2012 оны шилдэг уяач Т.Ихбаяр: Хүн адуу хоёр, хүлэг эзэн хоёр ижилсэх сайхан юм билээ

Тэлмэн
2012 оны 12-р сарын 24 -нд

Уяач Т.Ихбаяр нь өнөө жил 3 түрүү, 8 айраг хүртсэн амжилтаараа Монгол улсын манлай есөн уяачийн хоёрдугаарт 29 оноогоор эрэмбэлэгдсэн билээ.  Хүүхэд байхаасаа л адуутай, тэр дундаа хурдан хүлэгтэй холбогдсон тэрээр Тод манлай Д.Ононгийн гарын шавь.  Ихбаяр үеийнхээ Батаа, Билгээ, Сугар дөрвүүлээ Тод манлайн гэрт бужигнасан өссөн нөхдүүд. Тиймдээ ч “өнөөдөр бид уяа эвлүүлээд уяач гэгдэж яваа нь Онон ахын маань ач” хэмээн ярих юм билээ.  Энэ мэт шилдэг уяачийн сонирхолтой яриаг хүргэж байна.
   
-Он солигдох энэ торгон агшинд хүн бүр ололт амжилтаа дүгнэж байна. Та ч гэсэн 2012 онд одтой наадаж, шилдэг уяачийн хоёрдугаарт жагслаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Бидний баярыг хуваалцаж байгаа та бүхэнд ч бас баярлалаа. Энэ дашрамд “Тод магнай”-н хамт олон, нийт уншигчдад нь шинэ жилийн баярын мэндийг хүргэж, ирэх онд ажил үйлс нь өөдрөг, ололт амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе. Монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа уяач биднийг холбох гүүр болж байдагт тань баярлаж явдаг шүү.
-Сайхан дурсамж сөхөх бүрийд таатай байдаг. Ихбаяр уяач 2012 онд хэрхэн наадсанаа эргээд нэг дурсаач?
 -2012 онд манай уяачид одтой сайхан наадлаа. Миний хувьд ч гэсэн олз омог дүүрэн сайхан жил байлаа. Үүнийгээ үнэлүүлж, өнөөдөр шилдгүүдийн нэгээр шалгарсан маань урам зориг нэмж байна. Энэ жил улсын баяр наадмын эрлийз ангилалд даага аман хүзүүдүүлж, Дундговь аймагт болсон “Их мандал 2012” говийн бүсийн даншиг наадамд азарга, их нас, хязаалан айрагдуулж, соёолон түрүүлгэсэн. Мөн Өмнөговь аймагт болсон хаврын бүсийн уралдаанд их нас түрүүлгэж, Өвөрхангай аймгийн Есөнзүйлийн даншигт даага түрүүлгэж, хоёр хязаалан айрагдуулсан. Өөрөөр хэлбэл улс бүсийн наадмаас гурван түрүү, найман айраг хүртсэн байна лээ.
-“Хүй мандал” галынхан төрийнхөө их баяр наадамд хичнээн адуу уясан бэ?
-Зургаан насанд 30 гаруй морь уяснаас арвын дотор арав гаруй морь давхилаа.
-Эрлийз бага насанд аман хүзүүдсэн хээр даага Наранхүү гишүүний нэр дээр цоллогдож байсан?
-Хээр даагыг би нэг найздаа бэлгэнд өгсөн юм. Харин тэр найз маань Б.Наранхүү гишүүнд өгсөн юм шиг байна лээ. Уяаг нь би өөрөө тааруулсан.
-Оны шилдэг уяачийн морьтой холбогдсон түүх сонирхолтой байна?
-Хүүхэд байхаасаа л адуутай, тэр дундаа хурдан хүлэгтэй холбогдсон доо. 2-3 настай жаахан хүүхэд Онон ахынд ирж байсан гэдэг юм. Би чинь тэдний хүүхэд шахуу хүн шүү дээ. Батаа, Билгээ, Сугар бид дөрөв нэг гэрт өссөн хүмүүс. Өнөөдөр бид уяа эвлүүлээд уяач гэгдэж яваа нь Онон ахын маань ач.
-Урвачихсан хэрэг үү?
-Онон ахын эхнэр Мөнгөө эгч манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Би эмээ дээрээ ой гарантай ирсэн юм билээ. Жил гаруйн дараа эмээ маань бурхан болж, би Онон ахынд ирсэн гэдэг юм.Тэр цагаас тэдний хүүхэд болсон гэхүү дээ. Сургуульд ороод гэртээ ирсэн ч, дургүйцсээр байгаад дөрөвдүгээр ангиасаа сургуулиас гарчихсан.
-Тэгээд л Тод манлайн дэргэд байж уяаны эрдэмд суралцсан юм биз дээ?
 -Тиймээ. Зөвхөн морь уях биш. Адууг зөв унаж зөв эдлэхээс эхлээд олон зүйлийг зааж сургасан. Ер нь уяач хүн хамгийн эхлээд адуугаа зөв унаж эдэлж сурах хэрэгтэй гэдэг байсан. Тэр нь ч их зөв юм билээ. Бид хэд чинь хонь хариулна, адуу манана гээд эхний үед уяаны ажилд шууд оролцдоггүй байсан.
-Хэдэн оноос бие даан морь уях болсон юм бэ?
- 20 настайгаасаа эхлэн бие даасан. 2002 он юм байна. Нэг өдөр багш Батаа бид хоёрыг дуудаад “та хоёр бие даагаад хүний морь уявал яасан юм бэ”гэсэн. Тэгээд л би Цандэлэг ахын, Батаа МТТ-гийн Тэрбишийн морийг уядаг болсон.
-Та хоёр өөрсдөө сонголт хийсэн юм уу?
-Цандэлэг ах бид хоёр ивээл жилтэй байсан.
-Халхын таван том даншигт түрүүлсэн Соёмбо хүрэн үнэхээр хурдан буян. Хүрэн азаргаа хэрхэн авсан гэдэг билээ?
-Жамбага ахынхаас хэдэн унагатай гүү авахаар очтол хашаан дотор нь хүрэн азарга маань байсан. Тэгэхээр нь “гүүгээ авахаа болиод энэ азаргыг чинь л авья” гэтэл “найзын маань хүү гуйж байхад” гээд зөвшөөрсөн юм. Манай аав Жамбага ах хоёр их найзууд байсан юм билээ. Аавынхаа нутгаас тэр дундаа сайн найзаас нь авсан хүрэн азарга маань үнэхээрийн хурдан буян байж, намайг уяач болгосон. Сайн адуугаар л уяач болохоос  муу адуутай ноцолдоод байвал амжилт гаргахгүй шүү дээ.
-Уг нь эцэг Хандгай хүрэнг бэлгэнд өгсөн байсан гэдэг байхаа?
-Тиймээ, анхны Говьшанхад түрүүлэхэд нь Цандэлэг ахад бэлэглэсэн юм билээ. Гэхдээ дараа нь Соёмбыг авахдаа “эцэг эх нь байгаа юм чинь Соёмбо шигээ сайхан азарга гаргаж аваарай” гээд Хандгай хүрэнг буцааж өгсөн. 
-Сайн адуугаар уяач болсон гэлээ. Соёмбо хүрэн ер нь ямархуу уяатай адуу вэ?
-Хатуу уяатай адуу. Их нимгэлж байж давхидаг. Ер нь давхар уяанд өнгөжөөд  улам л сайхан болоод байдаг адуу. Тиймээс нэг жил доод тал нь гурав уралддаг байсан.
-Хамгийн анхны айраг нь Өндөр Гэгээний даншиг наадмын аман хүзүү байхаа?
-Тиймээ, миний хувьд ч гэсэн бие дааж морь уяад авсан анхны том наадмын айраг нь тэр. 2005 оны Өндөр Гэгээний даншиг наадамд Соёмбо соёолондоо аман хүзүүнд хурдалж, бидний өм нээгдэж байлаа. Тэр цагаас хойш айраг түрүү тасраагүй ээ.
-Соёмбыг бүсийн наадмын адуу гэдэг. Нээрэн ч тийм хурдан байсан хэр нь улсын наадамд орж байгаагүй шүү дээ. Уяачийн хувьд энэ тухайд ямар дүгнэлт хийдэг вэ?
-Дутаагаад л байдаг байсан байх. Арав дотор бол нэлээд хэд давхиж байсан. 2006 онд ид хурдан байхдаа өнгөлж яваад хадуурчихсан шүү дээ. Тэгээд Эрдэнэтийн 30 жилийн ойн даншигт очиж аман хүзүүдээд, Архангайн Тоглохын талд болсон даншигт түрүүлсэн. Тэндээсээ Хэнтийн хөдөө аралд болсон даншигт очиж түрүүлээд, намар нь Шийтэрийн зээрд азарганы мялаалганд уралдсан. Тэр жил хамгийн олон буюу зургаа уралдсан байдаг юм.
-Сайн адууг нэг жил олон уралдуулах сайнгүй гэх нэг хэсэг байхад ямар нэг нөлөөгүй гэх  нөгөө хэсэг байдаг. Та ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлд бодож байхад цөөхөн уралдуулмаар юм билээ. Ер нь сайн адууг аль болох гамнах хэрэгтэй. Тэр тусмаа хурдан гэдгээ баталчихсан адууг. Залуу ч байж, тэр үеийн бүсийн уралдаанууд ч давхцдаггүй байж, Соёмбо доод тал нь нэг жил гурав, дээд тал нь зургаа уралдаж байсан юм билээ. Сүүлийн үед бүсийн уралдаануудыг нэг өдөр болгосон нь их зөв шийдвэр болсон.
-Уяж буй морио хамгийн ойроос мэдэрсэн хүн л амжилт гаргадаг гэдэг юм билээ. Соёмбыг тэгж мэдэрдэг байсан уу?
-Мэдэрдэг байсан л гэж боддог. Хүрэн азарга ер нь жаахан ааш муутай талдаа. Хэр баргийн хүн дөхүүлэхгүй. Тэгсэн хэр нь намайг очихоор яадаг ч үгүй байсан. Ямар сайндаа манай залуучууд хүрэн азарга Ихбаяр ахыг таньдаг байхаа гэдэг байсан.
-Уягдаж буй үедээ ааш нь өөрчлөгддөг үү?
-Бараг хэвээрээ дээ. Зарим үед булгина, бусгана. Ер нь хурдан адуу, тэр дундаа эцэг мал жаахан омголон байдаг юм шигээ.
-Олон бахдалт наадмуудаас хамгийн их сэтгэлд үлдсэн нь хэдэн оных вэ?
-Соёмбо маань уралдах болгондоо унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баярлуулдаг сайхан хүлэг байсан. Ер нь би хүрэн азарганы давхилыг харахаараа яагаад ч юм их догдолдог. Сунгаан дээр ч ялгаагүй, түрүүлээд ирэхэд өөрийн эрхгүй бахдах сэтгэл төрдөг байсан. Хүн адуу хоёр, хүлэг эзэн хоёр ижилсэх сайхан юм билээ.
-Эзнээ Тод манлай уяач цолонд хүрэхэд Соёмбын амжилтын ихэнх хувийг гүйцэтгэсэн байх. Гэхдээ Цандэлэг Тод манлайн нэр дээр уралддаг өөр ямар ямар хурдан хүлгүүд байсан бэ?
- Ганцхан адуугаар Тод манлай уяач цолонд хүрнэ гэхэд бэрх шүү дээ. Цандэлэг ахын нэртэй өөр 4-5 ч хурдан адуу байсан. Тэднийг нь уяж улс, бүсийн наадамд түрүүлгэж айрагдуулан таван жилийн дотор Тод манлай уяач цолонд хүргэсэн дээ.
-Соёмбо хэдтэй зодог тайлсан бэ?
- 11-тэйдээ уралдахаа больсон. Уг нь насны хувьд ид уралддаг нас ч хөл нь жаахан эвгүйтчихээд байсан учраас уралдахаа больсон.
-Үр төлөөс нь эцгийн шийрийг хатаах унага төрж буй болов уу?
-Уралддаг азарга төл муутай байдаг. Соёмбо ч ялгаагүй. Хавар намаргүй уралдаж байсан болохоор төл авч байгаагүй. Одооноос гарч байгаа байхаа.
-Соёмбыг уяж байхдаа багшаасаа зөвлөгөө авдаг байсан уу?
-Асуух юм байлгүй яахав ээ. Онон ах хүний өөрийн гэж ялгалгүй юм асуусан хүнд харамгүй хэлдэг олон шавьтай хүн. Тод манлай уяач Дуламсүрэн, Манлай уяач Тангаа гээд олон хүнийг нэрлэж болно доо.
-Онон Тод манлай уяаны үед юуг эрхэмлэдэг байсан бэ?
-Хүний өөрийн нийлсэн олон адуу уяна. Тэгэхдээ хэзээ ч энэ хүнийх гэсэн сэтгэлээр ханддаггүй. Өөрийн юм шиг л зүтгэдэг. Тэр занг нь их хүндэлж эрхэмлэж явдаг даа.
-Адуунд засал хийж ханаж хатгахдаа Онон Тод бас л гайхагддаг. Гарын шавь нь тэр эрдмийг нь өвлөсөн биз?
-Айхтар мундаг гэж хэлэхгүй ээ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хатгана. Хатгах ханах тал дээр Батаа, Билгээ хоёр илүү сурсан. Би адууг домнож  засахдаа арай илүү байх.
-Ихбаяр уяач бие дааж морь уяад 10 жил болчихож. Энэ хугацаанд Тод манлай уяач нэгийг төрүүллээ. “Хүй мандал” галынхан ч гэсэн тун өнгөтэй наадаж буй. Тэгэхээр ер нь улсын цолны болзол биелчихсэн байх шүү?
-Цол хэргэмд хүрчих юмсан гэсэн зорилго өвөртөлж морь уяагүй болохоор тэгтлээ шимтэж байсангүй. Гэхдээ энэ жил улсын цолны болзолд хүрчихсэн байгаа. Тэгж байгаад цаг нь болохоор цолоо авах байлгүй дээ.  
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болутгай.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. “Тод магнай”-гаараа дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд шинэ оны мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Тэлмэн
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна