Ц.Дашдаваа: Рагчаасүрэнгийн зээрд үрээг зуучилж, 90 саяар зарж өгсөн

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 02 -нд

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Дашдаваагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны өвөг дээдсүүд морь уядаг байв уу?
-Тийм ээ, бид удам дагасан уяачид. Миний аав Балжидын Цэрэн, ах Асгат сумын Уяачдын холбооны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Дашдондог нар уяач хүмүүс. Тиймдээ ч багадаа эднийхээ уясан морьдыг унаж хурдлуулдаг байгаад 1985 онд наймдугаар ангиа төгсөөд аав, ах хоёртойгоо морь уяж эхэлсэн. Би оныг нь сайн мэдэхгүй юм. Хөгшчүүл л ярьдаг юм. Аав 1960-н хэдэн онд нэг жилийн сумын наадмын зургаан насны морьдоос дөрвөн түрүү, нэг  аман хүзүүг авч байсан гэж. Их л ховорхон тохиох амжилтын эзэн байгаа юм. Манай өвөө Балжид, аав Цэрэн нарын суманд их насандаа гурав түрүүлсэн хурдан хүрэн морь байлаа. Тэр хүрэн морины амжилтыг саяхан аймгийн Алдарт уяач Дуламрагчаагийн хонгор морь гурав түрүүлж давтлаа. Эжий аав хоёр маань дөрвөн хүү, гурван охинтой айл байсан. Одоо тавуулаа үлдсэн байна. Дашдондог ах, нэг эгч маань бурхан болсон. Талийгч ахын ажлыг дүү маань үргэлжүүлэн одоо Асгат сумын уяачдын холбооны тэргүүн, аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Ахын маань том хүү сумын байгаль орчны байцаагчаар ажилладаг. Одоо ахын хүүхдүүд бүгд морь уяцгаадаг юм.
-Энэ хугацаанд гаргасан амжилтуудаасаа дэлгэрүүлж ярьж өгөөч?
-Аавын хувьд дээр хэлсэн зургаан насны морьдын дөрвөн түрүү, нэг аман хүзүүг авч байсан гэж. Тэр чинь 1960-аад оны үе. Түүнээс нэлээд хэдэн жилийн дараа буюу 1980 онд ах маань Махбуриадын удмын улаан даага хүнээс авч бас л их хурдлуулсан шүү. 1998 онд цагаан өвсний хээр морио улсын наадамд долоогоор оруулж байлаа. Ер нь бид улсын наадамд хэд хэдэн удаа очиж уралдсан. 1998 онд анхны “Их хурд” Хархоринд болоход хоёр үрээтэй очоод 11,12-оор оруулж байлаа. Тэр жилээ Боржигон бүсийн уралдаанд аваачиж оруулсан нь Дундговийн Цэмбэл ахын сартай хээр шүдлэн, манай суманд даагандаа аман хүзүүлсэн хүрэн шүдлэн хоёр байгаа юм. Бид өөрсдийнхөө морийг уяж хурдлуулахаас гадна, манайхаас гарсан морьд ч сайн давхиж байна. “Одкон холдинг” компанийн захирал Мөнхбат гэж хүнийг ах маань анх моринд оруулж байлаа. Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач, улсын сайн малчин Дуламрагчаагийн адуун соёолон хээр морийг авч, Ардчилсан намын таван жилийн ойд хавчиг морь тавлуулж, тэр жилээ МАХН-ын ойд Сүхбаатар аймагт ирж гуравласан. Би гурван жилийн өмнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, аймгийн Алдарт уяач бандан Батаагаар дамжуулан Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Амгалан гэж хүнд хул морио өгч танилцаж байлаа. Хул морь Өмнөговьд очоод олон удаа аман хүзүүнд хурдалсан байна лээ. Амгалан Алдарт надаас олон морь авсан л даа. Бүгд л хурдалж байгаа гэж дуулсан. Амгалан ч намайг моринд дуртай олон хүмүүстэй танилцуулсан. Эдний нэг нь Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бяруузана байна. Надаас хонгор шүдлэн, хээр хязаалан хоёр авч, ноднин гурван аман хүзүү, гурван айраг авсан байна лээ. Энд сонирхуулахад ноднин намар Өмнөговь аймгийн “Тавантолгой транс” компанийн захирал Түмэнбаяр намайг Дарьгангад явж байхад улсын наадамд орох соёолон олж өгөөч гэж ярьсан юм. Тэгээд би Богд халтрыг ээжийнхээ төрсөн дүүгийн хүүхэд Рагчаасүрэнгээс авч өгч байлаа. Рагчаасүрэн өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн баяр наадамд зээрд даага түрүүлгэсэн юм шүү дээ. Бас Булган аймгийн Дашинчилэн сумын Буянбаатар гэж хүнд нэг халтар морь өгсөн нь 2013 оны өвөл Булган аймгийн оны шилдэг хүлгээр тодорсон байна лээ. Аймаг, бүсийн наадамд арван хэд орж, нийт 20 гаруй айрагдаж, түрүүлсэн халтар морь маань эзнээ энэ жил аймгийн Алдарт уяач болгосон. МУ-ын Тод манлай уяач Аюуш гуай нэг саарал морь аваад явсан жилээ харамсалтай нь уяж чадалгүй бурхан болсон. Мөн Дарханы Дэндэвээ гэж ахад нэг халтар морь өгсөн. Халтар морь Сэлэнгийн Баруунхараагийн 50 жилийн наадамд 200 гаруй морьдоос айргийн 5-аар орж, Дарханыхаа наадамд аман хүзүүдсэн. Гэвч ноднин морио алдаад олоогүй гэсэн. Энэ мэт надаас гарсан морьд энд тэнд сайн давхиж байгааг дуулах сайхан байдаг юм.
-Таны өөрийн уяж сойсон морь яаж давхиж байна вэ?
-УИХ-ын гишүүн Будын 100 дааганы нэрэмжит уралдаанд нэг үрээ түрүүлгэлээ. Өнгөрсөн жил Асгат сумын наадамд саарал хавчиг азарга түрүүлгэсэн. Саарал азарга нийт тав ороод байгаа адуу. Сүхбаатар сумын наадамд гурав, Дарханхааны их тахилгат аман хүзүүлсэн. Ноднин Сүхбаатар аймагт анх удаа болсон уяачдын холбооны өмнөд бүсийн наадам Дарьгангад болоход тавласан гээд олон амжилт байна. Ноднин Асгатын галын наадамд 200 гаруй шүдлэнгээс миний шүдлэн айргийн хоёр, гурваар ирсэн. Өнгөрсөн өвөл Асгат сумын уяачдын холбооны уралдаанд азарга, их нас таваар, соёолон гурваар орсон. Ийм л амжилттай байна даа.
-Хүүгийн Түмэнбаяр хавар соёолонгоо алдчихаад, гайгүй соёолон хайж яваад Богд халтраа олсон гэж ярьдаг.  Богд халтрыг олж өгсөн  тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Намайг Дарьгангад л явахад танихгүй дугаараас хоёр гурван удаа залгасан байсан. Тэгээд Рагчаасүрэнгийн ах Мөнхбаярынд  байж байсан чинь өнөө дугаар чинь дахиад залгахаар авлаа. “Сайн байна уу? Өмнөговь аймгийн “Тавантолгой транс” компанийн захирал Түмэнбаяр гэж хүн байнаа” гээд хажууд нь Цогтцэцийн Амгалан хамт байгааг хэлээд “улсад орох соёолон олоод өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би надад улсад байтугай суманд ч бүтэлтэй аравт орох соёолон байхгүй гээд үнэнээ л хэллээ. Тэгсэн та ямар ч байсан л олоод өг. Амгаланд сайн адуунууд өгсөн байна лээ” гэнэ. Тэгэхээр би Рагчаатай ч ярьсангүй. Шууд л Дарьгангаас дүүгийнхээ соёолонг аваад өгье гэчихлээ. Үнэхээр сайн адуу бол үнэ хамаагүй л гэж байна. Тэгэхээр нь тав, зургаан медальтай, тэрнээс хоёр айраг, гурван түрүүтэй адуу байна гэсэн чинь 30 сая төгрөг болох уу гэсэн. Би чинь эзэнтэй яриагүй болохоор нь дүүдээ хэлээдэхье л гэсэн. Тэгээд Рагчаасүрэнд чиний халтар соёолонг 30 сая төгрөгөөр авъя гэнээ гэсэн чинь итгэх янзгүй ээ. Тэгэхээр нь ах нь зарчихсан, маргааш өглөө Цогтцэцийгээс Ганболд гэж уяач ирнэ, миний дүү халтар соёолонгоо өгөөд явуулаарай гэсэн. Рагчаасүрэн ч дансаа очоод шалгасан 30 сая төгрөг орчихсон байсан. Ингэж л Хүүгийн Түмэнбаяр Богд халтраа улсын баяр наадамд түрүү магнайд хурдлуулсан юм даа. Бас төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн шүү дээ. Дараа нь Түмэнбаяр захирал Өмнөговьдоо нэрэмжит наадмаа  хийж, би урилгаар эхнэр хүүхэдтэйгээ очсон. Тэнд миний хоёр хязаалан уралдаад нэг нь арваар, нөгөө нь зургаалж Цэцэгсүрэн гэж залуу авсан.
-Тэгвэл аймгийн Алдарт уяач Амгаланд өгсөн хул морины наймаа ч бас түүхтэй байх даа?
-Саяхан гавьяат малчин болсон бандан Батаа Өмнөговийн Амгалантай танилцуулсан гэж хэлсэн дээ. Батаа  нэг л өглөө хул морийг чинь авъя гээд ороод ирлээ. Би ч өгөхгүй гэвэл Батаа хул морио өгөхгүй бол би явахгүй гээд хойд талын орон дээр гараад хэвтчихлээ. Тэгээд хамт явж байгаа Амгаланг танилцуулаад сайн морь хайж Дарьганга, Эрдэнэцагаан, Халзангаар яваад сэтгэлд таарсан морь олсонгүй гээд учраа хэллээ. Ингээд би бууж өгөөд хоёр саяар өгч, харин бор халзан даага бэлэглэсэн.
-Хул морь тань дээр байхдаа яаж давхиж байсан бэ?
-Би цагаан өвсөөр л уядаг, тэжээж чаддаггүй байсан юм. Соёолондоо суманд нэг л удаа гурваар ороод зарагдсан юм. Ингэж л анх Амгалантай танилцаж байлаа. Ноднин Амгалантай уулзсан бор халзан даагаа хоёр орчихсон гэж байна лээ. Чамаас ирсэн бүх морь хурдалсан гээд Амгалан сүйд болдог юм.
-Рагчаасүрэнгийн Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд түрүүлсэн зээрд даага 150 саяд хүрсэн гэдэг байхаа?
-Сая хотод очоод интернэтээр харсан 100 саяас эхлээд 200 хүрчихсэн байна лээ. Үнэндээ 90 саяд зарагдсан адуу л даа. Рагчаасүрэн дүү маань зээрд даагыг олон хүн авъя гэнэ. МУ-ын Тод манлай уяач Агваансамдангийн Батсүх 150 саяар авъя гэж байна гэж ярьсан юм. Би ч бэлэн мөнгөө бариад ирвэл өгчихгүй юу л гэлээ. Түүнээс хойш чимээгүй байхаар нь хаваржаандаа буучихаад залгавал нөгөө хүн аваагүй гэж байна. Тэгсэн гуравдугаар сарын 27-нд Батсүх Тод манлай ирнэ гэнэ. Ахаа хүрээд ирээч гээд залгалаа. Би 28-ных нь өглөө яваад очсон ирээгүй байна. Тэр өдөр Дарьгангад бага гурван насны морьдын уралдаан болж зээрд үрээ холоо түрүүлсэн. Маргааш нь аймаг дээр давхиж явтал утас дуугарлаа. Тэгсэн Рагчаа “та авбал ав” гэнэ. Би 150 сая төгрөгөөр бол авч чадахгүй. 90 сая төгрөгөөр бол авъя гэсэн болно гэж байна. Ингээд зээрд үрээгээ дөнгөж авчихаад байж байтал Амгалан залгаад “хөгшиндөө дүүг нь өгчих” гэнэ. Дүү нь Дарьгангын дааганд долоогоор орсон юм. Уг нь Рагчаа намайг дүүг нь бэлгэнд ав гэсэн ч үр үрээг нь авчихаад хүний даагаар яахав гээд аваагүй. Тэгээд Амгаланг авъя гэхээр нь “дүү нь Рагчаад байгаа. Би зээрдийг 90 сая төгрөгөөр авсан, чи 90-д авах уу” гэсэн яриа өрнөж 90 саяар л авсан юм. Тэгэхэд Рагчаасүрэнгийн ах Мөнхбаяраас Бяруузана гуай нэг ногоон шүдлэн, ухаа даагатай авсан. Тэд энэ гурваа ачаад л явсан юм даа.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Сонирхолтой яриа дэлгэсэн танд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Сүхбаатах аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна