МУ-ын Тод манлай уяач Ц.Аюуш: Армийн Аюуш гэх нь тод манлайгаас ч дотно санагддаг

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 07 -нд

Армиар овоглосон цөөхөн уяачийн  нэг нь МУ-ын Тод манлай уяач Ц.Аюуш бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар одсон билээ. Гийнгоон дуутай наадам ойртсон энэ л өдрүүдэд инээд цалгиасан эгэл уяачийг нэхэн дурсаж, архиваа уудаллаа. 2006 онд “Хийморь” сонины “Тод магнайн зочин” буланд уригдсан тэрээр ийнхүү хууч хөөрч асан билээ. Ингээд армид алба хаахаар  ирсэн жирийн цэрэг хэрхэн Тод манлай уяач болсон түүхийг хамтдаа сонирхьё.

 - Тод манлайтай уулзах гэж багагүй зүдэрлээ шүү. Үнэхээр хүнтэй уулзах завгүй байна уу? Эсвэл дургүйд хүчгүй гээч үү?
- Би чинь малаа дагаад байнгын хөдөө байдаг хүн. Өвөл болохоор отор энэ тэр гээд тэр бүр уралдаанд оролцоод байдаггүй. Дээр нь би өвөл морь уяхыг нэг их таашаадаггүй. Өвөл морь уях чинь төвөгтэй ажил шүү дээ. За тэр яахав гэхэд хамгийн гол нь ах нь хэдэн адуунаасаа холдож чаддаггүй муу зуршилтай хүн байгаа юм. Өвөлдөө бол хэдэн адуугаа онд мэнд оруулчих юмсан гээд  Хэнтий, Сүхбаатар зүг рүү отор хийгээд явчихна. Зун бол уяа энэ тэр гээд олны хөлнөөс хол байдаг. Тэгэхээр чиний олны нүднээс хөндий гэдэг чинь зөвөө. Ер нь улсын наадмаас бусдад нь нэг их оролцож чадахгүй юм даа. /инээв/ Дээр нь би чинь хэвлэл мэдээллээс их зугтдаг хүн байгаа юм. 2004 онд Даваахүү, Онон бид гурвыг  Тод манлай болчихоод Засгийн газрын ордны гадаа  байж байтал баахан сэтгүүлчид хүрч ирээд “ярилцлага авъя” гэдэг юм байна. Тэгэхэд ч өгөөгүй. Харин уяачдын маань жаргал зовлонг хуваалцаж байдаг “Хийморь” сониноосоо татгалзаж чадсангүй.
- Баярлалаа. Армиар овоглосон цөөхөн уяачийн нэг нь та. Гарамжав Манлай танд уяаны эрдэм заасан гэдэг байхаа?
- Тийм шүү. Монгол улсын Манлай уяач Гарамжав гуайн туслах уяач болж анхны гараагаа эхэлж байлаа. Өнөөдөр Тод манлай уяач гэгдэж байгаа нь тэр хүнтэй салшгүй холбоотой. Багаасаа үеийнхнийхээ нэгэн адил хурдан морь унаж, баяр бахдал, зовлон жаргалыг нь амсаж байсны хүчинд адуу гэдэг амьтантай амьдралаа холбож гэж боддог шүү.
- Армитай яаж яваад холбогдчихсон юм бэ?
- Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яамны уяач болоод 20 жил болж байна. 1991 онд төрийн наадмаас анхны айргаа авч байлаа. Түүнээс хойш төрийн наадмаас 36 айраг, түрүүгээр хишиг хүртсэн байна. Энэхүү амжилтаараа МУ-ын Тод манлай уяач цолыг хүртсэн. Тэгэхдээ хүмүүс намайг Тод манлай гэхээсээ илүү  Армийн Аюуш гэдэг. Тэр нь ч надад дотно санагддаг юм. Надаас гадна Манлай уяач Дааган хэмээх Ганаа, Алдарт уяач Алтангадас  нарын  армиар овоглогдсон уяачид бий. Дааган Ганаа, Онон бид нар чинь нэг үеийн сайхан найзууд. Төв аймгийн Сэргэлэн суманд хамтдаа морь унаж, нөхөрлөж явлаа. Хэн хэн нь цол хэргэмд хүрээгүй, морь нь ч тэгтлээ  сайн давхидаггүй байхдаа ч бие биенээсээ асууж зөвлөөд сайхан нөхөрлөдөг байсан. Өнөөдөр Онон маань Тод манлай, Ганаа маань Манлай уяач болсон байна. Саяхан болсон цэргийн баярын уралдаанд Ганаа маань гурван түрүү авсан байна лээ.
- Та армийн уяач гэдгээрээ их бахархах юм. Тэгэхээр армийн уяач байхын онцлог нь юу вэ? гэж асуумаар санагдчихлаа?
- Зэвсэгт хүчин намайг их харж үзнээ. Улсын баяр наадмаар тусгай гэр барьж өгч, тусгай үйлчлэгч хүртэл гаргаж өгнө. 18 настай годгоносон банди армид ирж байлаа. Өнөөдөр 50 гарсан хижээл эр болсон байна. Яаж ч бодсон миний амьдралын салшгүй хэсэг бол арми. Эхэндээ салаан дарга хийгээд хэдэн цэрэг дагуулаад гүйдэг байсан бол сүүлдээ морь унаад давхидаг боллоо. Хүмүүс яагаад уяач болов, юу нь тэгтлээ татав гээд асуудаг л даа. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Төрийн сүлд хүртэл морьтой, эзэн Чингис хаан мориор  дэлхийг туулж байсан гээд ярихаар Монгол хүнийг мориноос салгаж ойлгохын аргагүй.
- Тод манлайгууд хүний өөрийн адуунд дарагдчихсан суудаг. Таны хувьд армийнхнаасаа  өөр хүний морийг уяж болох уу?
- Болох нь ч болно л доо. Тэгэхдээ би өөрөө олон хүний морь уяхыг хүсдэггүй. Даахгүй нохой булуу хураана гэж хүн болгон л өөрийнхөө морийг давхиулахыг хүснэ. Гэтэл морь болгон давхихгүй шүү дээ. Морь нь давхихгүй бол Аюуш уяж чадсангүй гэнэ. Одоо зургаан насанд зуу гаруй морь уядаг юм. Энэ нь наддаа хангалттай.
- Хэн хэний нийлсэн  зуу гаруй адуу вэ?
- Манай зэвсэгт хүчин чинь “Морьтон” гэдэг галтай.  Манай гал цэргийн ангийн дарга, офицеруудаас бүрдсэн арваад хүний бүрэлдэхүүнтэй. БХЯ-ны сайд  “Таны үүрэг бол арми цэргийнхээ морийг хурдлуулах” гэж хэлсэн. Цэргийн хүнд даргын тушаал бол хууль. Тэгээд л зүтгэж  байна. Би чинь уяач  болохоос биш хошууч цолтой цэргийн.
- Би андуураагүй бол “Монхангайн” Сэргэлэнгийн морийг та уядаг байхаа?
- Тиймээ, “Монхангайн” Сэргэлэн, Галын Баттөмөр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын цөөн хэдэн энгийн хүний морийг уядаг.
- Д.Лүндээжанцан гишүүн морьтой гэж мэдээгүй юм байна?
- Гишүүнд манай БХЯ-наас нэг азарга бэлэглэсэн нь над дээр уягддаг юм. Түүнээс биш гишүүн өөрөө  нэг их адуу мал гээд нойр хоолоо хасаад байдаггүй юм шиг байна лээ.

-Сүүлийн үед моринд орж байгаа бизнесмен залуучуудаас морь уяулах санал ирдэг л биз дээ ?
- Зөндөө ирнээ. Мөнх-Эрдэнэ арслан, Хишигдорж заан хүртэл морио уяад өгөөч  гэсэн хүсэлт тавьж байсан. Эвийг нь олоод татгалзчихдаг юм.
- Ний нуугүй хэлэхэд морь уюулж байгаа хүнийх нь зэрэг зиндаагаар уяачийг үнэлдэг нэг жигтэй жишиг тогтчихоод байх шиг?
- Сандуйжав, Онон, Даваахүү гурав дарга нарын морийг уяж байгаа гэдгээрээ надаас тасраад явчихсан юм шиг ойлгох юм. Тийм биш. Харин ч бид дөрөв “томчуудыг моринд аль болох оруулъя. Тэгж байж бидний ажил үнэлэгдэнэ” гэж ярьдаг. Тэгээд ч хэнийх нь ч морь түрүүлээд ирэхэд өөрийнхөөс ялгаагүй баярлаж суудаг улс. Ийм сайхан чанар ер нь мориныхонд л байдаг байх шүү. Сая Сандуйжав “хоёулаа Багахангайд уралдаан зохион байгуулъя” гэсэн санал тавьж байна лээ. Ер нь бид чинь хаа очиж амь нэгтэй улс шүү. Нэг уулзахаараа хоол ундаа мартаад морь яриад суучихна. Намайг хөдөөнөөс ирсэн гээд дуулбал нөгөө хэд маань “манайхаар хүрээд ир” гээд утасдана.  Зүгээр жаахан шоглоод хэлбэл бизнесмен, дарга нарын морийг уядаг Даваахүү, Онон, Сандуйжав нарын гадаа том том жийп, манай гадаа цэргийн ангийн хэдэн УАЗ-496  сойлттой байдгаараа л ялгаатай байх. Түүнээс биш бидэнд биенээсээ илүүрхэх юу байхав дээ. Сүүлийн үед моринд орж байгаа залуучууд бизнесменүүд 17 саяар Араб адуу авч байгаа дуулдах юм. Би бол түүнийх нь оронд 10 сайхан үрээ авна. /инээв/
- Ингэхэд та морины наймаа хэр хийдэг вэ? Хамгийн өндөр үнэтэй авсан адуу гэвэл?
- Би голдуу эцэг мал авч уралдуулдаг. Хамгийн үнэтэй нь гэвэл улсад  аман хүзүүдэж байсан  хээр морь маань л байх даа. 1989 онд  мөнгө хатуу байхад 12.000  төгрөгөөр авч байлаа. Манайх хоёр тугалтай үнээтэй байсан. Түүнийгээ өгөөд дээр нь авгайнхаа алтан ээмгийг, 6000 төгрөгтэй өгч байж авсан юмдаг. Түүнээс хойш Сүхбаатар аймгийн Цогнойжамц гэдэг хүнээс хул морийг нь долоон сая төгрөгөөр авсан.
- Тэгвэл  өөрийнхөө адуунаас хэр үнэ хүргэн зарж байна вэ?
- За бараг үгүй дээ. Би адуунаасаа нэг их зараад байдаггүй. Зараад байхаар ч олон биш. Намайг зардаггүй болохоор хүмүүс ч тэр бүр авъя гэдэггүй. Цөөхөн хэдэн адуу надаас ямар хоол нэхээд байгаа биш. Унаган сүрэгтээ  байж л байг. Манайх хоёр хүүтэй. Тэдэндээ хэдэн адуу үлдээчих юмсан гэж боддог.
- Ихэнх уяачид Өлзийт хороололд өвөлждөг болж. Танд наашлах бодол байна уу?
- Өлзийт хороололд олон уяач байдаг л даа. Ганц морь уяхын төлөө бүх амьдралаа хаяад Өлзийтөд ирэх бодол миний хувьд яг үнэндээ алга. Манайх чинь хүний өөрийн нийлсэн 500-гаад адуутай. Нэг суурь гэсэн үг. Тэднийгээ хаана байлгахав. Уяачид туслахаа оторт явуулчихаад өөрсдөө Өлзийтөд ирчихдэг юм шиг байна лээ. Ах нь адуугүйгээр нэг хонож чаддаггүй хүн. Тэгэхээр барахгүй байхаа. Тэгээд ч жилийн дөрвөн улиралд адуугаа дагаж байж аль нь давхичихаар байна гэдгийг нь танина шүү дээ.
- Туслах уяачтай биз дээ?
- Байлгүй яахав. Тэгэхгүй бол би ганцаараа хаана ч хүрэхгүй шүү дээ. Одоо надтай цуг яваа хүү миний туслах уяач байгаа юм.
- Уяаны эрдэмд сургасан шавь нар олон биз?
- Бий, бий. Тэднээс маань хурандаа Бааст, Монхор гэсэн хоёр Манлай, Адьяабазар, Алтангадас нарын дөрвөн Алдарт уяач байна.
- Уяачийн хөдөлмөрөө үнэлүүлж чадаж байна уу?
- Армиасаа л цалин авдаг. Харин бусдынх нь хувьд жилдээ ганц удаа наадам уралдаанд явахад сэтгэлээрээ бензиний мөнгө  аваад өгвөл тэгээд л боллоо. Би өөр юм шаарддаггүй. Гэхдээ туслах уяачаа цалинжуулах ёстой. Одоо манай хүн сарын 45.000 төгрөгийн цалинтай. Туслахаа цалинжуулж байвал морь нь айрагдаж түрүүлсэн ч шагналаас нь хувь авдаггүй. Яахав ёсыг бодоод бурхан дээрээ гурав хонуулаад эзэнд нь өгдөг. Тэр хүн өөрөө мэдээд унаач хүүхдэдээ хишиг өгвөл тэр л биз.
- Олонд танигдсан уяачид боломжийн амьдралтай гэсэн ойлголт нийгэмд байдаг. Энэ ойлголт амьдралын үнэнтэй нийцдэг үү?
- Үгүй яахав. Морины буянд хоёр идэхгүй, хоосон хонохгүй явж л байна. Хүмүүсийн бодож байгаа шиг тэгтлээ хахаж цацсан юм ч алга. Мал дагаж байгаа бидний амьдрал ер нь баталгаагүй шүү дээ. Нэг зуднаар л дуусна. Бидэнд байнгын орлого гэж алга. Гайгүй давхичих даага шүдлэнгээ зарж мөнгөтэй залгаж байна шүү дээ.
- Сүүлийн хэдэн жил улсын наадамд оролцоогүй нь ямар шалтгаантай вэ?
- Сүүлийн жилүүдэд зуд турхан ихтэй. Мал маш муу орлоо шүү дээ. Өнгөрсөн жил л арай гайгүй байсан байх. Улсын наадамд оролцоогүй нь үүнээс гадна бас нэгэн шалтгаантай.
- Ямар?
- Миний төрсөн нутаг Архангай аймгийн Хотонт сумын ой болоод.Ноднингийн хувьд Өвөрхангайд Лүндээжанцан гишүүний нутгийн ой болоод улсын наадамд уралдаж чадаагүй. Ер нь бол  хөдөө аймаг, сумдын ойд уралдсаар байгаад гэх үү дээ. Энэ жилийн хувьд ч гэсэн улсын наадамд уралдаж чадах нь уу үгүй юу.
- Дээр өвлийн уралдаанд нэг их сүжиггүй гэж байсан. Ямар нэг таагүй дурсамжтай холбоотой юу?
- Өвлийн моринд тэжээл их орно. Нэг шуудай овъёос 10,000 төгрөгийн үнэтэй. Бүтэн өвөлжин тэжээгээд морь давхихгүй бол яахав. За энэ ч яахав гэж бодъё. Гэтэл өвөл уралдсан морь зун давхидаггүй. Монголд өвөл зунгүй сайн уралддаг хоёрхон морь л байсан. Нэг нь Ононгийн хээр, нөгөө нь Партизаны Доржсүрэнгийн хээр. Бусад нь мэдэхгүй. Миний уяж байсан морьдоос өвөл уясан морь орчиндоо дасаад иргүй болчихдог юм. Зун бол яахав наадмаас хойш давхар уяагаар уячихдаг болохоор гайгүй. Ноднин өвөл Сүхбат аваргын ах Батсүхийн уясан даагануудыг хараад хүмүүс энэ жил даага уялтгүй л гээд байсан. Гэтэл зун ганц л айрагдаж, миний уясан даага аман хүзүүнд ирсэн.
- Өөрийн уяаны арга барилаас залуу уяачдад сургамж хайрлабал?
- Морь болгоны уяа өөр. Уяач хүн хараад ямар уяа тохирохыг тааруулдаг. Хүмүүс тэжээл энэ тэр гэж мэддэггүй байхад Онон бид хоёр анх мэдээд туршиж хэрэгжүүлж байлаа. Одоо бол тэжээлгүй уралддаг адуу гэж алга. Саяхнаас би тэр дуслыг нь туршиж үзэх гэсэн нэг л болдоггүй. Уяаны дундуур тарьсан морь улам нялхраад байна лээ. Сарын өмнө ч юм уу тарих ёстой юм шиг байна.
- Азарга хавчигтаа хамгийн хурдан байдаг. Харин долоотойдоо түрүүлбэл дахиж давхидаггүй гэдэг яриа хэр үнэний ортой вэ?
- Үнэн  байх шүү. Сүрэнхорын хээр, Гарамжавын өсгий цагаан гээд олон жишээ ярьж болно.
/Бидний яриа үүгээр өндөрлөсөн. Учир нь Тод манлайг хүлээсэн хүмүүсийн тэвчээр барагдаж бид яриагаа дуусгахаас өөр аргагүй болсон юм./
2006.03 сар Улаанбаатар хот

"Тод магнай" сэтгүүл дугаар №17

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.