МУ-ын начин, СТА С.Эрхэмбаяр: Аав ээж маань надад бөхийн нэр сүрээр нэг насныхаа хоолыг олж идэх хувь тавиланг заяасанд бэлгэшээж явдаг

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 07 -нд

-Сүүлийн үед Эрхэмбаяр начныг Өвөрмонголын Одон телевизээр харах болсон. Эндээс таныг урд хөршид амьдарч байгаа юм байна гэж ойлгосон?
-Тиймээ. Хөх хотод амьдарч, Өвөрмонголын урлагийн сургуульд уртын дууны багшаар ажиллаж байгаа. Өвөрмонголын Дэдмаа гэж алдартай дуучин бий. Манай Сарантуяагийн дотны хүн л дээ. Тэр хүн Сарантуяаг нэг жил багшилж өгөөч, бас монголоос хэдэн багш нар олж өгөөч гэж санал тавьсан юм билээ. Гэтэл эхнэр маань ажилтай болчихоод оронд нь би багшлах болсон юм. Энэ хаврыг дуустал тэндээ ажиллана. Хажуугаар нь бас өөр ажилтай. Мөн охин маань тэнд их сургуульд сурч байгаа.
Уран бүтээлийн хувьд хэдэн дууны үг, нэг шүлгийн ном гаргасан. “Баян Баргын уянга”, “Үзэмчин сайхан нутаг”, “Дорны монгол бүсгүй баяртай”, “Хайраа өгсөн бүсгүй” гэсэн шүлэгнүүддээ Монголын болон Өвөрмонголын хөгжмийн зохиолчдоор ая хийлгээд, шавь нартаа заримыг нь өгөөд заримыг нь өөрөө дуулсан. Мөн “Эрдэнэ засгийн унага”, “Эр бор харцага” гээд хоёр уртын дууны CD гаргах гэж байгаа. Сая цагаан сарын нэлээн хэдэн тоглолтуудад Сараа бид хоёр оролцсон. Өвөрмонголын миний үеийн бөхчүүд бүгд дасгалжуулагч болсон байгаа. Тэдэн дээр хааяа очиж хөлс гаргана. 
-Өвөрмонголчуудын уртын дууг дуулж байгаа нь манайхнаас өөр сонсогддог юм билээ. Танд анзаарагдаж байсан уу?
-Уртын дууны хувьд манайхнаас өөрсөөд байх юм үгүй. Өөр сонсогдож байгаа нь орон нутгийн аялгуутай нь холбоотой байх. Манайхан ч гэсэн өөр өөрөөр дуулдаг. Тухайлбал Баруун монголын уртын дуу гэхэд цээжний цохилго муутай, зүүн монгол, боржигон уртын дуу гэхээр бас өөр болдог. Түүнтэй л адил гэсэн үг. Яахав хятад хэлтэй холбогдоод ерөнхийдөө уртын дуу нэлээн өөр болж, доороос гүнзгий амьсгаа авч дуулдаг дэг жаахан алдагдсан. Өвөрмонголын уртын дуу, ар монголын уртын дуу гэж байхгүй, Монгол ардын уртын дуу гэж байгаа гэж би шавь нартаа хэлдэг. Ер нь өвөрмонголчууд уртын дуу, морин хуур, үндэснийхээ хувцсыг хөгжүүлэх, хадгалж үлдэх тал дээр их санаа тавьж байгаа юм билээ. Залуучууд нь манай орчин үеийн дуу хуураас маш их юм сурч байна. Үүнийгээ дагаад манайх шиг эх хэлэндээ гадаад үгнүүд битгий орчихоосой гэж бодож байна. Хамтлаг дуучид нь дуулахаар заримдаа ялгагддаггүй, Монголоос хүүхдүүд ирсэн юм байна гэхээр Өвөрмонголын хүүхдүүд байдаг. Дээхэн үеийн хүмүүс нь “Ар хөвчийн унага”, “Үлэмжийн чанар”, “Талын таван толгой” дуунуудыг яг л монголоор дуулж байгаа юм. Дунд нь хэсэг хугацаанд манайхтай харьцаа тасарсан үед үндэснийхээ юмыг нэлээн мартсан юм билээ.
-Цалин мөнгөний хувьд хэр боломжийн вэ?
-Гадаадын хүмүүсийг ажиллуулах олон улсын тогтсон жишиг байдаг юм билээ. Тэрүүгээрээ цалинжуулдаг. Мэдээж манай эндэхээс хамаагүй дээр л дээ.
-“Гарьд магнайн зочин” буланд оролцогчидтой торгон ногоон дэвжээнд хөл тавьснаас нь эхлээд бөхийн амьдралынх нь талаар ярилцдаг уламжлалтай?
-Би Говь-Алтай аймгийн хүн. Эндээс төрсөн нутагтаа очиход 1300 км явж байж очно шүү дээ. Тэр холоос энд ирж олон бөхийн тоосонд орж бөх болно гэдэг аз юм. Надаас илүү бөх болох хүмүүс баруун хязгаарт зөндөө л байгаа. Аав, ээж маань намайг бөхийн тоосонд оруулж, бөхийн нэр сүрээр нэг насныхаа хоолоо олж идэх хувь тавиланг заяасанд бэлгэшээж явдаг. 1977 онд 7-р ангид байхдаа өсвөр үе, залуучуудын улсын аваргын үндэсний бөхийн төрөлд орохоор Улаанбаатарт анх удаа ирж, 9-р байранд орчихоод буцаж байлаа. Тэрнээс хойш бөх болох хүсэл мөрөөдөл маань улам бадарсан. Тэгээд 10-р анги төгсөх жил манай аймагт монголын том бөхчүүд очиж бөх болох хүүхдүүдийг сонгон шалгаруулж авсан. 1980 оны олимп болох гээд тухайн үед дараагийн олимпийн бөхчүүдийг бэлтгэх зорилгоор миний багш Монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн анхны аварга Чанрав, Сосорбарам арслан гээд нэлээн хэдэн бөхчүүд очиж хүүхд?үд шалгаруулж авсан юм. Тэр барилдаанд би гайгүй барилдахад Чанрав багш намайг “Сургуульд орсон, ороогүй над дээр яваад очоорой” гэсэн. Тэгээд би бөх болох хүсэлтэй байсан болохоор сургууль соёл ч хөөцөлдөөгүй, политехникийн дээд сургуулийн техник эдийн засаг инженерийн ангид конкурс өгөөд тэнцээгүй юм. Тэгээд багш дээр ирээд шууд бэлтгэлдээ ороод, тэр жилээ Залуучуудын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд мөн хүрэл медаль авлаа. Энэ амжилтаараа 1980 оны олимпийн шигшээ багт тамирчнаар орж байлаа. 1980-1990 он хүртэл 10 жил тасралтгүй жудо бөхөөр хичээллэж, шигшээ багт барилдсан.
-Тэгвэл улсын наадамд тав давж торгон зодогт бөхчүүдийн тоонд орсон үе хэзээ вэ?
- Би их азтай. 1982 онд улсын наадамд анх удаа барилдаж начин цол авсан. Монгол улсад монгол дээлгүй явж байгаад начин болсон хүн байдаггүй. Би начин болно гэж бодоогүй, жинсэн өмд, подволкатай цүнхээ үүрч очиж анх удаа барилдаад тав давж начин болж байсан. Тэгэхэд  Балжинням аварга бид хоёр хоёулаа аймгийн цолтой, надаас илүү Балжиннямыг начин болно гэж байсан үе. Тэгээд хүний дээл гуйж өмсөж  начныхаа цол тэмдгийг авч байлаа. Бөхийн ногоон дэвжээн дээр сайхан бөхчүүдтэй барилдаж, бөх байна гэдэг чинь цол авахын нэр биш юм. Цол авчихаад тэр цолоо хамгаалж барилдах нь чухал. Одоо бол цол нь хэрэгтэй болохоос тэр хүн яаж барилдах нь чухал биш болчихоод байгаа. Хүн хаяхгүй бол цол аваад яах юм бэ, аймгийн арслан байсан нь дээр биз дээ. Ер нь спорт намайг маш их хүмүүжүүлсэн. Үнэнч шударга хөдөлмөрлөх, спортын дэг журмыг сахих, үлгэр жишээ байх, ялангуяа улсын цолтой бөх хүн үлгэр жишээ байх ёстой. Сайхан цол зүүчихээд энд тэнд согтож унаад байвал яах вэ. Спортын амьдрал миний нэгэн насны амьдралд маш их сургууль болсон.
-Хэн гэдэг улсын цолтноор начин болж байв даа?
-Хоёрын даваанд аймгийн цолтой бөхтэй таарсан. 1982 оны наадмын хоёр дахь өдрийн өглөө хүйтэн шамарга болж байлаа. Одооных шиг хувийн машин гэж байхгүй. Спортын ордноос гараад автобусанд суугаад нэлээн хоцроод очтол надтай барилдах хүн өглөө эрт очоод даарчихсан зогсож байсан. Юун надтай барилдах нь байтугай хөлдөх шахсан хүн чинь дороо л ойчно биз дээ.
Гурвын даваанд Алтангадас начныг аймгийн арслан байхад нь барилдаж давсан. Улсын наадамд анх удаа барилдаад гурав давчихсан хангалттай ш дээ. Наадмын маргааш нь Солонгос руу аварга Балжинням, Чанрав багш бид хэд олон улсын тэмцээнд явах ёстой байсан юм. Тэгтэл багш ирээд Эрхэмээ чамайг Дүвчин авч, сайн хүн авсан байна сайхан барилдаарай гэлээ. Дүвчин ах бол үнэхээрийн гайхалтай бөх, шударга сайхан барилдаантай. Дүвчин ахтай таарсан хүн их л сандардаг. Би унах нь тодорхой. Багш сайн барилдаарай гэсэн болохоор чадлаараа үзээд, нэлээн удаж, барьц сонгоод миний талаар таарч би давсан юм. Дүвчин ахыг хаяна гэдэг бол бараг начин болсонтой адил. Хүн болгон надад баяр хүргээд. Тэгэхэд Бадамсэрээжид гуай бөх тайлбарлаж байгаад Дүвчинг ингэж хаяна гэдэг энэ жилийн наадмын хамгийн сайхан барилдаан боллоо гэж байж билээ. Би жудогийн хүн болохоор жудогийн тонгороо хийсэн. Одоо тийм тонгороо хийдэг хүн байхгүй л дээ. Тавын даваанд манай нутгийн ах улсын заан Амартүвшин заан амлаж аваад, би начин болж байсан. Гэхдээ би начин болчихоод баярлаагүй. Би дахиад тав давж чадах уу, дахиад начны хэмжээнд барилдаж чадахгүй бол яана гэж бодож байсан. Баярласан мөртлөө айх нь илүү байсан гэхүү дээ. Тэгээд нагац эгчийнхээ нөхрийн дээлийг нь өмсөж начны цол тэмдгээ авч байлаа. Маргааш нь тэмцээнд явахдаа начны тэмдгээ даавуунд боож чемодандаа хийж тавьчихаад явж байлаа.
Бусад хүмүүс начныхаа найрыг хийнэ гээд бөхчүүд нутаг нутгаараа цуглаад яваад өгдөг. Би ганцаараа наадмын талбай дээр байж байтал манай нутгийн бөхчүүд болох талийгаач Давааням ах, заан Амартүвшин, начин Цэрэндаш гурав намайг Эрхэмбаяр начин гэж дуудаад. Эхэндээ начин гэж дуудуулах хэцүү байдаг юм даа. Тэгээд Хайлаастад Давааням ахынд айраг ууж цолныхоо найрыг хийж байлаа.
-Тэгээд та цолоо хамгаалж, баталж барилдаж чадсан уу?
-Начин болно гэдэг хариуцлагатай ажил. Тэр хариуцлагыг ухамсарлахгүй бол начны цол утгагүй болно ш дээ. Хамгийн гол нь би начин цолноосоо илүү гарч барилдсан. 1987 оны бүх ард түмний 8-р спарткиадад орсон юм. Ер нь манай Говь-Алтайн бөхчүүд тойргийн барилдаанаар сайн барилддаг. Тэр жил би их сургуулийн оюутан байсан. Манай талийгаач Давааням ах Хүч нийгэмлэгээс орж 30 даван, би 29 давж байсан. Пунцагийн Сүхбат 25 давж начны болзол биелүүлээд, би 29 давж зааны болзол биелүүлсэн юм. Бөхийн холбоо хоёр дахин хуралдсан гэсэн. Тэгээд би заан өгчихлөө гэж баярлаж байтал дахиж хуралдаад, надад заан цол өгөөгүй, уран барилдааны шагнал өгөөд орхичихсон. Тэр үед надаас өөр хүнд заан өгөөд би л хохирсон юм билээ. Тэрэнд жаахан харамсдаг. Гэхдээ яахав ээ заан болно гэдэг тийм ч амар ажил биш. Тэр үед надтай барилдаж байсан бөхчүүд намайг ямар бөх гэдгийг мэднэ.
-Дээр та бөхчүүдийн ёс жудгийн талаар ярьж байсан. Өнөөгийн бөхчүүдийг үнэлж дүгнэвэл?
-Бөх бол агуу спорт гэдгийг манайхан сайн мэдрэхгүй байна. Зөвхөн цол авч, цол нэмэх гээд байдаг. Дээр нь шинээр цол зохиож хүмүүст өгөөд байгаа нь бүр таарахгүй. Олимпийн аваргаас өөр цол зохиогоод хүнд өгөөд унавал юу болох вэ. Нэг хүнд шавь орж, өдөр шөнөгүй бэлтгэл хийж, үнэнч байж, бэртэж, уйлж, ядарч байж авсан цол амттай ш дээ. Тэгэхгүй мөнгө төгрөгөөр цол аваад байхаар бөхийн нэр сүр унаад байгаа юм. Бөхчүүд бие биеэ хүндлээд бөх шиг байвал нэр хүнд нь өөдөө байж бөх гэдэг тусдаа амьдрал явагдана. Бөх рүү бөхийн бус улсууд ороод бөхийн амьдрал сонин болчихоод байгаад харамсдаг. Бөхчүүдийн амьдрал тусдаа байх учиртай. Бөх мэддэг улсууд л бөхийн амьдралыг авч явна. Японы сумо тийм байгаа биз. Аваргууд нь шүүнэ. Би танайд ороод тогоо шанагыг чинь бариад суугаад байх онцгүй биз дээ. Тэгэхээр хөндлөнгөөс бөхийн амьдрал руу орж байгаад харамсдаг. Манай үндэсний бөхийг шударга болгохгүй бол ердөө болохгүй. Үндэсний бөх гэдэг цэвэр урлаг байхгүй юу. Зодог шуудаг, гараа дэвээ, цол дуудах, унаж хаях, тахим өгч, авах гэдэг нь тэр аяараа биеэ даасан урлаг, тэрийг судалж болохоор. Хуучин уламжлалыг нь алдагдуулахгүйгээр хурдтай, хүчтэй, уран чадамгай сумо шиг болгох хэрэгтэй. Яг өнөөдөр бөх мэргэжлийн ч юм шиг, мэргэжлийн биш ч юм шиг юу нь ч мэдэгдэхгүй юм болчихоод байна ш дээ. Аваргуудын зөвлөл байгуулаад, тэр нь удирддаг байх хэрэгтэй. Сумогоос авах юмаа авах хэрэгтэй ш дээ. Нэг болохоор үндэсний бөхөө хуучнаар нь байлгах гээд, нэг болохоор өөрчлөх гээд байгаа юм шиг.
-Үндэсний бөх хөгжиж байгаа гэж хэлэх хүмүүс цөөнгүй бий. Тэдэнтэй санал нийлэх үү?
-Манай бөх хөгжиж байна гээд хүмүүс ярьж байна. Үнэхээр бөх рүү хандах хүүхэд залуучууд их болсон ч Бөхийн барилдааны уран чадвар байхгүй болж. Зүгээр л хоорондоо мөргөлдөөд зогсчихно. Тэгж өмсөж хаядаг, тэгж тойгдож хаядаг, давхар хамдаг, тэр бөхий харна гэж хүмүүс очдог. Бүсгүйчүүд нь тэр бөх сайхан биетэй, харна гэж очдог байсан бол одоо тийм юм байхгүй болсон. Дэгээ Гончиг, өмсдөг Дамдиндорж, таахай Лувсан гээд хийдэг мэхээр нь дууддаг бөхчүүд байлаа. Одоо тийм юм байхгүй, яаж хаях гээд байгаа нь мэдэгдэхгүй.
-Хүмүүс таныг улсын начин гэхээсээ илүү дуулдаг Эрхэмбаяр гэдэг. Магадгүй барилдаанаасаа илүү дуугаараа олон түмний сэтгэлд хүрснийх болов уу?
-Ер нь баруун аймгийнхан, Алтайн нурууныхан дууч улсууд. Уулынхан чанга дуутай. Байгалийн зүй тогтол хүмүүсийн дуу хоолойд хүртэл нөлөөлдөг. Манай аав, ээж, өвөө эмээ дууч улс байсан.

Би багаасаа дуу, бөх хоёрт дуртай, юм юмыг самарда ж явсан хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Дороо найман дүүтэй, айлын том хүүхэд. Гурван эрэгтэй дүү маань гурвуулаа барилддаг. Манай аав Нансалмаа эгчийн дууг шүтдэг, Лхамжав гуайн “Жаахан шарга морь” сайхан шүү гэж ярьдаг. Гэр бүлийн хүмүүжил их нөлөөлсөн. Аав бөх, дуу ярьдаггүй байсан бол би сонирхохгүй л байсан байх. Улаанбаатарт ирээд нөгөө сайхан дуучид тоглодог УАДБЧ-ийн тоглолтыг их үзнэ. Анх Сараа Норовбанзад багштайгаа гарч ирээд “Эрхэм төр” уртын дууг дуулахыг нь сонсоод уртын дууг сонирхох болсон доо. Тэгээд эхнэртэйгээ танилцаж байлаа. Сараа миний багш шүү дээ. Сүүлд би 1985 онд их сургуулийн оюутан байхдаа бүх ард түмний урлагийн их наадамд орж алтан медаль авч байсан. 1993 онд Дундговьд болсон уртын дуучдын улсын уралдаанд түрүүлж байсан. 1990 онд шигшээ баг татан буугдаж, эхнэртэйгээ уран бүтээл хийх болсон. Тэр үед сургууль соёлд орох боломж байсангүй, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Насанбуянд шавь орсон. Дууны буянаар энд тэндгүй их явлаа. Урлаг гэдэг хязгааргүй, хүний сэтгэл оюуныг дандаа бадрааж байдаг.
-Дэлгэцнээ гараад удаагүй байгаа “Үхэж үл болно Чингис хаан” кинонд тоглосон байсан? 
-Би хоёр гурван кинонд тоглосон. Эрдэнэбулган гуайн “Үхэж үл болно Чингис хаан” киноны Чилгэр бөхийн дүрд тоглосон. Мөн “Намхай аварга” киноны Чүлтэм аварга гээд дандаа бодит хүмүүсийн дүрд тоглосон юм бай?а. “Учиртай гурван толгой”-гоор хийсэн киноны “Эр бор харцага” гээд кинонд зориулсан хоёр гурван уртын дууг дуулсан. Телевизийн жижиг хэмжээний зохиомжид зөндөө тоглосон доо. Тэгсээр байгаад би бараг л урлагийн хүн болж. Бөх бол миний 10 жил өдөр шөнөгүй хийсэн хөдөлмөр. Урлаг бол агуу, ялангуяа ардын урлаг гайхамшигтай. Ер нь монголчуудын бий болгосон бүх юм гайхалтай. Уужуухан, дөлгөөхөн, тайван амгалан, өвсний толгой найгасан, шувуу жиргэсэн хааяа тарвага хошгирсон хээр талыг санагдуулсан ардын урлаг шиг гоё юм байдаггүй. Ер нь би тар няр гэсэн хөгжим, нэг их өндөр байшин барилгад дургүй. Нутаг орон, соёл заншлаараа бахархдаг, монголчуудын бие биеэ хайрладаг, саахалт явдаг, нэг нөхрийгөө зовж явахад нь хамт уйлж, нэгийгээ амжилт гаргасан байхад миний найз гээд шил архи авч хувааж уудаг үндэстэн ховор ш дээ. Хүн хүндээ ойрхон байж сэтгэлийн ташаал эдэлж жаргадаг юм байна. Тэрнээс том машин унаж, том байшинд ганцаараа амьдарна гэдэг жаргал биш. Монголчууд л хамгийн их жаргалтай.
Ярилцсанд баярлалаа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.