяачдын холбоогоор дамжиж гарч энд тэнд бэлгэнд өгсөн буюу зарагдсан адуунууд хурдалж байгаа. Улс, бүсэд очоод уралдсан, бүр баруун тийшээ зарагдаад айраг, түрүүнд давхиж байгаа л гэдэг.
-Танай сумаас гарсан адуу хамгийн дээд тал нь ямар үнэ ханш хүрэв ээ?
-Манай сумаас гарч байгаа адуу хамгийн дээд тал нь 10 сая хүрсэн байх.
-Дадалынхантай уулзахад манай суманд гадныхан ирээд наадахад түрүү авна гэж их л ховор байдаг юм гэж ярьж байна лээ. Танайхан сумын баяр наадмын дэвжээгээ хэр хамгаалдаг вэ?
-Манай сум ямарваа нэгэн уралдаан зохион байгуулахад айраг авахгүй байна гэж байдаггүй. Ер нь нийт адууны удам угшил сайжирч, адууны хурд нэмэгдэж байгаагаас түрүү, аман хүзүү алдах тохиолдол байна. Гэхдээ 30 айраг, түрүүний 60-аад хувийг нь баараггүй авна шүү.
-Танайхан адуугаа тэжээж байна уу?
-Сүүлхнээс тэжээж эхэлж байна. Тэжээлгүй адуу давхихгүй гэдгийг мэдрээд уяачид маань шинэ цагийн уяаны арга барилаар адуугаа тэжээж хурдлуулах арга замыг эрж хайж байгаа учраас улсын алдарт уяачид болон мал эмнэлгийн нэртэй эмч нарыг аваачиж семинар зөвлөгөө авах ажлыг уяачдын холбооноос зохион байгуулдаг. Тухайлбал, доктор Төмөрхадуур гуайгаас зөвлөгөө авч байлаа. Мөн Ганбат Алдарт уяач ирж ярилцлага уулзалт зохион байгуулсан. Ер нь Батноров сумтай уяачдын холбооныхоо тал дээр хамтарч ажилладаг юм. Батноров суманд аливаа нэгэн үйл ажиллагаа болоход бид оролцдог, Баян-Овоо руу Батноровынхныгоо урьдаг, саахалт айл гэдэг утгаараа дотно харьцаатай ажилладаг.
-Хэнтий аймаг Монголын хурдны гол цөм гэж нэрлэгддэг. Дээрээс нь сум болгонд түүнийг түшиглэсэн бэсрэг угшлууд яригддаг. Баян-Овоо сумын хэмжээнд хурдан хурцаараа гайхагдаж байсан бэсрэг угшил болтлоо тарсан ямар, ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Улсад яригддаг манай тийм угшил гэх юм бол Жигээ адуу байна. Жигээ адууны угшил нэлээдгүй тархсан. Жигээ гэдэг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын гаралтай. Ер нь нутгийн дээр үеийн хурдтай байсан өвгөчүүлийн маань адуу бас зонхилж байна л даа. Гүрцэдэн гэж Жигээ адуутай байсан хүн. Тэр хүний ягаан азарга зүүн талдаа даасан сайхан хурдан адуу байлаа. Түүний үр төл одоо ч гэсэн сум орон нутагтаа хурдалж байна.
-Тэр ягаан азарга хэд түрүүлж, айрагдаж байсан юм бэ?
-Суманд дөрөв түрүүлсэн. Дорнодын Хөлөнбуйр зэрэг хөрш сумдад ч түрүүлж байсан. Ягаан азарганы эцэг цагаан азарга нь Жигээ угшилтай. Цагаан азарга нь суманд гурав түрүүлсэн байдаг. Ер нь ойрын сумдад очиход айраг алддаггүй азарга байсан. Мөн Сүхбаатарын Түмэнцогтын Буган адууны угшил байдаг. Занын Гомбын буган азарганы төлүүд бий. Дээр үед Магж гэдэг сайн морь уядаг өвгөн байсны адууны угшил байна. Мөн Онин Намсрайн орог, Арьяагийн цагаан зэргийг нэрлэх нь зүйтэй байх. Манай сумын адууны 30-аад хувь нь Арьяагийн цагаан, Алагаагийн цагаан гээд ах дүү улсын адуу зонхилж байгаа. Нямдоржийн цагаан гэж сумандаа бас 4-5 түрүүлсэн цагаан азарга байдаг. Дээд угшил нь Түмэнцогт гаралтай.
-Тэгвэл энэ цагт хурдалж байгаа ямар ямар адуунууд байна вэ?
-2010 оноос өмнө Гочоогийн хул азарга ер нь зүүн талдаа Батноров, Баянхутаг, Баян-Овоо, Түмэнцогтод хурдалдаг, гурван суманд очоод гурав түрүүлчихсэн адуу. Түүний үр төл бас бий, гайгүй давхиж байгаа. Аймгийн Алдарт уяач Шараагийн ногоон азарга гэж бий. Одоо ч Шараагийн хээр азарга сайн давхиж байна. Их морь гэвэл Цогт-Очирын хул алаг морь бас л 4-5 айрагдсан байх. Нэг, хоёр удаа түрүүлж, 3-4 удаа айрагдсан.
-Хэдийгээр Хэнтий аймаг хурдны гол цөм гэгдэж байгаа боловч сүүлийн үед Сүхбаатар зүгийн адуу улс, бүс, аль ч аймгийн баяр наадамд давамгай ордог болчихсон. Энэ юуг хэлж байна вэ гэхээр Хэнтийчүүд манай адуу сайн гээд суух биш, шинэ цагийн уяаны эрдэмд суралцаж, гарч уралдах ёстой болжээ гэсэн дохио. Баян-Овоо сумын хэмжээнд энэ тал дээр хэр анхаарал хандуулж байгаа вэ?
-Энэ асуудлыг бид хоорондоо ярьдаг. Ер нь шинэ цагийн уралдаанд уралдахад нэлээд хөдөлмөр, хүчин чармайлт хэрэгтэйн дээр адууны удам угшлыг сайжруулах тал дээр ямарваа нэгэн дорвитой алхам хийж, ажил зохиохгүй бол болохгүй юм байна аа, бид хоцорч байгаа юм байна гэдгийг бусдын адил мэдэж ажиллаж байгаа. Зарим залуус маань адууны угшил сайжруулах, хурдалж байсан азарга худалдаж авах, түүний үр төлийг гаргаж адууныхаа цусыг сайжруулах тал дээр ажиллаж байна. Мөнхөөгийн Батбаатар гэдэг сумын Алдарт залуу энэ тал дээр маш сайн ажиллаж байгаа. Аймгийн Алдарт, сумын Алдарт уяачид өөрсдийнхөө хүч бололцоонд тулгуурлаж адууны цусыг сайжруулах, адууны генийг чанаржуулах тал дээр юм хийж эхэлчихээд байгаа.
-Уяачдын холбоо бол моринд зүрх сэтгэлгүй хүний хийдэг ажил биш. Хэдийгээр төрийн бус байгууллага боловч цаг зав, хөрөнгө мөнгө гээд олон зүйл шаарддаг. Ер нь морь мал сонирхож уядаг байлгүй гэж бодож байна?
-Би 2011 оноос хэсэг хуурай дүү нарынхаа хамт моринд сонирхолтой, дуртай болж, өөрийн байсан хар морийг уяж хурдлуулж анх моринд орсноос хойш 3-4 жил л болж байна. Ер нь адуу сонирхож, адууныхаа угшлыг сайжруулах тал дээр өөрийнхөө хэмжээнд азарга, гүү авч тавих, угшлыг сайжруулах тал дээр юм хийж байна. Адуу гэдэг энэ сайхан буянтай, хийморьтой амьтантай холбогдож ажилласны үр дүнд уяач гэдэг ямар их хөдөлмөр эрхэлдэг юм, ямар агуу улс байдаг юм гэдгийг мэдэрч, улам их сэтгэл гаргаж ажиллахаар зүтгэж байгаа. Энэ зүтгэлийг манай уяачид маань мэдэрч, энэ албыг та хий гэж итгэл хүлээлгэсэн. Энэ итгэлийг алдахгүйн төлөө өөрийнхөө хэр хэмжээнд ажил хийж явна. Миний хувьд шинэхэн орсон болохоор шууд л айраг, түрүү аваад байна гэж юу байхав. Ямар ч гэсэн сумынхаа наадамд өөрийнхөө морьдыг уяад уралдуулахад арав багцаанд давхиж байна.
-Ямар удам угшилтай морьдтой болоод байна вэ?
-Манай сумын Алдарт уяач Эрдэнэхуягийн морь байна. Батноровоос дүү маань бэлгэнд өгсөн хонгор үрээ байна. Ер нь сумын давхил, наадамд давгүй давхих, уяачид маань энэ уяа нь таарвал давхина шүү гэсэн тооцоонд орсон морь байдаг юм. Азарганы хувьд сум орон нутагтаа морь сайхан уядаг Түмэнцогтын Батбаярын сумандаа айраг алддаггүй байсан хонгор азарганых нь төл хүрэн азарга байдаг юм. Энэ цуглуулсан хэдэн адуугаараа мориныхоо хорхойг дарж, моринд сонирхолтой болж, морь гэдэг сайхан амьтныг уяж хурдлуулж эхэлж байна.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна