МУ-ын Аварга Сүхбаатарын Мөнхбат: Унасан газар, уул усаа л шүтэж барилддаг
-Та бол хамгийн залуу аварга. Тийм болохоор улсынхаа наадамд түрүүлж, аварга цол авна гэж та бодож байсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхлэе. Санаанд чинь багтаж л байсан байх, тийм үү?
-Багтах гэж хэлэх нь хаашаа юм. Би яг үнэнээ хэлэхэд зөвхөн өмнөх давааг л бодож барилдсан. Гэхдээ цаанаа бол цолоо баталчих юмсан.
Цолоо ахиулчих юмсан гэсэн хүсэл бол байлгүй яахав. Гэвч хүн болгон хатуу чанд бэлтэл сургуулилт хийдэг, хүн болгон зорилго тэмүүллээ бодож нягт ханддаг болтол хөгжчихсөн, хүн болгон өдий төдий барилдаан хийж нэг нэгийнхээ барилдааныг мэддэг болчихсон ийм үед бол бүх юм тийм амар биш шүү дээ. Ёстой нөгөө наадмын тэнгэр нь мэддэг ч юм уу. Одоо тэгээд аварга гэсэн хүндтэй цолонд хүрлээ. Дараа дараагийн наадам бүр л их дарамттай болж эхлэх байх даа. Аварга хүн яаж барилдах ёстой юм. Түрүү түрүүний наадмуудад бол начин хүн яаж барилдах ёстой юм, харцага хүн ямар төвшинд барилдах ёстой юм, тэр хэм хэмжээгээ үзүүлээд л сайхан барилддаг байсан бол аварга хүний хувьд өөр шүү дээ. Улсын харцагынхаа хэмжээнд барилдаад унах нэг өөр. Аварга хүн тэр дор унаад байх ямар байх уу. Энэ бүхнээс үүдээд энэ нэр хүндийг авч явах өндөр хариуцлага л нуруун дээр маань ирлээ гэж ойлгож байна. Энэ жилийн наадмын өглөөний дарамт миний хувьд өөр л байх болов уу. Гэхдээ сэтгэл санаагаа төвлөрүүлж, бэлтгэл сургуулилтаа базааж, аварга хүн шиг л сайхан барилдана гэж бодож байна даа.
-Та Монгол бөхийг Гиннесийн номонд бичүүлэх 6000 бөхийн барилдаанд зодоглож үзүүрлэсэн. Монгол хүн болж төрсний бас нэгэн бахархал. Тэр барилдаан наадмаас хэр ялгаатай болсон бэ. Олон хүнтэй барилдаж, багагүй ядарсан байх. Танд ямар сэтгэгдэл үлдсэн бол оо?
-Хамгийн гол нь Гиннесийн амжилтанд бүртгүүлнэ гэдэг бидний хувьд том хэрэг. Монгол төдийгүй дэлхийн түүхэнд урьд өмнө нь байгаагүйгээр олон бөх барилдлаа. Зургаан мянган бөх барилдана гэдэг улс болгоны хийе гэсэн зоргоор хийчихдэг юм биш. Стадион дүүрэн бөхчүүд зодог шуудгаа өмсчихсөн зогсч байхыг хараад бөх болж төрсөндөө, тэдний тоонд ороод зогсохгүй, аварга цолтой тэргүүн магнайд зодоглосондоо өөрөөрөө, монголоороо их бахархаж, эрхгүй омогшсон. Барилдааны хувьд бусад барилдаанаас нэг их ялгарахгүй. Адилхан шүү дээ. Улсын наадмаас жаахан өөр нь хугацаа багатай байсан. Улсын наадамд тухайн бөх амжилтаа ахиулъя гэж зодоглодог бол энэ удаад арай өөрөөр байх жишээний. Гэхдээ сайхан барилдаан болсон.
-Магадгүй цолны төлөө барилдаагүй учраас биеэ барих нь бага ч юм уу, эсвэл олон бөхтэй барилдах учраас ядрахаас эхлээд олон л юм болсон байх. Хэр өрсөлдөөнтэй болсон гэж та дүгнэдэг юм бол?
-Бөх болгоныг наадмаар худлаа барилддаг гэж ойлгож болохгүй л дээ. Ганц нэгхэн хүн мөнгө авч, өгч даваагаа наймаалцах нь юу байдаг юм гэхээс хавтгайрсан тийм юм байхгүй. Яах вэ, нутгийнхаа ганц нэг хүнд тахимаа өгөх явдал байдаг л биз. Гэхдээ олонх нь шударга сайхан барилддаг. Би хувьдаа тийм зүйлтэй учирч, харж байгаагүй учраас хүмүүсийн яриад байдаг найраа гээч юманд итгэдэггүй.
-Анхны цол авсан тэр агшинд эргэн очьё л доо. Нулимс унагаад л... Эсвэл хөл нь газарт хүрэхгүй хөөрч байв уу. Д.Бумбаяраас эхлээд заан болоод асгартал уйлж байсан олон бөхчүүдийг Монголын ард түмэн цэнхэр дэлгэцээр харж, ямар уяхан хүмүүс вэ гэж хайрлаж суусан. Зорьж байсан зорилгоо биелүүлсэн хүн баярласандаа ганцхан нүдээрээ ч биш, сэтгэлээрээ, биенээсээ нулимс дуслуулдаг байх аа, тийм үү?
-Би анх Сүхбаатар аймгийн наадамд очиж барилдаад аймгийн заан цол авч байсан. Үзүүр түрүүнд П.Ганхуяг гэж залуутай үлдсэн. Би өөрөө түрүүлнэ гэж их бодож байсан л даа. Гарахдаа л би түрүүлнэ, энэ бөхийг би хаяна гэсэн бодолтой л гарсан. Анх Сүхбаатар аймаг руу явж байхдаа бол түрүүлэх тухай огт бодоогүй. Аймгийн наадамд барилдаж үзье. Ямар байдгийг нь харъя л гэж очсон. Тэр үед чинь аймгийн цолтой залуу бөхчүүдийг хараад ямар сайхан юм бэ гэж боддог байлаа. Яг сайн барилдаад үзүүр түрүүнд үлдэхдээ бол түрүүлнэ л гэж бодсон. Тэгээд үзүүрлэчихээд уйлж байсан.
-Тэгвэл тэр нулимс гунигийнх байх нь ээ?
-Мэдэхгүй байна. (сур:инээв) Түрүүгээ алдчихлаа гээд уйлж байсан юм уу. Аймгийн заан болчихлоо гээд уйлж байсан уу, бүү мэд. Нэг тийм баяр гуниг хосолсон л юм болсон. Ингэж хамгийн эхнийхээ цолыг Сүхбаатар аймгаас, наран ургах зүгээс аваад ирж байсан.
-Сүхбаатар гэснээс та яг Увсын аль сумаас гаралтай аварга юм бэ. Ид мандаж яваа болохоор ч тэр үү. Монголчуудын “Манай хүн, минийх” гэж нутгархдаг омогшилтой холбоотой гэх үү. Таныг манай сумынх гэж ярихыг өөр өөр сумын хүмүүсээс хоёр дэлдэнгээрээ олонтаа сонссон болохоор ингэж асууж байгаа юм шүү. Та хэлээч. Уг гарал чинь аль сумынх вэ?
-/инээв/ Би Увс аймгийн Баруунтуруун сумын хүн. Миний аав Баруунтуруун сумынх. Би ч тэнд төрж, тэнд л өссөн. Гэтэл Зүүнхангайнх, Өндөрхангайнх, Цагаанхайрханых гээд л яриад байдаг юм.
-Энэ үгийг сонсоод тэд жаахан барайх нь ээ?
-Монголчууд бид чинь өөр өөрсдийнхөөрөө л ярих дуртай шүү дээ. Янз янзын яриа сонсогдож л байдаг юм.
-Сар шинийн барилдаанаар та өнгөтэй сайхан байна лээ. Харин та өөрөө энэ жилийн наадамд хэн сайхан барилдах нь гэж харсан бол. Аймгийн арслангуудаас энэ жил ч үзүүлээд өгөх нь гэсэн олон л хүн анзаарагдсан байх даа, тийм үү?
- Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг дээ. Улсын цол авна гэдэг цаанаасаа хувьтай байдаг юм болов уу. Өөрөөр хэлбэл, хэн яаж хөдөлмөрлөж байна. Тэр л амжилтанд хүрэх хувь зохиол байдаг юм болов уу. Сайн сайн барилддаг улсын цол аваагүй яваа аймгийн арслангууд зөндөө л байна даа. Тэр энэ гэж нэрийг нь хэлж чадахгүй л дээ. Сайн барилдаж байсан бөх хоёрын даваанд халтираад унахыг хэн байг гэх вэ. Тийм болохоор л тэр наадмын тэнгэр мэдэх байх.
-Та саяхан л аймгийн заан цолтой зодоглож байсан санагдаж байна. Дараа нь начин болсон.
-Тийм ээ, тэгсэн. Надад ч өчигдөр л юм шиг санагддаг.
-Улсын харцага гэдэг бол бас гоё цол. Сая сая хүнээс хэдхэн арваар тоологдох аавын хүү л авдаг. Та бүтэн жил тэр алдарыг авч явсан шүү?
-Гоё цол байлгүй яах вэ, гоё. Энэ олон сайхан хүчтэй начингуудын дээд талд зогсоно гэдэг сайхан. Харцага цол бол агуу сайхан цол. Том ч цол.
-Тэгвэл одоо аварга болчихлоо. Начин, харцага, заан, арслан гээд хүчтнүүдийн тэргүүлээд л... Аварга цолтны мэдрэмж яг ямар байх юм бэ?
-Ёстой хэлж мэдэхгүй байна. (инээв) Ногоон дэвжээн дээр “төрчихсөн” тэр сайхан аваргуудыг хараад аварга гэж ямар агуу сүрлэг улсууд байдаг юм бэ гэж айж, сүр бараанд нь сүрдэж л явсан болохоос өнөөдөр өөрийн биеэр авчихаад сууж байна гэж бодсон биш. Үнэндээ мэдрээгүй л явна даа. Юу хэлэхээ сайн мэдэхгүй байна.
-Цолоо дуудуулаад, дэвж, шаваад зогсч байхдаа та юу боддог вэ. Тамирчид сэтгэл, санаагаа тайван байлгахын тулд өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Сумогийн их аварга Д.Дагвадорж гэхэд л барилдахынхаа өмнө камер руу ширүүн харчихаад, бөөрөө алгадаад л бужигнуулж байгаа харагддаг шүү дээ. Та яадаг вэ?
-Тогтсон хийдэг үйлдэл ч гэж юу байх вэ. Дэвж, шавахдаа жаахан зоригтой ч байдаг юм уу. Сэтгэл зүйгээ тайван байлгахыг хүсдэг. Түүнээс ширүүн дориун хараад байх нь ч хаашаа юм/сур:инээв/. Монгол бөх чинь өөрөө их өндөр ёс суртахуун шаарддаг зүйл шүү дээ.
-Таныг Улсын заан Ч.Санжаадамбыг бяртай байна гэж хэлсэн хүний хариуд “Одоохон хуничихаад ирнэ ээ” гээд барилдсан гэсэн. Тэр таны аа юу эсвэл сэтгэл санааны бэлтгэл үү?
-Аатай араншин мэдээж бөх хүнд байлгүй яах вэ. Чадахгүй ч гэсэн би чадна л гэдэг байх ёстой. Эхлээд сумын заан болох юмсан. Сумын заан яасан гоё цол вэ гэж боддог байлаа. Дараа нь аймгийн заан цол авчихаад улсын цол авах юмсан. Улсын цолтой бөхчүүд ямар гоё юм бэ гээд л бодно. Тэгээд улсын начин боллоо. Улсын харцага гэдэг сайхан цолонд хүрлээ. Манай багш нар хэлдэг байсан л даа. Бөхчүүд бүгдээрээ нэг том аварга уулын орой руу өгсч яваа хүмүүс. Чи яагаад тэр оройг харж болохгүй гэж. Чи бэлд зогсох ёстой гэж үү. Чи яагаад аварга болж болохгүй гэж гээд. Ингэж надад хэлж сургаж байсан. Чи уулын орой руугаа харж явна шүү. Уулын дундаас буугаад ирэх юм уу, оройд гарчихаад буух юм уу? гэсэн тэр үг миний толгойд гүн шингэсэн. Тэгээд л би зориг орсон. Би яагаад тэр орой руу зүтгэж болохгүй гэж гэсэн тэр хүсэл эрмэлзэл дээр өөрийгөө хурцалсан. Би ингэж болохгүй юм байна. Би дээшээ өгсч бодох ёстой юм байна гэдэг зүйлийг толгойдоо хийсэн.
-Та юуг шүтэж барилддаг вэ?
-Унасан газар, уул усаа л шүтэж барилддаг.
-Таныг төрж байхад Ж.Мөн?бат аварга хариагүй байсан. Нэр чинь үүнтэй холбоотой юу?
-Холбоотой. Би нар мандаж байхад төрсөн гэсэн. Тиймээс аав Нармандах гэж нэр өгнө гэсэн юм билээ. Тэгтэл намайг эх барьж авсан хүмүүс хүү төрсөн юм чинь бөх хүн ирж байгаа байх. Баянмөнх аваргын нэрийг өгнө, Мөнхбат аваргын нэрийг өгнө гэж маргалдаж байгаад Мөнхбат аваргын нэрийг өгсөн гэсэн.
-Залуу аваргыг хүн бүхэн мэднэ. Харин гэр бүл чинь олны хараанд төдийлөн өртөж амжаагүй байгаа. Тэгэх боломжийг ч та өгөлгүй маш хурдан хугацаанд Монгол Улсын аварга цолыг хүртсэн шүү дээ. Гэр бүлээ танилцуулаач?
-Би айлын ууган хүүхэд. Эхнэр охины хамт амьдардаг. Эхнэр маань манай Баруунтуруун сумынх, айлын таван хүүхдийн хоёр дахь нь. Бид хоёр нэг ангийн хүүхдүүд.
-Сонирхолтой санагдаж байна шүү. Хар багаасаа л судалж байгаад гэр бүл болжээ. Бусдаас илүү биенээ ойлгодог байх даа?
-Тийм ээ. Эхнэр маань хуулийн байгууллагад санхүүгийн чиглэлийн алба хашдаг.
-Түрүүн хэлсэнчлэн асар богинохон хугацаанд аварга болсон ийм залуухан, 28 настай эр цолондоо дасан зохицохоос эхлээд олон зүйлтэй тулгарсан байх. Өмнө нь “Харцага аа, Мөнхбат аа” гээд дуудаж байсан хүн “Аварга аа” гээд л... Хүн бүхэн танимхайраад л... Дасан зохицоход хэцүү байсан уу?
-Тийм өөрчлөлт байлгүй яах вэ. Наадмын маргаашнаас эхлээд л хүн болгоны харилцаж байгаа байдал өөрчлөгдөж байгаа юм. Дотно харилцаатай байсан хүмүүс жаахан бэргэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байгаа юм. Харин би ойр дотны хүмүүсээ байгаагаар нь байлгахыг хүсдэг. Заавал аварга болчихлоо гээд тэр байр сууринаас хандах хэрэггүй л болов уу. Өөрийнхөөрөө үлдэх шиг сайхан зүйл хаана байх билээ.
-Цолондоо хэр дасч байна аа, аварга аа?
-Одоо л гайгүй дасч байна шүү. Хүмүүс “аварга аа” гэхээр нь эргэж хардаг болсон. Дөнгөж цол авсны дараа уяачдын наадмаар гэхэд л “Аварга аа, аварга аа” гэхээр Балжаа аваргыг, Баянаа аваргыг дуудаж байгаа юм байлгүй гээд хардаггүй байсан. Дасахгүй жаахан хэцүү байсан шүү. Одоо бол дасч байна аа. Монгол түмний хайр хишгийг хүртсэн хүн чинь дасахгүй гээд яах билээ. Хөлс, хөдөлмөрөө зориулж, зорилготой зүтгэсэн болохоор энэ цолоо авч чадсан. Тиймээс цаашид ч аваад явж чадна гэж боддог шүү. Энэ цолыг томилгоо шиг өгчихөөгүй. Албан тушаал, эрх мэдэл шиг тэр байр сууринд аваачаад тавьчихаагүй. Үүнийг авахын тулд бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, түүнийхээ хүчинд ийм зэрэгт хүрсэн. Тиймээс энэ цол нэг их хөндий, хол сонсогдохгүй байна.
-Дасчихсан юм байжээ. Аварга цол С.Мөнхбат гэдэг дотор хүнтэй хэр нийцтэй вэ. Өөрийнхөөрөө байхад зөрчилддөг үү?
-Монгол бөхийн энэ том цолыг биедээ авч яваа хүн. Тэр ч утгаараа надаар дамжуулаад монгол бөхийг харж байгаа. Надаар дамжуулж миний өмнөх олон сайхан аваргуудыг хүндэлж байгаа. Тиймээс өөрөөрөө дамжуулаад энэ сайхан монгол эрийн хийморийг сэргээсэн цол, хүндэтгэлийг унагаачихгүй юмсан гэдэг утгаараа үүрэх үүрэг, хариуцлага их өндөр л дөө. Өмнө нь аймгийн арслан, улсын начин байхад хүмүүсийн анхааралд төдийлөн өртдөггүй байсан бол аварга цолтой болохоор хүн болгоны анхааралд орчихдог ч юм уу. Гудамжаар явахад “Аа, Мөнхбат аварга явж байна” гээд шивнэлддэг ч юм уу. Өмнө нь мэндэлдэггүй байсан хүнтэй мэнд мэдэхгүй зөрчихвөл надтай мэндэлсэнгүй гэхээс эхлээд илүү ихийг ард түмэн хүсдэг, хардаг. Тийм учраас тэр нэр хүндийг аятайхан авч явахыг хичээж, хоол ундаа идэж, уухаас эхлээд биеэ авч явах зүйл байлгүй яах вэ.
-Олон залуус таныг хараад бахархаж байгаа. Зарим нь мөрөөдлийнхөө бодит баатраар таныг сонгочихсон байх. Тэдгээр залуусын мөрөөдлийг тээж яваа хүн их л саад, бэрхшээлийг туулж, заримдаа няцах ч үе гарч байсан байх. Оргилд хүрэхийн тулд жаргал биш зовлонг амсдаг шүү дээ. Бөх хүн өндөр амжилт үзүүлэхийн тулд байнгын бэлтгэлтэй байх шаардлагатай. Бас багагүй төлөөс төлдөг. Гэтэл ар гэрээ авч явах адармаатай хариуцлага гэж бас бий. Эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсохоос эхлээд хэцүү. Та яаж энэ бүхнийг зохицуулж байна?
-Бөх, тэгээд аварга гэхээр л намайг баян хүн шиг төсөөлдөг. Үнэндээ бид чинь барилдаад, ард түмнээ баясгаад л яваа хүмүүс. Өөрсдөө бизнес хийгээд эсвэл хэн нэгэн баян хүн байнга мөнгө цацаад байдаг юм биш шүү дээ. Бөхийн барилдааны байгаар амьдраад байсан юм алга. Өөрөөрөө жишээлээд хэлье дээ. Би харцага цолтой байхдаа хэдэн хүнтэй уулздаг байв. Одоо хэдэн хүнтэй уулзаж байна. Түүнийг дагаад гарах зардал гээд жижиг сажиг юм ч хэцүү л байдаг. Багаасаа эхлээд бэлтгэл хийгээд явж байхад янз янзын шантрах зүйл байлгүй яах вэ. Бэлтгэл хийнэ. Бэртэж гэмтэнэ. Өлсч, цангахаас эхлээд ярьвал бэрхшээл мундахгүй. Тэр бүхэнд өөрийн гэсэн хүсэл зорилго, тэмүүлэл байсан болохоор жижиг сажиг юмыг анзаарахгүй, дуртай зүйлийнхээ төлөө тэмцсэн. Дургүй байсан бол тэр үед больчих байсан болов уу. Өнөөдрийн бөхчүүд ч тийм л шалгуурыг даваад барилдаад явж байгаа гэж боддог шүү.
-Агуу эрчүүдийн ард агуу эмэгтэй байдаг гэж ярьдаг. Хар багаасаа хамт байгаад, ханилж суусан болохоор зовлонг нь мэдээд гэр бүлийн санхүү, нарийн ширийнийг гэргий чинь үүрч явдаг байх, тийм үү?
-Ер нь эхнэр хүн бол их олон юмыг авч явдаг шүү. Наад зах нь хоол унднаас эхлээд бүхий л зүйлийг миний хань авч явдаг. Өмсч, зүүхээс эхлээд бусдын адил надаас илүү юм шаардаад байсан бол би ийм амжилт гаргаа ч уу. Барилдаад бэртэж, гэмтчихлээ, өвдөг шороодлоо гээд утсаар ярихад сэтгэл санаагаар өргөөд өгдөг ч юм уу. Бүхий л талаар дэмжиж, ойлгож явдагт нь баярладаг. Тиймээс л таны хэлсэнчлэн агуу эрчүүдийн ард агуу эмэгтэй байдаг гэдгийг үнэн гэж боддог шүү.
-Та бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ. Манай улсын цолтой бөхчүүд бие биенийхээ бэлтгэлийг хангаж өгдөг гэж ярьдаг шүү дээ?
-Таны бодлоор бол аварга гэхээр айхтар хол тасарчихсан хүн гэж төсөөлөөд байх шиг. Үгүй л дээ. Надаас сар шинийн барилдааны дараа нэг сэтгүүлч “Мөнхбаатар арслан айхтар бэртсэн байна лээ. Та аваргын зангараг гаргаад бэртээсэн үү” ч гэх шиг асуусан л даа. Тийм юм гэж байхгүй. Үндэсний бөх өндөр түвшинд хөгжиж байна. Бид тодорхой хэмжээнд адилхан л бэлтгэл, сургуулилт хийж байна. Барилдааны үеэр бэртэж, гэмтэх бишгүй л тохиолдол гарна. Сайхан барилдана л гэхээс биш хэн нэгнийг хүчтэй шидчихье, бэртээе гэж барилдахгүй шүү дээ. Аймгийн, сумын цолтой байсан ч хэзээ бол хэзээ гарч ирээд надтай барилдахад бэлэн байгаа шүү. Тийм болохоор миний бэлтгэлийг хангах хүн захаасаа аваад байгаа л.
-Бага цолтой байхдаа том цолтой бөхтэй барилдаад давчихаад их л баярласан байх. Таны хамгийн сайхан санагдсан, сэтгэлд хоногшсон тийм барилдаан аль нь вэ?
-Аймгийн цолтой байхдаа улсын наадмын гурван түрүүг цувуулж хаясан тэр барилдаан л байна. Аварга Д.Сумъяабазар, улсын арслан Д.Ганхуяг, арслан Х.Мөнхбаатар нарыг гэсэн үг шүү дээ. Тэр барилдаан санаанаас гардаггүй.
-Үнэхээр гоё барилдсан шүү. Энэ асуултыг ямар нэгэн байдлаар таньтай холбоогүй шүү. Аймгийн арслангаас эхлээд аварга болсон хүний чинь хувьд асууж байгаа юм. Начны найраа гэж нэршил гараад ирлээ. Янз янзын л юм ярих юм. Шударга бөхчүүдийн хувьд сэтгэлд сэвтэй юм л даа. А.Сүхбат аварга түүний эсрэг тэмцэе гэж уриалж гарч ирээд байхыг бодоход тийм юм байдаг бололтой?
-Дээшээ даваа ахиулан амжилт гаргаж чадахааргүй болсон бөхчүүд нутаг усныхаа бага цолтой бөхчүүдийг дэмжих явдал байдаг юм болов уу л гэж хардаг. Өөрт нь тус боллоо гээд эргээд гарыг нь цайлгах байдлаар талархсанаа илэрхийлдэг байж болно. Би өөрөө ямар нэгэн найраанд оролцож байгаагүй болохоор тэр талаар сайн мэдэхгүй юм. Өөрөө тийм байдлаар цол аваагүй, найраа хийх хэмжээний бөх болоогүй болохоор үнэхээр сайн хэлж мэдэхгүй юм.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Даяар дуурсагдах далай, даян, дархан аварга болж түмэн олноо олон жил баярлуулж барилдаарай!
-Баярлалаа. Ерөөл бат орших болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна