АЗИЙН МОРИНЫ УРАЛДААНЫ 34 ДҮГЭЭР ЧУУЛГАН

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 02 -нд

Хөх манхан тэнгэрээр 10 цаг ниссээр нэгэн цагт Монгол нутагт минь нүүдэллэн амьдарч байсан Түрэгийн хааны удам орчин цагийн Турк улсын хамгийн том хот Истамбулд газардав. Бурхан минь, морины нуруун дээр ч ойрд ингэж удаан яваагүй тал нутгийн хүү би эсэн мэнд газардсандаа дотроо залбирлаа. Уг нь ч Боинг онгоц тухтай, Туркийн нислэгийн пүүсийн залуухан бүсгүйчүүдийн ялдам инээмсэглэл, найрсаг үйчилгээн дор алжааснаа ч мэдэлгүй элдэв зүйлийг сонирхсоор Киргистаний нийслэл Бишкекд амсхийж аваад, эх орноосоо үдийн өмнө мордсон хүмүүс өдрийн нартайгаа цуг харийн оронд нь дөрөө мултлав. Хатагин овгийн харц язгуурт Буджавын Батсайхан миний бие монгол морьтоны төлөөлөл болж Монголын Морин спорт, Уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, тус холбооны ажлын албаны дарга Яндагийн Болд, Завхан аймгийн МСУХ-ны тэргүүн, Магнай халтарын эзэн Цагаанбандийн Баянжаргал, дуун хөрвүүлэгч Байгаль нарын хамт Азийн Морины уралдааны холбооны 34-р чуулган /2012 оны 07-р сарын 17-22/ – д оролцохоор агаараар хилийн дээс давж байгаа нь тэр. Морьтонгууд хийморьтойг хэлэх үү урьд нь хөрш улсын Бээжин, эсвэл Москва хотоор заавал дамжиж нисдэг байсан нь больж Улаанбаатараас шууд Истамбул руу нислэгтэй болоод дөнгөж хоёр дахь нислэгээ хийж байгаатай нь бид таарч үйлчлүүлжээ. Би анх удаа хөрш улсуудаасаа өөр, нар ээсэн дорнын уудам талаас хөлгүй цэнхэр тэнгисийн эрэг дэх гуравдагч оронд ирэв.
Туркийн хил гаальхан гадны бид байтугай өөрийн орны иргэдийг ч ямар нэг хүнд сурталгүй чөлөөтэй хүлээн авч зөвхөн гадаад иргэдэд гэхэд 25 шалгагч гадаад үнэмлэх дээр нь дардас дарж толгой өндийх завгүй үйлчилж байхад дугаарласан олон дундарахгүй байна гээд бодоход хичнээн түмэн хүн үүгээр дамжиж байгааг нь та төсөөл дөө… Нисэх онгоцны буудлаас тосуулан Истанбулын сонин сайхныг сонирхсоор дэлхийд алдартай Хилтоны сүлжээ олон одтой буудалд нэг хоногийн 263 евро төлж байрлав. Аргагүй л өндөр хэмжээнд хүлээн авч байгаа нь алхам тутамд мэдрэгдэж эхлэв. Ази Европыг холбосон 70 гаран сая хүн амтай, эдийн засгийн болоод цаг уурын нэн тааламжтай бүсэд байрладаг энэ улс Исламын шашинг шүтэж хүн амын олонх нь турк үндэстэн, цөөн тооны курд, заза болон бусад үндэстэн оршин суудаг улс зэргээс өөр мэдээлэлгүй би аяны хувцасаа сольж албаны хувцасаа өмсөөд шууд хуралдаа ороод явчихлаа. Дэлхийн 38 орны 1000 гаруй зочид төлөөлөгч оролцож, улс орон бүрийн төлөөлөгчдийн ахлагчийг төрийн далбааны хамт тайзнаа залан суулгаж Туркийн жокей клубын тэргүүн, Азийн Морин уралдааны холбооны тэргүүн, Туркийн Хөдөө аж ахуйн сайд нар үг хэлж нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхэллээ. Чуулганы үеэр олон илтгэл тавьснаас Монголын морин уралдааны цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж Монгол Улсыг Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосныг өөрийн чихээр сонсож нүдээр үзэх их хувь надад тохиов, энэ нь сүүлийн жилүүдэд ММСУХ-ноос гадаад бодлогодоо ихээхэн анхаарч цэгцтэй бодлого явуулсаны үр шим биз ээ… Нөгөө нанхиад урд хөрш маань удирдах зөвлөлд сонгогдох битгий хэл гишүүнээр ч элсэж чадаагүй, санлын эрхгүй ажиглагчаар оролцох нь билээ хө. За тэгээд улс нь хөгжөөд удирдлага нь ажлаа сайн хийвэл бидэнд цэвэр үүлдрийн адуу оруулахад хөнгөлөлт үзүүлэх, бүр цаашлавал Монголд морин тойруулга барьж өгөх талын юм ч ажил хэрэг болоод эхэлжээ. Орчин цагийн морин тойруулга ойролцоогоор 300 орчим сая ам.долларт босох юм гэнэ. Зөв тооцоотой, тэгээд сайн баг хамт олон, сэтгэл байвал уг нь ч 2 жилийн л ажил шүү дээ… гээд Сэргэлэн дарга уулын орой харж биднийг зоригжуулав.
Үнэхээр Монголд морин тойруулга баригдвал мөлх миний бодоход наад зах нь моринд дуртай монголчууд бид найман настай балчираас эхлээд наян настай буурай нь хүртэл орчин цагийн цахим хэрэгслээр дамжуулан бооцоо тавьж, за тэгээд хөрш хоёр улстайгаа хиллэдэг Дорнод аймагт тойруулгатай бол гаднаас уяачид морьдоо авчирч, монгол уяач нутаг дээрээ эрдэм авьяасаа үзүүлж, зочидыг дагасан өндөр зэрэглэлийн буудал, үйлчилгээ орж ирнэ дээ гэж бодлоо. Чуулганд ирсэн зочидын ихэнх нь хэдэн үеэрээ англи цэвэр цусны хурдан адуунд сая саяаар нь хөрөнгө оруулчихсан язгууртан баячууд, тэдний хэллэгээр дээд зиндааныхан ажээ Чуулган болж байгаа буудлын үүдний танхимд хурдан морины тоног хэрэгсэл, мэргэжлийн ном сэтгүүл, тэжээл, эм бордоо, бүр тойруулгын хашаа хайрс, элс хөрсийг нь үйлдвэрлэгч хүртэл танилцуулгаа байрлуулж гэрээ хэлэлцээ ч хийж байлаа. Чуулганы завсарлагаанаар нэгэнт хол газар хөрөнгө мөнгө гаргаж ирснийх бид ч гэсэн бусдаас өрсөж Япон, Солонгос зэрэг 6 улсын төлөөлөгчидтэй уулзаж ажил хэргээ амжуулав. Би ч бас ном сэтгүүл цуглуулан аяны богцоо дүүргэж аваад нэгэнт ачааны даац хэтэрсэн тул аргагүй зогсоов. Аливаа улс өөрийн хөгжлийн түвшингээ харуулж, зангарагаа үзүүлэх боломж нь олон улсын чуулган арга хэмжээ гэдэг юм байна гэдгийг би бүр ч их мэдрэв. Чуулган зохион байгуулагдаж байгаа уур амьсгал, амссан цай жимс хоол хүнс, үзвэр үйлчилгээ бүхэнд турк хүний эх орноо гадныханд өөдрөгөөр таниулах гэсэн чин хүсэл, үнэнч хөдөлмөр шингэжээ.
Монголчууд энд хөдөлмөр эрхэлж,Туркийн цэргийн болоод иргэний их дээд сургуульд олноороо суралцаж, ой тогтоолтын олимпид хүртэл оролцсныг та бид мэдэх билээ. Зарим нэг зүйлийг сонирхуулахад бага байхад минь харгис цагдаа гэж ойлгогддог үг маань энд бол Үндэсний баатар нь Жандарма байж билээ. Дэлхийн 1-р дайныг хийж явсан энэ улс өдгөө газар зүйн ашигтай байрлалдаа тулгуурлан, төр засгийн мэргэн бодлого, хөдөлмөрч ардынхаа хичээл зүтгэлээр 2 тивийн холбосон худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс болж хөгжлийн дээд цэг рүүгээ тэмүүлж байгаа орчин үеийн улс тул эмэгтэйчүүд нь заавал шашны хатуу ёсыг барихаа болж чөлөөтэй хувцаслан, үсээ задгай тавьдаг ч бас архи уудаггүй, мах иддэггүй гээд монголчууд бидэнд нэн шаардлагатай улалмжлалаа авч үлдэн одоо ч бүх нийтээрээ хатуу чанд дагаж мөрдсөөр байна. Харин нүднээс өөр зүйлээ ил гаргаагүй хар хувцастай охид бүсгүйчүүд хаа нэг үзэгдэх, гудамжинд согтуу хүн огт харагдахгүй нь надад сонин байв. Түрэг улсын үйлчилгээний салбарт хөрш Гүрж, Армян зэрэг орноос ирсэн охид залуус ихээр ажилладаг нь надад олз болж орос хэлээр ойлгоцоход дөхөм байлаа. За тэгээд орой болгон аль нэг хаадын том шилтгээн, асар том задгай усан онгоц зоог барьж турк үндэсний болон сонгодог бүтээлийн тоглолт үзсээр нэг л мэдэхэд чуулган дуусаж, сүүлийн нэг бүтэн өдөр биднийг тойруулгын морин уралдаан үзүүлэн Англи болон Араб адууныхаа үржлийн аж ахуйгаар авч явлаа. Хэлэх үг ч гардаггүй ёстой л нөгөө нүд баясгаж сэтгэл сэргээв. Дэлхийг дайлаар мордохдоо ч морьтойгоо,Төрийн сүлдэндээ ч морьтойгоо, Халхголын голын байлдаанд ч морьтойгоо, дуу хуурандаа ч морьтойгоо Монголчууд бидэнд анхаарал татсан зүйл байсан нь энэ улсад Араб адуугаа төрийн сайдынхаа мэдэлд байлгаж үржлийн аж ахуй байгуулан онцгой анхаардаг юм байна. Монгол адууныхаа буянаар, хийморьлог уяачдынхаа дэмжлэгээр алс холын оронд очиж, үзсэн сонссоноо ажил хэрэг болгох бодол өвөрлөн нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна