Б.Баасанхүү: Үнэт эдлэлийн үндэсний брэнд бүтээгдэхүүнтэй болох үндсэн зорилготой

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 15 -нд

Үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчдаа хөхүлэн дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” булан маань уншигч танаа хүрч байна. Энэ удаа бид ирэх онд 20 жилийнхээ түүхт ойг тэмдэглэх “Эрдэм гоёл” ХХК-ийн хамт олныг онцоллоо. Салбартаа тэргүүлэгч шинэ техник, технологийг нэвтрүүлэгч чадварлаг хамт олныг төлөөлж, үйлдвэрийн дарга Базаргарьдын Баасанхүү бидний асуултанд ийнхүү хариулсан юм.
-Үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг “Эрдэм гоёл” компани  ирэх жил 20 жилийн ойгоо тэмдэглэнэ. Компани үүсгэн байгуулагдсан түүхээс манай уншигчдад товч танилцуулаач?
-Манай компанийн захирал Болдбаатар гэж хүн бий. 1995 онд “Эрдэм” ХЭАА нэртэйгээр анх компаниа үүсгэн байгуулж, түрээсийн байранд хоёр ажилтантайгаар үйл ажиллагаа эхэлж байсан юм. Миний бие анхны  хоёр ажилчных нь нэг. Одоо үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Манай компани 2001 онд “Эрдэм гоёл” ХХК болон өргөжиж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангасан өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болж, 30 орчим хүнийг ажлын байраар ханган, алт үнэт эдлэл болон бэлэг дурсгалын зүйлсийг үйлдвэрлэж, мөн засвар үйлчилгээг нь хийж байна. Хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа учир бүтээгдэхүүн борлуулах зургаан үндсэн салбараасаа гадна Эрдэнэт, Дархан зэрэг томоохон хот болон хөдөө орон нутагт 20 гаруй гэрээт борлуулагчтай болоод байгаа.
-Салбартаа анх удаа нано технологийг нэвтрүүлсэн гэж сонссон юм байна?
-Бид эхний гурван жил зөвхөн ээмэг, бөгж л хийдэг байсан. Тухайн үед одоогийнх шиг техник технологи гэж байсангүй. Гурвуулаа зэрэгцэж суугаад захиалагчийн хүсэлтийн дагуу гараар урладаг байсан. Тухайн үед шигтгээндээ хар мана хэрэглэдэг байсан чинь олдохоо больж, анх удаа талсттай бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж үйлчлүүлэгчдээсээ талархал хүлээж байсан нь бахдам сайхан түүх болж дээ. Манай компани үнэт эдлэл үйлдвэрлэлийн болон гар урлалын мэргэжлийн шилдэг ажилтантай баг хамт олныг бүрдүүлж, дэлхийн дэвшилтэт технологийг Монголдоо нутагшуулан импортыг орлох үнэт эдлэлийн үндэсний  брэнд бүтээгдэхүүнтэй болох үндсэн зорилго дэвшүүлдэг. Энэхүү зорилгынхоо хүрээнд 2007 онд Солонгосын, 2009 онд АНУ-ын “Gumvison”, 2010 оноос Герман улсын “Unvision”, 2013 оноос Турк улсын үнэт үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудтай хамтран ажиллаж, Монголдоо анх удаа нано технологиор бүтээгдэхүүний загварыг зохион бүтээх арга аргачлалыг нэвтрүүлээд байна. Саяхан Японоос  үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч нэг эрхэм ирчихээд манай тоног төхөөрөмжийг хараад “Монголд ийм тоног төхөөрөмж байдаг гэж бодсонгүй” гээд гайхаж байна лээ.
Ийнхүү хамгийн сүүлийн үеийн техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр маш уран нарийн загвар хийцтэй, хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн импортыг орлох эх орны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чаддаг болсон. Манай компанийн бүтээгдэхүүний загвар  МУ-ын Оюуны өмчийн газраас олгодог “Ашигтай загварын гэрчилгээ”-тэй, “Бүтээгдэхүүний загварын патент”-ээр эрх нь хамгаалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бид зөвхөн өөрийн загварын бүтээгдэхүүнийг  л үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлдэг бөгөөд  бүтээгдэхүүний загвар дэлхий нийтийн чиг хандлагатай уялдан сар тутам шинэчлэгдэж байдаг.
-“Эрдэм гоёл”-ын үйлчлүүлэгчид үнэт эдлэлийн загварын чиг хандлагаас хоцрохгүй хэмээн ойлгож болох нь ээ?
-Болноо.Манай компанийн үйлчилгээний нэг төрөл бол үнэт эдлэл сэргээх засварлах. Гадны улс орноос авсан үнэт эдлэлүүдийн шигтгээ унахаас эхлээд элдэв төрлийн засварууд гардаг шүү дээ. Манай компани Герман улсаас лазераар гагнах төхөөрөмж оруулж ирсэн. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар ямар нэг халаалтгүй зөвхөн тэр хэсэгт нь лазераар хумсыг нь ургуулж шигтгээ суулгах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн үнэт эдлэлийн хэлбэр загварыг өөрчилж, сорьцыг нь унагаахгүйгээр сэргээн завсарлах боломжтой гэсэн үг.
-Сэргээн засварлахад сорьц унадаг юм уу?
-Гагнуур хийхэд тухайн металлын чанар ямар нэг хэмжээгээр алдагдаж, түүнийгээ дагаад  сорьц нь унадаг. Зарим газар гагнууртаа мөнгө ашиглах нь бий. Энэ тохилдолд тухайн бүтээгдэхүүний сорьц эрс унадаг. Манайх бол тухайн металиа л ашиглана. Мөн хэдэн зууны түүхтэй үе дамжсан үнэт эдлэлүүдийг сэргээх засварлах үйлчилгээг  хийж байгаа. Үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг хэлэхэд импортын бүтээгдэхүүнүүд сорьцондоо хүрэхгүй байх нь цөөнгүй. Энэ нь Солонгос, Турк  зэрэг орнууд үнэт эдлэлийн үйлдвэрүүдэдээ бүтээгдэхүүндээ өөрсдөө сорьц дарах  эрхийг өгчихсөн байдаг. Түүнийг нь зарим нэг компаниуд нь буруугаар ашиглаж сорьцоо буруу дардаг юм шиг байгаа юм. Харин манайд бол зөвхөн Стандарт хэмжил зүйн газрын ҮМСТ лабораториор баталгааждаг шүү дээ.
-Эрэгтэй бөгжнүүдийн загвар хийц эрхгүй анхаарал татаж байна л даа?
-Монголчууд аливаа зүйлд бэлгэ дэмбэрэл бодож бэлгэшээдэг ард түмэн шүү дээ.Бид бүтээгдэхүүнүүдэдээ түүнийг шингээхийг эрмэлздэг. Жишээлбэл хуримын бөгж хаан бугуйвч, хатан сүйхтэй. Энэ бол зөвхөн Монголд л байдаг үндэсний хэв шинжит брэнд бүтээгдэхүүн. ОХУ-аас Монголд ирээд хуримаа хийж байгаа залуус гэхэд л хаан бугуйвч, хатан сүйхтэй бөгжөөр эхнэр, нөхөр гэдгээ баталгаажуулдаг. Эрэгтэй бөгжний тухайд эр хүний  хийморь лундааг өргөж байдаг очир буюу  нацагдоржийг гол болгон  хас болон өнө мөнхийн бэлгэдэл түмэн насан хээгээр чимэглэдэг. Мөн гай барцадыг үргээгч анарыг эрэгтэй бөгжинд нэлээд ашигладаг.
-“Эрдэм гоёл”ын илэрхийлэл болсон хараа булаасан бүтээгдэхүүнүүдийн мөнгөн шатрын тухайд ?
-Тиймээ. Яст мэлхийн суурьтай, мана чулуун өрөгтэй мөнгөн шатар нь хөөмөл аргаар үйлдвэрлэгдсэн. Хоёрыг хийгээд нэгийг нь ОХУ-ын элчин сайд, нөгөөг нь бөхийн холбооныхон авсан. Сүүлийнх нь дээр дурдсанчлан бүтээгдэхүүний загварын патенттайгаа зарагдсан учраас яг тэр загвар дахин үйлдвэрлэгдэхгүй. Мөн МУ-ын Ерөнхийлөгч Казахстан улсад айлчлахдаа манай үндсэн бүтээгдэхүүний нэг хэт хутгыг тус улсын Ерөнхийлөгчид бэлэглэсэн.
-Ер нь танай бүтээгдэхүүнүүд их гарсан уу?
-Бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд нэлээд гарсан байх.Бид хоёр жилийн өмнөөс эхлээд бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж эхэлсэн. Манай сувинеруудад нэг онцлог бий. Тэр нь бусад гуулин бүтээгдэхүүнд шиг харлаж өнгөө алдахгүй. Яагаад гэхээр хольц нь өөр юм. Гэхдээ гаднаа ямар нэгэн түрхэц байхгүй. Та бүхэн анзаардаг байх.Солонгосоос ирсэн сувинерууд их гоё гялгар. Манай сувинерууд болохоор бараан, ногоон туяатай байдаг шүү дээ. Бид энэ байдлыг өөрчилж чадсан.
Бид алдарт Батаарыг гуулиар хийсэн. “Адуучин” тэмцээний үеэр гарсан үзэсгэлэнгийн үеэр Оюунгэрэл сайд харчихаад “их адилхан болсон байна” гээд уулга алдаж байна билээ. Цаашид бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлнээ.
-Манай аяга бусдаас өөр хэмээн тодотгоод байсан. Юугаараа чухам өөр юм бэ?
-Чанараараа. Манайх 7-8 жилийн өмнөөс аяга үйлдвэрлэдэг болсон. Монголын зах зээл дээр хоёр янзын мөнгөн аяга байдаг. Нэг нь бэлэгний, нөгөө нь хэрэглээний аяга. Харин эртний уламжлалаа даган лан хэмжээстэй аягануудыг урладаг. Өөрөөр хэлбэл, тавын аяганд таван лан, зургаагийн аяганд зургаан лан мөнгө ордог. Тэгэхээр чанар, эдэлгээтэй нөгөө хүмүүсийн ярьдаг “насны юм” болохоор аяганууд болдог доо.Тэр ч утгаараа урд хөршийнхөн манай аягыг их авдаг.
-Насны аяганууд дунджаар ямархуу үнэ ханштай байхав?
-Том, жижгээсээ хамаараад 200-800 мянган төгрөг орчим болно доо.
-Захиалга өгснөөс хойш бүтээгдэхүүн ямар хугацааны дараа бэлэн болох вэ?
-Манай загвараар захиалга өгвөл ажлын 10 хоногт багтаад гарчихна.Өөрийн хүссэн загвараар бол эх загвар гаргахаас эхлээд арай илүү хугацаа шаардагддаг.
-Зурган дээрх эмээл танай бүтээгдэхүүн үү?
-“Эрдэм” брэндийн эмээл дээ. Уламжлалт арга технологио орчин үеийн техникийн дэвшилтэй хослуулан гаргаж авсан манай брэнд бүтээгдэхүүн байгаа юм. Хоёр ширхэг хийгдсэний нэг нь зарагдчихсан. Цаашид Батноров, Дарьганга хийцийн  гэдэг шиг “Эрдэм гоёл” хийцийн эмээл хэмээн яригдсан хүртээмжит бүтээгдэхүүн болно хэмээн таамаглаж байгаа.
-Хурдан морины медаль үйлдвэрлэдэг юм байна. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Захиалагчийн хүсэлтийн дагуу бүхий л төрлийн одон тэмдгийн эх загварыг гарган үйлдвэрлэж байгаа.Танай сэтгүүлийн уншигчид, хурдан морины зүтгэлтнүүд өөрсдийн хүссэн загвараараа түрүүлж айрагдсан морьдынхоо медалийг хийлгэх боломжтой. 
-Шинэ оны босгон дээрх сайхан бэлэг байна. Бидний урилыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Шинэ оны бэлэг гэснээс манайх 12 дугаар сарын 10-наас эхлээд он дуустал бүх салбар шинэ жилийн баярын хямдрал зарлаж, үйлдвэрийн  үнээр бүтээгдэхүүнүүдээ борлуулж байгаа. Тиймээс эрхэм үйлчлүүлэгчид худалдан авагчид та бүхэн энэхүү боломжийг бүү алдаарай. Бидний танд өгөх шинэ жилийн жинхэнэ бэлэг шүү. Энэ дашрамд "Тод магнай" сэтгүүлээрээ дамжуулаад Монголын ард түмэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
-Дэлгүүрүүдийнхээ хаягийг танилцуулаач?
-Хүнсний 20-ийн “Мөнгөн завъяа” дэлгүүр
Утас: 96049050, 9605-6733, 9636-0042
“Түмэн-Эрдэнэс” дэлгүүр
Утас:9118-2720
“Зоос гоёл” дэлгүүр
Утас:9605-4080

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна