Ч.Мөнх-Эрдэнэ: Дэлхийн хамгийн алдартай гитарчид өрсөлдөж тоглодог тэр гайхамшигтай аялгууг эгшиглүүлэхийг хүсдэг

Батсайхан
2014 оны 4-р сарын 01 -нд

-Олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэж, завгүй байхад тань төвөг удсанд уучлаарай. Ямар тэмцээнд оролцохоор зэхэж байгаа юм бэ?
-ОХУ-ын Улаан-Үд хотноо гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжлэх олон улсын хөгжимчдийн уралдаан байгаа юм. Хоёр жил тутам зохиогддог энэхүү уралдаанд энэ жил Орос,Монгол, Хятад, Солонгос гэсэн дөрвөн улсын хөгжимчид ур чадвараа шалгах  юм билээ. Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс надад шүүгчээр оролцооч гэсэн хүсэлт тавьсаных нь дагуу явах гэж байна. Дээр нь өөрийнхөө хоёр шавийг “сойж” байгаа учраас зав багатайхан л байна.
-Таныг удаан саатуулахгүй ээ. Ятгачин хүн ямар чадвартай байх ёстой вэ. Та жишээлбэл, шавь нараасаа юуг шаарддаг вэ?
-Хөндлөнгөөс харахад ямар ч хүн дуугаргаж болох юм шиг санагддаг байх. Очоод тогшиход ямар нэгэн ая аялгуу гараад байх шиг санагддаг биз дээ.
-Голыг нь олж хэллээ. Нээрэн тийм шүү.
-Гэтэл яг нидэр дээрээ хэцүү хөгжим. Маш их хөг хөглөгөө шаарддаг. Хувь хөгжимчнөөс хурд, хүч шаардана. Бусад хөгжмийн зэмсэг, морин хуурыг гэхэд л нэг удаа хөглөчихөд хичнээн ч зохиол тоглож болно. Ятга бол тийм боломжгүй. Зохиол болгондоо тохируулж хөглөдгөөрөө онцлогтой. Тэр утгаараа хөгжимчнөөс маш их ур чадвар мэдрэмж шаарддаг. Би үүнийг л шавь нараасаа шаарддагдаа.
-Та хөгжим тоглож байхдаа нэг тийм донжлог, тэгсэн хэрнээ бардам гэмээр төрхтэй болчихдог. Бусдаас ялгарах хэв маяг уу?
-Энэ асуултыг уулзсан сэтгүүлч бүр л асуудаг.
-Миний асуусанчлан таны илэрхийлэмж болж чадсан гэсэн үг байх л даа?
-Тэр бүрт би юу гэж хариулахаа мэддэггүй юм. Миний сэтгэл хөдлөл тийнхүү илэрдэг байх. Түүнээс би зориудаар тэгдэггүй л дээ. Тэр хөгжмийг тоглож байхдаа мэдэрсэн байдлаа л илэрхийлж буй байдал. Урлагийн хүн эмоцио гаргаж байх хэрэгтэй. Түүнийг илэрхийлэхгүй, мэдрэмжгүй байвал үзэгчдэд ч гэсэн тэгтлээ хүрэхгүй шүү дээ. Миний хувьд хөгжим тоглож байх үедээ түүндээ зүрх сэтгэлээ зориулж, бүрэн эзэмдүүлдэг. Магадгүй тиймээс  би өөрийгөө анзаарч, хянах боломжгүй болдог байх.
-Мөнх-Эрдэнэ хэмээх нүдээрээ инээсэн бүсгүй ятга гэдэг хөгжмийн үнэ цэнийг мэдрүүлсэн гэж би хувьдаа боддог.Түүнээс өмнө ардын хөгжмийн нэгэн төрөл зүйл. Бусдадаа хөг нэмсэн “даруухан” нэгэн зэмсэг байлаа шүү дээ?
-Баярлалаа, ингэж үнэлж байгаад. Бараг дунд сургуульд байхаасаа л гоцлол хөгжмийн номер үзүүлдэг байсан байх. Тэгж байгаад сургуулиа төгсч, гадагшаа яваад тэндээ ардын урлагаа сурталчлах чиглэлээр нэлээд олон жил ажилласан. Урлагийн үнэ цэнэ буурч, уран бүтээлчид маань хөл алдаж  байх тэр хүнд үед бидний хэдэн нөхөд уран бүтээлээсээ огтхон ч хөндийрөөгүй. Харин ч дэлхий дахинд монгол ардын урлагаа сурталчилж явсан. “Бөртэ” хамтлаг маань маш олон төсөл болон  томоохон арга хэмжээнүүдэд оролцож эх орныхоо нэрийг гаргаж байлаа. Та бүхэн сайн мэдэх байх. “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там” зэрэг Оскарт нэр нь дэвшиж байсан алдартай кинонуудын хөгжмийг бид тоглосон. Ер нь “Бөртэ” хамтлаг ардын урлагт цоо шинэ өнгө төрх бий болгосон гэж би хувьдаа боддог. Бид ардын хөгжмөөр жааз, хип хоп гэдэг ч юм уу, өөр урсгал чиглэлийн уран бүтээлүүдийг тоглож эхэлсэн.
-Ардын уламжлалт буюу олон зуун жилийн турш тогтсон  хэв  шинжит урсгалыг өөрчилнө гэдэг эрсдэлтэй. Тэр утгаараа эмээж байсан уу?
-Эхэндээ үзэгчид яаж хүлээж авах бол гэдгээс айж, эмээж байснаа нуухгүй ээ. Шинэ зүйл ямагт хоёр талтай шүү дээ. Тэр утгаараа эмээж байсан уу гэвэл тийм. Гэхдээ бид их зоригтойгоор тоглолтоо хийхээр шийдсэн. Дуурийн театрт болсон тэр тоглолт үзэгчдээр дүүрэн, алга ташилтаар цалгисан сайхан тоглолт болж, бидний зөв байсныг нотолсон доо. Тоглолтын дараа үзэгчид, бүр урлаг судлаачид ардын урлагт цоо шинэ тэсрэлт хийжээ хэмээн биднийг үнэлсэн шүү.
-Та бүхний урсгал стилиэр тоглодог хамтлагууд ч олноор төрөн гарсан?
-Тэгсээн. Олон хамтлагууд төрөн гарсан байна.
-The Mongolian Live Sessions төсөлд оролцох саналыг анх хэн тавьсан бэ? Youtube-ийн олон үзэгчтэй бичлэгүүдийн нэг болсон байна лээ?
-Би дуучин Цэлмүүний хурим дээр хоёр ятгатай номер тоглосон юм. Тэгэхдээ анх Дэлгэрмөрөнтэй танилцсан. Тэгсэн хуримыг зохион байгуулагчдаас миний утсыг авсан байна лээ. Надтай эргэж холбогдоод миний “Чандмань эрдэнэ” дуун дээр ятгын сайхан эгшиг өргөөч гэсэн санал тавьсан юм.
-Тэгвэл “Уянга цагаан хуруу” та хоёрын хувьд анхны уран бүтээл биш юм байна шүү дээ?
-“Чандмань эрдэнэ” дуун дээр ятгын аялгуу чимэглэх маягаар орсон. Рагу анх The Mongolian Live Sessions төсөлд оролцох саналыг тавихад өмнөхийн адил л оролцох юм байх гэж бодож байтал понограммгүй шууд  амьдаар тоглож, Дэлгэрмөрөн дуулна гэсэн. Рок попын дуучинтай гэхээр яг үнэндээ эхлээд жаахан гайхсан. Бас нөгөө хүн маань дуртай байгаа ч билүү, үгүй ч билүү гэж бодоод Рагуд санаагаа хэлтэл “Дэлгэрмөрөн өөрөө таныг санал болгосон” гэсэн л дээ. Тэгээд та болно гэж бодож байгаа бол бид үзээд алдъя гээд дууны сонголтдоо орсон.
-Дууны сонголт оновчтой болсон гэж боддог шүү?
-Эхэндээ ч бид хоёрын санаа зөрөлдөөд л байсан л даа. Дэлгэрмөрөнгөөс шал өөр санаа гарна. Би болохоор хөгжмөө мэдэж байгаа болохоор түүндээ тохирох дууг сонгочих гээд нэлээдгүй ярилцсан.
-Нэг нь дуучныхаа хувьд, нөгөө нь хөгжимчнийхөө хувьд хараад байжээ дээ?
-Яг тэгсэн. Дэлгэрмөрөн маань гоё дуулах талаасаа бодоод  байдаг. Би болохоор хөгжим гоё сонсогдох талаасаа бодоод байдаг. Тэгж байгаад би “Уянга цагаан хуруу” дажгүй юм биш үү гэсэн чинь Дэлгэрмөрөн ч дэмжсэн. 2-3 удаа давтаад л шууд бичсэн гэхэд сайхан уран бүтээл болсон. Дэлгэрмөрөн маань үзэгчдийн зүрхэнд хоногштол дуулж чадсан. Ер нь их чадвартай залуу байна лээ.
-Үзэгч, сонсогчид уран бүтээлийг тань таашаан байгаа энэ үед багшийн алба хаших болсон нь эртэдсэн сонголт гэж бодогддоггүй юу?
-Наад үгийг чинь их олон хүн хэлж байна. “Таны хувьд багшлах нас тань болоогүй ээ.Тэртэй тэргүй цаг нь болохоор залгамж халаагаа бэлтгэх нь тодорхой. Тийм цаг хугацаа ирнэ” гэдэг үгийг цөөн бус удаа сонсоод байгаа.
-Яагаад багшлах шийдвэр гаргасан юм бэ?
-Манай сургуулиас багшлах хүсэлт тавьсан. Би өөрөө ч гэсэн нэгэн үе сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүүхэд байсан учраас түүнийгээ бодоод тэрхүү саналыг хүлээн авсан юм. Гарынхаа шавь нарыг бэлдчихье гэсэн зорилго өвөртөлсөн л дөө. Гэхдээ энэ хүүхдүүдээ төгсгөөд шууд уран бүтээлийн ажилдаа орно гэсэн бодолтой байгаа.
-Шавь нараа орхиод явчихаж төвдөхгүй байгаа хэрэг байх нь ээ?
-Харин тиймээ. Намайг зориод ирсэн бүлтэгнэсэн хэдэн хүүхдээ харахаар орхиод явж төвдөхгүй байна. Багш хүний хувьд хамгийн нандин зүйл бол шавь нар байдаг юм байна. Энэ хэдийгээ төгсгөчихөөд ирэх жилийн таван сараас шууд уран бүтээлийн ажилдаа орно гэж бодож байгаа. Гэхдээ багшиллаа гээд уран бүтээлээ орхисон гэсэн үг биш. Зарцуулах зав цаг нь л багассан гэсэн үг.
-Миний мэдэхийн “Хатан ятга” уран бүтээлийн тайлан тоглолт  хийж байсан.
-Тэр бол миний гурав дахь бие даасан тоглолт.
-Мэдээллээс хоцорсон байна шүү? 
-2001 онд “Алтайд хөглөгдсөн уянга” нэртэй анхны тоглолтоо хийж байлаа. Харин түүний дараа 2004 онд “Хос эрвээхэй”, 2012 онд “Хатан ятга” нэртэй тоглолт хийж байсан.
-Хөгжимчин хүн гурван удаагийн бие даасан тоглолт хийнэ гэдэг уран бүтээлчийнхээ хувьд өгч буй том шалгуур болдог байх. Эргээд харахад энэ тоглолтууд өөр хоорондоо ямар ялгаатай байсан бол. Та ахиж дэвшиж, хөгжиж чадсан байсан уу?
-Их гоё асуулт байна. Морин хуурч Цогбадрах агсантай хамтран “Алтайд хөглөгдсөн аялгуу” анхны тоглолтоо хийж байлаа. Залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн мундаг морин хуурч Цогоо ах бид хоёр Говь-Алтайн улс. Тэгээд хоёулаа хамтарч тоглолт хийе гээд “Алтайд хөглөгдсөн уянга” нэртэйгээр анхны тоглолтоо хийсэн нь маш сайхан болсон. Хүмүүс их сайхан хүлээж авсан. Тэр тоглолтон дээр том бүтээлүүд тоглогдсон. Түүний дараа “Хос эрвээхэй” тоглолтонд Монголд анх удаа ч гэж хэлж болохоор сүүлийн үед бичигдсэн бүх ятгын концертыг нэгэн үдэш эгшиглүүлж чадсан. Жанцанноров, Шарав, Чинзориг, Мөнхболд гээд мундгуудын жинхэнэ уран бүтээлчийн чансааг шалгасан аялгуунуудыг нэгэн үдэш сонсч болохоор байснаараа онцлог юм. Харин “Хатан ятга” тоглолт өмнөх хоёр тоглолтыг нэгтгэж чадсанаараа онцлог.
-Тэгвэл дараагийн тоглолт юугаараа онцлог байх бол. Уран бүтээлдээ яаран тэмүүлж байгаа энэ үед тоглолтын дүр зураг ерөнхийдөө гарсан байх гэж бодож байна?
-Төлөвлөгөө бий. Удахгүй үзэгчдэдээ сюрприз барина гэж бодож байгаа. Бодох биш миний үүрэг л дээ.
-Жүжигчид тэр дүрд тоглох юмсан хэмээн хүсч мөрөөдөж, асч явдаг гэдэг. Түүн шиг таны цээжний мухарт хадгалаастай байдаг мөрөөдлийн бүтээл юу вэ?
-Олон гоё мөрөөдөл бий. Түүнийгээ заавал биелүүлнэ гэж боддог. Тэдгээрээс хамгийн түрүүнд арваад шахуу жил дотроо бодож яваа “Аранжуес” гээд гитарын концертыг тоглоно. Дэлхийн  хамгийн алдартай гитарчид өрсөлдөж тоглодог, тийм гайхамшигтай аялгуу. Анх сонсоод л хүний зүрхэнд хүрдэг гайхалтай аялгуу. Түүнийг бүтнээр нь симфони оркестртой тоглох миний уран бүтээлчийн чин хүсэл. Энэ тоглолт гурван хэсэгтэй. Би өмнө нь хоёрдугаар ангийг нь тоглож байсан. Одоо нэг, гуравдугаар ангийг нь тоглох бодол байгаа.
-Бусдаас хөвөрсөн гайхамшигт аялгууг амилуулахаас гадна өөрөө тэдний нэг болохсон гэж бодож байв уу?
-Би багшдаа зориулаад “Дурсамж” нэртэй бүтээл туурвиж байсан. 1998 онд юм байна л даа. Тухайн үедээ л ятганд байгаагүй цоо шинэ техникүүдийг оруулж ирж байсан. Тэгээд би 1999 онд байна уу, 2000 онд байна уу,  Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хөгжимчин байхдаа чуулгынхаа ойг тохиолдуулан тоглож, олон хүн уйлсан. Бүр эхэр татаад уйлж байсан хүн ч бий. Уран бүтээлийн талаасаа шинэ техник ихтэй уран бүтээлчээс их чадвар шаардсан бүтээл байгаа юм. 
-Ятгын эгшгээр сэтгэл хөглөх баярт мөчид эргэн уулзъя. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Монголын өв соёл, уламжлалын нэгээхэн хэсэг болсон морины талаар ийм сайхан сэтгүүл гаргадаг танай хамт олонд ажлын амжилт хүсье.

У.Энхмаа

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна