Нэг жил гурван аман хүзүү хүртчихээд үнэхээр их баярласан

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 04 -нд

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Алдарт уяач Ц.Цэдэвсүрэн хүүхэд байхын л адууны захад өссөн нэгэн. Түүний аав  С. Цэдэвдоржийг хурдан хонгор мориор нь нутаг орныхон нь анддаггүй юм билээ. Уясан эзэндээ арав гаруй айраг түрүү авчирсан хонгорын төлөөр өдгөө хүү Цэдэвсүрэн одтой сайхан наадаж байна.
-Энэ жил хаагуур хаагуур наадав?
-Хүн малын зоо тэнийсэн сайхан зун боллоо. Миний хувьд энэ жил бага насны адуу уяж, сумандаа наадлаа. Зургаа, долоогоор л давхих шив дээ.
-Таны аав морь уядаг хүн байв уу?
-Миний аав Сундуйн Цэдэвдорж гэж уяач хүн л дээ. 1970 -аад оноос эхлэн морь уях болсон юм билээ. Тэр үед аавын хонгор морь хаврын наадамд айргийн гуравт давхисан нь морь уях урам зориг нэмсэн хэрэг болсон гэдэг. Хонгор морь нь Хайдав өвгөний хурдан саарал азарганы төл байгаа юм. Аав маань нэгдэл нийгмийн үед хонь маллахын хажуугаар унаган адуугаа цаг заваараа уяж, уралдуулдаг байсан гэдэг. 1979 онд саарал азарга даагандаа түрүүлж, жилийн дараа ахин хоёр удаа энэ амжилтаа бататгасан юм. Үргэлжлүүлээд 1981 онд хязааландаа айргийн гуравт, 1982 онд соёолондоо түрүүлсэн.  Мөн хавчиг азаргандаа  айргийн тавд, нас нийлээд айргийн гуравт орж байсан аргагүй хурдан буян даа. Нийт арав гаруй түрүү авсан байдаг юм. Одоо энэ саарал азарганы төл надад бий.
-Харин Цэдэвсүрэн уяач хэзээнээс эхлэн морь уяж байна вэ?
-Аавыгаа дагаж гүйсээр адуунд хорхойтой болчихсон гэх үү дээ. Багадаа аавынхаа уясан хурдан морийг унадаг байлаа. Яваандаа моринд томдоод ирэхийн үеэсээ морь уях болсноос хойш арав гаруй жил өнгөрсөн байна.
-Мэдээж уяаны эрдмийн багш гэвэл аав тань болов уу?
-Хүүхэд байсан болохоор уяаны эрдмийн нарийн ширинийг өвлөж чадаагүй санагддаг юм. Гэхдээ   сурсан юм байлгүй яахав. Нөгөө талаар энэ амьдрал гэдэг чинь тэр чигээрээ сургууль гэдэг, үнэн шүү.  Тэгээд ч монгол хүн бүрийн зүрх сэтгэлд адуу их ойрхон байдаг юм шигээ. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөөрөө уяад л явна. Морь уяж эхэлснээсээ хойш таван жилийн дараа 16 айраг түрүүн амжилтаараа сумын Алдарт уяач цолыг авсан. Тэр үед аав маань надад олон сайхан хурдан буянгууд өгч дээ. Илүү сайн уяж, үүнээс илүү амжилт гаргадаг юм шүү гэж өөртөө хэлж байлаа. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэдэг сайхан шүү дээ.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв?
-1997 онд уясан даагаа сумандаа гуравлуулчихаад бас их баярласан. Анхны айраг гэдэг утгаараа одоо ч санах тоолонд таатай байдаг юм. Бас 2000 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд очиж  наадаад их морь, соёолон, хязаалан зэрэг аман хүзүүлчихээд дээлэндээ багтахгүй баярлаж байлаа. Тийм л үед эр хүний баяр бахдалыг илүү мэдэрдэг юм билээ. Ер нь миний гаргасан амжилтын ихэнхийг соёолон, хязаалан, шүдлэн нас эзэлдэг. Бусад насны морьдоо бодвол арай илүү уядаг  юм болов уу.
-Морины наймаа хийж байна уу?
-Тийм ээ. Анх 2003 онд Өмнөговь аймгийн Энхтөгс гэж хүнд халтар морио зарж байснаас
нэлээд адуу  гадагшаа гарсан байгаа. Надаас адуу  авсан хүмүүс  ярьдаг юм, хурдан байгаа гэж. Сүүлд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд шарга соёолон зарагдсан. Сураг сонсохнээ их хурдан байгааг дуулаад баярлаж л сууна даа.
-Нууц биш бол хамгийн үнэтэй нь хэд хүрч байв?
-Халтар морио нэг сая төгрөгөөр өгч байлаа. Харин шарга үрээгээ найман саяар зарсан. Товчхондоо ийм шив дээ. /инээв/
-Ярилцлага маань өндөрлөж байна. Танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. “Тод магнай”-н уншигчдад энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

А.Мөнх
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна