Сумын Алдарт уяач Б.Ням-Рэнчин: Цагаан зүсмийн бага насны адууг олон удаа шөвгөрүүлж байсан

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 04 -нд

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын хийморилог уяачдын нэг “Батцагаан хүлэг” уяачдын холбооны тэргүүн, сумын Алдарт уяач Б.Ням-Ренчин юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Рэнчинлхүмбэ сумын “Батцагаан хүлэг” уяачдын холбоогоо танилцуулна уу?
-Би 2007 оны 11 сараас Рэнчинлхүмбэ сумынхаа “Батцагаан хүлэг” уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байна. Манай холбоо албан ёсны бүртгэлтэй 93 гишүүнтэй. Үүнээс аймгийн Алдарт уяач 10, сумын Алдарт уяач 21 хүн бий. Мөн 17 хараацай цолтой унаачидтай. Ажлаа авснаас хойш 13 уяачийг сумын Алдарт уяач цолонд, 15 хүүхдийг сумын хараацай цолонд тодорхойлж олгууллаа. Тэргүүнээр сонгогдоод хамгийн эхэнд хийх ажил маань 2008 онд болсон “Дархадын хурд-3” наадамд сумынхаа уяачдыг өргөнөөр оролцуулж, айраг түрүү авах явдал байлаа.
-“Дархадын хурд”-даа ямархан амжилттай наадсан бэ?
-Энэхүү уралдаан нь Дархад сумдын дунд явагддаг, аймгийн бүсийн чанартай уралдаан байгаа юм.  Манай Дархад сумдад Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Цагаар-Үүр, Цагааннуурынхан багтдаг. Гурван жилд нэг удаа болдог “Дархадын хурд” уралдаан анх 2001 онд Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдын зааг нутаг Шүүрэгтийн өвөрт болж байлаа. Харин хоёр дахь нь 2005 онд Улаан-Уул сумын Соёогийн бригад дээр болсон бол “Дархадын хурд 3“ 2008 онд болсон юм. Зургаан насны морьдын энэхүү уралдаанд амжилттай оролцохын тулд бэлтгэл ажлыг эртнээс эхлүүлсэн. Уяачдаа шинэ цагийн уяанд сургахаас эхлээд тухайн уралдаанд уралдах морьдоо сонгон шалгаруулж тусад нь гал болгож уяж байлаа. Түүнчлэн холбооны нэр хаяг лого бүхий асар майхныг хийлгэж, гарын авлага ном гаргасан. Уяачдаа үнэмлэхжүүлсэн гээд олон ажлыг хийж байлаа. Ийнхүү хичээн ажилласны хүчинд манай сум “Дархадын хурд-3” наадмаас гурван айраг авч, 10-ын дотор 10-аад морь давхиулж тун ч амжилттай наадсан. Харин дараагийн “Дархадын хурд-4” уралдаанаас таван айраг, арвын дотор дөрвөн морь давхиулж айргийн тоогоо нэмж амжилтаа ахиулсан. “Дархадын хурд 3”-аас эхлээд жил бүрийн айргийн таван морьдынхоо фотог цуглуулж эхэлсэн нь одоо хөөрхөн архив болчихоод байгаа.
-Тэргүүний ажлыг аваад өөр ямар ямар ажлыг амжуулсан байна вэ?
-2009 онд Дархад цагаан адуугаа тоолуулж, улсын тоо бүртгэлд орууллаа. Яг цагаан зүсмийн адуу тоолуулахад 1063 болж байсан. Гэхдээ энэ дотор цусаа хадгалсан жинхэнэ дархад цагаан адуу хэд байгааг мэдэхгүй. Энэ хугацаанд холбоо маань өөрийн туг, логотой боллоо. Ногоон дэвсгэр дээр дүүлж яваа Дархад цагаан адууны зургийг оруулж, цэнхэр өнгөөр Хөвсгөл далайгаа бэлгэдэн багтаасан. Дээр үеийн түүх шастирт тэмдэглэснийг харахад Дархадын шүтээн туг ийм байсан юм билээ. Өнгөрсөн хугацаанд уяачдын хурлыг хоёр удаа хийсэн. Мөн уяачдаа гал уяаны зохион байгуулалтанд оруулсан нь хамгийн анхных нь “Төх” юм.  Төх гал өнөөдөр 30 гишүүнтэй бөгөөд эмнэг сургалтын спортын мастер, сумын Алдарт уяач Дорж ахалдаг. Харин тавдугаар багийн “Хуурчийн хурд” галыг Отгонбаяр ахладаг. Манай сумын шилдэг холбоодын нэг байгаа юм. Ардын хувьсгалын 90, Ренчинлхүмбэ сум байгуулагдсны 80 жилийн ойгоор зургаан насны морь түрүүлгэж тун ч амжилттай наадсан. “Хуурчийн гал”-ынхан өнгөрсөн жилийн их сунгааны доод гурван насны уралдааныг зохион байгуулж, сунгааны түрүүг нэг нэг даагаар байллаа. Энэ мэтчилэн манай сумын зургаан багийн “Бүжин бор”, “Баянгол”, “Тужийн унага” гээд таван галын уяачид маань их идэвхитэй ажиллаж байгаа.
 Манай сум чинь өвөлдөө их хүйтэн. Тийм болохоор хаврын бооцоот уралдаанаа урь орсон хойно таван сарын эхээр хийдэг юм. Жил бүр уламжлал болгон явуулдаг тус уралдаан энэ жил гурав дахиа болсон. Ер нь бооцоот уралдаануудыг зохион явуулах нь морьдоо хавар эрт онгойлгох ач тустай байдаг юм. Түүнчлэн тэжээлтэй, тэжээлгүй морьдын уяаны ялгаа харагддаг болохоор уяачид туршлага судлах бас нэг талтай гэж боддог. Энэ мэт эхлүүлсэн ажил маань амжилттай явж байгаад сэтгэл хангалуун байна.
-Нэг галд 30 уяач байна гэлээ. Их биш үү?
-Төх галын 30 уяачийн хувьд Шаргынхаа ар, өвөрт хуваагддаг юм. Өөрөөр хэлбэл нэг голынхоо ар, өвөрт морьдоо уяцгааж байна. Сүүлийн жилүүдэд уяачид маань гал болохын ач тусыг их сайн ойлгож байгаа. Холбооны зүгээс ч уяачдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шилдэг гал, шилдэг уяачдаа тодруулдаг байсан бол сүүлийн хоёр жил оны шилдгүүдийг есөн номинациар шалгаруулдаг болсон. Энэ шилдгүүдийнхээ шагналыг сумын цагаан сарын бөхийн барилдааны үеэр гардуулдаг уламжлалтай болоод байгаа. Энэ нь тухайн гарч байгаа жилд ажил үйлсээрээ манлайлна гэсэн урам зоригийг шагналын эздэд төрүүлдэг нь сайхан санагддаг. Энэ есөд оны шилдэг уяач, гал, залуу уяач, унаач хүүхэд, ивээн тэтгэгчид багтдаг. Мөн өөрийн зардлаар сумын Алдарт уяач, сумын хараацай цолны болзол хангасан хүмүүстээ цолыг нь  олгодог.
-Танай сум бол Дархад адууны нутаг. Ер нь Дархад адуугаараа л наадацгааж байна уу?
-Тийм ээ, Дархад адуугаараа л наадаж байна. Гэхдээ дан цагаан зүстэй байна гэхгүй л дээ. Манай энд одоохондоо цус сэлбэсэн адуу байхгүй. Өөрөөр хэлбэл Сүхбаатар, Дорнодоос авчирсан адуу байхгүй. Нэг адуу ирсэн нь Хатгалд тэжээж байгаа гэсэн. Мэдээж адууныхаа цусыг сэлбэж сайжруулах цаг болсон. Гэвч газар нутаг хол дээр нь хүн хүч дутмаг болохоор зориглон орохгүй л байна. Нөгөөтэйгүүр цагаан адууныхаа үндсэн чадлыг үзсэний дараа энэ ажлыг хийх ёстой гэж боддог. Эмээх ч юм байна. Системтэй бодлоготой хийхгүй бол жинхэнэ Дархад адуу үгүй болчихвий гэж битүүхэн хаширлаад л явна даа. Миний хувьд Дархад цагаан адуугаа хадгалж үлдэхийн тулд заавал цагаан зүсмийн азарга тавина гэж үздэг. Манайд “Дархад цагаан адуу” гэж хөтөлбөр явж байгаа л даа. Энэ хөтөлбөрийн хүрээнд эхлээд цөм сүргээ бий болгочихоод дараа нь цус сэлбэвэл хурд гарна гэж боддог.
Энд бас үржлийн бодлогыг зөв барих ёстой юм. Сүүлийн жилүүдэд Дархад цагаан адуу маань давжаарах маягтай болсон. Энэ цус ойртолтоос үүдэлтэй байгаад санаа зовнидог.
-Дархад адууны хурдлах чадвар ямар байдаг юм бол?
-“Дархадын хурд” уралдаанаас харж байхад жинхэнэ Дархад цагаан адуу түрүүлж байгаагүй. Анхны “Дархадын хурд”-д нэг л адуу аман хүзүүдсэн. Харин Улаан-Уул сумын Бямбаагийн Баярхүүгийн хонгор халзан морь аман хүзүүдэж, Улаан-Уул сумын Бумбандоржийн бор азарга айргийн таваар, зургаад Ренчинлхүмбэ сумын Даваасуурийн хээр азарга орж байлаа.
-Сумаасаа гарч уралдаж байна уу?
-Манай сум чинь аймгийн төвөөс 240 км зайтай. Дээр нь уул бартаа ихтэй л дээ. Гэсэн ч Хөвсгөл аймгийнхаа 70 жилд адуугаа хөлөөр нь авчраад уралдуулж л байна. Миний хоёр хул морь, Лхагваагийн бор халзан азарга, хул алаг морь, Тэнгисийн хар азарга, Даваадоржийн хар азаргыг мордуулж байсан юм. 70 жилд их насанд 616 адуу мордоход миний хул 183-аар давхисан. Манайхан “Хотгойдын хурд-1, 2”-т оролцож хоёрт нь хоёрдугаар багийн сумын Алдарт уяач Дамдингийн Дүүжийн хар хээр соёолон 11-ээр давхиж байсан. Харин “Хотгойдын хурд-1” бүсийн наадамд Даваадоржийн хээр үрээ 28-аар, Мөнхчулууны хээр хязаалан 39-өөр орж байлаа. Дархад адуунаас аймгийн наадамд соёолон түрүүлж, их нас гурав, дөрвөөр давхисан. Саяхан болсон Геологийн 30 жилийн ойн наадамд Хуягбаатарын хүрэн морины ард Улаан-Уул сумын Түмэнжаргалын бор морь орж, аман хүзүүдлээ. Энэ бор морь “Хотгойдын хурд-2” бүсийн наадамд түрүү магнайд хурдалж яваад суугаад наймаар орж байсан юм. Ер нь Дархад адуу цус өөрчлөөгүй ч өөрийн хурд байна гэж үзэж байгаа. Жинхэнэ цагаан зүсмийн адуу гэвэл “Дархадын хурд-4” наадамд 11-р орсон миний хүүгийн цоохор үрээ байна. Тэр жилдээ гурван сумын наадамд бүгдэд нь гурваар давхисан. Тэгэхээр ямар ч байсан азарга тавьчихад нэг, хоёрдугаар үедээ хурдан адуу гарна л гэж найдаад байгаа ш дээ.
-Таны хувьд хэзээнээс морь уяж байгаа вэ?
-Би адууны дэл сүүл шуугаад хорь гаруй жил болж байна. 1989 онд цэргээс халаглаж ирээд жилийн дараанаас морь уяж эхэлсэн. Тэр үед аав маань нэг байдсан гүүгээ идэшинд гаргах гэж байхаар нь үзсэн хээлтэй гүү байх нь тэр. Тэгэхээр нь аавдаа нэг сувай үхэр өгөөд, хээр гүүг авч үлдэн, хойтон хавар нь хээр даагатай болсон юм. Ингээд хээр даагаа, хээр морьтойгоо уяж даагаа сумандаа аман хүзүүдүүлсэн. Бас Баянзүрхийн 60 жилийн ойд 71 дааганаас 14-өөр ирсэн нь залуу уяач надад урам зориг нэмсэн юм даа. Сүүлд хээр даага маань сумандаа хоёр шөвгөрсөн морь болсон. Бас надад хээр мориноос хоёр дүү хул морь байлаа. Би “Алтантал” нэгдэлд бригадын аж ахуйд ажилладаг байсан юм. Тэр үед нэгдэл 30 толгой мал хүрэхгүй өрхүүдэд мөнгөөр нь мал авч өгч малжуулдаг байв. Би тэгэхэд айл болж өрх тусгаарлаагүй байсан болохоор нэгдлээс эр, охин хоёр даага, нэг бяруу авсан. Тэндээс гарсан төл нь хул морь байгаа юм. Энэ хул морь маань их бага наадамд арван хэд түрүүлсэн. Бага насандаа дандаа түрүүлж байгаад их насанд нэг аман хүзүүдсэн. Дүү хул морь ч бас хурдан байлаа. Ер нь энэ хоёр хул морь намайг уяаны ажилд хөтөлж, одоо хүү маань удам залган уяа эвлүүлж явна. Том хул морь дааганаасаа эхлээд сумын баяр наадамд 5 түрүүлж, дөрөв тав айрагдсан. Харин нөгөө хул морь нь гурван удаа айрагдсан. Бас цагаан азарга үрээндээ хоёр айрагдаж, дүүгийн хөх алаг үрээ надад гурав, улаан үрээ нэг, хоёр удаа  тус тус айрагдсан. Би ер нь цагаан зүсмийн бага насны адууг олон удаа шөвгөрүүлж байлаа. Энэ мэт амжилтаараа 2005 онд сумын Алдарт уяач болсон.
-Одоо хүүхдүүд залгаад морь уяж байгаа байх нь ээ?
-Тийм ээ, миний хүү Лувсан-Очир морь уядаг юм. Одоогоор сумын наадмаас таван айрагтай. Энэ бол нас залуу хүнд чамлахааргүй амжилт. Хүү маань 19 нас хүрч байгаа юм. Манай аав бас 1969 онд Рэнчинлхүмбэ сумандаа бор морио түрүүлгэж, 1970 онд Улаан-Уул суманд аман хүзүүдүүлэн, 1973 онд Рэнчинлхүмбэ сумандаа  айргийн дөрвөөр оруулж байсан уяач хүн л дээ. Аавын жороо хул морь Рэнчинлхүмбэ сумын жороо морьдын уралдаанд дөрөв түрүүлж байсан түүхтэй. Тэгэхээр хүү маань гурав дахь үеийн уяач болж байгаад баярладаг.
-Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна