Төрийн хэрэгт шамдагч Тод манлай

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 20 -нд

Архангайн Хотонт сумын уугуул Цэвээнжавынхан 1970 оны наадмыг дурсах дуртай. Учир нь хүү Юүвээ нь улсын наадамд зургаа давж цол аваад нутагтаа ирэхэд нь хүү Ванчигцэрэн сумандаа анх удаа барилдаж үзүүрлэн, аавынх нь бор морь аман хүзүүдсэн гээд аз од гийсэн өдрүүдийн нэг байлаа. Нутаг нугынхан Цэвээнжавынд цуглан ааль сайт эхнэрийнх нь гарын хоол цайнд хорхойсно. Ер нь тэднийхэн байнга л бум бужигнасан айл. Ийнхүү баярт өдөр Цэвээнжав гуай  “Морь уралдуулж, бөх барилдах нь хувь хүний бус төрийн хэрэг юм аа. Ганц миний, манайхны биш нутаг усныхны баяр хөөр” хэмээн хэлсэн нь отгон хүү Дуламсүрэнгийн сэтгэлд ихэд тодоор үлдсэн гэх. Морь уралдаж, бөх барилдаж, сур харваснаар ард түмнийг цэнгүүлж байна. Тухайн барилддаг хүн, морины эзэн гэхээсээ илүү өргөн олноороо сэтгэлийн таашаал эдэлж, түрүүлсэн морь, бөхөд цол, одон медаль шагнаж төрийн  хэрэг  гэдгийг нь нотолж байгаад л аавын үгийн утга учир оршиж байгаа байхнээ хэмээн жаалхүү дорхноо ухан ойлгожээ. Энэ бол Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн юм. Долоон хүүхэдтэй айлын отгон хүү дөрвөн  настайдаа “Ява” мотоциклийн үнээр номхон бор морь авч унан, таван настайдаа трубка зууж тамхи баагиулсан “билэг танхай” хүү явжээ. Эжий аав хоёр нь долоон хүүхдээ хайрлахын дээдээр хайрлаж өсгөсөн гэдэг. Ямартаа л отгон хүүгээ эрхлүүлэхдээ чихийг нь цоолон ээмэг зүүж өгсөн учраас Цэвээнжав бариачийн “Ээмэгт” Дууяа хэмээх нэрээр нутаг усандаа хар багаасаа л алдаршсан нэгэн байж. Энэ тухай Тод манлай “буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу гэдэг дээ. Гэхдээ бидний хувьд ээж аавынхаа хайраар бялхаж өссөн” гэж өгүүлсэн нь бий. Түүний аав Цэвээнжав хугарч, хэмхэрсэн яс барьчихдаг, бас хийморийн сангаас эхлээд тавьчихдаг адуунд дуртай, шаггүй уяач чамбай малч  хүн явжээ. Бас “хөөрхөн” барилдчихдаг байсан гэх. Тиймдээ ч хүүхдүүд нь бөх барилдчихдаг, адуу маланд дуртай нөхдүүд болон өссөн аж. Цэвээнжав гуайн гэр бүлээс  Монгол бөхийн цолтон гурав бий. Юүвээ харцага, Ванчигцэрэн, Дуламсүрэн нарын начингууд. Манай тэмдэглэлийн баатар Тод манлай чинь 21 насандаа улсын цолонд хүрсэн адтай нөхөр. Даанч шуналгүй зан нь дийлээд начин цолондоо “ханачихсан”. Тэр бас хуульч мэргэжилтэй. Харин нэг л өдөр хот газрын их дуулианыг эргэлзэлгүй орхиж, цээж дүүрэн амьсгалах хөдөөд адуу маллаж, уяж сойхыг илүүд үзсэн нь энэ байлаа. “Хүн зорилготой амьдарч түүндээ хүрэх шиг жаргал гэж үгүй. Бөх болж нэгэн үеийн хүчтэнүүдтэй торгон зодогноос атгалцаж, уясан хүлэг төрийн наадамд өнгөлж, айрагдан түмний сэтгэлийг хөвсөлзүүлэх үед төрдөг тийм нэг сайхан сэтгэлийн таашаалыг би амсдаг. Монголчууд уяач, бөх хүн орж ирэхэд гэрийн жавар үргэлээ гэж баярлан хүндэтгэдэг. Энэ их хүндлэл хайрын дунд хийж байгаа ажил үйлстээ бууж өгч, тэргүүндээ залбирч өөрийгөө ямагт зөөллөж явдаг  хүн дээ” хэмээн сэтгэлээ уудалсан нь бий. 

1970 онд сумын наадамд анх морь айрагдуулж байсан тэрээр ийнхүү хорь шахам жилийн дараа улсын наадамд морь уяж эхэлсэн байдаг юм.  Улс бүсийн наадмаас есөн түрүү, 20 гаруй  айраг авч Монгол улсын Тод манлай уяач цол хүртсэн тэрээр өдгөө гарын олон шавьтай “ардын багш” болсон байх ажээ. МУ-ын Манлай уяач Т.Энхбат, МУ-ын Алдарт уяач Нямдаваа, МУ-ын Алдарт уяач Л.Алтангэрэл, МУ-ын Алдарт уяач Б.Энхболд, Аймгийн Алдарт уяач Д.Ганбат, Н.Даш-Өлзий, Ц.Баянжаргал, Л.Мөнхбаясгалан гээд л шавь нарыг нь нэрлэж болох байна.  Ингээд  “Боржигон - 2002”-ын аман хүзүү, Ардын хувьсгалын 80 жил Үндэсний их баяр наадамд Бундан хул үрээ түрүү, "Боржигон - 2002" Хүрэн үрээ аман хүзүү, "Боржигон - 2007" Давлиун зээрд айргийн гураваар хурдлуулсан Тод манлай өөрийн адууны амжилтаас гадна бусдын морийг уяж улс, бүс, Их хурд уралдаануудаас нийт 11 түрүү, 40 айраг хүртсэн баян түүхийг бичиж яваа нэгэн.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна