Ж.Баттулга: Морь эдлэх гэдэг нарийндаа Монголын хамгийн том соёл юм шүү дээ

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 27 -нд

Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, ММСУХ-ны тэргүүлэгч, “Унаган ажнай” галын тэргүүн,“Акума Эрин” ХХК-ийн Ерөнхий захирал Жамъянсүрэнгийн Баттулгыг энэ удаагийн “Хийморилог зочин” буландаа урьж оролцууллаа. Түүхч мэргэжилтэй, үндэсний өв соёлоо дээдэлдэг энэ эрхмийн яриа залууст нэгийг бодогдуулах биз ээ. Та бүхэн таалан соёрхоно уу.
-Үүх түүхээ хүндэлж, үүрсэх хүлгэдээ дээдлэгчидтэй уулзахдаа таатай байдаг. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
-Юуны өмнө та бүхэнтэй энэ сайхан ерөөлтэй өдөр уулзсандаа баяртай байна /Бидний уулзалт аргын тооллын дөрөвдүгээр сарын 2 буюу билгийн тооллын хаврын илүү дунд сарын шинийн гуравны балжиннямтай өдөр тохиосон  юм. Тиймээс ийн онцолсон бололтой/. Ялгуусан хэмээх модон морин жил молор эрдэнэ морио дээдлэгч монгол түмэн минь аз хийморь дүүрэн байх биз ээ хэмээн билэгшээж байгаа.
-Билгээр болог. Яриагаа таны унасан газар, угаасан ус, бага насны дурсамжаас эхэлвэл ямар вэ?
-Би Төв аймгийн Угтаалцайдам сумын хүн. Төв аймаг хурдан хурц хүлгэд, эрдэмт мэргэн уяачдаараа улсдаа тэргүүлдэг. Миний эхээс унаж, хүн болсон Угтаалцайдам сум ч гэсэн хурдтай нутаг. Ганцхан жишээ хэлэхэд, АХ-ын 48 жилийн ойгоор гуравт, 49 жилийн ойгоор аман хүзүүнд хурдалж, АХ-ын 50 жилийн ойгоор түрүүлж байсан Монгол Улсын Алдарт уяач М.Сияннямбуугийн хонгор морь манай нутгийн адуу. Мөн 1998 оны Улсын наадамд Баасандашийн хул соёолон түрүүлж байсан. Өнгөрсөн 2013 онд мөн манай сумын харьяат Нэргүйн Гантулгын эрлийз даага төрийн наадамд аман хүзүүдлээ. Товчхон дурдахад л ийм байна. Үүнээс гадна ардын хувьсгалын жилүүдээс өмнө олон хурдан буян байсан гэдэг юм билээ. Дээр ярьсан төрийнхөө их баяр наадамд гурван жил дараалан түрүүлж, айрагдсан Сияннямбуугийн хонгор мориор нутгийн зон олон маань өнөө хэр нь бахархаж байдаг юм. Манайх Сияннямбуу гуайнхтай айл аймаг явсан болохоор би тэр мундаг уяачийг, бас хонгор морийг нь ч мэднэ. Мөн миний аав Жамъянсүрэн адуу унаж эдлэх, эмнэг сургах, эмгэг согогтой морийг эмчилж эдгээхдээ гаргуун, тэр талын соёлыг мундаг эзэмшсэн хүн байсан.
-Аав тань морь уядаг байсан уу?
-Үгүй ээ. Гэхдээ цэргийн агт маллаж байсан. Адуунд дуртай. Социализмын үед малын тоо заадаг байсан тухай дуулаа байлгүй.
-Дуулсаан.
-Манай хойд талын сумд тариалангийн бүс нутаг учраас хоёр морь, саалийн ганц тугалтай үнээтэй байхыг л зөвшөөрдөг байсан. Тиймээс аав маань хэдий моринд дуртай ч цаг үедээ баригдаад олон адуутай байгаагүй. Цөөн ч гэсэн морьдоо маш сайхан эдэлдэг. Тэр талаараа үлгэр жишээ хүн байсан. Ер нь миний моринд дуртай болох үндсийг аав минь л тавьж өгсөн байх. Намайг таван настай байхад морь унуулж сургаж байлаа. Хэдий бага байсан ч тэрийг их сайн санадаг юм. Намайг дааган дээр өргөж мордуулчихаад өөрөө нэг морь унаад хөтлөөд явчихсан. Тэгээд хэсэг явж байснаа том тэнзэн ташуураар дааганы ард хөнгөхөн ташуурдсан чинь нөгөө даага чинь ухасхийгээд аваад шуугичихсан. Миний нүднээс нулимс гоожоод л. Тэгээд л хүний айдас гарчихдаг юм билээ. Түүнээс хойш би гэдэг хүн үүрийн таван жингээр хазаараа бариад гардаг ажилтай болсон /инээв/.
-Морь унах гээд л үү?
-Тэгэлгүй яахав. Өдөржингөө морь унаж, тэр хавийн айлуудын үхэр, малыг хариулаад уул, толгод даваад алга болчихно. Ямар сайндаа ээж, аав хоёрын маань санаа нь зовоод “энэ ерөөсөө болохгүй нь” гээд айхдаа цэцэрлэгт өгч байхав. Цэцэрлэгт явж, өдөр унтахаас залхаад, оргож цагаан халадтай хүүхнүүд араас хөөж байсныг одоо хэр мартдаггүй юм. Тэгээд ээж, аав хоёртоо “та нар миний үрээг надаас салгачихлаа. Би морьгүй цэцэрлэгт чинь явахгүй. Тэгж байгаад миний үрээг хулгайд алдчихвал яах юм” гэж хэлээд удаагүй байтал нээрэн үрээ маань алга болчихсон. Тэр үед аав маань “хүүгийнхээ үгэнд ордог байж” гээд харамсаж байж билээ. Миний морьтой холбогдсон түүх нэг иймэрхүү.
-Морь унах дуртай хүн зуны амралтаа хөдөө л өнгөрөөдөг байсан байлгүй?
-Зун бол тувт л морьтой давхина. Хичээлдээ ч гэсэн морь унаад л явдаг байсан. Ер нь тэр үеийн хүүхдүүд морь л унадаг байсан даа.
-Хурдан морь унаж  байсан уу?
-Наадамд хурдан морь унаж байгаагүй ээ. Унаа морь л унадаг байсан. Нэг үе сургууль соёл, ажил амьдрал гээд адуу малаас нэлээд хөндийрсөн. Харин сүүлийн хэдэн жилээс ганц нэг морь уяж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж байна даа.
-Үеийнхэн тань морь мал сонирхоод эхлэхээр үү?
-Ажил ч нөлөөлсөн. Би аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг хүн. Түүнийхээ хүрээнд адуу малаа цуглуулж байгаад аяндаа сэтгэл татагдаад явчихсан. Тэгээд ч манай бага дүү моринд их дуртай. Дүү маань манай мал аж ахуйг ерөнхийд нь хариуцна. Дүү морь уяад эхлэхээр би аяндаа татагдсаар байгаад л сүүлийн  хэдэн жил өөрийн нэртэй морь уралдуулж байна. 2007 оноос эхлээд хурдны чиглэлдээ анхаарч Сүхбаатар, Дорнодоос болон нутгийн Жаргалант угшилтай адуу авсан. Мөн манай галын зөвлөх, Тод манлай уяач Хэнмэдэх ахынхаа адуунаас ч авсан. Хэмээ ахын соёолондоо улсад түрүүлсэн сайхан хар морь байсан, хүмүүс сайн мэддэг. Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан Цэлхээгийн Бямбасүрэнгийн адуунаас ч авсан. Бямбасүрэнгийн өвөө, МУ-ын Алдарт уяач Довууч гэдэг хүний 1934-38 онд Улсын баяр наадамд таван удаа айрагдсан хулгар хээр азарга байсан. Одоогоор улс, бүсийн наадамд уясан морьдоо түрүүлгэж, айрагдуулаагүй ч хойд талын сумдаараа сайхан наадчихаад л байдаг юм. Морин жилийн шинийн гуравны билигтэй сайхан өдөр Баянчандмань суманд  болсон наадамд миний хонгор азарга түрүүлсэн. Шинийн есөнд миний хээр соёолон Угтаалцайдам суман аман хүзүүдсэн. Хонгор азарга маань Жаргалант угшилтай, манай унаган адуу. Даагандаа Угтаалцайдамын наадамд түрүүлж байсан. Мөн Партизан, Цээлийн уралдаануудад нэлээд хэд түрүүлсэн адуу.
-Ингэхэд Хэнмэдэх Тод манлайтай хэзээнээс хамтрах болсон юм бэ. Ер нь “Унаган ажнай” гал уяа хэзээ байгуулагдсан билээ?
-Хэмээ ахын хүү улсын начин Амараа миний доод талын дүүтэй нэг ангид сурч байсан. Түвшинсанаа болохоор миний бага дүү Батсайхантай найз. Найзууд нь дүүд “манай аавтай хамтарч морьдоо уяхгүй юу” гэж зөвлөөд, тэр дагуу дүүг маань очиход Хэмээ ах сайхан хүлээж авсан байсан. Ингэж бид нэг гал болсон юм.
-Хүрэн азарганы эзэн Бямбасүрэн уяач мөн танай галын гишүүн байх аа?
-Тиймээ. Тод манлай, Бямбаа хоёр эртний танилууд юм билээ л дээ. Тэгээд надад “Говьсүмбэрийн Бямбасүрэн гээд сайн уяач бий. Тэр хүнтэй танилцуулна аа” гэдэг байсан юм. Тэгсэн нэг өдөр Хэмээ ах Бямбааг дуудуулаад бид уулзаж танилцан, сайхан нөхөрлөх болсон. Бямбаа маань тэр үед Улсын наадамд морьдоо уралдуулаагүй, харин тийм зорилго тэмүүлэлтэй байсан үе.
-Гал байгуулсан тэр жилээ Улсын наадмаас айраг хүртсэн хэмээн хуучилж байсныг санаж байна?
-Тэгсээн. Тэр жил Бямбаагийн маань хүрэн азарга Улсын наадамд аман хүзүүнд хурдалж “бид уулзах ёстой хүмүүс байж. Зам мөр маань ч гэсэн нийлэх юм байна” гээд ихэд бэлгэшээж байлаа. Тэгээд галаа “Унаган ажнай” хэмээн нэрийдэж, цаашдаа дандаа унаган хүлгүүдээрээ уралдаж, амжилт гаргахыг бэлгэдэж байсан юм. Адууны чанар чансаа сайжирч, хаа сайгүй хурд тарсан энэ үед унаган адуугаараа амжилттай наадах амаргүй ч бид тийнхүү зорилго тавьсан юм. Тэгээд ч Хэмээ ах маань унаган адууныхаа амжилтаар Монгол Улсын Тод манлай уяач цолд хүрсэн цөөн хүний нэг. Бямбаа маань ч гэсэн унаган адуугаараа нааддаг.
-Галын гишүүний давуу эрхээр Тод манлайн халзан болон Бямбасүрэн гуайн хүрэн азарганы үр төлийг аваа байлгүй хэмээн таамаглаж байна?
-Тэр тэгэлгүй яахав. Манай галын хувьд хоорондоо үнэ хөлс, мөнгө төгрөг яриад байдаггүй, жинхэнэ сэтгэлээрээ ойлголцдог хүмүүс. Надад Тод манлайн халзан азарганы төл бий. Хүрэн азарга маань ид уралдаж байгаа залуу адуу учраас одоохондоо үр төлөөс нь аваагүй ээ. Яваандаа болох биз дээ.
-VI их хурлаар ММСУХ-ны тэргүүлэгчээр сонгогдсон. Холбооны бодлого тодорхойлолцож буй тэргүүлэгчийн хувьд, мөн моринд дуртай бизнесмений хувьд монгол уяачийн нэр хүндийг өсгөх, нийгэмд үүсээд буй таагүй уур амьсгалыг зөөллөх тал дээр юу хийх ёстой гэж боддог вэ?
-Маш товчхон хэлэхэд, Монголд төрсөн, монгол цустай хүн бол ойлгож ядаад байхааргүй асуудал. Нөгөө талаар Монголын ард түмэн эртнээс сайн сайхныг хүсч ерөөсөөр ирсэн, бэлгэ дэмбэрлээ дээдэлдэг улс. Урьд өмнө ч тийм байсан. Одоо ч тийм байгаа. Нийгэм цаг үеийн шаардлагаар мэдээж хуулийн зохицуулалт хэрэгтэй болж, хуульчилж байна. Энэ мэдээж зөв. Гэхдээ ёс суртахуун, хүний хүмүүжил гэдэг муухан хуулиас бараг илүү юм шүү. Айж ичдэг, эмээдэг, сүсэлж залбирдаг хүмүүс муу муухай зүйл хийж төвддөггүй. Харин түүнийгээ гээсэн хүмүүсээс юу ч гарч мэднэ. Тиймээс би хувьдаа энэ монгол наадам, морин уралдааныг хорьж цагдаж, хууль эрх зүйгээр далайлгаж байхаар уламжлал ёсоор нь явуулж байсан нь дээр гэж үздэг. Унаачдынхаа аюулгүй байдлыг хангаад, уламжлал ёсоороо хүүхдүүд нь унаад, наадмынхаа зохион байгуулалт дээр сайн анхаарч, уяачид холбоотойгоо хамтарч ажиллахад болно шүү дээ. Ер нь тэгээд энэ асуудлыг их яривал Монгол Улсын хувь заяатай хамаатай. Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ цаг үед монголчууд өөрсдийн гэсэн үнэт зүйлээ хамгаалж үлдэх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж л туурга тусгаар улс байж чадна. Томчууд нь машин мотоцикль хөлөглөөд морь унахаа байсан. Одоо ингээд багачуулыг нь морь унуулахаа больчихвол Монгол Улс, монгол хүн хятадуудаас юугаараа ялгарах юм бэ.
-Морь унаж эдлэх гэдэг том соёл үнэхээр үгүйлэгдэж байгаа шүү?
-Морь эдлэх гэдэг нарийндаа Монголын хамгийн том соёл юм шүү дээ. Энэ тал дээр манай Төв аймаг ноёлох болов уу гэж би хувьдаа боддог. Жишээлбэл, манай аав намайг багад морь хэрхэн чөдөрлөх талаар зааж зөвлөхдөө “хөлд нь суу, миний хүү. Хөлд нь суухгүй бол морь хэзээ ч баригдахгүй” гээд заавал суулгадаг байсан. Жаахан хүүхэд болохоор эхэндээ мэдээж айж эмээнэ. Яваандаа айхаа байчихна. Цаашлаад морин дээрээ яаж мордохов, жолоогоо ямар хэмжээтэй барьж явахав гээд энгийн юм шиг хэрнээ их чухал зүйлүүдийг нэг бүрчлэн зааж өгдөг байсан. Дөрөө богино байх ёстой. Урт дөрөө морийг зовоодог гэж захина. Нээрэн ч богино дөрөөн дээр хүн босоод явдаг болохоор моринд зүдэргээ багатай байна шүү дээ. Мориныхоо дэлийг сумалж засна. Морь унаж явахдаа дээлийнхээ хормой хотыг сайн хумиж янзал гэж захина. Мориноосоо буугаад уяхдаа заавал жолоог нь хойд ганзаганых нь сураар дарж татна. Морио уяхдаа тооно туш гэнэ. Ингээд ярихаар хүн болгон мэдэх энгийн юм шиг хэрнээ хүмүүс мэддэггүй юм билээ. Өнгөрсөн жил манай жуулчны баазад гадаадын зочид ирээд морь унахаар боллоо. Тэгсэн тэдэнд зааж зөвлөөд өгөх хүн олдохгүй байна гэхээр нь би өөрөө очсон юм. Тэгээд 30 минут хэртэй яриад зааж зөвлөтөл нөгөө голландчууд чинь бүр сонирхоод сүйд болсон. “Та хаана сургууль төгссөн юм” гээд л. Тэгэхээр нь монголчууд багаасаа морь унадаг. Үүнийг манай аав зааж өгсөн гэсэн чинь “гайхалтай юмаа” гээд толгой сэгсэрч байна билээ.
-Аавыгаа морь унаж эдлэхдээ гаргуун байсан талаар хэд хэдэн удаа дурдлаа. Таныг гайхашруулсан зарим нэг жишээнээс хуучлаач?
-Аав нэг найзтайгаа хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сум орж, адууг нь олж ирэхээр боллоо. Манайх аавын унадаг нэг сайхан халтар морьтой. Түүнийгээ аав унасаар байгаад нэлээд шавхруулчихсан. Тэгэхээр нь  би аавд хэллээ, “Та наад морьтойгоо явж яах юм бэ. Аягүй бол замын дундаас буцах юм болно” гээд. Тэгсэн аав “миний хүү, харж байгаарай айлтгүй. Аавынх нь халтар морь эргээд толгой хаялаастай ирнэ” гэж байна. Уг нь тэр халтар морь байнга толгой хаялж, хазаар дарж явдаг адуу л даа. Ингээд аав ганц халтар морьтойгоо. Харин нөгөө найз нь хоёр морьтой яваад өглөө. Яваад сар гаруй боллоо. Би санаа зовоод болдоггүй. Тэгсэн нэг өдөр ирсэн чинь халтар морь уяатай байж байна. Хөлс нь хатчихсан, ухархай нь ширгээд нэлээд шавхарчихсан. Тэгсэн хэр нь аавын хэлсэнчлэн толгой хаялаад зогсож байж билээ.
-Нөгөө хүний морьд яасан бол?
-Гэртээ ороод “халтар морь ч гайгүй яваад ирж, нөгөө хүний морьд гайгүй юу” гэтэл, “Морь унахдаа барагтай юм. Хоёр морь нь цээжээ авчихаад ирсэн” гэж билээ. Тэгэхээр морь зөв унаж эдэлнэ гэдэг их чухал байгаа биз.
-Тэгэлгүй яахав?
-Аав маань “хөл хөнгөнтэй эргэлдээд байдаг морин дээрээ сэп хийтэл мордож чадахгүй л болж байгаа бол хүү минь, тэр хүн бурхны оронд очих нь нь ойртсон гэсэн үг” гэдэг байж билээ. Монголчууд морин дээрээ төрж, морин дээрээ амьсгал хураадаг гэдгийг л тэгж хэлдэг байсан байх даа.
-Монгол наадам төрийнхөө ноён нурууг илэрхийлдэг гэлцдэг. Өөрөөр хэлбэл, төр төвшин байсан он жилүүдийн баяр наадам элдэв будлиангүй байдаг бол төр хямарч, гуйвж дайвсан он жилүүдэд морь дутуу эргэхээс эхлээд будлиантдаг хэмээн А.Баярмагнай доктор ярьдаг. Та түүхч хүн шүү дээ. Тийм зүйл ажиглагдах юм уу?
-Холбоотой байлгүй яахав. Тиймээс л монголчууд бид үүх түүх, үндэсний баяр наадамдаа хүндэтгэлтэй хандах учиртай. Чингис хаан Тангад улсыг байлдан дагуулахаар явахдаа хулан агнаж яваад унасан газар нь одоогийн  Өмнөговь аймгийн Булган суманд бий. Түүхчдийн тодорхойлсон тэрхүү газарт би гэрэлт хөшөө босгосон. Түүхийн гэрч болсон тэрхүү газрыг дархлахын сацуу өв соёлоо л хамгаалж байгаа хэрэг юм л даа. Тухайн үед тэнд гэрэлт хөшөө босгуулахгүй гээд зарим хүн эсэргүүцээд байсан чинь, урантай байсан юм билээ л дээ. Хэрвээ тэгж тамгалж аваагүй байсан бол хятадуудын мэдэлд ороод, ухаж төнхөөд эхлэх байсан биз. Монголчууд бид өөрсдөө Монголынхоо өв соёлыг хамгаалж байхгүй бол нэг л өдөр устана шүү дээ. Ардын зураач Гунгаасүх ах “Тэр их байлдан дагуулалтыг хийж, дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны үеэс сэтэрхий зүү, сиймхий самбай ч үлдээгээгүй ард түмэн дээ, бид” гэж хэлж байсан. Гашуун ч гэсэн үнэн үг шүү. Би өөрөө аялал жуулчлалын бизнес эрхэлдэг болохоор маш сайн мэдэж байна. Манай төр засаг соёлын өвөө хайхардаггүй. Түүнийгээ хамгаалж байгаа хүмүүсийг  дэмждэггүй. Их хааны өлгий, эртний түүхт нутгийг гадныхан их сонирхдог. Гэтэл дэд бүтцийн асуудал маш хүндрэлтэй. Онгоцны үнэ хэт өндөр. Зочид буудлууд нь үйлчилгээ муутай. Бидний энэ байдлыг хятадууд овжин ашиглаж, “Монголыг үзье” гэсэн жуулчдыг таатай нөхцөлөөр урьж авчраад Өвөрмонголоо үзүүлчихээд л буцааж байна. Хөх хотынхоо цаана Чингисийн онгон гээд бүхэл бүтэн цогцолбор барьчихсан. Тэгээд Хятадынхаа телевизээр түүнийгээ байнга рекламдаж олон улсын жуулчдыг татаж байна шүү дээ. Энэ мэтчилэн яриад байвал олон зүйлийг хэлж болно. Тиймээс залуус минь өв соёлоо дээдэлж, уламжлалаа даган Монголоо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.
-Маш сайхан захиас байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
-Ерөөл орших болтугай. Та бүхний ажил үйлс ч морин жилд өөдрөг бүтэмжтэй байж, хурдан тууртын босоо цагаан хийморь ивээх болтугай.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна