Аймгийн Алдарт уяач Д.Батсуурь: Өвөөгийнхөө өгсөн борлог үрээгээр уяач болох гараагаа эхэлсэн

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 07 -нд

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Батсуурийн яриаг уншигч танаа хүргэж байна. 
-Хурдан тууртын буянд хэдийнээс анхлан сундаллав?
Манай аав Дорж гэж өвгөн бий. Айхтар морь уяхгүйээ. Харин өвгөн аав морь хөлсөлж, сумын наадамдаа унаган хүлгийнхээ тоосыг өргөж явсан. 1986 онд намайг 6-р анги төгсдөг жилийн  намар нь өнгөрч, өвөөгийн адуу гэж хүрэн азаргатай цөөхөн хэдэн адуу үлдсэн юм даг. Өөд болохоосоо өмнө ахад азарга тавь гээд хүрэн азарга үлдээгээд, надад гацаа хэмээх Монхор гэдэг хүнээс борлог үрээ авч өгч байж билээ. Түүний хойд жил нь 8 дугаар ангид орох гэж байгаа хүүхэд өвөөгийнхөө уядаг байснаар дуурайлгаад борлогтойгоо нийлээд хоёр шүдлэн уядаг юм. Тэгээд Нарангийн наадамд хоёр шүдлэн хөтөлж очтол борлог нь түрүүлж, хүрэн нь дөрөвт давхилаа шүү.
-Буурал аавын өгсөн хурдаар гараагаа сайхан эхлүүлжээ. Тухайн үед бай шагнал нь одоогийнхтой харьцуулшгүй зүйл байсан гэж хүмүүс дурсдаг. Байнд юу ирснийг санаж байна уу?
Саналгүй яахав. Байнд нь уурга өгч байсан юм. Нөгөө уургыг нь гэрээдээ харихаас өмнө унага уургалж байгаад хугалчихаад очиж билээ. 1988 онд Дорнодод сургуульд сурахаар яваад мориноос хөндийрсөн. Төгсөж ирчихээд зундаа л хэдэн адуу уядаг байлаа. 1994-95 оноос хойш л мориноос холдолгүй уяж байна.
-Аймгийн Алдарт гэгдэх хүртэл өнгөрсөн хугацаанд ямар хүлгэдийн уяа сойлгыг тааруулж, айраг түрүүнд оруулж байв? 
Баяндэлгэрийн удамтай битүү улаан морь авч Сүхбаатар сумын 80 жилд түрүүлгэн, дараа нь Эрдэнэцагаанд болсон Орлой хонгор морины нэрэмжит зодог тайлах наадамд 180 морь уралдахад бас түрүүлгэсэн. Талбулагийн 30 жилд дөрөвт давхисан. Өөр жижиг наадмуудад бас орсон байдаг юм. Мөн миний өөрийн унаган адуу болох хурдан улаан азарга байлаа. Шүдлэндээ нэг айрагдаад, хязаалан аймгийн Шаргын хард болдог наадамд түрүүлээд, 2004 онд Алтан овооны их тахилга наадамд зургаад давхисан. Тэгээд соёолонгоосоо эхлээд олон түрүүлсэн. Тухайлбал Асгатын 80 жил, Хөлөнбуйрийн 60 жил, Талбулагийн 30 жилд тус тус түрүүлж байлаа. Тод манлай Сундуйжав гуайн дүү Ганбатын МУ-ын Алдартын мялаалга уралдаан, Нүүрэнтэйн хурдад дөрөвт  давхисан. Улаан азарга хамгийн сүүлд 2005 онд Дорнодын их хурдад соёолонд аман хүзүүдэж байсан. Өвөл нь хавчиг азарга Шаргын харын аймгийн чанартай том наадамд аман хүзүүдсэн. Тэрнээс хойш нэг их уягдаагүй ээ.
-Өөр ямар морьд давхиулж байсан бэ?
