МУ-ын Алдарт уяач Д.Цэнд-Аюуш:Зандан хүрэн уяа нь орохоороо буруу талынхаа эгэмэнд эрхий хуруу талдаа орохуйц том нүх гараад, их ааширхуу болдог

Тэлмэн
2015 оны 10-р сарын 12 -нд

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Доржсүрэнгийн Цэнд-Аюуштай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Моринд хайртай монгол түмэн таныг Зандан хүрэн мориор тань эчнээ танина. Уясан эзний урмыг тэтгэсэн хурдан хүлгийнхээ талаар ярьж өгөөч. Тэсийн голын унага гэдэг билүү?
-Тиймээ.Тэсийн голын адуу. Би 2002 онд битүү морь авчраад 2003 оны улсын наадамд түрүүлгэж байсан юм. 

-Багахан наадамд ч уралдаж байгаагүй хэрэг үү?
-Бараг уяж байгаагүй гэсэн. Нэг өдөрлөгт уралдуулсан будилаад тооцоогүй юм билээ. 2002 оны  хавар манай хүргэн “гайгүй морь ирлээ” гэхээр нь очоод харсан аятайхан санагдаад тэгээд л авчихсан юм. Манай баруун тал чинь ногоо аажуухан гардаг учраас их туранхай байсан л даа. Авсан цагаас эхлээд замдаа шувт тэжээсээр байгаад очсон. Авчирсныхаа дараахан нэг сунгаанд мордуулсан чинь түрүүлсэн юм. Би тэр үед Цэрэнжээгийн хээр морийг бас уядаг байсан л даа. Хээр нь түрүүлж гараад зугтааж байснаа үзүүр дээр нь хүрэн нь дайраад түрүүлчихсэн юм. Тэгэхээр нь “за энэ болох морь юм байна” гэж бодоод хадгалж эхэлсэн. Долоон сард улсад мордуулсан чинь тамиргүй морь олигтой явахааргүй болохоор нь татуулчихсан. Тэр жил Дундговийн ой болоод би, тийшээ явж уралдах санаатай байсан юм. Тэгээд Айдасын даваан дээрээс татуулчихаад хэд хоног амрааж байгаад, Дундговь явсан. Замд Төв аймгийн Баянцагаан сумын наадам таараад тэнд уралдуулж айрагдуулаад, цаашаа явж 7-р сарын 29-нд Дундговь аймгийн 60 жилийн ойд  уралдуулж зургаагаар давхиулсан. Үндсэндээ бол айрагдсан л даа. Даанч тооцоогүй юм.
-Яагаад?
-Тэр үед одоотой адилхан нарийн хэмжиж чаддаггүй байлаа л даа. Одоо бичлэг үзэхэд хүрэн морь буруу талдаа ч толгой нь илүү гарч орж байгаа нь харагддаг юм.
-Тавд хэний морь орсон юм бэ?
-Луусын Эрдэнэчулуун Манлайн хонгор морь орсон юм. Нутаг ус, танил тал гэдэг зүйл бас нөлөөлсөн л байлгүй дээ. Ер нь хүрэн морь надад ирснээс хойш нэг жилийн дотор 11 уралдаж, зургаа түрүүлэн, дөрөв айрагдсан адуу.
-Өвөл нь тэжээгээ байлгүй?
-Тэгсээн. Өвөл Өлзийт хороололд оруулж тэжээгээд хавар  Хэнтий аймгийн Баянхутаг сумын тахилгат Баян-Эрхтэй хайрханы наадамд уралдуулж их хол түрүүлгэсэн юм. Тэнд түрүүлсэн морь улсад түрүүлдэг гэсэн яриа байдаг, дуулаа байлгүй. Ортой л юм билээ. Би түрүүлснийг нь ч мэдээгүй л дээ. Морь гаргаж өгчихөөд эргэсэн хөндлөн зам дээгүүр нэг хүүхэд мориноосоо унаж, ухаан алдаад. Танихгүй ч гэлээ нөгөөхийг чинь авч аймаг руу эмнэлэгт хүргэж өгчихөөд ирсэн чинь хүрэн морь маань түрүүлчихсэн байсан. Ирээд хүмүүсээс “ямар морь түрүүлэв” гэсэн “нэг хүрэн морь түрүүллээ” гэсэн юм. Тэгэхээр нь миний хүрэн л болов уу гэж бодсон л доо.
-Яагаад?
-Түрүүлэхээр сайн байсан юм. Хавар Дүнжингараваас эхлээд олон уралдсан хэр нь их сайн байсан юм. Тэгээд л майхан дээрээ очсон чинь манайхан айраг цагаа, дуулиан шуугиан болчихсон байна. Маргааш нь хүрэн морио адуундаа тавьчихаад би хот руу явлаа. Одоо бурхан болчихсон Галшарын Дураараа Мийгаа найзтайгаа хоёулаа Онон дээр очлоо. Онгирох санаатай. /инээв/ Онон эмнэлэгт хэвтчихсэн байна гэхээр нь очсон Бандгаа тэр хоёр нэг палатанд хэвтэж байна. Тэгэхээр нь  “манай тэнд өчигдөр наадам болоод, 100 гаруй морьд давхилаа. Хүрэн морь их хол түрүүллээ” гээд би ярилаа л даа.
Бандгаа, Онон бид нар чинь бас багаасаа нэг дор нутаглаж, сайн муугаа мэдэлцсэн сайхан найзууд л даа. Тэгсэн Бандгаа “их ойрхон газар очтой түрүүлж байгаа бол энэ жил гэмтэй л байна даа” гэж байна. Харин би бол хүрэн морио сайн давхина гэдгийг мэдэж байсан.
-Юу танд тийм итгэл төрүүлэв?
-Баян-Эрхтэйн наадмын дараа хүмүүс хөлсийг нь авах гээд шавахад өшиглөөд л ер ядарсан шинжгүй байсан. Улсын наадамд ч гэсэн түрүүлж ирчихээд хүн өшиглөөд л байсан шүү. Тэр жил онцгой хурдан байсан даа.
-Уяа нь орохоороо ааширхуу болох уу?
-Ер нь ааширхуу мал. Туугаад явж байхад хажуу талынхаа морийг өшиглөнө. Заримдаа хүүхдийн хөл гар гэмтээчих гээд хэцүү шүү. Уяа нь орохоороо тэгдэг байсан байх. Уяа орсны бас нэгэн шинж нь буруу талынхаа эгмэнд эрхий хуруу талдаа орохуйц том нүх гарчихдаг байсан. Уяанаас бусад үед тарган цатгалан байхдаа зүгээр, яг уяа ороод ирэхээрээ тийм нүх гарчихдаг байсан шүү. Сайхан буянгаар би олон жил тогтмол сайн уралдаж чадаагүй дээ. Эрт хөлийг нь болиосон. Улсын наадамд чинь доголон түрүүлсэн шүү дээ.
- 2002 онд ирээд нэг жилийн дотор 11 уралдсан гэсэн. Тэгж олон уралдахдаа хөлийг нь муутгачихсан уу?
-Тэгсэн. Баян-Эрхтэйн наадмын өмнө цагаан сарын дараахан Архангайн Хотонт Тод манлай уяач Аюуш агсны Манлай цолны мялаалга наадам болсон юм. Нэг их хүйтэн шуургатай өдөр Цэнхэрийн цаад талд морь уралдаад, орой нь шуураад байхаар нь их хөдөлгөлгүй тэгсгээд бушуухан нэмнээд машин дээрээ аччихсан юм. Тэр шөнөө явсаар Хархоринд нэг айлын гадаа ирж зам асуухаар орсон унтаагүй байсан. “Уралдчихаад буцаж явна. Өнөө шөнө танайд хоноё” гэсэн “тэг тэг” гэж байна. Морио нэмнэчихээд даруулах гэсэн уяа байдаггүй. Тэгэхээр нь хүүхдийнхээ спорт эмээлээр эмээллэж хазаарлачихаад өвс тавиад өгчихөөд унтсан. Өглөө айлын авгай “та нарын нэг морь нь сул явж байна” гэхээр нь “уяа нь тасраа  биз” гэж бодоод жаахан хэвтэж байгаад боссон чинь хүрэн морь хазааргүй, эмээлгүй, зөвхөн нэмнээтэй байж байсан. Тэр шөнө айлын гаднаас эмээл, хазаар хоёрыг нь аваад явсан байна лээ. Шуурганаас болоод сайн хөдөлгөлгүй машинд ачаад хөлд нь цус буулгачихсанаа сүүлд мэдээд, эвтэйхэн аргалж байгаад уралдуулдаг байсан юм. Гэхдээ хөлтэйгээ үлдсээн. Ер нь хөлтэйгээ үлдсэн сайн адуу их цөөхөн байдгийн нэг нь миний хүрэн морь. Тойруулгын халзан, Хэнмэдэх гуайн хар, сахал Мөнхтөрийн хээр гээд хэдхээн морийг нэрлэж болно доо.
-Улсад түрүүлсний дараах зургийг харахад нэлээд туранхай байдаг юм билээ?
-Тэгсэн нэлээд туранхай уралдуулсан. Тийм болохоор нь их сунгааг нь гүйцэд сунгаад, бага сунгааг нь дутуу сунгасан юм. Баян-Эрхтэй уулын тахилгаас хойш уралдуулахгүй байж байгаад наадмаас өмнө хоёр сунгаж, ганц нэг хөлс л авсан байх, өөр ажил хийгээгүй. Хүрэн морь Баян-Эрхтэйд түрүүллээ гэж хэлчихээд намайг явсны дараа Онон “хөөрхий муу Цэндээ морь нь түрүүлээд, хөөрчихсөн явна. Хүрэн морь нь сайн давхиад өгчихөөсэй дөө” гэж байсан гэнэ лээ. Сүүлд надад Бандгаа хэлсэн. Уяачид гэдэг ийм л сайхан улс шүү дээ./инээв/
-Улсад түрүүлсэн морины ажлыг уншигчид сонирхдог юм. Жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч? 
- Угаасаа хөл муутай олон ажил даахааргүй байсан л даа. Их сунгааны маргааш хорон хөлсийг нь авчихаад, хатгаж жаахан цус авсан. Хийсэн ажлынхаа хорыг авч байгаа юм. Тэгээд гурав хоног сайхан амраасан. Наадмын урьд өдөр “11 цаг болчихлоо морьдоо тавих уу” гээд хүүхдүүд гүйгээд байдаг. Би ганцхан хүрэн мориндоо л бүх мориныхоо ажлыг зориулаад байгаа. Нөгөө морьдоо тавьчихаар хүрэн морь ганцаараа тогтохгүй шүү дээ. Тэгээд шөнө 12 цаг  болж байхад морьдоо тавиад  километр  хэртэй газар тарлаад хөлсийг нь хатаагүй байхад нэмнээд, аргамжчихсан. Тэгэхдээ аргамжийг нь солиогүй. Хоёр хүртэл өөрөө байж байгаад, таван цагийн үед бариарай гэж хэлчихээд явсан юм. Ингээд зургаан цагийн хоол идүүлчихлээ. Хүмүүс гайхаж магадгүй л дээ. Миний хүрэн морь их идэштэй адуу. Өглөө ирээд гэдсийг нь харсан арай бага санагдаад дахиад цаг идүүлээд, тэгээд л өдөр хоёр цагт мордуулсан даа. Мордохоос өмнө хараад арай л багадчихав уу гэж бодоод явуулсан. Одоо бичлэгийг нь харж байхад Улаан худгаас өнгөрөөд сүүлээ жоохон шарваад байдаг юм. Хоол нь багадахаар сүүлээ тэгж шарвадаг адуу л даа.
-Долоон цагийн хоол гэдэг харин ч ихэдмээр юм шиг?
-Миний хүрэн морь том биетэй, сум урттай адуу шүү дээ. Уяаны үед хоол хасаад гайгүй болчихдог болохоос биш тавиад удаагүй байхад цүдийтлээ идчихдэг мал.
-Төрийн наадамд их морь түрүүлгэсэн тэр баярт агшинаа эргэн дурсах таатай л байдаг байх?
- Хүрэн морийг Тулгаа гээд хүү унадаг байсан юм. Уяан дээрээс  үдэхдээ “за миний хүү өөрөө мэдээд уралдаарай. Хүрэн морь чинь ер нь  сайхан байгаа шүү. Чи бид хоёрын хоншоор байвал таван адуун дотор ирэх л байх шүү” гэсэн. Хүүхэд ч  толгойгоо дохиод л хөдлөөд явчихлаа. Би тухайн үед “МАК”-ийн уяач байсан юм. Тэгсэн Ерөнхий сайд байсан Содном гуай Гавъяат эдийн  засагч болсны цайллага гээд манай тэр хавиар хөл хөдөлгөөн ихтэй. Дуу хуур, наадам наргиа болоод олон дарга, сайд нар ирчихсэн, нааш цааш нь дуудаж чангаагаад би талбай руу явж чадаагүй. Тэгж байтал морь гараад ирлээ болоод явчихлаа. Дурандсан хүрэн морь долоо дээр гараад ирлээ. Одоог бодвол залуу, нүдний хараа ч сайн байж. Дээр нь  унаж явсан хүүхдийнх нь хувцас их содон л доо. Улаан худаг барианаас яг долоон км байдаг юм. Тэгсэн тэнд ирэхдээ эхний хоёр морин дээр хүрээд ирсэн. Жаахан өнгөрөх аядаад нөгөө хоёртойгоо зэрэгцэж байна. Тэгэхээр нь “одоо ингэж байгаа бол суухгүй ээ. Тэр чигээрээ явсаар байгаад  л орно” гээд хажуудаа байсан улсад хэллээ. Зарим нь ч онгирч байна л гэж бодсон байх. Хаа байсан долоон км цаанаас тэгж хэлэхээр арга ч байж уу дээ. Тэгээд л түрүүлсэн дээ. Морь түрүүллээ гээд наадамчид манайх руу шаваад л. Тэр үеийн Ерөнхийлөгч байсан Багабанди гуай хүртэл ирсэн шүү дээ. Хүмүүс ирчихсэн байсан “Ерөнхийлөгч ирнэ. Хамгаалалтанд авлаа” гээд л ирсэн улс ч сандраад явцгаасан.
- Төрийн наадамд их морь түрүүлгэх уяачийн цээжин гүний хүсэл гэсэн Бат-Өлзий Тод манлайн үг эрхгүй бодогдож байх чинь?
-Төрийн наадамд ганц морь айрагдуулчих юмсан, ганц морь түрүүлгэчих юмсан гэдэг бол уяач болгонд бий. Тэр тусмаа их насны   морь түрүүлгэчих юмсан гэж эр хүн болгон хүсдэг. Тэр ховор сайхан хувь зохиол надад тохиосон. Сайхан л юм билээ. Хамгийн гол нь нутгийн морио Хүй долоон худгийн анхны наадамд түрүүлгэх сайхан байсан. Өөрийн эрхгүй омогшдог юм билээ шүү. Аав, ээж минь амьд сэрүүн байсан болоосой, нутгийн ард түмэн минь харж байгаа байх даа гэж бодохоор самсаа шархирч, Төв цэнгэлдэхэд  байгаа үзэгчид ганцхан надруу хараад байх шиг санагддаг юм билээ.
-Улсын наадмын дараа Боржигоны хурдад явсан гэдэг юм билээ. Хэдээр давхисан юм бэ?
-Хөл нь сайнгүй байхаар нь мордуулаагүй. Харин нэг даага аман хүзүүнд хурдлуулсан. Тэндээсээ Догшин ноён хутагтын наадамд очиж хар азарга, буурал үрээ хоёроо нэгийг нь зургаа, нэгийг нь есөөр давхиулсан даа.

  -Нэг жил нэлээд олон уралддаг байжээ дээ?
-Залуу ч байсан, амьдрал ч боломжтой байсан. Одоог бодвол моринд арай бага зардал ордог байж. Нэг үе сайн явсан шүү.
-Хүрэн морь хаа хаана уралдсан бэ? “Их хурд-4”-т лав очсоныг мэдэж байна?
-Би ер нь нэг үе их сайн явсан шүү. Баян-Өлгий, Дорнодоос бусад бүх аймагт очиж уралдсан. Хүрэн
морь 2007 оны Их хурдад очиж уралдаад, айрагдсан ч долоо дээр барьсан шүү дээ. Нарийн яривал би тэнд хоёр морио айрагдуулсан хүн.Яагаад будилсан гээд байна вэ гэхээр Архангайн уяачид морьдоо ачиж авчирч уралдуулаад түрүүлгэж, аман хүзүүдүүлсэн. Дөрөв дээр орсон Үхэртарын буурал ч ялгаагүй. Тэр жил Өсөхбаяр Аварга түрүүлсэн байсан юм. Өсөхбаяр Аварга Архангайн гурван морины пайзыг бариад зогсчихоор хүмүүс яаж ч чадаагүй л дээ. Тийм будилаан болоогүй бол миний хоёр их морь айрагдах байсан шүү. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд хоёр насны морь айрагдуулна гэдэг ховор тохиох завшаан шүү. Тийм ховор завшааныг л алдаж байгаа байхгүй юу. Морь тодорхой цаг үе дээрээ л хурдална уу гэхээс жил болгон тэгж хурдлахгүй шүү дээ. Ер нь миний хүрэн морь улс, бүсэд олон жил уралдсан адуу. 2010 оны “Их хурд-5” уралдаанд 22 настай уралдаад 19-д давхиж байлаа. Түүнээс хойш уялгүй байж байгаад ноднин унтуулсан даа хөөрхий.
-Хүрэн морийг бие хаа томтой, эрлийз адуу л гэлцдэг. Та удам угшлыг нь нарийн судалж байв уу?
-Тэр үед адууг өндөр намаар нь ялгадаггүй байсан л даа. Манай Тэс сум чинь ОХУ-тай хил залгадаг. Нэг үе хилийн хязгаарын нарийн ялгаа байсангүй. Монгол, Тува малчид нэг өвөлжөөнд өвөлждөг байсан. Үүнтэй холбоотойгоор Тэс адуу нэлээдгүй цус сэлбэсэн байхыг үгүйсгэхгүй.
-Цэрэнжээгийн хээр морийг улсад түрүүлэхэд та уяж байсан билүү?
-Тиймээ. Би 1998 онд Увсаас өөрөө ачиж авчирсан морь. Ачиж ирээд, уяж хурдлуулаад, заавар зөвлөгөө өгдөг байсан. Тэгээд ч бид хоёр чинь сайн яривал садан төрөл улс. Бас нэг ангийнх.
-Та чинь тэгвэл үндсэндээ улсын наадамд хоёр удаа их насны морь түрүүлгэсэн хүн байх нь ээ?
-Тэгж хэлж болно шүү. Хээр морь чинь бас нэг айрагдсан. 2003 онд миний хүрэн морь түрүүлээд, 2004 онд хээр морь айрагдаад, 2005 онд хээр морь түрүүлсэн. Үндсэндээ гурван жил улсын наадамд их морь түрүүлгэж айрагдуулсан. Улс бүсийн наадамд арав дотор олон оруулсаан. Гавьяат мал зүйч Самданжамцын борыг би бас уяж байсан. Тэр бол үндсэндээ хоёр түрүүлсэн адуу. Араб адуу гэдсээ их нарийсдаг гэдгийг тооцолгүй туршлагагүйтээд шүдлэнд нь нэг алдсан. Сэрвээ өндөртэй мал чинь эмээл нь хойшоо гүйдэг юм билээ. Зурхай дээр бараг түрүүлж ирээд хүүхэд нь эмээлтэйгээ шувтраад уначихсан шүү дээ. Тэгээд хүмүүс рүү орчихсон байхад нь нэг цагдаа авч унаад долоо наймаар оруулж байсан юм. Хойтон жил нь хязаалан үрээ эрлийз дунд насанд улсад түрүүлсэн шүү дээ.
-Яриа эхлэхийн өмнө 1995 оны Сар хайрханы даншигт азарга түрүүлгэж байсан гэсэн. Тэр талаараа яриач?
-Албан ёсны цуваан дээр бол Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Өсөхбаярын улаан азарга гэж бичигдсэн байгаа. Үнэн хэрэг дээрээ яг зурхай дээр гишгэж орсон нь манай хээр азарга  юм. Манлайлж явсан тугтай машин хүмүүсийн адагт ирээд зогсчихсон чинь Өсөхбаярын улаан азарга машинаа дагаад хүмүүсийн араар орчихгүй юу. Харин аман хүзүүнд явсан манай азарга болохоор яг зурхай гишгэсэн. Ганцаараа орж ирж байгаа бичлэг нь бий. Гэтэл зохион байгуулагчид нь зурхай дээр гишгээгүй нутгийн азаргаа түрүүлсэнд тооцсон юм. Хээр азарга Чулуунбаатар гээд манай хүргэний адуу л даа. Би Увсад ачаа буулгачихаад, уралдаан болох сургаар  машинаа тэнд дүү нарынхаа хашаанд үлдээчихээд морь уяад явчихсан хүн байгаа юм. Зун  зургаан сарын 10-н хэдэнд гарсан хүн есөн сарын дундуур гэртээ харьж байлаа шүү дээ. Мориноос өөрийг бодохгүй явдаг тийм нэг үе байдаг юм шүү. Тэр зун Өвөрхангайн Есөнзүйлд Өндөр гэгээний 350 жилийн ой болоод тэнд азарга түрүүлсэн юм. Тэгсэн одоо энэ  Ерөнхий сайдын хэвлэлийн зөвлөх Мөнхтөр ирж надаас ярилцлага аваад, түүнийг харсан хүүхдүүд “аав энд явж байна” гээд ээждээ хэлж байсан гэсэн. /инээв/
-Тэр хээр азарга хаанахын адуу вэ? 

- Ханхөхийн адуу. Хойтон жил нь би тэр хээр азаргыг машин дээр, дунд гарын хөөрөг өгөөд авсан юм. Машин нь бас их түүхтэй. Цэдэнбал даргын зурагчин унаж байсан 21 гэдэг машиныг авсан байснаа өгсөн. Би бас олон зүйлийн анхдагч болсон хүн шүү. Увс аймагт анх удаа машинаар адуу  авсан. Дараа нь анх удаа Увс аймгаас улсын наадамд морь түрүүлгэсэн. Мөн Хүйн долоон худгийн анхны наадамд их морь түрүүлгэсэн гээд яриад байвал олон л доо. Хээр азарга энд ирээд улсын наадамд 100 гаргаж хоёр жил давхиад, “Их хурд”-д 39 билүү 49-өөр нэг давхисан даа. Дараа нь дүүдээ бэлгэнд өгсөн чинь Архангайн Ихтамирт хадмуудадаа өгчихсөн. Тэнд очоод бас гайгүй давхисан байна лээ.
-Тэгвэл Боржигоны бүсэд айрагддаг бор даага...
-Тэр Дорнод угшилтай адуу. МАК-ийн захирал Дашзэвэгийн үрээ л дээ. Бид хоёр улсад айрагдах даага олж авах санаатай Сүхбаатараар явж байгаад Дорнодын Халхгол орохгүй юу. Нэг их салхитай шөнө сумын төвийн наахна явж байтал бор азарга, бор гүүтэй адуу зам хөндлөн гараад өвөр рүү ороод ирсэн юм. Тэрэн дунд сайхан бор унага дагуулсан хээр гүү нүдэнд тусаад  “сайн тогтоож авъя. Энэ сайн даага байна” гэж ярилцаад нэг айлд очиж хонолоо. Өглөө босоод нөгөө адуугаа лавласан “доголон” Дорж гэж Увсын нэг хүн бий гэдэг юм. Тэгсэн нөгөөдөхийг нь таньдаг болж таараад очоод уулзсан “хөгшин хээр гүүний маань төл байгаа юм”  гэсэн. Тэгээд л авч улсын наадамд 18-аар давхиулаад, Боржигонд очиж аман хүзүүдүүлсэн. Дараа нь Булган аймгийн Дашинчилэн сумын 70 жилийн ой болж, тэнд хязаалан, даага, шүдлэн түрүүлгэсэн. 

-Гарьд хар азарга тань  аль зүгийн адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Энэбиш  гэж хүний адуу. Хүү Ууганбаяраас нь авч байсан юм.
-Та хэдэн онд хотод ирсэн юм бэ? Бага нас, эцэг эхийнхээ талаар  яриач?
-Би нутгаасаа эрт 1972 онд гарсан хүн. Манай аав нутагтаа нэгдлийн дарга, сумын дарга, сургуулийн захирал зэрэг алба хашиж байгаад хотод ирж Октябрийн раойны Зохион зааварлах хэлтсийн даргаар олон жил ажилласан. Одоогийнхоор бол дүүргийн Тамгын Газрын Дарга юм уу даа. Би 22 дугаар сургуулийг төгсөж, 1975 онд анхны илгээлтийн эздийн нэг болж Атарын сангийн аж ахуйн адуучнаар хоёр жил ажилласан. 16 настай хүүхэд сангийн аж ахуйн 400 гаруй адууг авах гээд  Хөвсгөл аймгийн Эгүүр, Тариалан руу УАЗ машины кузов дээр суугаад явж байлаа. Тэгээд хоёр хүний хамт 400 гаруй адуу туугаад л ирж байсан юм даа. Хүмүүсийн итгэл алдахгүй гээд их хариуцлагатай ханданаа. Адуугаа манаж хонохдоо чоно улихаар айж шөнөжингөө дуулаад өглөө нь хоолой нь сөөчихсөн амьтан ирдэг байлаа. /инээв/
Тэгээд цэрэгт явж Иргэний Хамгаалалтын 122 дугаарт ангид алба хаасан. Түүнээс өмнө Улсын Батлан Хамгаалах Туслах Нийгэмлэгийн жолоочийн курст жил зургаан сар суугаад жолооч болчихсон байсан юм. Тэр давуу талаараа крантинд ч оролгүй цэргийн гурван жил мөн ч олон машин унасан даа. Өглөө ажилчдын автобус бариад Орбит руу явна. Очоод тавьчихаад эмнэлгийн машин бариад эмнэлэг рүү явна. Тэрийгээ авчирч тавьчихаад ангийн хогны машин бариад хог цэвэрлэнэ. Дээр нь штабын даргын УАЗ-66 барина. Албаа хааж ирээд улсын Материал техникийн хангамжийн газрын баазад жолоочоор ажилласан.
-Хэдэн онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?
-2004 онд шиг санагдаж байна.
-Нэг үе адуу сайн цуглуулсан гэсэн. Хаа хаанаас адуу авч байв?
-Үндсэндээ 30-аад жил адуу цуглуулсан даа. 2008 онд нутагтаа хэдэн үрээ аваачиж, үнэтэй, үнэгүй өгсөн. Одоо тэрний төлүүд их сайн хурдалж байгаа дуулдана лээ. Баруунтурууны Хар хадны бригадын Сэржээ гээд залуугийн бага адуунууд байна. Өндөрхангайн Цэнд-Аюуш гээд манай хамаатны дүүгийн үрээнүүд байна. Хүнд өгсөн адуу давхилаа гэхээр сайхан л санагдах юм билээ.
-Хэзээнээс “Хурдны манлай” галын зөвлөх уяачаар ажиллаж байгаа юм бэ?
-2004 онд байгуулагдсан санагдана. Тэрнээс хойш  саяхныг хүртэл ажилласан. Одоо бол ганц өөрийнхөө морьдыг л уяж байна. Нэгдүгээрт хөл гар муутай болсон, хоёрдугаарт нас ч явчихлаа. Гэхдээ сурсан мэдсэнээ бусдад хуваалцах тал дээр нэлээдгүй ажиллаж байгаа шүү. Говь-Алтай, Ховд аймгуудад очиж морь уях талаар лекц уншсан. Хэнтийд ч очиж мэдэх чадахаа хуваалцсан. Бас Тувад  очиж хичээл зааж байлаа.
-Залгамж халаагаа бэлтгэж байгаа байлгүй. Аавдаа хэр тоогдож байна вэ?
-Манайх нэг хүү, хоёр охин, гурван хүүхэдтэй. Хүү маань  санаагаар жаахан унаж байгаа байх. Морь гэдэг байнга түрүүлж, айрагдаж байдаг юм шиг санадаг байх  л даа.
-Шинэ цагийн адуутай юу?
-Англи, Араб, Буддёный  үүлдрийн гүүнүүд бий. Ганц нэг эр төл гарсан. Ирэх жилээс л оролдоно доо.
-Өнөө жил Увс аймагт баруун бүсийн наадам болно. Нутагтаа очиж наадах уу?
-Улсад уралдахгүйгээр явах санаатай байна. Энэ холоос зорьж очиж байгаа олон уяачдаа хүндэтгээд наадмаа сайхан зохион байгуулаасай л гэж хүсэх байна даа. Морийг хүн л будилуулна уу гэхээс өөрөө будилахгүй шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч, илэн далангүй ярилцсанд баярлалаа. Нутгийн дэвжээ ивээж сайхан наадах болтугай.
-За баярлалаа. Монголынхоо нийт уяачдад тэр тусмаа Увс нутгийнхандаа 90 жилийн ойн баяр мэндийг хүргэж, сайхан наадахын ерөөл дэвшүүлье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна