МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг: Бид 4-5 жилийн дараа арай өөр юм ярина

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 02 -нд

 “Тод магнай” сайт энэ сарыг адууны үржил селекци, эрлийзжүүлгийн сар болгон зарлаад байгаа билээ. Нэг сар, нэг хэлэлцүүлэг булангийн салхийг хагалж доктор Б.Биньеэ зочноор уригдсан бол Дэд профессор Т.Сайполда, Хэнтий аймгийн МСУХ-ын тэргүүн асан Н.Санжаадорж, ММСУХ-ны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Оргил, МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл, доктор Д.Больхорлоо, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабориторийн ерөнхий эмч С.Сугар, МУ-ын Гавьяат мал зүйч Д. Самданжамц нар нэг сэдвээр санал бодлоо солилцсон юм. Харин энэ удаад МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг оролцож байна.
Эрхэм уншигч танд ч энэ булан нээлттэй бөгөөд өөрсдийн сонирхсон асуулт санал хүсэлтээ
todmagnai@ymail.com хаягаар болон редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон илгээж болно.

-Шинэ цагийн монгол адуу гаргаж авахад юунд анхаарах ёстой юм бэ. Өөрийнхөө туршлагаас хуваалцан уу?
-Бидний нэгдүгээр үеийн гэж яриад байгаа адуу чинь аль 1960 хэдэн оны үед Жаргалант, Морин тойруулгын үед гараад хурдалдагаа хурдлаад, дахиж сэргээгдэхгүй монголжоод хувь хүмүүст тарсан байна шүү дээ. Аль дээр хийж байсан эрлийзжүүлгийн ажлыг шинэ юм шиг яриад байх юм. Өнөөдөр бид гадаад адуутай нийлүүлээд гарснаа нэгдүгээр үе гэж яриад байдаг. Яг үнэндээ энэ нь нэгдүгээр үе гэж хэлэхэд бас хэцүү л дээ. Жишээ нь Орос, Читээс ирсэн адуунууд англи, будённый, эсвэл англи араб ч байдаг юм уу, зарим нь нутгийн буриад адуутай холилдсон байх нь олонтаа. Гэтэл манайхан хилийн цаанаас ирсэн адуу л байвал хятад ч хамаагүй азарганы төлийг нэгдүгээр үеийн эрлийз гээд байх юм. Уг нь Билэгдэмбэрэлийн хэлж байгаа шиг англи, арабын төлүүдээ шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлэгт оруулаад нутгийн онцлогт таарсан англи, араб цустай адуу гаргаж ирвэл нэгдүгээр үеийн адуу гэж ярьж болмоор байгаа юм.
           Нэг хэсэг товир биетэй будённый, англитайгаа холилдсон адуунууд Орос, Читээс их орж ирдэг байлаа. Харин сүүлийн жилүүдэд цэвэр цусны Англи, Польшид төрсөн англи азарга Орос, Кавказ, Америкаас ирж байна. Орж ирсэн англи азарганы төлүүд ч хурдан байх шиг байна. Өнөөдөр хоёр, нэгдүгээр үеийн эрлийзийг хооронд нь нийлүүлэхэд болмоор санагдаад байгаа юм. Нэгдүгээр үеийн эр, охин хоёр эрлийзийг нийлүүлэхэд монголжуу, бие хаа жижигтэй, хурдны удмаа хадгалсан байх жишээний. Шууд тохирвол монгол гүүн дээр цэвэр азаргаа тавиад гарсан төлүүд зарим нь элдэв согоггүй, тэгшхэн сайн байгаа. Гадны гүүнд монгол азарга тавиад гарсан нь эхийнхээ талыг татаад өндөр сайхан байх боловч багадаа  уралдуулахад сайнгүй юм шиг ээ.
-Таныхаар эх талаа илүү татдаг юм байна тийм үү?
-Тийм ээ. Жишээ нь, хүн ч гэсэн эхийгээ татдаг биз дээ. Бие хаа томтой хүмүүс ихэвчлэн эхийгээ дуурайсан байдаг. Эцэг нь бие хаа жижигтэй байсан ч эх талаа татдаг. Түүн шиг монгол эхтэй бол жижгэвтэр, хөрслөг монгол талаа татсан унага гарах боловч эцгийн ген ороод эрлийзжсэн төрхтэй гарч байна..
-Та Станбул азаргаа хэзээ оруулж ирсэн бэ?
-Кавказаас 2004 онд хавчиг азарга оруулж ирсэн юм. Станбул бол англи, кабардин цустай адуу. Англи кабардин гүүг цэвэр англи азаргатай нийлүүлээд гарсан адуу байгаа юм. Гэхдээ англи цус нь 80-аад хувьтай. Кабардин чинь Оросын уулын адуу шүү дээ. Эцэг нь Саад гээд цэвэр англи азарга. Эцгийнх нь эцэг Адён нь ОХУ-аас Европын цомыг авсан хоёрхон азарганы нэг. Тэгэхээр сайн адууны цус нөлөөлөөд хурдгүй, давхилгүй адуу гардаггүй юм шиг байгаа юм. Би дандаа монгол гүү хураалгасан. Монгол гүүн дотроо Жаргалант эцэгтэй, Жаргалант адууны цус орсон, алсаасаа тойруулга орсон гүүг сонгосон. Төлүүдээс нь олон ч хүнд очсон.
-Станбул танд ирээд хичнээн төл өгсөн бэ?
-Хүмүүст очсонтойгоо 50 гаруй болсон байхаа. Жилдээ 15-16 гүү өгөхөд 13-14 нь унагалдаг байлаа. Би өөрөө гурваар нь азарга тавьсан. Хүмүүст очсоноос арван хэдэн азарга байгаа санагдаж байна.
-Эдгээр азаргануудад ямар гүү хураалгах уу?
-Адилхан нэгдүгээр үе рүү нь хураалгасан хүмүүс ч байна. Монголыг ч хураалгасан байна. Би өөрөө монголыг л хураалгасан. Өөр Билэгдэмбэрэлийн өндөр халзангийн төл ч гэх юм уу, араб азарганы төл болох нэгдүгээр үеийн байдас ч хураалгасан. Нэгдүгээр үеийн эрлийз хураалгахад төл нь жаахан монголжуу, том биш, бэлчээртээ тохирсон адуу гараад байх шиг байна. Мэдээж монгол гүүнээс гарсан нь илүү монголжуу болж байгаа.
-Манайд одоогоор англи, араб, квоттер адуунууд л орж ирээд байна уу?
-Тийм ээ. Англи адуу бол дэлхийд уралдаж байгаа хурдан адуу. Харин квоттер бол ойрын зайнд хурдлах чадвараар англиас өндөр үзүүлэлт гаргадаг. Би сүүлд 29 адуу оруулж ирснээс квоттер үүлдрийн таван азарга, нэг гүү байлаа. Эндээс надад хоёр англи, нэг квоттер бий. Үлдсэн дөрвийг нь Галаа, Баярцогт, Батсайхан, Архангайн Мөнхбат авч, бүгдээрээ төл авсан байна лээ. Эцгийгээ дуурайсан хөрслөгдүү, булчин ихтэй, ойрын зайн “шилдэг тамирчид” шиг адуу байгаа. Гэхдээ хурдалж эхлэхийг цаг хугацаа л харуулах байх даа.
-Бүгд монгол гүү хураалгасан уу?
-Тийм ээ, дандаа монгол гүү хураалгасан. Энэ адуу нь ойрын зайнд уралддаг боловч тэсвэр тэвчээрийн хувьд англиас арай илүү юм шиг байгаа юм.
-Таны квоттер  болон англи азарганы төлүүд ялгаатай байна уу?
-Одоо унага ш дээ. Квоттерийнх нь биеэр арай бага, монголжуу хөрстэй адуу харагдаад байгаа. Харин англи нь мэдээж гоё, тэгээд товир биетэй, нимгэндүү хөрстэй байх жишээний.
-Гадны ямар, ямар үүлдрийн адууг монгол адуутай үржил селекцид оруулбал гарсан үр төл нь манай нөхцөлд дасан зохицох чадвартай төрж байна вэ?
-Сүүлийн үед хурдны чиглэлээр англи, араб адууг л оруулж ирж байх шив дээ. Араб адуу нь холын зайд тэсвэртэй, тэвчээртэй адуу. Сүүлийн үед давхиж байгаа төлүүд голдуу араб, англи азарганых  дийлэнх нь байна. Гэхдээ арабынх нь дээд угшлыг нь хөөвөл англи адуутай холбогддог шиг байна лээ.
             Нэгдүгээр үеийн адуунууд ирээд бэлчээрээр гүүгээ хураагаад сурчихаж байна. Гарсан төлүүд нь азаргасах, гүү хураах чадвар илүү байна. Нэгдүгээр үеийн эрлийзүүд өвөлжингөө бэлчээрээр гүү хураагаад  орчихож байна гээд дасан зохицох чадвар илүү байгаа нь харагддаг. Гэхдээ энэ бүхнийг цаг хугацаа л харуулах болов уу. Өнөөдрөөс 4-5 жилийн дараа бид арай өөр юм ярина шүү дээ. Манай хурдан морины уралдаан ч үйл ажиллагаа нь жигдрээд шинэ монгол адуу нь жинхэнэ утгаараа гарсан байх болов уу гэж бодож байна.
-Таны хувьд ямар адуу гаргаж авах зорилго тавьсан бэ? Тэр зорилгодоо хүрэхэд  хэр хугацаа хэрэгтэй вэ?
-Цаг хугацаа явахын хэрээр л улам сайжрах болов уу. Гол нь үржил таарахгүй адууг шууд хасаад, хасаад явсан нь дээр гэж би үздэг. Одоо ингээд төгс боллоо гэж хэлэх арай болоогүй л байна.
-Таны цэвэр 15 азарганд аль аль үүлдрийн адуу байна вэ?
-Надад цэвэр англи гурав, цэвэр араб азарга нэг бий. Бас англи араб азарга, англи будённый азарга хоёр байна. Англи кабардин хоёр азарга авлаа. Гэхдээ одоо нэгдүгээр үеийн үрээнүүдээр азарга тавьж байгаа.
-Ойрын үед яригдаж байгаа хурц сэдвүүдийн нэг нь Баяр наадмын тухай хууль болж байна. Энд таны үзэл бодлыг сонсмоор байна?
-Шууд эрлийз, монголоо холиод уралдуулчихъя гэх нь хаашаа юм. Энэ ч бас цаг хугацааны асуудал. Дэлхийн хөгжингүй зарим оронд  ч гэсэн сэрвээний өндөр барьдаг. Тэгэхээр сэрвээний өндрөө бариад, ийм стандарттай адуу нь монголдоо уралдана, үүнээс дээших нь эрлийздээ уралдана гэсэн зарчмыг л барих хэрэгтэй болов уу. Олон түмний нүдэнд ил тодоор гарахад нь хэмжээд, ороод ирэхэд  айрагдсан тавыгаа хэмжиж баталгаажуулдаг байж болно шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.

А.Мөнх

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.