Баян-Өлгий аймгийн Улсын шилдэг уяач Т.Батсүх: Манай уяачид нийтээрээ халх уяанд суралцаж байна

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 11 -нд

Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Тогосын Батсүх. Тэрээр 2015 онд аймаг, сумдын уралдаанаас хоёр түрүү, таван айраг хүртсэн амжилтаар улсын шилдэг уяачаар шалгарсан байна.
-Улсын шилдэг уяачаар шалгарсанд баяр хүргэе
.
-Баярлалаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Урианхай ястан хүн. Аймгийнхаа прокурорын газрын даргаар ажилладаг. 2006 оноос эхлэн аймгийнхаа МСУХ-нд тэргүүлэгч гишүүнээр сонгогдон уралдаан зохион байгуулах олон ажилд зохих  үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин хурдан морь уях сойх тухайд бол 2012 оноос эхтэй.  2011 онд бага хүүд маань миний дүү Т.Отгонсүх буурал даага бэлэглэсэн юм. Түүнийг нь аймгийн Алдарт уяач С.Шарип ахын галд нийлүүлэн уяулах болсон. Тэгтэл дараа жил нь миний найз аймгийн Алдарт уяач Б. Пернебек надад Манлай уяач Гансүхийн адууны угшилтай хүрэн  даага бэлэглэдэг юм. Ингээд л хоёр хурдан морьтой болсон хүн чинь өөрөө уяхаас яахав. Тэгээд аавын маань 10 настай халтар морь  овооны болон бага уралдаануудад гайгүй давхиад байгаа дуулдахаар нь дүүгээсээ авч сумынхаа 70 жилийн ойд анх уралдуулсан юм. Миний анхны наадам тэр. 
-Морьд нь яаж давхисан бэ?
-Халтар морь маань хурдан гэдэг нь танигдаж, их ч урам орсон. Ер нь тэгээд л эргэлт буцалтгүйгээр хурдан морь сонирхож эхэлсэн дээ. 2013 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, МУ-ын Манлай уяа Б.Отгоннасангаас  гурван  үрээ авч нөгөө халтар морьтойгоо хамт уяж уралдуулсан юм. Тэр жил халтар морь нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Харин Тод хээр шүдлэн Бугат сумын баяр наадамд, хул даага хилийн цэргийн ангийн ойд тус тус аман хүзүүдэж урам зоригийн маань сэргээсэн дээ. Хул даага бас  хүүхдийн баярын уралдаанд гурваар давхисан юм. 
-Аймгийнхаа ерөнхий прокуророор ажилладаг гэсэн үү?
-Тиймээ, миний бие морь хэмээх хийморьтой сайхан амьтны хөлс, тоосонд хутгалдаж яваагийнх тэр чинээгээр байгууллагын маань ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл арвин, цог хийморьтой байх шиг санагддаг шүү. Тэр ч утгаараа би наадмын асрын өмнө хурдан морио цоллуулахдаа “Буянт сумын уугуул, аймгийн прокурор” гэдэг үгийг заавал оруулдаг юм. Тэр нь прокурорын байгууллагынхаа ажил үйлсийг хурдан буяны хийморь сүлдтэй хамт яваасай гэсэн хүслээс үүдэлтэй. Миний өөрийн өчүүхэн санаа юм даа. Надтай адил мэргэжилтэй “прокурорын” гэх тодотголтой МУ-ын Алдарт уяач Б.Цэрэнбалтав гуайн олон ярилцлага, хөрөг нэвтрүүлгийг би бүгдийг нь уншиж сонсож байсан.
-Аймгийнхаа  шилдэг уяачаар гурван жил шалгарч байсан гэсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Сүүлийн гурван жил дараалан аймгийнхаа шилдэг уяачаар шалгараад байгаа. 2013 онд манай аймаг шүлхий өвчний дэгдэлтээс болоод цөөн уралдаан хийсэн. Ийм болохоор цэргийн ангийн 80 жилийн ой аймгийн хэмжээний өргөн болж, миний их насны морь түрүүлсэн. Тэрхүү амжилтаараа хоёрдугаарт бичигдсэн.Өөрөөр хэлбэл шилдэг таван уяачийн хоёрт орсон гэсэн үг.Түүний дараа жил 2014 онд их морь маань аймгийн баяр наадамд аман хүзүүдэж, сумандаа түрүүлээд, бага адуу бас их сайн давхисан. 
-2014 онд хэддүгээрт бичигдсэн бэ?
-Мөн хоёрдугаарт бичигдсэн. Харин 2015 оны тухайд гурван их насны морь уяж, гурвууланг нь айрагдууллаа. Баян-Өлгий аймгийн хаврын уралдаан, гуравдугаар сард буюу Казак түмний баяр Наурызаар болдог.Тэр том уралдаанаас эхлээд аймгийн чанартай зургаа долоон уралдаанд бүгдэд нь амжилттай оролцож, хоёр түрүү, дөрвөн аман хүзүү, дөрвөн айраг хүртсэн амжилтаар аймагтаа тэргүүлж, улсын шилдэг уяачаар шалгарлаа. 
-Одтой сайхан нааджээ. Танай нутгийн буюу Ойрод уяаны онцлогийн талаар ярьж өгөөч?
-Ойрад буюу баруун Монгол уяа өөрийн гэсэн онцлогтой. Баруун монголчууд таван наст буюу соёолон, мөн азаргыг уяж уралдуулдаггүй заншилтай бөгөөд саяхныг хүртэл энэ уламжлал хадгалагдсаар ирсэн. Түүнээс болоод зуны уралдаанд азарга уядаг туршлагатай уяач одоо ч бараг байхгүй л байна. Мөн орчин цагийн халх уяаны арга барилыг манай аймгийн уяачид хараахан төгс эзэмшээгүй байна. Манай баруун талын уяанд тарлах, хөлслөх гэж бараг байгаагүй. Тэр тусмаа битүү хөлс авна гэдгийг мэддэггүй байсан юм байна лээ. Хэц татаж морио уядаггүй, хантайраад л цулбуурын үзүүрт нь гадас шаагаад уячихдаг байлаа.  Тэгээд л үсэргээд байна. Өнөөдөр гурван км үсэргэсэн бол дараа нь таван км гэх мэтээр 2-3 хоноод л сунгаж байж уралдуулдаг байсан. Олон удаа үсэргээд байхад хөлс нь гараад амьсгаа нь задардаг байсан юм болов уу гэж би боддог. Харин хоол гэдсийг нь тааруулах тал дээр ялгаа бага, бараг  ижил байсан байх. Ийм онцлогтой. Гэхдээ одоо манай уяачид орчин цагийн уяанд шамдан суралцаж байна. Миний хувьд ээж, аавын талаас морь уяж байсан түүх уламжлал байхгүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хурдан морины талаар гарсан номнуудыг цуглуулан авч уншиж судалсан. “Тод магнай” сэтгүүлийг жил бүр захиалж уншдаг. Тэндээс л морь уях эрдэм ухааныг олж тунгаан /эхэндээ огт ойлгодоггүй байсан/ олон удаа дахин дахин уншиж эргүүлж харж байж жаахан дөртэй болж байна даа. 
-Сэтгүүлийнхээ байнгын уншигчтай уулзах таатай байлаа. 2016 он амжилт арвин сайхан жил байх болтугай. Амжилт хүсье.
-За баярлалаа. Баян-Өлгий аймгийнхаа нийт уяачдын өмнөөс  болон хувиасаа Монголынхоо нийт уяачид, ард түмэндээ гал бичин жилийн мэндийг дэвшүүлж хүлгүүд нь хурдан, хүүхдүүд нь хөнгөн байж олон сайхан айраг, түрүү авч олон түмнээ баясгахыг ерөөе.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна