МУ-ын Манлай уяач Б.Далай: МУ-ын Манлай уяач гэгдэж яваа маань аавын минь л буян

Тэлмэн
2015 оны 8-р сарын 26 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Манлай уяач Бичээрэйн Далайг зочин хоймортоо урьж халуун яриа дэлгэлээ.

-Хонин жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Моринд хайртай монгол түмэн хотлоороо унших дуртай ”Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголын нийт ард түмэн, тэр дундаа Увс нутгийн олондоо түүхт ойн баяр наадмын мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Төрийн хишиг хүртэх тэрхэн агшинд ер нь юу бодогддог юм бэ?
-Нутаг орныхоо нэрийг өргөж, төрийн хишиг хүртэх сайхан байлгүй яахав. Монгол хүний хийморь болсон адууны соёлтой хувь заяагаа холбож уйгагүй зүтгэсний үр дүнд уясан хүлгүүд маань хурдлан Увс нутгаасаа төрсөн анхны Манлай уяач боллоо. Төрийн хишиг хүртсэн тэрхүү баярт агшинд төрсөн нутаг, ус, ижий, аав гээд эрхэм хүндтэй болгон минь нүдэнд үзэгдэж сэтгэл их догдолдог юм билээ.
-Төрсөн нутаг, ижий, аав гээд эрхэм нандин бага насны дурсамжаасаа хуваалцаач?
-Би Увс аймгийн Зүүнговь сумын нутаг Бадаа хэмээх газар төрж, нагац өвөөгийндөө өссөн хүн байгаа юм. Миний өвөөг нутгийнхан “Солгой” Пүрэв гэдэг хүн байсан. Хичээл тарангуут л өвөөгийнх рүүгээ очиж, хонь мал хариулж, морь унасан шигээ зуны гурван сарыг өнгөрөөнө. Манайх хонгор, хонгор халзан голдуу адуутай айл байлаа.
-Зүүнговийн Харганат Хэрэв багаас олон сайн уяачид төрсөн байдаг. Өвөөгийнх тань хаагуур нутагладаг байсан  юм бэ?
-Өвөөгийнх сумын төвдөө ойрхон Суваргын дэл бригад орчмоор нутагладаг байсан. Баяннуур бол миний аавын төрж өссөн нутаг. Миний аав Бичээрэй Тэс сумын Таван Улиасын бага сургуулиас багшийн гараагаа эхэлсэн. Багшилж байх үедээ манай хадам аав Ч.Жигдэнгомбын аав Чанг хөгшний аль, эмнэг хангал болгоныг унаж номхруулдаг байсан гэнэ лээ. Ер нь манай аавыг сумандаа барилддаг, адуу маланд эрэмгий байсан гэдэг юм.
-Та өөрөө хурдан морь унаж байсан уу?
-Би хоёр жил л унасан байх. Сумынхаа наадамд морь унаж уралдуулаад айраг, түрүү авч л байлаа. Тухайн үед манай сумынхан сумын наадмын  айраг, түрүүгээ гадынханд алддаггүй, харин ч бүр Тэсийн наадамд очоод айраг, түрүүг нь аваад ирдэг л байсан.
-Уяачийн эрдэм ухаанд шамдахад хадам аавын тань нөлөө их байсан гэлцэх юм билээ.
-Тэгэлгүй яахав. Манай хадам аав Ч.Жигдэнгомбо гэж нэгдлийн адууг олон жил малласан,  нутаг орондоо нэртэй адуучин, уяач байлаа. Өнөөдөр МУ-ын Манлай уяач гэгдэж яваа маань аавын минь л буян. Нутгаас ч тэр, энэ хавиас ч тэр олон газраас хурд таньж авч өгсөн дөө. Аавынх манайхыг бараадан хотод ирж, Төв аймгийн Жаргалант сумын Загдал бригадад суурьшсан юм. Манайхан газар орноо хүндэтгэж,  их сайхан овоо босгодог заншилтайг та анзаарсан байх. Тэр заншлаараа аав ирсэн даруйдаа Загдалд овоо босгож, түүнээгээ тахиж уралдаан зохион байгуулсан юм. Тэр наадамд МУ-ын Алдарт уяач Жамбалсүрэнгийн бэлэглэсэн зээрд аман хүзүүдэж, төрж өссөн нутгаас холдсоны дараа аав бид хоёрт анхны айргийг авчирч байлаа. Түүний дараа нутгаас авчирсан Тува цусны морио нэг хаврын уралдаанд мордуулсан чинь нэлээд дээгүүр давхилаа. Тэр уралдаанд Гарамжав Манлайн Гоё хүрэн, “Их хурд”-д түрүүлдэг Лхүндэвийн хонгор гээд цуутай хүлгүүд уралдсан юм. Тэгсэн, будилсан гээд тооцолгүй дахиад уралдах боллоо. Манайхан морио харах гээд гэр бүл, ах дүүсээрээ оччихсон. Ахиад уралдуултал Гарамжав гуайн Гоё хүрэн түрүүлээд, манай морь хамгийн сүүлд шахам шогшиж ирдэг юм байна. Манайхан “хөгшин залуу хоёрын морь уях ч гэж дээ” гээд л шоолох маягтай байна. Хор шар хөдлөөд, хэлэх ч үг олдсонгүй тэгэсгээд өнгөрлөө. За тэгээд л ер нь адуугаа сайжруулъя гэж зорьсон доо.
-Уг нь нутаг адуугаар наадах бодолтой байсан юмуу?
-Яг тийм, аав бид хоёр “Тэс адуугаараа уралдана” гэж шийдсэн байсан юм. Тэгээд Тэсээс адуу авчирсан Цэндээ найзынд  очиж, Тува цустай хар азарганы халтар хязаалан авлаа. Их сайхан том биетэй үрээ. Түүнийгээ өвөл нь тэжээгээд, дараа зун нь Баянцагаан сумын 80 жилийн ойд  уралдуулсан чинь аман хүзүүдчихдэг юм байна. Түүний дараа Төв аймгийн наадамд дахиад аман хүзүүдлээ. Ингэж л аав бид хоёр халхын наадамд морь айрагдуулж эхэлсэн дээ. Халтар үрээгээ  аймгийн Алдарт уяач Дорж гуайгаар уяулсан. 
-Адуугаа сайжруулахаар шийдээд, Тува цустай халтар үрээ авч. Түүний дараа хаа хаанаас адуу авсан бэ? -Тэр жилээ аав бид хоёр Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Пүрэв дүүгээс  нэг халзан морь худалдаж авлаа. Манай уяач Загдаа “Пүрэвээс  ийм нэг зээрд  морь авчраад уясан, нэг л болохгүй юм. Та үзэхгүй юу” гэхээр нь аавыг дагуулаад очсон чинь харчихаад хөл нь хөнгөрөөд, гэр тойроод л... Янз нь сэтгэлд нь нийцэж байгаа бололтой. Манай аавын зээрд халзан морь сум орондоо олон түрүүлж байсан юм. Түүнтэй нь төстэй харагдсан уу, ямартаа ч сэтгэлд нь нийцэж байгаа нь илт. Тэгээд машинд орж ирчихээд “За миний хүү аав нь үзчихлээ. Үнэ өртөг нь хамаагүй миний хүү, энийг л авъя” гэж байна. Ингээд хоёр дахь наймаагаа хийчихвээ. Аав маань насаараа адуу малласан болохоор адууг хараад барагцаална л даа. Дээр нь эдэлгээ уналгаа талд нь их сайн зөвлөнө. Аав бид хоёр нэг л зүйл дээр санаа нэгддэггүй байсан.
-Тэр нь юу байхав?
-Аав хуучны арга барилаараа    цагаан өвсөөрөө уях гэнэ. Би болохоор цаг үеэ дагаж, тэжээх гэнэ. Түүнээс болж бага зэрэг зөрөлдөнөө.
-Тэс адуугаар наадах зорилготой ирсэн улс нутгаасаа овоо хэдэн адуутай ирээ байлгүй?
-Аав 20 гаруй л адуутай ирээд гурвыг нь надад өгсөн. Аав нас дээр гарлаа гээд нүүхээсээ урд адуугаа хүүхдүүдэдээ хуваагаад өгчихсөн байсан. Хамгийн бага залуу Баянмөнх нь надад их тусалж, намайг адуутай болгож өгсөн хүн байгаа юм. Бид хамт явж Хэнтий, Сүхбаатараас ч адуу   авсан. Харамсалтай нь дүү маань дэндүү эрт явчихсан л даа. Намайг улсын цол авах жил өнгөрсөн юм. Алдарт уяач болчихоод зогсож байхдаа “аав, дүү хоёр минь энэ баярт мөчийг харсан бол” гэж бодогдож, дүүдээ бүх адуун сүргээ өвлүүлнэ гэж амласнаа  санаад нулимс өөрийн эрхгүй гараад байсан.
УНАСАН ГАЗАР, УГААСАН УС, ЭЦЭГ ЭХЭЭ ДУУДУУЛАН ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ЦОЛЛУУЛЖ ЗОГСОХ ТЭР АГШИН УЯАЧИЙН ХАМГИЙН БАХАРХАЛТ МӨЧ
-Дөрвөн их тэгш ой давхацсан түүхэн жил төрийн наадамд хязаалан түрүүлгэсэн. Хан хөхийн уулс өндөлзөж, Хяргас нуур цалгилсан тэрхүү баярт агшны талаар дурсах таатай байна байх?

-Тэгэлгүй яахав. 2006 оны баруун бүсийн наадамд соёолон түрүүлгэж, төрийн зарлигтай наадмын хишиг хүртчихсэн байсан ч улсын наадамд Хүйн долоон худагийн дэнжид морь түрүүлгэнэ гэдэг үгээр илэрхийлшгүй сайхан юм билээ. Унасан газар, угаасан ус, эцэг эхээ дуудуулан төв цэнгэлдэхэд цоллуулж зогсох тэр агшин уяачийн хамгийн бахархалт мөчүүдийн нэг юмаа. 
-Ингэхэд халтар үрээгээ хэзээ, хэрхэн өөрийн болгосон юм бэ?
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Эрдэнийн унаган адуу шүү дээ. 2010 онд шүдлэндээ Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд гурваар давхиад, хязааландаа сумандаа болсон хаврын уралдаанд түрүүлчихсэн ерөнхийдөө хурдан гэдэг нь танигдчихсан байсан адуу л даа. Надад Хэнтийн Баянхутагийн Цолмонбаатар, Мэндээ  хоёр санал болгосон юм. Надаас өмнө хэд хэдэн хүн халтар үрээг сонирхоод Бат-Эрдэнэтэй ярьсан байсан. Уг нь хэд хэдэн хүн надтай Сүхбаатар хамт явна гэж байсан ч цагаа болсон чадаагүй. Тэгэхээр нь жолоочтойгоо гараад давхичихсан.  Намайг очиход дөнгөж хөлсөлчихсөн, жигтэйхэн сайхан зүстэй адуу  зогсож байсан. Тэгээд хэрэг зоригоо хэлсэн чинь Бат-Эрдэнэ “ах та яг зорьж ирсэн юм бол танд өгье”  гэсэн юм. Тэгээд л улсын наадмаас 10 хоногийн өмнө авчирч сунгатал эхний сунгаан дээр маш сайн байсан. Харин хоёр дахь буюу их сунгаан дээр бүр явахаа байчихсан.
-Хэрэг бишидлээ л гэж бодсон уу?
-Тэр жил чинь айхтар ханиад гарсан шүү дээ. Тэгээд гурав хоног хөнгөн ажил хийж, сайхан амраагаад мордуулсан даа. Аз болоход манай халтар нэлээд эрт ханиад хүрчихсэн байсан болохоор эдгэчихсэн  юм.
-Уралдааныг нь зурагтаар харсан уу?
-Тийм үед зурагт үзэж чаддаггүй юм билээ./инээв/ Зурагт үзэж байгаад арав дотор ороод ирлээ гээд чангахан дуугараадахсан чинь манай гэр бүлийн хүн нэг их тоосонгүй. Тэгэхээр нь жаахан гомдонгуй санагдаад гэрийнхээ гадаа гараад зогсчихсон. Уяа тойроод, чимээ чагнаад яваад байсан. Тэгсэн чинь охин гарч ирээд сүү өргөж байна, жолооч гарч ирээд сүү өргөж байна. Удалгүй унаж явсан хүүхдийн маань аав Шараа “Ахаа найдвартай байна шүү, тав дотор л яваад байна” гэж байна. Тэр нөхөр дагаж яваа хүмүүсээс утсаар мэдээлэл аваад байгаа. Тэгж байсан дөрөвт ороод ирлээ, хоёрт ороод ирлээ л гэнэ. Би ерөөсөө харж чаддаггүй. Тэгсэн халтар үрээг анх ав гэж зөвлөсөн Цолмобаатар манай гэрээс эхнэрээ дагуулаад гүйж гарч ирээд “Ахаа бариа руу явахгүй бол болохоо байлаа” гэхээр нь машиндаа суугаад явсан. Тэгсэн Шараа утсаар яриад хоёрт явна гэнэ. Эхний хоёроос гарцаагүй  боллоо гээд л байна. Тэгсэн цагдаа зогсоогоод явуулдаггүй ээ. Цолмонгийн эхнэр бид хоёр буугаад бариа руу гүйлээ. Тэгсэн хэзээний түрүүлээд, хөлсний хашаа руу явчихсан байсан. Гүйсээр байгаад очсон чинь миний хүү урдаас ирээд “ааваа түрүүлчихсэн” гэж байна. Тэгсэн цагдаа нар оруулдаггүй ээ. Нэг хошуучид учраа хэлсэн ашгүй оруулсан. Би бас хөөрхөн жинтэй хүн дээ. Тэгэхэд тэрүүхэн хооронд нэг км гүйчихсэн байна лээ./инээв/
-Нулимс нь дотогшоо монгол эрчүүдийн мэлмий чийгтүүлдэг ховор агшны нэг.
-Үнэн, үнэн. Сандраад хэлэх ч үг олдоггүй юм билээ. Гэхдээ бас айхтараа. Манай аймгийн ИТХ-ын дарга, дүү Батсайхан яг тэр агшинд залгаж утсаар баяр хүргэсэн юм. Тэгсэн би “баярлалаа. Би морио түрүүлгэлээ. Одоо та нар даалгавраа биелүүлээрэй” гэсэн байгаа юм. Бөхөө түрүүлгээрэй л гэсэн санаа л даа. Тэрүүхэн хооронд бас тэгээд хэлээд амжсан байгаа юм./инээв/ Тэгсэн бэлгэтэй сайхан юм болж, нутгийн хүү С.Мөнхбат маань түрүүлж Аварга цол хүртсэн шүү дээ. Тэр жилийн наадам аргагүй ховорхон сайхан наадам болсон доо.
-Уяачийн замд хөтлөн оруулсан аавын тань магнай тэнийгээ байлгүй?
-Аав маань тэр сайхан агшныг харж чадаагүй. Миний хамгийн их харамсдаг  зүйл бол тэр. Наадмын өмнө зургаан  сард өнгөрчихсөн юм. Улсын наадмын дараа аймагтаа болсон баруун бүсийн наадамд очоод аавын төрсөн  ах Пүрэвээг дагуулаад явсан. Амихандаа баярлуулж байгаа юм. Манай  хүн адуунд үнэн голоосоо хайртай, ясны адуучин хүн байсан. Хавар бие нь тааруу байсан ч таван сард овоогоо тахиад, бидэнд хэлэхгүйгээр морь уралдуулаад айрагдуулсан байсан. Тэгээд намайг очиход жигтэйхэн баяртай “Хүүгийнхээ адууны захаас авчраад уралдуулахад түрүүлж байна. Миний хүүгийн адуу аргагүй сайжирчээ” гэж хэлээд медалийг нь өгөх гэхээр нь “аав танайд байх ёстой” гээд үлдээсэн юм. Хааяа “тэгж нэг баярлуулсан даа” гэж бодоод жаахан тайвширдаг юм.
-2011 онд та хязаалан түрүүлгэж, хээр үрээгээ айрагдуулсан байхаа?
-Тэгсээн. Эрлийз дунд насны ангилалд хээр үрээ маань дөрвөөр давхиж, дөрвөн их тэгш ой давхацсан наадмаар нэг түрүү, нэг айраг хүртэж сайхан наадсан. Улсын наадмын дараа нутагтаа очиж соёолон түрүүлгээд, хоёр шүдлэн, даага айрагдуулж, маш сайхан наадсан.
-Тэрхүү амжилтаараа 2012 онд МУ-ын Алдарт уяач цол хүртсэн шүү дээ?
-Тэгсээн. 2012 оны улсын наадамд даага гуравлаад, хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн наадамд түрүүлсэн шүү дээ.
-2011 оноос хойш улс, бүсийн наадмын айраг, түрүү тасраагүй  юм биш үү?
-Тасраагүй ээ. 2013 онд Завхан аймагт болсон бүсийн наадамд шүдлэн үрээ хязааланд уралдаж айрагдаад, өнгөрсөн жил улсын наадамд даага түрүүлж, Дундговьд болсон говийн бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг хүртсэн шүү дээ. Үндсэндээ халтар хязаалан маань төрийн наадмын түрүүгээр миний том наадмын өмийг нээсэн дээ.

ХОНГОР СОЁОЛОН 2 КМ ШАХУУ ТАСАРЧ ТҮРҮҮЛСЭН
-2006 оны баруун бүсийн наадмыг ярихгүй өнгөрч болохгүй байх. Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг соёолон түрүүлгэсэн шүү дээ.
-Хамгийн анхны холын наадам. Их эргэлзэж байж явсан наадам л даа. Нас болгонд хурдан морьд явуулчихаад, өөрөө явах уу яахав гэж эргэлзэж байсан чинь гэрийнхэн дуртай янзтай болохоор нь Геологийн төв лабораторийн даргаар олон жил ажилласан Говь-Алтайн Батжаргал найзтайгаа яриад хамт явах уу гэсэн  “Хөвсгөл явах санаатай байна” гэсэн юм. Тэгэхээр нь “нутгийн чинь ой болж байхад өөр тийшээ явна гэж үү” гэсэн чинь жаахан эргэлзсэнээ “арван минутын дараа эргээд ярья” гээд утсаа тасалчихлаа. Төд удалгүй залгаад явахаар болсон. Ингээд үдээс өмнө шийдээд, үдээс хойш гараад давхичихлаа. Тэр жил миний соёолонгууд улсын наадамд 11, 15, 29-өөр давхичихсан байсан л даа. Замдаа найз Батжаргалдаа “Надад гурван соёолон байгаа. Чи дуртайгаа өөрийнхөө нэр дээр уралдуулаарай” гэлээ. Нөгөөх чинь “за” л гэж байна. Говь-Алтайн нэг хүндрэлтэй  юм нь усны асуудал байдаг шүү дээ. Манай хэд  нэг худагийн хажууд буучихаж. За тэгж байсан сунгаа боллоо. Манай гурван соёолон тасархай байна. Хүмүүс ч шуугиад л “Төв аймгийн Баянцагаан сумаас ирсэн Дорж гэдэг хүний соёолонгууд хурдан юмаа” гээд л шуугиж байна. Би ч дотроо баярлаад л суулаа. Наадам азарганы уралдаанаар эхэлсэн, манай азарга хадуураад хүрээд ирлээ.
-Хадуурдаг юм уу?
-Манайхан газар мэдэхгүй, ус бараадаад худгийн хажууд буусан байсан гэсэн шүү дээ. Тэр нь яг уралдааны замын голд барианаас таван км зайтай газар юм. Тэгээд л азарга маань уяа руугаа хадуураад хүрээд ирэхгүй юу. Өөрөө хөтөлж аваачаад замд нь оруулсан чинь явсаар байгаад 11-ээр орлоо. Дараа нь шүдлэн мордлоо. Их найдвар тавьж байсан чинь хөтөлж яваад ахиад хадуурчихсан. За иймэрхүү маягтай хоёр хоног уралдаж, дээд тал нь долоогоор давхилаа, айраг, түрүү байдаггүй ээ. Анх удаа холын наадамд явж байгаа учир туршлага дутаад тогоочгүй очоод, эхнэр хоёр өдөр гал тогоо барилаа. Гурав дахь өдөр нь манайхан жаахан настерин муутай. Говь-Алтайнхан ирээд нөгөө гурван соёолонг маань эргэж тойроод болдоггүй. Би улсын наадамд 29-өөр давхисан хонгор соёолондоо илүү найдлага тавиад байгаа. Яагаад гэхээр,  урьд жил нь хязааландаа Төв аймагт түрүүлчихсэн байсан юм. Нөгөө хоёрыг нь уяан дээр нь үлдээгээд, тэрийгээ өөр газар аваачаад уячихлаа. Тэгээд соёолон мордохоос өмнө гал тогоог нь орхиулж, эхнэрээ аваад машиндаа суугаад дагалаа даа. Тэгсэн явуулдаггүй. 70 гаруй машин эгнээд зогсчихож. Тэгэхээр нь хотоос хамт гарсан Батжаргал, манай компанийн ажилтан Цэцэгээ хоёр лугаа залгаад “соёолон дагая, нутагтаа  ирсэн  хүн  байна зөвшөөрөл олоодохооч” гэсэн тэр хоёр ангийн найз цагдаагийн даргадаа хэлээд дагахаар боллоо. Тэгсэн манай уяач замдаа “би энэ хавцалын урд сууж байя. Манай соёолон энүүгээр хамгийн түрүүнд л гарч ирнэ” гээд болдоггүй, уяачаа ятгаж цагдаагийн машинд суулгаад цааш явлаа. Биднийг очих гэсээр байтал соёолон эргэчихэж. Тэгээд харсан эхний тав дотор миний хонгор, хүрэн хоёр соёолон байна. Улсад 11-ээр давхисан нь байдаггүй. Багавтар хүүхдээр унуулчихсан байсан юм. Арын соёолон руу эргээд хайсан ч олсонгүй. Сэтгэл санаа жаахан таагүй ч, эргээд эхний соёолонгууд руугаа явлаа. Тэгсэн хоёр соёолон тасраад явчихаж. Тэрний нэг нь манай хонгор соёолон мөн байна. Нөгөө нь азарган соёолон. Миний хүрэн соёолон тавд явж байна. Харах гэсэн чаддаггүй ээ. Буруу тийшээ харчихаад “юу болж байна” гээд асуугаад байгаа. Хавцал руу орлоо. Тэгсэн нээрэн л манай уяачийн хэлснээр хонгор үрээ ганцаараа тасарч байна. Тэгэхээр нь түрүүлж давхиад гэрийнхээ орчим ирээд зогсчихлоо.
-Хадуурвал  эргэж замд нь оруулах гээд үү?
-Тийм, дөхөж ирээд бусад шигээ хадуурч байна. Барьж аваад жаахан хөдөлгөөд өгсөн чинь яваад өглөө. Хоёр км шахуу тасарчихсан байсан болохоор тэгтлээ ч санаа зовсонгүй. Бариа руу давхичихсан. Хүрээд ирсэн аль хэдийнэ орчихож. Тэгсэн уулан дээр баахан хүмүүс морь хөөгөөд байна. Харсан миний хонгор үрээний хөлсийг  авах гэж байгаа нь тэр гэнээ. Бэрх юм болдог юм билээ.
-Жил ирэх тусам соёолонгийн үзэгчид нэмэгдсээр байгаа...
-Уяан дээр ирсэн бүх хүмүүст хөлснөөс нь өгсөн ш дээ. Хонгор соёолон миний охины нэртэй адуу. Говь-Алтайд түрүүлэхийнх нь өмнөх шөнө охин надтай хамт манаж хоносон, тэр хэрэг нь гарч, том наадмын түрүү хүртэж, аав нь аймгийн Алдарт уяач болж байлаа. Манай аймгийнхан тэр шөнө нь гурван цагт аймгийнхан Алдарт уяач цолыг гардуулж өгсөн.
-Бага насандаа яаж давхиж байсан адуу вэ?
-Хонгор үрээ жил ирэх тусам хурдан нь орсон адуу. Даагандаа хамгийн сүүлд ордог байснаа шүдлэндээ дандаа зургаалсан юм. Тэгээд хязааландаа Төв аймгийн наадамд түрүүлж, амжилтын гараагаа эхэлсэн. Тэр үед би хүүдээ “аав нь одоо улсын наадамд явах цаг болжээ” гэж байсан юм.
-Нөгөө хоёр соёолон нь хэдээр давхисан бэ?
-13, 15-аар давхисан. Олдохгүй байсан соёолонгийнх нь хүүхэд амыг нь татаж цаашаа алдчихаад араас хөөж 13-аар орсон байсан.
ХАЛТАР АЗАРГАНЫ 10-ААД ТөЛ УЛС, БүСИЙН НААДАМД АЙРАГДААД БАЙНА
-Баруун бүсийн наадмаас хойш нэлээд хэдэн жилийн дараа халтар үрээ түрүүлжээ дээ?
-2009 оны Сэлэнгийн бүсэд даага аман хүзүүдэж, их насны морь зургаагаар давхисан шүү дээ. Их морь айрагдаж чадаагүй нь надаас өөрөөс минь болсон юм. Яасан гэхээр уралдааны зам нь тариалангийн талбайгаар дайрдаг. Манайх эхний гурван морьтой явж байсан нөгөө хоёр нь зам товчлохгүй юу. Тэгэхээр нь би хүүхдэдээ “товчилж болохгүй шүү” гээд эргүүлж нөгөө тойруу замаар нь давхиулаад хугацаа алдчихсан. Тэгээд ч айргийн тавд багтаж байсан чинь зураг авах гэсэн сэтгүүлч мөргөөд тэр хооронд нь хажуугийн морь нь дайрчихсан юм. Энэ мэтчилэн уяач хүн наадмаас наадмын хооронд их юм үзэж, суралцах юм даа.
-Аман хүзүүдсэн даага нь хаанахын адуу вэ?
-Манай Увсын Тариалангийн адуу. Баруунбүрэнд нүүдэллэж ирээд  байхад нь авсан юм. Их морь нь болохоор манай өөрийн унаган адуу. Батсайхан гээд уяачдаа бэлэглэчихсэн, одоо нутагтаа байгаа.
-Далай Манлайн наадам гээд ярих юм билээ. Нутагтаа уралдаан зохион байгуулдаг болоод удаж байна уу?
-Улсын Алдарт уяач цол хүртээд мялаалга болгож, сумандаа хурдан морины уралдаан зохион байгуулж, төвийн жишгээр нь байлсан юм. Тэрхүү уралдаанд уяачид маань их сэтгэл хангалуун байсан болохоор тэдний хүсэлтээр гурван жил зохион байгуулсан. Энэ жилийн хувьд би тэднээс уучлал хүсээд энэ нутагтаа наадам зохион байгууллаа. Баянцагаан суманд манай уурхай бий. Би улсын цол авахаасаа өмнө эндээ тогтмол гурван насны морь уралдуулж, бөх барилдуулан бэсрэг наадам хийдэг байсан юм. Тэгсэн хот тойрсон уяачид ирж, айраг түрүүг авчихаад байх болсон тул  нутгийн ард түмний хүсэлтээр хоёр жил завсарлаад энэ жилээс тэд маань өөрсдөө зохион байгуулж, би зөвхөн бай шагналыг нь хариуцдаг болсон. Манай компанийн нэрэмжит бэсрэг наадамд одоогийн улсын Аварга  Эрхэмбаяр начин цолтой байхдаа барилдаж байсан.
-“Хан хөхий” галын тогтмол амжилтанд мэргэжлийн малын эмчийн  заавар зөвлөгөө ихэд нөлөөлдөг болов уу гэж хардаг. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Санал  нэгдэлгүй яахав. Манай уяаны амжилтын нэг гол зүйл нь тэр шүү дээ. Морь түрүүлж, айрагдах гол үндэс бол эрүүл мэнд. Эрүүл адуу л амжилт гаргана уу гэхээс өвчтэй адуу амжилт үзүүлж чадахгүй л дээ. “Жонон” мал эмнэлгийн их эмч Мөнхбаатар болон монголын урдаа барьдаг малын эмч нарын нэг Норовжамц гуай нар манай уяаны морьдын уяа сойлгонд  анхаарал  тавьдаг. Ер нь морь түрүүлгэж, айрагдуулна гэдэг маш олон хүний хичээл зүтгэл шингэсэн хүнд хөдөлмөр шүү дээ. Манай гал зургаан үндсэн уяачтай. Тэдэнд тусалдаг Мөнхбат, Алтангэрэл, Загдаа, Сүрэнжав, Түлхүүр нарын туслах уяачид байна. Алтангэрэл гэдэг нь Онон Тод манлайн туслах байсан нийслэлийн Алдарт уяач залуу. Галынхаа шинэ монгол адууг хариуцдаг. Манай үндсэн адуу Хэнтий аймгийн Баянхутаг суманд бий. Тэндээ зүчээтэй. Сүрэнжав гээд Увс аймгийн Өлгий сумын залуу малладаг юм. Мөн Түлхүүр гэж залуу манай үндсэн адууг малладаг. Манай галын зөвлөх уяачаар МУ-ын Манлай уяач Ганхуяг ажиллаж байна.
-Шинэ цагийн монгол адуугаар амжилттай нааддаг уяачдын нэг. Танайх ямар азаргатай вэ?
-Англи, Будённый үүлдрийн дөрөв, таван азаргатай. Гарсан төл болгон нь хурдалж байгаа халтар азарга бол Англи, Араб адуу. Мэндээ бид хоёр Тод манлай уяач Алтангэрэлээс авсан юм. Бид хоёр талаасаа гүү хураалгадаг юм.
-Ямар гүү өгч байна вэ?
-Голдуу Монгол гүү өгдөг дөө. Би жилдээ арван гүү хураалгадаг юм. Түүнийгээ сонгох гэж бөөн юм болноо. Одоогийн байдлаар халтар азарганы маань гарсан төл болгон нь намайг баярлуулж байна. Сүүлийн дөрвөн жил дараалан улсад айрагдаж байгаа үрээнүүд цөм түүний төлүүд юм. Ер нь бол халтар азарганы 10 гаруй  төл улс, бүсийн наадамд айрагдаад байгаа.
-Увс нутгаас төрсөн хамгийн өндөр цолтон нутгийн уяачдаа дэмжих тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Бидний зорилго нутгийн нэрийг гаргах явдал. Би өөрийн бололцоогоор нутгийн уяачдаа дэмжихийг хичээдэг. Цаашид ч дэмжинэ. Нутгийнхнаа улсын наадамд ирвэл манай уяан дээр ирж буугаарай гээд урьдаг юм. Заримд нь азарга тавьчих үрээ өгье, ирээд үзээд аваарай гэдэг юм. Надаас авсан адуунууд аймаг, сумын наадамд түрүүлж, айрагдлаа л  гэж дуулддаг.
-Өнөө жил Увс аймагт баруун бүсийн наадам болно. Нутгийнхаа наадамд явах уу?
-Явна л гэж бодож байгаа. Та бүхэн мэдэх байх. Уяачийн амжилтанд гэр бүлийнхний дэмжлэг, тусламж  маш чухал үүрэгтэй. Манай эхнэр багадаа хурдан морь унаж байсан, багын адуунд их сонирхолтой хүн. Хүү охин хоёр маань ч ялгаагүй. Аав ээжийгээ дагаад адуунд их дуртай. Тийм ч болохоор миний морь хурдалдаг байх гэж боддог шүү.
-Санал нэг байна. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч, илэн далангүй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Хонин жилийн уралдаануудад нь амжилт хүсье. Сайхан наадаарай.
-Баярлалаа. Ерөөл бат оршиг. Нутаг усны хийморь лундаа тэтгэж, ухаань өвөг дээдсийн  минь буян заяа ивээж, төр түмнээ цэнгүүлэх үйлсдээ амжилт гаргаж яваадаа би хувьдаа их баярладаг юм. Энэ бол надад тохиосон их хувь заяа гэж боддог доо. Монгол түмэндээ сайхан наадахын ерөөл  өргөе.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна