Хан адуу буюу Мангал туслагчийн улаан, Донирынхны хурдуудын эцэг нь ажгуу

Санжаадорж
2015 оны 3-р сарын 23 -нд

Сэцэн ханы дов өндөр, Сэцэн ханы хошуунд азарга түрүүлгэх хэцүү гэсэн яриа байдаг нь нэлээд эртнийх ажээ. Хэдхэн жилийн өмнө намар цаг юмсан. Өндөрхааны баруун урд хэсгийн гэр хороололд оршин суух “эрэг” хэмээх Ёндон гэдэг жижигхэн биетэй, чанга дуутай, сэргэлэн өвгөнтэй ярилцаж байхад нэгэн түүх хүүрнэснийг нь энд өгүүлье.
Тэрээр Сэцэн ханы довон дээр ес түрүүлсэн Мангал туслагчийн улаан, долоо түрүүлсэн Бовоогийн бор халзан гэж дуулаал л биз дээ. Бор халзангийн үр Донирын Дэмбэрэлийн хүрэн азарга юм гээд л ярьсан. Өнөөгийн Баянхутаг сумынхны  “Донир” адуу гэхийн учрыг ингэж  ярьсан  юм.
ХХ зууны эхэн үед Баянхутаг сумын нутгийн баруун хэсгийн  Хаяа, Улаан нуур, Хэрээ хөхөлөөр Богдын шавь Жамъян Донир гэгч лам нутагласаар нэгэн насыг өнгөрөөжээ. Донир гэдэг нь шашны цол хэргэм аж.  Жамъян Донир мал хөрөнгө ихтэй, ганц бие агаад нас өндөр болж хүрээ бараадахдаа хөрөнгө малаа дүү Норов, Дэмбэрэл нартаа өвлүүлсэн ажээ. Энэ үед л Жамъян Донирын садан төрөл, дүү нарыг Донирынхон гэж  овог нь болсон байдаг. Урьдны хүмүүс томчуудынхаа нэрийг хэлэхээс цээрлэж цолоор нь  овоглох нь элбэг байсны нэг л дээ.
Донирын Дэмбэрэлийн төрсөн ах нь “солгой” Норов гэдэг. Хоч нь солгой, нэр нь Норов. Түүнд “Бовоо” гэж дүү нарын нь өгсөн цээр нэр ажээ. 1910-аад оны энэ үед эднийхэн хурдтай болоогүй байсан үе байв. “Бовоо” гэж авгайлдаг  Дэмбэрэлийн ах  “солгой” Норов нь адуунд үнэн голоосоо хайртай, хурдан адууг уядаг шинждэг, эднийхний адууг сайжруулж, хурдлуулж нэрд гаргасан хүн. Жилийн дөрвөн улиралд адуунаасаа салдаггүй энэ эр эхнэр хүүхэдгүй ганц бие явсаар насыг элээжээ. Дүү Дэмбэрэл нь нутгийн Норпэлтэй гэрлэн хүү, таван охинтой  өнөр өтгөн айл болсон байдаг. Донирын Дэмбэрэлийн гурав дахь охин Норжмоог төрөхөөр Хаяа булангаар нэг дор нутагладаг   Сэцэн ханы том уяач шинжээчийн нэг Мангал туслагч өргөж авснаар эднийхэн  төрлийн холбоотон болцгоожээ. Уяач Мангал туслагчийн жинхэнэ нэр нь Магалжав гэдэг. Туслагч гэдэг нь ханы туслагчийн алба хашиж байсан хэрэг.  Одоогоор бол аймгийн тамгын газрын  албан тушаал ажээ. Түүнийг том, жижиггүй  нийтээрээ  Майлаа гэцгээдэг  байв. Мангал туслагчийн улаан азарга нь Сэцэн ханы наадамд 1906, 1908, 1909, 1910, 1911 онд түрүүлж, 1907, 1912 онд аман хүзүүдэж  байсан гэж  цуваанд  байдаг. Ер нь Мангал туслагчийн адуу нь бор, улаан, халиун, халзан хялман гээд хачин зүстэй байсан гэдэг.  Өвгөн ноён адуугий нь үзээд  “Аргагүй сайн  адуу юм. Даанч удам нь мөхөж байгаа адуу байна” гэж хэлсэн гэдэг. Түүнээс гадна Богд хаан  Сэцэн хан аймагт морилон ирэх үед наадам хийж азарга уралдахад Мангал туслагчийн улаан азарга түрүүлжээ. Гэтэл түрүүлсэн азаргаа хаанд өргөөгүй гэнэ.  Энэ нь эднийхний заяа буянд таагүй нөлөөлсөн гэсэн яриа ч байдаг аж.  Майлаа өөрийн гэсэн хүүхэдгүй  хоёр  хүү, нэг охин гурван өргөмөл хүүхэдтэй байж. Гэтэл  өөрийн эхнэрээс Намхайдорж төрж отгон хүү болон мэндэлжээ. Тэд бүгд том ах Дүвчингээр  овоглон дөрвүүлээ нэг гэрт өсцгөөжээ.  Том ах Дүвчин гэр орон мал ахуйгаа эрхэлдэг. Удаах  ах Цагаан нь хувилгаан “цорж” гэх  цол хэргэмтэй лам болжээ. Нутгийнхандаа “цагаан цорж” гэж нэршин  шүтэгддэг байв. Отгон хүү Намхайдорж нийслэл хотод  шилжин хот газар суурьшжээ. Мангал туслагчийн гал голомт охин Норжмоод өвлөгдсөн нь одоо Баянхутаг сумын мянгат малчин, уяач Мөнхдагвынх юм.
Мангал туслагч Норжмоо охиныг өргөн авсны дараа нэгэн өвөл Донирынхонтой ойр  өвөлжицгөөж л дээ. Цагаан сар гарч, хавар болоход Майлаа эцэнхий шөвгөр хүрэн гүүг унагалуулах гээд гаднаа тэжээгээд онд оруулж. Шөвгөр хүрэн гүүнээс нэгэн өглөө эр бор халзан унага гарсан нь Донирынхны нүдийг булаах нь тэр. Донирынхон бор халзан унагыг хайрлачих хэмээн Майлаад хүсэхэд цааргалангуй,  өгөх дургүй  байсан гэнэ. Тэд “нүүрэндээ үсгүй хүнээ өгөөд байхад, нүүрэндээ үстэй адгуус харамлахгүй байлгүй дээ” гэх үг чихэнд нь дуулгаж байгаад салгаад авчихсан гэдэг юм. Чухам л Мангал туслагчийн аварга улааны үр, энэ  бор халзан унага “Донир адуу” гэх үрийг тарьжээ. Хан Хэнтий уулын аймгийн наадамд 1920, 1921, 1922 онд түрүүлж , 1924 онд аман хүзүүдэн солгой Норовын бор халзан гэдэг алдарт хурдан азарга гарах нь тэр. Бор халзангийн үр Донирын Дэмбэрэлийн хүрэн азарга аймагт 1925,1926, 1928 онд түрүүлсэн байдаг. Ингэж Донирынхон хурдтай болсон түүх эхэлдэг юм. Дэмбэрэл нь угаасаа морь уяж адууны хойноос хөөцөлдөөд байдаггүй  хүн байж. Харин  ах Норов нь насаараа морь уяж өвгөртлөө адуунаасаа салалгүй явсаар  өөд болсон хүн гэдэг. Донирын Дэмбэрэлийн хүү “бүлтгэр” Лувсандорж удам залган морь уяж  аймгийн наадамд айрагдуулж байсан нь цуваанд бичигджээ.
Үе залгасан мал хөрөнгө сайтай баян чинээлэг “бүлтгэр”  Лувсандоржийнх   өөрийн хүүхэдгүй гэнэ. Тэр үед Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас Баянхутаг суманд   нүүдэллэн ирж аж төрсөн  “урт”  Лувсангийнх гэж олон хүүхэдтэй,  мал хөрөнгө муутай  айл ойролцоо нутагладаг болж. Баянхутагийнхан Лувсанг Баруун-Уртаас ирсэн гэдгээр нь  “урт” Лувсан  гэж нэрлэсэн гэдэг.  Лувсангийн хүүхдүүдийг түүний хоч нэрээр нь овоглож “уртын” Гонгор, “уртын” Дамдинжав, “уртын” Мажиг, “уртын” Гомбожав  гэдэг болжээ. Лувсангийн хамгийн бага хүү Агвандоржийг “бүлтгэр” Лувсандорж өргөж авав. Гэтэл харамсалтай юм болж Агвандоржийг  арав гаруй  настай байхад нь өргөж авсан эцэг  эх хоёр нь дөчин ес хоног дотроо хоёулаа нас  барж  гайтай учрал тохиосон аж. Талийгаач Лувсандоржийн хамгийн бага эгч  “бүдүүн” Навааншарав гэдэг хүнтэй сууж байсан Цэрэндолгор өнчирсөн хүүг гэр орон, мал хөрөнгөтэй нь өөр дээрээ татаж авав. Цэрэндолгор Агвандорж хүүг арав нилээд гараад ирэх үед нь   зохих хөрөнгө малтай нь  ураг төрөлд нь буцаан том ах Мажигт нь  хүргэж өгсөн гэдэг. Зөвхөн адуу гэхэд хээр халзан азаргатай долоон  гүүтэй  арав гаруй адуутай  хүргэж өгчээ. Удалгүй Агвандорж  сургууль соёл бараадан хот газар шилжихээр болж хэдэн адуугаа ах нартаа хэд хэдээр нь хувааж  өгөөд явсан байна.  Уртынхан “Донир” адуутай гэдгийн   учир ийм ажээ.
Донирын Дэмбэрэлийн хоёр дахь охин Гүрцоогийн том хүү уяач Очирын Сэдэддорж нь Донирынхны  гал голомтыг залгамжилсан ганц хүү нь гэдэг юм. Сэдэддорж гуай алба хашиж алдаг оног морь уяж байхдаа өвөөгийнхөө адууны угшлын нилээд морьдыг сумын наадамд уяж айрагдуулж байснаас Доной Очирын цагаан гэдэг азаргыг 19 настай Мөрөн суманд аман хүзүүдүүлж байсан гэдэг.  Түүний төл аймагт түрүүлсэн  С.Цэвээний цагаан морь гэх мэт сайн морьд гарч байжээ.
Уяач О.Сэдэддорж гуай  хүүрнэгчийн тухай сонсоод “Эрэг” хэмээх Ёндон гуай  манай морийг унаж өссөн хүн. Том болоод манайд малын хамжаа явсан, бидний   хуурай ах дүү болсон хүн л дээ.  Манайхны тухай надаас ч сайн мэдэх хүн ганцхан тэр байсан юм. Худлаа ярих хүн биш... гэж хэлж байсан. Ёндон гуайн энэ  хүүрнэл нь нилээд зүйлийн учгийг тайлж байгаа юм. Донир гэх нэр сүүлдээ адууны овог ч болсон байдгийн учир ийм ажээ.     
Донирын Дэмбэрэлийн хүрэн азарга 1920-иод оны сүүлчээр ид хурдалж байх үедээ  гүйдэлд дайруулж  үхсэн гэнэ. Түүнээс  хойш эднийхэнд угшил хадгалсан нэртэй цуутай хурд тодорсонгүй гуч шахам жил  болжээ. Донирын Дэмбэрэлийн хүү “Бүлтгэр” Лувсандорж нас барж мал ахуй нь  тарж байсан 1949 оны хавар аж. Моринд дуртай залуухан албан хаагч Б.Балдандагва бүдүүн Навааншараваас адууны  авлагаа авахаар очиж. Бүдүүн Навааншарав гэгч нь “бүлтгэр” Лувсандоржийн эгч Цэрэндолгортой  суусан хүн. Энэ хүргэн эднийхний адууг цөөлсөн хүн  гэдэг. Өмнө нь ирсэн хүмүүс  шилж авсаар үлдсэн хэдэн адуунд нь сайхан хүрэн гүүг имтэй өцгөр хээр даага даган яваа нь Балдандагвад содон харагджээ. Мөн ч сайхан гүү юм, сайн адуу болох байх гэж дотроо бодоод өрөндөө имт өцгөр хээр даагыг авч өр цайрчээ.  Ингээд  шүдлэн, хязаалан  уяадахсан чинь  хадуурч байгаад  зургаад  орчихож. Хойтон жил  соёолонд нь 1952 онд аймагт  аман хүзүүдүүлжээ. Энэ жил үүнээс гадна Балдандагва уяачийн  хурдан цавьдар азарга нь аман хүзүүдэж Сугаа саарал гэдэг морь нь түрүүлсэн байв. Энэ үед Имт хээрийн   өрөөсөн нүд нь гэмтэн сохорсноос Со хээр гэдэг болжээ. Со хээрийг  нутгийн уяач Буян-Өлзий арилжин аваад аймгийн наадамд 1954 онд аман хүзүүдэж, 1955 онд түрүүлсний дээр жижиг наадамд олон  түрүүлж, айрагдуулсан  гэдэг юм. Со хээрийг нас ахисан  үед нь гадны нутгийн Намгар  “Цэндсүрэн”  гэгч авч  баруун хойд зүгт Баяндэлгэр, Цэнхэрмандал чигт  нутаг уруугаа аваад явжээ. Дамжин арилжаалагдсан Со хээр азарга нэг мэдсэн нутагтаа гүйгээд ирчихсэн айлуудын адууг үймүүлээд  давхиж явж. Араас нь Намгар “Цэндсүрэн” авах гэж ирэхэд нь нутгийн уяач  Лувсанцэвэг ор адууг нь өгч авч үлдэн гүү хураалган  гар дээрээ байлгасаар   хөгшрөөсөн ажээ. Түүний төл олон хурдан адуу , олон сайн гүү ч гарч Баянхутаг, Мөрөн сумдаар Донир адуу гэж айлын овгоор  ярьдаг нь үндсэндээ Со хээрийн угшил орсон адууг л хэлдэг ажээ. Тухайлбал, Со хээрийн үр Лувсанцэвэгийн дүү Бааван Балдангийн хээр халзан азарга, халтар азарга, Эрдэнэ-Очирын хээр азарга түүний төл Босоожамсрангийн цэхэр хээр. Цэхэр хээрийн үр нь Босоожамсрангийн шар хээр. Шар хээрийн үр болохоор Хэнтийн наадамд түрүүлсэн Лувсанпүрэвийн хар, Энхбаатарын боронзон зээрд зэрэг нэрт хурдууд юм.  Мөн Хэнтийн наадамд түрүүлсэн Бадраа Ганаагийн хонгор азарганы эцэг Бэхийн Наваанцэндийн хээр, Лувсанцэвэгийн Тэмээн тавхайт хээр,  Мөрөнгийн  Сүрэнгийн хээр,  Дандарын Нацагдоржийн Лонхон хээр гэх мэт азаргануудыг Со хээрийн үр гэдэг. Уяач “шонхор” Лувсандорж Со хээрийн төл хээр байдсыг Галшарын Цагаан Наваандэндэвийн буурал Духтад тавиад Тугалын Равдангийн хээр, Доржготовийн хээр гэж хоёр хурдан азарга гарчээ. Дараа нь Энхээ зээрдэд тавиад Очирын Зундуйжамцын хээр гэж мөн л хурдан азарга гарчээ. Энэ бүгдийг “донир”  адуу гэхээс Со хээрийн угшил гэх нь  үнэнд  нийцэх  юм. Үнэхээр Со хээр бол Бөгөн, Энхээ зээрдийн  жишиг адил  хурдтай ч төл сайтай азарга байжээ.  Анх  Со хээрийг дааганд нь  Балдандагва гуайг  авахад “бүдүүн” Навааншарав тийм азарганы төл эх нь тийм угшилтай гэж хэлээгүй юм билээ. Ямартаа ч Со хээр бол адуу  эвдчихээгүй сайн азарга.
Н.Санжаадорж


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна