Аймгийн Алдарт уяач Ц.Цэрэнжээ: Адууны дэргэд байгаа хүний толгойд муу юм бодогддоггүй

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 07 -нд

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цээнэнгийн Цэрэнжээ “Хийморилог зочин” булангийн энэ удаагийн зочноор оролцож байна. Монгол төрийн наадамд уугуул нутгийн унаган хүлгээ түрүүлгэж, бага насны мөрөөдлөө биелүүлж байсан тэрээр их ажлаа завчлан бидний асуултанд ийн хариулсан юм.   
-Төрийн наадамд уугуул нутгийн унаган хүлгээ  түрүүл­гэсэн хийморилог эрхэмтэй уулзах таатай байна. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. 
-Хурд хаа сайгүй бий.Түүнийг олж тогтоох л чухал.Зүүн аймгуудын хувьд эрт дээр үеэсээ адуугаа хурдны чиглэлээр сайжруулахад их анхаарч ирсэн.Түүнийх нь үр шимээр хурдны цөм бий болж тэдгээр нь энэ цаг үед илүү их хурдалж байна шүү дээ. Миний хувьд яагаад заавал нутгийн адуугаар уралдах болсон гэхээр нэг ийм явдал болсон юм. Биднийг багад зурагт гэж байсангүй. Улсын баяр наадмын тухай радиогаар л чагнадаг байлаа шүү дээ. Нэг жилийн наадмаар би хонь хариулах ээлжтэй хоцорчихсон байсан юм. Тэгсэн радио сонсож байсан саахалт айлын хөгшин манай аавд “улсын баяр наадамд дандаа л Төв, Зүүнхараа, Дундговийн морь орлоо гэж дуулдах юм. Манайхны хурдуудаас очвол бас л эдэнтэй адилхан давхих л байх даа. Тэгж уралдуулж үзэх юмсан” гэж хэлсэн юм. Би тэр үгийг одоо болтол мартдаггүй.
-Та тэгэхэд хэдэн настай байсан бэ?
-Дөрөвдүгээр ангид л сурдаг байсан байх. Тэр үг миний санаанаас ер гарахгүй байсаар би 1999 оноос эхлээд морь уясан. Тэгэхдээ бүр зориуд нутгийн адуу аваачиж төвийн уяагаар уяад уралдуулж байлаа. Баруун зүгийн адуу төв халхын уяагаар уяхад зүүн зүгийн адууны хэмжээнд давхиж чадах нь уу үгүй юу гэдгийг үзэж байгаа юм. Тэгээд анх сумандаа түрүүлж айрагдаж байсан морьдыг авчраад МУ-ын Алдарт уяач Дамдин, Цэнд-Аюуш, Сүхээ, Батсайхан нарын нутгийнхаа уяачидтай хамт уясан. Эд чинь бүгд манай сумын улс.Тэгсэн ялгаагүй сайн давхидаг юм билээ.
-Тэр нь ямар адуу байсан юм?
-Дашхүү ах маань сумандаа дөрөвт давхисан бор морио бэлэглэж “улсад уралдаж үз” гэсэн юм. Түүнийг нь зургаан сард ачиж авчраад долоон сард улсад уралдуулахад есөөр давхисан. Тэгээд л ер нь уяж чадвал хурд хаана ч байдаг юм байна гэдгийг мэдсэн дээ. Түүний дараа 2000 оны өвөл манай хамаатны Нийдэнбаяр гээд ах маань надад соёолон, хавчигтаа сумынхаа наадамд түрүүлсэн хээр морио “ахынх нь энэ хээр морь сайн адуу. Чи хэргийг нь гарга” гээд бэлэглэсэн юм. Тэгээд ирсэн  жилээ улсын наадамд 19-өөр давхиад, 2002 онд уяаны алдаа гаргаад уралдуулаагүй. 2003 онд их хурдан байсан.Их сунгаанд түрүүлсэн. Тэр жил чинь Хүйн долоон худагт улсын наадам анх зохиогдох болсон шүү дээ.Тэгээд их морь уралдсан Цагаанхөтөл дээгүүр арын мориноосоо гурван өндөр хүчдэлийн шонгийн зайтай хол тасарчихсан гарч ирсэн. Тэгээд хоёр гурав ч дахиж хадуураад 18-аар орж байсан юм. Хадуураагүй бол замбараагүй бол түрүүлэх байсан л даа.
-2004 онд айргийн дөрвөөр давхисан?
-Тэгсэн. 2004 онд дөрвөөр давхиад, 2005 онд түрүүлсэн.
-Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж төрийн наадамд нутгийн адуугаа түрүүлгэж байх тэр мөчид чухам юу бодогддог юм бэ?
-Гурван жилдээ одооны хэлээр “од” байсан. Морь айрагдаж түрүүлгэх шиг сайхан юм хаа байхав.Тэр тусмаа улсын наадамд их морь түрүүлгэнэ гэдэг ховорхон тохиох аз шүү дээ. Улсын наадамд битгий хэл сумын наадамд морь түрүүлгэх амаргүй шүү дээ.Тэгж бодохоор сайхан байлгүй яахав. Гурван жил зөвхөн нутаг усандаа гэлтгүй хаа ч явсан “улсад түрүүлдэг хээр морины эзэн” гээд хоймортоо залчихдаг байсан. Уралдахынх нь өглөө босоод харж байсан үнэхээр сайхан байсан юмаа.Тэгээд дотроо “за өнөөдөр миний хээр морь байгаа л юм байна даа” гэж бодсон шүү. Тэгж хэлэхээр онгирсон болох юм болов уу./инээв/ Гэхдээ хадуурдаг жилийнхийгээ гүйцэхгүй байсан. Тэр жил үнэхээр хурдан, ёстой нөгөө жинхэнэ ир нь орсон байсан байх.   
-Баруун зүгийн адуу энд ирээд нутагшиж идээшихэд хугацаа шаардлагатай байсан байх л даа?
-Манай нутаг чинь их сайхан байгальтай. Говь, хангай хосолсон газар шүү дээ. Төрийн тахилгат Ханхөхий овоо чинь манай суманд байдаг юм. Манай сумынхан зундаа хангай руугаа гараад, өвөлдөө говь руугаа орчихдог. Тийм сайхан нутгаас ирсэн адуу эхний нэг хоёр жил жаахан тэгж байгаад яваандаа гайгүй болчихдог юм билээ. Одоо уяачид ур чадвар нь дээшлээд уяаны арга барил нь сайжраад тэр зэргийн зөрүүг амархан гаргачихдаг бололтой юм билээ.
-Хээр морь улсад түрүүлэхдээ хэдтэй байсан бэ?
-13-тай айрагдаад, 14-тэй түрүүлчихсэн байх шүү. Тэрнээс өмнөх хэдэн жил уяаг нь олохгүй мунгинаагүй байсан бол илүү ч амжилт үзүүлэх байсан байх.
-Өөрсдөө оролдож байхаар гэж үү?
-Тийм, энд ирэнгүүт нь том уяач дээр аваачиж өгөөд уяулсан бол илүү олон удаа түрүүлж, айрагдах байсан байх. Манай Өндөрхангай чинь эртнээсээ хурдтай нутаг шүү дээ. Та бүхэн мэдэх байх. 1897-1898 оны үед Лу жанжин гүн буюу Лувсанданзан ноён өөрийн сайвар халтар морио Ханхөхий нутгаасаа хөтөлж ирээд долоон хошуу даншиг наадамд түрүүлгэж байсан гэдэг шүү дээ.
-Түүнээс хойш таны хээр морь түрүүлсэн үү?
-Үгүй ээ, 2003 онд МУ-ын алдарт уяач Цэнд-Аюуш маань сартай хүрэн морио түрүүлгэж байсан шүү дээ. Мөн анхны “Их хурд”-д Баруунтурууны Ганбаатар улаан морио дөрвөөр давхиулж байсан. Ер нь манай тэндээс газар хол учраас тэр болгон ирж уралдахад хүнд. Зорьж ирээд уяаг нь тааруулж чадвал айраг түрүү алдахгүй байх шүү.
-Хээр морь тань улсад түрүүлснээсээ хойш яаж давхисан юм бэ. Ер нь хэд хүртлээ уралдсан бэ?
-2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор их морь будилаад түүнээс хойш дахиж уралдуулаагүй.Адуундаа байж байгаад 19 хүрээд өнгөрсөн.
-Тэс угшилтай адуу гэдэг билүү?
-Эцэг талаасаа Ханхөхий, эх талаасаа Тэс угшилтай гэж ярьдаг юм. Манай сум чинь бөх мориороо алдартай газар шүү дээ. Монгол улсад түмэн адууны баяр хийсэн цөөхөн сумдын нэг. Манай нутагт Зузаан Даян, Батхутаг Даян гэж их олон адуутай хүмүүс байсан юм гэнэ лээ. Тэр ч утгаар нь намайг багад хөгшчүүд “адууны тахилгатай, адууны сүлдтэй нутаг” гэж ярьдаг байсан. Сүүлийн үед л адуу сайжирчихаад  хаана ч хурдан байна гээд байгаа болохоос биш дээр үед Тэс, Галшар, Жаргалант гэсэн гуравхан адуу л яригддаг байлаа шүү дээ. Манай аймгийн Тэс адуу бол үнэхээрийн хурдан.
-Алдартын урмыг тэтгэсэн олон хурдан хүлгүүд байсан байх. Таныг олон газраас адуу цуглуулсан гэдэг шүү дээ?
-Би олон газраас адуу авсаан. Азарга гүүний тохироо нь таардаггүй юмуу, одоогоор айхтар хурдан адуу төрөхгүй л байна. Тэгээд ч би ажил ихтэй байдаг болохоор жилдээ олон уралддаггүй. Өвөл бол бүр уралддаггүй. Ажил ч болдоггүй юм. Харин зундаа яаж ийж завчилж байгаад төрийнхөө баяр наадамд нэг уралдана. Төрсөн нутагтаа, Ханхөхийнхөө тахилгад нэг уралдана. Ханхөхий овооны анхны тахилгад манай дүүгийн морь түрүүлсэн. Дараагийнх нь ноднин болж миний морь түрүүлсэн.
-2014 онд яаж наадав?
-Энэ жил би ажил ихтэй байсан учраас нааш цааш их явж чадаагүй ээ. Морио ч сайн уяагүй.
-Ажил ихтэй гэдэг үгийг нэлээд хэдэн удаа давтлаа.Ингэхэд Цэрэнжээ Алдарт ямар алба хашдаг хүн бэ?
-Би өмгөөлөгч хүн.Өмгөөлөгчийн ажил гэдэг хүнд шүү дээ. Хүний хувь заяа, амь амьдрал яригдаж байдаг. Тийм байхад хаячихаад адуу руугаа давхих хэцүү. Гэхдээ долоо хоног бүрийн хагас бүтэн сайн өдөр бүр заавал адуу руугаа очдог. Хоёр өдрийг заавал адуун дээрээ өнгөрөөдөг.Адуун дээрээ оччихоод баасыг нь малтаад зогсож байх хүртэл сайхан шүү дээ. Тэгж л энэ их хэл амтай ажлынхаа стрессийг тайлах юм даа. Ер нь тэгээд адууны дэргэд байгаа хүний толгойд муу юм бодогддоггүй юм шүү дээ.
-Үнэхээр тэгдэг шүү. Хүүхэд байхдаа морь маланд хэр сонирхолтой байсан бэ?
-Эргээд бодоход би хүүхэд байхын л моринд дуртай нөхөр байсан юм билээ. Морио үсэргэх гээд уяагаа тойруулж байгаа айл харагдвал хонио хаячихаад давхичихна.
-Хурдан морь унадаг байсан уу?
-Би биерхүү хүүхэд байсан юм шиг байгаа юм. Түүнээс болоод хурдан морь унуулдаггүй байсан. Чухам тэр үеэс л өөрөө морь хөтлөөд явж байвал гэж боддог болсон байх. Манай аав малд их хайртай, мал тамлаад яахав гээд морь уядаггүй хүн байсан.Морь унаад давхихгүй байнга гэлдэрч явна. Биднийг хөлөргөчихвөл зэмлэнэ. Тийм болохоор нь хааяа давхиж морио хөлөргөчихөөд тарваганы аятайхан хуурай дош олоод шороогоор нь үрж хөлсийг нь хатаачихаад очдог байж билээ./инээв/
-Шинэ цагийн адуутай юу?
-Ганц нэг юм бий. Энэ жил Англи цустай гүү авсан.
-Ингэхэд хэдэн онд Алдарт уяач вэ?
-2004 онд улсын наадамд морь айрагдуулсны дараа Увс аймгаас малгай, үнэмлэх хоёр ирсэн.
-Их ажлынхаа хажуугаар цаг зав гарган биднийг урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №59

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна