САМБУУГИЙН ЮНДЭНГИЙН СААРАЛ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 15 -нд

Баян-Адарга сумынхаа түүхт 100 жилийн ойд зориулав

Цуврал-1”  

Хан Хэнтий нютагай, харгиатайхан Ононой хөвөөнөөс халх даяар дуурсагдаж түмний эх болсон саарал азарганы эзэн Самбуугийн Юндэн ахын дурсамжийг сийрүүлье. С.Юндэн ахыг 1997 оны хавар Хэнтий аймгийн Гурванбаян /тухайн үеийн/ сум, Биндэр, Баян-Адарга сумдын зааг Яргайтад өвөлжөөд хаваржиж байхад нь өөрийнх нь бэсрэгхэн адуун сүргийн тасархай хонгор халзан гүүнээс нэгэн саарал унага гарч Хурхын хөндий даяар хурсан өвлийн жаврыг хулжтал үүрссэн нь  хожмоо Зам тээврийн сайд Цэнгэлийн саарал азарга хэмээн цоллуулж түрүү магнай түмэн эх болсон эгэлгүй хурдан ажнай хүлэг ажгуу. Эл саарал ажнай дааган насандаа 1998 онд Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулагдсан Буриад зоны өв соёлын Алтаргана наадамд түрүү магнай болж анх удаагаа торгон жолоогоо өргүүлжээ. Шүдлэн насандаа 1999 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын "Түмэн адуу”ны баярт мөн хол тасархай түрүүлэхийн зэрэгцээ бүсийн болон өвлийн уралдаалганд хэд хэд түрүүлээд ирэхэд моринд дуртай хол ойрын хүн зоны анхаарлыг эрхгүй татаад эхлэв.

2000 он гарлаа. Нутаг гандуу. Уяа шарланги. Дадал сумын 75 жилийн ойд С.Юндэн ах саарал үрээгээ хөтлөөд  Дэлүүн болдогийг зорьлоо. Их хааны нутгийн ойд иртэй одтой наадлаа, саарал хязаалан үрээ сайхан түрүүлж иржээ. Энэ цагаас л эзэн хүний итгэл бадарч, эрмэг шандаст хүлгийн хийморь босохын учир дараа дараагийн наадамд яваад баймаар санагдаж гэнэ. Саарал үрээ анх уяа сойлго хийлгэсэн цагаасаа дандаа давхар уяагаар яваад байгаа хэрнээ л очсон наадам болгондоо түрүүлээд байж. 2000 оны намар гэхэд саарал хязаалан өвөл зуны болон сум, бүсийн наадмаас найман алтан медаль магнайдаа зүүсэн байв.

Самбуугийн Юндэн ах 1952 оны усан луу жил Биндэр сумын Дэлгэрхаан багийн нутаг Улаанхужир хэмээх газар малчин ард Жавын Самбуугийн отгон хүү болж мэндэлжээ. Аав ээж нь Адарга нутгийн уугуул улс авч Онон голын хойд бие Манхаадай, Улаанхужираар нутагладаг байж. Нэгдүгээр ангид байхдаа хувь тавилангийн жамаар аавынхаа дэргэд ахынхаа хамт үлдэж Биндэр сумын төв/Хурхын голын хойд талын хуучин сумын төв/ дээр сүү тасгийн заводод туслах, сүү машиндах зэрэг ажил хийж байтал 1972 онд ах нь цэргээс ирэхэд нь зөрөөд цэргийн албанд мордож. 1972-1975 онд Сэлэнгийн Түнхэлд гурван жилийн цэргийн алба хааж ирээд нутгийн адуучин ах Мунангийн Пүрэвтэй хамт нэг хэсэг нэгдлийн адуу маллажээ. Адууны тоосонд яваа эр хүн аргамаг хүлэгт дурлахгүй байж чадна гэж үү.

Аймгийн Алдарт уяач С.Юндэн ах морь уях арга барилд өөрөө бие даан суралцжээ. “Надад багш байхгүй, өөрийн сонирхлоор уяж сойгоод, заримдаа нутгийн настай улсаас асуудаг. Морийг бид элдэв тэжээл, эм, бордоогоор тэжээж үзээгүй,  ногоогоороо л уяна. Өвлийн цагт ногоон бордоогоо өгнө. Харзны хүйтэн усаар услаад саравчны арын сүүдэрт мөсөн дээр уяна. Маш сайн унаж эдэлнэ, Ингэж л уламжлалт аргаар уядаг байсан, адуу ингэхэд тэсвэрлэх чадвар сайтай болдог юм” хэмээн өөрийн морь хурдлуулах уламжлалт арга барилаасаа сонирхуулав. Харзны хүйтэн усаар услаад саравчны арын сүүдэрт мөсөн дээр уядаг гэхийг сонсоод “жаварт жар хоног сойдог, наранд ная хоног уядаг” гэх ардын үг өөрийн эрхгүй санаанд бууж байв. Саарал үрээг өвлийн уралдаалганд сойхдоо ч мөн энэ л аргаараа уяа сойлгыг нь тааруулдаг байж. Унаж эдэлнэ, хагданд аргамжина, заримдаа айлын адуунд тавина.

С.Юндэн ах: “Манайх 1990-ээд оны дундуур Манхаадайн адагт, Санжмятавын Лхамгомбынх Ононгийн баруун урд талд Баянголын Өндөр толгойд зусаж байсан. Тэгтэл С.Лхамгомбын тасархай хонгор халзан байдас манай адуунд ирээд нийлчихжээ. Тэр байдасны тухай бид хоёр ярилцаад наймаа хийж би авсан” хэмээн С.Юндэн ахыг ярихад “Онон мөрний баруун талаас тэр их усыг гаталж ирээд зүүн биенд байгаа адуунд нийлнэ гэхээр цаанаа хувь төөрөгтэй л байж дээ”  гэж би дотроо бодож суув. С.Юндэн ах цааш өгүүлэхдээ: “Мөн тэр үеэс хэдэн жилийн өмнө би Батноров орж Бандагадайн Баяраад  орны даага аваачиж өгч нэг махир хар даага авчирсан. Тэр махир хар даагыг соёолон болгоод гүү хураалгасан. Мөнөөх тасархай хонгор халзан гүү, тэрхүү хар азарга хоёрын  дундаас саарал халзан унага гарсан, тэрнийг нь би хайнгадаж байгаад хангайн амьтанд өргөчихсөн, тэрний дараа жил энэ саарал маань гарсан юм шүү дээ. Эхийг нь би барьж байгаад унаганых нь дэлийг жаахан хөндөж, хайчаар домнож байгаад тавьсан” хэмээн Түмэн эх саарал азарганы хоёр талын угсааг дурсав.

“2000 оны зун нэлээн ган болсон. Уяач наадамчид хол наадамд явахаас цэрвэж байлаа. Уяа морьд олигтой өнгө орохгүй, сайхан сайхан хурдан хүлгүүд барианд орж чадахгүй, тийм наадмууд болж байсан. Адарга нутгийн ах аймгийн Алдарт уяач Д.Дүнгээбаатартай хамт Дадал сумын 75 жилийн ойн наадамд уясан хүлгүүдийнхээ шандасыг сорихоор мордсон. Дүнгээ ах бага хүү Дамбыгаа морио унуулж дагуулаад, 2-3 насны морьдтой, би саарал хязаалантайгаа явцгаав. Д.Дүнгээбаатар ахын авч очсон морьд азарга, их нас байсан байх, тэр өдөртөө уралдуулчихаад буцсан. Би уг нь саарлыгаа Дамбаар унуулая гэж бодож байсан юм. Гэхдээ Биндэрийн Жигмэдийн Лхагвасүрэн нарын наадамчидаас нэг хүүхэд олж саарал үрээгээ унуулахаар боллоо. Маргааш нь саарал үрээгээ тавилаа, саахалтын зайтай газар түрүүлээд ирэхэд нь хүү Ононбаатарынхаа нэр дээр цоллуулчихлаа. Саарал үрээ маань очсон болгондоо түрүүлээд байгаа болохоор би ч наадмын сураг сонсвол очмоор санагдаад байдаг боллоо. Тэр жилийн найман сард Хэнтий аймгийн Галшар суманд Хардэл жанжин бэйс Өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн даншиг болно гэж сонсогдов. Дадалын 75 жилийн ойн наадмаас ирээд айлын адуунд жаал тавьж байгаад эргүүлж барьж дахин уяад Галшарын наадамд явлаа. Тэр үед Галшарын Өвгөн ноёны наадамд Баян-Адарга сумаас аймгийн Алдарт уяач Гэнэндарамын Ганболд, Нэргүйн Одсайхан, Жигмэдийн Бат-Эрдэнэ нарын хамт аяны жолоо нэгтгэсэн санаж байна.

Тэр наадамд явахын өмнө олон хүн явахгүй байхыг зөвлөж ятгаж байлаа, учир нь миний саарал үрээ тамиргүй харагдсан юм шиг байгаа юм. “Энэ сайхан амьтнаа алаад хаячихав” гэх мэтээр хэлж л байсан. Би хүний юм уяж байсан бол бодох л байсан байх, өөрийн юм болохоор яадаг юм зорьсондоо аваад л явсан.  Тэр наадамд Эрдэнэчулуун Манлайгийн нэг шарга үрээ, бас Биндэрийн Дашдэндэвийн сайхан хурдан үрээ нарийдаж эндсэн. Айхтар гантай байлаа шүү дээ. Би тэр наадамд очсон үрээнүүдтэй хамт саарлыгаа сунгаагүй, наана Дарцаг толгой хавьд гэдэс хийгээд тусад нь сунгасан. Өмнө нь Дадлын 75 жилийн ойгоор сойчихсон давхар уяаных болохоор ообо цуваар нэмнэж байгаад давхил хийж хөлсийг нь жаахан бурзагнуулаад л  Өвгөн ноёны даншигт бэлэн болсон доо. Миний саарал чинь даага, шүдлэндээ сүүтэй уралдсан. Эх ухаа халзан гүү нь хоёр жил дарааллан сувайрчихсанаас тэр юм. Харин хязаалан жил нь би айлын зэлэн дээгүүр явж сүү аваад ёотон хийж уусгаад цутгах зэрэг янз бүрийн аргаар уулгана. Шүдлэн болтлоо сүү уусан амьтныг хязааланд нь сүүгээр таслахгүй санаатай...

 Хамт явсан уяачид хоёр удаа гэдэс хийлээ гэж шоолж л байсан. Уралдуулахын өмнөх  орой 10 цагийн үед тавиад хоёр цаг гаруй идүүлээд дахин барьж уяад өглөө давхиулсан. Өмнө нь сунгаанд 60 км/цаг орчим хурдалж байсан. Миний саарал чинь морины хүүхдүүдийн дунд Цүдэг саарал нэртэй, гэдэс ихтэй давхидагаараа өвөрмөц онцлогтой  хүлэг юм шүү дээ.

Өвгөн ноёны наадамд очоод сааралыгаа сунгаж байхад нэг хүн ирээд наймаа ярилцая гээд өндөр үнэ хэлж их шалсан. Тэгэхэд нь би зарах гэж ирээгүй уралдуулах гэж ирсэн гэж хэлээд явуулсан. Тэгтэл наадмын дараа хүрч ирээд байнд авсан планета-5 мотоциклийг маань тойрч харчихаад “аргагүй уралдуулах гэж иржээ, олон планет эзэндээ авчрах хүлэг байна”  гэж хэлж байсан. Наадам дээр ч тэр, наадмаас хойш ч тэр худалдаж авах хүсэлтэй улс хаалгаар цуварч, гэрийн босго элээх болсон доо. Мөрөнгийн Босоожамсран намайг мянгат болгоно гээд л, Манлай уяач Онон авна гэж хүрч ирээд л. Би унаган адуугаа өөрөө олон жил уяж соймоор байсан л даа, азарга болгоод үр төлийг нь ч өсгөмөөр л байсан. Ингээд сайн моринд эзэн олон гэгчийн зовлон бий болсон.

Зам тээврийн сайд асан Ц.Цэнгэлийн ярилцлагаас:

2000 оны өвгөн ноёны Даншигт Даваахүү ах очиход нь гүү шиг цүдгэр гэдэстэй саарал үрээ хойно нь пог пог шогшоод нүдэнд нь тусаж л дээ. Тэгээд хязаалан эргэж нөгөөхөө явах нь уу үгүй юу гээд хартал 200-аад үрээнээс хойноосоо 40-50-д явж байна гэнэ. Урагшаа давхиад өөрийнхөө хэдэн үрээг харж байтал нөгөө саарал чинь юу юугүй ороод ирж. Тэгээд энийг харая гээд дагатал саахалтын зайтай тасарч түрүүлж. Уралдааны дараа тохирчих санаатай эзэнтэй нь уулзсан наймаа ярьдаггүй гэнэ. Тэгэхээр нь Даваахүү гуай айхтар хүн болохоороо Туяа гээд малчин залууд захичихаад явсан юм билээ. Тэгээд над дээр ирээд: “дүү хүү мөнгө хайрлахгүй бол нэг сайхан үрээ байна, Ээ дээ олон жил төрийн наадмын довон дээр уралдана шүү” гэсэн. Би ч уухайн тас зөвшөөрөлгүй яахав. Хар морь маань эндэж, шаргыгаа бэлэглэчихээд уячихмаар юмгүй байсан хүн чинь. Тэгэхдээ бас та өөрөө уяна шүү гээд амыг нь авчихаж байгаамаа.

Надад ирэхээсээ өмнө даагандаа сумандаа түрүүлээд, шүдлэндээ аймагтаа түрүүлээд, хязааландаа зүүн бүсэд түрүүлээд ирсэн.

Эх сурвалж: МУ-ын Манлай уяач Ц.Цэнгэл: Манлай саарал азарга маань харамлахаас аргагүй хурдан ажнай (todmagnai.mn) –д өгсөн ярилцлагаас

 

 2000 оны Өвгөн ноёны даншигаас хойш Хэнтийн Баянхутагийн Балжирын Туяа авъя гэж хэд хэд ирсэн. Гурав билүү дөрөв дэхээ ирэхэд нь би өгсөөн.  Надаас саарал үрээг маань найман сая төгрөгөөр үнэлж худалдаж авсан, наймаанд би мал болон супер-69 машин авсан. Би тэр үед саарал үрээгээ Биндэрт айлын адуунд тавьсан байсан юм. Олны сонирхол анхааралд ороод ирэхээр цагаан хэл ам нь ч хэцүү юм, хулгай авчих гээд, буруу сэтгэлтэй хүмүүс сиймхий гарахыг харж анаад,  сэтгэл тайван байлгадаггүй. Би олон сайхан хурдлах боломжтой шандаст хүлгүүдээ хулгайд алдсан, хулгай хар мөртэй, их хэцүү шүү. Тэгээд аргаа ядаад саарлыгаа 2000 оны намар өвлийн заагаар өгөөд явуулсан.

Би саарал үрээгээ соёолонд нь өөрөө уяад тавьсан бол улсын наадамд түрүүлүүлэх байсан. Эд нар миний саарлын гэдсийг нь нарийдуулж тавиад улсын наадамд анх уралддаг жил нь дөрөвт оруулсан/тэр зуны наадамд уяа сойлгыг нь тааруулсан Даваахүү Манлайг хэлж байгаа бололтой/ Ц.Цэнгэл сайд миний саарал үрээний хөлсөөр анх төрийн их баяр наадмын сөнгөөс айраг амсаж үзсэн нь тэр юм билээ. Би бол саарал үрээгээ гэдэс ихтэй тавьдаг байсан.

С.Юндэн ах саарал үрээнийхээ шинж байдал төрхийг  тодорхойлохдоо:

- Миний саарал чинь сүврэгц/хавирганы матаас/ ихтэй,

- Уяа голохгүй/сунгаатай, сунгаагүй наадамд давхидаг, өвөл зунгүй байнга шахуу давхар уяатай/

- Гэдэс даадаг/гэдэс томтой, гэдэс ихтэй уралддаг/

- Дунд зэргийн биетэй

Баянхутагийн Балжирын Туяагаар дамжиж Ц.Цэнгэл сайдад очсоноос хойш дараа жил нь буюу 2001 оны сүргийн манлай хэмээгч цагаагчин могой жил Ардын Хувьсгалын 80 жилийн ойгоор соёолон насандаа төрийн их баяр наадамд айргийн дөрөвт, түүний дараа жил бүдүүн азарга болдог жилээ түрүү магнай хүртэж Түмний эхээр цоллуулсан. Улс, бүсийн чанартай том наадамд тав түрүүлж, нэг айрагдсан бахдам амжилтыг үзүүлсэн. 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойгоор сунгаан болгонд хол тасархай түрүүлээд онцгой сайн байсан ч яльгүй азгүй тохиолдлоор тэр зун уралдаж чадаагүй юм билээ. Ц.Цэнгэл сайд уржнан зун манай энэ хавиар гарахдаа намайг сурагласан байна лээ, би тэгэхэд нь хөдөө байсан. Би уг нь нэг холбогдож саарал азарганыхаа угшлаас нэг төл одоо авмаар санагддаг.

Энэ зун би сумынхаа 100 жилийн ойд хоёр сайхан хүлэг сойж байна. Нэг нь Балжирын Туяагаас надад бэлэглэсэн хээр морь, энэ жил бүдүүрч байгаа юм. Нөгөө нь Ламдоогийн Ганпүрэвийн өгсөн шарга халзан үрээ. Энэ хоёрыгоо уяад дүү нарын уяан дээр гал болж 100 жилдээ бэлдэж байна даа. Энэ галд аймгийн Алдарт уяач Содномын Энхтөр, сумын Алдарт уяач Ган-Эрдэнийн Саруулбуян болон Эрдэнэбилэгийн Энхтамир, Баттогтохын Ширнэнбаатар нарын залуус байдаг юм. Манай галын залуус хээр морийг маань  “Яруу хээр” гээд нэрлэчихсэн, сайхан л байна. Энэ мэт олон сайхан хүлгийн буянаар 2021 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн” хэмээн хуучилж, авдарнаасаа гаргаж дэлгэсэн үнэмлэх, өргөмжлөл, дурсамж зэрэг нарийн нандин бичиг сэлтээ хумив. Бид хоёр хуртай өдрийг хугасалж үд дундаас нар шингэтэл хөөрөлджээ. 

Цагтаа саарал үрээ нь цалгисан их үерийн ус шиг, шаагин асгарах их аадар шиг салхи татуулан нисэн ирж, барианы зурхайд 60 км/цагийн хурдтай тарласаар жолоо татуулдаг байсан гэдэг.  Хэнтийн аймгийн Галшар сумын Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит Монголын зүүн бүсийн “Молор-Эрдэнэ 2000” уралдаанд олны нүдэнд өртөн, өртөөлсөн сургаар халхын цуутай уяач, хүлэгчдийн анхааралд орж Монгол даяар дуурсагдан төрийн их баяр наадамд түрүүлж, айрагдан Түмэн эх цолоо дархалжээ.

Эрийг нас, уулыг цас гэдэг ч эрдэмт уяачийн увидас он цаг өнгөрөх тутам залуу хойч үедээ улиран өвлөгдөж, үе түүчээлэх бүрд зузааран баяжсаар олон олон ажнай хүлгийг Ононгийн хөвөөнөөс төрийн наадамд торгон жолоо өргүүлэх буй за. Өдгөө 72 нас сүүдрийг зооглож буй С.Юндэн ах Яргайтын энгэрт мэндэлсэн Түмэн эх сааралынхаа амжилтыг Яруу хээрээрээ үргэлжлүүлэн сум, аймгийнхаа 100 жилийн ойд тод магнай болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 Дуурлиг. Таван нарсны булаг. 2023.07.02. Шарайд Жарантай овогт Цэдэвдоржийн Чойжамц

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.