Хотол түмний их цэнгэл “Хотгойдын хурд”

Наранхүү
2014 оны 8-р сарын 31 -нд

Хоймор нутгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд морь уяж сойх эрдмийн их “шалгалтаа” амжилттай өглөө. Эдүгээгээс долоон жилийн өмнө 2007 оны 07-р сарын 25-27 өдрүүдэд  “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны санаачилгаар Засгийн Газрын тогтоолт “Хотгойдын хурд-1” хангайн бүсийн уралдаан Хөвсгөл аймгийн Мөрөн сумнаа анх зохион байгуулагдаж байсан түүхтэй. Бүс нутгийн уяачдын хөдөлмөрийг үнэлэх, морин уралдааныг эрчимжүүлэх зорилготой хангайн бүсийн наадмын хоёр дахь  нь 2010 оны 7-р сард Шадар ван Чингүнжавын мэндэлсэний  300 жилийн ойтой давхцан өргөн дэлгэр болж, газар газрын шандаст хурдан хүлгүүд хийморь шалгаж байсан бол өнөө жил Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн С.Дамдинбазарын мэндэлсэний 140 жилийн ой, “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаан 07-р сарын 25-26 ны өдрүүдэд Мөрөн сумнаа амжилттай зохион байгуулагдлаа.Эрхэм морь сонирхогчид, хурдан морины зүтгэлтнүүд та бүхэндээ түүхийн шарласан хуудсыг сөхөн үе үеийн Хотгойдын хурд ямархан өнгө төрхтэй болж байсныг товч сануулъя.
Хотгойдын хурд-1

Анхны “Хотгойд хурд” наадам хоймор нутгийн ихэнх уяачдын хувьд халхын цуут уяачидтай хөөрөг зөрүүлж, хурдан хүлгүүдийг нь ойроос харах ховор боломж байсан бол Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд уясан хүлгээ уралдуулж, том наадмын дов үзсэн /2006 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын Тоглохын талд болсон  төвийн бүсийн уралдаанд Тариалан сумын харьяат  МУ-ын Алдарт уяач /одоогийн /Г.Доржпүрэв  “Бүлтэн халзан” азаргаа аман хүзүүдүүлж, Их-Уул сумын харьяат аймгийн Алдарт уяач Э.Даваадорж “Туулай” хээр  морио айргийн гуравт хурдлуулж, МСУХ-ны тэргүүн Ц.Даваасүрэн хонгор хязаалангаа айргийн таваар тус тус давхиулан хоймор нутгийнхаа нэрийг цуурайтуулсан байж билээ./ цөөн хэдийнх нь хувьд “нутгийн нэрийг хамгаалах” томоохон үүрэг  оногдож байлаа. “Хотгойдын хурд-1” уралдаанд 17 аймгийн уяачид хүрэлцэн ирж, хурдан хүлгүүдээ уралдуулсан бөгөөд нас болгонд 200-гаас дээш тооны адуу мордож, тэр тусмаа их нас 400 гарч уралдсан нь  хамгийн өтгөнд тооцогдож байсан юм. Нутгийн дэвжээнээ болсон Засгийн газрын тогтоолт анхны наадмаас Хөвсгөлчүүд  гурван айраг авсан бөгөөд МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн “Бүлтэн халзан” азарга, Төмөрбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Баадайн Лэгшигдоржийн хонгор морь тус тус айргийн гуравт, Тариалан сумын харьяат Жамхүүгийн Нямлхагвын “Одонт” хээр даага айргийн дөрөвт хурдалсан юм. Дашрамд сануулахад дээрх гурван буян гурвуулаа аймгийнхаа баяр наадамд зайтайхан түрүүлчихээд хүлгүүд билээ.
Бүсийн наадмын түрүү морьдыг “Хотгойдын хурд” гэсэн цэнхэр бичигтэй УАЗ пургон авто машинаар мялаахаар зэхэж эгнүүлэн зогсоогоод олны нүдийг хужирласан ч цөм ирсэн гийчэдтэйгээ цуг “Бугатай” дөрөлжөөр давсан. Магадгүй тэр үед л Хөвсгөл нутгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд төдийгүй “Дэлтэй цэнхэр”-ийн тэргүүлэгчид нэгийг бодон, хоёрыг тунгаасан бизээ.
Хотгойдын хурд-2
2010 оны хангайн бүсийн уралдаан Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсэний 300 жилийн ойтой давхцсанаараа онцлог басхүү цар хүрээний хувьд ч өргөн байлаа. Энэ удаагийн уралдаанд 10 гаруй аймгаас хүрэлцэн ирсэн зургаан насны 1200 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн бөгөөд нутгийн уяачид гурван түрүү, зургаан айраг авч амжилтаа ахиулсан юм. “Хотгойдын хурд-2” уралдаанд Мөрөн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач  Г.Намсрайдоржийн халиун морь магнайдаа тоосгүй түрүүлж, Тосонцэнгэл сумын уугуул Д.Отгонбаярын хар морь аман хүзүүдэн, Түнэл сумын харьяат Даваанямын бор айргийн дөрвөөр давхисан бол хязаалангийн уралдаанд Тариалан сумын уяач Цогт-Очирын бор түрүүлж, торгон жолоо өргүүлсэн.Харин шүдлэнгийн уралдаанд Тариалан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн хонгор түрүүлж, Улаан-Уул сумын уугуул Элбэгзаяагийн халиун аман хүзүүдэж, дааганы уралдаанд Г.Доржпүрэв Алдартын хүрэн үрээ айргийн таваар давхисан билээ. Ийнхүү Хөвсгөлчүүд “Хотгойдын хурд-2” наадмын их нас, хязаалан, шүдлэнгийн түрүүг хүртэж, зургаан айргийг нутагтаа үлдээсэн нь уяачдын эрдэм, адууны чанар чансаа тодорхой хэмжээнд сайжирсныг илтгэж байсан юм. 
Хотгойдын хурд-3
2014 оны 07-р сарын 25-26 ны өдрүүдэд Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн С.Дамдинбазарын мэндэлсэний 140 жилийн ой, хангайн бүсийн хурдан морины уралдаан Мөрөн сумнаа амжилттай зохион байгуулагдсан. Энэ удаагийн уралдаанд 12 аймгийн  1000 гаруй хурдан хүлэг тоосоо өргөн, шандас шалгаснаас их насны морь 240 шахам мордож хамгийн өтгөн уралдаанаар нэрлэгдсэн бол 126 даага гараанаас гарсан нь хамгийн цөөнд тооцогдож байлаа.
Наадам адуун сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлж, хоймор нутгийн хийморилог хөвгүүд дөрвөн азарга дараагаар нь оруулж, нутгийн түмнийг огшоолоо. Энэ уралдаанд Тариалан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн “Саран" хүрэн түрүүлж, тус сумын харьяат, залуу уяач  Д.Ариуннарангийн “Ноён" хээр аман хүзүүдэн, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн Алдарт уяач  Т.Болдбаатарын халиун  гурвалж, Тосонцэнгэл сумын уугуул М.Бат-Очирын “Хуягт” халтар  дөрвөлсөн билээ.Харин их насны морьдын уралдаанд Тариалан сумын харьяат Б.Буяннэмэхийн “Жигүүр хул” гурвалж, тус сумын харьяат Н. Гансүхийн хээр морь тавласан юм. Харин хийморийн бэлгэдэл соёолонгийн уралдаанд Галт сумын харьяат Б.Зуунжилийн цоохор  аман хүзүүдэж, Мөрөн сумын уяач Л.Ганболдын бор халзан гурвалан, саарал үрээ нь тавласан. Хязаалангийн уралдаанд ч гэсэн Хөвсгөлчүүд хийморьтой сайхан наадаж “Хийдийн гол”компанийн захирал Батбаатарын хул, МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн сартай хүрэн, Жаргал сумын уяач Жанжаагийн Гомбожавын халтар, Рашаант сумын уяач Амаржаргалын халтар үрээ тус тус айрагдсан. Шүдлэн насны морьдын уралдаанд Г.Доржпүрэв Алдартын сартай хээр үрээ аман хүзүүдэж, Алдартын унаган тамгатай бас нэг шүдлэн айрагдсан бол дааган насанд Л.Ганболдын хүрэн халзан түрүү магнайгаар тодорсон юм.
“Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд хамгийн одтой наадсан эрхэм бол Тариалан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэв. Тэрээр нутагтаа зохиогдсон Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас нэг түрүү, гурван айраг хүртсэн бол Мөрөн сумын харьяат “Лидер Кашмер” ХХК-ийн захирал Л.Ганболд нэг түрүү, хоёр айраг авсан амжилтаараа Алдартын дараа бичигджээ.
“Хотгойд хурд”-ын цар хүрээ хурдан хүлгүүдийнх нь чансаа
Үе үеийн “Хотгойдын хурд” уралдаан чансаа өндөртэйд тооцогдсоор ирсэн. Анхны “Хотгойдын хурд“-д Завхан аймгийн Улиастай уугуул МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэг алдарт “Соёмбо” хүрэн азаргатайгаа ирж түрүүлгэж байсан бол хоёр дахь наадамд шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд аман хүзүүдсэн, нийслэлийн Алдарт уяач Арилдийгийн Отгонбаярын Хилэн хар азарга түрүүлж, “Их хурд”-ын түрүү Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Цэгмидийн “Тайж халтар” азарга дөрвөлж, арын хангайн шигшмэл хурдын түрүү Ихтамир сумын уугуул Гантөмөрийн “Сарнай” зээрд аман хүзүүдэж,Төв аймгийн Архуст сумын уугуул Ч.Махбалын Салхин халтар  айргийн таваар давхиж байжээ. Дээрх хурдан хүлгүүд бол тухайн цаг үеийнхээ даалуу азарганууд байсан бөгөөд Хотгойдын хурд уралдааныг зорин ирж уралдсан нь энэ юм. Тэгвэл энэ жил “Хотгойдын хурд-3” уралдаанд төрийнхөө их баяр цэнгэлд аман хүзүүнд хурдалсан  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын халиун азарга ирж тоосоо өргөн  айрагдсан билээ.
Харин их насны морьдын хувьд анхны Хотгойдын хурдад 2007 оны улсын баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Цогтын Батсайханы хүрэн морь түрүүлж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Дамдинсүрэнгийн Дүгэрсүрэнгийн цоохор морь аман хүзүүдсэн байдаг. Д.Дүгэрсүрэнгийн хурдан цоохор “Хотгойдын хурд”-д айрагдсаныхаа дараа хоёр нь бүсийн наадамд айрагдсан нь буянт хүлгийн чансааг илтгэх бас нэгэн үзүүлэлт болох бизээ. Харин өнөө жилийн “Хотгойдын хурд”-д төрийнхөө наадамд хоёронтоо айрагдсан  Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржийн Баясгалангийн Суман хүрэн магнайдаа тоосгүй түрүүлэн хоймор нутгийн түмний хийморийг өргөсөн билээ. Түүнчлэн өнөө жил төрийнхөө баяр цэнгэлд айргийн гуравт хурдалсан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын саарал морь хангайн бүсийн хурдад аман хүзүүнд хурдалсан.
Бага  насны морьдын амжилтаас дурдвал домогт Монгол хээр азарга 2010 онд соёолондоо ирж түрүү хүлгээр тодорч байсан бол 2007 онд хязааландаа түрүүлж байсан Тайж халтар азарга 2010 онд нас нийлсэн хойноо дахин ирж айрагдаж байсан удаатай. Мөн төрийн наадмын түрүү Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баасанбазарын Сувдан зээрд азарга хязааландаа энэ довон дээр ирж аман хүзүүдэж байсан бол  улс бүсийн наадамд амжилттай уралдаж асан Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул МУ-ын Манлай уяач Т.Энхбатын “Наадмын хүрэн” соёолондоо аман хүзүүнд хурдалж байсан билээ. Энэ мэтчилэн дурьдаад байвал “Хотгойдын хурд”-д шандас шалгасан халхын цуут буянгууд олон бий.
Харин “Хотгойдын хурд” наадмуудад амжилттай сайхан наадаж буй уяачдын тэргүүн эгнээнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэв бичигдэнэ. Тэрээр гурван удаагийн наадмаас хоёр түрүү, таван айраг хүртжээ. Мөн Тод манлай уяач Л.Цандэлэг “Хотгойдын хурд-1” уралдаанд азарга түрүүлгэн хязаалан, даага айрагдуулж байсан бол 2010 оны 2 дахь уралдаанд соёолон үрээ аман хүзүүдүүлж нийт нэг түрүү гурван айраг хүртсэн амжилтаараа унаган нутгийн Алдартын дараа бичигдэнэ. Амжилттай наадаж буй уяачдын гуравдугаарт Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Цэгмид бичигдэнэ. Тэрээр 2007 онд азарга айрагдуулж, хязаалан түрүүлгэсэн бол 2010 онд мөн азарга айрагдуулж нийт нэг түрүү, хоёр айраг хүртэж байжээ. Дашрамд дурьдахад “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдааны дээрх амжилтууд нэр бүхий уяачдыг цол хэргэмээ ахиулахад  нэлээдгүй жин дарсан нь эргэлзээгүй юм.
Наадмын чансааг илтгэх бас нэгэн үзүүлэлт бол мэдээж бай шагнал. Анхдугаар наадмын түрүү морьдыг УАЗ пургон автомашинаар мялааж  байсан бол дараагийн наадмын түрүү хүлгэдийг 10 сая төгрөгөөр байлж байсан билээ.Энэ дашрамд уяачдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, хурдан морины уралдааныг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй наадмыг санаачлан зохион байгуулагчид, хандивлагчид, ивээн тэтгэгчидэдээ нийт уяачдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Дүгнэлтийн оронд тоон үзүүлэлтүүдийг хүргэе.
  Нас             "Хотгойд хурд-1"         "Хотгойд хурд-2"              "Хотгойд хурд-3"
 Азарга                нэг айраг                                                                нэг түрүү, гурван айраг
 Их нас                нэг  айраг                  нэг түрүү, хоёр айраг           хоёр айраг
Соёолон                                                нэг айраг                                гурван айраг
Хязаалан                                               нэг түрүү                               дөрвөн айраг
Шүдлэн                                                 нэг түрүү, нэг айраг               хоёр айраг
Даага                    нэг айраг                 нэг айраг                                 нэг түрүү
Нийт                  гурван айраг             гурван түрүү, таван айраг       хоёр түрүү, 14 айраг
Дээрх хүснэгтээс харахад “Хотгойдын хурд” наадамд үзүүлсэн Хөвсгөл нутгийн уяачдын амжилт тасралтгүй өссөн нь харагдаж байна. Түүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Үүнд:
 Нэгд: 2010, 2014 онуудад  аймгийн баяр наадмыг хангайн бүсийн уралдаантай давхцуулан тэмдэглэх шийдвэр гаргаж уяачид бүсийн наадамд морьдоо тусгайлан бэлтгэсэн.
 Хоёрт: Хөвсгөл аймгийн уяачдын уяаны арга барил нийтдээ сайжирч, шинэ цагийн уяанд суралцан уяа морьдоо жилийн дөрвөн улиралд нэмэлт тэжээлээр тэжээж байна.
Гуравт: ”Дэлтэй Цэнхэр” МСУХ-ноос уралдааны зэрэглэл, ангилалыг тогтоож тогтмолжуулсан. Аймгийн уралдаан, түүнтэй дүйцэхүйц аймгийн бүсчилсэн дээд гурван насны морьдын уралдааныг хаврын эхэн сард хоёр удаа, бага гурван насны морьдын уралдааныг зуны эхэн сард, “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уралдааныг намар зохион байгуулж хэвшсэн.
Дөрөвт: Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг зүүн аймгуудаас олон тооны хурдан адуу авчрахын зэрэгцээ үржил селекцийн тал дээр ихээхэн анхаарч Тариалан сумын уяач Г.Доржпүрэв зэрэг туршлагатай уяачид манлайлж байна.
Ийнхүү “Хотгойдын хурд” наадам дуурсах алдартай,  дурсах түүхтэй, хурдан мориор дамжсан үндэсний өв соёл уламжлалаа дээдлэн хүндэтгэдэг хэн бүхний хүсэн хүлээдэг наадам болсон нь гурван удаагийн уралдаанаас бэлхнээ харагдаж байна. Хамгийн гол нь уг уралдаан орон нутгийн болон Монголын хурдан морины уралдааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж буй гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй бизээ.
Дэлтэй Цэнхэр Морин Спорт Уяачдын холбооны ажлын алба Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна