Аймгийн Алдарт уяач Г.Алтансүх: Аймгийн Аварга хүлэг шалгаруулах уралдааныг санаачилж байлаа

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 04 -нд

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, аймгийн Алдарт уяач, "Тэргүүн шарга" МСУХ-ны тэргүүлэгч Г.Алтансүхийн ярилцлагыг хүргэж байна.  
-Аймгийнхаа МСУХ-ны бүрэлдэхүүнд хэзээнээс орж ажиллаж байна вэ?
-2008 онд Сүхбаатар аймгийн МСУХ их хурлаа хийж, шинэ бүтэц зохион байгуулалтанд орж ажилласан юм. Манай уяачид холбооныхоо нэрийг “Жавхлант шарга” нэртэйгээр шинэчлэн лого, тамга, тэмдгээ бүгдийг нь өөрчилсөн. Энэ үед би аймгийнхаа МСУХ-ны нарийн бичгээр сонгогдон 2011 оны хүртэл, түүнээс хойш хоёр жил тэргүүлэгчээр ажиллаж байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй болохоор нарийн бичгийн албаа Ганибалд шилжүүлсэн. Харин түүний дараа Хүдэрхангай залган ажиллаж байна.
Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа жил бүр уламжлал болон явагдах хэд хэдэн ажлыг санаачилсан нь одоо ч амжилттай явагдаж байна. Тэр үед жилдээ ганцхан л нааддаг болохоор уяачид маань алдар цолоо ахиулах боломж тааруухан байлаа. Эндээс үүдэн аймгийн Аварга хүлэг шалгаруулах уралдааныг санаачлан зохион байгуулдаг болсон. Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 10-ны дотор дээд гурван насаа, тавдугаар сард доод гурван насны уралдааныг явуулдаг болоод тав, зургаан жилийн нүүр үзэж байна. Жил ирэх тусам уралдаанд оролцох уяачдын тоо нэмэгдэж, морины хорхойтнуудын чих тавьдаг наадам болсон байна. Ер нь Дүнжингаравын дараа орох чансаатай наадам болж л дээ. За бас уяачдынхаа шинэ жилийг тэмдэглэж, оны шилдэг уяач, хүлэг, унаач хүүхдийг шалгаруулдаг болсон нь уламжлал болсон байгааг харахад сайхан байдаг юм.
-Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн 70 жил болсон. Наадмын зохион байгуулалтанд оролцсон уу?
-Тэгэлгүй яахав. Аймгийн 70 жилээр морь гарааны төхөөрөмжийг нь хариуцан ажиллуулсан. Урьд нь морь будлих, дутуу эргэх гэхчилэн бэрхшээлтэй асуудал зөндөө байсан болохоор гарааны төхөөрөмжийг санаачлан хийлгэж байлаа. 2009 онд Дорнодын бүсийн наадамд ч тэдний хэрэглэж байгаа морь эргүүлэх төхөөрөмжийг хараад очиж зураг, патентыг нь аваад 100-200 морь эргэх төхөөрөмж хийлгэж байлаа. Одоо шинэчлэгдээд их гоё болсон л доо. Дээшээ сөхөгддөггүй, доошоо унадаг болсон. Өнгөрсөн жилийн аймгийн 70 жилийн ойн баяр наадмаар 500 орчим морьд энэ төхөөрөмжийн араас ямар ч будлиангүй эргэсэн. Энд сонирхуулахад манай аймгийн 60 жилийн ойн хязаалан насанд хамгийн олон буюу 800 морь уралдсан түүх бий. Энэ төхөөрөмж маань уртаашаа 100-150 метр бөгөөд нэг метрт хоёр морь гэж үзээд дан эгнээнд 100, давхар эгнээнд 200 морь эргэнэ гэж тооцсон.
-Сүхбаатар аймгийн бүх сумд гарааны төхөөрөмжтэй болж чадсан уу?
-Ихэнх сумд маань морь гарааны төхөөрөмжтэй болчихсон шүү. Албан ёсны сумдын болон аймгийн наадмууд гарааны төхөөрөмжтэй уралдаж байгаа. Гэхдээ овоо тахилгын болон жижиг наадмуудад төхөөрөмжгүй уралдсанаар болж үүсдэг асуудал бүрэн арилчихаагүй л байна. Холбооны зүгээс уралдаан наадмыг зохион байгуулж байгаа улсад төхөөрөмжтэй хийхийг шаарддаг, зөвшөөрөлгүй уралдахыг хориглож байгаа.
-Алтансүх тэргүүлэгч өөрөө  хурдан морины уяа сойлго тааруулж байна уу?
-Манай аймгийнханд хэдэн үеэрээ уяа эвлүүлж буй уяачид олон бий. Миний хувьд айхтар удам дамжсан уяач биш л дээ. Гэхдээ хурдан мориор дамжсан уламжлал өв соёл дэлгэрч буй энэ үед хурдны өлгий нутгийн эр болгон морь сонирхдог болсон байна. Тэр жишгээр л моринд орсноос хойш 10 жил өнгөрчээ. Анхандаа ч өөрөө уяж сойж чаддаггүй байлаа. Тэгээд нэг уяачтай болж, 2004, 2005 оноос морьдоо айрагдуулж эхэлсэн. Найзаасаа худалдаж авсан хар даагыг Онгон суманд болсон бэсрэг наадамд айргийн таваар хурдлуулан, анхны айргаа амсаж байлаа. Түүнээс хойш сайхан л наадаж байна. 
-Хаанахын ямар угшлын адуугаар наадаж байна вэ?
-Авмал адуугаар л нааддаг хүн дээ, би. Дарьгангын голдуу адуунууд байна. Дүйдэн харын угшилтай бор азарга, Хувшарын тожингийн угшлын азарга гээд л. Бусад сумдаас ч авсан гүүнүүд бий л дээ. Ер нь угшилтай адуу болгоноос цуглуулсан.
-Энэ хугацаанд гаргасан томоохон амжилтуудаасаа сонирхуулаач?
-10 жил морь уяхдаа Улсынхаа баяр наадамд 2004, 2006 онуудад очсон. Харин 2005 онд нь аймагтаа их сайхан наадсан. Шүдлэн үрээгээ түрүүлгэж, даага, азаргаа тус тус аман хүзүүдүүлсэн. 2004 онд улсын наадамд даага долоогоор, азарга 15-аар давхисан. Харин их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор азарга арван хэдээр давхисан. Тэр улсын наадмаас буцаж явахдаа Хэнтийн аймгийн төвд болсон “Сэцэнханы хурд”-д 370 гаруй азарга уралдахад миний азарга  айргийн таваар орсон. Ер нь Дорнод, Хэнтий, Говьсүмбэрт болсон Боржигон бүс, Дорноговийн бүсийн наадмуудад тогтмол оролцдог юм. Бүсийн наадмуудад миний адуунууд 10-20-ийн дотор давхиад л байгаа юм.
-Энд таны амжилтанд жин дардаг ямар хурдан хүлэг байна вэ?
-Даагандаа улсын наадмаар долоогоор давхисан хээр азарга маань шүдлэндээ аймгийн наадам, Халзан сумын 80 жилд түрүүлсэн. Одоо найман настай азарга бий. Аймгийн наадмаас миний хээр азарга нэг түрүү, хоёр аман хүзүүтэй. Халзан сумын 80 жилийн ойн баяр наадамд би бор азарга, хээр шүдлэн, халиун даагаа түрүүлгэж, гурван түрүүтэй буцаж байлаа. Уяач хүний баяр бахдалыг мэдрүүлсэн сайхан наадмуудын нэг байгаа юм. Ер нь бор, хээр хоёр азарга маань миний амжилтанд гол нөлөө үзүүлсэн хурдан буянгууд даа. Дарьгангын Хувшарын тожингийн угшилтай миний хээр азарга 2008 онд Дорноговь аймагт болсон Хутагтын хурдад айрагдсан. Харин бор азарга маань Дүйдэнгийн харын угшилтай.
-Адууныхаа цусыг сэлбэх ажлыг хэр хийж байна?
-Сүхбаатар аймгийнхаа сумдын хурдан угшилтай айлуудаас жилдээ хэдэн гүү авчихдаг юм. Улаанбаатар хотоос ч авчирсан гүү бий. Сүүлийн жилүүдэд манайхан адуугаа их тэжээдэг боллоо. Хүн бүр л өөрийн жүчээтэй болсон. Би ч олны жишгээр аймгийн төвөөс 16 км-т жүчээтэй. Сайхан зөөлөн, морины ажил хийхэд тохиромжтой газар бий.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №42

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна