О.Жаргалзориг: Морийг соёолон наснаас нь саадтай харайлтанд бэлтгэдэг

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 22 -нд

-Та сонгомол морин спортын мастер цолтой хүн шүү дээ. Энэ спортынхоо талаар тодруулж яривал?
-Манайх сонгомол морин спорт гэж саадтай харайлтын төрлөөр хүүхдүүдийг сургаж бэлтгэж, уралдаан тэмцээнд оруулдаг. Энэ жил улсын баяр наадмаар соёолон ирэх үеэр бид цирк болон хилийн цэрэг хамтраад үзүүлбэр үзүүлсэн. Үзэгчид их сайхан хүлээж авсан. Ирэх 8-р сард бид Хятадад болох монгол туургатны наадамд ойрын зайн уралдааны хоёр төрөлд дөрвөн хүүхэд авч явж оруулах гэж байгаа. Тэнд очоод морио сугалдаг. Тэгээд  2000, 3000, 5000, 8000 гэсэн зайд уралдахаар хүүхдүүдээ бэлдээд байж байна.
-Саадтай харайлтанд морийг сургахад хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?
-Ер нь морийг соёолонгоос нь эхлээд сургахад боломжийн байдаг. Жилийн хугацаанд бол анхан шатны суурьтай болдог. Тэгээд уралдаан тэмцээнд нь оруулдаг юм. Морь сургахаас гадна хүүхдээ сургана. Эхлээд сурч  байгаа хүүхдийг сургачихсан морин дээр сургахад илүү сайн. Хүүхэд  сайн суралцаад зэргээ аваад ирэхээрээ өөрсдөө морио сургаж, бэлддэг. Манай энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд анх ороход нь зааварчилгаа, зөвлөгөө ,танилцуулга гээд бүх зүйлийг заагаад өгчихдөг болохоор харьцангуй гайгүй  л дээ. Анхнаасаа заавар зөвлөгөөгөө өгөөд аюулгүй байдлыг нь сайн хангадаг.
-Таны хувьд ямар хувь төөргөөр морьтой холбогдсон бэ?
-Намайг арван жилийн хүүхэд байхад морин тойруулга Нарантуулын урд байсан. 1976 онд 7-р ангийн хүүхэд л анх секцэнд орсон доо.  Тэгээд тэндээсээ зэрэг цолтой болоод улам урамшаад тэр чигтээ явсаар байгаад өдий хүрсэн байна.Тухайн үед найрамдлын орьёон гэж одоогоор бол БЗД-т байсан. Хүүхдүүд тэр дуруйлан лекцэнд их явдаг. Манай ангийн хүүхэд тэр дугуйланд явж, би түүний нөлөөгөөр орчихсон доо.
-Холч морин уралдааны онцлог нь юу вэ?
-Энэхүү уралдааны  хамгийн ойр нь 40км, хамгийн хол нь 160км байдаг. Уг уралдааныг манайхан зохион байгуулаад нэлээн удаж байна. Хамгийн анхны уралдаанд нь би 160км-т нь 2-р байранд орж байсан юм. Олон улсын тэмцээнд ч гэсэн манайхаас хүмүүс оролцож байсан түүх бий. Хорлоодой гуай энэ төрлөөр гадаадруу явж оролцож байсан. Бараг 70 гарсан хойноо тэр уралдаанд оролцож байсан байх шүү.
-Таны шавь нараас спортын зэрэг цолтой олон хүн байдаг гэсэн?
 -1990 оноос эхлээд дасгалжуулагч хийсэн болохоор шавь нар ихтэй л дээ. Спортын мастер, зэрэгтэй тамирчид зөндөө бий.
-Саяхан болж өнгөрсөн “Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт”-ын улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан. Тэмцээний зохион байгуулалтын тал дээр юу хэлмээр байна?
-Энэхүү тэмцээн маань 1989 онд хамгийн анх Булган аймгийн Могод суманд зохиогдож байсан. Өнөө 22 удаагийнх нь тэмцээн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд болж өнгөрлөө. Жил бүр өөр өөр аймагт болдгоороо онцлог л доо. Дараагийн зохион байгуулах газар бол Булган аймаг юм. Зохион байгуулж байгаа аймаг нь адуугаа, газраа сонгох, уургын морьдоо бэлдэх гэх мэт ажлуудыг хийдэг. Энэ жилийн хувьд Өмнөдэлгэр сум зохион байгуулалт сайтай байна. Адуу хангалттай олон, уургын морьд ч тэр. Хүмүүс нь хариуцаж авсан ажлаа дор бүрнээ сайн мэддэг. Б.Бат-Эрдэнэ аварга ирж, зохион байгуулалт тал дээр ирж өөрийн хувь нэмрээ оруулж байх шиг санагдсан. Сайхан тэмцээн болж өнгөрлөө гэж дүгнэмээр байна.
-Уг тэмцээн бол эрийн хүч чадал, авхаалж самбаа, ур чадварыг шалгадаг. Хүндрэл бэрхшээл нь юу байдаг бол?  Үзэгчдийг болон өөрсдийгөө эрсдэлд оруулах магадлал өндөртэй юм шиг санагдсан?
-Хүндрэл бэрхшээл ер нь бага байдаг л даа. Тусгай хэц татаад ,хүн нь эндээ, машин тэрэг нь тэндээ гээд заавар өгчихдөг учраас гайгүй. Тэмцээнд орж байгаа хүн л унаж бэртэх, морь мал нь хадуурах тохиолдол гарахгүй бол ерөнхийдөө хүндрэлтэй зүйл байдаггүй. 
-Таныг хорь гаран жил энэхүү тэмцээнийг шүүсэн гэх юм билээ. Олон жил шүүгчээр ажиллахад гайхаж биширмээр уургач, бугуйлч, эмнэг булгиулагч нартай таарч байсан байх?
-Улсад гурав түрүүлсэн Аюуш гэдэг хүн байлаа. Одоо бурхны оронд заларсан. Тэр хүн үнэхээр сайн бугуйлдаж байсан юм. Хүмүүс зөв гар талаар хөөсөнгүй, бөөн адуу оруулсангүй гэх мэтээр гомдоллодог. Гэтэл тэр хүн хэдэн ч адуу аль ч талаар нь гарсан зүсэлсэн морь нь байвал дундаас нь сугалаад  аваад үлддэг хүн байсан. Дорноговийн Чинбат гээд мөн улсад гурав түрүүлсэн хүн байдаг. Булганд бас Рэнцэндорж гээд хүн бий. Бас гурав түрүүлсэн. Тэдгээр хүмүүс бол тухайн үедээ уургалах бугуйлдахаа урлаг болтол нь эзэмшчихсэн байсан л даа.
-Шинээр гарч ирж байгаа тамирчдын ур чадвар таны бодлоор хэр байна?
-Аймаг аймгаас шигшигдсэн тамирчид энэ уралдаанд ирдэг. Хуучин шургаж бугуйлддаг тамирчид давхиан дундаа бугуйлаа эвхдэг байсан. Одоо залуучууд морио бараг зогсоож, алхуулж байгаад бугуйлаа эвхэж байна. Гурван минутанд гурав шидэх эрхтэй байдаг. Тэр тал дээр жаахан дутмаг байна. Ерөнхийдөө сайн сайн уургач бугуйлч олон шүү.
-Ярилцсанд баярлалаа.

Ш. Бадмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна