Монгол бөхийн аваргуудыг алдаршуулах нь

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 05 -нд

МҮБХ-ны нарийн бичгийн дарга,  
    бөх судлаач, магистр Б.Цогтбаатар
     

Үндэслэл:  Монгол бөх бол Монголын ард түмний бүтээсэн их өв соёл бөгөөд олон зуун жилийн түүхтэй үндэсний спорт билээ. Судлаач Р.Нямдоржийн бичсэнээр “Монгол бөх” хэмээх ойлголт нь үндсэн таван элементээс бүрдэх ба түүний нэг нь үе үеийн бөхчүүд юм. Өөрөөр хэлбэл монгол бөхийн түүхийг бичилцэж, бүтээлцэж байгаа гол төлөөлөгчид, монгол бөх хэмээх тэр өв соёлыг тээгчид нь үе үеийн бөхчүүд байдгийн дотор аварга цолтнууд томоохон байр суурийг эзэлдэг. 
Аварга цол бол монгол бөхийн хамгийн дээд цол. Монгол наадмын түрүү үзүүрийг булаалдаж, тэр л наадамд зодоглосон хагас мянгаас мянга илүү бөхөөс онцгойрон шалгарч түрүүлсэн бөх аварга цол хүртдэг. Тэгэхээр аваргуудын барилдааны амжилт, түүх бол монгол бөхийн түүхийн салшгүй нэгэн хэсэг юм. 
Манай нэгэн нэрт бөх “Монгол бөхийн түүх бол аваргуудын түүх” байдаг гэж хэлсэн нь өрөөсгөл хэдий ч үнэний ортой ойлголт юм.
Өнөөдөр Япончууд сумо бөхийнхээ аваргуудыг 68, 69 дэх аварга /екүзона/ гэх мэтээр нэрлэн тоолж дугаарлаж байна. Тэгвэл монгол үндэсний бөхөд аварга цолтон хэд төрсөн бол, залуу аварга Мөнхбат хэд дэх аварга вэ? гэдэгт өнөө хэр бодитой хариу алга байна.
Нөгөө талаар бидний ирээдүй - хүүхэд залуучууд маань монгол бөхийн талаар, аваргуудын талаар ойлголт тун бага байгааг харгалзан үзэв.
Тойм:   Монгол бөх хэдэн аваргатай вэ? Энэ асуултад яг таг хариулах боломж хомс байна. Учир нь монгол бөхийн барилдаан хэдийд үүсэв?, хэдийд наадам хийж эхлэв?, хэдий үеэс бөхөд цол, тэр дундаа аварга цол олгож эхлэв? гэдэгт бөх судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлсэн байдаг ч яг таг хариулах баримт олдохгүй байгаа юм.
Сүүлийн үед бөх судлаачдын бичиж байгаагаар монгол бөх одоогоос 20000 жилийн өмнө үүссэн гэж үзвэл аваргуудын тоо одоогийнхоос хэд дахин нэмэгдэх нь мэдээж. Хүннү гүрний үед бөхийн барилдаан үзвэр болон төлөвшсөн байсан нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд энэ үеэс бөхийн барилдаан хөгжиж, боловсронгуй болсоор 1640 онд Өндөр гэгээн Занабазарыг таван настайд нь Халхын анхдугаар богд хэмээн шарын шашны тэргүүнээр өргөмжлөхөд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их бага Монгол уулын өвөр Ширээт цагаан нуурт даншиг /бат оршил/ өргөж, наадам үйлдэн, Бөхлам гэгч түрүүлсэн тэр үеэс бөхөд бай өгч, түрүүлсэн морь, бөхөд цол олгож эхэлсэн гэж зарим судлаачид үздэг. Зарим судлаачид Өндөр гэгээнийг Долнуураас Монгол нутагтаа буцан ирсэнд зориулан 1696 онд хийсэн наадамд уг үйл явдал болсон гэж үздэг. 
Б.Ерэнтэй “Улсын наадам” бүтээлдээ “Улсын заргач цолтой Шихихутуг, улсын бөх цолтой Бүри, улсын ван цолтой Мухулай нарын тухай “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэн нь бий. Их хуралдайгаас улсын заргач, улсын ван цолыг Шихихутуг, Мухулай нарт 1206 онд олгосон бөгөөд Бүрид хэдийд улсын бөх цол олгосон нь тодорхой бус байна” гээд уг зохиолын 4-р бүлгийн 130-р зүйлд “Чингис хаан нэгэн өдөр Бүри бөх, Бэлгүтэй хоёрыг барилдуулъя гэв. .. Бүри бөх улсын нэртэй сайн бөх байсан. Энэ удаа Бүри бөх Бэлгүтэй хоёрыг барилдуулахад Бүри бөх үл ялагдах хүн байтал унаж өгөв. Бүри бөх нуруугаа хугалуулаад өгүүлрүүн: “Бэлгэтэйд би үл ялагдах билээ. Хаанаас айж, аргадаж унаад амиа алдав би” гээд үхэв. Улсын бөх Бүри ийнхүү Бэлгүтэйд нуруугаа хугалуулж үхэв” гэжээ. “Алтан товч”-д “Барилдахдаа Бартан баатрын хөвгүүдээс илүү бөгөөд Бархагийн зоригт хөвгүүдтэй нөхөрлөж явдаг Бүри бөх, Улсын бөх бөгөөтөл Бэлгүтэйд нуруугаа хугалуулж үхэв” гэсэн байгаа. Ингэж Бүри бөх гэдэг нь хоршоо үг, харин улсын бөх нь цол болохыг ойлгогдохоор өгүүлсэн байна” гэжээ. 
 Судлаач Ц.Шагдаргочоо “Монголын бөх” /УБ, 1960/ бүтээлдээ: “Монголд сүүлийн хэдэн зуун жилийн дотор 130 гаруй аварга, 420 гаруй арслангууд төржээ. Тэр аваргуудын нэг нь л улсад доод тал нь 10, дээд тал нь 20 хүртэл түрүүлжээ. Баруун аймгийн Сайханчимэг аварга наадамд 20 жил түрүүлжээ. Мөн ах дүү хоёр их бага Ламжав аваргууд  улсын наадамд 18 жил үзүүр түрүүнд үлдэж байжээ. Энэхэн хэдэн тоог улсын архивт байгаа эх тасран алга болсон Лувсан-Иш мэргэний 1717 онд бичсэн гар бичмэлээс авлаа” гээд “Улсын наадмуудад 16 дугаар зуунаас хойш түрүүлдэг бөхчүүл нь цөм Богдын шавьд өргөгдөж байжээ. Сүүлч үеийн долоон хошуу даншиг, 10 засгийн наадамд дархан түрүүлж байсан Намхай, Лувсанжамба, Чүлтэм, Мөрринчин, Буянтогтох зэрэг олон аварга бүгд Богдын шавьд өргөгдсөн байжээ. Намхай аварга 17 жилийн турш улсын наадамд огт унаж үзээгүй бөх. Лувсанжамбаа аварга 12 жил улсын наадамд унаагүй гэнэ. Чүлтэм аварга улсад 8 жил түрүүлсэн, Буянтогтох аварга улсад 4 түрүүлж, 24 удаа шөвгөрсөн, Вандан аварга улсын чанартай наадамд 16 удаа, Шаравжамц аварга 3 удаа түрүүлж, 6 удаа шөвгөрчээ” хэмээн бичжээ. Энд багахан дэгс зүйл байх шиг байна.     
Ямартай ч тэр үеэс 1912 оныг хүртэл тэмдэглэж ирсэн даншиг наадамд олон жил сайн барилдаж 1-2 удаа түрүүлсэн бөхчүүдэд аварга цол олгож ирсэн гэж үзвэл эхэн үедээ хоёр гурван жил тутамд нэг удаа, сүүлдээ жил бүр, заримдаа жилд хоёр удаа хийж байсан энэхүү даншиг наадмаас олон аварга цолтон бөх төрсөн нь дамжиггүй. Харамсалтай нь 1700-аад оны сүүлчээс хойшхи үеийн наадмын баримт сэлт олдож байгаагаас бус түүнээс өмнөх бичмэл эх сурвалж бидэнд үлдсэнгүй. Харин XIX зуунд 17 аварга, XX зуунд 21 аварга, ХХI зууны эхний  жилүүдэд дөрвөн аварга төрж гараад байгаа нь ойролцоогоор таван жил тутамд нэг аварга төрөх магадлалтайг харуулж байна.
Бөх судлаач, өвгөн бичээч Ж.Дамдин, Ц.Бат-Очир нарын эмхэтгэсэн монгол наадмын түүхийн бичээс болох “Монгол бөх”, Эрийн гурван наадам” цуврал боть болон эдүгээ Үндэсний төв архивт хадгалагдан байгаа наадмын баримт /Эрдэнэшанзавын яамны архив/-ыг шүүрдэн үзвэл дараах аваргуудын нэрс тодрон гарч байна.
Үүнд: Эхлээд даншгийн үеийн аваргуудыг авч үзье.
1. Цэдэн /зайсан/ аварга Их шавийн отгийн дарга, зайсан Цэдэн 1775 оноос өмнө аварга цол хүртсэн бололтой
2. Цэрэнпил /зайсан/ аварга Мөн отгийн дарга, зайсан хөлөгч Цэрэнпил аварга 1770-1780 оны үед аварга цол хүртсэн бололтой
3. Намжилжав /зайсан/ аварга 1805 оны даншиг наадамд аварга цолтой түрүүлсэн
4. Дашжав аварга   1808 оны даншигт аварга цолтой үзүүрлэсэн
5. Луузанрааш аварга  1808 оны даншигт аварга цолтой 7 давсан
6. Чүлтэм аварга    1811 оны даншигт аварга цолтой барилдсан
7. Намжилжав аварга  1817, 1821, 1824 оны даншигт түрүүлсэн
8. Раднаа аварга   1818 оны даншигт аварга цолтой 8 давсан
9. Чойдорги аварга   1825 онд аварга цол хүртсэн.
10. Уламбаярлах аварга  1827 онд аварга цолтойгоор 6 давсан
11. Төгс аварга/амбан бэйсийн/ 1827 онд аварга цолтой 4 давсан
12. Жамъян аварга  Мин засгийн Жамъян аварга гэж ном хэвлэлд олонтаа бичигдсэн.
13. Баянмөнх аварга        Даншиг, уул тайлгын наадамд олон жил сайн барилдсан аварга
14. Уртнасан аварга  1830 оны даншигт аварга цолтой 8 давсан
15. Тохтой аварга /Сэцэн ханы/ 1835 оны даншигт аварга гэж 9 давсан
16. Ринчин аварга   1838, 1841, 1843, 1848, 1851 онд түрүүлсэн
17. Гомбожав /Хүдэр/ аварга 1836, 1838, 1841 оны даншигт үзүүрлэсэн
18. Г.Өсөхбаяр аварга 1857, 1878 1862, 1868, 1870 оны даншигт тус тус түрүүлсэн
19. Цэвэгмид аварга 1876, 1880 оны даншигт 10 давж үзүүрлэсэн. 
20. О.Гэлэгсэнгэ аварга 1876, 1879, 1881, 1884, 1890 онуудад түрүүлсэн
21. О.Дугар аварга   1886, 1888 оны даншигт түрүүлсэн
22. Ш.Намхай аварга 1895, 1896, 1897, 1899, 1900, 1902, 1903, 1904, 1908 оны даншигт түрүүлсэн 
23. Ш.Лувсанжамбаа аварга 1901 оны даншигт түрүүлсэн
24. С.Чүлтэм аварга  1906 оны даншигт түрүүлсэн
25. Ц.Буянтогтох аварга  1907 оны даншигт лүндэнгээр аварга цол
26. Х.Шаравжамц аварга  1911 оны даншигт түрүүлсэн
27. М.Мөррэнчин аварга  1908, 1912 онуудад түрүүлсэн
Үүнээс хойш буюу Ардын хувьсгалын жилүүдэд Вандангаас эхлэн 21 аварга төрөн гарсан байна. Үүнд: 
1.Г.Вандан аварга   1922, 1923 оны цэргийн наадамд түрүүлсэн
2. Г.Самдан аварга   1925 оны улсын наадамд түрүүлсэн
3. Н.Жамъян аварга  1926, 1928 оны улсын наадамд түрүүлсэн
4. С.Шагж аварга   1930 оны улсын наадамд түрүүлсэн
5. Б.Түвдэндорж аварга 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 оны улсын наадам түрүүлсэн
6. Ц.Чимэд-Очир аварга 1944, 1950 оны улсын наадамд түрүүлсэн
7. Ш.Батсуурь аварга 1947, 1948 оны улсын наадамд түрүүлсэн 
8.Ж.Цэвээнравдан аварга 1951 оны улсын наадамд 10 давж түрүүлсэн
9. Д.Дамдин аварга 1956-1960 оны улсын наадамд завсаргүй 5 түрүүлсэн
10. С.Цэрэн аварга 1961 оны улсын наадамд түрүүлсэн 
11.Ж.Мөнхбат аварга 1963-1967 онд завсаргүй 5 удаа, 1974 оны улсын наадамд тус тус түрүүлсэн
12.Х.Баянмөнх аварга 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 оны усын наадамд нийт 10 удаа түрүүлсэн
13. Ч.Бээжин аварга 1970 оны улсын наадамд түрүүлсэн
14. Д.Цэрэнтогтох аварга 1978, 1980, 1983, 1984 оны улсын наадамд түрүүлсэн
15. Д.Хадбаатар аварга 1976, 1986 оны улсын наадамд түрүүлсэн
16. Б.Бат-Эрдэнэ аварга 1988, 1989, 1990 оны улсын наадам, 1990 оны даншиг наадам, 1992-1999 онд завсаргүй 8 удаа, нийт 12 удаа түрүүлсэн
17. О.Балжинням аварга 1991 оны улсын наадамд түрүүлсэн
18. А.Сүхбат аварга 2000, 2001, 2004 оны улсын наадамд түрүүлсэн
19. Г.Өсөхбаяр аварга  2002, 2003, 2005, 2008 оны улсын наадамд түрүүлсэн 
20. Д.Сумъяабазар аварга 2006 оны улсын наадамд 10 давж түрүүлсэн
21. С.Мөнхбат аварга 2011 оны улсын наадамд 10 давж түрүүлсэн
Жич: Эдгээр бөхчүүдээс доорхи таван бөхийг албан ёсоор аварга гэж үзэх үндэслэл бага байна. Үүнд:   Сайн ноён хан аймгийн Цэцэн вангийн хошууны Раднаа гэгч 1811 оны даншигт аварга цолтой барилдаж 2, 1818 оны тусгай даншигт 8 давж гуравт үлдсэн бол 1821 оны даншигт 5, 1824 оны даншигт 4 давсан байх бөгөөд бөх судлаач Ц.Бат-Очир гуай энэ хүний аварга цолыг орон нутгийн цол гэжээ. 
Мөн Түшээт хан аймгийн Хэбэй амбан жонон бэйс(Засаг Гэмпилдоржийн) хошууны Төгс гэгч аварга цолтой 1827 оны Даншигт дөрөв давж, Эрдэнэ бандидын Раашид, 1829 оны даншигт 8 давж гуравт үлдэж Үйзэн вангийн Баянмөнх аваргад унасан бөгөөд 1821 оны даншигт долоо давж начин, 1824 оны даншигт долоо давж итгэлт цогт бүргэд цол албан ёсоор авсан ба аварга цолыг нь орон нутгийн цол хэмээн Ц.Бат-Очир гуай тодотгосон байна. 
Дээрх нутаг буюу Жонон бэйсийн хошууны Уртнасан 1830 оны уул тайлгын наадамд 72 бөх барилдахад аварга(орон нутгийн цол) цолтойгоор 2 давжээ. Үүнээс хойш 1830 оны даншигт 8 давж шөвгөрөн Баянмөнх аваргад унасан бол 1834, 1835, 1841 оны даншигт тус бүр 2, 1836 оны даншигт 4 давсан байна. Жонон бэйсийн хошуу нь одоогийн Булган аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумдыг хамарсан хошуу нутаг юм. 
Партизан Ж.Дамдин гуай архивын баримтыг түшиглэн бичсэн “Монгол бөх” бүтээлдээ Уламбаярлах аварга гэгч 1827 оны даншигт 6 давсан, Сэцэн ханы Тохтой аварга 1835 оны даншигт 9 давсан гэснийг Үндэсний төв архивт буй баримтаас лавлан үзвэл, 1827 оны даншигт шөвөглөсөн бөхчүүдийн дотор Уламбаярлах гэсэн нэр алга байна. Энэ бөхийг 1830 оны уул тайлгат үзүүрлэж байсан Сэцэн ханы Уламбаярлах заантай андуурсан байх гэж үзэж байна. Харин 1835 онд 9 давсан Сэцэн ханы Тохтой бол аварга биш олон жил арслан цолтойгоор сайн барилдсан бөх билээ.
Түүнчлэн Сэцэн хан аймгийн Мин засгийн хошуу буюу Улхан харуулаар нутагтай Жамъянг аварга цолтой хэмээн ном хэвлэлд бичиж ирсэн боловч албан ёсоор батлагдахгүй байна. Энэ бөх 1816 оны даншигт түрүүлж, 1817 оны даншигт үзүүрлэн, 1821 оны даншигт 7 давсан бол уул тайлгын наадамд 1820, 1821, 1822, 1826 онуудад 8 давж түрүүлэн, 1829 онд 7 даван үзүүрлэж, 1825 онд 5 даван шөвөглөж өндөр амжилт үзүүлжээ. Гэвч үүнээс хойш 1827 оны даншигт 3, 1828 оны тусгай даншигт 4, 1829 оны тусгай даншигт 2 давахдаа арслан цолтой бичигдээд үүнээс хойш нэр нь үзэгдсэнгүй. Тэгэхээр аварга гэдэг нь эргэлзээтэй юм.      
Мэргэжлийн сумогийн эхэн үеийн аваргууд нь домогт бөхчүүд байдаг шиг, домогт үлдсэн бөхчүүдийг тооцдоггүй юмаа гэхэд доорхи магадлалаар үзвэл Японы сумо бөхөөс ч өнө эртний түүхтэй монгол бөхийн түүхэнд түүнээс олон аварга төрсөн байх нь мэдээж.
Өмнө өгүүлсэнчлэн аваргууд төрж гарсан он цагийн үечлэлээр авч үзвэл ХIX, ХХ зуунд тус бүр 20 орчим аварга цолтой бөх төрөн гарсан болохоор дунджаар 5 жил тутамд нэг аварга төрөн гарчээ гэж үзэж болох юм. Ийн авч үзвэл 1700-гаад оны эхэн үеэс даншиг наадам эхэлсэн, аварга цолыг албан ёсоор олгож эхэлсэн гэж үзвэл монгол бөхийн түүхэнд 70 гаруй аварга төрсөн байх магадлалтай юм. Нөгөө талаар түүхэн домогт халхын Гүр, идэр Дампил, идэр Намжил, жаахан Дамбий гэх мэт аваргын алдраар мөнхөрсөн бөхчүүд байгаа ч албан эх сурвалжид дурьдсан нь үгүй тул аварга хэмээн үзэхэд хүндрэлтэй байна.
Ийнхүү монгол бөхийн түүхэнд 48 аваргын нэр дурьдагдаж буй боловч орон нутгийн цолтой гэж үзэхээр байгаа Раднаа, Төгс, Уртнасан, Тохтой, Уламбаярлах, Жамъян аваргуудыг үл тооцвол нийт 42 аваргатай гэж албан ёсоор тооцох нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байна.
Монгол бөхийн аваргуудыг алдаршуулах талаар Монголын Үндэсний Бөийн Холбоо нэлээд анхаарч, аваргуудын нэрэмжит барилдааныг санаачлан жил бүр зохион байгуулж байна. Монгол бөхийн түүхэнд ХХ зуунаас хойш төрөн гарсан бодит гэрэл зураг бүхий аваргуудын хөрөг зургийг манай улсын нэрт уран зураачдаар зуруулж Монгол бөхийн өргөөнд байрлуулаад байгааг бүгд мэдэж буй. Аваргуудын тухай Ш.Гоохүүгийн “Цагийг эзэлсэн их аваргууд”, Б.Батсүх, С.Зэвсэг нарын “Цагийг эзэлсэн их бөх”, Б.Батсүхийн “Тодорсон тодруулсан аваргууд”, С.Зэвсэгийн “Аварга аваргаараа төрдөг”, С.Түвдэннямын “Хаях би яараагүй байхад..”, “..Унах чи юунд яарав”, Б.Авирмэдийн “Монгол улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ”, “Ардын төрийн арван есөн аварга” зэрэг нэлээд ном, эмхэтгэл хэвлэгдэн гараад байгаагийн дээр Б.Бат-Эрдэнэ аварга санаачлан “Аваргууд” баримтат зохиолын цуврал ботиуд бүтээх ажил эхлээд  явж байна. Одоогоор зохиоч Ж.Саруулбуян, Мөррэнчин аваргын тухай “Хэрлэн тэнүүн” роман, бөх судлаач Н.Зоригтбаатар “Эгнэшгүй хүчит Намхай аварга” ном, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын Буянтоо аваргын тухай өгүүлсэн “Хэрлэнгийн баръяа” романыг хэвлүүлээд байгааг дурьдах нь зүйтэй. Мөн Соёлын гавъяат зүтгэлтэн, кино найруулагч Г.Наваан гуай “Монгол бөхийн аваргууд” баримтат кино бүтээж, DVD  болгон хэвлүүлсэн бол аваргуудын хөшөө баримлыг нь хөдөө орон нутагт, ялангуяа төрсөн нутагт нь бүтээн босгох санаачилгыг дэмжсэний үр дүнд нэлээд аймгуудын төвд болон сумдад аварга, арслангуудын хөшөө сүндэрлээд байгаа юм. Тухайлбал, даншгийн аварга Баянмөнхийн хөшөөг Төв аймгийн Өндөрширээт суманд, Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа, Б.Түвдэндорж, С.Цэрэн аваргуудын хөшөөг Булган аймгийн төвд, Х.Шаравжамц аваргынхыг Өвөрхангай аймгийн Бүрд суманд, Г.Вандан, Н.Жамъян, Ц.Чимэд-Очир аваргуудын хөшөөг Архангай аймгийн төвд, Г.Самдан аваргынхыг Хэнтийн Баянхутагт, Ш.Батсуурь аваргынхыг Говь-Алтайн төвд, Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин аваргуудынхыг Хөвсгөл аймгийн төвд, Д.Хадбаатар аваргын хөшөөг Төв аймгийн Угтаалцайдамд босгосон байна.    
Энэ мэт сайн эхлэлүүд, сайн ажлууд байгаа боловч аваргуудыг цогцоор нь, ялангуяа эрт үеийн аваргуудыг олонд таниулан сурталчлах, алдаршуулах ажил удаашралтай, учир дутагдалтай хэвээр байна.
  Монгол бөхийн аваргуудын товч танилцуулга
Д.д Аваргуудын
Нэрс Үндсэн захиргаа, одоогийн аймаг сум, Төрсөн он/нас Аварга болсон он/нас Барилдааны амжилт Тайлбар
     түрүү үзүүр бүх шөвөг 
1 2 3 4 5 6 7 8 9
1 Зайсан
Цэдэн Сэцэн хан, Дархан гүний хошуу, Хэнтий 1740 1770/30    Галшар, Дархан
у/ав
2 Зайсан Цэрэнпил Түшээт ханы дайчин ван Булган, 1740 1775/25    Сайхан, Орхон
дн/ав
3 Зайсан Намжилжав Сайн ноёны Далай вангийн
Завхан 1770 1798/28 2   Идэр

дн/ав
4 Дашжав Сайн ноёны Далай вангийн
Завхан, Идэр 1776 1808/32 2 - 3 бүрэн бус, дн.ав
5 Луузанрааш Сайн ноёны Цэцэн вангийн
Архангай 1775 1803/28   2 Бүрэн бус Чулуут, Ө/У Ихтамир,
у.ав
6 Чүлтэм  Сайн ноёны Сэцэн вангийн
Архангай, 1780 1809/29 - 2 7 Чулуут, ӨндөрУлаан да.ав
7 Хөлөгч Намжилжав Сэцэн ханы Бишрэлт бэйс-н Хэнтий 1797 1835/38 7 2 13 Галшар, Дархан, у.т-1т3ш  да.ав
8 Чойдорги Сэцэн ханы Бишрэлт бэйс-н  Хэнтий 1790 1825/35 1 - 3 бүрэн бус,
Галшар,Дархан у.ав  1т1
9 Баянмөнх Түшээт ханы Зоригт вангийн
Төв,  1795 1824/29 -- 7 16 Өндөрширээт      6т10ш
 да.ав
10 Раашийн
Ринчин Түшээт ханы
Бишрэлт бэйс
Хэнтий,  1815 1843/28 2 -- 5 Галшар,
у.т-1т2ш
да.ав
11 Должингийн Гомбожав/Хүдэр Сэцэн ханы Мин засгийн
Дорнод 1810 1841/31 -- 3 6 Баянтүмэн, Чойбалсан
дн.ав 3ү4ш
12 Гэнэнгийн Өсөхбаяр Сэцэн ханы Ёст бэйсийн
Сүхбаатар 1826-1888/
62н 1862/36 4 -- 6 Сүхбаатар,
у.т-7т
да.ав
13 Цэвэгмид  Сэцэн ханы Жонон вангийн
Хэнтий 1850 1880/30 -- 2 4 Баян-Адарга
у.т-3ү 2ш
да.ав
14 Омбойн Гэлэгсэнгэ Сэцэн ханы Далай бэйсийн
Дорнод,  1853-1913
60н 1884/31 5 -- 8 Сэргэлэн
у.т-6т 2ш
да.ав
15 Омбойн
Дугар Сэцэн ханы Далай бэйсийн
Дорнод 1859-1909
50н 1888/29 2 5 11 Сэргэлэн
у.т-4т 1ү 4ш
да.ав
1 2 3 4 5 6 7 8 9
16 Шагдарын Намхай Түшээт ханы
Дайчин ванг-н
Булган,Сайхан  1870-1911
41н 1896/26 9 2 13 
у.т-9т 5ү 2ш
да.ав
17 Шагдарын Лувсанжамба Түшээт ханы
Дайчин ван
Булган,Сайхан 1868-1939
71н 1900/32 1 2 11 
у.т-5т 4ү,5ш
да.ав
18 Самбуугийн Чүлтэм Сэцэн ханы
Цэцэн вангийн
Дундговь 1875-1945
70н 1906/31 4/3/ -- 10 Говь-Угтаал,
Цагаандэлгэ
да.ав 1т,3ү,5
19 Цэвэгийн Буянтогтох Сүхбаатар
Мөнххаан 1880-1953 1907/27 -- 2 8 у.т-1т 5ш
дн.ав
20 Хасын Шаравжамц Өвөрхангай
Бүрд 1877-1955/78 1911/34 1 -- 4 у.т-1 ш
дн.ав
21 Майдарын Мөррэнчин Хэнтий
Батноров 1880-1923/43 1912/32 2 -- 4 у.т 2т,2ү,2ш
у.ав
22 Галсанхүүгийн Вандан Архангай,
Батцэнгэл 1890-1935/45 1923/33 2 -- 5 у.т.н-д 8т,2ш
у.ав
23 Ганжууржавын Самдан Хэнтий, Баянхутаг 1899-1947/48 1925/26 1 2 4 у.т.н-д 1ү
у.ав
24 Нацагийн Жамъян Архангай,
Цахир 1899-1979/80 1926/27 2 1 9 МУГТ
дн.ав
25
 Санжмятавын Шагж Завхан,
Булнай 1903-1932/29 1930/27 1 2 4 
у.ав
26 Бадамдоригийн Түвдэндорж Булган,
Хангал 1916-1986/70 1941/25 7 2 17 МУГТ
да.ав
27 Цэдэндоржийн Чимэд-Очир Архангай, Хайрхан 1916-1985/69 1946/30 2 2 10 
дн.ав
28 Шаравын Батсуурь Говь-Алтай, Жаргалан 1922-1986/64 1948/26 2 3 15 
да.ав
29 Жамсрангийн Цэвээнравдан Хөвсгөл, Цагаан-Үүр 1918-1993/75 1951/33 1 1 12 
у.ав
30 Дарийн
Дамдин Хөвсгөл, Цагаан-Үүр 1930-2002/72 1958/28 5 5 19 МУХБ
да.ав
31 Сэрээтэрийн Цэрэн Булган, Сайхан 1939-1992/53 1961/22 1 1 13 
дн.ав
32 Жигжидийн Мөнхбат Төв, Эрдэнэсант 1941 1965/24 6 4 22 МУХБ    6т
да.ав
33 Хорлоогийн Баянмөнх Увс,
Хяргас 1943 1968/25 10 4 27 МУХБ     8т
да.ав
34 Чойжилын Бээжин Хөвсгөл, Цагаан-Үүр 1934-1986/52 1970/36 1 1 11 
у.ав
35 Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай, Нарийнтээл 1949 1979/30 4 5 16 Ц.с.б-3 т
МУХБ, да.ав
36 Дагвацэрэнгийн Хадбаатар Төв, Угтаалцайдам 1951-1993/42 1986/35 2 3 11 Ц.с.б-3 т
у.ав
37 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий, Өмнөдэлгэр 1964 1989/25 12 1 23 ц.с.б-13т1ү
МУХБ, да.ав
38 Одвогын Балжинням Увс Наранбулаг 1960 1995/35 1 2 17 Ц.с.б- 1т 3ү
МУАБ, у.ав
39 Агваансамдангийн Сүхбат Төв,
Сэргэлэн 1971 2001/30 3 -- 11 Ц.с.б-2т 1ү
МУГТ, дн.ав
1 2 3 4 5 6 7 8 9
40 Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай, Батцэнгэл 1973 2003/30 4 1 13 Ц.с.б- 3т1ү
МУГТ, дн.ав
41 Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай, Хужирт 1974 2006/32 1 4 14 Ц.с.б-2т 4ү
у.ав
42 Сүхбаатарын Мөнхбат Увс, Баруунтуруун 1984 2011/27 1 -- 3 
у.ав /ид буй/

Эдгээр 42 аваргын тухайд авч үзвэл дархан аварга 18, даян аварга 11, аварга цолтон 13 байна. Гэвч далай, даян, дархан зэрэг нь тун саяхныг хүртэл аварга бөхийн чимэг мэт хэрэглэгдэж байсан бөгөөд одоогийнх шиг аварга цолны эрэмбэ байгаагүйг анзаарах хэрэгтэй.   
Аваргууд маань хамгийн залуу нь 22 насандаа, хамгийн ахмад нь 36 насандаа аварга цолонд хүрсэн байх бөгөөд дунджаар 30 насандаа /хувьсгалын жилүүдийн аваргууд 29 насандаа/ аварга цолоо авч байжээ.
Бас нэгэн тодруулах ёстой асуудал бол ялангуяа даншгийн аваргуудын нутаг ус, амьдарч байсан он жилүүдийг нарийвчлан судалж тогтоон тодруулах асуудал байгаа юм. Тухайлбал энэ чиглэлд МҮБХ анхааарал хандуулж орон нутгийнхны аман яриа болон бөх судлаачдын судалгаа сурвалжийг үндэслэн Баянмөнх аваргыг Төв аймгийн Өндөрширээт, Цэвэгмид аваргыг Хэнтий аймгийн Баян-Адарга, С.Чүлтэм аваргыг Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын зааг нутгийн хүн болохыг тогтоогоод байна.
Одоогоор Р.Рэнчин аварга Хэнтий аймгийн Галшар сумын,  Г.Өсөхбаяр аварга Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын, ах дүү О.Гэлэгсэнгэ, О.Дугар аваргууд Дорнод аймгийн Сэргэлэн сумын, ах дүү Ш.Намхай, Ш.Лувсанжамба аваргууд Булган аймгийн Сайхан сумын, Цэвэгийн Буянтогтох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын, Х.Шаравжамц Өвөрхангай аймгийн Бүрд сумын, М.Мөррэнчин Хэнтий аймгийн Батноров сумын хүн болох нь хөдөлгөөнгүй тогтоогдож, нэгэнт тодорхой болсон байна.
Энэ мэтээр бид Цэдэн, Цэрэнпил, хоёр Намжилжав аварга, Эфү вангийн Чүлтэм, Дашжав, Луузанрааш, Чойдорги, Гомбожав зэрэг аваргуудын нутаг усыг нарийвчлан тогтоох шаардлагатай байна. 
Тойм төдий дурдахад Цэдэн, хөлөгч Намжилжав, Чойдорги аваргууд нь Ринчин аваргын нэгэн адил одоогийн Хэнтий аймгийн Галшар, Дархан сумдын зааг, зайсан Намжилжав, Дашжав аваргууд нь Завхан аймгийн Идэр сумын, Луузанрааш, Чүлтэм аваргууд Архангайн Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан сумдын нэг/энэ аваргыг эфү вангийнх гэхээр Баянмөнх аваргынхтай адилтган, Төв аймгийн харъяат болгон андуурах явдал байна/, Д.Гомбожав аварга Дорнод аймгийн Баянтүмэн, Чойбалсан сумдын хавийн хүн болох юм.
Гэтэл манай бөх судлаачид, сонирхогчид маань шинэ баримтыг тусган авах, цаашид тодруулах талаар тун бага анхаарч байна. Хоёр Намжилжав аваргыг хооронд нь хольж хутгах, Завхан аймгийнхан аваргагүй мэтээр ярих, Хэнтий аймгийнхан бөхийн отог, түүнд харъяалагдаж байсан алдарт аварга, арслангуудаа алдаршуулан сурталчлах тал дээр анхаарахгүй байх зэрэг асуудлууд байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй юм. 
Дүгнэлт: 1. Монгол бөхийн түүхэнд нэр алдар нь түгсэн 70 гаруй аваргууд төрсөн байх магадлалтай бөгөөд лавтай бичгэн эх сурвалжаар мэдэгдэж буй 42 аварга байгаа нь тодорхой байна.
2. Эдгээр аваргуудын нутаг ус, барилдааны амжилтыг тодруулан, алдаршуулах талаар МҮБХ, аймаг, сумдын Үндэсний бөхийн холбоо, бөх судлаачид онцлон анхаарах шаардлагатай байна.


Жич: Дэлгэрэнгүйг Б.Цогтбаатарын 2010 онд хэвлүүлсэн “Монгол бөхийн аваргууд” хэмээх бэсрэг товхимолоос үзэж болно.

 

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.