Жижиг том, наадмын хүний өөрийн нийлсэн 100-гаад айраг элбэг байгаа байх. Өөрийн гэсэн 50-60аад юм бий. Би Хөлөнбуйрийн 60 жилд 1 түрүү, 5 айраг авсан юм. Улаан азарга соёолон түрүүлж,  хонгор хязаалан аман хүзүүлж, шаргал хязаалан дөрвөөр, хээр хязаалан таваар, зээрд шүдлэн аман хүзүүлсэн. Хээр шүдлэн төвд давхисан. Тэнд орсон морьд гулсаад Асгатын 80 жилд хоёр нь орж байлаа. Хонгор хязаалан гурваар, улаан азарга соёолон түрүүлсэн. Дэлтэй хүрэн морь байсан. Хүрэн морь Матад хатгины наадамд битүү морь гуравт давхиад, дараа жил Хэнтийн зүүн бүсийн наадамд аман хүзүүдсэн их сайн морь байсан юм.  Хээр морь Хэнтийн Сэцэн хааны наадамд таваар ирсэн ч будилуулаад зургаа болгочихож билээ. Хээр морь соёолондоо Эрдэнэцагааны Отрядын ойд 150-аад морь уралдахад хол түрүүлж, их насандаа Сүхбаатар суманд 2 айрагдсан.
-Энэ давхисан хурдан хүлгэд танай унаган адуу юу?
Дээдсийн үлдээсэн адуу даа, Сүхбаатар сумын Тонгоон адуу байгаа юм. Асгатын Махбариадын улаан бол Тонгоо адуу шүү дээ, нэрийг нь л сольчихсон болохоос биш. Улаан азарга Тонгоон адууны эхтэй, эцэг нь  Сүхбаатар сумын Хөнхөр саарал гэдэг хурдан саарал адуу. Хүрэн морь ч ялгаагүй, нэг адууны төлүүд байгаа юм. Улаан морь бол Баяндэлгэрийн Ширээтийн цагаан адуу гэдэг.
-Аймгийн АХ-ын наадмуудад хэдэн удаа оролцож, морьдоо ямар амжилттай давхиулж байсан бэ?
Аймгийн наадамд 1999 онд сартай хүрэн шүдлэн түрүүлгэсэн. Мөнххаанд малын эмчээр ажиллаж байсан Жаргалсайханы аав Пүрэв гэж хүний өсгий цагаан хурдан хүрэн азарга байсан юм. Тэр өсгий цагаан хүрэн азарганы төл хусран даага худалдаж аваад шүдлэнд нь аймагт түрүүлгэсэн.  Дараа нь 2007 онд аймгийн 65 жилийн ойд хээр соёолон гуравт, хүрэн соёолон дөрөвт, хээр даага бас дөрөвт давхиж, гурван айраг авсан. Хээр соёолон бол миний хурдан улаан азарганы дүү байгаа юм. Эх эцэг солигдоогүй. 2008 онд аймагт шаргал азарга тавд давхиад, хүрэн морь бас тавд давхиж хоёр айраг авсан.
-Аймгийнхаа 70 жил, Зүүн бүсийн хурд-2012 уралдаанд таны морь яаж давхив?
-70 жилээр ороогүй ээ. Сайхан цагаан давхиад ирсэн. Баруун-Уртын 55 жилийн ойд хүрэн соёолон нь аман хүзүүдээд, хонгор хязаалан, халиун шүдлэн үрээ нь гуравт давхисан юм. Улсын наадамд 4 удаа явж байсан. Монгол улсын Манлай уяач Онгуу гуай манайхтай худ ураг. Ухаандаа хүү нь манай хүргэн байгаа юм. Онгуу Манлай, Сэргэлэнбаатар Алдарт бид нар хөдөө нэг хотонд байсан болохоор цуг ийш тийшээ наадамд их явдаг байлаа. 
-Дов үзсэн уяач улсын баяр наадамд ямар амжилт гаргасан бэ?
-Хамгийн анх 2001 онд АХ-ын 80 жилийн ойгоор улсад очиж уралдаж байсан юм. Тэгэхэд хусран зээрд даага, хар үрээ гээд авч явсан нь ердөө хоёр адуу. Тэр үед Халзангийн Ууганаа халтар азарга, хүрэн үрээ хоёроо аман хүзүүдүүлж 2 айраг авч, надтай нэг машинд морио ачиж явсан Онгуу гуайн хүргэн Ариунболдын хээр үрээ дөрөвт давхиж байсан. Эхний өдрийн өглөө нь даага түрүүлж мордлоо. Харж байтал минийхтэй төстэй даага гараад ирэхээр нь  минийх ч арай биш байхаа гэж бодоод танихгүй сууж байтал ард нь Онгуу ахын даага наймаар ороод ирж байна. Тэгээд яваад очтол зургаад орсон. Тэр холоос ирчихээд үүдэн хоймрын дайтай орчихож чаддаггүй гээд харамссан гэж жигтэйхэн. Дараа нь үрээ мордож, дарга толгойд гараад харж байтал хар үрээ 14 дээр явж байсан. Бариан дээр очтол хойшоо ухраад 17-оор орсон. Тэгээд л миний наадам эхний өдрөө дуусчихаж байсан юм. Манайхны улсууд анхны улсын наадмаа харин ч сайн нээж өглөө гээд намайг тайвшруулаад, харин би сэтгэл гонсгор буцсан.Морь гэдэг чинь хор шартай л байдаг юм билээ.
-Дараагийн удаад хэдэн онд Хүй 7 худгийн дэнжид асар майхнаа барьж, морьдоо мордуулж байв? 
Дараа нь 2003 онд улаан азаргаа шүдлэнд нь улсын наадамд хоёр дахь удаагаа явсан. Улаан шүдлэнгээс гадна хоёр гурван морио аваад тавуул зургуул улсын наадамд дөрөө харшсан юм. Тэгэхэд улаан шүдлэн Хүй долоон худгийн дор өгсдөг дээр 7 дээр ирж байсан, дотроо “Хоёрыг авчихвал орох нь дээ” гэж бодож байтал 13-аар орчихож билээ. Бусад нь хорь, гучаар орсноор тэр наадам дууслаа.
-Гурав дахь удаадаа азын тэнгэр гийв үү?
-2006 онд 800 жилийн ойгоор 3 дахь удаагаа улсын наадамд азарга, соёолон, хязаалан, шүдлэн, даага 5 насны морьтой явсан. Манай аймгийнхан зохион байгуулалттайгаар гал болж улсын наадамд очсон нь тэр. 800 жилд /30-аад машин морьтой очиж байсан. Тэгэхэд миний улаан азарга их хурдан байсан. 100 гаруй азарга Хүй 7 худагт сунгахад Даатгал хээр азаргатай хоёулаа их хурдан байсан юм. Хээр азарга илүүрхээд улаанаас гарч чадахгүй. Гэтэл яг уралдаан дээр замын шан руу гишгээд хөлөө авчихсан. Найдаж байсан улаан азарга маань ийм болчихсонд сэтгэл дундуур л байлаа. Соёолон морь ч бүр 100 дотор ирж байх юм. Харин улаан даагаа айргийн тавд хурдлуулчихаад сэтгэл санаа өег сайхан болсон. Улаан даага Наран сумын харьяат Батсүх ахын адуу бөгөөд би ганц нэг морийг нь би уяж өгдөг байсан юм. Тэр наадамд хүү Төмөрсүхийнхээ нэр дээр уралдуулсан. Матадын Улсын алдарт уяач Чадраа гэдэг хүнээс битүү даага аваад уясан нь  улсад тавлаад наашаа буцаж ирээд Хэнтийд Сэцэн хааны хурдад мөн тавласан. Шүдлэн үрээ болоод аймгийн чанартай 2 наадамд түрүүлсэн. Асгатад нэг түрүүлсэн, хязааландаа аймгийн өвлийн уралдаанд аман хүзүүдэж, 2008 оны Алтан овооны их тахилга наадамд 5-д давхисан. Дааганаас нь хязаалан хүртэл уяхад даагандаа хоёр айраг, шүлэндээ хоёр түрүү, хязааландаа хоёр айраг авсан юм. Тэр жилээ би Аймгийн Алдарт болсон. 2011 онд аймагт уралдаагүй. АХ-ын 90 жилийн ойгоор улсдаа уралдъя гээд улсад явсан. Ханиадтай жил шүү дээ, тэгээд уралдаж чадаагүй ирсэн юм. Миний улсад уралдсан түүх нэг иймэрхүү.
-Батсуурь Алдартын цаашдын зорилго юу байна?
-Зүүн бүсийн наадамд бэлдэж байна. Жавхлант шарга, Асгатын наадамд орж байсан хоёр гурван хавчиг азарганууд бий. Тэднийгээ додомдоод бүсийн наадамд явах санаатай.

"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна