Б.Бадраа: Хурдан морь эр хүнийг хийморилог, золбоолог болгодог

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 27 -нд


Улиран одож буй 2013 онд одтой, хийморьтой наадан монгол түмнээ баясгасан хийморилог эрхмүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Засаг дарга Бадамгаравын Бадраа юм. Улсын наадамд Өсөх хүрэн үрээгээ айрагдуулсан тэрээр Төв аймгийн 90 жилийн ой буюу Төвийн бүсийн наадмаас дөрвөн айраг хүртэн  хурдан хүлгийн хийморьт сүсэглэсний гавьяаг ханатал мэдэрсэн билээ. Улс, бүсийн наадмын таван айргийн эзэн энэ удаагийн маань “Хийморилог зочин”-оор уригдсан юм.

-Усан могой жилийн наадмуудад одтой сайхан наадсан хийморилог эрхмүүдийн нэгтэй уулзаж байгаадаа баяртай байна. Өнөө жил улс, бүсийн наадмаас хичнээн айраг хүртсэн бэ?
-“Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад, Монголынхоо нийт хурдан морь сонирхогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөө жилийн улс, бүсийн чанартай баяр наадмуудаас таван айраг хүртэн одтой сайхан наадлаа. Улсын наадамд Өсөх хүрэн үрээ маань айрагдаж, төвийн бүсийн уралдаанд Товгор хээр соёолон маань таваар, хонгор даага маань дөрвөөр давхиж, эрлийз ангилалд хоёр үрээ айрагдсан. Түүнээс гадна Шодон хонгор морь маань есөлсөн шүү дээ. Бүсийн наадмуудын дараа Өвөрхангай аймагт “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” даншиг наадамд Товгор хээр маань дахин  айргийн тавд хурдалсан.
-Таны морины уяа сойлгыг тааруулдаг Тангаа хэмээх Батсүх Тод манлай “Морь уяснаасаа хойш 14 жилийн дараа төрийн наадмын анхны хишгээ хүртэж байсан” хэмээдэг. Харин та тэгтлээ удаа хүлээсэнгүй бололтой?
-Харин тийм ээ, нэг хэсэг нь “Олон жил морь уяад улс, бүсийн наадамд айрагдуулж чадаагүй байхад чи нэг дор бөөндчих юмаа” гэж байхад, нөгөө хэсэг нь азтай, хийморьтой, ёндоотой байна гэлцэж байна лээ. Хувь хүний ёндоо хийморь байх ч уяачийн хөдөлмөр гэдэг хамгийн чухал. 
-Тод манлай хэзээнээс таны морьдын уяаг тааруулах болсон юм бэ?
-Энэ хавраас эхлэн Монгол Улсын Тод манлай уяач Агваансамдангийн Батсүх буюу олноо Тангаа хэмээн алдаршсан сайхан дүүтэйгээ хамтран морьдоо уяж байна. Энэ дашрамд адуу гэдэг сайхан амьтны амьд энергийг мэдрүүлж, адуутай нөхөрлөсөн эр хүний жаргалыг амтлуулсан Тод манлай уяач Тангаа хэмээх Батсүх болон түүний дүү Төгсбат, Өмнөговь аймгийн “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны дэд тэргүүн Амарсанаа нартаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Монголчууд ганзага нийлнэ гэж ярьдаг шүү дээ. Бид бүхний ганзага нийлж байгаа учраас ийм сайхан амжилтыг үзүүлсэн болов уу гэж бодож байгаа. Монгол хүн бүрийн хамгийн дээд баяр цэнгэл бол монгол наадам байдаг. Тэр тусмаа түрүүлж, айрагдаад орж ирж байгаа морио хараад самсаа нь шархирдаггүй хүн бараг байхгүй дээ. Би эхэн үедээ ийм л нэг үзэгч байсан.
-Тэгвэл хэзээнээс хурдан моринд шимтэх болсон юм бэ. Юу таныг уяачийн жаргал, зовлонг хуваалцахад хүргэв?
-Бусдын адил миний удам сударт морь мал уяж байсан хүн байхгүй ээ. Аав маань төр захиргааны байгууллагад 20 гаруй жил удирдах алба хашиж байсан хүн. Харин би зуныхаа амралтаар өвөөгийндөө очиж морь мал унадаг байсан.
-Гэнэтхэн л морь уямаар санагдсан уу?
-Эргэн тойрныхон маань их нөлөөлсөн байх. Манай нутгийн хүү, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Тод манлай уяач Д.Даваахүү нарын олон сайхан хүмүүс хамтран өмнийн говь нутагт маань бүсийн уралдааныг зохион байгуулдаг болж, адуунд дуртай над шиг олон хүнийг хурдан моринд оруулсан байх. Би бол харьцангуй сүүлийн үеийн хүн. Хүний морь хараад баясаж суухаар өөрийнхөө нэр дээр морь мордуулчихаад харж байвал яасан юм бэ гэж бодоод сүүлийн 4-5 жил ганц нэг адуу мал авсан. Найз нөхөд ч бэлэглэсэн. Тэгээд хүмүүстэй хамжиж дэмжиж уяад, эхний ээлжинд орон нутгийн чанартай наадмуудад уралддаг байсан. Булган сумын ой болон Мандал-Овоо сумын наадамд соёолон түрүүлгэсэн. Мөн аймгийн 80 жилийн ойд их насны морь арваар давхисан нь миний хувьд хангалттай санагдаж байлаа.
-Улсын баяр наадамд Өсөх хүрэнээ айрагдах мөчид хаана байсан бэ?
-Уяач хүн өөрийн гэхээсээ илүүтэй өрөөл бусдын нийтийн эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй байдаг. Тэр утгаараа нийтийн жишгийг дагаж гэртээ зурагтаар л харсан.
-Цоллогоон дээр харагдаагүй болохоор асууж байна л даа?
-Дээр хэлсэнчлэн уяачийн хөдөлмөр чухал  үүрэгтэйг мэдэрсэн учраас тэр хүмүүс олны өмнө хөдөлмөрөө үнэлүүлж, цоллуулах нь зүйтэй хэмээн үзсэн хэрэг л дээ.
-Морь дагасан соёл хамгийн их дэлгэрсэн гэгддэг Төв аймгийн баяр наадам хатуу дэвжээ байсан байх. Тэр дэвжээн дээр өрсөлдөн дөрвөн айраг авна гэдэг богино хугацаанд сайн адуу цуглуулсан гэсэн үг үү?
-Таны хэлсэнчлэн Төвийн бүсийн наадам маш чанартай болсон. Арга ч үгүй биз дээ. Улсын цолтнуудын тэн хагас нь шахуу энэ нутгаас төрөн гарсан байдаг шүү дээ. Уяачид нь эрдэмтэй, морьд нь хурдан Төв аймгийн наадам чансаа өндөр байхаас ч өөр аргагүй юм. Хамгийн наад зах нь уралдаж  байгаа морьдын тоо толгой гэхэд л Улсын наадмаас өндөр байсан шүү дээ. Энэ том дэвжээн дээр өмнийн говийн эрчүүд сайхан наадаж, нутаг орныхоо нэрийг гаргасанд давхар баяртай байгаа. Шинэ цагийн монгол адуу буюу эрлийз бага насны ангилалд Монгол Улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн маань хээр даага түрүүлж, Яруу саарал морь нь айрагдсан шүү дээ. Ер нь сүүлийн  жилүүдэд Өмнөговийн уяачид улс, бүсийн наадамд айраг, түрүү алдахаа байсан. Энэ нь дээр хэлсэнчлэн “Говьшанхын хурд” бүсийн уралдаан зохион байгуулж, нийт говьчуудын идэвхийг сэргээсэнтэй холбоотой. Морьд цоллоход Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Бадамгаравын Бадраа хэмээн дуудуулж байхад өөрийн эрхгүй дээр уралдааныг санаачлан зохион байгуулж, нийт говьчуудынхаа хийморийг өргөсөн дээрх хүмүүст талархах сэтгэл төрж байсан. Би ч гэсэн хувь нэмрээ оруулах ёстой гэдэг үүнээс сүүлийн жилүүдэд аймгийн Засаг даргын нэрэмжит хурдан дааганы уралдааныг зохион байгуулж байсан нь өргөжөөд одоо зургаан насны морьдын уралдаан болсон.
-Улсын наадамд айрагдсан Өсөх хүрэн гэхэд л Батсүх Тод манлайд олон хурдан буян хайрласан алдарт Эмгэн хүрэн гүүнийх нь угшилтай гэж байсан. Ер нь Тод манлайн адуу бий биз?
-Байлгүй яахав. Түүнээс гадна Тод манлай маань энд тэндээс адуу шинжээд санал болгодог. Жишээлбэл, Төв аймгийн наадам, Өвөрхангайн даншигт айрагддаг Товгор хээр гэхэд л Сүхбаатар аймгийн Халзан сумын адуу. Тод манлайнхаа  зөвлөсний дагуу уяа морьдоо хоёр хуваан улс, бүсийн наадамд уралдахыг нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд, орон нутгийн наадамд уралдахыг нь Өмнөговьдоо маллаж байгаа.
-Цогтцэций суманд чинь суурин маллагаагаар морьдоо уях нь элбэгшиж байгаа гэсэн. Тэнд жүчээлж байгаа юу?
-Даланзадгад  буюу аймгийн төвөөсөө 40 орчим километрт манай адуу байдаг юм. Тэнд жүчээ барьчихсан. Миний адил адуунд дуртай хэдэн нөхдийн цөөн тооны морь байдаг юм.
-Улс төрийн халуун тогоонд чанагдаад чамгүй хугацаа өнгөрч байна. Тэр хүрээлэл мориныхноос ямар ялгаатай вэ. Улс төрчид морь стресс тайлдаг гэж хэлэх нь цөөнгүй байдаг л даа?
-Тэдэнтэй санал нэг байна. Мориныхон гэдэг их сайхан халуун дулаан хамт олон. Хэлж ярихаас эхлээд цаг үргэлж, сайн сайхныг бэлгэдэн ерөөж, өөрсдөө түүндээ итгэж үнэмшиж байдаг. Уяачдын дунд байхад ямар нэг байдлаар биеэ барьж, цэнээд байх шаардлагагүй. Гэтэл улс төрийн хүрээнд өөр шүү дээ. Улс төр л юм хойно үг хэлээ цэнэх хэрэгтэй болдог. Хамгийн сайхан нь улс төрчид морь яриад суухаараа нам, үзэл бодол хамааралгүй нэгдэж чаддаг. Өөрөөр хэлбэл, монгол түмнийг нэгтгэдэг нь яах аргагүй үндэсний соёл уламжлал нь юм байна гэдгийг илүүтэй мэдэрсэн шүү.
-Морьтой холбогдсоноор  ажил үйлс бүтэмжтэй байна гэх үгсийг нэг бус дуулж байлаа. Танд тэгж мэдрэгдэж байх юм уу?
-Монголчууд санаа сайн бол заяа сайн гэж ярьдаг. Үргэлж сайн сайхныг ярьж бэлгэдэж байдаг хүмүүсийн дунд ороод тэр сайхан энергиэр цэнэглэгдээд байхаар ажил төрлийн бүтэмж илүү, тэр бүү хэл, эрүүл мэндийн хувьд ч сайн нөлөө үзүүлээд байх шиг санагдаж байгаа шүү. Хамгийн наад зах нь Өмнөговь маань Монгол Улсын шилдэг таван аймгийн нэгээр шалгарлаа. Мөн сүүлийн жилүүдэд бие маань жаахан чилээрхээд,  эмнэлгийн хяналтад ороод байсан бол морь малтай холбогдсоноос хойш эрс сайжирсан. Одоо бүр эмнэлэгтээ ч үзүүлэхээ байсан. Хүнээр захиулж эмээ авч уучихаад л явж байгаа. /инээв/  Би одоо хурдан морь гэдэг эр хүнийг хийморилог, золбоолог болгодог гэдэгт эргэлзэхээ больсон. Монголчууд маань бие биенээ урмын үгээр тэтгэн сайн сайхнаар цэнэглэж байвал өөрийн болоод өрөөлийн ажил үйлс өөдлөн дэвжиж байдаг юм байна.
-Морь дагасан олон эерэг өөрчлөлтүүдийн нэг нь материаллаг болоод материаллаг бус өв соёл сэргэдэг гэдэг. Та жишээлбэл энэ тал дээр хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Соёл уламжлал сэргэдэг гэдэг үнэн шүү. Дээлээ өмсөхгүй уяач гэж байхгүй. Сайхан дээл хувцас өмссөн хүн бас чиг өөрийн хэр хэмжээнд тохирсон хөөрөг барихыг хичээнэ. Өдөр тутам морь унаад байхгүй ч эмээл хазаар, ташуур тэргүүтэн зэхэж өрх гэрийнхээ хойморт зална. Би гэхэд л өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж хэдэн адууны маань эзэн болох байх гэж бодоод зээ хүүдээ эмээл зэхчихсэн байгаа. Ажиглаад байхад хурдан морь сонирхож, моринд орж байгаа залуус олон байна.  Залуу хойч үе маань үндэсний хувцсаа өмсөөд адуу мал, нүүдэлчин ахуйтай ойртож буй нь сайхан санагддаг шүү. Аль ч газрын наадамд очсон үндэсний дээл хувцсаа өмсөөд гоёчихсон хүмүүсийг хараад Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн
 “...Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу” гэсэн шүлгийн мөрт эрхгүй санаанд ордог шүү.
-Ингэхэд аймаг, сумын цолтой юу?
-Уг нь аймгийн Алдарт уяач цолны болзлоо хангачихсан. Уяачдын холбооны тэргүүн маань удахгүй тодорхойлж өгнө л гэсэн.
-Энэ жилийнх шиг амжилт арвинтай байвал улсын цолд хүрэх ч ойрхон л байна?
-Улс, бүсийн наадмаас найман айраг  хүртвэл Монгол Улсын Алдарт уяач цолыг олгодог гэж дуулсан. Тэгж үзвэл дөхөж байгаа байх. Ирэх жилийн уралдаануудад хүүхэд, морь мэнд, сайхан наадаад гурван айраг амсчихвал улсын цолтны эрэмбэд бичигдэх л байх.
-Усан морь жилд уясан хүлэг тань хурдан байх болтугай. Бидний урилгыг хүлээж авч сайхан ярилцсанд баярлалаа.
-Ерөөлөөр болог. Та нартаа ч гэсэн ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол адуу улам сайхан хурдан байж, монгол эрчүүд маань улам хийморилог, золбоотой байж, тэр хийморь, золбоогоороо монголчууд маань хийморилог, золбоолог, улс орон маань цэцэглэн хөгжих болтугай гэсэн бэлгэтэй сайхан ерөөл өргөе.

А.Мөнх


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна