Ханхөхийн сайвар халтар

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 19 -нд

Сүлд цэнгэх их найр, наадмын түрлэг дор олон алдартай хурдан хүлэг төрөн гарсаны манлай нь “Сайвар халтар” морь билээ. Баруун монголын эртний алдарт хурдан хүлэгсийн нэг сайвар халтар морины тухай дуу, домог, аман болон бичгийн баримт Ар халхад хэд хэдэн хувилбартайгаар машид түгээмэл тархан дэлгэрчээ. 1975 оны Шинжлэх ухаан амьдрал сэтгүүлд “Халхын долоон хошуу даншиг наадамд барилдах бөх, уралдах морьдыг дөрвөн аймаг, шавь таваас уламжлалыг харгалзан тоо тогтоож зарлан ирүүлдэг байжээ. 1898 онд Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу нутаг болох Ханхөхий орчмоос их насны арав гаруй хурдан морьд ирж, тэр жилийн долоон хошуу даншигт нилээд дээгүүр давхиж байсан баримт байдаг билээ” гэсэн байна. “Морин эрдэнэ” хэмээх даншигийн хурдан хүлгэсийн их чуулган сурвалжид “1898 оны шар нохой жил хошууныхаа сүлд тахих наадамд түрүүлээд байсан сайвар халтар морь Даншигт түрүүлж 2-3 удаа айрагдсан” гэсэн мэдээг тэмдэглэжээ. Энэ мэдээний 2-3 айрагдсан гэдэг нь сурвалж баримтаар няцаагдаж байгаа юм.
Домог 1. Засагт хан аймгийн Ачит засгийн хошууны Лу гүн хэмээх Лувсандондов ноёны унага сайвар халтар морийг хятадын Дашинкүй пүүсийнхэн худалдан авч Хөх хотод аваачжээ. Гэвч тэр морь өдөр шөнө хоёрхонд нутагтаа гүйж иржээ. Түүнийг хоёр ч удаа Хөх хотод хүргэсэн боловч тогтоож дийлээгүй алдсан гэдэг. Эзэн нь сайвар халтар морио эргүүлэн худалдан авч, хошууныхаа наадамд уралдуулах болсон гэдэг.
Домог 2. Ханхөхий нутгийн өнчин хүү Цолмонгийн эрмэг цагаагч гүүний босоо төрсөн эр хээр унага сулдаа жороолсоор нас нийлэхдээ хошууны сүлд цэнгэх наадамд уралдаж түрүүлжээ. Дархан эхтэй Да ноён сайвар халтарыг өөрийн нэрээр цоллуулан булаан авч, Цолмонг морь хулгайлсан хэргээр барьж хугацаагүй цэргийн албанд явуулжээ. Дараа жилийн хавар Да ноён сайвар халтарыг хүлэглэн ан авлан хээлтэй согоог хөөж харвахад согоо урагшаа ойж, тугал нь хойшоо босоогоороо унасан гэнэ. Тэр тугалыг тэжээж зоргол насанд хүрэхэд таван настай охиныг нь эвэртээ шорлон ольж аваад ой руу зугтаажээ. Ноён сайвар халтар мориор бугын зорголыг гүйцэн дайран унагасан гэдэг. Да ноёны 18 настай хүү Лувсандондов золгүй амиа алдсан охин дүүгээ дурсаж хурд чадал төгөлдөр сайвар халтар морийг магтан дуу гаргасан гэнэ. Олны дунд “Баруун Алтайд цөлөгдсөн Цолмон оргож, сайвар халтар морио авахаар ирж яваа” гэсэн цуу тархаж гэнэ. Бузар ан ав хийсэн Да ноён буман олны хэл амнаас жихүүцэж, Шанхайн наймаачинд хоёр тэмээ торго, таван цэнгийн хоёр алтан бөгжнөөс сайвар халтарыг арилжан сольжээ. Нэг жил өнгөрөхд сайвар халтар төмөр чөдрийн тасархайтай гүйж ирж гэнэ. Да ноён дахин 10 лангийн алтан, 20 лангийн мөнгөн ембүүгээр сайвар халтарыг зарчихжээ. Яг гурван жил өнгөрөхөд яс арьс болсон дөрвөн туруу нь мултарсан сайвар халтар морь Ханхөхий зоонд гүйн ирж босоогоороо үхсэн гэдэг. Сайвар халтар морины молор толгойг Ханхөхий ноён оргил Алтан дуулгын овоонд залсан гэнэ.
Домог 3. Сайвар халтар морь бол угтаа Лу жанжин гүн хэмээх шүлэгч Лувсандондовын унаган адуу билээ. Тэрбээр 1902-1908 оны хооронд “Сайвар халтар” дууны үг аяыг зохиосон нь алдарт хурдан хүлгийнхээ Долоон хошуу даншигт уралдсан хийгээд алсаас гүйн унаган нутагтаа эргэн ирсний дараах цаг үеүдтэй нийцэх юм. Нэгэн хавар Аюур гэгч сайн эр Лу жанжин гүний адуучин эмнэг сургагч дүлий Баньдын сургасан халтар хээр үрээг гуйж унаад Алтай давж адуу хөөгөөд ирж явжээ. Нутгийн зах Бургалтай цагаан түнгэд орж ирэх үед халтар хээр үрээ бусгаж харанхуй шөнө эзнээ явгалсан гэнэ. Алтай давж дөчөөд өртөө газар туулж, олон хоног унагдсан атлаа бусгаж хульжсан үрээг ноёндоо “шандастай хурдан хүлэг” гэж айлджээ. Тэр жилийн сүлд цэнгэх хошууны наадмыг Наранд хийхэд хязаалан сайвар халтар үрээ түрүүлжээ. Нутаг хошуундаа олонтоо түрүүлж дархлагдсан сайвар халтар морийг “Халхын долоо хошуу даншиг наадамд” нэг удаа уралдуулахад онц тасархай хол түрүүлжээ. Лу жанжин гүн тэр үед нийтлэг болоод байсан заншлын дагуу сайвар халтар морио Манжийн хаанд өргөн барьж, түүний нэрээр цоллуулан торгон жолоог нь амбан сайдад атгуулсан гэнэ. Сайвар халтарыг өргүүлж хурдан морьтой болохыг хүсч байсан амбаны бодлыг гадарласан Лу жанжин өөртөө болон хошууны ард олонд учрах хохиролоос мултрах арга сүвэгчилсэн гэдэг. Хожим сайвар халтар морийг Манжийн хааны адуун сүргээс гүйснийг амбан мэдээд Бээжинд хүргүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг хошуу ноёнд хүргүүлж байжээ. Сайвар халтарыг хоёр дахиа хагас сарын дараа нутагтаа гүйн ирэхэд нууж, адуун сүрэгт нь байлгасаар зөнгөөр нь орхисон гэнэ.
                 Сайвар халтар
Дэнж дээгүүр дэмэлзүүлэн гишгэгдэлтэй
Цэн шувуун гүйдэлтэй, цэвэр гол шиг биетэй
Чухам чанга гишгэгдэлт сайвах халтар морь
Төө сайхан зоотой, туг сайхан сүүлтэй
Өөд өөд газар өл халзан бугыг намнан дайрдаг
Уруу уруу газар ухаа халзан бугыг намнан дайрдаг
Цөөрөмтэй уснаас уугаагүй
Цөөн буурай адуунд тогтоогүй
Хүйтэн зуузай зуугаагүй, хөлстэй тохом тохоогүй
Үүрийн жавраар бариагүй, үдшийн жавраар сойгоогүй
Чухам чанга гишгэгдэлтэй сайвар халтар морь
Домог 4. Шүлэгч гүн С.Лувсандондов бээр “Сайвар халтар” дууг Долоон хошуу даншиг наадамд түрүүлгээд, өргөсөн морь нь 30 гаруй өртөө газрыг долоохон хоногт туулан гүйж, унаган нутагтаа ирснийг хараад сэтгэл баясан зохиосон гэдэг. Элжгэний хошууны ноён Майдар жанжин хэмээх язгууртан угсаат Сэдбазар өөрийн аягач хүүхэн Хорлоогоос 1854 онд төрсөн хүү Лувсандондовыгоо үрчлэн асарч ихэс дээдсийн заншлаар хүмүүжүүлэн, эрдэм боловсрол олгон угсаа залгамжлуулсан байна. Агь ноён Лувсандондов 1876 онд 22 настайдаа хошуу захирах тамгатай, Жун вангийн зэрэгтэй, засаг улс төрд туслагч гүн цолтой ор залгаж, 1897 онд Засагт хан аймгийн туслах жанжины тушаалд томилогдон “жанжин гүн” цолоор шагнуулжээ. Тэр бээр 1898 онд долоон хошуу даншиг наадамд очиж, “Манж Чин улсын Богд эзэн хаанд мөргөж, уяж зассан сайвар халтар морио Даншигт түрүүлэхэд өргөн барьжээ”. Асарын өмнө сайвар халтарыг авчран цоллож байтал гэнэт гэдрэг угзран сууж, хазаарын шилээ таслаад зүгтан хульжисан байна. Сайвар халтар морь ер нь гэнэт цовхрон цанхалдаг, гэдрэг суудаг муу зантайг мэдэх Лу жанжин гүн морио цоллуулж, өргөхийн өмнө хазаарын шилийг шөвгөөр шивж хэврэгшүүлэхийг уяачдаа даалгасан гэдэг. Долоон хошуу даншиг наадам, Сүлд цэнгэх найранд сайвар халтар морийг түрүүлсэн дээгүүр давхиж байсныг нотлох бичгийн баримтийн нэг нь Лу жанжин гүний зохиосон дууны үг гэж хэлж болно.
Зээ Шавартайхан газар
Тахим цалгим цөмөрч
Шамдагтайхан наадамд /шамдтайхан/
Түрүүлсхийгээд ирэхүй
Чухам чанга гишгэгдэлтэй
Сайвар халтар морь
Зээ дайн дайсныг дарж
Дархан цолыг олсон
Чухам чанга гишгэгдэлтэй
Сайвар халтар морь
Зуу Цогт төрийнхөө наадамд
Цогцол хийморь сэргээсэн
Цаглашгүй их жаргахын бэлэг маань болтугай
Энэ дууны үгнээс “Шамдагтайхан наадамд түрүүлсхийгээд ирэхүй” гэдэг нь хошууны сүлд цэнгэх наадмыг хэлж байгаа нь тодорхой байна. Учир нь “шамдтайхан” гэдэг нь шамдах, бүгд олноор наадах гэсэн утгыг өгүүлнэ. Харин "цогт их төрийн наадамд цогцол хийморь сэргээсэн” гэсэн мөрүүд нь Долоон хошуу даншиг наадамд дээгүүр давхин ирж эзэн хүнээ баясгасныг баталмой.

"Монголын хурдан морины домог, түүх" ном

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна