Тод манлай уяач Д.Онон: Хурдан морийг уяхаасаа тавих нь чухал

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 23 -нд

Би хүнд морь уяж өгөх болвол ихэвчлэн өөрийн авч өгсөн морьдоо уядаг. Яагаад вэ гэхээр миний уяанд энэ морь таарна гэснийгээ өөрөө сонгож авч байгаад учир нь байгаа юм. Миний хувьд нүд хөмсөг зузаан, хөл бахим, түүшүү шанаа өргөн, дух магнай тэнүүн сайн, ерөнхийдөө бяралхуу аажуу тайвуу зүрх зоригтой адууг уях дуртай. Хэдэн жишээ  хэлье. НИК-ийн захирал агсан Энэрэлт нэг хурдан морь авах юмсан гээд байхаар нь Аюурзаны хар гэж Боржигоны наадамд есөд давхисан морийг начин Дуламсүрэнтэй хамт очиж унаж яваа УАЗ-469 машинаар нь наймаалцаж авсан. “Макс”-ийн Ганбаатарын ухаа морийг Төв аймгийн Алтанбулаг сумын Ч.Доржсүрэнгээс ав гэж байгаад авахуулсан. Тэр жилээ Ганбаатар давхиулж чадаагүй. Хойтон жил нь 2000 онд хөлийг нь муутгачихсан, давхиулна уу яана та мэд гээд авчирч өгсөн. Тэр жил улсын наадамд дээрх хоёр морийг өөрөө гардан уяж ухаа морь гуравт, хар морь дөрөвт давхисан. Сэргэлэн сумын хулгар Нарангэрэлийн Бөмбөг халзан гэх зээрд халзан морийг Балчинпүрэв гуайд 3.5 сая төгрөгөөр авч өгсөн. Балчинпүрэв гуай морио ч үзэлгүй мөнгөө өгчихөөд, чи газраар нь татаж аваарай гэдэг хүн байгаа юм. Бөмбөг халзан морио уяж “Их хурд-2” наадамд гуравт, Боржигон наадамд айрагдуулав.
Дорноговийн Г.Алтангэрэлийн хүрэн азарга, буурал морь хоёрыг авч өгөөд улс, бүсийн уралдаан, наадамд хүрэн азарга хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг айрагдсан. Буурал морь хоёр айрагдаад байна. Эндээс хүн хүний уяж чадах морь ондоо гэдэг нь харагдана. Гялалзсан хөлийн хурдтай морь нэг их уяж хурдлуулж байсангүй. Ерөнхийдөө зоригтой, явж байгаад гараад ирдэг морь голдуу уяж байна.
Ерөнхий уяа их насны моринд илүү дуртай. Морийг зөв сайхан эдэлж сурсан хүн их насны морь уяна. Их насны морь нэг буруу эдэлсэн бол тэр жилдээ засал авдаггүй. Азарга бол үржилд ороод бие нь өөрчлөгддөг. Их насны морийг наадмын дараа хорон хөлсийг нь зөв авч, булчинг нь гүйцэд суллаж, мулталж тавихгүй бол тэр жилдээ биеэ тавьж өгөхгүй агдайчихдаг.
Хурдан морийг уяхаасаа тавих нь чухал. Байнга бэлтгэл хийсээр зангидсан гар шиг болчихсон булчинг хариу уяагаар зөөллөөд адуунд нь тавихгүй бол болдоггүй. Дараа жилийн уяаны ажил, амжилт бол үүнээс шууд хамааралтай болж байгаа юм.
Морины ажлыг хийхдээ энэ моринд юу хэрэгтэй байна вэ гэдгийг торгон мэдрэмж, харж ажигласан байдлаасаа шалтгаалж тохируулж хийхээс бус, маргааш, нөгөөдөр тэгнэ ингэнэ гэж уядаггүй.
Уяач хүн өөрөө тайвуу, ямар нэг адгаж тэвдэх явдалгүй, сийрэгхэн бодож, бас ажигч гярхай, зоримог байх хэрэгтэй. Дээр үеийн уяачид ярьдаг байлаа. Морь, хүүхэд, уяач гурвын хор арилж байж морь давхидаг гэж. Залуу байхад яах бол гэж яарч давчдах үе байсан. Улсын наадамд дөрөв, таван ч удаа морьдоо айрагдуулж чадалгүй зургаад давхиулчихаж байлаа. Юманд яарч адгахгүй байна гэдэг бас сайн талтай.
Одоо уяаны арга барил өөр болжээ. Одоо ямар ч сайн адууг тэжээхгүй бол уралдуулах боломжгүй. Морийг тэжээхдээ 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10 хүртэл адуун дээр нь унаж усыг нь сайхан гаргаад өөхөн таргыг нь бараад оруулж ирж тэжээнэ. Зун уралдсан морь бол өөхөн тарга аваад шалихгүй. Ус нь гарна гэдэг нь намар жаахан хуримтлагдсан тос нь гарна гэсэн үг. Шавар хөлсийг нь авна гэдэгтэй адил. Биед нь байсан нарийн шороо гадагшилж тохомны хөлс биедээ тогтохгүй. Үс нь сайхан задраад ирдэг. Хуучны адуучид “ус нь гараагүй мориор яаж хол явах юм бэ. Наадахаа тавь” гэдэг байлаа. Тэгэх нь аргагүй юм. Биеийнх нь булраа ч гараагүй, үс нь хөлсөндөө зууралдчихсан байдаг. Олон удаа ойрхон мордоод усыг нь гаргаад ирэхээр үс нь задраад биед нь хөлс тогтохгүй болдог. Өөхөн тамир нь барагдаад сайхан дунд хүчин дээрээ болоод ирэхээр нь тэжээнэ. Өдөр болгон адуун дээр нь мордоод байхад ч хүч нь буудаг. Бас шингэн хийх буруугүй. Монгол адуунд эрлийз адууны дозоор хийж болохгүй. Биеийн хэмжээ, жинд нь тохируулж хийх хэрэгтэй. Тэжээхдээ ч мориныхоо хүч байдлыг сайн харгалзана. Зун эдэлсэн морь онгорхой байдаг.
Морь бяртай байвал өөрөө зүтгэж байгаад онгойдог. Хурдан морины хөлийг хайрлаж байх хэрэгтэй. Бяртай байгаад их айхтар очтой байвал монгол морь тэжээлийнхээ хүчийг хөл нь гүйцэхгүй, хөлгүй болоод байх юм. Манайд байгаа хурдан эрлийз адуунууд бяраар уралдаж байна. Эднээс тийм хөлөө авах хурд гарахгүй. Харин монгол адуу бол биедээ байгаа хурдыг дээд цэгт нь хүртэл гаргаж чаддаг, хөлөө авсан ч зүтгэж л байдаг хүнээр бол зүтгүүр, сэтгэл сайтай адуу юм. Морь тэжээхэд Туул голын урд талын болон зүүн талын өвс зүгээр, хяр хамрын өвс адуунд их зохимжтой.
Морины хоол бол бас л адууныхаа сэтгэлтэй холбоотой. Өргөн магнайтай, дух хөмсөг зузаан бол сэтгэл агуу, ажил их даадаг, арчилгаа тордолгоо сайн авдаг. Магнай давчуу, ойрхон нүдтэй, хөмсөг нимгэн бол сэтгэл давчуу, аймхай адгуус босч ухасхийсэн хүн шиг байдаг. Сэтгэл, зүрх зориг сайтай, дух магнай тавиун зузаан адуунууд чинь яаралгүй явсаар түрүүлчихдэг юм. Давчуу адуу бол яагаа ч үгүй гарч чавхдаад суучихна. Сэтгэл муутайг ганцааранг нь уяж хооллоод яарахгүй сэтгэлийг нь тогтоочихвол гэдэс нь эвдрэхгүй болдог. Сэтгэл сайтай яардаггүйг нь бол сайн хурцалж гэдсийг нь, сэтгэлийг нь хөдөлгөж өгвөл сайн. Тэгэхгүй бол гэдэс нь хөдөлдөггүй. Ер нь морь өглөө бариад үдээс хойш гурав, дөрвөн цаг болоход гэдэс нь гүйцээд хөдөлсөн байх хэрэгтэй. Энэ бол идсэн уусан нь биедээ шингээд уяа нь зөв байгаагийн шинж. Буруу байвал гэдэс нь цанхайгаад цүрийсэн юм болчихно. Гэдэс хөдлөхгүй байна гэдэг үндсэн тамир луугаа орно гэсэн үг. Уяа нь зөв л бол адууны өдрийн идсэн уусан нь биедээ бяр болон шингэнэ. Хүн цанхгар байгаа гэдсийг хоол нь хэтрүү болж гэж андууран уясаар больж байгаа юмыг бүр болиох ч бий. Тэр нь хүнээр бол хий хуйтай, зовиуртай, гэдэс нь дүүрэнгэтэй байгаа юм шиг болчихоод байгаа нь тэр. Морийг уяхдаа гэдсийг нь, сэтгэлийг нь, хүчийг нь яаж тогтоох вэ гэж л уядаг. Тэрнээс уяа эхэлдэг. Удаан аажуу адуу сэтгэл сууж байгаа нь ядаж таран дээр мориноос үлдэхгүй болох, үзүүр рүүгээ зүтгэж орж ирэх зэргээс мэдрэгдэнэ.
Сэтгэл хөнгөнтэй адуу гэгэлзээд гэдэс нь хөдлөх гээд байдаг. Ийм адуу эхлээд ганц хоёроор нь ажил хийж байгаад уухчаад байхаа болихоор нь морьтой нийлүүлээд эргэх газар нь түрүүлж очоод ганц нэг хазуулаад байвал морь сэтгэл нь тогтдог. Эргэхдээ зөөлхөн хатируулаад цогиулаад сайхан дунд хурдаар явуулаад, тэгээд жаахан дээшлүүлээд түүн дээр нь жаахан тогтоож үзүүр дээр нь явуулаад задлаад байхаар сэтгэл нь тогтдог. Тэгэхгүй гялалзуулаад байвал гараа руу явж байхдаа хүүхэд үрчих гээд уухчаад, хар хөлс нь цуваад эргэнгүүт хэд гялалзаад л суучихна. Тэгэхээр морины хөлсийг хүртэл тогтоох хэрэгтэй.
Хөлсийг хусахад хүртэл учир бий. Эмээл тавихын тоолонгоор морины хүч буухын адилаар моринд хусуур хүрэхийн тоолонгоор мах нь барагдаж байдаг. Тэгэхээр махны бярыг хадгална гэдэг хусуур хүргэх нь цөөхөн байвал сайн. Ялангуяа давхар уяаны морийг давхиад ирэхээр нь хөлсийг нь хусах хэрэггүй. Хэнхдэг хүзүүг нь жаахан хусаад бусдад нь хүрэх шаардлагагүй.
Азарган адууны зоог хусаж болдоггүй. Загасандуухан зоотой тарган хүчин дээрээ давхидаг адууны зооны хөлсийг хусвал давхил нь налс гээд л алга болно. Очгүй болчихно. Ганц татаж байгаа зооных нь зөөлөн махыг хадгалж жаахан чанга байлгах хэрэгтэй. Тийм адуу жаахан туяхандуу байдаг юм. Энэ адууг жаахан очтой, хуурайдуу ажил хийж байвал сайн, хөлсний ажил их байж болдоггүй. Хуурай ажил гэдэг маань тас үсэргээ маягийн ажил хийж, хөлрөхөөс нь өмнөхөн татуулах ажлыг илүүтэй хийнэ гэсэн үг. Тийм адуу ер нь хөлс элбэгтэй байдаг. Ингэж хуурай ажил хийгээд байхаар хөлс нь тогтчихдог. Өнгөцхөн харвал хөлс нь цаашаа орох маягийн ажил хийх нь. Ийм адууны хөлс цаашаа орохгүй, угаасаа махны чанар нь хөлс гарах үндэстэй учраас санаа зовох явдалгүй. Адуу бүр мэдээж өөр өөрийн онцлогтой. Дээхнэ үеийн уяачид морио хараад тэр өдрийн ажлаа яг таг мэдэж хийдэг хүнийг уяач гэдэг байлаа.
Ер нь мориныхоо маханд хүрэхгүй онгорхой байлгадаг. Давхилаар л онгойлгодог. Байнгын уралдаантай онгорхой байна гэдэг байнгын бэлтгэлтэй тамирчин л юм шүү дээ. Хоолонд нь өдөрт нэг өгөхдөө хоёр шанага овъёос мөн тийм хэмжээний хивэгтэй өгдөг. Овъёосыг ахиухан өгвөл тамирт хэрэгтэй. Морь гараанд хүрэхэд хоол нь шингээд хоолныхоо бяранд давхиж байх учиртай. Морь уягдаад ирэхээрээ бүх бие нь чангараад ирсэн морийг хоолоор нь оролдох хэрэггүй. Давхихын урд шөнийн хоолоор нь л оролдох уу, яахав гэдгээ уяач хүн өөрөө мэдрэх хэрэгтэй. Зөв уяанд орчихсон морь хэмжээтэй хоолоо өөрөө идчихээд хэвтэж байдаг. Морины хоолыг тохируулах нь их чухал. Айргийн таван адууны хувьд морийг хоолоор нь хойш, урагш болгож болох шүү дээ. Хүн яг өөрийн уяж байгаа мориноос хүний уясан морины алдааг олж харах нь илүү байдаг. Зарим хүн морио үдээс хойш хөлсөлдөг нь буруу юм. Ингэх нь морины бяр руу ороод байдаг.
Бас нэг анхаарах зүйл бол морины давхилыг тараар эхлэх үү, ерөнхийдөө тавиухан сайхан давхилаар эхлэх үү гэдгээ зөв сонгох хэрэгтэй. Аажуу морийг тараар зөөлөн давхилаар эхлээд мориныхоо гэдсийг зөв хөдөлгөх нь чухал. Азарган адуу засал багатай, үржилд ороод янз бүр болно. Азарга тамиртай байвал учиртай. Их насны морь бол их ажилтай. Намрын хөвөө ч гэх юм уу, цанхайсан царайсан юм байвал хэрэггүй. Морийг давхил тарнаас өмнө утаж, гэдэсний цанхыг нь дардаг. Хамгийн гол нь давхиж ирчихээд идэх гээд өвс рүү дайраад байвал уяа зөв байгаагийн бас нэг шинж. Тэгэхгүй хий уухирдаад байвал үндсэн тамир луугаа ороод тамираа барчихдаг. Зарим морь гаднаа тарган харагдаж байгаад дотуураа тамиргүй болчихдог. Энэ нь сэтгэлтэй холбоотой.
Уяа засал гэдэг үндсэндээ сургаж, дасгалжуулж байгаа хэрэг. Морины сэтгэлийн тамир нүднээсээ харагдана. “Их хурд-2”-т аман хүзүүдсэн хонгор халзан азарга их хурдан, яваач, бяртай, уяа сайн даана. Уяаны алдааг нэг их хайхрахгүй. Зүрх зориг, сэтгэл сайтай. Тархи толгой, уруул ам, аман хүзүү, нүд хөмсөг сайтай тийм адуу ясны бяртай байдаг. Бас уяа солих ер их буруу. Эртнээс уяачдын нэг цээрлэдэг айсан юм бол энэ. Тэр адууны давхил энэ  удаад гарах уу, үгүй юу гэдгийг ч бодох учиртай. Одоо залуус хурдан морь аваад шууд л түрүүлэх гээд яарч давчдаад давхилдаад байх болж дээ. Тэглээ гээд морь нь давхичихна гэж байх биш. Зарим хүн морио уяулна гэж байгаад морь нь сайхан зүгшрээд алдаа эмгэгийг нь засаад энэ сайхан амьтныг ирэх жилээс гаргана даа гэж байтал өөр хүн рүү аваад явчихна. Давхиулах хүн өчнөөн л бий. Гэтэл нөгөө морь чинь шинэ эзнийхээ гарт шинэ арга барилд дасна гэж нэг юм бий.
2001 оны улсын наадамд долоон адуу айрагдуулж, түрүүлгэлээ. Тэр жил Их хурдад хээр морь түрүүлж, буурал морь гуравт, Бөмбөг халзан айрагдаж, азарганд хонгор халзан аман хүзүүдсэн. Улсад хязааланд Бямбадоржийн Мөнгөн хөлт алаг үрээ, өөрийн нэг даага айрагдсан.
Адуу ухаантай амьтан болохоороо хүний заасныг л сурдаг юм. Жишээ нь, Даваахүү гуайн Цолмон халтрыг харж байхад яг сурснаараа л явна. Ардаасаа морь ирвэл ахичихаад урд нь морь гарчихвал заавал гүйцэж түрүүлчих гээд л зүтгэнэ шүү. Бас морийг галтай ирээд үзүүр дээрнь ухасхийж сургавал хүн хараад хөөрч дэвждэг болдог.
Адуу удмын аль илүү талаа татаж төрдөг. Зүүнхараагийн Д.Ганбаатарын Даян түмэн эх зээрд халзан, Бөмбөг халзан морьдын эх нь Санжаабүрэг, Дулаан хоёрын адууны угшил дундаас гарсан байгаа юм. Тэдний эцэг нь Даваанэрэнгийн халзангийн удам гараад ирж байна. Тэгэхээр удам сайн байна. Энэ удмаа бариад явчихвал энэ адуу сайн байна. Тэгэхгүй өөр юм оруулаад байвал сайн тал нь сайжраад яваад байвч яг нөгөө удамших ёстой хурдан адуу маань замхарч одно. Гэхдээ монгол адуунд хурд удамших чанар дээр бодох юм бий. Хүний удамтай болгоныг цуглуулсан хүний адуу тэр бүр давхиад байгаа нь ховор л байна. Их удаж байж ганц нэг хурдан адуу гарч байна. Хоёр хурдан сайн адуу нийлснээр яаж сайжирч байна вэ гэхлээр байгальтай харьцахдаа их сайн, баргийн цас, шуурганд үхэж үрэгдэхгүй. Ороо дошгин болж байгаа юм. Энэ дундаас давхидаг нь цөөн гараад байна. Гэтэл эрлийз адуутай холихоор давхил нь сайжраад байдаг. Яагаад гэхээр эрлийз талд нь хурдны ген илүү хадгалагдсан байна шүү дээ. Тэр талаа барьж гараад байна. Манайд тийм үүлдэр алга. Судалгаа шинжилгээ шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдэх нь ховор байна. Тэгэхэд хөгжилтэй орнууд чинь энэ адууны 75 хувь нь англи, 25 хувь нь орос ч гэдэг юм уу, удамшлынх нь байдлыг шууд л хэлдэг. Адуугаа манайх сайн үүлдэржүүлэх хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, Сэлэнгийн Зүүнхараагийн Д.Ганбаатарын халзан морины хурд махны чиглэлдээ байнга гэж үздэг. Хүнээр бол Мөөеө аварга шиг цуцдаггүй. Уян хатан, махны бариагүй, яс махны тэнцэл сайн адуу юм даа гэж боддог.
Бас ийм байдаг. Морийг махныхаа бяранд хүрч үү, үгүй юу гэдгийг мэдэх хамгийн хялбар арга бол улаан суганаасаа хойш дөрвөн хавирга битүү байхад махныхаа бяртай байдаг. Түүнээс урагшилбал махныхаа бяр руу орж байгаа нь тэр. Адуу турж байгаа нь сүвээнийхээ хавирганаас илт харагдана. Түүнээс урагшилсаар гөлөм хүрээд мэдэгдэхээ болино. Тэр хэсгийн махыг баралгүй л онгойлгох хэрэгтэй. Тэгвэл мах нь өөрт нь хүнддэхгүй болдог. Хурдан морины улаан суганы богино хавиргыг нь мэдрэгдтэл хүчийг нь буулгачих юм бол очгүй, хурдгүй болоод нөхөж урагшаа дийлэн гарч ирж чадахгүй болчихдог. Гэхдээ бяртай болгон явахгүй,  уургын морь ч гэсэн бяртай байдаг. Нүд хөмсөг сайн, явахад лазандуухан бол сайн уургач морины шинж. Хөнгөн нимгэн туяхан адуу морь уургалахад гялс хүрч байдаг ч сүүлдээ агсам болоод зэрэгцэж давхиад уяхан туяхан учир эвгүйхэн шургаанд гуд татуулчих гээд байдаг юм. Энэ нь морины бяралхуу чанар бол юунд ч хэрэгтэйн төгс чанар гэж хэлээд байгаа юм.
Морины хат гэж бас ярьдаг. Энэ бол махан чанараараа их булчинлаг биш, эм махтай, зөөлөн уян хатан биш, дүүрэн сайхан бор махтай, шөрмөслөг цуцаагүй адууг хэлээд байна. Ийм адуу давхар уяанд сайн тохирно. Шөрмөслөг адуу махандаа хүрсэн ч, турсан ч яваад л байна. Бас булчингийн бариатай адуу гэж бий. Ийм адуу хамаг мах нь шуугдчихаад байхад шаантны нь мах буудаггүй. Манай саарал азарга тийм байлаа. Булчин нь барьчихаад явуулдаггүй, хөлсөө гарсан хойно бие нь тавирч явна. Энэ азарга нас нь ахиж, мах нь нэлээд суларч байж 14-тэйдөө улсад айрагдсан юм. Гэхдээ бас чангарчихаад байх. Тэр жил аравны өглөө Түргэний голд буучихаад өөрөө явж мулт хөлслөөд хөлсийг нь  жаахан хусчихаад хөтөлж байгаад хөлсийг нь дутуу хатаагаад нэмнэчихсэн юм /Ерөөсөө дөрвөн мөчний булчин нь чангарчихаад хөдөлдөггүй, суудаггүй адуу байлаа. Улсын наадамд тав айрагдсан Даш гуайн хонгортой нэг азарганы төл юм. Угтаа бол Баярын саарлын үр Тожилын саарлын эхтэй, эцэг нь Хэнтийн Баянхутагийн чигийн азарга байлаа/. Тэр шөнөдөө нэмнээтэй нь хонуулаад мордуулахад мах нь сулраад нэг их гүйлгэнэсэн юм л гарч өглөө. Майхнаас морь шүдэлж байсан газар хүртэл давхиад очтол бие нь дахиж чангараад тэвхийсэн юм болчихож. Ерөөсөө сэтгэлээрээ биеэ чангалчихдаг адуу бололтой. Урд жил нь их хурдан байхдаа цээжинд эргэнгүүтээ л далбигас гээд үсрээд ойчсон байдаг. Зүйрлэвэл намар мах нь боочихсон унагыг уургалахад зүтгээгүй байж үсрээд ойчдогтой л адил юм даа. Тэр жилээ есөд давхилаа. Зүй нь тэр үед урд өдөр нь хоолыг нь сайн өгөөд сайн хөлсөлж нэмнэж хоноод юм уу, эсвэл мордохын урд босго хөлс аваад биеийг нь тавируулаад явуулчих байсан байна.
Бас ийм байдаг. Морийг уяа нь цэгцэрч хөөсөн хөлс гараад ирэх үед нь хайрлах хэрэгтэй. Яагаа ч үгүй эрт хөөсөн хөлс нь гараад ирвэл мултрах тийшээ явлаа гэсэн үг. Тэр бол цаашаа дахиад хөлс хэрэггүй гэж хэлж байгаа юм. Арьс элбэг, суга их үрчлээстэй, элбэг дээлтэй хүн шиг харагдах адуу зүрхний багтаамж, хангамж сайн байх шиг. Адуу бол хэдхэн тарлаад нэг, хоёр сунгаанд онгойчихоод хамраас нь цагаан хөөс гараад зогсож байдаг амьтан. Бас нэг хэлүүштэй юм гэвэл их насны сайхан сайхан монхойж хэнхийсэн адуу яагаад гарч ирэхгүй байна вэ гэж. Энэ бол үржил селекцийн алдаанд байна. Тухайлбал, дандаа уядаг дэл, сүүл шингэн, яс хөнгөн адуугаар азарга тавиад байгаа болохоор нимгэн шалимгар адуу гараад байна. Ийм адуу унахад гуриг, өдрийн уналгын гар даахгүй туяхан сулхан болж ирж байгаа юм. Дээр үед хөгшчүүл ярих нь азаргыг адуундаа нуугдсан мэт, гэдэс хээл ихтэй, арьс зузаан, яс хүнд, булчин бугалга сайн бахим, хээлтэй гү мэт дэл, сүүл өтгөнийг нь олж шилж тавих хэрэгтэй. Ийм азарганаас жинхэнэ унааны сайн хүлэг, их насны сайхан, сайхан морьд гарна гэдэгсэн. Тэгэхээр адууг үржүүлэхдээ бодох зүйл асар их байгаа юм даа.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна