Аваргын наадам

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 13 -нд

Өвгөн Чимэдцэрэн гуай манай баруун талдаа л ахмад сайн уяачид зүй ёсоор орно. Бие тэнхэл муу ч гэлээ мэдсэн дуулснаа бүгдийг ярихыг хичээж /1995 онд бурхан болсон/ аваргын наадам болдог байсан тухай Дэлгэрэх суманд урьд түрүүлж байсан азарга, их насны морины нэр усыг дурдаад ийнхүү өгүүлсэн юм.
1920-1930 оны үед манай сум чинь Алтан-Овооныхоо энгэрт Аваргын булагт наадам хийдэг уламжлалтай байсныг биеэр үзсэн удаатай гэж өвгөн яриагаа эхэллээ. Тэр үед сумын дарга Чой занги байсан санагдана. Аваргын наадамд алс холоос олон уяачид ирсний дотор говийн ҮII догшин ноён хутагтын нөлөө маш их, тэгээд ч наадамд ноёны морийг уясан "хунз" Ганжуур хурдан морьтой ирсэн юм билээ. Хэдийгээр хувьсгал ялаад хэдхэн жил болсон ч ихэс ноёдын нөлөө их, тэд үе залган хэрэглэсэн отго жинстэй малгайны оронд эсгий малгай тавьсан нь ихэд доожгүй харагдаж, тэдний эрх дарх эрхбиш хасагдаж байгааг ойлгож болохоор байв. Ингээд наадам ч эхэлж их насны морь эргүүлэх хүндээ Ганжуур Тазарыг жаахан цаашлуулаад эргүүлчихээрэй" гэж сэмхэн хэлсэн юм байж, ер нь тэр үед ноёны морь эргээгүй байхад газрын хэмжээ хүрсэн ч эргэх ёсон байгаагүй болохоор газрыг ихээхэн сунгаж ноёны хээр эхэлж эргэсэн байна. Тэр хээр нь холдоо цуцаагүй болохоор олон ч морь замд сууж үхэж үрэгдсэн гэдэг. Наадамд ноён хутагтын хээр түрүүлж, дараа нь олон улаан шар цамцтай хүүхдийн морь айрагдахад улаан цамцат нь тайжийнх, шар цамцат нь бандийн морь гэцгээж хооронд нь холоос ялгадаг байжээ. Олон ч морь үхлээ, газрыг хэн сунгаж татав энэ тэр маргаан үүсэх төлөвтэй болоход "хунз" Ганжуур их тоосон шинжгүй,
-Хонь хурганы хүүхдийн мориор наадаж байгаа биш, би газрыг жаахан ахиулаарай гэсэн юм гэхэд бүгд нам гүм болж хэн ч эсэргүүцээгүйг бодоход ноёдын нөлөө их, ах зах хүний үг авдаг байсныг гэрчилнэ.
Хутагт алсын наадамд ирэхдээ зориуд олон гүү бариулаад айраг саам ихтэй байдгаар барахгүй саамаар морио усалдаг гэсэн яриа ортой ч байж магад гээд өөрийнхөө тухай хэдэн үг хэлэв.
-Манай ембүү нэртэй зээрд азарга чинь "онгон" Адилбишийн адууны угшилтай юм. Ембүүг Мияагомбо надаас тугалтай үнээ залуу мориор аваад Батсүхэд өгсөн юм билээ. Батсүхээс Дамба авч одоо хурдлаад байгаа будан хүрэнгүүд чинь түүний угшил ийм учиртай гэв. Би хонгор азаргаа ид хурдалж байхад "торгон" Дашнямтай хамт уяж л байлаа. Хонгор азарга минь олон удаа айраг түрүү авлаа. Дөч гаруй жил морь уяхад 5-6 удаа түрүү авч, 20 гаруй айрагдсан. Хөгшин хонгор азарганы төл 10 илүү азарга морь төрсөн. Бямбабазар хүүд нэг азарган үрээ байгаа, овоо болно гэж боддог гэлээ. Ер нь сайн угшилтай адуу чинь хэзээ нэгэн цагт сайн унага төрүүлдэг жамтай юм байна гэсээр буурал уяачийн яриа өндөрлөсөн юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна