МУ-ын харцага Н.Алтансүх: Нутгийн ах нар дэмжиж улсын цолд хүргэснийг юундаа нуухав

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 20 -нд

-Г.Өсөхбаяр аварга, Д.Хишигдорж заан гээд Архангайн хүчтнүүдийн, тэр тусмаа том биетнүүдийн нэг нь яах аргагүй та. Багаасаа л бөхөөр хичээллэж эхэлсэн, бие томтой байсан гэдэг шүү дээ?
-Би Архангай аймгийн Батцэнгэл суманд жирийн нэгэн малчин айлд төрсөн. 1981 онд нэгдүгээр ангид орж 1991 онд арав төгссөн юм. Ер нь хөдөөний хүүхдүүд чинь их сахилгагүйтдэг шүү дээ. Гэхдээ би үеийнхнээсээ бие хаагаараа илүү өсгөлүүн, бяр чадалтай байсан болоод ч тэрүү арай л онцлог сахилгагүй байсан. Тийм болохоор элдэв янзын зодоон, цохион их хийнэ. Тэр чинээгээрээ зэмлүүлж, шийтгүүлдэг байсан гэхүү дээ. Гэхдээ хотын хүүхдүүд шиг буруу дэггүй байгаагүй л дээ. Тэр үед биднийг жаахан гэлтгүй бүгдийг нь хичээлийн завсарлага, улирлын амралт, есөн сарын нэгэн, сургуулийн бөхийн аварга шалгаруулах гээд зав чөлөө гарвал л барилдуулдаг байсан. Тэгж явсаар бөхөд хоройсож тасралтгүй хичээллэх болсон. Манай аавын эмээ нь их том биетэй гэж нутаг усныхандаа гайхагдсан хүн байсан гэж нутгийн хөгшчүүл ярьдаг байсан. Хамаатнуудын хүүхдүүд эмээ шиг том биетэй ч надаас бусад нь бөх болоогүй. Наймдугаар ангид байхдаа аймгийн төв дээрээ очиж үндэсний спортын ууган гавьяат, Даян аварга Жамьяны нэрэмжит тэмцээний гуравдугаар байранд орж уран барилдааны шагнал болох “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” номоор шагнуулж байсан маань одоо ч санаанаас гардаггүй. Тэр миний хамгийн анхны бай шагнал байсан юм. Уг нь би нэгдүгээр байранд орох байсан ч жаахан будлиан гарч гуравт орсон. Гэхдээ нэг их харамсаад байх зүйл биш л дээ.
-Тэгвэл улсынхаа баяр наадамд анх хэзээ зодоглосон бэ?
-1991 онд аравдугаар ангиа төгсөөд сумынхаа аварга шалгаруулах бөхийн барилдаанд түрүүлж сумын заан болж байлаа. Тэгээд хотод ирж зааланд барилдаад хоёрын даваанд улсын начин Цоггэрэлд унасан маань миний хувьд том цолтой бөхтэй барилдсан анхны барилдаан байсан. Хоёр жил мал маллаж байгаад 1993 онд цэргийн албанд явсан боловч албаа жинхэнэ утгаар нь хааж чадаагүй л дээ. Учир нь энд тэндхийн аймаг, сумын наадам хэсч явсаар байгаад намар л ангийнхаа бараа харна. Үндсэндээ би цэрэг биш тамирчин болсон гэсэн үг. Тэгж явсаар 1994 онд ангидаа улирч тамирчин ахлагч  болж, “Хүч” нийгэмлэгийн дасгалжуулагч, багш Ч.Бямбадорж заанд шавь орсон юм. Багш маань намайг Архангай аймаг руу аймгийн цол аваад ир гээд явуулсан боловч Шаравдорж гэдэг залуу бөхтэй тунаж үлдээд би бараг л хаясан даа. Гэтэл намайг унасанд тооцсон юм. Нутгаасаа өөр газар барилдвал баараагүй хаяхгүй бол унасанд тооцдог юм байна гэдгийг тэгэхэд л ойлгосон. Хожим нь 1995 онд анх улсынхаа баяр наадамд зодоглож, хоёрын даваанд Дундговь аймгийн харьяат улсын начин, ОУХМ Дорждамба гэдэг бөхөд унаж байсан.
-1996 онд Жавхлантөгс харцага, Хишигдорж заан гээд нутгийн бөхчүүдээ өвдөг шороодуулж начин болсон байдаг. Энэ санаандгүй тохиол байв уу, аль эсвэл нутгийн дүүгээ дэмжсэн хэрэг үү?
-Тэгсэн. Тэр жил хоёрын даваанд гавьяат дасгалжуулагч С.Эрдэнэбат начин бид хоёр оноолтоор таарахад “за нутгийн дүү, хоёулаа сайхан харгүй үзнэ шүү” гэж хэлээд барилдсан. Тэгээд би Эрдэнэбат ахыг хаяж, гурвын даваанд улсын начин Жавзанжамба намайг амлаж аваад унасан. Тэгээд дөрвийн даваанд Жавхлантөгс начин, тавын даваанд Хишигдорж заан хоёр намайг амласан нь санамсаргүй зүйл байгаагүй л дээ. Учир нь бид гурав нэг нутгийн хүмүүс. Тэр хоёр маань намайг залуу хүүхэд цолонд хүрээсэй гэсэндээ амлаж, дэмжсэн хэрэг. Үүнийг хүн болгон мэддэг учраас би нэг их нуугаад байдаггүй юм. Гэхдээ одооны яригдаж байгаа шиг бидний хооронд мөнгө төгрөгний өгөө, аваа байгаагүй юм шүү. Зүгээр л тэд намайг дэмжиж цолонд хүргэсэн. Харин би зургаагийн даваанд Доржсамбуу начинтай барилдаж давсан. Би чинь дөрөв, тавын даваанд гар хөнгөхөн давсан учир Доржсамбуу зааныг нэлээд уран барилдаанаар давж, нутгийн хоёр ахдаа бэлэг барьсан. Доржсамбуу заан чинь өөрөө мундаг хонгоддог дархан мэхтэй л дээ. Намайг хонгодоод хөөхөд нь би тэр чигээрээ хөмөрч, давхар ачиж хаясан. Ёстой самбо, чөлөөт, жүдогоор цэвэр ялна гэдэг шиг л юм болсон. Хүмүүс алга нижигнүүлэн надад баяр хүргэж байж билээ. Дээрх барилдаан маань одоо дууны клипэнд орчихсон байндаг юм. Тэгж л  1996 онд шууд зургаа давж улсын “өсөх идэр” начин болж, сүүлд нь Ерөнхийлөгчийн зарилгаар харцага цолоо авсан.
-Начин болсон баяраа анх хэнтэй тэмдэглэсэн бэ. Тэр үед одооных шиг сүр дуулиан болдоггүй байсан биз?
-Тэгэхэд би дүүгийнхээ хамт Яармагт ахынхаа хашаанд амьдардаг байсан юм. Начин болчихоод бөөн баяр болж байтал орой нь Бямбадорж багш, нутгийн ах дүүс зэрэг цөөхөн хүмүүс ирж, хоол унд хийж идээд, хөдөөнөөс ирсэн айраг цагаа уугаад л өнгөрсөн. Тэгээд ч тэр үед чинь одооных шиг мундаг, сүртэй найр хийдэггүй байсан шүү дээ. Харин нутгийн зөвлөл маань начин боллоо гээд морь уралдуулж, бөх барилдаж жижиг бэсрэг наадам хийж, найз нөхөд маань хүлээж авч, баяр хүргэж байсан юмдаг.
-Дараа жил нь Хишигдорж заантай дөрвийн даваанд таарсан байдаг. Мөн 2001 онд Доржсамбуу зааны дүү Ёндонсамбууг начны босгоор алхуулсан гэдэг. Энэ нь таны төлөх ёстой “өр” байсан юм болов уу?
-Тэгж ойлгож болно. Тэр жил миний бие жаахан тааруу байсан юм. Гурвын даваанд би Бэгзсүрэн харцагатай тунаж барилдаад хаясан. Тэгээд Хишигдорж заанд “намайг амлачих” гэсэн хэрэг. Тэгээд ч Хишигдорж заан намайг цолонд хүргэсэн хүн. Гэхдээ Ёндонсамбуугийн хувьд арай өөр л дөө. Хүмүүс янз янзаар ярих л байх. Одоо яахав дээ. Тэр жил олон бөх барилдсан. Би тавын даваанд ам авахгүй байх гэж бодоод сууж байсан чинь гэнэтхэн ам авах болж, Ёндонсамбууг амласан. Надад хүнд тэр зэргийн тус хүргэчих сэтгэл бий.
-Начин болсноосоо хойш та улсад дөрөвхөн удаа барилдсан. Магадгүй улсад барилдвал танд цолоо ахиулах боломж байсан ч юм билүү?
-Эрдэнэтийн Уулын баяжуулахын 20 жилийн ой 1998 онд болсон юм. Манай хадмууд Эрдэнэтэд суурьшдаг боловч Гов-Алтайгаас гаралтай. Тэгээд том ой, хадмын нутаг гэдэг утгаар нь очиж барилдсан юм. Тэр үед би ид барилдаж байсан. Тэгээд ч түрүүлсэн. Дараа жил нь говь-Алтай аймгийн 60 жилийн ойн барилдаанд 256 бөх барилдахад талийгч Даваанням заантай үзүүр, түрүүнд үлдэж түрүүлсэн байсан юм.  Гэтэл сүүлд нь Дагвасүрэн арслан намайг нэг дуудаж. “Алтансүх ээ, улсад барилдах жил их цөөхөн байдаг юм шүү” гэсэн. Үнэн мөртлөө хатуу үг хэлж билээ. Тэр яах аргагүй үнэн үг санагдсан. Тэр үед одооных шиг шөвгөрсөн тоогоор нь амжилтыг нь эрэмбэлдэггүй байсан болохоор нэг их юм бодолгүй хөдөө очоод барилдчихсан юм. Хэрэв тэр үед хөдөө явалгүй улсдаа барилдсан бол ахиад ганц, нэг харцагын өмнө гарах байсан болов уу гэсэн бодол хааяа төрдөг л юм.
-Таны түүх, намтрыг уншихад улсын наадамд дандаа дөрвийн даваанд өвдөг шороодсон байдаг юм билээ. Дөрвийн тоо таны “харш” тоо юм биш биз?
-1999 онд улсын заан Д.Эрдэнэбатад, 2002 онд улсын начин Д.Рагчаад, 2003 онд аймгийн арслан Д.Даваасамбуу нарт дөрвийн даваанд унасан. Гэхдээ Даваасамбууд яг барилдаанаар унаагүй л дээ. Түүнийг хаячих боломж надад байсан, хаядаг ч байсан. Дэвжээнд  гараад яг барилдах гэтэл Даваасамбуу “би начин болмоор байна, одоо л болохгүй бол өнгөрлөө л гэсэн үг. Ахаа надад хэцүү байна” уйлж гуйгаад сэтгэл хоёрдуулаад барилдуулахгүй байсан. Тэр үед нь би давчихвал “Архангайн харцага Н.Алтансүхэд унасан” гээд надад насаараа гомдоно, тэгээд ч цол авчихвал улсын цолтой ах дүү нарын тоо нэгээр нэмэгдэх нь гэж бодоод тахимаа өгчихөөд яваад өгсөн. Тэгээд ч Д.Даваасамбуу тэр үед хөлний бэртэлтэй байсан юм. Тэгэхэд Сосорбарам арслан над руу мундаг том гайхам харснаа за за гэснээс өөр зүйл хэлээгүй. Харин Д.Даваасамбуу начин уйлаад гуйж байсан хэрнээ баярлалаа гээд ганц үг хэлчихэж чадаагүй нь хачин санагддаг юм. Яахав тэр хүний хүн чанартай холбоотой байх л даа.
-Спортод хувиа бодсон хүн л амжилт үзүүлдэг гэдэг шүү дээ. Та тэр явдалд харамсаж явдаг юмаа даа?
-Амгаа зааны “Хувиа бодсон хүн л амжилтанд хүрнэ” гэж ёстой үнэн үг хэлсэн байдаг юм. Хөлийнхөө шөрмөсийг сунгачихсан болохоор бэлтгэл хийж чадахгүй байгаа. Шөрмөс агшаах удаан хугацааны эмчилгээ хийж байж эдгэнэ гэсэн. Дараа нь Хөтөлийн ойд очиж би гурвын даваанд Д.Даваасамбууг амлаж авахад тэр “ах аа та дав” гэхээр нь “чи надтай шударгаар үз” гэж хэлээд би унагаасан. Гэхдээ би тэр хүнийг начин болгосондоо баярладаг ч “баярлалаа” гэж хэлээгүйд нь хааяа гомддог. Ажилчин хүн жилийн эцсээр ажлаа үнэлүүлдэг бол бөх хүн улсынхаа баяр наадмаар л жилийнхээ ажлыг үнэлүүлнэ шүү дээ. Тэгээд ч нэгэнтээ би тэр хүнд тахимаа өгчихсөн юм чинь одоо харамсаад ч яах билээ. Эндээс тэр хүний хүн чанар харагдаж байгаа биз дээ. Зүгээр л намайг начин болгож жижигхэн гэсэн ч тус хүргэсэн шүү гэдэг бодол тэр хүнд байдаггүй юм билээ.

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна