Аймгийн Алдарт уяач Б.Ганзориг: Эр хүнд уяаны багш хэмээн дээдэлдэг морь байдаг юм
Хурын ус, хурдан хүлгийн тоос нэгэн адил зүсэрсэн “Их мандал 2012” говийн бүсийн хурдан морины уралдаан Дуу хуурын өлгий Дундговь нутагт зохиогдож, өргөн дэлгэр сайхан наадам болсон билээ. Бид энэхүү наадмын үеэр Луус сумын аймгийн алдарт уяач Баатарын Ганзоригтой уулзсан юм. Тэрээр өдгөөгөөс 12 жилийн тэртээ буюу 2000 онд аймгийнхаа баяр наадамд хурдан хээр соёолонгоо түрүүлгэж их амжилтынхаа гарааг эхэлж байсан бол 2009 онд нэг түрүү, 4 айраг хүртэхдээ шүдлэн насанд гурван адуу багтааж байсан хийморьтой аавын хүү. Улмаар аймгийн наадмаас зургаан түрүү, есөн айраг хүртсэн амжилтаар 2012 оны сар шинийн босгон дээр Аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн юм.
-“Их мандал-2012” говийн бүсийн уралдаан дэлгэр сайхан боллоо. Уяа эвлэг, морьд хурдан сайхан наадав уу?
-Эвлэг сайхан байна аа. Манай аймагт энэ жилийн хувьд хур бороо элбэгтэй, дэлгэр сайхан зун боллоо. Би 2009 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас аймгийнхаа наадмыг зорьж, 350 гаруй км-ын холоос арав гаруй адуутай ирж уралдаж байлаа. Тэр үед бороо ногоо муутай бараг л хамар хатгах өвсгүй шахам байсан. Морьдоо дэрсний суль хэд хазуулаад тэжээлээрээ л тэгс ингэсхийгээд уралдсан. Ер нь сайн байгаа адуунд ойр зуурын хоолны алдаа нэг их мэдэгддэггүй юм билээ. Тэгээд ирж байсныг бодоход энэ жил өөр байна аа. Хэдэн морьдоо улсын наадмын тоосонд хутгаад Төв аймаг, Налайхад тавиад давхар уяагаар нутгийнхаа даншт ирж сайхан наадлаа. Дөрвөн насны таван адуутай ирж, хоёр даага маань долоо, наймаар, бусад нь хорь гараад ирлээ, сайхан байна. Айраг түрүү аваагүй ч халхын хурд цугласан энэ том наадамд ийм амжилт гаргасандаа сэтгэл өндөр байна. Наадмын чансаа өндөрсөхөөр уяачийн эрдэм чадал, морины яс чанар жинхэнэ утгаараа харагдах юм.
- Хусуур сойз бүслэн, уяа сойлго тааруулах болсон нь хэзээнээс бэ?
-Багаасаа адуу малтай ноцолдон, 1993 оноос хойш адууны дэргэдээс холдсонгүй өдий хүрлээ. Анх цэрэгт явахаасаа өмнө 97, 98 оны үед Адаацаг сумын аймгийн Алдарт уяач Д.Хуягбаатар ахыгаа дагаж морь уядаг байлаа. Бас Эрдэнэдалайн Цагаан-Овооны аймгийн алдарт уяач Хорвоо ахтайгаа нэг жил морь уясан. Ингэж гурван жил хэртэй аавынхаа найз нарыг дагаж морь уяад цэрэгт явсан. 1999 оны намар цэргээс халагдаж ирээд л хойтон зунаас нь бие даан морьдоо уясан даа.
- Бие дааж морь уяад анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв?
- Тэр жилээ Дундговь аймагтаа хээр соёолонгоо холхон түрүүлгэчихээд эр хүний баяр бахдалыг жинхэнэ утгаар нь мэдэрч байсан. Овоо биш, сумын наадам ч биш бүхэл бүтэн аймгийн наадамд соёолон түрүүлгэснийг хэлэх үү, цэргээс ирээд удаагүйг хэлэх үү их ч урам орсон. Миний хээр үрээний ард Манлай уяач Эрдэнэчулууны даншиг хээр гэж даагандаа Завадамдины 130 жилийн ой, говийн бүсийн даншигт түрүүлж, шүдлэн үрээ аймагтаа дахин түрүүлсэн хурдан хүлэг орж байсан юм.
- Моринд “оруулсан”хээр мориныхоо угшил гарвал, амжилтаас нь дурдвал?
- Дундговийн Эрдэнэдалайн Цагаан-Овооны Нүрдэв гэж сайхан буурал байсан юм. Тэр өвгөний хонгор азарганых нь төл хээр байдасыг аав маань тугалтай үнээн дээр юу ч билээ өгч тухайн үедээ л өндөр үнээр авч байсан юм. Ингээд хээр байдсаа Адаацаг сумын аймгийн алдарт уяач Ш.Сорогзонгийн унаган хар азарганд хураалгаад хээр морь маань гарсан юм. Даагандаа хавчиг цээжтэй, бөөрөнхий хавиргатай жижигхэн даага байсан. Тэгээд уях гэтэл аав дургүйцээд “Наад муу чинь явахгүй ээ, шувхайсан юм чинь ганц таран дээр л цээжээ авна” гээд байдаг. Харин би өөрөөр төсөөлж байсан болохоор өөрийнхөөрөө л зүтгээд байлаа. Ингээд эхний сунгаан дээрээ л хол түрүүлж, хурд нь танигдсан юм. Даагандаа Луус сумын түмэн адууны баярт зургаад хурдалсан. Уг нь гуравт ирээд туган дээр зог тусаад арынхаа гурван дааганд дайруулчихсан юм. Хойтон жил нь шүдлэн үрээ Эрдэнэдалай сумын 32 түмэн малын баярт айрагдаж, 2000 онд аймгийн наадамд соёолондоо түрүүлсэн. Бэсрэг наадмуудад хорь гаруй орсон. Ер нь эр хүнд уяаны багш хэмээн дээдэлдэг морь байдаг юм гэсэн. Тэр нь уяагаа даадаг, уяаны эх ч гэж хүмүүс ярьдаг. Энэ утгаараа миний хээр морь миний багш байгаа юм. Буруу зөрүү алдаж онож, бишгүйдээ л сайн муу тавьж байсан. Айраг түрүү хүртсэн үед хүн чинь баярлаад л өнгөрнө, хойгуур орчихвол алдаа оноогоо олох гээд л хичээнэ. Хээр морь маань 1996 оны унага, одоо 17 настай морь бий.
Сэтгэлд тодхон үлдсэн наадмынхаа талаар дурсвал...?
Бие даан морь уяад аймгийнхаа наадамд соёолон хээр морио түрүүлгэсэн наадам л хамгийн сайхан нь байсан даа. Тэрнээс өмнө 1998 онд Эрдэнэдалай сумын 32 түмэн малын баяр болж, 230 гаруй шүдлэн мордсон юм. Тэр наадамд хээр шүдлэн /соёолондоо аймагт түрүүлсэн/-г маань манай бага дүү, одоо энэ ТМ телевизийн морь тайлбарлагч Б.Ганпүрэв унаж айргийн гуравт орж байсан нь бас л сэтгэлд тод үлдсэн наадмуудын нэг байгаа юм. Бас 2009 онд аймгийнхаа наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн. Ингэхдээ шүдлэн насанд гурван үрээ мордуулаад түрүү, аман хүзүү, таваар оруулсандаа их баярладаг. Түрүүлсэн зээрд шүдлэн маань өмнө жил нь даагандаа бас түрүүлсэн. Харин аман хүзүүдсэн халиун үрээ нь даагандаа таваар орж, тавд орсон хонгор үрээ нь даагандаа наймаар орж байсан юм. 2010 онд Хэнтий аймгийн өмнөд бүсийн уралдаан Галшар суманд болж хязаалан хонгор үрээ маань аман хүзүүдэж байлаа. Хурдны өлгий нутгаас айраг хүртсэндээ бас их билэгшээдэг. Энэ мэтчилэн яриад байвал уралдсан наадам болгон маань л дурсамжтай сайхан байдаг даа.
- Залуу хүн алдаж онохыг алийг тэр гэхэв. Сургамж аваад буцаж байсан наадам бий юу?
- Байлгүй яахав. Арваад жилийн өмнө дөө, залуу ч байж. 2003 онд морьд маань их байлаа. Аймгийнхаа дэвжээн дээр орчих болов уу гэж их найдаж байсан ч азарга ес, их морь нэг нь долоо, нөгөө нь арван таваар давхичихлаа. Дараа нь хоёр соёолон мордуулсан чинь сэтгэл тогтдоггүй, хоёулаа хурдан байсан ч нэг л болж өгөмгүй санагдаад байдаг. Тэгж байтал соёолон ч эргэлээ. Уралдааны замын дундаас хойш “хээр буурал морь ороод ирлээ. Хүүхдийнх нь номер харагддагүй” гээд л зарлагдаад ирсэн. Манай буурал морь л доо. Нөгөөх нь Дорноговийн Айраг сумын улсын Алдарт уяач Магсарын Ухна гуайгаас авсан хул соёолон, их ч хурдан байсан. Дотроо бол буурлаасаа түрүүлж хул нь эхний таван адуунд орж ирнэ гэж бодож байсан юм. Тэгээд барианы газар морьтой очичихсон узель чагнаад байтал хул нь ерөөсөө зарлагддаггүй, хажуу дахь хүндээ санаандгүй “Миний хул морь буурал мориноос түрүүлж орж ирэх ёстой доо. Хүүхдээ унагачихаагүй байгаа” гээд хэлчихдэг юм. Гэтэл нээрээ л хүүхдээ унагасан байсан. Тэгээд л буурал морь аман хүзүүгээр орж ирээд яг цагаан шугамны цаана сажилсаар арав гараад орчихсон. Ороод ирэнгүүт нь ухасхийгээд л бариад авлаа, өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрээд “Яагаад багтдаггүй юм, яасан юм бол оо” гэж бодож байтал манай Луусын Баатарсүрэн ах “За миний хүү баяр хүргэе хэд вэ” гэнэ. Тэгсэн багтана гэдэгт нь итгэлтэй байсан болохоор тэр үү дуугарч ч чадаагүй. Нүдэнд нулимс дүүрч ирээд л гайгүй уужирсан. Сүүлд нь тэр хүн “Ганзориг дуулаагүй юу эсвэл их зан гаргасан уу баяр хүргэе гэсэн эргэж ч харсангүй” гэсэн байсан. Хэрвээ тэр наадамд морь багтсан бол эвдэрч магадгүй байж гэж одоо бодогддог юм. Хоёрын хооронд хор шар уяач хүнд байж болохгүй юм гэдгийг тэгэхэд л ойлгосон доо. Ёстой л нөгөө “морь хүүхэд мэнд наадах шиг сайхан наадам хаа байх билээ” гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн юм даа. Ер нь эр хүнийг аавын хатуу үг, морины урагш хойш давхих давхил л мундаг хүмүүжүүлдэг юм билээ.
- Тэгэлгүй яахав. Ааваасаа хатуу үг хэр олон сонсож байв?
- Сонсолгүй яахав, зөндөө сонсоно. Одоо ч сонсож л явна. Ааваасаа гадна нутгийн ах нараас ч хатуу зөөлөн үг бишгүйдээ л нэг сонссон. Манлай уяач Эрдэнэчулуун ахын үг хатуу ч эргээд бодоход үнэн байдаг юм. Өөрөө ч энийгээ мэддэг. “Миний үг эргээд бодоход чинь үнэн байх болно” гэдэг юм. Одоо ч нутаг холдоод уулзаж чадахгүй юм. Уг нь бид чинь яг нэг хонхрын улсууд байгаа ш дээ. Үе үе өнөө үнэтэй үгийг нь сонсмоор л бодогдох юм. Нутаг ойр байхад Чулуу ахаа дүүгийнхээ уяан дээр очооч гэхэд “Очилтгүй ах нь адууг нь харчихлаа, тийм байна ийм байна” гэхэд л таарна шүү дээ. Энэ мэт ааваасаа, нутгийн сайхан уяачдаасаа дандаа л суралцаж явна. Мөн сүүлийн үед улс бүсийн наадмын дэвжээнд морьд айрагдаж түрүүлгээд байгаа халхын сайхан уяачидтай санаа бодлоо хуваалцаж суухыг их боддог. Тэдгээр хүмүүсээс мэдэхгүй, чадахгүй юмаа асууж өөрийгөө хаахна явааг мэдэж, алдаа оноогоо олох гээд л хичээж явна даа.
- Таныг удам дагасан уяач гэдгийг мэднэ. Аавын арга барил аргагүй нөлөөлдөг байлгүй?
- Миний аав аймгийн Алдарт уяач С.Баатар гэж сайхан хүн бий. Хүнийг цаг хугацаа харуулна гэдэг шиг аав маань үглэж яншаад байхгүй, мундаг төвөл даруу хүн. Мэдээж уяач болох эрдэм ухаан ааваас минь эхтэй. Аав байхгүй бол адуу хаана байхав, амьдралд хэн сургахав. Миний аав ухааны их өвтэй, өнөө үггүй зэмлэсэн харцнаасаа гэдэг шиг хүн дээ. Аавынхаа бэлдэж өгсөн сайхан хурдан адуугаар уйгагүй хөдөлмөрлөсөн гэж өөрийгөө боддог. Эр хүн 30 гарч байж аливаа юмыг ойлгодог бололтой. Аймгийнхаа наадамд 2008 онд нэг түрүү, гурван айраг, түүний дараа жил нь нэг түрүү, таван айраг аваад их баярлаж байсан. Тэр мөчид “Аавын минь бэлдэж өгсөн юм” гэж эрхгүй бодогддог юм билээ. Тэрнээс биш өөрөө цэргээс ирээд хурдан хурц адуу бэлдэе гэсэн бол цаг хугацаа их орно.
- Аавынхаа бэлдэж өгсөн тэр сайхан адуунд цус хэр их сэлбэж байна?
- Сүүлийн хэдэн жил Хэнтий аймагт отор хийж байна. Ер нь цэргээс халагдсанаас хойш нутагтаа бараг өвөлжсөнгүй. Хэдэн адуугаа онд мэнд оруулах гээд Өвөрхангай, Төв, Дорноговь, Өмнөговь гээд залгаа аймгуудаар отор их хийсэн. Аавынхаа өвлүүлж өгсөн адууны цусыг өөрийнхөө хэр хэмжээгээр цус сэлбэж л байна. Наадам томроод ирэхэд сайн адуу аргагүй л нүдэнд тусаад байх юм. Унаган адууны чансаа юу билээ, яахаараа хаа газар халхын наадамд Сүхбаатар, Хэнтийн адуу ноёлоод байдаг юм. Учир нь юундаа байдгийн гээд л тэр чиглэлээс цус их сэлбэж байна. Цус сэлбэсний үрийг би өөрөө үзэх нь гол биш бидний хойч үе дээр цус нь сайжирна. Ноднингоос төрийн наадамдаа очиж тоосоо өргөлөө. Аймгаасаа цол авчихсан гээд зогсолгүй цаашаа улс бүсийн өндөр довонд гарч уралдах сайхан юм. Аавын бийд хүнтэй танилц агтны бийд газар үз гэдэг шиг алтан тууртын буянаар сайхан л наадаж байна.
- Тэгвэл унаган адуугаар л голцуу наадаж байгаа юм байна?
- Би аймгийн Алдарт уяач цолыг унаган адууныхаа зургаан түрүү, есөн айргийн амжилтаар хүртсэн. 1996 оны улсын наадамд Хэнмэдэх гуайн хар морийг соёолон түрүүлэхэд Дундговийн Дэлгэрцогтын аймгийн Алдарт Эрдэнэбаярын хул соёолон гуравт орж байсан юм. Тэр хул азарганы төл хул азаргыг манайх 2000 онд сая төгрөгөөр авсны төл болгон нь давхисан.
Би ер нь эрх талдаа хүүхэд байсан. 1999 онд цэргээс халагдаад очиход аав маань цоо шинэ “ИЖ паленит 5” мотоцикл бэлдчихсэн байсан. Тэр жил манай нутагт айхтар зуд болж, манайх Дорноговийн Айраг сум орж өвөлжсөн. Хавар цаг дэлгэрч нутаг буцахын үед нөгөө шинэ мотоциклоо Дорноговийн Дэлгэрэх рүү арван адуунаас өгчихсөн. Цэргээс ирсэн залуу шинэ тэрэг эдлэхээс илүү арван морь авсныг бодоход аргагүй л адуунд дуртай байсан байгаа юм. Тэр арван адуунд гурав дөрвөн гүү ирсэнээс Дэлгэрэхийн унаган цагаан гүү олон хурд гаргаж өгсөн. Тэр цагаан гүү, дээр ярьсан хул азарга хоёрын дундаас хэдэн зэгэл, загал, хонгор адуунууд гарсны эр бүгд нь давхисан. Хул азарга маань өөрөө ч хурдан амьтан байсан юм. Битүү азарга аваад сумын наадамд дөрөв аман хүзүүдүүлэн өвлийн наадам хоёр айрагдуулсан. 2005 онд Эрдэнэдалай сумын наадамд хул азаргаа түрүүлгэчихээд унаган эзэн рүү нь “Ээгий ахаа хул азарга чинь Эрдэндалайд түрүүллээ” гээд ярьсан чинь “Ах нь чадаагүй юм, миний дүү одоо л уяж сурах нь дээ” гэж байсан.
- Аав тань таныг адуу авахад их дэмждэг бололтой?
- Аав минь “Миний хүү авах юмаа ав, зарах юмаа зар, хүний хүү хоёр морьтой явбал хүүгээ гурван морьтой явуулна” гэдэг юм. Хүний аав ээж гэдэг юугаар ч орлуулашгүй амьд эрдэнэ байдаг. “Ээжийг байхад солиод өмсөх дээлтэй, аавыг байхад сэлгээд унах морьтой” явна гэдэг шиг аав ээжийнхээ буянаар өдий зэрэгтэй явна. Аав, ээж хоёр маань одоо 50 гарсан улсууд бий.
Цэргээс ирснээсээ хойш нутагтаа бараг өвөлжсөнгүй гэж дээр ярьлаа. Нүүдэл хийгээд отроор яваад байх хэцүү юу?
Хэцүү байлаа гээд яахав, хэдэн малынхаа төлөө явахгүй бол миний өмнөөс хэн явах билээ дээ.
Сүүлийн хэдэн жил манай аймагт хур багатай гандуу зун болсон. Тийм болохоор оторт явахаас өөр аргагүй. Отор хийгээд хүний нутагт явахад залуу хүн алдаж онох зүйл гарах л юм. Бусадтай муудах, эсрэгээрээ хүндлүүлэх ч үе байсан. Тэр бүгдийг зохицуулаад төвийг бариад, жаахан юман дээр хөөрч сагсуураад эсвэл урвайж унжаад байх нь хэрэггүй гэдгийг ойлгохтойгоо болж. Энэ зун харин нутаг оронд маань ойрын арван хэдэн жилдээ ороогүй хур бороо орж, хүн малын зоо тэнийсэн дэлгэр сайхан зун боллоо. Болж өгвөл нутагтаа ирэх юмсан гэж бодогдож л сууна.
- Баярлалаа. Унага бүхэн тань босоо, уясан болгон тань хурдтай байх болтугай.
- Баярлалаа. Би “Тод магнай” сэтгүүлийн байнгын уншигч байгаа юм аа. Морины тухай сайхан сэтгүүл гаргадаг танай хамт олонд ажлын амжилт хүсье. Монголынхоо нийт ард түмэн тэр дундаа Дундговь аймгийн хөдөлмөрч түмэн нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлье.
А.Энхжил
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
64.119.23.171
Nutgiin mundag malch zaluu shuu
Reply66.181.184.203
Basl denduu uydag hunshuuu aduundch saihan zasl hiine
Reply