Малын их эмч А.Наранбаатар: Англи адуу Канадын хүйтэн, Африкийн халуун, Австралийн хуурай, Английн хүйтэн нойтон цаг агаарт ч ажирдаггүй

Тэлмэн
2016 оны 5-р сарын 16 -нд

Нэгэнтээ хэвлэлийн хуудаснаас дэлхийн тэргүүлэх адуу үржүүлгийн газруудын нэг Күүлмоорийн шилдэг азарганууд Америк, Австрали, Ирланд дахь жүчээнүүдийн хооронд тив алгасан хувийн онгоц хөлөглөн нисдэг. Зөвхөн гүү гишгэх үүрэгтэй тэднийг үржүүлгэнд орох бүрт нь Күүлмоорийн данс ихээр зузаардаг бөгөөд жилдээ 250 гаруй сая фунт стерлингийн орлоготой ажилладаг тухай уншиж байсан нь саяхан. Тэгвэл Монголд энэ ажлыг эхлүүлээд байгаа малын их эмч А.Наранбаатартай ярилцсанаа хүргэж байна. Саяхан Ирландад очиж туршлага судлаад ирсэн түүнтэй зөвхөн үржүүлгийн талаар ярьсангүй. Адууны өвчин, хөлийн бэртэл гэмтэл, малын эм гээд уяач, малчдад хэрэгтэй олон сэдвээр ярилцсанаа хуваалцахдаа таатай байна.
-Холын хүнээс үг дуул гэдэг дээ. Явсан газрынхаа сонин сайхнаас манай уншигчидтай хуваалцаач?
- Ирландад хоёр сар дадлага сургалт хийгээд ирлээ. Дубайн захирагч Шэйх Хамдан Бин Рашид Ал Мактүм гэж морин уралдааны нэрт зүтгэлтэн хүн бий. Түүний хариуцдаг дөрвөн салбар жүчээ Англи, Ирланд, Америк, Авсралид ажилладаг юм. Ингээд Монголын Адууны судалгаа шинжилгээний төвөөрөө дамжуулан Ирландынх нь  салбартай холбогдож, адуу үржүүлгийн фермийн үйл ажиллагаа, түүний менежмент, адуу үржүүлгийн газарт мал эмнэлгийн талаас юу юу шаардлагатай байх уу, ямар ямар өвчнүүдээс яаж сэргийлэх үү, шинэ төрж байгаа унаганд гарч болох хүндрэлүүд, авах арга хэмжээнээс эхлээд фермийн морь сургах, бага насны адуу, хээлтэй гүү, азарганы тус тус маллагаа, хээлтүүлгийн явц, төрүүлэх тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Үнэхээр их олзуурхаж байгаа. Бараг Азиас тэр дундаа Монголоос ирсэн анхны хүн болсон. Яваандаа энэ чиглэлээр суралцах сонирхолтой залуус энэ маягаар танхимын биш практик сургалтанд явж болох юм билээ.
-Олзуурхууштай олон санаатай ирсэн байх?
-Мэдээж  морин спортын хөгжлийн хувьд манайхыг хол орхисон. Өнөөдөр адууны үржлийн фермийг болж өгвөл улсын бодлоготой зохицуулах хэрэгтэй санагдсан. Хэдийгээр энэ хувь хүний бизнес ч гэлээ цаана нь асар их мөнгөний урсгал явдаг. Өнөөдөр цэвэр англи адууны үржүүлэгт дэлхийн тэрбумтнууд бүүр Хонконг, Сингапур, Америк, Дубайн газрын тосны эзэд хөрөнгө оруулалт хийж байна. Манай урд хөршийнхөн ч Европын цэвэр англи адууны үржүүлгийн ажилд оролцох болсон. Нэг сая долларын үнэ бүхий гишүүнчлэлийн татвартай клуб Хятадад саяхан байгуулагдлаа. Бид ч тухайн хууль дүрмийнх нь дагуу ажиллахад ирээдүй бий. Өөрөөр хэлбэл Монголд цэвэр англи адууны үржүүлэг хийгээд тэдэнтэй өрсөлдөх боломжтой. Харин өөрийн Монгол адуугаараа үржүүлгийн ферм байгуулаад дэлхийд нэрд гарна гэвэл бараг боломжгүй.
-Та цэвэр англи адуу монголд нутагшина гэж үзэж байна уу?
-Тиймээ. Цэвэр англи адууг нутагшуулах, дээрээс нь монголд төрсөнийг нь олон улсад нэрд гаргах нь чухал гэж ойлгож байна. Манайхан болохоор эрлийзжүүлж хэдэн үе болгочихоод эндээ л хурдлуулаад байдаг. Гэтэл нэгд монголд үнэлгээ бага, хоёрт ямар нэгэн бооцоот уралдаан байхгүй. Өнөөдөр Монголын морин уралдаанд моринд сонирхолтой бизнесмэнүүд л хөрөнгө хаян санхүүжүүлж байгаагаас биш уралдаан нь өөрөө мөнгө хийхгүй байгаа юм. Гадаадад бол эсрэгээрээ уралдааны бооцооноосоо энэ спорт нь санхүүжээд явдаг. Хонг Конг болон Францын жишиг их сайн зүйл гэж бодож байгаа. Тэгэхээр бооцоот уралдааныг хөгжүүлж байж л морин спорт хөгжинө.  Үүнийг олж харсан Япон, Хятадууд морин тойруулга бариад уралдаад эхэлчихлээ. Би сая Ирландад дадлагынхаа үеэр гартаа тус бүр нь нэг сая еврогийн үнэтэй үрээ, байдас хөтлөөд явж үзлээ. Тэгж явахдаа монголчууд бид яагаад ийм сайхан адууг төрүүлж, үржүүлж болохгүй гэж. Хоёр тэрбумын үнэтэй адууг яагаад олон улсад зарж болохгүй гэж өөрөөсөө асууж явлаа. Үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Мэдээж ойрын хэдэн жилдээ боломжгүй юм шиг санагдана. Харин тав, арван жилийн дараа бол Монголдоо цэвэр адууны үржүүлэг хийгээд Хятад, Япон болон олон улсад зарах гарц, боломж гаргах нь морьтон монголчууд бидний бас нэг зорилго байж болно.
-Өнөөдөр Монголд цэвэр англи адуу хэд байдаг юм бэ?
- Яг нарийн тоог гаргах амаргүй. Англиас зургаан цэвэр адуу 2012 онд ирсэн. Мөн АНУ-аас 29 адуу онгоцоор ирсэн дээ. Эндээс яг хэд нь цэвэр англи буюу Thoroughbred, хэд нь Standarbred адуу буюу богино зайн адуу орж ирсэн (Энэ бол цэвэр англи адуунаас өөр л дөө) гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Мөн сүүлд 6 болон 8-аар Ирландаас нэлээд сайн цэвэр Англи азарга, гүүнүүд орж ирсэн. Тэгэхээр өмнөхтэйгээ нийлээд 20 орчим тооны болсон байхаа.
-Цэвэр англи адуу манай нөхцөлд дасан зохицохдоо ямар уу?
-Маш тэсвэртэй, дасан зохицох чадвартай. Бүүр Канадын хүйтэн, Африкийн халуун, Австралийн  хуурай, Английн нойтон хүйтэн цаг агаарт ч ажрахгүй. Монголд эхний адуу 2013 онд орж ирснээс хойш хоёр гурван жил өнгөрч байна. Манайхан их эмзэг гэж боддог. Үүний гол нь арчилгаа маллагаатай холбоотой. Нөгөө талаас манайд байгаа адууны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадахгүй байна. Мэдээж халдвар янз бүрийн замаар дамжина. Үржлийн болон амьсгалын замаар халдахаас гадна хазаар ногт, эмээл чөдрөөр халдах нь ч бий. Ийм тохиолдолд хэрэглэх вакцин нь ховор учраас халдвар аваад үхчихдэг. Тэгэхээр манайхан “хариугүй амьтан” юм гэж ярьдаг. Зарим тохиолдолд суурьшмал өвчтэй газраас орж ирсэн адуу бас байна. Гэхдээ үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Тэрнээс морь импортлож байгаа хүмүүсийг өвчтэй адуу оруулж ирдэг гэж ойлгож болохгүй. Хөгжингүй орноос ирж байгаа мал нь олон улсын малын эрүүл мэндийн байгууллагын журмаар тодорхой вакцинжуулалтанд орсон байх ёстой. Мөн экспортлохоос өмнө тодорхой хугацаагаар хорио цээр хийгдсэн байдаг.Уг орон нутгийн адууны эрүүл мэндийг хариуцсан байгууллагаас сертификаттай байна. Гол нь тухайн адууг худалдаж авч байгаа газарт ойрын 10, 20,30 жил янз бүрийн халдварт өвчин гараагүй гэдгийг сайн судлах хэрэгтэй.
-Та сая монголд 20 орчим Англи адуу байна гэлээ. Гэтэл цэвэр англи азарга, араб гүүтэй гэх уяачид олон бий. Энэ ямар учиртай юм бэ?
-Би Оросоос орж ирж байгаа адууг сайн мэдэхгүй байна. Цэвэр англи адууны олон улсын дүрэм гэж бий. Уг дүрмэнд “янз бүрийн зохиомол хээлтүүлэггүйгээр, байгалийнхаа нийлүүлгээр нийлүүлэгдэж дөрөв, тав цаашлаад хэдэн үедээ эцэг эхэд нь удамшсан цэвэр англи адуу байх. Тийм адууг цэвэр Англи адуу буюу Thoroughbred  гэнэ» гэж заасан байдаг. Жишээ нь Хятадаас орж ирж байгаа адуу Хятадын цэвэр англи адууны мэдээллийн санд, оросоос бол оростоо мөн бүртгэгдсэн байгаа. Тэгж бүртгэгдсэн тохиолдолд цаашлаад олон улсын бүртгэлд бүртгэгдэнэ. Өөрөөр хэлбэл олон улсын мэдээллийн санд эцэг эхийн ДНК-ийн кодчиллоор бүртгэгдсэн адууг хэлж байгаа юм. Тэрнээс биш энэ Оросоос орж ирсэн учраас цэвэр англи мөн, биш гэж хэлэх аргагүй.
ҮРЖҮҮЛГИЙН АДУУНД ВИРУСИЙН ГАРАЛТАЙ ЦУСНЫ СУДАСНЫ ҮРЭВСЭЛ ИХ ТОХИОЛДОХ БОЛСОН
-Өнөөдөр Монголд адууны ямар, ямар өвчнүүд элбэг тохиолдож байна вэ?
-Олон янзын өвчин байна. Үүнээс хамгийн аюултай нь адууны цус багадалт өвчин юм. Бэлгийн замаар халдварладаг. Халдвар авсан адуу турж эцнэ, хоолонд дургүй болно. Хамгийн аюултай нь тээвэрлэгчид илрэх шинж тэмдэг бага. Жишээ нь азарганы үрийн шингэн, болон хөлдөөсөн үрээр дамжин гүүнд халдварладаг. Энэ нь ноцтой өвчин учраас гарсан тохиолдолд адууг шууд устгах ёстой. Гэтэл манайхан шинжлүүлж оношлуулахгүй явсаар адуун сүрэгтээ халдварладаг. Ер нь энэ мэт үржүүлэг хийж байгаа адуунд хэд хэдэн аюултай өвчин бий. Сүүлийн үед үржүүлгийн адуунд вирусийн гаралтай цусны судасны үрэвсэл их тохиолдох болсон. Амьсгал, бэлгийн замаар болон нойтон ихсээс халдварладаг энэ өвчин монголд их тархчихсан. Тийм учраас шинээр энэ тэндээс адуу авчирч байгаа улс урьдчилан сэргийлэлтийг сайн хийх хэрэгтэй. Азарга энэ өвчний гол тээвэрлэгч болчихдог. Өвчний эхэн үед гүү хээл хаяна, турж эцнэ, дэлэн хөх хавдана. Харин азарганы сэлдий хавдана, бөгсөн бие нь мэдээгүй болдог ч хурц үе дуусахад дарагдаад, халдвар тээгчид болчихдог. Уг нь олон улсад урьдчилан сэргийлэх вакцин байдаг ч манайд байхгүй.
-Хүмүүс эдгэчихлээ гэж ойлгочихдог юм байна, тиймээ?
-Тиймээ. Нус гоожиж эхэлдэг болохоор хүмүүс ханиадтай андуурдаг. Гэхдээ энэ өвчний үед ханиадаггүй. Тэгэхээр манайхан нэгэнт тархчихсан, одоо өнгөрсөн гээд орхиж болохгүй. Хамгийн аюултай нь хээл хаяна. Өндөр үнэтэй азарга, гүү цуглуулаад авчирдаг хээл хаяад байвал тэрэн шиг том хохирол юу байх билээ.
-Яагаад вакциныг нь оруулж ирдэггүй юм бэ?
- Юутай ч ойрын үед холбогдох газрууд анхааралдаа авч, арга хэмжээ авах бизээ. Гадаадад бол дээр дурдсан хоёр өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хугацаанд явуулдаг. Өөрөөр хэлбэл үржүүлгийн улирал эхлэхэд л хийгдсэн байх ёстой байдаг.
-Хүнд халдах уу?
-Хүнд халдахгүй. Малаас малд халдана. Энд анхааруулахад манай морь сонирхогчид нийлүүлгийн өвчинтэй холих нь бий. Тэр бол англиар DOURINE буюу паразитын гаралтай өвчин юм. Адууны сэлдий, гүүний үтрээнээс янз бүрийн шингэн ялгадас гарч, зовиур үүсгэдэг.
-Эдгэнэ биз дээ?
- Шууд эдгэнэ гэж ойлгож болохгүй. Тухайн адууны өвчин эсэргүүцэх чадвар, дархлаанаас хамаараад эмчилгээг явуулна. Харамсалтай нь 50-70 хувь нь үхдэг. Сул дорой, эсвэл гаднаас орж ирсэн шинэ үүлдрийн адуу өртчих гээд байдаг талтай.
-Өвчний үед ямар, ямар шинж тэмдэг илрэх үү?
-Онд орж чадахгүй болтлоо турдаг. Тэр тусмаа тэжээл муутай үед шинж тэмдэг илүү хурц илэрнэ. Өвчний нууц үе халдвар авснаас хойш 6-8 сар болохоор хамгийн аюултай. Ийм учраас үржүүлгэнд орж байгаа азаргаа сэжигтэй адуу малтай хольсон бол лабориторт цусны шинжилгээ өгөх хэрэгтэй. Даанч өнөөдрийн нөхцөлд хянахад бас хэцүү л дээ.
-Өөр ямар өвчин байна вэ?
-Ям байна. Энэ нь халдвар авсан адууны нусаар бохирдсон тэжээл, усаар дамжин халдварладаг. Гэхдээ манайхан олон жилийн судалгаа шинжилгээг хийчихсэн болохоор дээрх өвчнүүдийг бодвол зөвлөмж их бий. Идээ бээр, хаван, хавдар үүсэх, ядарч сульдах, халуурах шинж тэмдгүүд илэрдэг. Ямын тохиолдлууд манайд хэд хэд гарсан. Энэ жил ч ямаар адуу үхлээ. Сүүлийн үед хот хөдөөгүй адуугаа сайжруулах гэж холио солио их хийж байна. Тэгж байгаад хэрвээ халдвартай нэг азарга адуун сүрэгтээ оруулахад л халдвар тархах аюултай.
-Та түрүүн нутагшсан өвчнүүд гэж ярьсан. Энд ямар өвчнүүд багтаж байна вэ?
-Нутагшсан гэдэг үгийн сонголт зөв, буруу алин болохыг мэдэхгүй байна. Ерөнхийдөө манайхны адуун сүргээс очоод авахаар гараад байгаа өвчнүүдийг би ингэж хэлээд байгаа юм. Дээр дурдсан өвчнүүдийг нутагшсан гэж болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл нутагших гэвэл зөвхөн манай мал сүрэгт гарна гэсэн үг. Эдгээр өвчнүүдийн шинж тэмдэг нь монгол малд бараг илрэхгүй байх тохиолдол бий. Тэгэхээр хээл хаяад байгаа, эсвэл хэт туранхай адуу малыг хамгийн түрүүнд шинжилгээнд өгөх хэрэгтэй.
ШӨРМӨСНИЙ ГЭМТЭЛ НЬ УРАЛДААНЫ АЧААЛЛААС ГАДНА ЭРДЭС БОДИСЫН ДУТАГДЛААС БОЛЖ ҮҮСДЭГ
-Ярианыхаа энэ хэсгийг хурдан моринд илүүтэй тохиолддог хөлний гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар үргэлжлүүлмээр байна?
-Манайх эхо-гоор хөлний зөөлөн эдийн болон шандас шөрмөсний гэмтлийг оношлож байна. Зөвхөн манайх гэлтгүй олон улсад ч спорт морины гэмтлүүдийн бараг 70 хувийг хөлний гэмтэл эзэлдэг. Тэр дундаа урд хөлний зөөлөн эдийн буюу шандасны гэмтэл 60 гаруй хувь байна. Учир нь урд хоёр хөл нь биеийн жингийн 60-70 хувийг тээдэг. Адуу нь өвдөгнөөс доош булчин гэж байхгүй учраас урд хөлөнд ирдэг бүх ачаалал шөрмөс шандсанд төвлөрдөг. Хамгийн их гэмтдэг, сунадаг. Өнөөдөр уяачид, морь сонирхогчдод энэ нь хамгийн хүнд асуудал болчихоод байгаа юм. Яахав оношилж байгаа ч эмчилгээ хангалтгүй байна.
Зарим тохиолдолд хөнгөн гэмтэл нь адууг түр амраах юмуу, дасгал сургуулилтаас хэсэгхэн чөлөөлөхөд эдгэрэх нь бий. Гэтэл бас хүнд гэмтлийг хэтэрхий оройтуулчихсан байх нь ч байдаг. Уралдааны моринд мөн өнчин ясны гэмтэл их гардаг. Энэ бол маш хүнд гэмтэл. Магадгүй дахин уралдах боломжгүй ч болж мэднэ. Харин шөрмөсний гэмтэл нь зэргээсээ хамаараад эмчилгээ хийгээд дахин уралдаж болно. Энд зориуд хэлэхэд уралдаан зохион байгуулагчид замаа зөв сонгож, болж өгвөл нүх сүв, жалга судаган дээгүүр харайгаад байхааргүй газрыг сонгох хэрэгтэй байгаа юм. Их том хүүхдээр бага насны адуу унуулах, амыг нь буруу татах, гүдгэр хотгор чулуутай газар дээр уралдах нь гэмтэл үүсэх өөр нэг шалтгаан болдог. Нөгөөтэйгүүр шөрмөсний гэмтэл нь уралдааны ачааллаас гадна эрдэс бодисын солилцооны дутагдлаас болж гардаг гэдгийг сануулмаар байна.
-Жишээ нь ямар бодис дутагдахаар хөлний гэмтэл үүсэх үү?
-Кальци, кали, фосфор, магни нь шөрмөсний бэхжилт, суналт таталтанд хамгийн чухал нөлөөтэй элементүүд. Манай уяачид адуугаа шороо долоогоод, том томоор үмхээд байна гэж ярьдаг даа. Энэ чинь ямар нэг хэмжээгээр эрдэс, элементүүд дутаад байгааг хэлж байгаа юм. Ингэхгүйн тулд хужир эрдсийг нэмэлтээр  өгснөөр эрсдлээс нэлээд хувь хамгаалж, урьдчилан сэргийлэх боломж бүрддэг.
-Уралдааны замд шөрмөс гэмтсэнийг уяачид хэрхэн мэдэж болох вэ?
-Сайн уяачид андахгүй. Уяачид ярьдаг, даа. Өнөөдөр жоохон тар давхил хийсэн чинь хөлөө урагш нь тавиад, шогшихоор доголохгүй юм. Зогсохдоо хөлөө сойгоод байна гэхчилэн. Тийм тохиолдолд эхо-гоор харахад шөрмөс хэсэг газраа суналт үүсэж үрэвссэн байдаг. Энэ үед уралдуулахаа болих хэрэгтэй. Гэтэл мэдэхгүй улс янз бүрийн тос, бэлдмэл түрхэж, олон арга хэрэглээд дахиад уралдуулж гэмтээдэг. Болоогүй хоёр гурван давхил хийгээд ирэхээр хөлөө өргөж зогсдог байсан бол, шогшихоороо эмзэглэдэг болно. Дээрээс нь доголын тариа гэж янз бүрийн өвчин намдаах тариа хийгээд давхиулчихдаг. Бидний  хөл, шагай гэмтчихээд байхад гүйгээд байвал дээрдэх үү, дордох уу мэдээж биз дээ.
-Өнчин ясны бэртлийн шалтгаан юу вэ?
-Өнчин яс гэмтсэн тохиолдолд уралдах чадвар хязгаарлагддаг. Ихэнхидээ уралдаангүй болдог гэсэн үг л дээ. Ямар нэгэн байдлаар өнчин ясны гэмтэл гээд тодорхойлчихсон бол хатгаж сүлбээд, задалж байна гээд янз бүрийн юмаар боож баглах шаардлагагүй. Тэгэх тусмаа үений үрэвсэл үүсдэг. Үе нь цусан хангамж муу учраас өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа маш багатай хэсэг. Гэтэл хатгаад бохир оруулчихвал адууны хөл мод шиг хөдөлгөөнгүй болоод дуусч байгаа байхгүй юу. Тийм болохоор хөлний гэмтэл авлаа бол малын эмчид хандах ёстой.  Рентгенээр өнчин яс, бэвэрхий, завь ясны гэмтлийг тус тус хардаг. Харин эхогоор зөөлөн эд буюу шөрмөс шандасны гэмтлийг оношлодог юм. Эдгээрийг манай Монгол адууны судалгаа шинжилгээний төв дээр хийж байгааг энэ дашрамд дуулгая.
-Энэ хэзээ байгуулагдсан байгууллага вэ?
-Малын эмч нар, морь сонирхогчид нийлээд Монголын адууны эрүүл мэндийн чиглэлээр өөрсдийн хэмжээнд өөрчлөлт шинэчлэлүүдийг хийе гэж зорьж байгаа юм. Бид одоогоор адууны халдварт өвчний талаар судалгаа явуулж байна. Мөн үржүүлгийн тал дээр уяачид, морь сонирхогчдодоо зөвлөгөө өгч байна. За бас зарим нэг оношилгоонуудыг хийж байна. Манай байгууллага ямар нэгэн уралдаан зохион байгуулахгүй, ямар нэгэн шагнал урамшуулал өгөхгүй. Зөвхөн адууны эрүүл мэнд, үржүүлгийн тал дээр зөвлөгөө өгч, малчид, уяачидтайгаа хамтран ажилладаг юм.
-Адууны хөл гэмтсэн үед эмчийг иртэл малчин хүн ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Эхний 12-24 цагт хүйтэн усанд зогсоох хэрэгтэй. Энэ нь гэмтэлтэй газрын цусны эргэлтийг сайжруулж, өвчин намдаадаг. Мэдээж өвчтэй байгаа учраас адуу маань удаан зогсож чадахгүй. Тийм учраас 30,30 минутаар ч юм уу завсарлагатай зогсоох хэрэгтэй. Болохгүй бол хөлөнд нь хүйтэн устай уут ч углаж болно шүү дээ. Усандаа мөс хийж болно.  Зарим нь зуны халуун наранд ус хийж тавьчихаад болчихлоо гэж боддог. Үгүй л дээ. Аль болох хүйтэн, бүүр мөстэй бол илүү сайн үйлчилнэ. Дараа нь гэмтсэн хэсэгт хөлний боолт тавина. Дээрээс нь үрэвсэл, өвчин намдаах эм тариа хэрэглэнэ.
-Намар болонгуут голд морьдоо оруулаад зогсож байгаа уяачидтай олонтаа таарсан. Эрүүл адууг ингэх нь зөв үү?
-Тиймээ, манайхан сүүлийн үед байнга зогсоодог болж. Удчихсан гэмтлийн үед усанд зогсоогоод үр дүн гарахгүй л дээ. Гэхдээ ямар ч гэмтэлгүй адууг хүйтэн усанд удаан зогсоовол харин ч доороосоо жиндэж, гэдэс татна. Би бол айхтар зөв зүйл гэж хэлэхгүй ээ. Магадгүй чийрэгжүүлж байж болох юм.
ДЭЛХИЙН НОМЕР НЭГ АЗАРГА  ГАЛИЛЕОГИЙН ТӨЛ МАНАЙД БАЙНА
-Мэргэжлийн хүнтэй уулзаж байгаагийн хувьд тодруулмаар байна. Өнөөдөр малчдын хэрэглэж байгаа малын эм тариа өндөр хөгжилтэй орнуудад бол аль эрт жагсаалтнаас гарчихсан байдаг гэлцэх юм. Үнэн болов уу?
-Өнөөдөр манайд эмийн хэрэглээ хяналтгүй сул. Нөгөө талдаа малын эмийн сонголт бага байгаа нь үнэн. Тэрнээс жагсаалтаас гарсан эм тариа орж ирдэг гэж бодохгүй байна.
-Малчид мэдлэг дутуугаас ганц хоёрхон эмийг л бараг бүх малын өвчинд хэрэглээд байх юм?
-Эмийн хэрэглээний талаарх мэдлэгийг малчдад  олгох нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна. Уг нь малын эмч хийх ёстой ажил байтал малчид дур мэдэн хийдэг. Би “малын эмчид хандаач ээ” гэж уриалмаар байна. Эмээс хамааралтай малын махаар дамждаг маш олон асуудлууд бий. Мал амьтныхаа махаар дамжаад хүн ч гэсэн антибиотикийн эсрэг дасан зохицолтой болж болно. Тийм учраас малд хэрэглэж байгаа эмийн хэрэглээ, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар судалгаа байх ёстой юм. Жишээ нь тарган хониныхоо сүүлийг өтчихөөр янз бүрийн зүйл түрхэж, тарьж байгаад муудахаар нь заазлаад хотод  авчраад зарчихдаг. Ямар эм тариа хэрэглэсэн, өнөөх нь хүнд ямар нөлөө үзүүлэх талаар малчид өөрсдөө ч мэддэггүй. Энэ мэтчилэн эмийн зүй бус хэрэглээнээс үүдэлтэй асуудлууд зөндөө байна. Удахгүй малын эрүүл мэндийн тухай шинэ хууль өргөн баригдана. Түүгээр олон асуудлыг зохицуулна гэж найдаж байгаа.
-Малчид зарим нэг малаа онд орж чадахгүй нь, идчихье л гэдэг?
-Тийм байж болохгүй. Ядаж өөрсдийнхөө эрүүл мэндийг бодож байх хэрэгтэй шүү дээ. Ялангуяа хурдан морины эмийн хэрэглээ манайд замбараагаа алдчихсан. Яахав бусад малынхыг бодоход арай өргөн хүрээтэй байна. Гэхдээ хүнсний болон спортын амьтанд хэрэглэх эм бэлдмэлийг ялгаж салгамаар байгаа юм. Зарим эм бэлдмэлүүдийн заавар дээр хүнсэнд хэрэглэх мал амьтанд хэрэглэхийг хориглоно гэсэн байдаг. Европын орнуудад адууг зөвхөн спортын чиглэлээр өсгөж үржүүлдэг. Харин манайд уралдуулна чиг,  хүнсэнд ч хэрэглэнэ.
-Жишээ нь?
-Нэлээн бий. Тэрнээс үүдсэн асуудал Англид гарч байсан удаатай. Хүний цусны бүлэгнэлд нөлөөлөх бодис орсон байсан. Тийм учраас хүнсэнд хэрэглэх мал амьтанд хэрэглэхийг хориглосон эмийн нэрсүүд гарсан. Гэтэл манайд дур зоргоороо л явж байна.
-Хурдан морины допинг буюу хүч тамирыг нэмэгдүүлэх эм бэлдмэл монголд хэр их байдаг юм бэ?
-Хууль ёсоор орж ирсэн тийм бэлдмэл байхгүй. Өнөөдөр допингийн жагсаалтанд орсон эмүүдийг хүссэн хүн интернэтээс харж болно. Тэгэхээр хувиараа авч ирээд хэрэглэж байгааг бид мэдэхгүй. Харж байхад хөдөө орон нутгийнхан  төвийнхнийг харддаг юм билээ. Уралдаанаас өмнө тариад түрүүлгэчихлээ гэж. Гэхдээ допинг биш витамин, дусал хийх тохиолдол зөндөө гарна шүү дээ. Энэ бол допинг биш.
-Та монголд ирснээсээ хойш эмчийн хувиар уралдаанууд дээр ажиллав уу?
-Хуучин бол Хүйн долоон худаг дээр очиж ажилладаг байлаа. Харин одоогоор амжихгүй л байна. Үржүүлгийн ажилдаа анхаарал хандуулаад гэх үү дээ. Зуны сардаа хэдэн гүүгээ унагатай болгочих гээд зүтгээд л явна.
-Үржүүлгийн ажил эхэлснээс хойш хэдэн гүү хээлтүүлэв?
-Ноднин анх европ стандартын дагуу нэлээд хэдэн гүү хээлтүүллээ. Цэвэр Англи гүүнүүдээс цэвэр унаганууд гарна. Бид эндээсээ цэвэр англи адуу худалдаж авах боломж бүрдэнэ. Төлүүд нь энэ жилээс төрнө. Зарим нь манайхан арчилгаа маллагаан дээр алдаа гаргаж хээл алдсан тохиолдол гарсан.
-Та нар хэдэн сар хүргээд өгч байна. Эсвэл гишгүүлээд л өгчихдөг юм уу?
-Ноднин хонь шиг хээлтэй гүүнүүдээ хариулаад 9 сарын сүүлч хүртэл явсан. Харин энэ жилээс гүүний ороо оролт, өндгөн эсийн ялгаралт, хээлтүүлгийн хугацааг харж байгаад гишгүүлнэ. Түүнээс хоёр юм уу гурван долоо хоногийн дараа эхо скайнердаад хээлтсэн үгүйг хэлчихнэ. Мэдээж хээл авсан эзэн хүнд зөвлөгөөг нь өгч байгаа. Харин эзэн нь хүсэлт гаргавал намар хээл томортол эсвэл унагалтал нь маллуулж болно. Тэрнээс хүний гүүг зуны турш нэг хүн харна гэхээр жоохон төвөгтэй юм билээ.
-Одоо танайд хэдэн англи азарга байна?
-Гурван англи азарга бий. Гурвуулаа Европ болон Дэлхийд нэртэй азаргануудын төл азарганууд. Нэг нь бүр сүүлийн үед дэлхийн номер нэгд бичигдэж өөрийн төлүүдийн хурдлах чадвараар алдаршсан азарга Galileo буюу Галилеогийн төл халтар азарга байгаа юм. Мөн шинээр гарч ирж буй сайн азарганууд болох Hurricane Run болон Zebedee-гийн төл хээр азарганууд бас ирсэн.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.