Улсын цоллооч С.Мөнхжаргал: Хурдан морины цол хүлгийн явдал, давхилыг илэрхийлсэн айзамтай байдаг

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 13 -нд

Унасан хүүхдийн урмыг тэтгэн, уясан уяачийн магнайг тэнийлгэн төр түмнийхээ их цэнгэлд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн алдар цолыг дуудан байхуй нь монгол өв соёлын нэгээхэн хэсэг билээ. Ийнхүү монгол түмнийхээ омогшил баяр бахадлыг дэврээсэн авьяаслаг эрхмүүдийг улсын цоллооч хэмээдэг. АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын үеэр ардын урлагийн наадмын 12 удаагийн аварга Сугарын Мөнхжаргалтай цөөн хором хөөрөлдсөнөө уншигч танаа хүргэж байна.
-Түмнийхээ их баяр цэнгэлд түрүүлж, айрагдан наадамчин олноо цэнгүүлсэн түмэн эхүүдийн хийморийг даллах хүндтэй үүргийг хэзээнээс хүлээж байгаа вэ?
-Эхлээд өөрийгөө танилцуулах нь зүйтэй байх. Би Өмнөговь аймгийн Номгон сумын хүн. Одоо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Соёлын ордонд ажиллаж эхэлж байна. Ах нь ардын урлагийн их наадамд 12 удаа түрүүлсэн хүн. Түүний тав нь ерөөлч, магтаалчдын улсын уралдаан байсан. Харин хурдан морь цоллохын тухайд Өвөрхангай аймагт “Арвагар хээр” МСУХ-ноос зохион байгуулсан Монгол түмний морины их шүтээний нээлтийн үеэр зохион байгуулагдсан хурдан морь цоллоочдын улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн. Эцэг эхээс заяасан сайхан авьяасын буянаар Алтан гадас одон хүртэж, Монгол Улсын тэргүүн зэргийн хүндэт өргөмжлөлт ерөөлч, улсын цоллооч цолтой болсон доо.
-Авьяас өвлөгддөг гэдэг. Танай удамд ерөөл, магтаал айлддаг цэцэн цэлмэг үгтэй ямар хүмүүс байв?
-Удам судар талаасаа яривал тийм хүн байхгүй ээ. Биднийг дунд сургуульд сурдаг байхад ерөөл нэг их хэлүүлдэггүй, харин уран уншилтын аварга шалгаруулдаг байсан. Сургуулиа төгсөөд хөдөө гарч малчин болоод хонь хариулж явахад, унага татаж байхыг хараад гэнэтхэн ерөөл, магтаалын үгс орж ирээд түүнийгээ уншдаг болсон. Тэгж л ер нь энэ чиглэл рүү орсон болов уу даа. Сүүлийн үеийн ерөөлч, магтаалчдын улсын уралдааны гол зорилго нь өөрсдөө бэлдсэн ерөөлтэй ирэхээс гадна сэдэв сугалж нэг минутын хугацаанд шууд цэцлэн хэлдэг. Сэдвээ хараад хадгаа дэлгээд шууд л ерөөнө гэсэн үг л дээ. Манай аймгийн Дагвасамбуу бид хоёр энэ тал дээрээ гайгүй шүү. Ирэх есдүгээр сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Орхон аймагт Халимаг, Буриад, Тува, Өвөрмонгол зэрэг монгол туургатны ерөөлч, магтаалчдын VII их наадам болох юм. Түүндээ бэлтгээд л явж байна даа.
-Бага байхад айлын найр хөгжөөсөн ерөөлч, магтаалчид хүндтэй суудалд залран ихэд хүндлэгддэг байсан санагдана?
-Тэгэлгүй яахав. Найр хөгжөөнө гэж мундаг ажил байна. Гол нь найрын дэг ёсыг чандлан сахиж бусдад үлгэрлэдэг байх ёстой. Найранд дуулдаггүй дуу гэж хүртэл байна.
-Нээрэн тэгдэг байх шүү?
-Хулсан ташуур, Эрүү цагаан болжмор, Гандан уулын цэцэг зэрэг хагацал ганихрал, орон шоронгийн тухай дуунуудыг дуулдаггүй. Би эхэн үедээ хоёр талынхаа сум, багийн хэмжээний найр наадамд урилгаар явдаг байснаа 1986-87 оноос улсын уралдаанд оролцоод, түүнээс хойш томоохон арга хэмжээнүүдэд уригддаг болсон.
-Ерөөлч, магтаалчдын улсын аварга шалгаруулах тэмцээн хэр өргөн цар хүрээтэй болдог вэ?
-Миний хувьд хамгийн анхны тэмцээн Улаанбаатар хотын Чандмань төвд болж, МУСГЗ, алдарт ерөөлч Оргой гуай, Үржинханд гуай, бурхан болсон Ардын жүжигчин Дагийранз гуай нарын мундгууд ирж оролцон би тэргүүлж байлаа. Ер нь ерөөлч, магтаалчдын улсын аварга шалгаруулах уралдаан гурван жилд нэг удаа зохион байгууллагддаг. Төрийн хан хуурч, СГЗ Б.Цэрэндорж гуайн тэргүүлдэг Монголын ерөөлч, магтаалчдын төв гэж байгууллага бий. Бид тэнд харьяалагддаг. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад уламжлахад миний хувьд хурдан морь, хүчит бөхийн цолыг хөгжүүлэх, үүний үнэлэмж, үнэлгээг сайжруулах талаар өөрчлөлт хийгээсэй хэмээн хүсч явдаг. Тэр ч утгаараа өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо 115 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурдан морь цоллоочдын улсын холбоог байгууллаа. Холбоо маань залуучуудаа дэмжихийн зэрэгцээ цоллоочдод сум, аймаг, улсын шат дараалсан цол хэргэмийг олгож, малгайн залаа, энгэрийн тэмдэг зэргийг шинэчлэх зэрэг төлөвлөсөн ажил олон байна. Би гэхэд л Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Цогтцэций сумын 84 ерөөлчийг сургалтанд хамрууллаа. Цааш цаашдаа цоллоочдынхоо ур чадварыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна.
-Ингэхэд таны хувьд хэзээнээс хурдан морь цоллож эхэлсэн бэ?
-Улсын цоллооч гэдэг цолыг 2014 онд авсан бол тэргүүн зэргийн өргөмжлөлт ерөөлч гэдэг цолоо 1996 онд авсан. Одоо морь, бөх аль алийг нь цоллож байгаа. Аймгийн баяр наадмынхаа морь, бөхийг аль алийг нь цоллодог. Улсын наадмын хурдан морийг энэ жилээс л цоллож байна.
-Зарим нэг наадам дээр бөхийн цол дуудаад байна уу, морины  цол дуудаад байна уу гэдэг нь ялгагддаггүй?
-Бөхийн цол бол уянгалаг, аажуухан дууддаг болохоор хоолойн чадал их шаарддаг юм. Ер нь бол  бэсрэг уртын дуу л гэсэн үг. Харин морины цол  дуудах нь морины явдал, давхилыг илэрхийлсэн айзамтай. Үүгээрээ ялгагдана даа. Түрүүлж, айрагдсан морьдынхоо нэрийг жаахан эрт өгчихдөг бол цаас хараад байхааргүй л байгаа юм, уг нь. Хурдан морь цоллооч  Цолмонгийн хүү энэ баяр наадмаар баян ходоодны даага цоллосон шүү дээ. Түүнийг би бичиж өгсөн юм. Ер нь сүүлийн жилүүдэд баян ходоодны даагыг цоллохоо болиод байсан. Тэр ч бүү хэл, зарим хүн баян ходоод, тасалгааны даага хоёрыг ялгахгүй байна шүү дээ.
-Юугаар нь ялгадаг юм бэ?
-Цулбуурын араар баригдаж байгааг нь тасалгааны морь гэдэг. Дээр үед тасалгаа моринд зориулсан цол хүртэл байлаа шүү дээ. Харин баян ходоод гэдэг нь хамгийн сүүлд ирж байгаа даага. Одоо бол тасалгааны даагыг баян ходоодоор цоллож байгаа. Хүмүүс түрүүлж, айрагдсан моринд л ач холбогдол өгөөд байдаг болохоос биш, цоллож байгаа цоллоочийг тоодоггүй. Гэтэл энэ бол монгол соёлын маш том элемент шүү дээ. Тэр утгаараа биднээс илүүтэйгээр хүүхэд багачуудыг урамшуулж, багаас нь бэлтгэх хэрэгтэй. Намайг бага байхад гадны телевиз, студиэс ирж  бичлэг хүртэл хийж байлаа.
-Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд хот, хөдөөгийн хичнээн ерөөлч, магтаалчид оролцдог юм бэ?
-Нэг уралдаанд дээд тал нь 40-50 хүн л оролцдог. Зарим аймгаас огт ирдэггүй. Тиймээс энэ жил уралдааны цар хүрээг нь өргөтгөхийн тулд нэг аймгаас 12 ерөөлч, магтаалч гээд заачихсан нь нүдээ олсон алхам боллоо.
-Уучлаарай, төрийн наадмын хурдан морьдыг цоллоход ямар үнэлэмжтэй байдаг вэ?
-Улсын баяр наадмаар хурдан морь цоллочихоод 24 цаг хөөцөлдөж байж 20 төгрөг л авч байна. Зарим нь хүлээж чадахгүй явчихдаг юм байна. Манай аймгийн хувьд бөхийн засуул нэг өдөр зогсоход 30 мянга, хоёр өдөр зогсоход 60 мянган төгрөг. Нэг насны морьдыг цоллоход 30 мянган төгрөг. Холбооны зүгээс цоллоочдынхоо хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, ирэх жилээс улсын баяр наадмын нэг насны морийг цоллоход 150 мянган төгрөгийн ханш тогтоон Ерөнхийлөгч, Соёлын яаманд өргөн барихаар зэхэж байна.
-Тэгвэл улсын баяр наадмаас бусад уралдаан, тэмцээнүүдийн цоллогооны ханш ямар байхав?
-Энэ ажлыг үнэлж цэгнэж мэддэг хүмүүс харьцангуй өндөр урамшуулал өгдөг. Өөр өөр байгууллагын баяр наадамд очиж байгаа учраас бид түүнд тохируулан ерөөл айлтгана шүү дээ. Залуучууддаа гарын авлага болгох үүднээс би 108 ерөөлтэй анхны номоо хэвлэлтэнд оруулсан.Тун удахгүй уншигчдын хүртээл болох байх. Ер нь цоллооч болъё гэсэн хүүхдүүд олон байна. Сургалт хичээллүүлнэ гээд зар тавихаар 40-50 хүүхэд бүртгүүлдэг. Тэднээс шалгаад цөөн хэдийг нь л авдаг.
-Та хувьдаа энэ чиглэлээр илүү хэмээн үнэлдэг ямар хүмүүс байна?
-Морины цолны хувьд Цолмон байна. Морь сонирхогчид бүгд мэдэх байлгүй дээ. Мөн Дарханы Хөтөлийн Дарханням гэдэг залуу бий. Дарханням манай холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. Ерөөлийн хувьд шууд цэцлэн хэлдэг болохоор маш хүнд. Тиймээс үүнийг эзэмших залуучуудыг бэлтгэх хэрэгтэй байгаа юм. Яг  үнэнийг хэлэхэд тийм ерөөл хэлдэг хуруу дарам цөөхөн хүн байна. Дагвасамба гуай байна, Оргой гэж 80 гарчихсан мундаг өвгөн Өмнөговь аймгийн Номгон суманд байна. Тэр хүн нэг үе ерөөлийн хаан байлаа шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд сайхан ерөөл айлдаач хэмээн хүсэх байна. Болох уу?
-Бололгүй яахав. Өнөөдөр чинь баяр наадмын өдөр шүү дээ.
Зээ, үүлэн цэнхэр тэнгэрт нь
Хурын үүл нь жигдэрсэн
Үндэст сайхан дэлхий дээр нь
Өнгийн цэцэг дэлгэрсэн
Үндэстний баяр ёслолдоо
Өргөн олон цуглаж ирсэн
Өргөн Монголын минь наадам
Өнөр өтгөн болж байна
Өнцөг булан бүрээс ирсэн
Хурдан хүлэг нь манлайлсаар
Өвөрмөцийн бяр чадалтай
Хүчит бөхчүүд нь тодорсоор
Үр хүүхэд, багачууд нь баяр цэнгэлдээ хосолж
Өвөө, эмээ буурлууд нь өргөн цэнгэл баяртай байна
Өргөө гэртээ очоод ярих домог түүх арвинтай байна
Хүлэг хурдан морьдынх нь төвөргөө юугаар тамгалагдсан
Хүйн долоон худагийнхаа өргөн цэлгэр хөндий дээрээс нь
Урьд нь уулзаж байгаагүй бүсгүй таны
Өмнө нь нэг зогсоод
Асууж байгаа асуултанд тань
Авиа хэлээ гаргаад
Ариухан сэтгэлдээ бодсон бүгдээ ярьсныг минь
Бурхан бүсгүй та минь уучилж нэгэн өршөөгөөрэй
Улс хувьсгалынхаа 93 жилийн ойн адил
Удаа дараалан болох баяр цэнгэл наадам дээр
Дахин дахин уулзаж
Дараа дараагийн нэвтрүүлэг
Өлзий буянтай явахын
Өгөөмөр нандин сэтгэлийнхээ ерөөлийг
Өмнийн цэнхэр говиосоо
Өргөн хангайдаа ирсэн
Өтөл нас руугаа дөхөж яваа би чинь
Өчүүхэн сэтгэлийнхээ гүнээс
Өөд өөд нь өргөн барьж дэвшүүлэн айлтгая.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Монголын язгуур урлагийн төлөө хийж буй ажил үйлсэд тань амжилт хүсье.
У.Энхмаа

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.