Монгол адуугаа хүндэтгэн шүтэх, Монголын морин уралдааныг өмөөрөх шалтгаан

2014 оны 4-р сарын 21 -нд

Миний бие жирийн л малчин, уяач хүний хүү, дунд сургуулийн багш, Монголын олонх эрчүүдийн адил моринд дуртай, өөрийнхөө хэмжээнд хурдан морио хайрлан дээдэлж уяж сойдог жирийн л монгол хүн. Би жирийн л монгол уяачдын адил монгол үндэстний бахархал, түүхийн асар том гэрч, соёлын өв болсон монгол адуу болон Монголын морин уралдааны талаар, өнөөгийн хэсэг бүлэг иргэдийн дутуу дулимаг ойлголт, өнөөдрийн морин уралдаан яагаад хэрүүл, хэл ам дагуулаад, нэр хүндгүй болоод байгаа, эцсийн бүлэгт Монголын өв соёлыг хадгалж түгээж авч яваа жирийн уяачид, малчид хохироод байгаад харамсаж өөрийн өнцгөөс, хувь хүнийхээ талаас үзэл бодлоо сийрүүлэхийг зорилоо. Гэхдээ хэн нэгнийг буруутгаж, бусдын хийж буй ажлыг үгүйсгэхийг зорьсонгүй.
Газар зүй болон түүх, өв соёл талаас
Монголын газар нутаг нь хойд хэсгээрээ ой шугуйтай авч ихэнх нутгийг ус чийг дутмаг говь цөл эзэлдэг тул нүүдэлчдэд бүр анхнаасаа суурьшмал амьдрал, газар тариалан хөгжөөгүй. Далайгаас асар хол, Сибирь, Хянганы нуруу, Алтайн уулсаар далайн чийглэг агаараас таслагдсан байгаль цаг уурийн асар догшин ширүүн уур амьсгалтай, өвөл зуны бараг нэмэх, хасах 100, өдөр шөнийн 20 хэмийн зөрүүтэй. Далайн чийг энэ газарт ирж чадахгүй хүрээлсэн уул нуруудад шимэгдчихдэг учир том гол мөрнөөр дутмаг, ихэнхдээ говь хээрийн бүс зонхилох. Далайн түвшнээс 1000 гаруй метрт өргөгдсөн учир агаарын даралт маш сийрэг, нийт дундаж өндөр нь 1580 метр ба 1000-аас доош метрийн өндөрлөгтэй газар нь нийт нутгийн дөнгөж 18-хан хувийг эзэлдэг манай гариг дээрх ховор цэгийн нэг.
Ийм учраас энэ газар оронд хүн нутаглаж эхэлсэн цагаас ан гөрөө, мал аж ахуй эрхлэхээс өөр арга байсангүй. Тэр тусмаа уналга эдэлгээний зориулалтаар адууг гаршуулж, хагас зэрлэг байдлаар адгуулж аж ахуйдаа хэрэглэх болсон нь ойлгомжтой. Монгол адуу бол тухайн орны цаг уур, газар зүйн байрлалд гайхалтай зохицсон намхан боловч хүдэр чиирэг биетэй, гайхалтай тэсвэр тэвчээртэй амьтан.
Монголчуудын адууны соёл бусад улс үндэстнээс нэн эрт гэдгээр ялгагдана. Оросын жуулчин Пржевальский анх шинжлэх ухаанд тодорхойлж оруулсан зэрлэг тахийг өнөөгийн адууны өвөг гэж үздэг ч энэ нь нотлогдоогүй, хромсомын хувьд таарахгүй гэж олонх эрдэмтэн санал нэгдсэн байна. Тэгэхлээр адуу судлаач эрдэмтдийн нотолж байгаагаар Equus gmelini буюу Тарпан хэмээх зэрлэг адууг 5000-6000 жилийн өмнө талын нүүдэлчид анх гаршуулж, уналга эдэлгээ, аж ахуйдаа хэрэглэж эхэлсэн байна. Тэгэхлээр та бүхэн юм болгоныг Монголынх болгох гэж туйлширсан нөхдүүдийн өрөөсөн гэж бүү ойлгоорой. Учир нь бид бүгдийн өвөг дээдэс ийм л түүхтэй байж. Монгол газар нутаг дээр улс төрөө байгуулж байсан өвөг дээдсүүдийн болон Монголын түүхийн мандан бадралт, унан доройтолт гэх мэт түүхийн агуу гайхамшгууд, мөн хүнд хэцүү, асар их жаргал зовлонг монгол морь монгол хүнтэй хамт туулж хань нөхөр, амин сүнс нь байсаар ирсэн. Иймдээ ч өвөг дээдэс минь төрийн сүлд, төрийн эрдэнэ гэх мэт аль шүтэн дээдэлдэг, нандин бүхэндээ морийг дүрсэлж, дээдэлж ирсэн биз. Яг үнэндээ бол монголчуудад морь байгаагүй бол өнөөгийн Монгол Улс байх ч уу, үгүй ч үү. Дэлхийн түүхэнд талын монголчууд, нүүдэлчид гэсэн улбаа зурайгаа ч уу, үгүй ч үү. Агуу Цагаан хэрэмийг монголчуудаас айсандаа гэхээс илүү монгол мориноос айсандаа байгуулсан гэвэл зохилтой. Монголчууд болон эртний нүүдэлчид морьтой байсан учраас л агуу байсан. Эртний Перс, Европын түүхэнд Зэв, Сүбэйдэйн цэргүүд мориныхоо ядарч цуцахгүй, шаламгай хурдан маневрлах чадварт тулгуурлаж байлдааны тактекаа боловсруулдаг байсныг дурдсан байдаг. Монгол морь дэлхийн аль ч улс үндэстний, аль ч үүлдрийн адууны очоогүй газар очиж, гараагүй оргилд гарч чадсан. Европ, Ази тивийг бүхэлд нь туулж Газар Дундын тэнгис хүрсэн. Мөн Альфын нуруунд хүрч 45-50 хэмийн хүйтнийг, Хорезмын элсэн цөлийг хойноос нь урагш нэвт туулж 40-45 хэмийн халууныг, Төвдийн өндөрлөгийг давж тэр асар өндрийн (мах буцалгахад болдоггүй) сийрэг агаарыг тэсвэрлэж туулж чадсан. Өнөөдөр бид машин унаж, байранд амьдарч, эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол Улс байхын үндэс суурийг өвөг дээдэстэй минь хамт монгол адуу босголцсон юм шүү. Бид монгол адууг хүндлэхгүйгээр дорд үзэх, зөвхөн өмч хөрөнгө талаас хүлээж авах, зүгээр л адгуус гэдэг утгаар ойлгож хандах эрх байхгүй. Бурхны шашинд адууг хүнтэй адилхан сэтгэлтэй зөнтэй амьтан гэж үздэг. Миний бодлоор энэ үнэн юм шиг санагддаг. Ялангуяа, монгол адуунд гайхалтай ил тод байдаг чанаруудыг дурдаж болно. Жишээ нь, монгол адуу үрсэн төлсөх, эхсэх, ижилсэн сүрэглэх, нуггаа санагалзах, бэлчээр нутгаа сонгон нутагшин зохицох, алсаас эх нутаг руугаа эгэж гүйх, байгаль, цаг агаарын огцом өөрчлөлтийг урьдчилан мэдэрч нөмрөх аюулаас дайжин зайлах, азарга нь тодорхой тооны гүү хураах, өөрийн охин үр төл, илүү байдсан гүүг сүргээс хасах, сүргээ дайснаас хамгаалж тэмцэх, морьдоо хөөх, дагуулах, унаган эзнээ таних, элдэв нарийн эдэлгээ, зан араншинд сурах зэрэг маш олон зүйлийг дурдаж болно.
Монголын морин уралдааныг өмөөрөх тухай
Эртний олдвороос ан ав хөөж гүйцэх шандастай хурдан морийг уралдуулж шалгаруулдаг байсны ул мөр сүг зураг олон байдаг байна. Тэгэхээр морин уралдаан гэдэг спортыг дэлхий дээр анх бидний өвөг дээдэс бий болгосон юм биш байгаа гэсэн бодол төрдөг юм. Археологийн үнэт олдворууд, Монголын үндэсний спортын талаар их түүхийг өгүүлдгийн жишээ одоогоос ойролцоогоор 3000 шахам жилиин тэртээд эртний Хүннүчүүд найр наадамд түрүүлсэн хурдан хүлэг мориндоо эрхэм цол өгч байжээ. Монголын эртний гүрэн Кидан (VII зуун) улсын эхэн үеийн зураач Бэсүдэний зурсан “Сум талбисан нь” зурагт морь уралдуулахыг өнөө үеийнхтэй төстэй, үнэмшилтэй зурсан байгаа нь тухайн үеийн хүмүүс морь уралдуулдаг байсны бодит гэрч юм. Эртний дурсгалт бичиг “Жангарын тууль”-д морины хурдыг, “Хөнгөн тэмүүлэх морь нь хүний бодлоос дэлэм хурдан, хуй салхинаас алд хурдан” гэж шагшин бичсэнээс үзэхэд монголчууд нэн эртнээс хүлэг мориороо уралдаж ирсэн нь илт байна. Мөн "Түмний эх " дууны үүслийн тухай Галдан туслагчийн зохиосон "Эрдэнийн эрхи"-д " 1697 оны даншиг наадамд Бонхор Донир гэгч ганц цагаан морио уяж засаад, олон хурдтай уралдуулахад тэр морь нь түрүүлжээ. Дархан Чин ван үүнд баясаж Донирын ганц цагаан моринд зориулан "Түмний эх " гэдэг шүлэг зохиож найр хөгжөөснөөр наадам найрын сүлд дуу үүссэн гэдэг. Тэр үеэс түрүүлсэн морийг цоллож "Түмний эх" гэдэг цол олгодог уламжлал бий болжээ.
Ийнхүү монгол хүн хүлэг сайн морио бусдаас давуу, угаас сэргэлэн, ухаан золбоолог ид шидтэй амьтан мэт өгүүлэхийн хамт, эр хүний жинхэнэ хань нөхөр болохыг магтсан нь тоймгүй билээ.
Өнөөдөр яагаад хэсэг бүлэг нөхөд морин уралдааныг шахан гадуурхаж элдвээр дайрч, хийх ажилгүй улсын адгуусаар наадсан бүдүүлэг тоглоом, хүүхдийн эрхийг зөрчсөн аль болох өөдгүй зүйл мэтээр ярьж, нийгэмд тийм ойлголт төрүүлж Монголыг маань, малчин ардыг маань өв соёлгүй, бахархах бахархалгүй, наадам цэнгээнгүй болгохыг зориод байна. Морь уралдах монгол баяр наадмын тухай хууль байсаар байтал яагаад хуулиас дээгүүр эрх мэдэлтэй төрийн бус байгууллагууд гараад ирэв. Яг үнэндээ монгол морин уралдаан юу нь гайхамшигтай юм. Монгол морийг монгол хүүхэд унаж, ирэх очихын 50 км замыг туулж уралдаж байгаа нь л гайхамшигтай юм шүү дээ. Монголчууд, монгол хүүхэд морио унасаар л, уралдсаар л ирсэн. Тэр байтугай дэлхийн хөгжилтэй олон орон морь унахын ач тусыг ярьж, эмчилгээнд хэрэглэж байна. Хамгийн наад захын жишээ гэвэл Орост хүүхдүүдийн дауризмын өвчнийг морь унуулж эмчилж байна. Морины хөдөлгөөнд хүний биеийн асар олон идэвхгүй булчин, мэдрэлийн судсууд хариу үйлдэл үзүүлж сэргээгдэж байна. Өнөөдөр биднээс 40, 50 жилээр хөгжлөөрөө түрүүлээд явчихсан улс үндэстнүүд уламжлалт ахуйгаасаа холдох нь буруу юм байна гэдгээ ухаарч нэгэнт 100 хувь хотожсон иргэдээ буцаагаад ахуй руу нь ойртуулах гэж ядаж байна. Ийм бэлээхэн гашуун сургамж байсаар байхад яагаад биднийг уламжлал ахуйгаас нь холдуулах гээд зүтгээд байна. Энэ бүхний цаана хар элэгтэй хүмүүсийн явуулга буюу монголчуудыг наадах наадамгүй, бахархал омогшилгүй сул дорой болгох гэсэн бодлого юм биш биз. Морин уралдааныг хорьсноороо хүүхдийн эрхийг хамгаалж байна гэж ойлгож байна уу. Үгүй. Би бага байхдаа унаач байж хурдан морь унаж уралдахын баяр бахадлыг сэтгэл зүрх, бие махбодоороо мэдэрч явсных нэг зүйлийг бардам хэлж чадна. Монголын хурдан морь унадаг унаач хүүхэд бүрээс морин уралдааныг хорьсноор та нарын эх хамгаалагдаж байна уу гэж асуувал бүгд зөрчигдөж байна гэж хариулна. Монголын морин уралдаан нь үндэсний дархлаа, “Capital” байх болно гэж зориуд хэлье. Морь унадаг хүүхэд дасан зохицох, хатуужих, дархлаа өндөрсөх, эрүүл саруул байх гэх мэт маш олон давуу талтай болохоос гадна ойлгож мэдэх, сурах чадвар өндөртэй байдаг. Та бүхэн машины ослоор хүүхэд бэртээд нас бараад байна, машин унахаа больё гэчихээч. Харин ч хотын агаар цэвэрхэн болно.
Дээрээс нь үүлдэр тогтоох гэсэн ойлголтын талаар хувийн бодлоо хэлье.
Зарим хүн Монголд ерөөсөө л монгол адуу байсан, эрлийз адуу уралдаж байгаагүй мэтээр ойлгоод байна. Монголчууд эрт дээр үеэс адууныхаа үржлийн чанарт анхаарч цус холих, эрлийзжүүлэх ажлыг хийсээр л ирсэн. 1234 оны луу жил Өгөдэй хаанд одоогийн Германы нутгаас элч илгээж баруун Европыг бүрэн эзэллээ гэсэн мэдээг морин өртөөгөөр явуулж тухайн үеийн хэний ч санаанд багтамгүй (30км тутамд өртөө байна. Өртөөнөөс өртөөний хооронд морины гүйхүүцээр морио сольж унаад, хүн нь солигдоод өдөр шөнөгүй довтолгоход) гайхалтай хурднаар буюу сар хүрэхгүй хугацаанд мэдээ ирж. Хариуд нь Өгөдэй хаан тухайн газар орныг хариуцан захиран суухыг зарлиг болгож элч явуулахдаа жил бүр торго дурдан, эд таваар, сонин содон зүйлээс гадна урт хөлтэй өндөр хүзүүтэй морьдыг үлэмж хэмжээгээр Хархорумд хүргүүлж байхыг зарлигджээ. Мөн 1264 онд Хубилай хаан Адууны яам байгуулж хөрш зэргэлдээ ханлиг улсуудаасаа адуу авчруулж эрлийзжүүлж сайн үүлдрийн адуу гаргаж авч, дайны агтаа тусад нь ялгаж, одоогийн Солонгосын Чежү арал дээр адгуулдаг байж. 1930-аад оны сүүлчээр Дон, Орлов үүлдрийн 50 шахам азарга оруулж ирж морин заводын суурийг тавьж байсан зэрэг монголчууд эрт дээр үеэс өнөөг хүртэл адууныхаа үүлдэр угсаанд анхаарсаар ирсний жишээ байна.
Тэгэхлээр эрлийзжүүлж, учир утгатай менежменттэй ажилласны буруу гэж байхгүй байх гэж хувьдаа бодож байна. Нэгэнт уяачдын дийлэнх масс цэвэр монгол адуутай учир эрлийз, монголоор ялгах ойлголт зайлшгүй бий. Гол нь үүлдэр тогтоох нэрээр будилаан хутгаж монгол адуугаа эрлийз болгон хасч, хасах ёстойдоо хувийн амбицаар хандах асуудал гарч байна. Энэ будилаан хутгаандаа гол нь хэн ч тайлбар хийхгүй, хариуцлага хүлээхгүй ийм балай тогтолцоо байсаар байна. 2013 онд Өвөрхангайн шүтээний наадамд Алаг-Уулын хар морь гарцаагүй л түрүүлж байсан. Олон хүн онлайнаар бичлэгийг нь тарааж, олон хүн эсэргүүцэж хэрдээ л юм болж байсан. Үүний хариуд хэн ч тайлбар хийгээгүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрсөн. Архангайн 90 жил, Хангайн бүсийн наадам бас юу боллоо. Эцсийн бүлэгт уяачид хохирч байна. Уяачдын холбоо тэр хохирч байгаа уяачдын төлөө яагаад ажиллахгүй дуугүй өнгөрөөд байгаа юм. Энэ бүгдээс морин уралдааны нэр хүнд асар унаж, монгол наадам утгаа алдаж, хэдэн баячууд морь уралдуулж будилаан хутгадаг гэсэн ойлголт нийгэмд газар авч байна. Энэ жилийн “Дүнжингаравын хурд-2014” уралдаан ч ярих асуудал ихтэй болсон нь харагдсан.
Морин уралдаанаа зохион байгуулах журмаа яг таг боловсруулж, түүнийгээ ягштал мөрдөөд уралдаанаа явуулж яагаад болохгүй байгаа юм. Өнөө үе шиг техник, технологи хөгжөөгүй эрт үед хүртэл монголчууд морин уралдааныхаа журмыг боловсруулж, мөрдөж будилаангүй наадмаа явуулдаг байсны жишээ  ч байна шүү дээ. Яагаад дүрмээ батлаад, зөрчигдвөл үүрэх хариуцлагыг нь боловсруулаад гаргачихаж болдоггүй юм. Яг үнэндээ өнөөгийн уяачдын холбоо болон Баяр наадмын тухай журам 1709 оны үеийнхээс муу байна гэж хувьдаа үзэж байна. Олон залуу уяач надтай адил бодолтой байгаа байх.
Анх XII жарны шороон үхэр жил /1709/-ийн зуны дунд сарын 28-ны учрал тохиосон сайн өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүгэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны их цааз нь "Халх журам" гэж алдаршжээ. Энэ цаазад хурдан морь уралдуулах 20 шахам заалтыг "нэгэн зүйл" хэмээн багцдан тогтоосон байна. Үүнээс тоймлон сийрүүлбэл:
1. Морь уралдахад засуулаас гадна дөрвөн сайдаар гэрч тавих.
2. Гэрч сайд тэмдэг авч очоод уралдах хэмжээний газарт хурч, тэрхүү тэмдгээ ил гаргамагц уралдах.
3. Тэмдэгт газарт хүрэлгүй зуураас уралдах ахул засуул ноёноос морь, таж тавнангаас үхэр, энгийн засуулаас хониор торгох.
4. Засуул гутуулаас гадна зарлиггүй хүн очхул унасан морийг авах. Дутуу авчирхул хээрийн баянаас гүйцээж аваад, гадна нэг мориор баалж авах
5. Түрүүлж ирсэн морь удаах мориноосоо бүхий л биеэ өнгөрөхүл гарсанд тооцох. Харин уралдагч морины зарим бие үлдсэнийг гарсанд тооцохгүй.
6. Уралдсан морины биеийг цохихгүй.
7. Уралдах хүүг их, бага гэхийн алийг эзний дураар мэдтүгэй
8. Ах настай морийг доош оруулж уралдахгүй. Дүү настыг дээш ах насанд оруулж уралдахад гэмгүй гэх мэт журам багтсан байна.
Мөн хурдан морины үнэ аль ч нийгэмд өндөр байсны жишээг дурдсан байна. Турүүлсэн их нас, соёолон морийг ноёд худалдаж авах бол нэг тэмээ, найман адуу хайрлаж авна. Түрүүлсэн хязааланд нэг тэмээ, зургаан адуу, тэргүүлсэн шүдлэнд нэг тэмээ, дөрвөн адуу, тэргүүлсэн дааганд нэг тэмээ, хоёр адуу өгч авч бай гэх мэт хуультай байж.
Ер нь хурдан хурц адууны үнэ ханшны талаар нилээд мэдээлэл байдаг л даа. Гэхдээ голчлон баримт сэлт дээр тулгуурласан биш, ам дамжиж яригдаж ирснээр бол Нүцгэн зээрд гэдэг морь 80 лан алтаар худалдагдаж байсан гэх зэрэг. Мөн Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ нэг удаа ярьж байсныг мэдэх юм байна, хурдан морь өөрөө ханшаа тогтоодог гэж.
Ж.Цэнд-Очир

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.