Л.Эрдэнэхуяг: Би морийг эцэнхий ирэн дээр нь тавьж уралдах дуртай

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 29 -нд

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, сумын Алдарт уяач Л.Эрдэнэхуягтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Эрдэнэхуяг уяачийн гаргасан томоохон амжилтуудаас яриагаа эхэлье?
-Би уг нь тракторын жолооч хүн л дээ. Харин хурдан морь уяж сойх болоод яг 20 жилийн нүүрийг үзэж байна. Тэр бол 1983 он байгаа юм. Үүнээс нэг жилийн дараа соёолонгоо аман хүзүүдүүлчихээд эргэлт буцалтгүй моринд орсон юм даа. Шинэ трактороо өгөөд, шууд л мал дээр гарсан.
Энэ хугацаанд гаргасан амжилт гэвэл 1992 онд Сүхбаатар аймгийн 50 жилд азарга түрүүлгэж, шүдлэн айрагдуулж байлаа. Тэр жилээ хязаалан хээр үрээгээ дөрөвлүүлсэн. Энэ хээр үрээг маань Сүхбаатар аймгийн холбооныхон авч Холбоо хээр нэртэй болсон юм. За тэгээд Сүхбаатар, Мөнххаан, Асгатын өвлийн уралдаануудад тогтмол оролцож, 90 оны өвөл азаргаа түрүүлгэж байлаа. 1991 онд сумандаа хоёр азарга дараагаар нь оруулж, түүнээс хоёр жилийн дараа Мөнххааны 70 жилээс нэг аман хүзүү хүртэж байсан. 1994 онд сумынхаа 70 жилээр нэг айраг, Түмэнгийн 40 жилд цагаан морь, соёолон бор морио тус тус айргийн дөрвөөр хурдлуулсан. 2011 онд Хэнтийн бүсэд соёолон 15-д оруулж, залгаад аймаг дээр болсон цайрт минералийн 5 жилийн ойд түрүүлгэсэн. Залгаад сумандаа очиж түрүүлгэж байлаа. Ингэж л соёолон мориор аатай “тоглож” байна даа.
-Хаанахын угшлын адуугаар наадаж байна вэ?
-Миний адуу Орлойн баячуулын хурдан хээрийн удамтай. Манай дээдчүүлийн адуу Баазар гуайн адуунуудтай нэг эцэгтэй. Би чинь аавынхаа буянд бүдүүн адуугаар ч сайн тоглосон хүн. Миний 28 медалийн 12 нь түрүү, 16 аман хүзүү. Ер нь түрүү, аман хүзүү хоёроос салж байгаагүй. Энд нэг түүх өгүүлэхэд уржнан миний найз өвгөн Огоонжав сумын эмнэлэгт ирдэг юм байна. Тэгсэн орой хүүхдүүд нь “аавын элэг нь болохгүй эмнэлэгт хэвтсэн. Таныг нэг хүрээд ирээч гэнэ” гэж хэл дуулгалаа. Би ч яваад очтол намайг хараад баярлаж байгаа нь нүүрэнд илт харагдаж байсан. Тэгээд “чамтай жаахан морь яръя” гэхээр нь их өрөвдсөн. Ярьж байхдаа Уулбаяны бүх угшил орсон адуунууд манайд байна. Даанч уях хүүхэд алга даа гээд санаа алдлаа. Тэгэхээр нь “би адуугаар чинь оръё. Миний нүдэнд багтсан адуу таарвал авчраад уяад өгье” гэлээ. Ингээд хэлсэндээ хүрч морин соёолонг сонгож нэг түрүүлгэж, нэг тавд оруулж өгсөн. Тарга тэвээрэг сайхан тэгшхэн болчихсон тэр адууг би хурдан болов уу гэж шинжсэн нь тэр. Тэгээд ч найдвартай орох адуу л уяхгүй бол хөгшин өнөө маргаашгүй болчихсон байсан юм. Хөөрхий дөө, түрүүлж айрагдахыг нь хараад үнэхээр их баярласан. Ер нь адуу их цуглуулдаг хүн байсан юм. Анх намайг хөдөө гарахад “ахыгаа амьд байхад ингэж унаа муутай явж болохгүй. Ахаасаа очиж морь аваад уна” гээд л тусалж байлаа. Яагаад ч тэгж сайн байдаг байсан юм хөөрхий. Би ер нь өвгөчүүлтэй их найз. Сайхандулааны торгон Жамбал, Иххэтийн Нарангэрэл гуай гээд үеийн улс шиг өвгөн найз нар олон бий. Эднээс их юм сурна шүү дээ. Залууст ч  хэлдэг юм. Буурлын үгийг сонсож бай гэж.
-Ингэхэд трактороо өгчихөөд хөдөө гарахдаа хэдэн адуутай байв даа?
-Унаа морь муу байхдаа аавынхаа нэр дээр морь уралдуулдаг байсан юм. Хөдөө гарахдаа анх таван адуутай л эхэлж байлаа. Хоёр азарга, гурван гүүтэй. Хоёр азаргаа уячихна. Одоо бол хоёр, гурван зуугаад адуутай болсон байна. Мэдээж анхны жил амаргүй  л байлаа. Хурдан моринд орсноор олон сайхан найз нөхөдтэй болдог юм билээ. Сүхбаатар сумын бүдүүн Пагма,  арзгай Бад, Сангабазар, Түвшинширээгийн арзгай Дамиа, Мөнххааны шар Сүхээгийн хүү Алтай гээд л. Манай Пагма Буд гишүүний Тахилга халтар гэхчилэн хурдан адуутай. Түвшинширээгийн арзгай Дамиа бас л хурдтай нөхөр. Түүний адуунаас би нэг азаргатай. Мөн Мөнххааны шар Сүхээгийн хүү Алтайтай азарга солилцож авлаа. 
Аавынхаа буянд олон газрын наадмаар явж үзлээ. Өнөө “аавын бийд газар үз” гэдэгчлэн. Дорноговийн Дэлгэрэхийн 40 жилийн ойд хоёр адуутай очоод зургаалуулсан. Дэлгэр хээрийн мялаалга наадамд хээр морио зургаад оруулж байлаа. Намайг Дорноговь, Иххэт, Алтанширээгийнхэн андахгүй ээ.
-Аймгийн 50 жилд азарга түрүүлгэж, шүдлэн айрагдуулж байлаа гэлээ. Түрүүлсэн азарганыхаа талаар яриач?
-Миний 26 медалийн 13-ыг нь хээр будан азарга маань авчирсан. Энэ 13-аас долоод нь түрүүлж, зургаан удаа аман хүзүүдсэн. Хээр будангийн төрсөн дүү хээр азарга бас их хурдан адуу байлаа. Суманд хээр буданг хоёр удаа аман хүзүүдэхэд дүү  нь түрүүлж байсан юм. Аймгийн Алдарт уяач Баазар гуайн адууны эцэгтэй хүлгэд байгаа юм. Миний  морьдоос төрсөн анхны хурдууд даа. Одоо надад сүүлгүй нэг хөх будан азарга байна. Орж үзээгүй л дээ. Гэхдээ ойрхон орох байхаа. Бас Алтайгаас авчирсан азарга бий. Төлийг нь ноднин  хөдөөгийн богино наадамд уралдуулж гуравлуулсан. Явбал явмаар байгаа юм. За тэгээд Сүхбаатарын Мөнххааны хэдэн сайхан гүү бас байна.
-Таныхаар азарганы уяа ямар онцлогтой вэ?
-Би бүдүүн азарганд дөрвөн гүүнээс илүү өгдөггүй. Гүү нь дөрвөн сард унагалчихсан байх хэрэгтэй байдаг. Тэгээд 6 сар болоход ороо нь гарчихдаг юм. Тэгсэн адуу тамир тэнхээ нэг их айхтар хаядаггүй. Манай адуунууд хавчиг болж байж л гүү  хураадаг. Би ер нь морийг эцэнхий ирэн дээр нь тавих дуртай. Бүдүүн морь ч, азарган адуу ч өөрцгүй. Мөнххааны 70 жилд Түвшинширээгийн улсын Алдарт уяач Жамбал Шунутай цуг явсан юм. Замдаа Шуну Алдарт “Эрдэнээгийн адуу ч мултарна” л гээд байгаа байхгүй юу. Харин би дутуудаад байна л гээд байгаа. Тэгэхэд их бороотой байсан болохоор унаач хүүдээ “жаалаа энэ том нуурнаас тойрчихоорой” гэсэн шаварт шигдээд суучихдаг юм. Нөгөөдөх нь усан дундуур түрүүлээд туулаад гараад ирсэн. Минийх аман хүзүүдчихдэг байхгүй юу. Тэгэхэд Шуну “Эрдэнэхуягаа би чам шиг ингэж азарган адууг эцэнхий ирэн дээр нь уядаг хүнийг хараагүй. Чи үнэхээр бөх хурд суулгадаг юм байна” гэж намайг үнэлж билээ. Эцэнхий ирэн дээр хурдлуулдаг болохоор миний адуунууд хөлөө авч үзээгүй. Энэ эрдмийг би ааваасаа өвлөсөн юм. Миний уяаны эрдмийн шанг татсан хүн дээ. Яахав нас дээр гарчихсан болохоор өөрөө уяхгүй их л зааж зөвлөдөг байлаа. 2002 онд байна уу, аймгийн Алдарт уяач болсон. Харин би сумын Алдарт уяач цолыг ноднин авсан.
-Тэгвэл та шавь нар бэлтгэж байна уу?
-Би айлын ууган хүү. Манай дүү нар уяж байгаа ч миний эрэмбэд хүрэхээргүй байна. Ямартаа л би “та нар аавыг амьд сэрүүн байхад сураагүй. Одоо ядаж намайг амьд байхад сураад ав” гээд л үглэдэг юм. Залхуураад л байх шиг байх юм. Нэг л мориндоо орохгүй болохоор би голоод л байгаа.  Би өөрөө хоёр хүүтэй. Том нь хотод сурдаг. Харин бага нь уяж байгаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Уясан хүлэг болгон тань хурдан байх болтугай.
-Баярлалаа. Моринд дуртай хүн бүрийн хийморь өөдөө байг.

"Тод магнай" сэтгүүл №42

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна