Их говийн нэрт уяач Ц.Занданбалын охины хувийн тэмдэглэлээс...

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 21 -нд

Их говийн хусуур сойз зүүсэн уяачдын тухай хууч яриа мориныхны дунд өрнөхөд ёс юм шиг л Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Цэрэндоржийн Занданбал агсны нэрийг дурдах юм билээ.

Говь нутгийн нэрт уяач 1882 онд уг аймгийн Манлай сумын төвөөсөө 10-аад км-т орших Шавар толгойн өвөлжөөнд малчин ард Цэрэндорж, Цомоо нарын голомт залгах ганц хүү болон мэндэлсэн түүхтэй. Ийнхүү монгол сайхан эх оронд минь “би ирлээ” хэмээн дуу хадаан мэндэлсэн бяцхан хүүг нутгийн гярхай буурал харчихаад “нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой танай хүү насан турш унах унаатай буян хишиг дэлгэрсэн нэгэн явах нь” хэмээснийг эцэг эхээсээ сонсож байсан уяач хожмоо түүх сөхсөн амьдралынхаа яриан дунд өгүүлж байсан удаатай гэнэ.
Эрийн цээнд хүрч хийдэд шавилан сууж, уншлага сайтай лам гэгдэж нутгийн сүсэгтэн олонд хүндлэгдэж явсан ч адууны тэнгэр даллан урвуулж орхисон бөгөөд хар болж адуу малтай ноцолдох болсон нь хожмоо говьшанхын нэрт уяач хэмээн дурсагдахын эхлэл байжээ. Хүний ганц хүү Занданбал Сугир бүсгүйтэй гэр бүл болж 14 хүүхдийн өлгий зэхсэнээс зургаа нь эсэн мэнд бойжиж эжий аав болохын баяр жаргалыг мэдрүүлсэн гэдэг. Хожмоо үр хүүхдүүд нь эцгийн шийрийг хатаан хурд ирлэж, хусуур сойз зүүсэн, нутаг орондоо нэртэй уяачид болсон байх юм билээ. Энэ тухай “Тод магнай” сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдэн гарсан нь хэдийнэ уншигчдын хүртээл болж  амжсан билээ. 
Насаараа хурдан морины хийморьт сүсэглэн явсан тэрээр өнөө “амьд мөртлөө үхсэн юм шиг хүн байх юм, үхсэн мөртлөө амьд юм шиг хүн байх юм” хэмээх үгийн утгыг жинхэнэ утгаар нь харуулсан нэгэн байж гэлтэй. Одоогоос 100 гаруй жилийн тэртээ баяр наадмаар уясан хурдан хурц хүлгэдээ мордуулж, говьшанхын хурдыг халх даяар цуурайтуулж азарга, их нас, даага түрүүлгэж явсан нь өнөө түүх болон үлджээ. Ер нь тэрээр аль ч насны морьдын уяа сойлгыг гаргууд тааруулдаг бөгөөд азарганы уяанд илүү гаршсан нэгэн байсан тухай ам дамжин өдгөө ч яригдсаар л байдаг юм.
Түүний 11 хурдан азарганы амжилтаар тэмдэглэлээ үргэлжлүүлэхэд:
1. Тэсийн голын унага Толин зээрд
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Шаадагвын ухаа
3. Хурдан ухаагийн төл Дэжидийн өндөр хар
4. Дундговь аймгийн Өндөршил сумын гаралтай Элбэг саарал  
5. Дорноговь аймгийн Мандах сумын удамтай Дэжидийн ухаа 
6. Хэнтийн Галшарын угшилтай нарийн хар халзан
7. Хурдан ухаагийн унага босоо зээрд
8. Дэжидийн ухаагийн төл мундаг хар 
9. Дэжидийн ухаагийн төл шөвгөр хар 
10. Төв аймгийн Жаргалантын САА-н Доо хээр
11. Жороо хар гээд түүний нэрийг гаргасан хурдан хүлгэд байлаа.
Харин энэ удаад түүний охин З.Номинчулууны хувийн тэмдэглэл дэх нэрт уяачийн уяаны эрдмийн нандин “жороос” сонирхуулж байна. 96 хуудас бүхий А4 форматтай тооны дэвтэрт Занданбал уяачийн охин  хичээнгүйлэн тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд яваандаа ном болгон хурдан морь сонирхогчдын гар дээр хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа сонирхуулсан юм. Энэ тэмдэглэлээс түүхийн шаргал хуудаснаа ард үлдсэн сонирхолтой баримтуудыг сөхөхөд:
...Наадам эхлэх журмаас:  “Түмэн эх” уртын дуугаар наадам эхлэх бол бүх насны морьд уралдахаар гарахдаа төв асрыг гурвантаа тойрч, унаач хүүхдүүд гийнгоолно. Мордох морьдыг жороо морьтой туг барьсан хүн гаргах агаад жишээ нь их морь ирэхэд “Хурдан сайхан”-аар түрлэг өргөн, хурд даллах энэ агшинд хүчит бөхчүүд эр бяраа гайхууланхан шонхрын дэвэлтээр дэвж “гайхуулна”. Тэгвэл даага ирэхэд “Хулач морь” уртын дууг уянгалуулна гэхчилэн нарийн дэс дараалалтай байжээ. Ийнхүү баяр наадмын хурдан морины уралдаанд аатай уяач Занданбал түрүүлгэнэ гэснээ л тод магнай, торгон жолоо өргүүлчихдэг байсан гэх. Үүний гол нууц нь хурдан адууг шинжихдээ гаргуун байсанд оршиж байж гэлтэй. Энэ тухай доктор, профессор Г.Цэвэгмид “Говьшанхын хурд” номондоо халхын их уяач, шинжээч ноён Пүрэвжав, Ононмөр хаван нарын удаах их уяач, шинжээч хэмээн тэмдэглэсэн байдаг юм билээ. Түүний хурдан морь таних эрдмээс энэхүү тэмдэглэлд: Наадмын талбайд Ц.Занданбал уяач явж байгаад нэг дааганы мөр олж харжээ. Тэгээд эзнийг нь сураглан очсоор уулзвал Манлай сумын уяач Анахүүгийн зээрд даага байсан гэх бөгөөд тэр наадамдаа түрүү магнай болж байжээ. Удаах баримтыг өгүүлэхэд Занданбал уяач уяаны морийг хөрвөөлгөдөггүй байсан гэх бөгөөд унаач хүүхдээ ч бас гярхай шинждэг байжээ. Түүнийхээр толгой томтой хүүхэд нэг их сайн унаач биш байсан гэлцдэг.
Харин энд түүний хурдан морины уяаны талаар ярьсан зарим нэгээс сийрүүлвэл:
-Уяж байгаа морины эхний хөлсийг зөв, зөөлөн авна.
-Морийг уяад 10 хоногоос дээш үсэргээ хийж тарлахад хөл нь чангардаг.
-Давхар уяатай морийг уяж хонуулж хөлсөлдөг.
-Хадуурдаг морь хэзээ ч хурдан байдаггүй. Хурдан морины бөглөө гараагүй байхад уяа буруудвал морь үхэх аюултай.
-Уяа нь ханасан морины хөлс нь ямар ч үнэргүй, тунгалаг байдаг. 
-Салхи таарахгүй бол морины хөлс шургадаг.
-Морь болгон хурдан байдаггүй. 1000 адуунд хурдан адуу хуруу дарам цөөн төрдөг.
-Сайн морь хоёр удаа хөлс авахад бие нь чангарч, босоо хэлбэртэй болдог гэхчилэн ярьдаг байжээ.
Содон амжилтуудаас:
Ц.Занданбал  хурд сайн танихаас гадна адууны уяаг гайхамшигтай эвлүүлдэг нэгэн байжээ. 1943 оны долоон хошуу даншиг наадамд Ц.Занданбал уяач гурван түрүүг авч байсан түүхтэй. Соёолонд Магнай хээрээ түрүүлгэж, шүдлэн, хязаалангийн түрүүг авч байв. Харин 1950 оны Өмнөговь аймгийн Манлай сумын наадмын хурдан морины уралдааны зургаан насанд Ц.Занданбалын уясан хурдан хүлгэдээс зургаан түрүүг авч байжээ. Азарганд нарийн хар халзан азаргаа, их насанд А.Дэжидийн ухаагийн төл бүлтгэр, соёолонд Лувсандамбын хүрэн үрээ, хязааланд хар үрээ, шүдлэнд нарийн халзан азарганы төл ухаа халзан нь тод магнай, торгон жолоогоо өргүүлж байсан аж. Тэгэхэд гүү уралдуулахад бөгтөр ухаа гүү түрүүлж байсан түүх бий гэнэ. Харин үүнээс есөн жилийн дараа говийн нэрт уяач 6 насны морь уяж, таван түрүү авсан байх юм. Бас нэг сонирхолтой баримт нь эхний 10 азарга нь дараагаараа түүнийх байснаас 7 нь хурдан ухаагийн төл байсан гэх.

Ингээд Занданбал уяачийн аймаг, сумдын наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийн амжилтын товчооноос сонирхуулахад:
1. Даланзадгад, Төв, Өмнөговьд - 1924 он гурван азарга – түрүү, аман хүзүү, айргийн гурав
2. Өмнөговь аймаг Даланзадгад 1940 он – хар азарга түрүү
3. Өмнөговь аймаг Даланзадгад их насанд – Толин зээрд түрүү 
4. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын наадам 1941 он – хурдан ухаа азарга түрүү
5. Өмнөговь аймгийн Манлай сум Сүмийн гүнд 1942 он – ухаа азарга түрүү
6. Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1942 он – Мэнгэт хар азарга түрүү
7. Дөрвөн сумын Сүмийн гүнд 1943 он – Магнай хээр түрүү 

8. Өмнөговь аймгийн Манлай сум 1957 он – Босоо зээрд түрүү
9. Манлай сумын Үйзэн 1946 он их насанд – Гоё хээр түрүү
10. Манлай сумын Үйзэн  1946 он азарганд – Доо хээр түрүү
11. Манлай сумын Үйзэн 1948 он - хүрэн шүдлэн түрүү
13. Өмнөговь аймгийн Манлай, Үйзэн 1957 он – хар халзан азарга нэг, хоёр
Хүү Гадингийн айраг түрүүнээс:
1. Өмнөговь аймгийн Даланзадгад 1952 он – хурдан ухаа азарга аман хүзүү
2. Өмнөговь аймгийн Даланзадгад 1952 он – их насанд том шарга айргийн гурав
3. Өмнөговь аймгийн Даланзадгад 1952 он – соёолонд хар голт халиун түрүү
Хүү Гэндэнсүрэнгийн амжилтаас:
1. Өмнөговь аймгийн Даланзадгад хүрэн халзан азарга – түрүү
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сум 1952 он – хээр даага түрүү
3. Үйзэнд  1954 он – хээр нарийн азарга  түрүү
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сум 1989 он – нарийн халзан азарга түрүү  гэхчилэн 46 хурдан буянгаараа улс ба даншгаас дөрвөн түрүү, нэг айраг, аймгаас таван түрүү, хоёр айраг, сумаас 25 түрүү, зургаан айраг авсан нь тэмдэглэгдэн үлджээ.
Ийм нэгэн хийморилог эрхмийн тухай нэхэн өгүүлэхэд ийм буюу.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна